| Шүүх | Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ёндонгийн Бямбацэрэн |
| Хэргийн индекс | 142/2017/00131/И |
| Дугаар | 09 |
| Огноо | 2018-04-11 |
| Маргааны төрөл | Хамтран ажиллах гэрээ, |
Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 09
“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Хэргийн индекс 142/2017/00131/И
Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч С.Уранчимэг, М.Хүрэлбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 79 дугаартай шийдвэртэй, “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Э” ХХК-нд холбогдох Гэрээний үүрэг 219435000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Хүрэлбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э
Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б, Д.Г
Нарийн бичгийн дарга С.Гончигбал нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь "Э" ХХК-тай 2015 оны 03 дугар сарын 13-ны өдөр 5/061-15 тоот арилжааны гэрээ байгуулсан юм. Уг гэрээгээр "Э" ХХК-ний эзэмшилийн У хажууд байрлах ... талбай бүхий бодибилдинг фитнес клубыг манай компаний эзэмшилийн О .. хүртэлх хэмжээтэй 10 ширхэг байруудыг "Д" ХХК болон "Н" ХХК-иудаар үнэлгээ гаргуулан солилцох болсон юм. Гэвч "Э" ХХК-наас гэрээний дагуу ... бүхий үл хөдлөх хөрөнгийг манай компаний эзэмшилд шилжүүлэх байтал ...-аар дутуу обьект шилжүүлсэнийг бид барилгын засвар үйлчилгээ хийх явцад мэдэж энэ асуудлаар "И" ХХК-иар хөрөнгийн үнэлгээ болон хэмжилт тогтоолгоход ... болж 915420500 төгрөг болсон. Зөрүү талбайн хэмжээ 89,1м2-аар дутаж мөнгөн дүнгээр 219435000 төгрөгийн хохирол манай компанид үүсээд байна. Энэ асуудлаар "Э" ХХК-д удаа дараа албан бичгээр хандсан боловч зөвхөн үл хөдлөхийн гэрчилгээн дээрх тоо хэмжээгээр гэрчилэгдсэн мэт үзэж байна. Гэрээ ёсоор 5.1 (маргаан шийдвэрлэх)-т зааснаар арилжааны гэрээг байгуулагч аль нэг тал эрхийн болон биет байдлын доголдолгүй үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэх үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэрээний нөгөө тал гэрээнээс татгалзах саналыг бичгээр хүргүүлэх ба аливаа маргааныг хэлэлцэх замаар шийдвэрлэнэ гэж" заасан хэдий ч "Э" ХХК асуудлыг хэлэлцэх замаар биш буруутгах байдлаар бидэнд хандаж байна. Энэхүү арилжааны гэрээ нь одоо болтол хүчин төгөлдөр бөгөөд гэрээний 2.1 болон 2.2-т зааснаар энэхүү гэрээний үйлчлэх хугацаа нь талууд гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэх хүртэл хүчин төгөлдөр мөн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс нөгөө талд учируулсан хохиролыг буруутай тал бүрэн хариуцна гэж заасан. Бид гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж 10 ширхэг орон сууцаа "Э" ХХК-ний нэр дээр ямар нэгэн талбайн хэмжээний зөрүүгүй доголдолгүй шилжүүлсэн. Иймд "Э" ХХК-наас гэрээний үүргээ биелүүлээгүй улмаас манай компанид үүсээд байгаа 219435000 төгрөгийг гаргуулж бидний хохиролыг барагдуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Э” ХХК нь “Э” ХХК-тай 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдөр “Арилжааны гэрээ” байгуулсан. Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1-д заасныг үндэслэн гэрээний нөхцлийг тохирсон. “Э” ХХК-ийн өр барагдуулах албанд очоод удсан фитнес клубыг “Э” ХХК-ний барьсан 30 айлын орон сууцнаас 10 ширхэг орон сууцыг хүлээлгэж өгөөд Улаанбаатар хотод байрлах үл хөдлөх хөрөнгийг авсан. Тухайн “Арилжааны гэрээ” байгуулагдаад мэдэх боломжгүй нэг зүйл байсан. “Э” ХХК нь Орхон аймагт үйл ажиллагаагаа явуулдаг “Д” ХХК-иар үнэлгээ хийлгэсэн байсан. Тухайн үнэлгээгээр ямар нэгэн байдлаар хэмжилт хийгээгүй. Шууд гэрчилгээнд байсан м2-ыг бичсэн. Үүний дагуу бид “И” ХХК-нд хандаж үнэлгээ хийлгэхэд хэмжилт үнэлгээний тайлангаар 219435000 төгрөг буюу 89,1 м2 дутуу болох нь тогтоогдсон. Аудитын компаниар хоёр тал хоёулаа үнэлгээ хийлгэсэн. “Э” ХХК нь “Д” ХХК-иар үнэлгээ хийлгэхдээ зөвхөн арилжих, худалдан борлуулах, улсын бүртгэлийн хэлтэст бүртгүүлэх үндэслэлээр үнэлгээ хийлгэсэн. “Э” ХХК нь гадна талын саравчийг өргөтгөл хийж, үйлчлүүлэгчдийн хүсэлтээр кофе шоп барих зорилгоор барилгын хүмүүсээр хэмжилт хийлгэхэд 89.1 м2 талбай дутуу байсан. Тухайн хөрөнгө шилжүүлсэн үнэлгээний зөрүүг бодуулахад “Танай байгууллагын хохирол 219435000 төгрөг болж байна” гэж байсан. Шүүхэд нэхэмжлэл гаргаад маргаан үүсгээд явахад “Э” ХХК “И“ компаний үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй гэж байсан. Бидний зүгээс “Д” ХХК-ний үнэлгээний байгууллагын дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй. Тийм учраас нэхэмжлэгчийн хүсэлтээр үнэлгээний байгууллага томилуулаад хамгийн эцсийн байдлаар “В” ХХК-иар үнэлгээ хийлгэсэн. Үнэлгээгээр 360.617 м2 талбайтай байна, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнд бичигдсэн 460.8 м2 тайлбайн хэмжээнд хүрэхгүй гэдгийг тогтоосон. Тухайн үнэлгээний компани томилогдоход талуудаас оролцуулаагүй, шүүх өөрөө томилсон. Хэмжилтийн тусгай багажаар хананаас хананы хооронд, ойсноос ойсны хооронд нарийн хэмжиж гаргасан. Гэрээний 2 дугаар хэсэгт заасан гэрээний үйлчлэх хугацаа, хариуцлага гэдгийг үндэслэж байгаа, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс нөгөө талд учирсан хохирлыг буруутай тал бүрэн хариуцна гэж заасан. Гэрээг байгуулснаар эрх зүйн харилцаанд орсон, энэхүү гэрээний 2.2 дахь заалтыг ноцтой зөрчсөн гэж үзэж байгаа. Гэрээний 5.1-д “Арилжааны гэрээ” байгуулагч аль нэг тал нь эрхийн доголдолгүй, үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх үүргээ биелүүлээгүй тохиолдолд нөгөө тал гэрээнээс татгалзах саналыг бичгээр хүргүүлэх ба аливаа маргааныг хэлэлцэх замаар шийдвэрлэнэ гэж заасан. Нэгэнт хэлэлцэх замаар шийдвэрлэх боломжгүйд хүрвэл маргааныг харьяа шүүхийн байгууллагаар шийдвэрлүүлнэ гэж заасан. “Э” ХХК-нд удаа дараа албан бичиг өгсөн боловч албан бичгийг хүлээн авсан ерөнхий захирал болон хуулийн хэлтсийн дарга тухай бүр хариу өгч байгаагүй. Бид 2015 оны 06 дугаар сараас эхлээд албан бичиг өгч эхэлсэн. Албан бичгийн хариу 4,5 сарын дараа ирж байсан. Шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа хариу бичиг ирсэн. Гэрээний ерөнхий хугацаа 10 жил, арилжааны гэрээ хугацаа 3 жил, үл хөдлөхтэй холбоотой гэрээ 6 сар гэж яригдаад байгаа нь албан бичгүүдээр хугацаа нь байгаа гэдэг нь харагдана. Гэрээний талуудын эрх үүрэг хэсэгт “Э” ХХК нь өөрийн эзэмшлийн объектын өмчлөх эрхийн гэрчилгээг “Э” ХХК-нд шилжүүлэн өгнө гэж заасан. Гэтэл дутуу м2 талбайтай объект шилжүүлсэн нь “Э” ХХК-ийн хууль ёсны эрх ашигийг зөрчиж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзэхээр байна. “Э” ХХК нь “Э” ХХК-ийн нэр дээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгсөн. “Э” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн, зарим нэгэн үйлчлүүлэгчид таалагдахгүй байгаа байрыг сольж өгөх, нар руу харсан цонхтой байраар сольж өгч байсан. “Э” ХХК нь гэрээний дагуу бүх үүргээ биелүүлсэн. Иймд “Э” ХХК-ийн нэхэмжилж байгаа 219435000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч байгууллагын төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Э” ХХК-ний 2017 оны 01 дүгээр сарын 10-ний өдөр Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах үндэслэлээр эс зөвшөөрч доорхи тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэлд “Э” ХХК нь “Э” ХХК-тай 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 5/061-15 тоот Арилжааны гэрээний дагуу хүлээн авсан Улаанбаатар хотын 6 дугаар хороо, Их тойруу 2-55, Хурд хорооллын 73 дугаар байрны хажууд байрлах 460,8 м.кв талбай бүхий бодибилдинг фитнес клубын барилгын талбайн хэмжээнээс 89,1 м.кв дутсан учраас 219435000 төгрөгийг “Э” ХХК-иас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Манай компани “З” ХХК-иас авах авлагадаа фитнесс клубын барилга байгууламжийг 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Өр барагдуулах 5/024-13 тоот гэрээний дагуу эзэмшилдээ шилжүүлж авсан бөгөөд үнэлгээний итгэмжлэгдсэн байгууллага “Д” ХХК-тай байгуулсан 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн үнэлгээний ажил гүйцэтгэх гэрээний дагуу уг барилга байгууламж эд хөрөнгөнд үнэлгээ хийлгэхэд тоосгон барилга нь цутгамал бетонон суурьтай, нийт талбай нь 460,8 м.кв-аар тооцогдон үнэлэгдсэн. “Э” ХХК нь өөрийн эзэмшлийн /.../ 10 ширхэг орон сууцаар манай эзэмшлийн фитнес клубыг солилцож арилжих санал ирүүлснийг хүлээн авч судалж үзээд “Э” ХХК-тай 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Арилжааны 5/061-15 тоот гэрээ байгуулж, 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр фитнес клубын барилга байгууламжийг эд хөрөнгийн хамт хүлээлгэж өгсөн. Манай компани дээрх барилга байгууламжийг 5/024-13 тоот Өр барагдуулах гэрээний дагуу шилжүүлэн авахад “З” ХХК-ний эд хөрөнгө өмчлөх улсын бүртгэлийн 000178334 дугаартай гэрчилгээгээр 460,8 м.кв талбайтай, “Э” ХХК-ний үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх улсын бүртгэлийн 0002813393 дугаартай гэрчилгээгээр 460,8 м.кв талбайтай, шилжүүлж өгсөн Э ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх улсын бүртгэлийн 000401930 дугаартай гэрчилгээгээр 460,8 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө болох нь дээрх гэрчилгээнүүдээр батлагддаг юм. Монгол улсын Иргэний хуулийн 183.1 дүгээр зүйлд "эрх шилжүүлж авч байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно, мөн Иргэний хуулийн 254 дүгээр зүйлд "эд хөрөнгийн доголдлын талаар худалдан авагчийн эрх үүргийг заасан бөгөөд 254.6-д худалдагч эд хөрөнгийн баталгаа тогтоосон бол энэ хугацаан дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч шаардлага гаргах эрхтэй", мөн хоёр талын байгуулсан Арилжааны гэрээний 5.2 дугаарт заасны дагуу хоер тал солилцох объктуудыг бүрэн хүлээн авсанаас хойш тус тусын өмчлөлийн объектод ямарваа нэг эрсдэл гарвал талууд өөрсдөө бүрэн хариуцна гэсэн заасан тул манай компаниийг буруутгах үндэслэлгүй юм. “Э” ХХК нь Арилжааны 5/061-15 тоот гэрээ байгуулах үед үл хөдлөх хөрөнгийн талбайн хэмжээг өөрсдөө хэмжиж авах ёстой, боломжтой байсан байхад эд хөрөнгийг шилжүүлж авсаны дараа буюу хууль, гэрээнд заасан эрхээ хэрэгжүүлэлгүй хохирол гаргуулахаар хандаж байгаа нь хуульд заасны дагуу эд хөрөнгийн доголдлыг арилгуулах, доголдлыг арилгахад гарах зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах үндэслэлгүй юм. Иймд арилжааны гэрээнд заасны дагуу манай компани эрхийн болон биет байдлын доголдолгүй үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэх үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй тул “Э” ХХК-иас нэхэмжилж байгаа 219435000 төгрөгийг эс зөвшөөрч байх тул уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 79 дүгээр шийдвэрээр:
Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6, 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар хариуцагч “Э” ХХК-иас 219435000 /хоёр зуун арван есөн сая дөрвөн зуун гучин таван мянга/ төгрөг гаргуулах тухай “Э” ХХК-ний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Э” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 1255125 /нэг сая хоёр зуун тавин таван мянга нэг зуун хорин тав/ төгрөг гаргуулж Төрийн санд олгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдаж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн авж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдаж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э давж заалдах гомдолдоо:
... Анхан шатны шүүх ИХШХШТХуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т заасан шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ. “Мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлнэ, 116 дугаар зүйлийн 116.2-т “Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэнтэй нийцэхгүй байна.
Учир нь: Анхан шатны шүүх үндэслэх хэсэгтээ Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-т зааснаар шаардах эрхгүй байна гэж дурьдсан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь тухайн үед 10 ширхэг орон сууцыг хүлээлгэн өгч "Э" ХХК-с тухайн фитнес клубыг хүлээн авах үед үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээн дээр 460,8м2 талбайтай гэж тэмдэглэгдсэн байсан бөгөөд үүнийг нь “Д” аудит мөн хэмжилт хийн 460,8м2 гэж баталсан байдаг. Үүнд нь бид итгэсэн бөгөөд сүүлд барилгын засварын ажил хийх үед барилгын мэргэжлийн инженер талбай хэмжээ дутуу байна гэснээр мэдэж “И” ХХК-р хөрөнгийн үнэлгээ болон хэмжилт тогтоолгоход 89,1м2-р дутаж байгаа нь тогтоогдсон. 219.435.000 төгрөгийн нэхэмжлэлийн үнийн дүн нь "Э" ХХК-н "Д" ХХК аудитаар хийлгэсэн аудитын 1м2-ийн үнээр тооцож гаргасан дүн юм. Энэ талаар "И" ХХК-ны аудитын тайланд тодорхой тусгасаныг анхан шатны шүүх харгалзан үзсэнгүй. Мөн арилжааны гэрээ байгуулсан 2 тал хоёулаа аудитын компаниар хэмжилт үнэлгээ хийлгэсэн тул Орхон аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхээс "В" ХХК-г томилж хэмжилт үнэлгээ хийлгэхэд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнд бичигдсэн 460,8м2 талбайн хэмжээнд хүрэхгүй гэдгийг тогтоож биет байдлын доголдолтой үл хөдлөх хөрөнгө шилжүүлснийг давхар баталсан юм. /Энэ талаар нотлох баримт хавтаст хэрэгт авагдсан/
Бид бүхэн арилжааны гэрээнийхээ үүргийг биелүүлж 10 ширхэг орон сууцыг ямарч доголдолгүй шилжүүлэн өгсөн. "Э" ХХК нь 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдөр байгуулагдсан 5/061/15 тоот арилжааны гэрээний 2.1, 2.2, 5.1 дэхь заалтуудыг зөрчиж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс бидэнд учруулсан хохирлыг бүрэн хариуцна гэж үзэж байна. Иймд бидний давж заалдах гомдлыг хүлээн авч Иргэний хуулийн 251 дүгээр зүйл 251.1.1, мөн хуулийн 253 дугаар зүйл 253.1, 254 дүгээр зүйлийн 254.1-т заасны дагуу анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 79 дугаартай шийдвэрийг хэрэгсэхгүй болгож хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, хэрэгт цугларсан нотлох баримтанд үндэслэн тухайн маргааныг шийдвэрлэхдээ хууль хэрэглээний алдаа гаргасныг зөвтгөн залруулж шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч “Э” ХХК нь “Э” ХХК-нд холбогдуулан 460.8м2 бүхий үл хөдлөх хөрөнгийг манай компаний эзэмшилд шилжүүлэх байтал 89.1 м2 -аар дутуу шилжүүлж гэрээний үүргээ биелүүлээгүйгээс манай компанид учирсан 219.435.000 төгрөгийн хохиролыг гаргуулна гэж нэхэмжилснийг хариуцагч манай компани гэрээнд заасны дагуу эрхийн болон биет байдлын доголдолгүй үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлсэн тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй маргажээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч “Э” ХХК нь О ... нийт 495.75м2 талбай бүхий 1.352.826.700 төгрөгийн үнэлгээтэй 10 ширхэг орон сууцыг хариуцагч “Э” ХХК нь У ... 460.8м2 бүхий 1.352.826.700 төгрөгийн үнэлгээтэй “фитнес” клуб зэрэг үл хөдлөх эд хөрөнгийг харилцан шилжүүлэхээр тохиролцон 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 5/061-15 тоот арилжааны гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 274 дүгээр зүйлтэй нийцсэн, хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогджээ. /х.х-ийн 6/
Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1-т зааснаар талууд зохих үнэлгээний байгууллагуудаар үнэлгээ хийлгэж 1.352.826.700 төгрөгөөр тохиролцсон бөгөөд гэрээнд заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийг тус тусын өмчлөлд шилжүүлж Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-т заасны дагуу талууд харилцан үүргээ гүйцэтгэж тухайн гэрээний үүрэг дуусгавар болжээ./х.х-ийн 37,38/
Шүүх зохигчдын хооронд байгуулсан гэрээг Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан “худалдах, худалдан авах” гэрээ гэж дүгнэж хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6, 255 дугаар зүйлийн 255.1.1-т заасныг баримталсныг буруутгах үндэслэлгүй байгаа боловч талуудын хооронд Иргэний хуулийн 274 дүгээр зүйлд заасан “арилжааны гэрээ” байгуулсан байхад зохих хуулийн зүйл заалтыг баримтлаагүй буруу болсныг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн залруулж, хууль хэрэглээний хувьд шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.
Иргэний хуулийн 275 дугаар зүйлийн 275.1-т зааснаар “Арилжааны гэрээгээр харилцан тохиролцож байгаа эд хөрөнгийн үнэ тэнцүү биш бол үнийн зөрүүг мөнгөөр тооцож болно” гэж зааснаас үзэхэд гэрээ байгуулагдах үед эд хөрөнгийн үнэ тэнцүү байсан, үл хөдлөх хөрөнгийг талбайн хэмжээгээр тооцохоор тохиролцоогүй, үнийн дүнгээр тохиролцож арилжааны гэрээ байгуулсан байх тул нэхэмжлэгч “Э” ХХК нь хариуцагч “Э” ХХК-иас талбайн зөрүү гэх 219.435.000 төгрөг шаардах хууль зүйн үндэслэлгүй байх тул энэ талаар гаргасан давж заалдсан гомдлыг хангах боломжгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э-ын давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Булган аймаг дах сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 79 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийг 1 дүгээр заалтанд “...Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1” гэж нэмэлт, өөрчлөлт оруулж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч “Э” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд 1255125 /нэг сая хоёр зуун тавин таван мянга нэг зуун хорин тав/ төгрөг гаргуулж төрийн санд оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ё.БЯМБАЦЭРЭН
ШҮҮГЧИД С.УРАНЧИМЭГ
М.ХҮРЭЛБААТАР