Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 128/ШШ2022/0226

 

 

  

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Г” ХХК

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.А, Э.С

Хариуцагч: Б сайд

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.Ц

Маргааны төрөл: “Г” ХХК-ийн газар ашиглах эрхийг Б сайд хүчингүй болгосон нь хуульд нийцсэн эсэх маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Ур, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц, нарийн бичгийн дарга С.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Г” ХХК-иас Б сайдад холбогдуулан “Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/79 дүгээр тушаалын “Г” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож, газар ашиглах эрхийг сунгахыг даалгуулах” тухай нэхэмжлэл гаргажээ.

2. Б сайдын 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн А/321 дүгээр тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн Хүүшийн аманд 1,0 га хэмжээтэй газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрх олгосныг үндэслэн газар ашиглах эрхийн 2015/611 дүгээр гэрчилгээг 5 жилийн хугацаагаар “Г” ХХК-д олгон, газар ашиглах тухай 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 2019/177 дугаар гэрээг байгуулсан байна. 

Дээрх газар ашиглуулах шийдвэр, гэрээ, гэрчилгээг үндэслэн нэхэмжлэгч тус газарт аялал жуулчлалын цогцолбор барихаар Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газраас 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн ГБМЗХ2020/04-018 дугаар архитектур төлөвлөлтийн даалгавар авчээ.

Нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийн хугацаа 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдөр дуусгавар болохоор байсан тул 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдөр 06/2020 дугаар албан бичгээр газар ашиглах эрхийн гэрчилгээг сунгуулах хүсэлтээ гаргахад Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 1870 дугаар албан бичгээр “Г” ХХК-ийн газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгахад татгалзах зүйлгүй талаар саналаа Б яаманд хүргүүлжээ.

Харин Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 11и-3/5988 дугаар албан бичгээр Б яаманд мөрдөгчийн мэдэгдлийг хүргүүлж, тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх бүхий иргэн, хуулийн этгээдэд арга хэмжээ авч ажиллах талаар мэдэгдсэн байна.

Түүнчлэн Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчид хүргүүлсэн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 06/10925 дугаар албан бичгээр тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл бүхий иргэн, аж ахуйн нэгжээс барилга барих хүсэлт гаргасан тохиолдолд барилгын зөвшөөрөл олгох ажиллагааг түр хугацаагаар зогсоох талаар мэдэгдсэний дагуу Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 16/4885 дугаар, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 365 дугаар албан бичгүүдээр тус тус Б яаманд нэр бүхий иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар ашиглах эрхийг цуцлуулах талаар хүсэлтээ хүргүүлжээ.

Улмаар нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг цуцалж, гэрчилгээг хүчингүй болгох тухай сонсох ажиллагааны мэдэгдлийг Б яамны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газрын даргын 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 09/8091 дүгээр албан бичгээр хүргүүлсэн боловч  “заасан хаягт байхгүй” гэх үндэслэлээр 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 14.00 цагт ажилтан н.С-т буцаан гардуулсан болохоо “М” ХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 09/944 дүгээр албан бичгээр илэрхийлсэн байна.

Б сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/79 дүгээр тушаалаар “Г” ХХК-ийн дээрх газар ашиглах эрхийг Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.3, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг үндэслэн нэхэмжлэгч “Г” ХХК-ийн газар ашиглах эрхийг эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, үйл ажиллагаа явуулаагүй гэсэн үндэслэлээр цуцалж, хүчингүй болгожээ.

Нэхэмжлэгчээс дахин 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 04/2021 дүгээр албан бичгээр газар ашиглах эрхийн гэрчилгээг сунгуулахаар хүсэлтээ хүргүүлсэн боловч сайдын 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 09/1333 дугаар албан бичгээр газар ашиглах эрх дуусгавар болсон тул эрхийн хугацааг сунгах боломжгүй гэж мэдэгджээ. 

3. Б сайдын 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 09/1333 дугаар албан бичгээр “Г” ХХК-д Б сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/79 дүгээр тушаалын хувийг хүргүүлснийг нэхэмжлэгч 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдөр гардан авч, улмаар 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдөр гомдол гаргасан боловч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 09/2788 дугаар албан бичгээр газар ашиглах эрхийг сэргээх боломжгүй талаар мэдэгджээ.

Үүнийг нэхэмжлэгч эс зөвшөөрч 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

4. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: 

1/ Нэхэмжлэгч компани нь газрын төлбөрийг хугацаанд нь төлж, газар ашиглах гэрээг дүгнүүлэн зохих журмын дагуу сунгуулж байсан бөгөөд төрийн эрх бүхий байгууллагатай 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдөр тооцоо нийлсэн акт үйлдэж тус тооцоо нийлсэн актаар нэхэмжлэгч "Г” ХХК нь газрын төлбөр тооцоогүйг баталгаажуулж өгсөн байдаг. 

2/ Нэхэмжлэгч "Г” ХХК нь Б сайдын 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн А/321 дугаартай тушаалаар Хан-Уул дүүргийн Богдхан уулын дархан цаазат газрын хилийн зааг дотор Хүүшийн аманд байрлах 1 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрхийг 5 жилийн хугацаатайгаар олгосон газрын ашиглах эрхийн хугацаа 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдөр дуусгавар болохоос өмнө зохих журмын дагуу сунгуулах хүсэлтийг төрийн зохих байгууллагад гаргасан боловч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас "Г" ХХК-ийн сунгуулах хүсэлтийг хэлцэлцэх боломжгүй байна гэсээр 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 09/1333 дугаартай албан бичгээр хариу өгөхдөө хариуцагч талын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/79 дугаартай тушаалаар газар ашиглах эрхийг хүчингүй болгосон тул сунгах боломжгүй гэсэн байгаа нь хууль зүйн үндэслэлгүй болсон тул хариуцагч талын А/79 дугаартай тушаалын нэхэмжлэгч компанид холбогдох хэсэг нь илт хууль бус болох нь тодорхой байна.

3/ Нэхэмжлэгч "Г” ХХК нь газрын төлбөр тооцоог газар ашиглах эрх олгогдсоноос хойш жил бүр хугацаанд нь хууль, журмын дагуу бүрэн төлж Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасныг зөрчөөгүй, газрыг зориулалтын дагуу ашиглаж ирсэн бөгөөд 2019 оноос тус газар дээр аялал жуулчлалын цогцолбор барихаар төлөвлөн Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр олгосон ГБМЗХ2020/04-018 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар авсан.

Нэхэмжлэгч “Г" ХХК-ийн зүгээс холбогдох зураг батлуулах, зохих зөвшөөрлийг авахаар төрийн эрх бүхий байгууллагад хандаж байсан боловч ковид-19 цар тахлаас улбаалан төрийн болон аж ахуй нэгж байгууллагын хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлсөн мөн Авлигатай тэмцэх газрын 2020 оны 10 сарын 01-ний өдрийн 06/10925 дугаар албан тоотоор мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй тул “...Богдхан уулын тусгай хамгаалалттай газар нутагт барилга барих хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгжид барилгын ажлын зөвшөөрөл олгох ажиллагааг түр хугацаагаар зогсоох..." тухай мэдэгдсэний улмаас төрийн эрх бүхий байгууллагаас иргэн, аж ахуй нэгж байгууллагын хүсэлтийг шийдвэрлээгүй нь хүндэтгэн үзэх шалтгаанд орно гэж үзэж байна. 

4/ Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог хангах зарчмыг баримтлахаар заасан бөгөөд дээрх зарчим нь хувь хүн, хуулийн этгээдээс захиргааны үйл ажиллагаа хэлбэржиж, шийдвэр гарсны дараа эрхээ хамгаалуулахаар хойноос нь гомдол гаргах эрх нээлттэй байхаас гадна тухайн захиргааны шийдвэр гарахаас өмнө мэдсэнээр урьдчилан мэдээлэл авах, саналаа өгөх боломжийг хангана. Тиймээс энэ зарчим нь зөвхөн хүний эрхийг хангахад чухал төдийгүй Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтоох, мөн хуулийн 24.3-д оролцогчдийг нотлох баримт гаргаж өгөх, баримт бичигтэй танилцуулах эрхийг хангаагүйгээс гадна хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасан захиргааны шийдвэр гаргахад шаардлагатай нотлох баримт цуглуулах ажиллагаа, Захиргааны ерөнхий хуулийн 24, 25 дугаар зүйлд заасан нөхцөл байдлыг тогтоож, нотлох баримтыг цуглуулснаар мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан захиргааны шийдвэр нь үндэслэлтэй байх зарчмыг хангах гол үндэслэл болохоор заасан байхад дээрх зарчмыг баримтлалгүй “Г" ХХК-ийн үйл ажиллагааны болон нийгмийн цаг үеийн нөхцөл байдлыг харгалзан үзсэнгүй гэж үзэж байна. 

Тодруулбал, “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр" гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй тохиолдолд сайд тухайн үндэслэлээр газар ашиглах эрхийг хүчингүй болгохдоо газраа 2 жил дараалан ашиглаагүй болохыг энэ нь "хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэх”-ийг заавал харгалзан үзэж, нөхцөл байдлыг нягтлан шалгаж, тогтоосон байх шаардлагатай байдаг.

"Г" ХХК-ийн эрх ашиг сонирхлыг хөндсөн, манай компанийн үйл ажиллагаа явуулж ашиглалтын газрыг хүчингүй болгосон акт гаргах гэж байгаа тохиолдолд маргаан бүхий актын үндэслэл болж буй нөхцөл байдлыг нягтлан шалгаж, тогтоох нь захиргааны байгууллагын үүрэг боловч манай компанийн газар ашиглах эрхийг хүчингүй болгохдоо "үйл ажиллагаа явуулж байсан эсэх, хүндэтгэн үзэх шалтгаантай эсэхийг нягтлан шалгах, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасан захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг бодитойгоор хийлгүйгээр Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг баримтлан газар ашиглах эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь "Г” ХХК-ийн эрх ашгийг ноцтой зөрчсөн үйлдэл болсон. 

Захиргааны ерөнхий хуулийн 26-р зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.1, 27.2-т заасны дагуу эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлэн, эрх ашиг сонирхол нь хөндөгдөж буй этгээдийн тайлбар, санал гаргах боломжийг хангах үүрэгтэй байтал ямар ч ажиллагаа явуулаагүй,сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/79 дугаартай тушаалын манай компанид холбогдох хэсэг нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5-д заасан зарчмын агуулгыг зөрчсөн гэж үзэж байна

Иймд Б сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн A/79 дугаартай газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай тушаалын "Г” ХХК-д холбогдох хэсэг илт хууль бус болохыг тогтоож, газар ашиглах эрхийг сунгахыг даалгуулж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн сонсох ажиллагааны мэдэгдэл нь мэдэгдэлд дурдсаны дагуу Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасны дагуу газар ашиглах эрхийг цуцлах гэж байгаа тул сонсох ажиллагаанд ирнэ үү гэсэн сонсох ажиллагааны мэдэгдэл байдаг. Гэтэл талуудын хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас харахад 2020 онд газар ашиглах эрх нь дуусаад манай компанийн зүгээс газрыг сунгуулахаар хүсэлтийг өгсөн байдаг. 2 жил ашиглаагүй болон мөрдөгчийн саналыг үндэслэн гэдэг нь талуудын маргаан бүхий газрын эрхтэй холбоотойгоор хуульд нийцсэн үндэслэл биш юм. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэлийг баримтлах ёсгүй бөгөөд өөр үндэслэл байсан. Гэтэл 401.6-д заасан үндэслэлийг үндэслээд сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлж байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасны дагуу иргэн хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэх үндэслэлийг баримталж, огт хамааралгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна. 

Хугацаа дууссан ч тушаал гаргадаг гэж хариуцагч тайлбарласан. Хугацааг дуусгавар болгосон тушаал гаргаагүй. Улмаар 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр дуусгавар болсон гэж талууд ярьдаг ч 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хугацаа дуусгавар болоогүй байна, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасны дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг цуцлах талаар буюу хугацааг сунгасан агуулга бүхий мэдэгдэл хүргүүлдэг. Мөн 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас газар ашиглах эрхийн хугацааг сунгахад татгалзах зүйлгүй гэсэн албан бичгийг ирүүлдэг. Одоог хүртэл энэхүү албан бичгүүд яаж шийдэгдсэн нь тодорхой биш. 

Өөрөөр хэлбэл дуусгавар болсон юм уу гэхээр дуусгавар болоогүй, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэлээр цуцална гэдэг. Бидний ойлгож байгаагаар газар эзэмших эрхийн хугацааг сунгачихсан гэж ойлгосон. Хариуцагч байгууллага энэхүү асуудалд ойлгомжгүй хандсан. Маргаан бүхий тушаалыг зайлшгүй шүүхээр шийдвэрлүүлж байж тодорхой нэг ойлголтод талууд хүрэх байх гэж бодож байна. Түүнд дурдсан газрын төлбөр тооцооны асуудал дууссан гэсэн тооцоо нийлсэн акт талуудад байсан. Газрын ашиглаж байгаа эсэхэд архитектур төлөвлөлтийн даалгавар авчихсан талаарх баримт мөн байдаг. Мөн газрын хугацаа дууссантай холбоотой сонсох ажиллагааны тэмдэглэл байдаггүй. Газрын хугацаа дууссан, хугацаа дуусахаас өмнө цуцалсан эсэх нь ойлгомжгүй байдаг” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр сонсох ажиллагааны мэдэгдлийг “Г” ХХК руу хүргүүлсэн гэдэг. Шүүхээс сонсох ажиллагаатай холбоотой, хүргүүлсэнтэй холбоотой баримтыг гаргаж өгөхийг шаардсан албан тоот явуулсан боловч захиргааны байгууллага шүүгчийн шаардсан баримтыг ирүүлээгүй байсан. Өөрөөр хэлбэл сонсох ажиллагааны мэдэгдлийг “Г” ХХК-д гардуулсан эсэх нь тодорхойгүй. Захиргааны ерөнхийн хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д заасан боломжийг олгоогүй.

2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлэх Засгийн газрын 178 дугаар тогтоол байдаг. Энэхүү тогтоолын 1-д “Ковид-19 халдварт өвчинтэй холбоотойгоор 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 06 цагаас 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 06 цаг хүртэл гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсүгэй” гэж заасан байдаг. Энэ тогтоолоор нийтдээ 11 аж ахуйн нэгж, байгууллагуудыг ажиллахыг зөвшөөрсөн. Бусад аж ахуйн нэгж, иргэд гэрийн хөл хорионд байхыг заасан байдаг. Төрийн байгууллагын тодорхой хэсэг ажиллаж байсан. Харин эрх ашиг нь хөндөгдөөд байгаа “Г” ХХК-ийн үйл ажиллагаа хязгаарлагдчихсан байсан. Энэ тохиолдолд сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлэх ямар ч боломжгүй байсан. Хариуцагч Захиргааны ерөнхий хуульд заасан ажлыг хийгээгүй. Гаргаж байгаа шийдвэр нь процессын алдаатай юм.

Мөн гардаж авах боломжгүй байсан. “Г” ХХК-ийн ямар хаягт, ямар шуудангаар явуулсан нь тодорхойгүй. Түүнийг нь хэн гэдэг хүн хэзээ яаж гардаж авсан нь мөн тодорхойгүй байна. 

Бидний зүгээс газар ашиглах эрхийн хугацааг сунгуулахаар хүсэлтийг удаа дараа гаргасан. 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр гэрээг дүгнүүлчихсэн. Дүгнэхдээ төлбөр тооцоог төлж байсан, үйл ажиллагаагаа явуулах гэж байсан мөн хугацаа сунгуулах хүсэлтийг удаа дараа гаргасан байна гэдгийг дүгнэсэн. Гэтэл шүүгчийн захирамжийн дагуу Богдхан уулын дархан цаазат хамгаалалтын захиргаанаас 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 1638 дугаар албан бичгээр “Г” ХХК 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 2019/177 тоот гурван талт гэрээг дүгнүүлж байгаагүй гэсэн албан бичиг ирчихсэн байдаг. 

Өөрөөр хэлбэл хэрэгт гэрээг дүгнэчихсэн албан бичиг байсаар байхад гэрээг дүгнээгүй гэдэг нэг байгууллагаас хоёр өөр албан бичиг ирсэн байдаг. Үүнийг хариуцагч захиргааны байгууллага эрх ашиг нь хөндөгдөөд байгаа “Г” ХХК-тай холбоотой ажиллагааг хийгээгүй байна гэж үзэж байна. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 24, 25 дугаар зүйлд заасан нотлох баримт цуглуулах, түүнийг яаж үнэлж, дүгнэсэн талаар ямар ч үйл баримт байхгүй байна. Бидний зүгээс газар ашиглах эрхийн хугацааг сунгуулахаар хандахад хүчингүй болгочихсон гэдэг. Энэ тохиолдолд эс үйлдэхүйтэй холбоотой шаардлага гаргах эрх хязгаарлагддаг” гэв.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц татгалзал, түүний үндэслэлээ тайлбарлахдаа:

1/ Авлигатай тэмцэх газар болон цагдаагийн байгууллагаас тусгай хамгаалалттай газар нутагт нэр бүхий иргэн, хуулийн этгээд нь аялал жуулчлал, амралт сувиллын чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар газар ашиглах тусай зөвшөөрөл авч улмаар газрыг зориулалтын бусаар ашигласан үйлдэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглуулах эрхтэй иргэн, хуулийн этгээд нь Газрын тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг зөрчсөн үйлдэл тогтоогдож, Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанаас 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 11и-3/5988 тоот албан бичгээр мөрдөгчийн мэдэгдэл хүргүүлсэн. 

Мөн Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 365 тоот албан бичгээр нэхэмжлэгч компанийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан үндэслэлээр газар ашиглах эрхийг цуцлуулах саналыг ирүүлсэн.

2/ Нэхэмжлэгч компани нь газрын төлбөрийг Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-д заасны дагуу хугацаанд нь төлбөрөө төлөөгүй бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 6 жил дараалан ашиглаагүй. Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолын 1.10-д “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ..." гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно”, “Мөн зүйл, хэсэгт заасан “... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй …” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно” гэж тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч энэ талаарх холбогдох нотлох баримтыг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд ирүүлээгүй байдаг.

Иймээс Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7 дахь хэсэг болон Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтуудыг тус тус үндэслэн Богдхан уулын дархан цаазат гарын хамгаалалтын захиргааны 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 365 тоот албан бичиг, Цагдаагийн ерөнхий газрын эрүүгийн цагдаагийн албаны эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 11и-з/5988 тоот албан бичгээр ирүүлсэн мэдэгдлийн дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны А/79 дүгээр тушаалыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлж гаргасан байна.

3/ Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын газрын 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 09/8091 тоот албан бичгээр “Г” ХХК-д дээрх шийдвэрийг гаргах болсон талаар мэдэгдэж холбогдох тайлбар, санал, нотлох баримтуудыг яамны [email protected] хаягаар ирүүлэхийг тусгасан ба Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан үүргийг хэрэгжүүлж ажилласан байна.

Иймд Б сайдын 2021 оны 03 дугаар сарын 12- ны өдрийн А/79 дүгээр “Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай" тушаал нь хууль зүйн үндэслэлтэй тушаал төдийгүй Б сайд хуульд заасан эрх хэмжээний хүрээнд уг тушаалыг гаргасан буюу Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан илт хууль бус захиргааны акт гэж үзэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан гаргасан нэмэлт тайлбартаа: “Газрын төлбөр төлөлтийн хувьд хэрэгт авагдсан баримтаас үзэхэд сүүлд 2019, 2020 онд нөхөж төлсөн үйл баримт байдаг. 2018 оны 08 дугаар сард гэрээ байгуулах хүсэлтээ анх гаргасан байдаг. Энэ нь газрыг идэвхтэй ашиглах үйлдлийг “Г” ХХК гаргаагүй. Өөрөөр хэлбэл гэрээнд заасан зориулалтын дагуу ашигласан гэж үзэх боломжгүй байсан учраас Байгаль орчин, аялал жуулчлалын сайд холбогдох тушаалыг гаргасан. 

Мөн газар ашиглах хугацаа гэж байдаг. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д энэ хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан газар ашиглах тухай гэрээний хугацаа 5 жилээс илүүгүй байх бөгөөд уг гэрээг нэг удаад сунгах хугацаа 5 жилээс илүүгүй байна гэж заасан. Өөрөөр хэлбэл тусгай хамгаалалттай газар нутгийг тодорхой болзол зориулалт хугацаатайгаар ашигладаг. “Г” ХХК анх 2015 оны 08 сард газар ашиглах эрхээ авахдаа аялал жуулчлалын бааз байгуулна гэж байсан. Өнөөдрийг хүртэл 5 жилийн хугацаа өнгөрчхөөд байхад 2020 оныг хүртэл бааз байгуулах ямар ч үйлдэл хийгээгүй.

Нэхэмжлэгч тал сунгуулах хүсэлт гаргасан гэж тайлбарлалаа. Тухайн гэрээнд өмнөх ашигласан 5 жилд нэг ч удаа аялал жуулчлалын бааз байгуулах төслөө огт хэрэгжүүлээгүй байхад Б сайд сунгуулах үүргийг хүлээхгүй. Иймд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан үндэслэлд хамаарахгүй. Өөрөөр хэлбэл хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд тухайн шийдвэрийг гаргасан учраас илт хууль бус болох нөхцөлд хамаарахгүй.

Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас хугацааг сунгахад татгалзах зүйлгүй гэж заасан нь шууд хугацааг сунгах эсвэл газар ашиглах эрхийг аливаа байдлаар цуцлахгүй байх нөхцөлийг бүрдүүлэхгүй. Өөрөөр хэлбэл Б яам өөрөө төрийн захиргааны төв байгууллага бөгөөд тухай шийдвэрийг гаргах эрхтэй. Хүсэлт гаргасан этгээд болгоны хүсэлтийг хангаж газар ашиглах эрхийн хугацааг сунгах үүргийг Б яам хүлээхгүй. Маргаан бүхий акт Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.6-д заасан үндэслэлийг зөрчсөн гэж үзэж гарсан. Нэхэмжлэгч үйл ажиллагаа явуулсан талаар тодорхой тайлбарыг өгсөнгүй тийм баримт байхгүй байна. Мөн хүндэтгэн үзэх шалтгаангүй байсан бөгөөд 2020 оны хөл хориог ярьдаг. Энэ нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.6-д заасан нөхцөл байдал юм. Энэ үндэслэлээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд цуцлах шийдвэр гаргах бүрэн эрх байсан. Хэрэв газар ашиглах эрхийн хугацааг сунгаж шийдвэрлэсэн бол заавал гэрчилгээгээр бичилт хийх ёстой. Гэтэл хэрэгт авагдсан “Г” ХХК-ийн гэрчилгээ дээр сунгалт хийгдээгүй бөгөөд дуусгавар болсон байдалтай байдаг” гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн хүрээнд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ. 

1.  Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааны талаар;

Шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурдсанчлан газар ашиглах эрхийг цуцлах үндэслэл бүрдсэн талаар Б яамны 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 09/8091 дүгээр албан бичгээр газар ашиглах эрх, эрхийн гэрчилгээг хүчингүй болгохыг мэдэгдэж, нэхэмжлэгчийн улсын бүртгэлийн байгууллагаас авсан хаягаар хүргүүлэхэд “заасан хаягт байхгүй” гэх шалтгаанаар Б яамны ажилтан н.С гэх хүнд буцаан өгсөн болох нь “М” ХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 09/944 дүгээр албан бичгээр ирүүлсэн лавлагаагаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч компани улсын бүртгэлд бүртгүүлсэн хаягт байхгүй байснаас мэдэгдэл хүлээн аваагүй нь хариуцагчийг буруутгах болон мэдэгдэх, оролцоог хангах зарчим хэрэгжүүлээгүй гэж үзэх боломжгүй юм.

2. Б сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/79 дүгээр тушаалын “Г” ХХК-д холбогдох хэсэг илт хууль бус болох тухайд;

2.1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж зааснаас үзвэл энэ үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоход нэгд хүндэтгэн үзэх шалтгаангүй байх, хоёрт зориулалтын дагуу ашиглаагүй байх, гуравт 2 жил дарааллан ашиглаагүй байх нөхцлийг хуульд заажээ.

Нэхэмжлэгч нь Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газраас аялал жуулчлалын цогцолбор барих зориулалтаар 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн ГБМЗХ2020/04-018 дугаар архитектур төлөвлөлтийн даалгавар авснаас үзвэл 2015 онд газар газар ашиглах эрхтэй болж, 2019 оны 2 дугаар сарын 27-ны өдөр 2019/36 дугаар Богдхан уулын дархан цаазат газарт газар ашиглах гэрээ байгуулснаас хойш тус газраа зориулалтын дагуу хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл газраа ашиглахын тулд архитектур төлөвлөлтийн даалгавар авахаар холбогдох байгууллагад хандах, архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулах зэрэг үйл ажиллагаа нь ашиглах эрх бүхий газар дээрээ бодитоор үйл ажиллагаа явуулах урьдчилсан нөхцөл болох бөгөөд нэхэмжлэгчийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэж үзэх үндэслэлгүй.

2.2. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-д “Газар эзэмшигч дараахь үүрэг хүлээнэ: … 35.3.3.газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх;”, 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй;” заажээ. 

Хэрэгт авагдсан “Г” ХХК-ийн газар ашиглах 2019/177 дугаар гэрээний газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт, газрын төлбөрийн хуулга зэргээс үзвэл нэхэмжлэгч нь 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар төлбөрийн үлдэгдэлгүй байсан болох нь тогтоогдож байх тул “Г” ХХК-ийг Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3 дахь хэсэгт заасан газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч газар газар ашиглах эрхээ сунгуулах хүсэлт гаргахаас өмнөх хугацааны газрын төлбөрийг төлсөн бөгөөд тус хугацаанаас хойш маргаан бүхий тушаал гарах хүртэл хугацааны төлбөр нь нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийн хугацааг сунгах асуудал хэрхэн шийдвэрлэхээс хамаарах юм. 

Иймд нэхэмжлэгчийг газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд бүрэн төлөөгүй гэж үзэхгүй.

2.3. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д “Газар эзэмшигч дараахь эрхтэй: … 35.1.5.газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлж ирсэн бол эрхийн гэрчилгээний хугацаа дуусахад уг газрыг үргэлжлүүлэн эзэмшихээр эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах”, 37 дугаар зүйлийн 37.1-д “Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргах бөгөөд дараахь баримт бичгүүдийг хавсаргана …”, 39 дүгээр зүйлийн 39.1-д “Газар эзэмших эрх дараахь тохиолдолд дуусгавар болно: … 39.1.1.газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй;”, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх дараахь тохиолдолд дуусгавар болно: … 1/ Газрын тухай хуулийн З9 дүгээр зүйлд заасан үндэслэлээр; …” гэж тус тус заажээ.

Нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийн хугацаа 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдөр дууссан байхад хариуцагч нь нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийн гэрчилгээг газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлүүдээр 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/79 дүгээр тушаалаар хүчингүй болгосон нь хуульд нийцээгүй гэж үзлээ.

Учир нь Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д зааснаар газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй бол газар ашиглах эрх дуусгавар болох бөгөөд ийнхүү газар ашиглах дуусгавар болсон тохиолдолд гэрчилгээг хүчингүй болгох, газар ашиглах эрхийг цуцлаж шийдвэр гаргах зохицуулалт хуульд байхгүй тул шийдвэр гаргах шаардлагагүйгээр газар ашиглагч тухайн газрыг ашиглах эрхгүй болох юм. 

Гэвч нэхэмжлэгч 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 06/2020 дугаар албан бичгээр газар ашиглах эрхийн хугацааг сунгуулахаар хүсэлтээ хүргүүлсэн бөгөөд түүнийг нь хариуцагч хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэрлээгүй байхдаа газар ашиглах гэрчилгээний хугацаа дуусаагүй тохиолдолд буюу гэрчилгээ хүчин төгөлдөр байхад хэрэглэх Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг үндэслэн ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно: … 47.1.6.иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй;” гэж заасан эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах үндэслэл байгаагүй гэж үзэх үндэслэлтэй байна. 

Өөрөөр хэлбэл нэгэнт дуусгавар болсон газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгож хуульд гаргахаар зохицуулаагүй маргаан бүхий актыг гаргасан нь нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэж үзэхээр байна. 

Иймд Б сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/79 дүгээр тушаалын “Г” ХХК-д холбогдох хэсэг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэлээ.

Харин Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, түүнийг хангасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба бүртгэнэ.” гэж зааснаар хугацаа сунгах асуудлыг шийдвэрлэх нь хариуцагчийн эрх бөгөөд тус өргөдлийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлээгүй буруутай гэж үзлээ.

Хариуцагч нь нэхэмжлэгчээс гаргасан газар ашиглах эрхийн хугацаа сунгуулах хүсэлтийг шийдвэрлээгүй байхдаа 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/79 дүгээр тушаалаар түүний газар ашиглах эрхийг цуцалсан бөгөөд газар ашиглах хугацаа сунгуулах хүсэлтийг шийдвэрлээгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын дагуу газар ашиглах эрхийг сунгахыг даалгах боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг “газар ашиглах эрхийг сунгуулах өргөдлийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэрлэхийг даалгаж” шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсгийн 106.3.2, 106.3.4, 106.3.12 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.5, 37 дугаар зүйлийн 37.2, 39 дүгээр зүйлийн 39.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Г” ХХК-иас Б сайдад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг  хангаж, Б сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/79 дүгээр тушаалын “Г” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож, “Г” ХХК-иас гаргасан газар ашиглах эрхийг сунгуулах өргөдлийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгасугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.


 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Н.ДАМДИНСҮРЭН