| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхбаярын Алдар |
| Хэргийн индекс | 188/2019/1106/Э |
| Дугаар | 193 |
| Огноо | 2020-02-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Сүхчулуун |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 193
Г.Л-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;
нарийн бичгийн дарга Д.Гантуяа нарыг оролцуулан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 1107 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Х.Нарангуагийн бичсэн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 40 дугаартай эсэргүүцлээр Г.Л-д холбогдох эрүүгийн 1908 04215 1366 дугаартай хэргийг 2020 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.
Х овгийн Г-н Л, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ам бүл 3, хамтран амьдрагч болон хүүхдийн хамт .................тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч ........... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ............/;
Г.Л нь 2019 оны 8 дугаар сарын 10-ны өдөр ............... тоотод байх гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогчийн буруутай үйл ажиллагааны улмаас хамтран амьдрагч Т.Г-н цээжин тус газарт хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Г.Л-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Х овогт Г-н Л-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Г.Л-г цагаатгаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Г.Л-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн бор өнгийн модон иштэй 22.7 см урттай хутгыг цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, цагаатгах тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж шийдвэрлэжээ.
Прокурор Х.Нарангуа бичсэн эсэргүүцэлдээ: “... Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 1107 дугаартай цагаатгах тогтоолоор шүүгдэгч Г.Л-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасныг прокурорын зүгээс дараах үндэслэлүүдээр хууль ёсны бөгөөд үндэслэлгүй гэж үзэж байна. Үүнд:
1. Хэдийгээр шүүхийн шатанд шүүгдэгч Г.Л нь хохирогч Т.Г намайг үсдээд чирээд байхаар нь өөрийгөө хамгаалах зорилгоор гарт таарсан зүйлээ авч түүнийг цохисон, тэр нь хутга байсан. Би өөрийгөө хамгаалах үйлдэл хийсэн гэж мэдүүлэг өгдөг боловч мөрдөн байцаалтын шатанд “... Манай нөхөр халамцуу орж ирээд агсан тавиад намайг үсдэж чирэхээр нь би шургуулан дээр байсан хүрэн иштэй хутгыг аваад цээж рүү нь хутгалсан. Тэгээд би Д-г дуудаж сэрээгээд түргэн дуудсан. Даваасүрэн Г-г салгах гээд дийлээгүй” гэж мэдүүлдэг. Харин гэрч М.Д мөрдөн байцаалтын шатанд “... Би Г-н гэрт орсон чинь Г ажлаасаа ирээгүй байсан. Би Г-г хүлээнгээ дэлгүүрээс 2.5 литрийн пиво аваад Г.Л-н хамт хувааж уучихаад орон дээр нь унтаж байтал гэнэт Г.Л-г хашгирахаар нь би сэрээд хартал Т.Г Г.Л-г үсдээд байж байсан. Тухайн үед Т.Г согтуу байсан. Тэгтэл Г.Л гал тогооны шургуулган дээр байсан бор өнгийн иштэй хутга аваад Т.Г-н цээжний зүүн хэсэгт нь зүсчихсэн. Тэгтэл Т.Г Г.Л-н үснээс зулгаахаа болиод хойшоо болохоор нь би очоод Т.Г-г гэрийн гадаа гаргаад хэвтүүлсэн” гэж мэдүүлдэг. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Г.Л-н шүүхийн шатанд өгсөн “... Хохирогч Т.Г намайг үсдээд чирээд байхаар нь өөрийгөө хамгаалах зорилгоор гарт таарсан зүйлээ авч түүнийг цохисон, тэр нь хутга байсан. М.Д Т.Г-г салгах гээд дийлээгүй. ...” гэсэн мэдүүлэг нь хэрэгт авагдсан яллагдагч Г.Л, гэрч Даваасүрэнгийн мэдүүлгээр няцаагдаж байна.
Шүүх мөрдөн байцаалтын шатанд болон хэлэлцүүлэгт авагдсан дээрх харилцан зөрүүтэй мэдүүлгүүдээс яллах талын нотлох баримтыг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ дурдаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “Улсын яллагчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг тогтоолд тусгах тухай” заалтыг зөрчжээ.
2. Шүүгдэгч Г.Л нь шүүхийн шатанд урьд хохирогч Т.Г-т зодуулж, түүний улмаас гэмтэл авч байснаас дахин гэмтэх, амь насаа алдах аюулаас өөрийгөө хамгаалсан гэж мэдүүлэх боловч Т.Г нь урьд өмнө нь шүүгдэгчийг зодож байсан талаар гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдээгүй, энэ талаарх баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна.
Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 1107 дугаартай цагаатгах тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” , мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн” үндэслэлээр тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг прокурорт буцаалгахаар улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. ...” гэжээ.
Прокурор М.Сүхчулуун тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Прокурор Х.Нарангуагийн бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. Анхан шатны шүүх хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд цуглараагүй нотлох баримтад тулгуурлан шийдвэрлэсэн гэж үзэж байна. Учир нь, Г.Л нь урьд гэр бүлийн хүчирхийлэлд удаа дараа өртөж, амь нас эрсдэж болох нөхцөл байдалд байсан. Энэ нь өөрөө аргагүй хамгаалалт хийх үндэслэл болсон гэж анхан шатны шүүх дүгнэсэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Т.Г нь урьд нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан талаар нотлох баримт энэ хэрэгт авагдаагүй. Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гомдол мэдээлэл дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн гэх материал байхгүй байна. Ямар нотлох баримтыг үндэслэн шүүх дүгнэснийг ойлгохгүй байна. Анхан шатны шүүх мөрдөн шалгах ажиллагааны явцад авсан гэрчийн мэдүүлгийн утга агуулгыг өөрчилж, цагаатгах тогтоолдоо дурдсан. Шүүгдэгч Г.Л, хохирогч Т.Г нарын хооронд урьд өмнө нь гэр бүлийн хүчирхийлэл, гэмт хэргийн шинжтэй харилцаа байсан эсэх, энэ нь өөрөө аргагүй хамгаалалт болж байгаа эсэхийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийж тогтоох шаардлагатай. Иймд анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 1107 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаанд буцаах саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.
Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэг эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн” байх хуулийн шаардлагыг хангажээ.
Прокуророос Г.Л-г согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогчийн буруутай үйл ажиллагааны улмаас хамтран амьдрагч Т.Г-н цээжин тус газарт хутгалж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой бүхий л нөхцөл байдлуудыг бүрэн шалгасан байх ба анхан шатны шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалсаны үндсэн дээр Г.Л нь Т.Г руу чиглэсэн, түүний амь бие, эрүүл мэндэд халдсан санаатай үйлдэл хийгээгүй гэж үзэн анхан шатны шүүх Г.Л-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасан нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.
Хэрэгт авагдсан хохирогч Т.Г-н “... Би найз М.Д-тэй хамтран амьдрагч Г.Л-г хардаад үснээс нь зулгаагаад чирсэн чинь Г.Л нь гал тогооны тавиур дээр байсан бор өнгийн иштэй хутгыг аваад миний цээж хэсэгт хатгачихсан. ...” /хх 14/, гэрч М.Д-н “... Гэнэт Г.Л хашгирахаар нь би сэрээд хартал Т.Г Г.Л-г үсдээд байж байсан. ... Тэгтэл Г.Л гал тогооны шургуулган дээр байсан бор өнгийн иштэй хутга аваад Т.Г-н цээж хэсэгт зүсчихсэн. Тэгтэл Т.Г Г.Л-н үснээс үсдэхээ болиод хойшоо болохоор нь би очоод Т.Г-г гэрийн гадаа гаргаад хэвтүүлсэн. ...” /хх 26/ гэсэн мэдүүлгүүдээс Т.Г нь Г.Л-н үснээс чирэх явцад Г.Л нь хутга авч Т.Г-н цээж хэсэгт зүссэн хэргийн үйл баримт тогтоогджээ.
Аргагүй хамгаалалт нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4-т заасан “... амьд явах, халдашгүй чөлөөтэй байх ...” болон бусад эрхээ эдлэх, энэ эрхэд халдсан довтолгооныг няцаах, түүнээс хамгаалах чухал ач холбогдолтой хууль цаазын хэрэгсэл бөгөөд хууль зүйн мөн чанарын хувьд Эрүүгийн хуулиар зөвшөөрөгдсөн, түүнчлэн уг хуулиар хамгаалагдсан ямар ч хохирол, хор уршигт хүргэж болох боловч гэмт хэрэгт тооцдоггүй, гэмт хэргийг үгүйсгэдэг онцгой нөхцөл байдал юм.
Аливаа хүн мэргэжил, тусгай бэлтгэл, албан ажлын байдал, аюултай довтолгооноос зайлсхийх, бусдаас тусламж авахаар хандах боломжтой байсан эсэхээс үл хамааран аргагүй хамгаалалт хийх эрхийг хуульчилсан бөгөөд аргагүй хамгаалалт нь халдагч этгээдийн хууль бус үйлдлийг таслан зогсоох зорилгоор үйлдэгдэж буй хариу довтолгоон, эсрэг дайралтаар илэрдэг шууд санаатай үйлдэл байдаг.
Т.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Г.Л-н халдашгүй, чөлөөтэй байх эрхэд бүдүүлгээр халдаж, үснээс нь зулгаан чирч байгаа үйлдэл нь түүний амь нас, эрүүл мэндэд шууд аюул учруулж байгаа, хууль бус, тухайн цаг хугацаанд бодитойгоор хэрэгжиж байгаа довтолгоо юм.
Хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу өөрийн амь нас, эрүүл мэндийг хууль бус халдлагаас хамгаалж довтлогч этгээдийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан Г.Л-н үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан гэм хорыг учруулсан боловч бодит агуулгаараа хууль бус халдлагын эсрэг хийгдэж байгаа аргагүй хамгаалалт мөн гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл, Г.Л-н энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд зааснаар гарцаагүй ирсэн хууль бус, тулгарсан довтолгооны өөдөөс буюу өөрийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах зорилгоор Т.Г-н довтолгооны эсрэг аргагүй хамгаалалт хийсэн гэж дүгнэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд прокурор Х.Нарангуагийн бичсэн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 40 дугаартай эсэргүүцлийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 1107 дугаартай цагаатгах тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.