Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 654

 

 

 

 

 

 

 

                  

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Г даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: О ХХК нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Р ХХК холбогдох,

 

Худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, нийлүүлээгүй цементийн төлбөрт төлсөн нийт 259,789,404 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э. хариуцагчийн өмгөөлөгч С.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.П нар оролцов.

 

Нэхэмжлэгч О ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: О ХХК нь РХХК-тай 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Бэлтгэн нийлүүлэх гэрээг байгуулж гэрээний дагуу РХХК нь 42,5 марк бүхий 4000 тн, 32,5 марк бүхий 8000 тн цементийг БНХАУ-ын Баяннуур хотын Туанг Яанг үйлдвэрээс чанарын шаардлага хангуулан гэрээний 4 дүгээр зүйлд заасны дагуу манай компанийн Өмнөговь аймгийн Ханбогд суманд байрлах Кемпэд тээвэрлэн ирж хүлээлгэн өгөх үүргийг хүлээж, О ХХК нь төлбөрийг төлөх үүрэг хүлээсэн. Манай компанийн зүгээс цемент авах зорилгоор РХХК-д нийт 634 437 220 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 173 192 936 төгрөгийн цемент огт нийлүүлээгүй байна. Бидний зүгээс РХХК-д 2017 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 17/73 тоот албан бичгээр шилжүүлсэн мөнгөнд тааруулан цемент нийлүүлэхийг мэдэгдэж байсан. Гэрээний дагуу бэлтгэн нийлүүлэгч нь 5 хоногт багтаан цементийг манай компанийн Өмнөговь аймагт байрлах кемпэд хүлээлгэн өгөх үүргийг хүлээсэн байдаг. Гэвч РХХК нь нэмэлт төлбөр шаардах болон хилээр цемент нэвтрүүлэх боломжгүй хорио цээр тогтоосон гэх худал шалтаг хэлж цементийг огт нийлүүлээгүй байна. Ийнхүү 2017 оны 6 дугаар сарын 8-ны өдөр хүргүүлсэн албан тоотоор цемент нийлүүлэхийг хүссэн боловч өнөөдрийг хүртэл нийлүүлээгүй байгаа нь талуудын хооронд байгуулсан гэрээний 4 дүгээр зүйлд заасан алданги тооцох нөхцөлийг бүрдүүлээд байна. Гэрээнд заасны дагуу алдангийг 0,2 хувиар тооцвол хоногт 346385 төгрөг болж байгаа бөгөөд хамгийн сүүлд цемент нийлүүлэхийг хүссэн 2017 оны 6 сарын 8-ны өдрөөс хойш гэрээний 4-д заасны дагуу 5 хоногийг нэмж буюу 2017 оны 6 сарын 14-ний өдрөөс өнөөдрийг хүртэл 20,5 cap буюу 615 хоног хэтрээд байна. Нийт алданги нь Иргэний хуульд заасан гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй шаардлагад нийцүүлэн бодвол 86 596 468 төгрөг болж байна. Уг нэхэмжлэлийн шаардлагыг манай компанийн зүгээс 2019 оны 3 дугаар сарын 13-ний шүүхэд хандан гаргасан бөгөөд Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс хариуцагчийн хаяг тодорхойгүй байгаа гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Уг татгалзалтай холбогдуулан ИХШХШТХ-д заасан дагуу хариуцагчийг эрэн сурвалжлуулах хүсэлтийг СБД-ийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан бөгөөд Цагдаагийн байгууллагаас хариуцагчийн хаягыг тодруулсан талаар албан тоотыг манай компанид ирүүлсэнийг нэхэмжлэлдээ хавсаргасан болно. Иймд 2017 оны 6 дугаар сараас хойш РХХК нь нэг ч тонн цемент нийлүүлээгүй бөгөөд манай компанийн зүгээс өнөөдрийг хүртэл төлбөр тооцооны асуудлыг хэрхэн шийдвэрлэхийг хүлээсэн боловч огт хариу өгөхгүй байгаа тул цемент захиалж илүү шилжүүлсэн 173 192 936 төгрөг, алдангид 86 596 468 төгрөг нийт 259 789 404 төгрөгийг РХХК-иас гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.С нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэрээний дагуу шилжүүлсэн 173 192 936 төгрөг, алданги 86 596 468 төгрөг, нийт 259 789 404 төгрөг гаргуулна. Талууд 2016 онд худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээг тодорхой нөхцөлтэй байгуулсан. Нэхэмжлэгчийн захиалгаар худалдахаар тохирсон. Гэрээний 4-т зааснаар хариуцагч нь цемент бэлтгээд нэхэмжлэгчийн талбайд буулгах үүрэг хүлээсэн. Нэхэмжлэгч нь 7 удаагийн үйлдлээр нийт 634 437 220 төгрөг шилжүүлсэн. Баримтыг хэрэгт өгсөн. Үүний дараа цемент нийлүүлэгдэж байгаад 2016 оны 10 сард тооцооны үлдэлдлийг баталгаажуулж 173 192 936 төгрөгний үлдэгдэлтэй болохыг баталгаажуулсан. Мөнгөө шилжүүлсэн боловч зарим барааг нийлүүлээгүй. 2017 оны 4 сард үлдэгдэл цементний мөнгийг буцаан шилжүүлэх шаардлага хүргүүлсэн. Улмаар уулзалт болсон. 2017.6.8-нд 320 тонн цемент нийлүүлэх хүсэлт хүргүүлсэн. Хариуцагч нь цемент нийлүүлэх гэсэн боловч хилээр нэвтрэх боломжгүй болсон гэсэн. Гэтэл МХЕГ-н лавлагаагаар хилээр нэвтрүүлэхийг хорьсон зүйлгүй гэсэн. Хариуцагч нь хил дээр авчирсан, хадгалж байсан гэх боловч гэрээгээр бид Ханбогд суманд хүргэж өгөхөөр тохирсон. Гэтэл уг цементийг нийлүүлээгүй. Өмнө нь нэхэмжлэл гаргасан боловч хаяг нь тодорхойгүй гэсэн тул эрэн сурвалжлуулсан. Улмаар хаяг тогтоогдсон тул дахин нэхэмжлэл гаргасан. Алдангийн талаар гэрээний 4-т заасан. Алдангийг 50 хувиар тооцож нэхэмжилсэн. Нэхэмжлэлийг гэрээнээс татгалзаж төлсөн төлбөрийг нэхэх үндэслэлээр гаргасан. Албан бичгийг хүлээн авсан Б.О нь нэхэмжлэгчийн санхүүд ажилладаг юм гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч Б.Д, М.А нар нь шүүхэд гаргасан тайлбартаа: ОХХК-ийн РХХК-нд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч танилцлаа. Нэхэмжлэгч талаас 2016. 7, 8 дугаар сард 173.192.936 төгрөгт ногдох 32.5 марк бүхий 1 тоннын савалгаанд савлан, нийлүүлэх захиалгыг хүлээж аваад манай компани гэрээний дагуу ажлын 5 хоногт багтаан бэлтгэн нийлүүлэхэд бэлэн болгож, хүлээж авах талаар мэдэгдсэн боловч нэхэмжлэгч тал кранист байхгүй, дэвсэгч машин эвдэрсэн, цемент буулгах талбай байхгүй гэх мэтээр шалтаг, шалтгаан тоочин хүлээж авахгүй байсаар дээр дурдсан цементийн хадгалах, ашиглах хугацаа дуусч дахин ашиглах боломжгүй болсон. Иймээс манай компани дээрх үнийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй ба нэхэмжлэгчийн шаардлага үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч С.Батцэрэн нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Учир нь гэрээний дагуу худалдан авагчийн үүрэг нь барааг хүлээн авах үүрэгтэй. Хариуцагч нь цаг хугацаанд нь нийлүүлж байсан ба сүүлийн нийлүүлэлтийг хүлээж авахыг удаа дараа шаардсан. 1 тонноор савлаад бэлдсэн цементийг хүлээж аваагүй. Хэлэхдээ ямар нэг шалтгаан хэлж хүлээж авдаггүй байсан. Сүүлдээ 2016 оны 10 сард хадгалж өгөх хүсэлт тавьсан. Улмаар 3 сард хадгалуулсан цементийг хүлээн авахыг шаардсан боловч авахгүй гэсэн. Цемент нь нэхэмжлэгчийн шаардлагад нийцүүлэн савласан цемент байсан. 980 тонн цементийг бэлэн болгосон байсан. Нэхэмжлэгч өөрөө үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэл үндэслэлгүй. Иргэний хуулийн 223-нд зааснаар хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ. Үүнээс үүсэх эрсдэлийг худалдан авагч хүлээнэ. Сүүлийн захиалга нь 2016 оны 7 сард хийгдсэн. Улмаар 10 сард нийлүүлсэн боловч хүлээн аваагүй. Иргэний хуулийн 224.2.4-т зааснаар хохирлыг худалдан авагч тал хүлээхээр байна гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ОХХК нь худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, нийлүүлээгүй цементийн төлбөрт төлсөн 173,192,936 төгрөг, гэрээний алданги 86,596,468 төгрөг, нийт 259,789,404 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч РХХК нь бид гэрээний үүргээ биелүүлэхэд бэлэн байсан, гэрээний үүрэг нэхэмжлэгчийн буруугаас бүрэн биелэгдээгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Зохигч 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдөр БНГ-16/03/16-014 дугаар худалдах худалдан авах гэрээ байгуулсан байна. /хэргийн 6 дугаар тал/ Уг гэрээгээр хариуцагч нь 42,5 маркийн 4,000 тонн цементийг 1 тонн тутамыг 155,000 төгрөг, 32,5 маркийн 8,000 тонн цементийг 1 тонн тутамыг 148,000 төгрөгөөр худалдаж, нэхэмжлэгч нь нийт 1,804,000,000 төгрөг төлөхөөр тохиролцсон байна. Гэрээний 2 болон 3-т зааснаар нэхэмжлэгч нь захиалга өгч 70 хувийн урьдчилгаа төлөх, хариуцагч нь 5 хоногийн дотор нэхэмжлэгчийн ажлын талбайд хүлээлгэн өгөх бөгөөд гэрээний зүйл Гашуун сухайтын боомтод ирэх үед нэхэмжлэгч үлдэгдэл 30 хувийг төлж байх үүрэг хүлээжээ.

Улмаар нэхэмжлэгч 634,437,220 төгрөгний төлбөр төлсөн бөгөөд үүнээс 173,192,936 төгрөгний цемент нийлүүлэгдээгүй гэх үйл баримтын талаар зохигч маргахгүй байна. Энэхүү үйл баримт нь 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр, 05 дугаар сарын 19-ний өдөр, 06 дугаар сарын 05-ны өдөр, 06 дугаар сарын 14-ний өдөр, 06 дугаар сарын 26-ны өдөр, 07 дугаар сарын 05-ны өдөр, 08 дугаар сарын 18-ны өдрийн төлбөрийн даалгаврын хуулбар, 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн тооцооны үлдэгдлийн баталгаагаар тус тус тогтоогдож байна. /хэргийн 9-16 дугаар тал/

Харин нэхэмжлэгч нь хариуцагчийг 173,192,936 төгрөгний цементийг нийлүүлээгүй гэж, хариуцагч нь нэхэмжлэгчийн хүсэлтээр 1 тонноор савлан нийлүүлэхэд бэлэн болгосон боловч нэхэмжлэгч хүлээн аваагүй гэж маргаж байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

Хариуцагч нь гэрээний дагуу цементийг нийлүүлэхэд бэлэн болгож, хүлээн авахыг шаардаж байсан нь тус компаний  2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 17/01 дугаар, 07 дугаар сарын 18-ны өдрийн 07/02 дугаар албан тоотоор тогтоогдож байна. /хэргийн 49, 51  дүгээр тал/ Эдгээр албан тоот нь нэхэмжлэгчид хүргэгдсэн болох нь албан тоотыг хүлээн авсан Б.Оргил нь нэхэмжлэгчийн санхүүгийн ажилтан гэх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдсон. Мөн зохигч үлдэгдэл төлбөрт 2017 онд цемент нийлүүлж, хүлээн авахаар тохиролцсон болох нь нэхэмжлэгчийн 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 17/41 дугаар албан тоотоор тогтоогдсон. /хэргийн 55 дугаар тал/

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 17/73 дугаар, 07 дугаар сарын 26-ны өдрийн 17/91 дугаар албан тоотоор тус тус цемент нийлүүлэх захиалга өгсөн боловч нийлүүлээгүй тул гэрээнээс татгалзсан гэж тайлбарласан. Харин хариуцагч нь 2016 оны 07 дугаар сараас хойш цемент нийлүүлэх захиалга ирүүлээгүй, харин бэлтгэсэн цементийг нэхэмжлэгчийн хүсэлтээр хадгалж байсан боловч ашиглалтын хугацаа дууссан гэж маргасан. Хэрэгт дээрх 17/73, 17/91 дугаар албан тоотууд байх боловч уг албан тоотуудыг хариуцагчид хүргүүлсэн гэж үзэх боломжгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь уг албан тоотыг хүргүүлсэн гэх тайлбараа хуульд заасан үүргийн дагуу нотлоогүй. /хэргийн 56-57 дугаар тал/

            Харин хариуцагч нь захиалгын дагуу цемент нийлүүлэхэд бэлэн байсан болох нь Баяннуур хотын Туан Яан цемент компаний 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн тодорхойлолтоор тогтоогдож байна. /хэргийн 133-134 дүгээр тал/

            Гэвч нэхэмжлэгч нь бусадтай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ цуцлагдсантай холбоотойгоор хуульд заасан худалдах худалдан авах гэрээний зүйлийг хүлээн авах үүргээ биелүүлээгүй болох нь нэхэмжлэгчийн 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 17/41 дугаар албан тоот, нэхэмжлэгчид хуулийн зөвлөх ажилтай Б.Б 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст хохирогчоор өгсөн мэдүүлгийн хуулбараар тогтоогдож байна. /хэргийн 55, 105 дугаар тал/

            Дээрхээс үзэхэд хариуцагч нь гэрээний үүргээ биелүүлсэн боловч нэхэмжлэгч нь цемент хүлээн авах үүргээ биелүүлээгүй байх тул Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.1-д зааснаар нэхэмжлэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ.

            Иймд нэхэмжлэгчид Иргэний хуулийн 225 дугаар зүйлд зааснаар гэрээнээс татгалзах эрх үүсээгүй байна.

            Мөн гэрээний зүйлийг бүрэн нийлүүлээгүй нь хариуцагчид хамааралгүй, өөрөөр хэлбэл хариуцагчийг гэрээний үүргээ гүйцэтгээгүй гэж үзэхээргүй байх тул нэхэмжлэгч нь алданги шаардаж буй нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-д нийцэхгүй бөгөөд алданги шаардах эрхгүй.

            Улмаар нэхэмжлэгчийн захиалгаар бэлтгэж, бэлэн болгосон цемент нэхэмжлэгчийн буруутай эс үйлдэхүйн улмаас ашиглах боломжгүй болсон нь дээрх Баяннуур хотын Туан Яан цемент компаний 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн тодорхойлолтоор тогтоогдож байна.

            Иймд Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.2-т зааснаар нэхэмжлэгч нь гэрээний зүйл устсан, өөрөөр хэлбэл ашиглах боломжгүй болсоноос үүсэх эрсдэлийг хүлээнэ.

            Эдгээр үндэслэлийг бүхэлд нь нэгтгэн дүгнээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.1-д зааснаар хариуцагч РХХК-д холбогдох 259,789,404 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ОХХК-ний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,456,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 100200300941 тоот данснаас 3 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.