Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 101/ШШ2020/00588

 

 

 

 

    2020         02          11                                             101/ШШ2020/00588             

 

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ж.Р /Z.R, -ы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: И.Э ХХК -д холбогдох,

Ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 18,439,904 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, бичилт хийлгэхийг даалгах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Ж.Р /Z.R/, өмгөөлөгч Т.Мөнх-Оргил, Л.Баасан, хариуцагчийн төлөөлөгч Г.Лхагвасүрэн, М.Заяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Пүжидмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Мөнх-Оргил шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Ж.Р /Z.R/ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ж.Р нь И.Э ХХК-ийн захирлын 2019.06.06-ны өдрийн 72 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн байна. Тухайн тушаалаар түүнийг Монгол Улсын боловсролын тухай хуулийн 44.2.1-т 'багшийн ёс зүй, нэр төрийг эрхэмлэн сахих”, 44.3-т “Багш нь суралцагчийн бие махбодод халдах, тэдэнд сэтгэл санааны дарамт үзүүлэх, хувийн нууцыг нь задруулахыг хориглонсР 44.4-т “Багш нь хуульд заасан үүргээ хэрэгжүүлэхдээ багшийн ёс зүйн дүрмийг баримталж ажиллана” гэх заалтуудыг зөрчсөн, мөн хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т “ажилтан хөдөлмөрийн  сахилгын зөрчлийг давтан гаргасан эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан" гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн байна.

Тухайн тушаалыг гаргах болсон шалтгаан нь түүний сургуулийн сурагчийн ээж болох хүн багштай хувийн таарамжгүй харилцаатай болсны улмаас сургуулийн захиргаанд гомдол гаргасан байдаг ба үндэслэлгүйгээр худал гомдол гаргасан этгээдийг хуулийн байгууллагаар шалгуулахаар нэхэмжлэгчийн зүгээс гомдол гаргасан байдаг. Дээрх хэргийг шалгаж, эцэслэн шийдвэрлэсэн эрх бүхий байгууллагын шийдвэр гараагүй байтал сургуулийн захиргаанаас ноцтой зөрчил гаргасан гзх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байна. Учир нь сургуулийн захиргаанд худал гомдол гаргасан Фан Сивей/Fan Siwei/-r Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтэст зөрчлийн тухай хуулийн хуулийн 6.21 зүйлийн 1-т “Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд дэлгэсэн” гэж зааснаар гомдол гаргаж шалгуулсан байдаг. Тухайн зөрчлийн хэргийг шалгах явцад Фан Сивей/Fan Siwei/ нь сургуулийн захиргаанд худал гомдол гаргасан тухайгаа хүлээн зөвшөөрч нэхэмжлэгчээс уучлал гуйсан тухайгаа илэрхийлсэн байдаг. Ингэснээр зөрчлийн хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн 2019 оны 06 сарын 05-ны өдрийн 4752 хариу мэдэгдэх хуудсаар хааж шийдвэрлэсэн тухайгаа нэхэмжлэгчид мэдэгдсэн ба нэхэмжлэгчийн “ноцтой зөрчил гаргасан” гэх нөхцөл нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр няцаагдсан байна. Гэтэл хариуцагчийн зүгээс хөдөлмөрийн гэрээг 2019 оны 06 дугаар сарын 06-ний өдөр цуцалж ажлаас чөлөөлсөн байна. Дээрх эрх бүхий байгууллагын гаргасан шийдвэрээр ажлаас чөлөөлөх болсон үндэслэл нь байгууллагын нэр хүндэд харш сөргөөр нөлөөлж болох зөрчил дутагдал гаргасан, сурагчид дарамт үзүүлсэн гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн явдлыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул шүүхэд хандаж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 156.1.1-т байгууллага, аж ахуйн нэгж, тэдгээрийн албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаанд хуульд заасны дагуу гаргасан гомдол” нь шүүх гомдлоор авч хэлэлцэх хэрэг байгаа ба Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.5-д “гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл” улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөж байна. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 129.2-т “Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана" гэж заасны дагуу ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүлээн авснаас хойш дээрх хуулийн хугацааны дотор гаргаж байна.

2019 оны 06 сарын 27-ний өдөр  тус шүүхийн шүүгчийн 101/Ш32019/10497 захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан бөгөөд татгалзсан үндэслэлд дурьдсан зөрчлийг залруулан дахин нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Г.Эрдэнэбаатар шүүхэд болон төлөөлөгч Г.Лхагвасүрэн, М.Заяа нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хятад хэлний багш Ж.Р (Отгон)-ыг ажлаас чөлөөлсөн нөхцөлийн тухайд Өнгөрсөн хичээлийн жилд Хятад Улсын иргэн Фан Сивей-г тус сургуулийн Ай Би Олон Улсын ахлах ангийн хөтөлбөрт өөрийн нэр дээр батлан даан сургахаар гэрээ хийж, төлбөрийг төлж мөн сургуулиас Фан Сивей-н визний хүсэлтэд зориулж албан бичиг зэргийг бүрдүүлэн авч байсан. Гэвч 2019 оны 2 дугаар сард сурагч Фан Сивей Ахлах ангийн хичээлийн эрхлэгч Жак Меадовд хандан Хятад хэлний Ж.Р (Отгон) багш өөрийнх нь паспортыг барьцаалан мөнгө нэхээд байгаа иймээс гадны сургуулийн тэтгэлэг болон шалгалтад бүртгүүлж чадахгүй байгаагаа хэлсэн байна. Мөн сургуулийн хажууд байрлах Ж.Р (Отгон)-ы байранд түүний хүүгийн хамт нэг өрөөнд сарын 2000 юанаар буюу ойролцоогоор 750,000 төгрөгөөр түрээслэн амьдардаг байсан ч хэт их хүнтэй, тав тухгүй чимээ их тул хичээлээ ч хийх боломжгүй болоод саяхан 18 нас хүрээд тэднийхээс нүүсэн 6 дугаар сард сургуулиа төгстлөө өөр газар байрлаж байгаа зэргээ хэлсэн байдаг. Ж.Р (Отгон) түүнээс түрээсийн мөнгө нэхээд бичиг баримтыг нь барьцаалаад өгөхгүй байгаа тухай хэлэхдээ түүний бичсэн гар утсан дээрх захианууд болон ярианы бичлэгийн хэсгийг сонсгож, бид Хятад хэл мэдэхгүй тул орчуулан бидэнд үзүүлсэн. Хичээлийн эрхлэгч, захирал нар ярилцаад нэг талыг барьж асуудалд хандахгүй байсан нь дээр мөн сурагчийн эцэг эхээс нь албан ёсны гомдол ирээгүй тул Ж.Р (Отгон) багшийн олон жил ажилласан зэргийг харгалзан тухайн үед энэ асуудалд ямар нэгэн арга хэмжээ авалгүй орхисон.

Ж.Р (Отгон) нь Сургуулийн захирлын нэр төрийг ашиглаж, сурагчийн эцэг эхээс их хэмжээний мөнгө хувьдаа авсан, сургуулийн нэр хүндийг хууль бусаар орлого олох эх үүсвэр болгож байгууллагын нэр хүндэд харш, багшийн ёс зүйгүй үйлдэл гаргасан; сурагчтай бүдүүлэг үг хэллэг ашиглаж, зүй бусаар удаа дараа харьцаж, сурагчийн сурах эрхэд хүндрэл учруулах эрсдэл үүсгэн сэтгэл санааны дарамт үзүүлсэн, байгууллагын “Хөдөлмөрийн дотоод журам”-ыг дагаж мөрдөлгүй, байгууллагын соёл, мэргэжлийн ёс зүйг үл хүндэтгэж, зан харцаа, ёс суртахууны доголдол гаргасан зэрэг үйлдэл нь хууль тогтоомж, дүрэм, журмыг зөрчсөн гэж үзэж байна. Мөн багш Ж.Р (Отгон)-ыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхдөө ажил олгогч талаас ажилласан хугацааны цалин хөлс, ээлжийн амралтын мөнгийг холбогдох хуулийн дагуу тооцон олгож, санхүүгийн эцсийн тооцоог хийсэн бөгөөд байгууллагаас түүнд олгох ямар нэгэн санхүүгийн тооцоо үгүй болно.

Иймд Ажил олгогчийн зүгээс Ж.Р (Отгон)-ы асуудлаар удирдах ажилтнуудын хүрээнд удаа дараа уулзалт, хурал хийж, хэлэлцсэн бөгөөд цаашид итгэл хүлээлгэж хамтран ажиллах, ажилд нь эргүүлэн томилж багшаар ажиллуулах нөхцөл боломжгүй бөгөөд холбогдох хууль тогтоомжийн дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй болно.

Нэхэмжлэгч Ж.Р (Отгон) нь шүүхэд гаргасан нэхэмжлэлд: “...сургуулийн захиргаанд худал гомдол гаргасан Сурагч Фан Сивей-г Зөрчлийн тухай хуулийн 6.21 дүгээр зүйл. Гүтгэх 6.21.1 Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд дэлгэсэн,” гэж зааснаар Баянзүрх дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст гомдол гаргаж, шалгуулж байгаа талаар дурджээ. Гэтэл Сурагч Фан Сивей-н ээж Хятад Улсын иргэн Сүн Юй Инг нь сургуулийн захиргаа, удирдлагуудад албан ёсоор гомдол, хүсэлт ирүүлсэн бөгөөд энэхүү гомдол нь Сурагч Фан Сивей-д хамааралгүй ба сургууль дээр болон сургуулийн Цахим орчин, нийтэд Ж.Р-ыг гүтгэж, худал мэдээлэл тараасан зүйл байхгүй болно. Хэрэв Ж.Р (Отгон) нь энэхүү гомдлын талаар хуулийн байгууллагад хандаж, сурагчийн эцэг эхээс удаа дараа мөнгө шилжүүлгээр авсан асуудлаа шалгуулах байсан бол Сурагч Фан Сивей-г бус, түүний ээж Хятад Улсын иргэн Сүн Юй Инг-ийн талаар Цагдаагийн байгууллагад гомдол гаргах учиртай. Гэтэл, Сурагч Фан Сивей-гийн хувийн бичиг баримт, гадаад паспортыг барьцаалсан. Ж.Р (Отгон)-ы хамаарал бүхий этгээд нь цагдаагийн ажилтантай хамт Сурагч Фан Сивей-гийн гэрийг сахиж, дагаж мөрдөн, сургуулийн орчноос баривчилж, Сурагчийн нэр төрд халдсан. Хууль хяналтын байгууллагын үйл ажиллагааг хувийн зорилгодоо ашиглаж, Сурагчийг айлган сүрдүүлэх, дарамтлах арга хэрэгсэл болгосон байж болзошгүй нөхцөл байдал үүсгэсэн. Улмаар Ж.Р (Отгон)-ы хүсэлтийн дагуу цагдаагийн байгууллага дээр аваачиж, Монгол хэл мэдэхгүй гадаадын иргэнийг албан ёсны өмгөөлөгч, орчуулагчгүйгээр шалгуулах ажиллагаа явагдсан.

Цагдаагийн байгууллага дээр аваачиж шалгуулах явцдаа багш Ж.Р (Отгон) болон түүний хамаарал бүхий этгээд нь Сурагч Фан Сивей- гийн биед халдах, дарамтлах үйлдлүүд гаргасан байх бөгөөд энэ талаар Сурагч Фан Сивей нь сургуулийн захиргаанд цахим шуудан ирүүлж, өөрийн аюулгүй байдлаа хамгаалах үүднээс яаралтай нутаг буцах гэж байгаа талаар мэдэгдсэн гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Ж.Р /Z.R/, хариуцагч И.Э ХХК-д холбогдуулан ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 18,439,904 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, бичилт хийлгэхийг даалгах нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлээс бүхэлд нь татгалзаж, нэхэмжлэгч сурагч, түүний ар гэрийн хэнтэй зохисгүй харилцсан, багшийн ёс зүйг зөрчсөн үйлдэл гаргасан гэх тайлбарыг шүүхэд гаргажээ.

Зохигчийн хооронд Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар үүсэх эрх зүйн маргаан үүссэн гэж үзэхээр ба зохигч энэ талаар маргаагүй байна.

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Хариуцагч, нэхэмжлэгчтэй 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулагч нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Ж.Р /Z.R/-ыг хариуцагч И.Э ХХК-ийн хятад хэлний багшийн ажил, албан тушаалд ажиллуулсан зохигчийн хооронд Хөдөлмөрийн тухай хуулийн 21, 24 дүгээр зүйлд зааснаар хөдөлмөрийн харилцаа үүсчээ. Хариуцагчийн 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” 72 тоот тушаалаар нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлжээ. /хэргийн 47 дахь тал/

Хариуцагч, нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх тушаалын үндэслэлээ Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг үндэслэл болгожээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч талын хэн нь шаардлага, татгалзлаа өөрөө нотлох үүрэгтэй. Ажилтныг ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан эсэхтэй холбоотой хөдөлмөрийн эрх зүйн маргааны хувьд нотлох үүргийн хуваарилалтаар ажилтныг ажлаас халсан үндэслэл, шалтгаанаа ажил олгогч шүүхийн өмнө эхэлж нотлох үүрэгтэй, тийнхүү нотолж чадаагүй бол ажилтныг хууль бусаар халсан гэж үздэг.

Хариуцагч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” гэх үндэслэлийн аль аль зөрчлийг нэхэмжлэгч гаргасан гэж үзсэн ба энэ хүрээнд нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлж хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон эрх зүйн актад 1) хөдөлмөрийн дотоод журмын 6.3.2 а, хөдөлмөрийн гэрээний 14.1.1-т заасан зөрчил гаргасан, 2) хөдөлмөрийн дотоод журмын 6.3.2 г, хөдөлмөрийн гэрээний 14.1.4-т заасан зөрчил гаргасан, 3) хөдөлмөрийн дотоод журмын 6.3.2 й-д заасан зөрчил гаргасан гэж тодорхойлжээ.

Хэргийн оролцогчийн шүүхэд, шүүх хуралдаанд гаргаж буй тайлбарууд, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан үнэлээд хариуцагчийн 2019 оны 72 тоот “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хууль бус, нэхэмжлэгчийг ажлаас үндэслэлгүйгээр халсан гэж үзлээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2-т “ажил олгогч санаачилсан” шалтгаанаар ажилтныг ажлаас чөлөөлж байгаа тохиолдолд мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавал баримталсан байх шаардлагатай. Ажил олгогчийн санаачилгаар ажилтныг ажлаас чөлөөлөхдөө ажилтны гаргасан зөрчил эсхүл ажлаас халах шалтгаан болсон үйл баримт, дүгнэлт нь хууль зүйн талаасаа ямар үндэслэлээр хуулийн дээрх заалтын аль хэсэгт хамаарч, ажилтны гаргасан зөрчил, ажлаас халах үндэслэлд тохирно гэж ажил олгогч сонгон авсныг ажлаас халсан тушаалд тодорхой бичиж илэрхийлсэн байна. Ингэснээр ажилтныг ажлаас халах шалтгаан тодорхой болж, мөн хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т “ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан ...” гэх үндэслэл үгүйсгэгдэх боломжтой.

Гэвч хариуцагчийн дээрх тушаалд дурдсан нэхэмжлэгчийг ажлаас халсан шалтгаан нь үндэслэл бүхий болоогүй нь нэхэмжлэгчийг хууль бусаар халсан гэж үзнэ.

Хариуцагчийн хөдөлмөрийн дотоод журмын 6.3.2 а, зохигчийн хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 14.1.1-т зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчийн нэр хүнд, ашиг сонирхол, хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлсөн ямар тодорхой зөрчил гаргасан нь хэрэгт цугларсан баримтаар хангалттай тогтоогдохгүй байна. Ажилтны гаргасан зөрчил нь үр дагавар бий болгосон, зөрчил бодитой тогтоогдсон байх шаардлагатай ба нэхэмжлэгчийн гаргасан зөрчлөөс шалтгаалан хариуцагчийн ажил хэргийн нэр хүнд, ашиг сонирхолд ямар хохирол учирсан, хэвийн үйл ажиллагаа хэрхэн алдагдаж, хохирол учирсныг хариуцагч тал шүүхэд нотлоогүй байна. Өөрөөр хэлбэл зөрчил бодитой байх шаардлагатай.

Мөн хариуцагчийн хөдөлмөрийн дотоод журмын 6.3.2 г, зохигчийн хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 14.1.4-т заасан зөрчил буюу нэхэмжлэгч ажлын байрны чиг үүрэгт хамаарах ямар хууль тогтоомжийг хэрхэн зөрчсөн нь ийнхүү хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил болсныг хариуцагч тогтоогоогүй, энэ талаархи баримт хэрэгт нотлох баримтаар авагдаагүй байна.

Нэхэмжлэгч хөдөлмөрийн дотоод журмын 6.3.2 й-д заасан зөрчлийг гаргаж сурагч БНХАУ-ын иргэн Фан Сивей /Fan SiWei/, түүний эх БНХАУ-ын иргэн Сүн Юй Инг /Sun Yuying/ нартай зүй бусаар харьцсан гэж нэхэмжлэлээс татгалзсан ба нэхэмжлэгч Ж.Р, сурагч Фан Сивей нарын утсаар харилцсан ярианы бичлэгт үзлэг хийлгэх, гэрчээр нотлуулах замаар татгалзлаа нотолжээ. Хариуцагчийн энэхүү татгалзлыг шүүх үндэслэл бүхий буюу нэхэмжлэгч нь Боловсролын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.1-д “багшийн ёс зүй, нэр төрийг эрхэмлэн сахих” үүргийг зөрчсөн гэж үзэхээр ба мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т “Багш нь суралцагчийн ... сэтгэл санааны дарамт үзүүлэх” ...-ийг хориглох хориглолтыг зөрчсөн гэж үзэхээр байна.

Хэдийгээр нэхэмжлэгч нь багшлах, сургалтын үйл ажиллагаа явуулах чиг үүрэгтэйгээ холбоогүйгээр сурагч Фан Сивейтэй харилцаж дээрх үйлдлийг гаргасан ч багш, суралцагчийн хоорондын харилцаанд багшийн ёс зүйгээ баримтлах үүрэгтэй. Нэхэмжлэгчийн дээрх үйлдэл нь хариуцагч И.Э ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 6.3.2 й-д заасныг зөрчсөнгэж үзэж мөн журмын 6.3-т зааснаар ажлаас чөлөөлөх үндэслэл болно гэж тайлбарлаж байх боловч уг зөрчлийг “хоёр ба түүнээс удаа” гаргаснаар ажлаас чөлөөлөх үндэслэл болохоор журамлажээ.

Өөрөөр хэлбэл И.Э ХХК-ийн хувьд багш, суралцагчийн хоорондын харилцааны ёс зүйн хандлага, төлөвшил түүнд хамаарах “сэтгэл зүйн дарамт”-тай холбоотой асуудлыг “хоёр буюу түүнээс дээшхи” удаагийн зөрчил бий болсныг сургуулийн эрхэмлэх үнэт зүйлд халдсан, эрх ашиг хөндөгдсөн гэж үзэхээр зохицуулж, үнэт зүйлээ тодорхойлжээ.

Нэхэмжлэгчийн дээрх зөрчил нь хариуцагчийн хөдөлмөрийн дотоод журмын 6.3.2 й-д зааснаар хоёр ба түүнээс удаа суралцагчид сэтгэл санааны дарамт үзүүлсэн гэх үндэслэлд хамаарахгүй тул нэхэмжлэгчийг ажлаас халах ноцтой шалтгаан гэж үзэхгүй.

Иймд хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэл хангалттай тогтоогдоогүй байхад нэхэмжлэгчийг ажлаас халсан гэж үзэн нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Ж.Р /Z.R/-ыг хариуцагч И.Э ХХК-ийн хятад хэлний багшийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 18,439,904 төгрөг гаргуулахаар буюу 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 11-ны өдрийн хугацаанд хамааруулан нэхэмжилсэн, дурдсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх шаардлагыг гаргасан ба шүүх нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож байгаа тул нэхэмжлэгчийн энэ шаардлагыг хэсэгчлэн хангах үндэслэлтэй.

Нэхэмжлэгчийн хариуцагчтай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын дэвтрээр нэхэмжлэгчийн нэг сарын үндсэн цалин 1,848,000 төгрөг тул 7 сар /1,848,000х7=12,936,000/, 24 хоног /1,848,000/21.2=87,169.8, 87,169.8х24=2,092,075/-ийн цалингийн нийлбэр /12,936,000+2,092,75=15,028,075/ нь 15,028,075 төгрөгийн цалин хөлстэй тэнцэх олговрыг хангаж Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасны хариуцагчаас гаргуулах нь зүйтэй. Илүү нэхэмжилсэн 3,411,829 төгрөгийн шаардагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар БНХАУ-ын иргэн Ж.Р /Z.R/-ы нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 46 дугаар зүйлийн 46.1, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Ж.Р /Z.R/-ыг хариуцагч И.Э ХХК-ийн хятад хэлний багшийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 15,028,075 төгрөгийг хариуцагч И.Э ХХК-иас гаргуулан нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Ж.Р /Z.R/-д олгож, БНХАУ-ын иргэн Ж.Р /Z.R/-ы нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 11-ны өдрийн хугацаагаар нөхөн төлж баталгаажилт хийхийг хариуцагч И.Э ХХК-д даалгаж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 3,411,829 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч И.Э ХХК-иас 233,090 төгрөг нөхөн гаргуулж улсын орлогод оруулсугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Э.ЭНЭБИШ