Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 101/ШШ2020/00642

 

 

 

 

    2020         02          07                                             101/ШШ2020/00642             

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Б.Ундраа, Л.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: С нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Г.Ц холбогдох

Хохирол 8,820,900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч О.Баярбаясгалан, хариуцагч Г.Ц, өмгөөлөгч Б.Галхүү, иргэдийн төлөөлөгч Л.Хулан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Пүжидмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон төлөөлөгч О.Баярбаясгалан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Цагдаагийн Ерөнхий газрын зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газраас цэргийн алба хаасны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгон авч байгаа иргэдийн цэргийн албанаас чөлөөлөгдсөн тушаалын үндэслэлийг шалгасан шалгалтаар Л.Гансүх нь 2008 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс цэргийн алба хаасны хувь тэнцсэн тэтгэвэр тогтоолгохдоо цэргийн албанаас Зэвсэгт хүчний ерөнхий штабын даргын 1992 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 18 дугаар тушаалаар “ар гэрийн гачигдлаар ’’халагдсан байсныг Батлан хамгаалахын төв архивын орлогч дэд хурандаа Г.Ц нь “биеийн эрүүл мэндийн учир” халагдсан гэж хуурамч лавлагаа гарган тэтгэвэр тогтоолгох нөхцлийг бүрдүүлсэн тул Нийгмийн даатгалын санд 8,820,900 /найман сая найман зуун хорин мянга есөн зуун/төгрөгийн хохирол учруулсан. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 2622 дугаар захирамжид Г Ц гэгч нь 9 иргэнд / тэдгээрийн дотор Л.Гансүхэд/ архивын хуурамч лавлагаа гарган өгч, хууль бусаар цэргийн албан хаагчийн хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоолгох эрх үүсгэсэн. улмаар нийт 99,628,180 /ерөн есөн сая зургаан зуун хорин мянга нэг зуун наян / төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон гэж заасан байна. Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 41 дүгээр шийдвэр, Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 01 дүгээр магадлалтай, Хяналтын шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 001 /хз2017/00823 дугаартай тогтоолоор Л.Гансүхэд холбогдуулан Цагдаагийн ерөнхий газрын гэмт хэрэгтэй тэмцэх газраас цэргийн алба хаасны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгон авсан 8,820,900 /найман сая найман зуун хорин мянга есөн зуун/ төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг хянаад Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний алдааг Хяналтын шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд залруулах боломжгүй байх тул шийдвэр магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзээд Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд дахин хянан хэлэлцүүлэхээр буцаажээ. Үүнийг Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 392 дугаартай шийдвэрээр “Нийгмийн даатгалын санд учруулсан гэм хорын хохирол 8,820,900 /найман сая найман зуун хорин мянга есөн зуун/ төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Гэхдээ Хяналтын шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 001/хз2017/00823 дугаартай тогтоол болон Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 392 дугаартай шийдвэрт тус тус зааснаар “Г.Ц гэгч нь /тэдгээрийн дотор Л.Гансүхэд/ архивын хуурамч лавлагаа гарган өгч, хууль бусаар цэргийн албан хаагчийн хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоолгох эрх үүсгэсэн, нийт 99,628,180 /ерөн есөн сая зургаан зуун хорин мянга нэг зуун наян/төгрөгийн хохирол учруулсан байна. Мөн захирамжид яллагдагч Г.Ц нь хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлснийг дурдаж, улсад учирсан хохирлыг түүнээс иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурджээ.”

Иймд Г.Цгээс Нийгмийн даатгалын санд учруулсан 8,820,900 /найман сая найман зуун хорин мянга есөн зуун/ төгрөгийг гаргуулан өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.Ц шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар аймгийн нийгмийн даатгалын хэлтсээс Шарайд овогтой Гомбосүрэнгийн Ц надад ирүүлсэн нэхэмжпэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. 2015 оны 11 сарын 04 өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн №2622 дугаарт захирамжид намайг тус хэрэгт гэм буруутайд тооцож улмаар тус хэргийг хэрэгсэхгүй болгосон боловч хохирлыг нөхөн төлөхөөс чөлөөлөхгүй ба Иргэний шүүхээр нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсан болно. Гэвч эрүүгийн хэргийн хавтаст хэрэг Ц.Долгорсүрэн, Б.Лхагвасүрэн, Б.Жаргал, Д.Банзрагч, С.Авид, Ж.Наран, Л.Баяр, Л.Гансүх нар нь тэтгэвэр тогтоолгож улсаас нийт 99,628,180 төгрөгийг авч завшсан болно. Харин миний хувьд Сүхбаатар аймгийн нийгмийн даатгалын хэлтсээс ямар ч мөнгө аваагүй болно. Иймд тус нэхэмжлэлийн шаардлагыг иргэний хариуцагч болох Л.Гансүхээс гаргуулах нь зөв. Л.Гансүхийн улсаас авч үрсэн мөнгийг надаас гаргуулна гэж нэхэж байгаа нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлд заасан байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс, хариуцагч Г.Цд холбогдуулан гэм хорын хохиролд 8,820,900 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч тус мөнгийг хариуцах үндэслэлгүй гэж нэхэмжлэлээс бүхэлд нь татгалзжээ.

Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Иргэний  хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т заасныг үндэслэл болгон нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т зааснаар шүүхэд гаргаж байгаа нэхэмжлэлийн үндэслэлээ нэхэмжлэгч өөрөө тодорхойлох хуулийн зохицуулалттай.

Хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтаас үэзхэд хариуцагч Б.Ц, Батлан хамгаалахын төв архивын орлогч даргаар ажиллаж байх хугацаандаа буюу 2008 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 5099 тоот архивын лавлагаагаар иргэн Л.Гансүхэд “биеийн эрүүл мэндийн” шалтгаанаар цэргийн албанаас халагдсан үндэслэлээр лавлагаа олгожээ.

Сүхбаатар аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2014 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн 1-02 тоот улсын байцаагчийн актаар Л.Гансүхийн тэтгэвэр олголтыг түдгэлзүүлэн зогсоож, хуурамч баримт бүрдүүлэн тэтгэвэр тогтоолгосон шалтгаанаар тэтгэвэр тогтоолгосон хугацаанд олгогдсон 8,820,900 төгрөгийг буцаан гаргуулахаар акт тогтоож байжээ. Тус маргааныг Сүхбаатар аймаг дах Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 392 дугаартай шийдвэрээр хянан шийдвэрлэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлсэн, зохигч тус шийдвэрт давж заалдах шатны журмаар гомдол гаргаагүй, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ.

Нэхэмжлэгч өөрт учирсан хохирол гэж тодорхойлсон 8,820,900 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж Г.Цг иргэний хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулжээ.

Батлан хамгаалахын төв архивын лавлагааг үндэслэн иргэн Л.Гансүхэд өндөр насны тэтгэвэр олгосон нь хууль бус байсан асуудлаар түүний үр дагаврыг хариуцагч Г.Цд холбогдуулан гаргасан нь үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ” гэсэн агуулга бүхий хуулийн зохицуулалтаар шууд хариуцагчад холбогдуулан хохирол нэхэмжилсэн нь эрх зүйн зохицуулалтын хувьд хариуцагчид үл хамаарах бөгөөд хариуцагч нь иргэний буюу эрх зүйн этгээдийнхээ хувьд уг хохирлыг нэхэмжлэгчийн өмнө хариуцах этгээд болохгүй.

Иймд нэхэмжлэгч нь хариуцагч Г.Цг Батлан хамгаалахын төв архивын орлогч даргын хувьд албан үүргээ гүйцэтгэх явцдаа гаргасан шийдвэр нь нийгмийн даатгалын санд 8,820,900 төгрөгийн хохирол учруулсан гэж үзэж, түүнийг иргэний  нь хувиар хариуцагчаар тодорхойлж хохирол нэхэмжилснийг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т нийцээгүй үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 498.2-т заасан үндэслэл тогтоогдоогүй үндэслэлээр хариуцагч Г.Цгээс 8,820,900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Э.ЭНЭБИШ

 

ШҮҮГЧ                                   Б.УНДРАА

 

ШҮҮГЧ                                   Л.ЭНХЖАРГАЛ