Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 001/ХТ2022/00648

 

                                          “ **** **** ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                                 иргэний хэргийн тухай

  

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 101/ШШ2020/01395 дугаар шийдвэр, 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 1229 дүгээр магадлалтай, 

 **** **** ХХК-ийн нэхэмжлэлтэй,

****д холбогдох 

Худалдах-худалдан авах гэрээний үүрэг, алданги нийт 10,621,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

Хариуцагчийн гаргасан гомдлоор  

Шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Энхтуяа, хариуцагч ****, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ НЬ: 

1.  **** **** ХХК нь ****д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэг 7,081,000 төгрөг, алданги 3,540,500 төгрөг, нийт 10,621,500 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч нэхэмжлэлээс 7,081,000 төгрөгийг зөвшөөрчалданги 3,540,000 төгрөгийг зөвшөөрөхгүй гэжмаргажээ. 

2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 101/ШШ2020/01395 дугаар шийдвэрээрИргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус зааснаар хариуцагч ****гээс гэрээний үүрэгт 7,081,000 төгрөг, алданги 3,540,500 төгрөг, нийт 10,621,500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч  **** **** ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч ****гээс улсын тэмдэгтийн хураамжид 184,894 төгрөг гаргуулан нэхэмжлэгч  **** **** ХХК-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 184,894 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 1229 дүгээр магадлалаарБаянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 101/ШШ2020/01395 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 184,891 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэсэн байна. 

4. Хариуцагч **** хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Би нэхэмжлэгч “ **** ****” ХХК-тай 2014.06.05-ны өдөр очиж уулзан, Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо Улаанхуарангийн 1 дүгээр хэсэг, 11-191 тоот хаягт баригдаж байгаа барилгын гадна өнгөлгөөний чулуун замаск хийхэд орох материалын тооцоог гаргуулан, уг материалаар гадна өнгөлгөөний ажлыг “ **** атлас” ХХК хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцсоны дагуу талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн. “ **** ****” ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний үүргээ доголдолтой гүйцэтгэсэн учраас миний бие үлдэгдэл төлбөр тооцоогоо өгөөгүй байсан. Энэ талаар анхан шатны шүүхэд хариу тайлбараараа илэрхийлж, холбогдох баримтыг хэрэгт өгсөн. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн дээрх эрх зүйн харилцааг зөв тогтоолгүйгээр зөвхөн худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь миний эрхийг зөрчсөөр байхад давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн энэхүү алдааг залруулахгүйгээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн нь үндэслэлгүй. Давж заалдах шатны шүүхийн магадлалд ...түүнчлэн, тэдгээрийн хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн талаарх баримт хэрэгт авагдаагүй, энэ талаар шаардлага гаргаагүй тул дүгнэлт хийх боломжгүй... гэжээ. Миний бие талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэх тайлбараа нотлохоор нэхэмжлэгч компанид ажлын хөлсөнд 3,000,000 төгрөгийг бэлнээр, менежер гэх Э.Гэрэлт-Одын дансанд 3,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн баримтаа өгсөөр байхад талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэх баримт хэрэгт авагдаагүй гэж дүгнэсэн нь хариуцагч миний эрхийг ноцтойгоор зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Иймд миний бие уг баримтын зургийг гомдолдоо хавсаргаж байна. Мөн миний бие анхан шатны шүүх хуралдаанд оролцохдоо талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, нэхэмжлэгч гэрээний дагуу гүйцэтгэх ажлаа доголдолтой гүйцэтгэсэн учраас үлдэгдэл төлбөр өгөөгүй гэх талаарх тайлбараа гаргаж, холбогдох баримтыг өгсөөр байхад шүүх энэ талаар шүүх хуралдаан дээр талуудыг мэтгэлцүүлээгүй, шүүгч энэ талаар асууж тодруулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчсөн. Мөн миний бие давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлтэй байгаагаа гомдолдоо болон шүүгчийн туслахад хэлсний дагуу надад шүүх хуралдааны товыг мэдэгдсэн. Улмаар миний бие тус шүүх хуралдаанд оролцохоор давж заалдах шатны шүүхэд өглөө 08 цаг 30 минутад очсон. Ийнхүү очиход шүүхийн цагдаа та наад үүдний хажуу талын сандал дээр суугаад хүлээж бай, таны хурал орохоор шүүгчийн туслах нь дуудаад оруулна гэж хэлсэн. Ингээд миний бие эхнэр О.Өсөхжаргалын хамт суугаад хүлээж байтал дотроос нэхэмжлэгч тал хурал болоод дуусчихлаа гээд гарч ирсэн. Иймд миний бие өөрийн биеэр очсоор байхад намайг хуралд дуудаж оруулахгүйгээр шүүх хуралдааныг хийсэн нь миний мэтгэлцэх эрхийг зөрчсөн гэж үзэж байна. Намайг тус шүүхэд шүүх хурал болохоос өмнө очсон тухай болон цагдаатай уулзаад үүдэнд хүлээсэн тухай камерын бичлэг болон баримтыг давж заалдах шатны шүүхээс авах гэхэд ийм баримт манайх өгдөггүй гээд өгөөгүй. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.” гэжээ. 

ХЯНАВАЛ: 

5. Хариуцагч ****гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. 

6. Анхан шатны шүүх нэхэмжлэгч  **** **** ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад шийдвэрийг хэвээр үлдээжээ.

7. Хоёр шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааныгшийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, зохигчийн хоорондох эрх зүйн маргаанд хэрэглэгдэх хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. 

8. Нэхэмжлэгч  **** **** ХХК нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... ****тэй 2014.06.05-ны өдөр бүтээгдэхүүн нийлүүлэх тухай гэрээ байгуулж нийт 27,556,000 төгрөгийн барилгын өнгөлгөө, дулаалгын материал авахаар тохиролцсон. ... **** нь барааны үнэд 2014.06.02-ны өдөр урьдчилгаа төлбөрт 7,000,000 төгрөг, 2014.07.22-ны өдөр 10,000,000 төгрөг, 2018.09.22-ны өдөр 1,773,000 төгрөгийн барилгын материал ****гийн таньдаг хүнээс авсан, нийт 18,773,000 төгрөг авсан. ...үлдэгдэл 7,081,000 төгрөгийг, ...алданги 3,540,500 төгрөг, нийт 10,621,500 төгрөгийг гаргуулах...” гэж тодорхойлсон байна. 

9. Хариуцагч **** “...миний бие 2014.06.05-ны өдөр гэрээ хийж, барилгын гадна өнгөлгөөний чулуун замаск авсан. ...барааны үлдэгдэл үнэ 7,081,000 төгрөгийг зөвшөөрч байна, алданги 3,540,000 төгрөгийг зөвшөөрөхгүй...” гэж мэтгэлцжээ. 

10. Зохигчийн хооронд алданги төлөх эсэх нь маргааны зүйл болжээ. 

11. Талуудын хооронд 2014.06.05-ны өдөр Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулагдаж,  **** **** ХХК нь 27,556,000 төгрөгийн үнэ бүхий барилгын өнгөлгөө, дулаалгын материал нийлүүлэх, захиалагч **** нь барилгын материалын төлбөрийн 7,000,000 төгрөгийг урьдчилж төлөх, үлдэгдэл төлбөрийг 2014.06.30-ны өдөр төлөхөөр харилцан тохиролцсон болох нь хэрэгт авагдсан гэрээ, тэдний тайлбараар тогтоогдож байна. 

12. Анхан болон давж заалдах шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээгэж зөв тодорхойлж, уг гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэлтэй дүгнэлт хийжээ. 

13. Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээнэ. 

14. Нэхэмжлэгч  **** **** ХХК-аас 25,854,000 төгрөгийн бараа, бүтээгдэхүүн нийлүүлсэн, хариуцагч **** шилжүүлсэн бараа, бүтээгдэхүүний үнээс 18,773,000 төгрөг төлсөн, үлдэгдэл 7,081,000 төгрөг төлөгдөөгүй үйл баримтын талаар зохигч маргаагүй болно. 

15.Хариуцагч ****“нэхэмжлэгч  **** **** ХХК нь ажлаа дутуу, чанаргүй хийж гүйцэтгэсэн учраас маргаж, бүтээгдэхүүний үлдэгдэл мөнгийг өгөөгүй учир алдангийг зөвшөөрөхгүй гэж нэхэмжлэгчтэй маргасан хэдий ч талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн талаарх баримт хэрэгт авагдаагүй бөгөөд ажлын доголдолтой холбогдуулан нийлүүлсэн бараа, бүтээгдэхүүний үлдэгдэл үнийг төлөхгүй саатуулах,түүнчлэн Иргэний хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, өөртөө туслах үйлдэл хийх нөхцөл байдалүүссэн болох ньхэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд тогтоогдохгүй байна. 

Иймээс хариуцагчийг тайлбарын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 заасны дагуу нотлож чадаагүй гэж үзнэ. 

16. Зохигчийн гаргасан тайлбар, талуудын хооронд байгуулсан 2014.06.05-ны өдрийн Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ****гийн 2017.10.312018.09.12-ны өдрүүдэд төлбөр төлөх талаар  **** **** ХХК бичиж өгсөн баримтад үндэслэж, нийлүүлсэн бараа, бүтээгдэхүүний үлдэгдэл төлбөр 7,081,000 төгрөгийг төлөх үүргээ хариуцагч биелүүлээгүй гэж хоёр шатны шүүх дүгнэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэхгүй. 

17. Талуудын хооронд байгуулсан 2014.06.05-ны өдрийн Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний 4.2-т “Үлдэгдэл төлбөрийг 2014.06.30-ны дотор төлнө”, мөн 4.3-т Төлбөрийг хугацаандаа хийгээгүй бол хоног тутамд 0.5 хувийн алданги тооцно гэж харилцан тохиролцсон байна. 

18. Хариуцагч ****гийн худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 7,081,000 төгрөгт шүүхээс алданги тооцож, 3,540,500 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасан зохицуулалтын агуулга, шаардлагад нийцсэн байна. 

19. Хариуцагч ****гийн ...миний бие өөрийн биеэр очсоор байхад намайг хуралд дуудаж оруулахгүйгээр давж заалдах шатны шүүх хуралдааныг хийсэн...” гэх утга бүхий гомдол үндэслэлгүй, давж заалдах шатны шүүхээс хуралдааны товыг 2020.05.29-ний өдөр талуудад мэдэгдсэн, харин хариуцагч талаас шүүх хуралдаанд оролцоогүй байх тул гомдлыг хангах боломжгүй. 

20. Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн үндэслэлээ тодорхой заасан байх тул шийдвэр, магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч ****гийн хяналтын журмааргаргасан гомдлыг хангахгүй орхив. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 101/ШШ2020/01395 дугаар шийдвэрНийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 1229 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч ****гийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.  

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 181,891 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     П.ЗОЛЗАЯА 

                      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                       Г.АЛТАНЧИМЭГ    

                                            ШҮҮГЧИД                                      С.СОЁМБО-ЭРДЭНЭ 

                                                                                                   Д.ЦОЛМОН

                                                                                                   Х.ЭРДЭНЭСУВД