Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 2023/ШЦТ/263

 

 

 

 

 

 

 

 

  2023        07             04                                     2023/ШЦТ/263

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Нарийн бичгийн дарга М.Х

Улсын яллагч Ж.Б

Хохирогч Л.А

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ц

Шүүгдэгч Ө.З нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө.З-т холбогдох эрүүгийн 2225000000441 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Ө.З

            Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Ө.З нь 2022 оны 10 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэн бүст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Баялаг” төвийн Б1 давхарт үйл ажиллагаа явуулдаг караокены үүд хэсэгт Л.А рүү ундааны сав шидэж, хэрүүл маргаан үүсгэн улмаар нүүрэн хэсэгт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ө.З-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө.З мэдүүлэхдээ “мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг төлнө” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч Л.А мэдүүлэхдээ “9 сарын хугацаа өнгөрсөн тул болсон явдлыг сайн санахгүй байна. Усны сав шүүрч авсан нь миний буруу. Хохирол төлчихвөл өөр гомдолгүй” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1. Хохирогч Л.А-гийн өгсөн “2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр би найз М, Г, Б нарын хамт Баялаг төвд байрлах караокед дуулж байгаад 00 цагт гарч ирээд тооцоогоо хийчхээд Баялаг төвөөс гарах гэж байхад хаалганы орчим үл таних хүн миний араас жижиг устай сав шидсэн. Тэгээд би эргэж хараад над руу ус шидсэн хүнтэй хоорондоо барьцалдаж Баялаг төв дотор зодолдож тухайн залуу миний нүүр хэсэгт гараараа хүчтэй цохисон. Тэгэхэд миний ухаан хэсэг балартаж нэг мэдэхэд найз Г-ийн хамт Баялаг төвийн гадна талд зогсож байсан. Тэгээд сэргээд харахад манай найз М, Б хоёр байхгүй байсан, би Г-оор гэртээ хүргүүлсэн. Миний араас ус шидэхээр нь би очиж маргалдаж муудалцсан. Би хамраа эмчлүүлэх төлбөрөө гаргуулж авмаар байна. Эмчилгээ хийлгэснээс болж ажилдаа явж чадахгүй нөхцөл байдал үүсвэл тэр үед нь иргэний журмаар нэхэмжилнэ” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 11, 13 дахь тал/

2. Гэрч Д.Г-ийн “архи ууж дуулж байгаад 23 цаг 50 минутын орчим уг караокены өрөөнөөс гарч ирээд тооцоо хийчихээд уг караокены үүдээр гарч ирэх гэж байхад А-гийн ард талд сууж байсан лаазтай ундаа шидсэн хүнтэй маргалдаж А уг хүнтэй барьцалдаж аваад А-гийн нүүр рүү цохиод байсан. Тэгэхээр нь бид нар А-г салгаж авч явах гэж А-гийн араас юм шидсэн залуутай ноцолдож байгаад би А-г уг залуугаас салгаж караокеноос авч гараад такси дуудаж гэрт нь хүргэж өгсөн” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 15 дахь тал/

3. Гэрч М.Б-ийн “А, Г, М нарын хамт Орхон аймгийн Баян-Өндөр сум, Бүрэн бүст багийн нутаг дэвсгэрт байрлах Баялаг төвийн В1 давхарт байрлах караокед орж нэг литрийн архи ууж дуулж байгаад 00 цагийн орчим уг караокены өрөөнөөс гарч ирээд тооцоо хийчхээд уг караокены үүдээр гарах гэж байхад А-рүү ар талд сууж хүн лаазтай ундаа шидэж А-гийн нуруу болон хүзүүг оносон. Тэгэхээр нь А эргэж хараад лаазтай ундаа шидсэн хүнтэй маргалдаж хоорондоо барьцалдаад авахаар нь бид нар очиж А-г салгах гэж хэсэг зуур ноцолдож байхад цагдаа ирээд М бид хоёрыг авч явсан” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 17 дахь тал/

4. Гэрч А.О-гын “2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 23 цаг 40 минутын орчим Баялаг төвийн караокед найз З, Д, Д нарын хамт орж сууж байгаад 00 цаг 30 минутын орчим тухайн караокеноос гарах гээд үүдний хэсэгт байрлах цагаан өнгийн буйдан дээр найз З-ын хамт сууж байхад үл таних 4 залуу ирээд миний гартаа бариад сууж байсан цэвэр усыг булаагаад аваад явчихсан. Тэгэхэд миний хажууд сууж байсан найз З маань миний усыг булааж авч явсан гэх залуугийн ард талаас гартаа барьж байсан лаазьтай ундааг шидэж нуруу хэсэгт оносон. Тухайн залуучууд буцаж З бид хоёр дээр ирээд маргалдаж муудалцаж манай найз З-ыг 2-3 уулаа нийлж газар унаган цохиж зодоод байсан. З биеэ хамгаалах гэж тухайн залуучуудыг өөрөөсөө холдуулахаар түлхэж харагдсан” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 19 дахь тал/

5. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 09-ны өдрийн 848 дугаартай “Ө.З-ын биед гэмтэл тогтоогдсонгүй” гэх дүгнэлт автаст хэргийн 21-22 дахь тал/

6. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 828 дугаартай “Л.А-гийн биед хамрын ясны хугарал, таславчийн хугарал, муруйлт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд, нэг цаг хугацаанд үүссэн байж болно. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Хамрын ясны хугарал, таславчийн хугарал, муруйлт нь тус бүрдээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Гоо сайхан болон ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт. /хавтаст хэргийн 26-27 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлт

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Ж.Б дүгнэлтдээ “Шүүгдэгч Ө.З нь 2022 оны 10 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө 00 цагийн орчимд согтуурсан үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэн бүст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Баялаг” төвийн Б1 давхарт үйл ажиллагаа явуулдаг караокены үүд хэсэгт Л.А рүү ундааны сав шидэж, хэрүүл маргаан үүсгэн улмаар нүүрэн хэсэгт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. Иймд шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал хохирол төлсөн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх саналтай байна” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ц дүгнэлтдээ “Шүүгдэгчийн гэм буруугийн талаар маргахгүй. Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Шүүгдэгч шүүх хуралдааны явцад хохирлыг төлж барагдуулсан тул хэргийн нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү” гэв.

 

Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Л.А-гийн өгсөн “тухайн залуу миний нүүр хэсэгт гараараа хүчтэй цохисон” гэх мэдүүлэг, гэрч Д.Г-ийн “А уг хүнтэй барьцалдаж аваад А-гийн нүүр рүү цохиод байсан” гэх мэдүүлэг, гэрч М.Б-ийн “А эргэж хараад лаазтай ундаа шидсэн хүнтэй маргалдаж хоорондоо барьцалдаад авахаар нь бид нар очиж А-г салгах гэж хэсэг зуур ноцолдож байхад цагдаа ирээд М бид хоёрыг авч явсан” гэх мэдүүлэг, гэрч А.О-гын “манай найз З биеэ хамгаалах гэж тухайн залуучуудыг өөрөөсөө холдуулах гэж түлхэж харагдсан” гэх мэдүүлэг, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 09-ны өдрийн 848 дугаартай дүгнэлт, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 828 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Ө.З нь 2022 оны 10 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэн бүст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Баялаг” төвийн Б1 давхарт байрлах караокены үүд хэсэгт Л.А рүү ундааны сав шидэж, хэрүүл маргаан үүсгэн улмаар нүүрэн хэсэгт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, таславчийн хугарал, муруйлт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтын талаар улсын яллагч болон хохирогч, шүүгдэгч нараас зөрүүтэй санал дүгнэлт гараагүй бөгөөд хэрэг учрал болсон цаг хугацаа, газар, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шалтгаан, оролцогчдын үйлдэл оролцоо, учирсан хохирол хор уршиг зэрэг нотлогдвол зохих зүйлүүд хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

            Шүүгдэгч Ө.З нь санаатай үйлдлээр хүний эрүүл мэндэд халдан, эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ө.Зыг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

            Гэмт хэргийн улмаас Л.А-гийн биед хамар ясны хугарал, таславчийн хугарал, муруйлт хөнгөн хохирол учирсан бөгөөд шүүх хуралдааны явцад хохирогчийн нэхэмжилсэн хохирлыг шүүгдэгч төлж барагдуулсан байна.

 

            2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2-т заасан хохирол нөхөн төлсөн, 1.4-т заасан хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас гэмт хэрэг үйлдсэн зэргийг ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, шүүгдэгч гэмт буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол нөхөн төлсөн байх тул хэргийн нөхцөл байдлыг харгалзан торгох ялаас чөлөөлөх боломжтой гэж үзэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн 1 ширхэг CD хуурцгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овгийн Ө-гын З-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.З-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Зт оногдуулсан 450 000 төгрөгөөр торгох ялаас чөлөөлсүгэй.

 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.Зт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг дүрс бичлэгийн хуурцгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

  6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС