| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарантуяагийн Сарангүн |
| Хэргийн индекс | 101/2019/01607/И |
| Дугаар | 139 |
| Огноо | 2020-01-06 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 139
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, шүүгчид Б.Цолмонгэрэл, Г.Солонго нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, *******, ******* тоотод оршин суух, Э.Б, /РД: ЧЛ000000/, С.Ц/РД: ЧЛ000000/ нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, *******, 1 дүгээр байр, ******* тоотод оршин суух, Ц.Б/РД: ЦЕ00000/,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, *******, Мах ******* тоотод оршин суух, Д.Ц, /РД: УС00000/,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороо, 4 дүгээр байр, ******* тоотод оршин суух, Ц.Б/РД: ЦЕ000000/ нарт холбогдох
Та ХК-д учруулсан гэм хорын хохирол 115.900.000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
Хариуцагч Ц.Бийн 123 иргэний 8.610 ширхэг хувьцааг “Та” ХК-ийн халаасны хувьцаа болохыг тогтоож, Э.Б, С.Цнарын өмчлөлөөс хасалт хийлгэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг тус тус хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Б, С.Ц,
Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Т.Дарьсүрэн,
Хариуцагч Д.Цийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг,
Хариуцагч Ц.Б,
Иргэдийн төлөөлөгч Н.Нямбаяр,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Дөлгөөн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.Б, С.Цнар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Э.Б болон С.Цбид “Та” ХК-ийн нийт 27.29 хувийн хувьцааг эзэмшдэг юм. “Та” ХК нь 2012 оны 8 дугаар сарын 26-ны өдөр “Э*******” ХХК-тай 3 жилийн хугацаатай түрээсийн гэрээ байгуулж, 3.380 м.кв талбайг түрээслүүлсэн бөгөөд 1 м.кв талбайн түрээсийн төлбөрийг 887 төгрөгөөр тогтоосон.
Гэтэл “Э*******” ХХК-тай байгуулсан 2012 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн түрээсийн гэрээ нь Компанийн тухай хуульд заасан сонирхлын зөрчил бүхий хэлцэл юм.
Учир нь Компанийн тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-д “Компанийн энгийн хувьцааны 20 хувь буюу түүнээс дээш хувийг дангаараа, эсхүл түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигч, компанийн эрх бүхий албан тушаалтан, түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээд нь өөрийн ажиллаж байгаа болон хувьцааг нь эзэмшиж байгаа компанитай дор дурьдсан харилцаанд орсон бол компанитай, эсхүл түүний хараат болон охин компанитай сонирхлын зөрчилтэй хэлцэл хийх этгээдэд тооцогдоно”, мөн хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2-т “Дор дурьдсан этгээдийг компанийн эрх бүхий албан тушаалтан болон хувьцааны хяналтын багц эзэмшигчтэй нэгдмэл сонирхолтой гэж үзнэ” хэмээн заасан бөгөөд 89 дүгээр зүйлийн 89.2.2-т “тэдгээрийн эцэг, эх, хүүхэд, ач, зээ болон ах, эгч, дүү” гэж тус тус заасан.
Тус гэрээг байгуулсан “Та” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, хувьцаа эзэмшигч Ц.Б болон “Э*******” ХХК-ийн захирал Ц.Б/Ц.Бнь “Та” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, хувьцаа эзэмшигч болно/ нар нь төрсөн ах дүү 2 бөгөөд Ц.Б, Д.Ц болон Ц.Бнар нь дээрх байдлаар сонирхлын зөрчилтэй хэлцлийг хийсэн.
Мөн “Та” ХК-ийн зүгээс “Э*******” ХХК-тай 2012 оны 8 дугаар сарын 26-ны өдөр түрээсийн гэрээг байгуулж, түрээсийн төлбөрийг тогтоохдоо жишиг үнээс 1.143 төгрөгөөр багаар тогтоож нийт 115.900.000 төгрөгийн хохирлыг компанийн хувьцаа эзэмшигчдэд учруулсан.
Өөрөөр хэлбэл “Та” ХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ц, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, хувьцаа эзэмшигч Ц.Б нар нь 2012 оны 8 дугаар сарын 26-ны өдөр өөрийн төрсөн дүү “Та” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, хувьцаа эзэмшигч, Ц.Бгийн компани болох “Э*******” ХХК-тай сонирхлын зөрчилтэй хэлцэл хийснээс гадна түрээсийн талбайн жишиг үнээс 1.143 төгрөгөөр бага буюу 1 м.кв талбайг 887 төгрөгөөр тогтоож, компанийн хувьцаа эзэмшигч бидэнд 115.900.000 төгрөгийн хохирол учруулсан.
“Та” ХК-ийн эрх бүхий албан тушаалтан /Ц.Б, Д.Ц, Ц.Б/-ууд нь хохирол учруулсан хэмээн цагдаагийн байгууллагад гомдол гаргасан ба тус гомдлын дагуу Ц.Б, Д.Ц, Ц.Бнарт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан шалгаж байсан.
Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ц.Б, Д.Ц болон Ц.Бнар нь дээрхи байдлаар нийт 115.900.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь “Монголиан бизнес рейтинг аудит” ХХК-ийн 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 02/81 тоот дүгнэлт, мөн 2016 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 02/069 тоот дүгнэлтээр тогтоогдсон.
Гэвч Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын 2018 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн 02 тоот “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоолоор эрүүгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр Ц.Б, Ц.Б, Д.Ц нарт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн бөгөөд ийнхүү шийдвэрлэхдээ дээрх этгээдүүд нь 115.900.000 төгрөгийн хохирлыг учруулсан болох нь тогтоогдсон.
Компанийн тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1-д “Компанийн энгийн хувьцааны нэг буюу түүнээс дээш хувийг эзэмшигч нь компанид учруулсан хохирлыг компанийн эрх бүхий албан тушаалтнаар нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй” гэж заасны дагуу “Та” ХК-ийн 27.29 хувийн хувьцааг эзэмшигч Э.Б, С.Цнар нь нэхэмжлэл гаргасан.
Мөн Компанийн тухай хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д “Сонирхлын зөрчилтэй хэлцлийн улмаас компани, түүний хараат болон охин компанид учирсан хохирлыг гэм буруутай этгээд өөрийн хөрөнгөөр нөхөн төлнө”, мөн хуулийн 90.2-т “Компанийн энгийн хувьцаа эзэмшигч болон компанийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан энэ хуулийн 90.1-д заасан хариуцлага хүлээлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй” гэж тус тус заасан.
Иймд “Та” ХК-д учруулсан гэм хорын хохиролд 115.900.000 төгрөгийг Ц.Б, Ц.Б, Д.Ц нараас гаргуулж өгнө үү. Компанийн тухай хуульд заасны дагуу “Та” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хувьд энэхүү нэхэмжлэлийг гаргасан болно гэв.
Хариуцагч Д.Ц шүүхэд гаргасан тайлбартаа болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Та” ХК-ийн түрээслэгчтэй байгуулах гэрээний метр квадратын үнийн дүнг захирал бие дааж шийддэггүй хуультай. Өдөр тутамд хийгдэх ажил гүйцэтгэх бол төлөөлөн удирдах зөвлөлөөс өгсөн үүрэг даалгаварыг гүйцэтгэж ажилладаг.
Уг нэхэмжлэлд дурьдагдсан түрээсийн метр квадратын үнийг төлөөлөн удирдах зөвлөлөөс тогтоосны дагуу гэрээ байгуулсан. Өөрөө дур мэдэн гэрээ байгуулах эрхгүй гэв.
Хариуцагч Ц.Бшүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч Э.Б, С.Цнарын “Та” ХК-д учруулсан хохирол 115.900.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно гэжээ.
Хариуцагч Б.Банзрагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Та” ХК-д учруулсан гэм хорын хохиролд 115.900.000 төгрөгийг Ц.Б, Ц.Б, Д.Ц нараас гаргуулах тухай Э.Б, С.Цнарын нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Ийм ч учраас сөрөг нэхэмжлэл гаргасан гэв.
Хариуцагч Ц.Б шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Та” ХК-ийг хувьчлах үед тус компанийн 1000 гаруй ажилчдаас санал авахад ажилчид бүгд байгууллагынхаа хувьцаа эзэмшигч болохыг хүсч бичгэн хэлбэрээр саналаа гаргасан байдаг. 1992 оны 3 дугаар сард хувьчлагдах тогтоол гарч 122.754 ширхэг хувьцаагаар 100 хувь их хувьчлалын цэнхэр тасалбараар хувьчилсан.
Тухайн үед цэнхэр тасалбараа брокерийн пүүст бүртгүүлэх хэлбэрээр хувьцаа эзэмшигч болдог байсан ба улмаар бүртгүүлж хувьцаа эзэмшигч болсон ажилчид байгууллагадаа уг хувьцааны эрхээ бүртгүүлэн цэнхэр тасалбараа тушааж өмчлөх эрхээ компанидаа өгч нэгтгэгдсэн байсан.
Бид компанийн архиваас хувьцаагаа компанидаа нэгтгэсэн иргэдийн 123 ширхэг цэнхэр тасалбарыг олж авсан бөгөөд эдгээр 123 ширхэг цэнхэр тасалбарын 8610 ширхэг хувьцааг Э.Б, С.Цнар нь биржээс гадуурхи худалдан авалтаар бүртгүүлсэн байна.
Эдгээр 123 ширхэг цэнхэр тасалбар “Та” ХК-д эхээрээ хадгалагдаж байгаа нь Компанийн тухай хуульд зааснаар “Та” ХК-ийн халаасны хувьцаа юм.
Иймд “Та” ХК-ийн хувьцаа эзэмшигч 123 хүний хувьцааг хууль бусаар Э.Б, С.Цнар эзэмшиж байсан учир 123 хүний 8610 ширхэг хувьцааг Та ХК-ийн халаасны хувьцаа болохыг тогтоож, Э.Б, С.Цнарын өмчлөлөөс хасалт хийж өгнө үү гэв.
Хариуцагч Ц.Бсөрөг нэхэмжлэлд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
... Сөрөг нэхэмжлэлийг дэмжиж байна гэжээ.
Хариуцагч Д.Цийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг сөрөг нэхэмжлэлд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Та” ХК-ийг хувьчлах үед компанийн 1000 гаруй ажилчдаас санал авахад ажилчид бүгд байгууллагынхаа хувьцаа эзэмшигч болохыг хүсч бичгэн хэлбэрээр саналаа гаргасан ба 1992 оны 3 дугаар сард хувьчлагдах тогтоол гарч 122.754 ширхэг хувьцаагаар 100 хувь их хувьчлалын цэнхэр тасалбараар хувьчилсан.
Компанийн архиваас хувьцаагаа компанидаа нэгтгэсэн иргэдийн 123 ширхэг цэнхэр тасалбарыг олж авсан бөгөөд эдгээр 8610 ширхэг хувьцааг Э.Б, С.Цнар нь биржээс гадуурхи худалдан авалтаар бүртгүүлсэн бөгөөд “Та” ХК-д эхээрээ хадгалагдаж байгаа нь Компанийн тухай хуульд зааснаар “Та” ХК-ийн халаасны хувьцаа.
Иймд “Та” ХК-ийн хувьцаа эзэмшигч 123 хүний хувьцааг хууль бусаар Э.Б, С.Цнар эзэмшиж байсан учир уг 123 хүний 8610 ширхэг хувьцааг “Та” ХК-ийн халаасны хувьцаа болохыг тогтоож, Э.Б, С.Цнарын өмчлөлөөс хасалт хийлгэх тухай сөрөг нэхэмжлэлийг дэмжиж байна гэв.
Нэхэмжлэгч Э.Б, С.Цнар сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
1992 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн БНМАУ-ын Засгийн газрын өмч хувьчлалын комиссын 34 дүгээр тогтоолоор “Та” ХК-ийн хувьцаа гаргах хөрөнгийн хэмжээг 122.754 төгрөгөөр үнэлж хувьчилсан. Уг тогтоолын 4-т хувьчилж буй Мод боловсруулах үйлдвэрийн ажилтан нар БНМАУ-ын Өмч хувьчлах тухай хуульд заасан давуу эрхийнхээ дагуу авах хувьцааны хэмжээг тогтоож, үлдэх хэсгийг нийтэд худалдахыг Монголын хөрөнгийн бирж, н.Золжаргалд зөвшөөрсүгэй гэж заасан.
1991 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн Өмч хувьчлах тухай хуулийн 19 дүгээр зүйлд үйлдвэрийн газрын хувьцааг зөвхөн биржээр дамжуулан худалдана гэж заасан тул сөрөг нэхэмжлэлд дурьдагдсан 123 тасалбарын 8.610 ширхэг хувьцааг Э.Б, С.Цнар нь биржээс гадуурх худалдан авалтаар бүртгүүлсэн байна гэсэн нь ямар ч үндэслэлгүй бөгөөд байх боломжгүй юм.
Мөн хуулийн 20 дугаар зүйлд хувьчилж байгаа үйлдвэрийн газрын ажилтан үйлдвэрийн газрынхаа хувьцааг нэрлэсэн үнээр нь тэргүүн ээлжинд авах давуу эрх эдэлнэ гэж заасан. “Та” ХК-иас Өмч хувьчлалын комиссын 34 дүгээр тогтоол болон 20 дугаар зүйлд зааснаар давуу эрхийн хувьцаа авах талаар ямар нэгэн хүсэлт гаргаагүй, “Та” ХК-ийн үйл ажиллагаанд Санхүүгийн зохицуулах хорооноос 2008 онд хийсэн шалгалтын тайланд давуу эрхийн хувьцаа болон үнэт цаас гаргаагүй ба халаасны хувьцаа байхгүй гэж тодорхойлсон байгаа.
Иймд нэхэмжлэлд дурьдагдсан 123 хүний цэнхэр тасалбар “Та” ХК-ийн халаасны хувьцаа юм гэж дурьдсан нь бодит байдалд нийцээгүй, хууль бус нэхэмжлэл гаргасан байна гэж үзэж байна.
Шүүхэд нотлох баримт болгон гаргаж байгаа 123 ширхэг цэнхэр тасалбар гэгч нь үйлдвэрийн газрыг хувьчилж хувьцаа худалдан авах эрхийн бичиг болохоос хувьцаа биш. Нэрнээс нь харахад тодорхой байгаа бөгөөд хөрөнгө оруулалтын эрхийн бичиг гэж байгаа.
Үүнийг хувьчилж байгаа үйлдвэрийн газрын үнэлгээнд тохируулан зохих тоо хэмжээгээр гаргаж эрхийн бичгээ авсан хүмүүс брокерийн пүүст очиж аль компанийн өмчид хөрөнгө оруулна гэдгээ шийдээд эрхийн бичгийн сери, дугаар, овог нэр, паспорт, регистерээ бүртгүүлээд цахим бүртгэлд бүртгүүлж данс нээлгээд эрхийн бичгийнхээ ард хувьцааг авах компанийнхаа бүртгэлийг хийлгэж брокерийн пүүсийн тамгаар баталгаажуулж гарын үсэг зурснаар эрхийн бичиг хувьцаа болж хувиран биржээр арилжаалагдана.
Бүртгэл хийсэн тохиолдолд эрхийн бичгийг эздэд нь буцаан олгож байсан, учир нь дахин хэрэглэж ашиглах боломжгүй болдог. Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв ХХК-ийн албан тоотод “Та” ХК-ийн 122754 ширхэг хувьцаа 37 брокерийн пүүс дээр 244 хүн бүртгэлтэй байна гэж тодорхойлсон.
Иймд “Та” ХК-ийн анх хувьчлагдсан 122754 ширхэг хувьцаа бүгд брокерийн пүүст бүртгэгдэж 90 гаруй хувь нь арилжаалагдаж үлдсэн хувь нь дансаа нээлгэж бүртгүүлээд арилжаалагдаагүй, бүртгүүлсэн эздийнхээ дансанд хэвээрээ байна гэдгийг нотолж байна.
Энэ 123 хүн 27 жилийн хугацаанд шүүхэд болон Санхүүгийн зохицуулах хороонд ямар нэгэн гомдол гаргаагүй, эдгээр хүмүүс шүүхэд өөрсдийгөө төлөөлөх итгэмжлэл олгоогүй байхад Ц.Б нэхэмжлэл гаргах эрх зүйн үндэс байхгүй.
Иймд “Та” ХК-ийн хувьцаа эзэмшигч 123 хүний хувьцааг хууль бусаар Э.Б, С.Цнар эзэмшиж байсан учир 123 хүний 8610 ширхэг хувьцааг “Та” ХК-ийн халаасны хувьцаа болохыг нотолж, Э.Б, С.Цнарын өмчлөлөөс хасалт хийлгэх тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.Б, С.Цнар нь хариуцагч Ц.Б, Д.Ц, Ц.Бнарт холбогдуулан “Та” ХК-д учруулсан гэм хорын хохирол 115.900.000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийг,
хариуцагч Ц.Б нь 123 иргэний 8.610 ширхэг хувьцааг “Та” ХК-ийн халаасны хувьцаа болохыг тогтоож, Э.Б, С.Цнарын өмчлөлөөс хасалт хийлгэх тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.
“Та” ХК-ийн хувьцаа эзэмшигч Ц.Б, Ц.Б, Д.Ц нарт холбогдуулан 2012 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан ба тэдэнд холбогдох эрүүгийн 201201011855 дугаартай хэрэгт Баянгол дүүрэг дэх цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахмад Д.Баасанбаатар мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж дуусган 2017 оны 12 дугаар сарын 4-ний өдөр хэргийг хэрэгсэхгүй болгох саналтай ирүүлснийг прокурор 2017 оны 12 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч хянасан байна.
Уг хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааны явцад доор дурьсан үйл баримтууд тогтоогдсон талаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2018 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн 02 тоот “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоолд тусгажээ.
Үүнд:
“Та” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ц.Батжаргал, гишүүд болох Ц.Б, Ц.Б, Ц.Баянмөнх, Д.Энхтуяа, тус компанийн захирлаар ажиллаж байсан Д.Ц нар албан тушаалын байдлаа ашиглан “Та” ХК-ийн эд хөрөнгийг завшсан гэх хэрэгт “Монголиан бизнес рейтинг аудит” ХХК 2015 оны 9 дүгээр сарын 21-ний 02/181 тоот дүгнэлт үйлдсэн ба “Та” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ц.Батжаргал, гишүүд болох Ц.Б, Ц.Б, Ц.Баянмөнх, Д.Энхтуяа нар нийт 77.587 ширхэг хувьцаа буюу нийт хувьцааны 63.20 хувийг эзэмшиж байх бөгөөд хохирогч Э.Б, С.Ц, Мөнхбилэг, Сувд, Төгөлдөр нар үлдэх 40.819 ширхэг буюу нийт хувьцааны 28-36 хувийг эзэмшдэг гэжээ.
“Та” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, гүйцэтгэх захирал, хувьцаа эзэмшигч Ц.Б, “Та” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, хувьцаа эзэмшигч, “Э*******” ХХК-ийн захирал Ц.Бнар албан тушаалын байдлаа ашиглан 2012 оны 8 дугаар сарын 28-ны өдөр “Та” ХК-ийг төлөөлөн Ц.Б, “Э*******” ХХК-ийг төлөөлөн захирал Ц.Бнар хоорондоо ашиг сонирхолын зөрчилтэй түрээсийн гэрээг 3 жилийн хугацаатай байгуулж барилгын 1 м.кв талбайн түрээсийн жишиг үнээс 1.143 төгрөгөөр бага хэмжээгээр тогтоосны улмаас түрээслүүлэгч “Та” ХК-ийн 115.900.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь “Монголиан бизнес рейтинг аудит” ХХК-ийн 2015 оны 9 дүгээр сарын 21-ний 02/181 тоот дүгнэлт, мөн 2016 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 02/069 дугаартай дүгнэлтүүд, хохирогч Э.Б, С.Цнарын мэдүүлэг болон бусад баримтаар тогтоогдсон байна.
Ашиг сонирхолын зөрчилтэй түрээсийн гэрээний улмаас түрээслүүлэгч “Та” ХК-ийн 115.900.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй бөгөөд хөөн хэлэлцэх хугацааг гэрээ байгуулсан өдөр буюу 2012 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн тоолоход Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хугацаа өнгөрсөн тул Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2018 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн 02 тоот “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоолоор Ц.Б, Ц.Б, Д.Ц нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгон,
энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу тогтоолыг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянгол дүүргийн прокурорын ерөнхий прокурорт гомдол гаргах эрхтэй гэжээ.
Дээрх тогтоолд Ц.Б, Ц.Бнар гомдол гаргаагүй нь 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн шүүх хуралдаанд тэдний өгсөн тайлбараар тогтоогдсон ба Д.Ц уг тогтоолд гомдол гаргаагүй нь Баянгол дүүргийн прокурорын газрын 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1/4875 тоот лавлагаагаар тогтоогдсон болно.
Хариуцагч Ц.Б нь 2019 оны 12 дугаар сарын 2-ны өдөр Баянгол дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурорт гомдол гаргасан ба Дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Н.Энхтуяа 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 1339 тоот хариу мэдэгдэх хуудсандаа “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон хяналтын прокурорын шийдвэр үндэслэлтэй” гэжээ.
Ц.Б нь дээрхи шийдвэрийг эс зөвшөөрч Улсын ерөнхий прокурорын газарт гомдол гаргасан гэх боловч энэ баримтаар нотлогдоогүй тул түүнийг гомдол гаргасан гэж үзэхгүй болно.
/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 4-16, 19-20, 2 дугаар хавтасны 58-61, 73-75 дугаар тал/
Компанийн тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1-д “Компанийн энгийн хувьцааны нэг буюу түүнээс дээш хувийг эзэмшигч нь компанид учруулсан хохирлыг компанийн эрх бүхий албан тушаалтнаар нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй”,
мөн хуулийн 90 дүгээр зүйлийн 90.2-т “Компанийн энгийн хувьцаа эзэмшигч болон компанийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан энэ хуулийн 90.1-д заасан хариуцлага хүлээлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй” гэж заасны дагуу “Та” ХК-ийн 27.29 хувийн хувьцааг эзэмшигч Э.Б, С.Цнар нь нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 90.1-д “Сонирхлын зөрчилтэй хэлцлийн улмаас компани, түүний хараат болон охин компанид учирсан хохирлыг гэм буруутай этгээд өөрийн хөрөнгөөр нөхөн төлнө” гэж заажээ.
Компанийн тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-т “Компанийн энгийн хувьцааны 20 буюу түүнээс дээш хувийг дангаараа, эсхүл түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигч, компанийн эрх бүхий албан тушаалтан, түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээд нь өөрийн ажиллаж байгаа болон хувьцааг нь эзэмшиж байгаа компанитай дор дурдсан харилцаанд орсон бол компанитай, эсхүл түүний хараат болон охин компанитай сонирхлын зөрчилтэй хэлцэл хийх этгээдэд тооцогдоно”
89 дүгээр зүйлийн 89.2-т “Дор дурдсан этгээдийг компанийн эрх бүхий албан тушаалтан болон хувьцааны хяналтын багц эзэмшигчтэй нэгдмэл сонирхолтой этгээд гэж үзнэ”, 89.2.2-т 89.2.2.тэдгээрийн эцэг, эх, хүүхэд, ач, зээ болон ах, эгч, дүү” гэж тус тус заажээ.
“Та” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, гүйцэтгэх захирал, хувьцаа эзэмшигч Цагааны Банзрагч, “Та” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, хувьцаа эзэмшигч, “Э*******” ХХК-ийн захирал Ц.Бнар 2012 оны 8 дугаар сарын 28-ны өдөр “Та” ХК-ийг төлөөлөн Ц.Б, “Э*******” ХХК-ийг төлөөлөн захирал Ц.Бнар ашиг сонирхлын зөрчилтэй түрээсийн гэрээг 3 жилийн хугацаатай байгуулж түрээсийн үнийг барилгын 1 м.кв талбайн түрээсийн жишиг үнээс 1.143 төгрөгөөр бага хэмжээгээр тогтоосны улмаас түрээслүүлэгч “Та” ХК-д 115.900.000 төгрөгийн хохирол учирсан нь дээр дурьдсан үйл баримтуудаар тогтоогдож байна.
Иргэний хуулийн *******7 дугаар зүйлийн *******7.1-т “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-гээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”,
510 дугаар зүйлийн 510.1-т “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эл хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заажээ.
Иймд Иргэний хуулийн *******7 дугаар зүйлийн *******7.1, 510 дугаар зүйлийн 510.1-т заасныг баримтлан хариуцагч Ц.Б, Д.Ц, Ц.Бнараас нийт 115.900.000 төгрөг гаргуулан “Та” ХК-д олгох нь зүйтэй гэж үзэв.
Хариуцагч Ц.Бийн 123 иргэний 8.610 ширхэг хувьцааг “Та” ХК-ийн халаасны хувьцаа болохыг тогтоож, Э.Б, С.Цнарын өмчлөлөөс хасалт хийлгэх тухай сөрөг нэхэмжлэлийн тухайд:
“Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК 2018 оны 4 дүгээр сарын 5-ны өдрөөр тасалбар болгон “Та” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн дэлгэрэнгүй судалгааг ирүүлсэн ба уг судалгаанд нэхэмжлэгч Э.Б 24.420 ширхэг, С.Ц10.807 ширхэг, Ишхүүгийн Сувд 725 ширхэг, Батхүүгийн Мөнхбилэг 691 ширхэг, Тунгалагын Төгөлдөр 1.362 ширхэг, Ц.Б13.546 ширхэг, Ц.Баярмаа 14.778 ширхэг, Ц.Б 18.932 ширхэг хувьцааг тус тус эзэмшдэг гэжээ.
/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 19-20, 43-48 дугаар тал/
Тус шүүхийн шүүгчийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 16941 дугаар бүхий захирамжаар “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-иас маргаан бүхий 123 ширхэг хөрөнгө оруулалтын эрхийн бичиг нь брокерийн компанид хандан данс нээлгэн Монголын хөрөнгийн биржээр арилжаанд орсон эрхийн бичиг мөн эсэх, мөн хөрөнгийн биржээс гадуур худалдан авалтаар бүртгүүлсэн эсэх талаархи лавлагааг баримтын хамт гаргуулахаар шийдвэрлэжээ.
“Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК нь 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 01/4034 тоот болон 2019 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 01/4528 тоот лавлагаагаар уг 123 ширхэг хөрөнгө оруулалтын эрхийн бичгүүдээр худалдан авсан “Та” ХК-ийн хувьцааг худалдсан судалгааг ирүүлсэн ба уг судалгаанаас харахад 73 иргэн 1997 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 2001 оны 5 дугаар сарын 23-ны өдрүүдийн хооронд арилжаанд оролцон “Та” ХК-ийн хувьцааг худалдан авсан нь хэлцэл байгуулсан өдөр болон хэлцлийн дугаараар тогтоогдож байна.
/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 80-203, 2 дугаар хавтасны 22-25, 65-68 дугаар тал/
Санхүүгийн зохицуулах хороо нь Компанийн тухай хууль, Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, холбогдох журам, зааврыг тус компани хэрхэн мөрдөж хувьцаа эзэмшигчдийн өмнө хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгаа байдал болон компанийн хувь нийлүүлэгчдээс хороонд ирүүлсэн хүсэлтийн үндэслэлийг газар дээр нь нягтлан бодох бүртгэлийн баримтад үндэслэн тогтоож, дүгнэлт гаргах, илэрсэн зөрчил дутагдлын мөрөөр хорооны эрх хэмжээний хүрээнд авч хэрэгжүүлж болох арга хэмжээний талаар бэлдэх зорилгоор 2008 оны 11 дүгээр сарын 6-наас 27-ны өдрүүдэд “Та” ХК-д шалгалт хийжээ.
Шалгалтаар компанийн үндсэн үйл ажиллагааны талаар дүгнэхдээ компани давуу эрхийн хувьцаа болон бусад төрлийн үнэт цаас гаргаагүй ба халаасны хувьцаагүй байна ... гэсэн бөгөөд шалгалтын дүнг “Та” ХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ц, хянан шалгагч С.Адьяа нар хүлээн зөвшөөрч гарын үсгээ зуран баталгаажуулжээ.
/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 246-250, 2 дугаар хавтасны 1-12 дугаар тал/
“Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийн 2018 оны 4 дүгээр сарын 5-ны өдрөөр тасалбар болгон ирүүлсэн “Та” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн дэлгэрэнгүй судалгаанаас үзэхэд нэхэмжлэгч Э.Б 24.420 ширхэг, С.Ц10.807 ширхэг хувьцааг тус тус эзэмшдэг бөгөөд тэдгээр нь 19******* оны 10 дугаар сараас хувьцааны арилжаанд оролцон “Та” ХК-ийн хувьцааг худалдан авч эхэлсэн нь дээр дурьдсан баримтуудаар тогтоогдлоо..
/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 19-20, 43-48, 64-66, 71-74, 224-226 дугаар тал/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 38, 107 дугаар зүйлийн 107.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ баримтаар нотлох үүрэгтэй ба хариуцагч Ц.Б Та” ХК-ийн хувьцаа эзэмшигч 123 хүний хувьцааг Э.Б, С.Цнар хууль бусаар эзэмшиж байсан гэж маргаж байх боловч энэ нь нотлогдоогүй, энэ талаарх баримтаа ирүүлээгүй.
Иргэний хуулийн *******2 дугаар зүйлийн *******2.1.1-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Ц.Бийн 123 иргэний 8.610 ширхэг хувьцааг “Та” ХК-ийн халаасны хувьцаа болохыг тогтоож, Э.Б, С.Цнарын өмчлөлөөс хасалт хийлгэх тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Хариуцагч Ц.Бнь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурьдлаа.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн *******7 дугаар зүйлийн *******7.1, 510 дугаар зүйлийн 510.1-т заасныг баримтлан хариуцагч Ц.Б, Д.Ц, Ц.Бнараас нийт 115.900.000 төгрөг гаргуулан “Та” ХК-д олгосугай.
2. Иргэний хуулийн *******2 дугаар зүйлийн *******2.1.1-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Ц.Бийн 123 иргэний 8.610 ширхэг хувьцааг “Та” ХК-ийн халаасны хувьцаа болохыг тогтоож, Э.Б, С.Цнарын өмчлөлөөс хасалт хийлгэх тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар дээрхи нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн бөгөөд хариуцагч Ц.Бийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Б, Д.Ц, Ц.Бнараас нийт 737.450 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН
ШҮҮГЧИД Б.ЦОЛМОНГЭРЭЛ
Г.СОЛОНГО