Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 204

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС        

   Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, С*******, ГБны /РД: ......../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, 1*******, 31 дүгээр байр, ******* тоотод оршин суух, Э.Ут /РД: ХБ000000/ холбогдох

7.839.457 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бат-Эрдэнэ,

Хариуцагч Э.У,

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Баярмаа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Бадамханд нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч ГБны Эрсдэлийн удирдлагын газрын захирал А.Энхбаяр  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бат-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            Э.У нь 2018 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр ГБтай ЗГ120746505 дугаартай кредит карт эзэмших гэрээ байгуулан 5.000.000 төгрөгийг жилийн бэлэн бус гүйлгээний 24 хувь, бэлэн мөнгө авсаны 42 хувийн хүүтэйгээр, 2 жилийн хугацаатай, зохих хүүгийн хамт эргүүлэн төлөх үүргийг хүлээн зээлийн эрхтэй карт нээлгэн зарцуулалтыг хийсэн.

            Зээлдэгч нь кредит карт ашиглан гүйлгээ хийсэн зарцуулалтын төлбөрөө гэрээний нөхцөлд заасны дагуу төлөхгүй банкийг хохироож байна. Иймд зээлдэгч Э.Утэй байгуулсан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлан иргэн Э.Ут холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл шаардсан нэхэмжлэл гаргасан.

            Зээлийн хязгаарыг хэтрүүлсэн гэдэг нь зээл болон хүүгийн хэмжээ хэтрээд 5.000.000 төгрөг дээр нэмэгдэж гарах тоо юм.

            Э.Уээс зээлийн үндсэн төлбөр 5.029.923,13 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 2.023.273,66 төгрөг, зээлийн эрх хэтрүүлсэний төлбөр 486.680,66 төгрөг, зээлийн хугацаа хэтрүүлсэний төлбөр 299.579,73 төгрөг, нийт 7.839.457,18 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

            Хариуцагч Э.У шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            ГБны нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрөхгүй. Э.У би 2018 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр ГБтай ЗГ120746505 дугаарт кредит карт эзэмших гэрээ байгуулан 5.000.000 төгрөгийн зээлийн эрхтэй зэс карт гэдгийг нээлгэсэн.

            Уг зээлжих эрхээс 2018 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр 3.700.000 төгрөгийг ГБны Ард салбараас бэлнээр авсан. Мөн өдрөө 1.290.000 төгрөгийг бэлэн бусаар авсан. Нийтдээ 4.990.000 төгрөгийг авч зарцуулсан.

            Гэрээний дагуу 2018 оны 2 дугаар сарын 15-ны өдөр 575.000 төгрөгийн нэхэмжлэл ирсэн бөгөөд уг 575.000 төгрөгийг 2018 оны 2 дугаар сарын 15-ны өдөр төлсөн.

            2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 632.900 төгрөгийн нэхэмжлэл ирснийг уг өдөр нь төлсөн.

2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 662.000 төгрөгийн нэхэмжлэл ирсэн ба мөн өдөр нь төлсөн.

Хариуцагч Э.У миний бие 2018 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр ажлаас чөлөөлөгдсөн тул 2018 оны 5 дугаар сараас зээлийн төлөлт хийж чадаагүй, энэ байдлаа банкинд мэдэгдэж, хүүг зогсоож өгөхийг хүссэн.

Банкны зээл хариуцсан мэргэжилтэн шүүх л хүүг зогсооно, бид хүүг зогсоох боломжгүй гэсэн. Би тэгвэл шүүхэд өгөөд хүүг зогсоож өгөөч гэж хүссэн боловч шүүхэд ч өгөхгүй, хүүг ч зогсоохгүй явсаар зээлийн хүүгийн төлбөрт 2.023.273,66 төгрөг нэхэмжиснийг хүлээн зөвшөөрөхгүй.

Учир нь би төлбөрийн чадваргүй боллоо, хүүг зогсоож гэрээ цуцалж өгөөч гэж банкнаас удаа дараа хүссэн.

Бидний хооронд 2018 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр байгуулсан кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.1-д “Кредит картын зарцуулалтаа хугацаанд нь төлөөгүй тохиолдолд зарлагын гүйлгээ гаргах эрх энэхүү гэрээний 2.1-д заасан нөхцлийн дагуу системд автоматаар хаагдана” гэж заасан ба гэрээний 2.1-д “Зээлийн эрхийн зарцуулалтыг хугацаандаа төлөөгүй тохиолдолд карт системд автоматаар хаагдах хугацаа 1 сар байна” гэж заасан.

Гэтэл намайг төлбөрийн чадваргүй болсныг банк мэдсээр байж бүтэн 13 сарын хүү нэхэмжилсэн нь миний эдийн засгийн байдлыг улам дордуулж байна. Би сард бэлнээр авсан 3.700.000 төгрөгтөө 3.5 хувиар 129.500 төгрөг, бэлэн бусаар авсан 1.290.000 төгрөгтөө 2 хувиар 25.800 төгрөг, нийтдээ 155.300 төгрөгийн хүү төлөх ёстой.

Иймд үндсэн зээл 4.990.000 төгрөг, 1 сарын хүү 155.300 төгрөг, нийт 5.145.300 төгрөгийг төлнө. Нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн эрх хэтрүүлсэний төлбөр 486.680,66 төгрөг, зээлийн хугацаа хэтрүүлсэний төлбөр 299.579,73 төгрөг, зээлийн хүүд илүү нэхэмжилсэн 1.867.973,66 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

            Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад                                      

                                                           ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ГБ нь хариуцагч Э.Ут холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 7.839.457,18 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

/Зээлийн үндсэн төлбөр 5.029.923,13 төгрөг,

зээлийн хүүгийн төлбөр 2.023.273,66 төгрөг,

зээлийн эрх хэтрүүлсэний төлбөр 486.680,66 төгрөг,

зээлийн хугацаа хэтрүүлсэний төлбөр 299.579,73 төгрөг, нийт 7.839.457,18  төгрөг/

            Хариуцагч Э.У нь ГБтай 2018 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр ЗГ/120746505 тоот “кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ” байгуулж 5.000.000 төгрөгийн  зээлийн эрх бүхий картыг 2 жилийн хугацаатайгаар эзэмшин, жилийн хураамжинд 35.000 төгрөг төлөн, бэлэн бус гүйлгээний хүү сарын 2 хувь, бэлэн гүйлгээний хүү 3.5 хувь, зээлийн хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү 2 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсэний нэмэгдүүлсэн хүү 1 хувь төлөхөөр, эргэн төлөлтийг доод хувь 10 хувь, сар бүрийн 15-ны өдрөөс өмнө эргэн төлөлтийг хийхээр тус тус тохирсон нь зохигчдын тайлбар, зээлийн гэрээгээр тогтоогдож байна.

            /ХХ-ийн 3-5 дугаар тал/

Дээрхээс үзэхэд Э.У болон ГБны хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдан тэдгээрийн хооронд зээлийн харилцаа үүсжээ.

Хариуцагч Э.У нь 2018 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр 3.700.000 төгрөгийг бэлнээр, мөн өдрөө 1.290.000 төгрөгийг бэлэн бусаар авч зарцуулсан талаараа тайлбарласан ба тэрээр гэрээний 2.1-т зааснаар эргэн төлөлтийн доод хувь 10 хувийг  сар бүрийн 15-наас өмнө төлөх үүргээ хэрэгжүүлэн 2018 оны 2 дугаар сарын 15-ны өдөр 575.000 төгрөг, 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөх 632.900 төгрөг, 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 662.000 төгрөгийг тус тус төлөн, уг хугацаанаас хойш ямар нэгэн төлбөр төлөөгүй ажээ.

Талуудын хооронд байгуулсан гэрээний 5.2.1-т “Карт эзэмшигч кредит картанд үүссэн зээлийн зарцуулалт, түүний хүү, нэмэгдүүлсэн хүү болон картын ерөнхий нөхцөлд заасан шимтгэл хураамжийг гэрээнд заагдсан хугацаа, нөхцлийн дагуу төлөх үүрэгтэй” гэж заасан ба Э.У нь гэрээнд заасан дээрх үүргээ 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөс хойш гүйцэтгээгүй байна.

/ХХ-ийн 10 дугаар тал/

            Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэгтэй“,

мөн хуулийн  452 дугаар зүйлийн 452.1-т “Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно“, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй“ гэж заажээ.

2018 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн ЗГ/120746505 тоот “кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ”-ний 3.4-т “Тухайн сарын нийт зарцуулсан төлбөрийн эргэн төлөх доод хэмжээг дараа сарын төлбөр эргэн төлөх өдрөөс өмнө картанд төлсөн байна” гэж заасны дагуу хариуцагч Э.У нь зээлийн төлбөрт нийт 1.869.900 төгрөг төлсөн гэж үзэхээр байна.

 /575.000+632.900+662.000/

Нэхэмжлэгч ГБ нь зээлийн хүүгийн төлбөр 2.023.273,66 төгрөг нэхэмжилж байх боловч уг хүүгийн төлбөрийн тооцооллоо тайлбарлан нотолж чадаагүй тул хариуцагч Э.Уийн хүлээн зөвшөөрснөөр буюу 3.700.000 төгрөгийг бэлнээр, 1.290.000 төгрөгийг бэлэн бусаар, нийт 4.990.000 төгрөгийг зарцуулсан гэх тайлбарыг үндэслэн Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасан иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэн шударгаар хэрэгжүүлэх зарчимд нийцүүлэн хариуцагчийн авсан мөнгөний хүүг бэлэн бус гүйлгээний хүү болох сарын 2 хувиар тооцох нь зүйтэй гэж үзэв.

Хариуцагч Э.У нь 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 7-ны өдрийг хүртэл буюу шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл нийт 13 сарын хугацаанд гэрээний үүргээ биелүүлээгүй бөгөөд түүний гүйцэтгэх үүрэг:

-Зээл 3.120.000 төгрөг /4.990.000 төгрөг-1.869.900 төгрөг/

-Зээлийн хүү 811.226 төгрөг /3.120.000*2 хувь=62.402 төгрөг, 1 сарын хүү, нийт 13 сарын хүү/

-Нэмэгдүүлсэн хүү 162.245 төгрөг, нийт 4.093.471 төгрөг байна.

Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг баримтлан хариуцагч Э.Уээс 4.093.571 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ГБинд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 3.745.886 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох  үндэслэлтэй.

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон                 

ТОГТООХ нь:

  1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар хариуцагч Э.Уээс 4.093.571 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ГБинд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 3.745.886 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч ГБны улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140.381 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Уээс 80.447 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ГБинд олгосугай.

 

  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Н.САРАНГҮН