Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 01005

 

           “З” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

             иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Т.Туяа, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2018/00498 дугаар шийдвэртэй, “З” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Т.Г-д холбогдох

Зөвшөөрөлгүй баригдсан өргөтгөлгийг буулгаж, эзэмшил газрыг чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Т.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

Нэхэмжлэгч “З” ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нийслэлийн Засаг даргын 1999 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн А-62 дугаар захирамжаар Энхтайваны өргөн чөлөө-2020 хэсэгчилсэн төлөвлөгөөний зураг төслүүдийг зөвшөөрч, батлагдсан зураг төслийн дагуу газар эзэмших эрх олгохоор шийдвэрлэснийг үндэслэн, Сүхбаатар дүүргийн 04 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 44, 45 дугаар байрнуудыг холбон 0.05 га газрыг орон сууцны зориулалтаар 480 м.кв газар эзэмших эрхийг “З” ХХК-д олгож, Нийслэлийн Засаг даргын 2004 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 164 дүгээр захирамжаар баталгаажуулж, Нийслэлийн газрын албатай гэрээ байгуулж, газар эзэмших эрхийн 0003296 дугаар гэрчилгээ олгосон. Уг архитектор төлөвлөлтийн даалгаврыг Улаанбаатар хотын Ерөнхий архитектороор батлуулан мэргэжлийн байгууллагаас холбогдох зөвшөөрөл, техникийн нөхцөлүүд олгогдсоны дагуу Улсын Мэргэжлийн хяналтын газраас барилгын ажлыг эхлэх, үргэлжлүүлэхийг зөвшөөрсөн.

          Нийслэлийн Засаг даргын 2004 оны 164 дүгээр захирамжаар “З” ХХК-д холбогдох хэсгийн 44, 45 дугаар байрнуудын хооронд байрлах 240 м.кв газрыг эзэмших эрх олгосон нь үндэслэлтэй болохыг Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2007 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 292 дугаар шийдвэр, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын давж заалдах шатны шүүхийн 2008 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 22 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 34 дүгээр тогтоолоор дүгнэсэн. Ийнхүү уг газрыг эзэмшүүлснээс хойш өнөөг хүртэлх хугацаанд газраа зориулалтын дагуу эзэмшиж чадахгүй байгаа бөгөөд уг газар дээр иргэн Т.Г-ын зөвшөөрөлгүй барьсан өргөтгөлийн барилга 60 м.кв хэсгээр давхацсан болох нь Захиргааны хэргийн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүдээр тогтоогдсон. Улмаар зөвшөөрөлгүй барьсан өргөтгөлийн манай газартай давхацсан 60 м.кв хэсгийг буулгуулахыг Нийслэлийн болон Сүхбаатар дүүргийн газрын албанд хандсан. Улмаар эс үйлдэхүй гаргаж давхацсан хэсэг болох газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авахгүй байгаатай холбогдуулан Сүхбаатар дүүргийн Засаг даргын хууль бус үйлдлийг шүүхээр тогтоолгож, уг газрыг албадан чөлөөлөх захирамж гаргахыг Сүхбаатар дүүргийн Засаг даргад даалгаж шийдвэрлэсний эцэст Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/296 дугаар шүүхийн шийдвэр биелүүлж, албадан буулгаж чөлөөлөх тухай захирамж гарсан. Мөн Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/296 дугаар захирамжаар Дүүргийн газрын албыг газрыг чөлөөлөх арга хэмжээг авахыг даалгасан боловч өнөөг хүртэл биелүүлээгүй.

Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 608 дугаар шийдвэрээр Сүхбаатар дүүргийн Газрын алба нь дүүргийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/296 дугаар захирамжийг биелүүлэхгүй, газрыг чөлөөлөх арга хэмжээг авахгүй байгаа эс үйлдлийг хууль бус болохыг тогтоож, газрыг чөлөөлөх арга хэмжээ авахыг даалгаж шийдвэрлэсэн. Ийнхүү шүүхэд хандсаны эцэст Дүүргийн газрын албанаас Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлд нийцсэн мэдэгдэл, шаардах хуудсыг гардуулж, зөвшөөрөлгүй өргөтгөлөө буулгаж, газрыг чөлөөлөхийг шаардаж, боломжит хугацааг олгосон боловч иргэн Т.Г өргөтгөлөө буулгаж, хууль болон шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй өнөөг хүрсэн. Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 57.4 дэх хэсэгт заасны дагуу Т.Г өргөтгөлийг барих үед нь захиргааны байгууллагаас 2004 оны 09 дүгээр сарын 03, 2004 оны 10 дугаар сарын 06, 07, баригдсаны дараа 2006 оны 12 дугаар сарын 18-нд мэдэгдэл, шаардах хуудас гардуулж байсан. Хариуцагч анх зөвшөөрөлтэй байсан гэх боловч түүнд зөвхөн өөрийн өмчлөлийн орон сууцныхаа зориулалтыг дэлгүүрийн зориулалт болгож өөрчлөх зөвшөөрөл олгосноос орон сууцнаас илүү гаргаж өргөтгөл барих зөвшөөрөл олгоогүй. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүдээр “З” ХХК-ийн газрыг Т.Г хууль бусаар эзэмшиж байгааг тогтоож, тэрээр шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй, уг барилгыг бусдад түрээслүүлж ашиг орлого олж, энэ хууль бус үйлдлээрээ “З” ХХК-ийн газар эзэмших эрхийг 13 жилийн турш хязгаарлаж, барилга барих ажиллагааг саатуулан хохирол учруулж байна.

Иймд Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт заасны дагуу мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар шинжээчийн дүгнэлт, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн тогтоох хэсэгтэй холбогдуулан Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 44 дүгээр байрны 2 тоот орон сууцны зөвшөөрөлгүй баригдсан өргөтгөлийн нэхэмжлэгч байгууллагын эзэмшил газартай давхцаж буй 60 м.кв талбай бүхий хэсгийг буулгуулж, “З” ХХК-ийн эзэмших эрх бүхий газрыг хууль бус эзэмшлээс чөлөөлөхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дээрх газар эзэмшил газар байна. Иргэний хуулийн 106 дугаар зүйлд өмчлөгч шаардах эрхтэй бөгөөд нэхэмжлэгчийн өмч биш. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл тодорхойгүй. Т.Г-оор өөрийнх нь юмыг буулгуулах үйлдэл хийлгэх эсхүл даалгуулах гэж буй нь тодорхойгүй. Өргөтгөл хэсгийн 60 м.кв хэсэг нэхэмжлэгчийн газартай давхцаж байгаатай маргахгүй. Харин зөвшөөрөлгүй өргөтгөл гэдэгт маргаж байсан. Хариуцагч Т.Г-д зөвшөөрөл өгсний дагуу өргөтгөлөө барьсан, сүүлд зөвшөөрөлгүй барьсан гэх асуудал үүссэн. Нэхэмжлэгч нь хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэлийг Сүхбаатар дүүргийн шүүх 2009 онд шийдвэрлэснийг хяналтын шатны шүүх хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаасан. Уг хэрэг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй. Нэхэмжлэгч энэ нэхэмжлэлээсээ өмнө татгалзсан байдаг. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороо, 1 дүгээр 40 мянгат, 44 дүгээр байрны 2 тоот орон сууцны өргөтгөлийн “З” ХХК-ийн эзэмшлийн 8003/0024 дугаар бүхий газартай давхацсан 60 м.кв талбай хэсгийг буулгаж, газрыг чөлөөлж өгөхийг хариуцагч Т.Г-д даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Т.У давж заалдах гомдолдоо: Шүүгч О.О нь нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагчийн төлөөлөгчтэй хамт ажиллаж, хувийн харилцаатай байсан тул би Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлд зааснаар шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргасан. Энэ хэргийн маргааныг зүйл болор эд хөрөнгө миний амьдралын ганц баталгаа болсон хөрөнгө. Хариуцагч Т.Г нь энэ өмчийн талаар маргаан гарахад хамаг зүйлийг надад үүрүүлж, өөрөө оруулсан хөрөнгө оруулалтаа надаас нэхдэг. Хэргийг хянан шийдвэрлэсэн шүүгч нэхэмжлэгч болон хариуцагчийн гаргасан асуудалд хүлээцтэй хандаж, хүсэлт бүрийг шийдвэрлэж байгаа боловч надад шударга бус хандаж намайг өвчтэй ээжийгээ сахиж байхад шүүхээс зарлан дуудаж ирүүлээгүй байж торгож, намайг хуралд оролцоход зөвхөн надад өмгөөлөгчөө хугацаандаа авахгүй яасан, ямар нэгэн санал хүсэлт авахгүй гэх мэтээр хандаж байсан нь хэргийн талаар өөрийнхө шийдвэрийг гаргасан гэж үзэхээр байсан.

Гэтэл энэхүү татгалзлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлд заасан журмын дагуу шийдвэрлэхдээ шүүх хуралдааныг тодохойгүй хугацаагаар хойшлуулсан. Шүүх хуралдаан хойшилсон үед миний ээжийн бие муудаж миний зүгээс шүүгчийн туслахад учраа хэлэн явсан. Гэтэл татгалзлыг хянан шийдвэрлэсний дараагаар надад шүүх хуралдааныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  77 дугаар зйлд заасан журмын дагуу мэдэгдэхгүйгээр хийсэн байна. Ингэснээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан хэргийн оролцогчийн эрхээ эдэлж чадаагүй. Энэ хугацаанд өвчтэй ээжийгээ сахиж байсны улмаас өөрийн эрхээ бүрэн хэрэгжүүлж нотлох баримт гарган өгч мэтгэлцэж чадаагүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэсний дараа миний ээж хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн.

Энэ хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад надад холбогдуулан гаргаж байсан хэргийн маргааныг үйл баримттай хэрэг өмнө нь шүүхээр шийдвэрлэгдэж байсан бөгөөд хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй. Миний оролцож байсан хэргийн ажиллагаа хэрхэн дууссан талаарх баримт хэрэгт байхгүй. Мөн энэ хэргийн үйл баримтаас үзэхэд надад гардуулан өгсөн нэхэмжлэлийн шаардлага нь тодорхойгүй хэнд холбогдуулан шийдвэрлэж байгаа нь ойлгомжгүй нэхэмжлэлийн шаардлага байсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч “З” ХХК нь хариуцагч Т.Г-д холбогдуулан зөвшөөрөлгүй баригдсан өргөтгөлийн барилгыг буулгаж, газар чөлөөлүүлэхийг даалгах тухай шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

     Нийслэлийн Засаг даргын 2004 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 164 дүгээр шийдвэрээр олгосон газар эзэмших эрхийн 0003296 дугаар гэрчилгээ /хх-76/-гээр  нэхэмжлэгч “З” ХХК нь Сүхбаатар дүүрэгт байрлах нэгж талбарын 8003/0024 дугаар бүхий 480 мкв газрыг, 60 жилийн хугацаатай эзэмших эрхтэй болсон нь тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй.

      Хариуцагч Т.Г, гуравдагч этгээд Т.У нар өөрсдийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 44 дүгээр байрны 2 тоот орон сууцаа эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй гадагш сунгаж, 124 м.кв талбай бүхий  өргөтгөлийн хэсгийг “З” ХХК-ийн эзэмшил газрын 60 м.кв талбай бүхий хэсэгт давхцуулан барьсан, уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авахгүй байгаа Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүй нь хууль бус болох нь Улсын дээд шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 26-ны 24 дүгээр тогтоол, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 20-ны 441 дүгээр магадлал, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 8 дугаар сарын 26-ны  371 дүгээр шийдвэр болон Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 01-ний 608 дугаар шийдвэрээр /хх-9-15,19-23, 98-100/ тогтоогдсон байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон баримтыг дахин нотлохгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

      Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, “З” ХХК-ийн нэхэмжлэлтэй Т.Г, Т.У, А.А, Ч.Б нарт холбогдох өргөтгөлийн барилгыг буулгуулж, газар чөлөөлүүлэх шаардлага бүхий иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн Сүхбаатар дүүргийн шүүхийн 2009 оны 12 дугаар сарын 14-ний 1737 дугаар шийдвэр, Нийслэлийн шүүхийн 2010 оны 03 дугаар сарын 01-ний 219 дүгээр магадлалыг Улсын Дээд шүүхийн  2010 оны 04 дүгээр сарын  29-ний 350 дугаар тогтоолоор  хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн /хх 158-165/ боловч хариуцагч нарын оршин суугаа хаяг тодорхойгүйн улмаас хариуцагч Т.Г, Т.У нарыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоолгохоор Чингэлтэй дүүргийн шүүхийн 2011 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 937 дугаар шийдвэрээр шийдвэрлэсэн байх тул дээр маргаан бүхий хэргийг эцэслэн шийдвэрлэгдсэн гэж үзэхгүй. Иймд нэхэмжлэгч нь шүүхэд дахин нэхэмжлэл гаргасныг буруутгах боломжгүй юм.

    Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Т.У-г гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлт гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 181/ШЗ2017/15057 дугаар захирамжаар ханган,  түүнд шүүхэд хүрэлцэн ирэхийг зохих журмын дагуу мэдэгдэж, улмаар хэргийн оролцогчийн эрх, үүргийг тайлбарлан өгч, хэргийн материалтай танилцуулсан байна. /хх 112-113, 135-137, 167 /

      Шүүх бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч Т.У-; хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа болон шүүх хуралдааны тов мэдэгдсэн, тэрээр шүүх хуралдаанд оролцсон байх тул түүний эрх, ашгийг зөрчсөн гэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

      Шүүх хуралдаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3-т заасан үндэслэлээр шүүгчээс татгалзсан тул мөн хуулийн 92 дугаар зүйлд заасан журмын дагуу татгалзлыг Ерөнхий шүүгчийн 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 181/ЕШ2018/00450 дугаар захирамжаар хангахгүй орхиж шийдвэрлэснээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсныг буруутгах үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, шүүгчээс татгалзсан хүсэлтийг шийдвэрлэхдээ цаг хугацааны хувьд шүүх хуралдааныг заавал хойшлуулж, хүсэлтийг шийдвэрлэхээр хуулиар тухайлсан зохицуулалтгүй.

       Иймд шүүгчээс татгалзсан хүсэлтийг Ерөнхий шүүгч шийдвэрлэсэнтэй холбоотойгоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулсныг буруутгах хууль зүйн үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй учраас бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн энэ талаар гаргасан гомдол үндэслэлгүй.

      Улсын Дээд шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 29-ний 350 дугаар тогтоолоор хариуцагч Т.Г, Т.У, А.А, Ч.Б нарт холбогдох өргөтгөлийн барилгыг буулгуулж, газар чөлөөлүүлэх шаардлагатай иргэний хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан боловч Чингэлтэй дүүргийн шүүхийн 2011 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 937 дугаар шийдвэрээр хариуцагч Т.Г, Т.У нарыг эрэн сурвалжилахаар шийдвэрлэжээ. Үүний дараа нэхэмжлэгч нэхэмжлэлээ дахин шүүхэд гаргасан байх тул уг хэргийг хэрхэн шийдвэрлэснийг тодруулах шаардлагатай гэх давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

   Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2018/00498 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Н.БАТЗОРИГ

                                                      ШҮҮГЧИД                                            Т.ТУЯА

                                                                                                                   Д.БАЙГАЛМАА