Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 154

 

            С.Г-д  холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Оюунжаргал,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Д,

шүүгдэгч С.Г, түүний өмгөөлөгч Н.Одгэрэл,

иргэний хариуцагч Д.Г,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батболор даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2019/ШЦТ/692  дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.Г, түүний өмгөөлөгч Н.Одгэрэл нарын гаргасан давж заалдах гомдлуудаар С.Г-д  холбогдох эрүүгийн 1903 00883 0390 дугаартай хэргийг 2020 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

З овгийн С-н Г, 19... оны ... дугаар сарын ..-ны өдөр ........... суманд төрсөн, ..настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “П” ХХК-д механик ажилтай, ам бүл 1, ......... тоотод түр оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ПЖ85031816/;

С.Г нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 11 цагийн үед Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр “Буянт Ухаа-1” хорооллын урд замд, “П” ХХК-ийн эзэмшлийн “Beiben” загварын, 38-16 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.5-д заасан “Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас А.Ч жолоочтой, “Тоёото Приус” загварын, 52-60 УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, “Тоёото Приус” загварын, 52-60 УБО улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь зогсож байсан Ж.Б жолоочтой “Тоёото Приус” загварын, 26-89 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, жолооч А.Ч-н эрүүл мэндэд хүнд, зорчигч 11 настай Ч.Б-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, “Тоёото Приус” загварын, 52-60 улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 5.715.000 төгрөгийн шууд хохирол, нийт 6.085.000 төгрөгийн хохирол, “Тоёото Приус” загварын, 26-89 УНП улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 223.000 төгрөгийн шууд хохирол, нийт 258.000 төгрөгийн хохирол тус тус учруулан, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: С.Г-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн  27.10  дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч С.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад зааснаар авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад зааснаар З овогт С-н Г-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, С.Г-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдаж, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г-с 9.000.000 төгрөг, иргэний хариуцагч “П” ХХК-иас 3.542.388 төгрөг гаргуулж, хохирогч А.Ч-д тус тус төлснийг дурдаж, хохирогч нар нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах зардлаа Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нэхэмжлэх эрхтэйг тайлбарлаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар С.Г-н тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолохыг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч С.Г давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3-д заасан гэмт хэргийг болгоомжгүй хэлбэртэй бөгөөд тээврийн хэрэгслийн хөдөлгөөний улмаас ямар нэгэн хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн боловч түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцож үйлдсэн гэх үндэслэлээр 1 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлсэн. Би “П” ХХК-д 2010 оноос хойш одоог хүртэл олон улсын жолооч /мэргэжлийн үнэмлэхтэй/-оор ажиллаж байгаа бөгөөд давхар машин засварчин хийдэг. Мөн цалингийн зээлтэй түүнийгээ ажлаа хийж төлдөг юм. Миний хувьд энэхүү үйлдэл нь анх удаагийн болгоомжгүй үйлдэл бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг болсон тухайн цагт хохирогчид шууд эмнэлгийн болон бусад туслалцаа үзүүлж, учруулсан хохирлоо нөхөн төлсөн бөгөөд энэхүү нөхцөл байдлыг маань харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1, 7.1 дүгээр зүйлийн 1.1-д заасан үндэслэлүүдийг удирдлага болгон анхан шатны шүүхийн оногдуулсан хорих ялыг тэнсэж өгөхийг хүсэж байна. ...” гэв.

Шүүгдэгч С.Г-н өмгөөлөгч Н.Одгэрэл давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч өмгөөлөгчийн зүгээс дараах гомдлыг гаргаж байна. С.Г нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбогдон гарсан зардлыг нөхөн төлж, чин санаанаасаа гэмшиж байгаа. Түүний жолоодон явсан тээврийн хэрэгслийн тоормоз гэнэт ажиллахгүй болж, тухайн цаг хугацаанд тулгарсан аюулыг өөр арга хэрэгслээр арилгах боломжгүй байдлын улмаас авсан арга хэмжээний явцад бусдад хохирол учруулсан зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл, 7.1 дүгээр зүйлүүдэд зааснаар түүнд оногдуулсан хорих ялыг зохих зүйл ангийн заалтад заасан хорих ялын доод хэмжээнээс тооцон оногдуулж, эсвэл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, эрх зүйн байдлыг дээрдүүлж өгнө үү. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Д тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хохирогчийн зүгээс С.Г-с бодит гарсан зардлаа нэхэмжилсэн. Шүүгдэгч уг хохирлыг төлж барагдуулсан гэж байгаа боловч нийт хохирлын хэмжээнд хүрээгүй. Анхан шатны шүүх бодит хохирлын хэмжээг маш их багасгасан. А.Ч нь одоогоор Солонгос улсад эмчилгээ хийлгэж байгаа. Цаашид дахин эмчилгээний зардал гарч байгаа боловч С.Г нь төлбөрийн чадваргүй, оршин суух хаяг нь тодорхойгүй учир холбогдоход хүндрэлтэй байна. Бид энэ хүнтэй дахиж холбогдмооргүй байна. Иймд хохирлыг бүрэн гаргуулмаар байна. ...” гэв.

Иргэний хариуцагч Д.Г тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Манай байгууллагаас ажилчдаа дэмжих зорилгоор автомашинаа түрээсэлдэг. Үүний дагуу С.Г нь уг автомашиныг ахтайгаа хамт эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр гэрээгээр түрээсэлсэн байсан. Хувийн ажлаа хийж явж байгаад осол гаргасан учраас хохирлыг С.Г-с гаргуулахаар шийдвэрлэсэн. Шүүхээс манай байгууллагад холбогдуулан хохирол гаргуулахаар шийдвэрлэснийг манай байгууллага төлж барагдуулсан байгаа. ...” гэв.

Прокурор С.Оюунжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүх С.Г-д холбогдох хэргийг нотлох баримтын хүрээнд үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн гэж үзэж байна. Хохирогчид учирсан хүнд гэмтлийн хор уршиг арилгаагүй байгаа учраас гэм хор арилсан гэж үзэхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

С.Г нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 11 цагийн үед Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, “Буянт Ухаа-1” хорооллын урд замд, “П” ХХК-ийн эзэмшлийн “Beiben” загварын, 38-16 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.5-д заасан “Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас А.Ч жолоочтой, “Тоёото Приус” загварын, 52-60 УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, “Тоёото Приус” загварын, 52-60 УБО улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь зогсож байсан Ж.Б жолоочтой “Тоёото Приус” загварын, 26-89 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, жолооч А.Ч-н эрүүл мэндэд хүнд, зорчигч 11 настай Ч.Б-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, “Тоёото Приус” загварын, 52-60 улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 5.715.000 төгрөгийн шууд хохирол, нийт 6.085.000 төгрөгийн хохирол, “Тоёото Приус” загварын, 26-89 УНП улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 223.000 төгрөгийн шууд хохирол, нийт 258.000 төгрөгийн хохирол тус тус учруулан, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч А.Ч-н “... Би өөрийн эзэмшлийн “Тоёота приус” загварын, 52-60 УБО улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явж байгаад зорчих хэсгийн 1 дүгээр эгнээнд зогсоод, автомашины багажийг онгойлгоод зогсож байтал гэнэт “түс тас” гээд явчихсан. Миний хүү Б автомашин дотор сууж байсан. ...” /хх 18-19/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Д-н “... Ч.Б нь миний том хүү бөгөөд тэрээр хөгжлийн бэрхшээлтэй учир бусдын асрамжид байдаг. Би осол хэргийн талаар хараагүй. Манай хүүгийн толгой бага зэрэг улайж хавдсан байсан. ...” /хх 34-35/,

гэрч Ж.Б-н “... Би Буянт Ухаа-1 хорооллын урд замын хойд талын зогсоол дээр зогсож байтал гэнэт миний машины араас машин мөргөсөн. Машинаасаа гараад иртэл улаан өнгийн “Тоёота приус” загварын машин мөргөсөн, урд хэсэг нь бүхэлдээ чихэгдсэн байдалтай, жолооч нь байхгүй байсан. Тэгээд цааш зам руу хартал жолооч нь замын голд хэвтэж байсан. Тэгээд “юу болов” гэтэл цаана замын урд нэг чиргүүлтэй том машин онхолдсон байдалтай хажуулдсан байсан. ...” /хх 30-31/,

гэрч П.У-н “... С.Г “хог буулгалцаад өгөөч” гэж гуйхаар нь би дүүгийнхээ хамт очсон. ...Тэгээд Буянт-Ухаагийн хойд замд явж байтал гэнэт машин хурдаа аваад, С.Г сигнал дараад, гэрэл дохио анивчуулаад эхэлсэн. Яасан бэ гэхэд С.Г “тоормосгүй болчихлоо” гэсэн. Тэгээд сигналдаад, орилуулаад явж байтал урдаас маш олон машин байсан ба эсрэг урсгалд явсан хоёр машин өнгөрөөгөөд зүүн гар тийшээ замын хажуу руу жолоогоо дараад замын хажуугийн шороон зам руу ороод зогсоох гэж дараад онхолдож унасан. ...” /хх 39-40/,

иргэний хариуцагч Д.Г-н “... “Beiben” загварын, 38-15 УНМ улсын дугаартай автомашин нь манай “П” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байдаг. Энэ автомашиныг манай байгууллага албан хаагчиддаа хөрөнгөжүүлэх зорилгоор гэрээ хийж, тодорхой хугацааны дараа өөрт шилжүүлэх зорилгоор өгсөн байгаа. Худалдах, худалдан авах гэрээний нөхцөл дуусаж, жолооч төлбөрөө бүрэн хийсэн тохиолдолд өөрийн автомашин болгож авахаар гэрээ хийсэн байсан. ...” /хх 27/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...А.Ч-н биед баруун тал бөмбөлгийн зулай, чамархай хэсгийн тархины эдийн гүн дэх цус харвалт, няцрал, субарахнайдаль зайнуудад цус харвалт, тархи доргилт, зулайн хуйх, духанд шарх, баруун, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, баруун, зүүн хацар, уруул, баруун, зүүн сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ...” /хх 48/,

“...Ч.Б-н биед тархи доргилт, зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” /хх 50/ гэх дүгнэлтүүд,

зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 3-5/, зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал /хх 6-12/, А.Ч-н өвчний түүхийн хуулбар /хх 93-102/,

 “Ашид билгүүн” хөрөнгийн үнэлгээний компанийн “... “Тоёота приус-20” загварын, 52-60 УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтэлд 6.085.000 төгрөгийн хохирол учирсан. ...” гэх /хх 51-57/,

“... “Тоёота приус-20” загварын, 26-89 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтэлд 258.000 төгрөгийн хохирол учирсан. ...” гэх /хх 60-61/ авто машин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангууд,

Цагдаагийн Ерөнхий газрын жолоочийн лавлагаа мэдээллийн санд “...С.Г-н тээврийн хэрэгсэл жолоодох эрх 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл 1 жилийн хугацаагаар хасагдсан...” гэсэн жолоодох эрхийг шалгасан лавлагаа /хх 78/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг бүрэн дүүрэн нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцжээ.

Анхан шатны шүүх, шүүгдэгч С.Г-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодон яваад осол гаргаж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

Шүүгдэгч С.Г-д анхан шатны шүүхээс тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байна.

Түүнчлэн, анхан шатны шүүхээс шүүгдэгч С.Г-д оногдуулсан ял Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцсэн байна гэж үзлээ.

Үүнээс гадна, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд шүүгдэгч С.Г 9.000.000 төгрөг, иргэний хариуцагч “П” ХХК-иас 3.542.388 төгрөгийг хохирогч А.Ч-д төлсөн, анхан шатны шүүх хохирогч нарыг цаашид энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Хэдийгээр шүүгдэгч С.Г нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учруулсан хохирлоо төлж барагдуулсан ч тэрээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ замын хөдөлгөөнд оролцож зам тээврийн осол гаргасан хэргийн нөхцөл байдал, уг гэмт хэргийн улмаас хоёр хүний эрүүл мэндэд хүнд, хөнгөн хохирол учирсан зэргээс үзэхэд шүүхээс оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь түүний гэм бурууд тохирсон байна.

Нөгөөтэйгүүр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасан “хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх”, мөн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан “хорих ялыг хөнгөрүүлэх” зохицуулалтууд нь шүүхийг заавал хэрэглэхийг үүрэг болгосон бус харин хуульд заасан шаардлага хангасан тодорхой тохиолдолд хэрэглэх эсэх талаар эрх олгосон хэм хэмжээ юм.

Дээрх үндэслэлүүдээр шүүгдэгч С.Г, түүний өмгөөлөгч Н.Одгэрэл нарын гаргасан “... шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар тэнсэж өгнө үү...” гэсэн утга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.