Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 00010

 

Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

нарийн бичгийн Э.Цэнгүүн,

улсын яллагч Ц.Гэрэлбаатар,

хохирогч Д.Баярсайхан,

хохирогч Т.Нарантуяа,

хохирогч Б.Отгонцэцэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттуяа,  

иргэний хариуцагч Б.Энхжаргал, түүний өмгөөлөгч Б.Энхтуяа,

гэрч Б.Ариунбаатар,

шүүгдэгч С.Гэрэлтуяа, түүний өмгөөлөгч Д.Дарьбазар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Булган аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 132/2016/0100/Э индекстэй, 201606000179 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 21-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1975 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт холбогдох үед Баян-Бургуул хоршоонд жолооч, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5-40-08 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Баяжих овгийн Сэсрэнгийн Гэрэлтуяа /РД: РС75120713/,

Холбогдсон хэргийн талаар:

нь /яллах дүгнэлтэнд бичсэнээр/ 2016 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Булган амйгийн Хутаг-Өндөр сумын Уньт багийн нутагт "Соната 6" маркийн 91-88 ХӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж улмаар УАЗ Пургон маркийн 45-60 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж иргэн Д.Баярсайхан, М.Баасантуяа, Б.Отгонцэцэг нарын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулж, иргэн Т.Амгаланбаатарын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Гэрэлтуяагийн өгсөн: Би 2016 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Орхон аймгийн Дөмөг тээврийн захаас Хөвсгөл аймгийн Мөрөн сум руу 4 зорчигчтой явсан. Орхон аймгаас гарахад 1100 цаг болж байсан. Би Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт багийн нутаг дэвсгэрт явж байхад 1300 цаг болж байсан. Энэ үед миний урд талд 2 суудлын машин явж байсан. Өмнө явж байгаа суудлын машиныг гүйцэж түрүүлээд тухайн 2 суудлын машинуудын дунд явж байсан. Тухайн үед замын тойрогоор явж байсан. Миний хойно Crown маркийн суудлын машин, урд Sonata 5 маркийн машин явж байсан. Урд явж байсан Sonata 5 маркийн машин огцом тооромслоход би мөн адил огцом тооромслосон. Энэ үед би жолооны хүрдээ зүүн гар тал руу эргүүлэхэд урд явж байсан Sonata 5 маркийн машиныг мөргөж зогссон. Миний машины арааны речак, хурдны хэмжүүрийн зүү гацсан. Мөн машин унтарсан. Энэ үед замын эсрэг урсгалаас Пургон маркийн машин тооромсгүйгээр миний машиныг мөргөсөн. Sonata 5 маркийн машин огцом зогсох үйлдэл хийсэн. Миний хойно явж байсан Crown маркийн машины жолооч болон урд явж байсан Sonata 5 маркийн машины жолооч нар гэрчээр мэдүүлэг өгсөн. Тэд хоорондын төрөл, садангийн холбоотой хүмүүс учраас миний эсрэг мэдүүлэг өгсөн байсан. Миний машины хурдны хайрцаг гацаад би газар дээрээ нам зогссон байхад эсрэг урсгалын Пургон машин намайг ирж мөргөсөн гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Т.Нарантуяагийн өгсөн: Би амь хохирогч Амгаланбаатарын эгч нь байгаа юм. Манай дүү Амгаланбаатар тухайн болсон ослын улмаас нас барсан. Би шүүгдэгчээс оршуулгын зардал нэхэмжилсэн. Мөн замын зардал, сэтгэл санааны хохирол зэргийг нэхэмжилсэн. Шүүгдэгч бидэнд 500000 төгрөг л өгсөн. Би шүүгдэгч рүү гар утсаар залгахаар ерөөсөө утсаа авдаггүй. Энэ болсон үйл явдалд тодорхой хэмжээний дүгнэлт хийж, бидэнд сэтгэл гаргах нь зүйтэй. Гэтэл ямар ч сэтгэл гаргаагүй. Бид шүүгдэгчийг тухайн осол болсон газарт дуудахад огт ирээгүй. Өөрийнхөө машиныг крантай машин хөлслөж ачиж авч явсан. Машинаа ачих эдийн засгийн боломж байхгүй гэж мөрдөн байцаагчид хэлсэн байсан. Гэтэл крантай машинаар машинаа ачиж авч явсан байсан. Хүний амийг юугаар ч үнэлэх боломжгүй. Шүүгдэгч бидэнтэй огт ярилцаагүй. Монгол хүний ёс суртахуун, зан чанар гаргаагүй. Оршуулгын зардал 10629999 төгрөг нэхэмжилж байна. Үүнээс шүүгдэгчийн өгсөн 500000 төгрөгийг хасч тооцно гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Баярсайханы өгсөн: Би 2016 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 1030 цагт гэрээсээ гарсан бөгөөд 1100 цагт Дөмөг тээврийн зах дээр очсон. Намайг очиход шүүгдэгч өөрийнхөө машинд суулгасан. Бид хөдлөх гээд Дөмөг тээврийн захны хашаанаас гарсан бөгөөд хүнээс дайвар бараа авна гээд хэсэг хүлээж зогссон. Нөгөө дайвар бараа өгөх хүн ирэхгүй байсан учраас бид хөдлөөд явсан. Капитат өнгөрөөд явж байхад дайвар бараа өгөх хүн жолооч буюу шүүгдэгч рүү утсаар залгаж ярьсан. Тэр үед шүүгдэгч явъя гээд дайвар бараагаа авахгүй явсан. Бид Орхон аймгаас гарахад 1330 цаг болж байсан. Бидний замд явж байхад урд явж байсан Sonata 5 маркийн машин тоормос гишгэсэн. Би энэ үед суудлын урд талаар доошоо суусан. Энэ үед шүүгдэгч буюу жолооч яаанаа гээд байсан. Үүний дараа зорчигчид машинаас буусан. Харин би машин дотроос гарч байсан. Намайг машинаас гаргахад миний зүүн хөлний яс, эгэмний яс, хавирга хугарсан, мөн шүд унасан байсан. Намайг машинаас гаргаад шон мод түшүүлж суулгасан. Би шүүгдэгчээс эм байна уу гэхэд өвчин намдаах эм авчирч өгсөн. Би 3000000 төгрөг нэхэмжилж байна. Надад гомдол, санал байхгүй. Эмчилгээний зардал болох 3000000 төгрөгийг  авна гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Отгонцэцэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттуяагийн өгсөн: Хохирогч Отгонцэцэгийн эмчилгээ хийлгэсэн, эм, тарианы үнэ 520.000 төгрөгийг нэхэмжилж байна. Хохирол төлбөрийг бүрэн барагдуулбал гомдол саналгүй гэх мэдүүлэг,  

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Б.Ариунбаатарын өгсөн: Бид 2016 оны 07 дугаар сарын 15-ны өглөө 0800 цагийн үед Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас Дорноговь аймгийн Сайншанд сум руу УАЗ-Пургон маркийн машинтай явж байсан. Пургон машин дотроо 8 зорчигчтой явж байсан. Амь хохирогч Амгаланбаатар замын турш жолоо барьж явсан. Тухайн үед урд талаас хар өнгийн Sonata 6 маркийн машин гарч ирсэн бөгөөд бид хоорондоо мөргөлдсөн. Sonata 6 маркийн машины урд Sonata 5 маркийн машин, түүний урд мотоциколь явж байсан. Мотоциколь зогсохоор дохио өгсөн бөгөөд үүнээс болж Sonata 5 маркийн машин хурдаа хасч удаанаар явж байсан. Үүнээс цаашаа юу болсоныг мэдэхгүй байна гэх мэдүүлэг,

201606000179 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:

Хохирогч М.Баасантуяагийн өгсөн…Хөвсгөл далай дээр очоод тэндээ 4 хоног амраад 7 дугаар сарын 15-ны өдрөө буцсан. Ингээд "Уньтын хөндий" гэх газарт жолоочоос бусад нь бүгд унтаж явахад 13 цагийн үед өөдөөс ирж явсан машинтай мөргөлдөөд осолд орсон. Би мөргөлдөх үед унтаж явсан болохоор яг юу болсоныг үнэхээр санахгүи байна нэг мэдэхэд л замын хажууд машин унасан байсан ба жолооч Амгаланбаатар эмнэлэг ирэхээс өмнө нас барчихсан байсан. Би хөдөлж чадахгүй газар хэвтэж байсан. Манай машины өөдөөс ирж явсан Соната 6 маркийн машинтай мөргөлдсөн байсан. Энэ ослын улмаас жолооч газар дээрээ нас барж бусад хүмүүс нь их бага хэмжээтэй гэмтэл авсан. Миний сээр нурууны 5 нуруу нь хугаралтай одоогоороо хэвтэрт байна. Шинжээч эмчид үзүүлж дүгнэлт гаргуулсан хүнд гэмтэл гэж гарсан байсан. Машиныг талийгаач Амгаланбаатар жолоодож явсан хажууд нь манай байгууллагын нягтлан Ариунбаатар суучихсан бид нар ард нь бүгд хэвтээд явж байсан. Энэ ослын улмаас би хамгийн хүнд гэмтсэн хүн нь байгаа юм. Эрүүл мэнд болон эдийн засагаараа их хохирч байна. Иймд гэм буруутай тухайн жолоочид гомдолтой байна. Эмчилгээний зардал болон ажилгүй байсан үеийн мөнгийг нэхэмжилж байна. Одоогийн байдлаар нэг сая орчим төгрөгний зардал гараад байна. Одоо удахгүй нурууны хагалгаанд орно. Энэ машин бол манай байгууллагын эзэмшлийн машин байгаа юм. Талийгаач Амгаланбаатар жолооч нь байсан юм гэх мэдүүлэг /хх-ийн 31-33 хуудас/,

Хохирогч Б.Отгонцэцэгийн өгсөн...2016 оны 07 дугаар сарын 15-ны өглөө Сайншанд руу гарсан. Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутаг "Уньт" гэсэн газар манай машин онхолдсон байсан. Би нэг мэдэхэд манай машин газарт бөмбөрч байх тэр үед нь би сэрсэн. Сэрэхэд машин доошоо харчихсан дээрээс бензин гоожиж байсан. Тэгээд бид нар цонх байсан уу? хаалга байсан уу? аль нэгээр нь гарсан. Гараад иртэл баахан хүмүүс гадаа зогсож байсан. Бид нарт тусламж үзүүлсэн. Би тухайн орчныг харж чадаагүй. Хөл хугарчихсан байсан болохоор дээшээ хараад л хэвтэж байхад эмнэлгийн машин ирээд бид нарыг аваад явсан. Ийм л зүйл болсон. Зүүн хөлний яс хугарсан, зүүн бөөрний хажууд язралт үүссэн. Сайншанд сумын эмнэлэгт зарцуулсан мөнгөө авмаар байна. Ойролцоогоор 300000 гаруй төгрөг зарцуулсан гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 хуудас/,

Гэрч Д.Хэнчбишийн өгсөн...2016 оны 07 дугаар сарын 15-ны өдөр ганцаараа өөрийнхөө "Соната-5" маркийн машинтайгаа яваад Уньт өнгөрөөд 1 км орчим л явсан байх миний урд нэг мотоцикольтой хүн явж байгаад ус зайлуулагч далантай тойрог өнгөрч яваад замын урд тал руу салсан шороон зам руу гарах гээд дохио өгөхөөр нь би хурдаа сааруулаад бараг 20 км цагийн хурдтай л болсон байх харахад урдаас эсрэг урсгалд "Пургон" машин ойрхон ирж явсан мотоцикльтой хүн "Пургон" машиныг өнгөрөөгөөд эргэх гэж байгаа харагдсан. Тэгээд "Пургон" машин хажуугаар өнгөрөөд гарах шиг болсон чинь хойд талд хурд сааруулагчин дээр харайж байгаа юм шиг дуугараад хойд талын дугуй хагарчих шиг санагдсан тэгээд жаахан цаашаа явж зогсоод эргээд харсан чинь миний хажуугаар дөнгөж өнгөрч явсан "Пургон" машин миний ард явсан "Соната-6" маркийн машинтай мөргөлдөөд "Пургон" машин нь замын хажуу руу унаад "Соната-6" машин нь зам дээрээ үлдсэн байсан. Буугаад харсан чинь миний машины хойд зүүн талын гупер, гэрэл хагарчихсан байсан. Хоёр машин мөргөлдөөд миний машиныг “Соната-6” мөргөчихөж гэж бодсон. Учир нь миний хагарсан гупер дээр хар будаг наалдчихсан байсан. "Соната-6" машин хар өнгөтэй, "Пургон" нь саарал өнгөтэй байсан. Тэгээд байж байхад эмнэлэг цагдаа ирсэн. Би Хутаг-Өндөр сумын чиглэлд явж байсан. Би огцом тоормозлох үйлдэл хийгээгүй урд яваа мотоциколь замын урд тал руу гарах дохио өгсөн болохоор аажмаар хурдаа хассан юм. "Пургон" машин Булган сумын чиглэлд явж байсан. Эгнээндээ явж байсан. "Пургон" хэр хурдтай явж байсныг тодорхойлж хэлж мэдэхгүй байна. Тийм их хурдан бол яваагүй байсан. Би яг мөргөлдчихлөө гэж бодоогүй осол болоход харж чадаагүй. Миний бодож байгаагаар “Соната-6” машин гүйцэж түрүүлэх гэж байсан юм болов уу гэж санагдсан. Замын нөхцөл зүгээр байсан нартай халуун өдөр байсан. П.Цогтсайхан гэж манай хамаатны дүү байгаа юм. 2013 онд Солонгос улс руу гарах гээд надад машинаа зарсан. Тухайн үед Солонгос гарахаас нь өмнө нэр дээрээ шилжүүлж чадаагүй. Одоо хүртэл Солонгосоос ирээгүй байгаа. Гэхдээ би 2013 оноос хойш бүх даатгал, татвар зэргийг төлж явж байгаа миний өөрийн машин байгаа юм. Миний биед ямар ч гэмтэл учраагүй. Доргилт ч аваагүй. Шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлагагүй зүгээр байгаа. Машинд учирсан хохирлоо нэхэмжилнэ өөр гомдол санал байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 38 хуудас/,

Гэрч С.Амгаланбаатарын өгсөн...Би Дорноговь аймгийн "Эм эргэлтийн сан"-ийн нярав ажилтай. Манай ажилчид 2016 оны 07 сарын 10-15-ны хооронд Хөвсгөл аймагт аялалаар албаны 45-60 ДГО улсын дугаартай "Пургон" автомашинтай явж байгаад Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутагт зам тээврийн осолд орж жолооч маань нас барсан юм. Тэгээд замын цагдаагийн шинжээчийн дүгнэлтээр манай машиныг мөргөсөн Хөвсгөл аймгийн машины буруу болох нь тогтоодсон болохоор би байгууллагаа төлөөлж иргэний нэхэмжлэгчээр оролцож байгаа юм. Манайх уг машиныг аваад 3 жил болж байгаа. Хохирлын үнэлгээгээр нийт 15.588.900 төгрөгний хохирол учирсан байгаа. Үүнийг буруутай этгээдээс нэхэмжилж байна гэх мэдүүлэг /хх-ийн 40 хуудас/

Иргэний хариуцагч Б.Энхжаргалын өгсөн...Манайх 2013 оноос мал аж ахуй, Хөвсгөл аймаг-Орхон аймгийн чиглэлд зорчигч нийтийн тээврийн үйл ажиллагаа явуулж байгаа. С.Гэрэлтуяа 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр гэрээ байгуулж манай хоршоонд орсон. Би хэрэг болсон үед нь мэдсэн. Хөвсгөлөөс зорчигчдыг нь авах машин явуулсан. Тухайн үед манай механик Ё.Шүрэнчимэг шалгаж үзээд явуулсан. Хөвсгөлөөс 2016 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Орхон аймаг руу явсан байсан. Тэгээд 2016 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Орхон аймгаас гарч яваад ийм осол гаргасан байсан. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан гэдгийг нь огт мэдээгүй. Таныг утсаар ярихад л мэдсэн. Манайд 3 сарын өмнө ажилд орохдоо жолоодох эрхийн үнэмлэхтэй байсан гэх мэдүүлэг /хх-ийн 42 хуудас/

Гэрч Б.Баярбатын өгсөн...Би өөрийн 83-61 УНУ улсын дугаартай "Кроун" маркийн машинтайгаа амраад Улаанбаатар хотоос гараад Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт багийн "Саахарын рашаан" орох гээд "Уньт" баг өнгөрөөд явж байхад хар өнгийн "Соната-6" маркийн машин миний машиныг гүйцэж түрүүлээд урд орсон. Урд ороод удаагүй тойрог хэсэг дээр хар “Соната-6” эхлээд миний урд явж байсан саарал өнгийн "Соната-5" маркийн машиныг гүйцэж түрүүлэх гэж байгаад машинтай мөргөлдсөн. Тэгээд хоёр машин мөргөлдөөд урдаас ирж яваа машин нь агаар дээр эргээд гараад ирсэн. Тэгээд зам дээр унаад дахиж нэг эргээд зогссон. Тэгээд харахад саарал өнгийн "Пургон" машин байсан. Би машинаа зогсоогоод "Пургон" руу дөхөөд очсон чинь Пургоны ард явсан ногоон "Приус" машинтай залуу хүмүүсийг нь цонхоор нь гаргаж байсан. Тэгээд намайг түргэн дуудаачээ гэж хэлэхээр нь би хотын 103 руу залгаад болохгүй болохоор нь буцаж эргээд Уньт багийн төвөөс сувилагчийг нь авч ирэхэд жолооч нь Пургоноосоо жоохон зайтай хэвтэж байсан. Би “Соната-6” машинаас 40м орчим зайтай явж байсан. Би яг мөргөлдөхийг нь харсан. "Соната-6" машин урдах машинаа гүйцэж түрүүлэх гэж эсрэг урсгал руу ороод "Пургон" машиныг мөргөсөн. Гадаа үзэгдэх орчин сайн нартай байсан. Би бол 70-80 км цагийн хурдтай явж байхад намайг гүйцэж түрүүлсэн. Нилээн хурдтай явж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 43 хуудас/,

Гэрч М.Мөнхзаяагийн өгсөн...Би өөрийн "Приус-10" маркийн 49-87 УНБ улсын дугаартай машинтайгаа Булган аймгийн Хутаг-Өндөр сумаас Орхон аймгийн чиглэлд явж байгаад "Уньт" багийн төв рүү орохоос наана "Саахарын рашаан" өнгөрөөд саарал өнгийн "Пургон" машины ард дагаад явж байсан. Уг "Пургон" машиныг гүйцэж түрүүлэх боломж олдохгүй урд эсрэг урсгалаас машинууд ирээд гүйцэж чадаагүй явж байхад яг "Уньт" орохоос наад талд тойрог зам дээр эсрэг урсгалд саарал өнгийн "Соната-5" машин явж байсан чинь араас нь хар өнгийн "Соната-6" машин гүйцэж түрүүлж гарч ирээд миний урд талд явж байсан саарал өнгийн Пургоныг жолооч талын хэсэг рүү нь мөргөөд Пургоны бөгс хэсэг нь босч ирээд бүтэн эргэн зам дээр унаад замын хажуу тал руу дахиж бүтэн эргээд унасан. Би тэгээд шууд машинаа зогсоогоод гүйж очоод урд хагарсан цонхоор хүмүүсийг нь гаргасан. 5-6 эмэгтэй хүн байсан. Унасан Пургоны цаад талд жолооч нь шидэгдчихсэн байсан. Жолооч нь туслаач дээ өвдөөд байна гээд орилоод байсан. Очоод харахад нүд, чих гээд толгой хэсэг нь нилээн их цус болчихсон байсан. Хар "Соната-6" машины жолоочийн эсрэг талаас баруун хаалганаас нь ногоон подволктой нүүр нь цус болчихсон хүн бууж ирж байсан. Би ойрхон 15-20 орчим метрийн зайтай явж байсан. Би яг сайн харсан. Гадаа үзэгдэх орчин сайтай нар тусч байсан. 13-14 цагийн үед энэ осол болсон. Пургон машин өөрийн урсгалдаа явж байсан. Хар "Соната-6" машин урсгал сөрж гарч ирээд мөргөчихсөн гэх мэдүүлэг /хх-ийн 44 хуудас/,

Гэрч Б.Ариунбаатарын өгсөн...2016 оны 07 дугаар сарын 15-ны өглөө 08 цагийн үед Хөвсгөл аймгаас гараад өдөр 13 цагийн үед Булган Хутаг-Өндөр сумын Уньт багийн төв орох гээд явж байхад засмал зам дээр тойрог хэсэг дээр өөдөөс эсрэг урсгалаас нэг мотоцикольтой хүн ард нь саарал өнгийн “Соната-5” машин их эөөлхөн зогсох шахуу явж байхад нь манай "Пургон" машин мотоцикльтой дөнгөж зөрсөн байх урдаас хар өнгийн жижиг суудлын машин саарал өнгийн "Соната-5" машины хажуугаар манай явж байсан урсгал руу урд явж байсан машинаа гүйцэж түрүүлэх гээд гарч ирээд манай машины урдаас мөргөсөн. Тэгээд юу болсныг мэдээгүй замын хажуу руу машин 4-н дугуй нь дээшээ хараад уначихсан байсан. Миний дээрээс бензин асгараад би сэрээд машинаас гараад харсан чинь жолооч маань машинд байхгүй болохоор нь ойр хавьд харсан чинь машины ойролцоо шидэгдчихсэн хэвтэж байхаар нь гүйгээд очиход амьсгаатай байсан. Надтай зөрөөд хоёр залуу машинд байгаа хүмүүсийг гаргасан. Дараа нь харахад ногоон "Приус 10" машинтай хоёр залуу тусалсан байсан. Тэгээд түргэн дуудсан. Хар өнгийн "Соната 6" маркийн машин байсан номер дугаарыг нь санахгүй байна. Таксинд явдаг машин байсан. 40 орчим насны намхавтар нуруутай, эрэгтэй хүн байсан. Машин зогсоох ямар ч боломж байгаагүй. Эргэлтэн дээр гэнэт гарч ирж мөргөчихсөн. Би машины урд суудал дээр жолоочийн хажууд суугаад явж байсан. Манай байгууллагын жолооч Амгаланбаатар жолоодож явсан. Ерөөсөө замын турш машинаа барьж явсан. Манай байгууллагын машин байгаа юм. Миний биеийн байдал зүгээр надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 45 хуудас/,

Гэрч Л.Лхагвадоржийн өгсөн...би халуун өдөр байсан болохоор нозоороод унтаад өгсөн. Түр тар хийх чимээ гараад сэрэхэд машин мөргөлдчихсөн байсан. Би буугаад харахад "Пургон" машин замын хажуу руу далантай хэсэг рүү унаад дээшээ харчихсан байсан гэх мэдүүлэг /хх-ийн 46 хуудас/,

Гэрч Ч.Мөнхзаяагийн өгсөн...би унтаж байсан чинь манай хүмүүс гараарай гараарай гэж хашгираад бөөн юм болоод тэгээд би сэрсэн чинь машин дээшээ харчихсан хамаг хаалга үүд нь салаад уначихсан би машиныхаа жижигхэн цонхоор гарсан. Гараад ирэхэд машин дээшээ харчихсан жолооч хол шидэгдсэн байсан гэх мэдүүлэг /хх-ийн 47 хуудас/,

Гэрч Х.Энхсайханы өгсөн...унтаж байсан болохоор нэг л мэдэхэд тас няс буугаад л явчихсан. Би тэр үед машины дугуй хагарчихлаа л гэж бодсон чинь машин онхолдчихсон байсан. Машинаас гарч ирэхэд хүн, машин олон байсан. Бид нарыг хоёр залуу татаж гаргасан гэх мэдүүлэг /хх-ийн 49 хуудас/,

Гэрч Ш.Наранбаярын өгсөн... Тухайн үедээ шоконд орчихсон бид нар машины урд талын салхивчны шилээр гарч ирсэн тэр үед машин хөмөрчихсөн бензин дээрээс гоожиж байсан. Гадаа гараад ирэхэд манай жолооч шидэгдчихсэн ойролцоогоор машинаас 70 орчим метр байсан. Бууж ирээд тэр замыг нь харахад тойрог эргэлттэй өндөр далантай зам байсан ба Уньт багийн түргэн тусламж гэсэн байхаа би сайн мэдэхгүй байна хүмүүс ирээд бид нарт түргэн тусламж үзүүлсэн. Миний биеийн баруун талын 7 дугаар хавирга хугарч, зүүн хөлний шилбэний мах тасарсан өөр мэдэгдэх зүйл байгаагүй гэх мэдүүлэг /хх-ийн 51 хуудас/

Гэрч Б.Сэргэлэнгийн өгсөн...2016 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Орхон аймгийн Эрдэнэт хотоос Хөвсгөл аймгийн мөрөн сумын чиглэлд "Соната" маркийн 91-88 ХӨА улсын дугаартай тээврийн хэрэгслээр явж байгаад Булган аймгийн Уньт сумаас 1 км цаана зам тээврийн осолд орсон. Миний сууж явсан машин дотор жолоочтой нийлээд 5 хүн явсан. Миний тухайд жолоочийн хажуу талын урд суудалд сууж явсан. Хойд талын суудал дээр 3 хүн сууж явсан. Миний харснаар миний сууж явсан Соната маркийн тээврийн хэрэгслийн жолооч 100-110 км цагийн хурдтай явж байсан. Ингээд явж байхад бид нарын урд талд явж байсан машинуудын урдуур зам хөндлөн мотоцикольтой хүн гарсан бөгөөд тухайн үед миний сууж явсан машины урд талын машинууд бүгд тормос гишгээд зогссон. Харин миний сууж явсан машин хурдтай явсан болохоор тормос гишгээд зогсохгүй урд талынхаа машиныг мөргөсөн чинь жолооч нь рүлээ зүүн гар тийш нь дараад замын цагаан зураас даваад эсрэг урсгал руу "Соната" маркийн тээврийн хэрэгслийн хамар нь орж өөрийнхөө урсгалд явж байсан "Пургон" маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн. Ийм л зүйл болсон. Би нүдээрээ харсан. Заримдаа 100-120 бараг хүрч байсан. Осол болох үед гадаа үзэгдэх орчин хэвийн салхи шуургагүй, бороогүй, сайхан өдөр байсан. Зам тээврийн осол болох үед миний сууж явсан "Соната" маркийн тээврийн хэрэгслийн жолооч хурдтай явсан болохоор машинтай зогсоож чадаагүй. Тухайн жолооч хурдаа тохируулж чадаагүй. Тэрнээс замдаа унтаж зүүрмэглэсэн зүйл байхгүй. Зам тээврйин ослын улмаас би нүүрэндээ болон цээж, хоёр өвдөгөндөө гэмтэл авсан. Одоо цээж өвдөж байгаа, мөн нүүр сорвижиж эдгэрч байгаа. Надад одоо ямар нэг гомдол санал, цагдаагийн байгууллагаар шалгуулах зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 53 хуудас/,

Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 48 тоот дүгнэлтээр: 1.Т.Амгаланбаатарын цогцост хийсэн задлан шинжилгээгээр хавсарсан олон гэмтэл, гавал тархины битүү гэмтэл, суурь ясны хугарал, тархины эдийн няцрал, олон хавирганы хугарал. Дотор эрхтэнүүдийн цус эргэлтийн хямрал тэжээл хувирал, тархи, уушигны хаван, мөчдийн зулгаралт, хуйх уушиг, бөөрний өөхлөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Цогцост хийсэн шүүх эмнэлэгийн задлан шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 4. Амь хохирогч Т.Амгаланбаатар нь хавсарсан олон гэмтэл гавал тархины битүү гэмтэл, суурь ясны хугарал, тархины эдийн няцрал, олон хавирганы хугарал зэрэг гэмтлүүдийн улмаас амьсгал зүрх судасны дутагдалд орж нас баржээ гэх /хх-ийн 56-58 хуудас/

Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 240 тоот дүгнэлтээр: М.Баасантуяагийн биед нурууны Тh2, ТhЗ, Тh4, Тh5 нугалмын шахагдсан хугарал гэмтэл тогтоогдлоо. 2.Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. З.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэх /хх-ийн 101 хуудас/,

Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн шинжээчийн 241 тоот дүгнэлтээр: 1. Б.Отгонцэцэгийн биед зүүн шилбэ ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. 2 Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. З.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэх /хх-ийн 112 хуудас/,

Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 258 тоот дүгнэлтээр: Д.Баярсайханы биед зүүн дал, шаант, тахилзуур, өсгий, шуу ясны далд хугарал, баруун 5-р хавирганы далд хугарал, тархи доргилт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Тухайн гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэх /хх-ийн 117 хуудас/,

Булган аймгийн цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн 2016 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 42 тоот дүгнэлтээр: 1. 91-88 ХӨА улсын дугаартай "Соната" маркийн тээврийн хэрэгсэл, 45-60 ДГО улсын дугаартай " УАЗ Пургон" маркийн тээврийн хэрэгслийн зорчиж явсан хэсэг нь зам мөн. 2. Жолооч Т.Амгаланбаатар, С.Гэрэлтуяа нар нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна. 3. Жолооч Т.Амгаланбаатар 2.7а "Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтөй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох" гэсэн заалтыг зөрчсөн байна. Жолооч С.Гэрэлтуяа нь Монгол улсын ЗХД-ийн 2.1а-д зааснаар "Тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй байна гэсэн заалт, мөн ЗХД-ийн 10.1а-д зааснаар "гүйцэж түрүүлэх үйлдлийг гүйцэтгэхэд хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэх" ЗХД-ийн 10.1-д зааснаар "өөдөөс болон араас яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулж болзошгүй эсэх" ЗХД-ийн 10.2-д зааснаар "гүйцэж түрүүлэх үйлдлийг хийхдээ гүйцэгдэж байгаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулахгүй байвал зохино" гэсэн заалт, мөн ЗХД-ийн 1 дүгээр хавсралтын /хэвтээ тэмдэглэл/ 7.1 дэх заалт "хоёр буюу гурван эгнээгээр зорчдог замд хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлах, мөн замын аюул бүхий хэсэгт эгнээний хилийг заах, түүнчлэн зорчих хэсгийн орохыг хориглосон хэсгийг хязгаарлах буюу тээврийн хэрэгслийн зогсоолын хилийг тэмдэглэнэнүүдийг тус тус зөрчсөн байна. “Баянбургуул” хоршоо нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3-р хавсралтын ЗБ заалт "тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох жолоодох эрхийн үнэмлэхгүй буюу түүнчлэн согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан хүнээр тээврийн хэрэгсэл жолоодуулахгүй байх" гэсэн заалтыг зөрчсөн байна. 4. Жолооч Т.Амгаланбаатар нь /РД.ЕЭ85080971/ ВСДЕ ангилалын №466973 тоот тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй хүчинтэй байна. Жолооч С.Гэрэлтуяа нь /РД:РС75120713/ ВСДЕ ангилалын №76070 тоот тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй байсан боловч тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2016 оны 05 дугаар сарын 24-ны өдрөөс 2016 оны 11-р сарын 24-ны хооронд 06 сараар хасуулсан байна. 5. Уг 91-88 ХӨА улсын дугаартай "Соната" маркийн тээврийн хэрэгсэл, 45-60 ДГО улсын дугаартай "УАЗ-Пургон" маркийн тээврийн хэрэгсэл нь техникийн хувьд бүрэн бүтэн байсан эсэхийг тогтоох боломжгүй. 6. Уг ХАБАЖЭ гэмт хэрэг нь техникийн хувьд бүрэн бүтэн байдлаас шалтгаалан гарсан үндэслэл байсан эсэхийг тогтоох боломжгүй. 7. Уг ХАБАЖЭ гэмт хэрэг гарах болсон шалтгаан нь жолооч С.Гэрэлтуяа нь зорчих хэсгийн орохыг хориглосон хэсгийг хязгаарласан шугамыг давж урсгал сөрснөөс үүдэн уг ХАБАЖЭ гэмт хэрэг гарсан байна гэх /хх-ийн 155-157 хуудас/,

“Лэндс” ХХК-ны 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн х/229 тоот 45-60 ДГО Улсын дугаартай Пургон тээврийн хэрэгслийн эвдрэлийн болон зах зээлийн үнэлгээг 15.588.900 /арван таван сая таван зуун наян найман мянга есөн зуу/ төгрөгөөр тогтоосон дүгнэлт /хх-ийн 182-191 хуудас/,

“Ашид билгүүн” ХХК-ны 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 753 тоот 58-39 УНД улсын дугаартай “Соната-5” маркийн тээврийн хэрэгслийн эвдрэлийн үнэлгээг 530.500 /таван зуун гучин мянга таван зуу/ төгрөгөөр тогтоосон дүгнэлт/хх-ийн 195-196 хуудас,/

Эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоол / хх-ийн 1 хуудас,

Гэмт хэргийн гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 2 хуудас/,

Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 10-11, 12-15 хуудас/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 16-21 хуудас/,

Эд зүйл хураан авах тогтоол / хх-ийн 22-23 хуудас/,

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 59-64 хуудас/

Өвчний түүх / хх-ийн 117-137 хуудас/,

Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол / хх-ийн 163-164,182-191,195-196 хуудас/,

Эд зүйлийн үнэлгээ / хх-ийн 166-175 хуудас/,

Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар / хх-ийн 176 хуудас/,

Ял шалгах хуудас / хх-ийн 217 хуудас/,

Хохирлын баримтууд / хх-ийн 231-240 хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулагдаж, бэхжүүлэгдсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч С.Гэрэлтуяа нь 2016 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Булган амйгийн Хутаг-Өндөр сумын Уньт багийн нутагт "Соната-6" маркийн 91-88 ХӨА улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.1а, 10.1а, 10.2, 7.1-д заасан заалтуудыг зөрчиж улмаар 45-60 ДГО улсын дугаартай УАЗ-Пургон маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж иргэн Д.Баярсайхан, М.Баасантуяа, Б.Отгонцэцэг нарын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулж, иргэн Т.Амгаланбаатарын амь насыг хохироосон хууль зүйн факт, үйл баримт тогтоогдож байна.

Энэ хууль зүйн факт нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Т.Нарантуяагийн...Пургон машиныг жолоодож явсан талийгаач Т.Амгаланбаатар нь миний төрсөн дүү байгаа юм. Энэ зам тээврийн ослын улмаас амь насаа алдсан. Хохирогчийн ар гэрийн зүгээс оршуулгын зардал 10629999 төгрөг нэхэмжилж байна. Үүнээс шүүгдэгчийн өгсөн 500000 төгрөгийг хасч тооцно гэх, хохирогч Б.Баярсайханы...би машин дотроос гарч байсан. Намайг машинаас гаргахад миний зүүн хөлний яс, эгэмний яс, хавирга хугарсан, мөн шүд унасан байсан. Намайг машинаас гаргаад шон мод түшүүлж суулгасан. Би шүүгдэгчээс эм байна уу гэхэд өвчин намдаах эм авчирч өгсөн. Би 3000000 төгрөг нэхэмжилж байна. Надад гомдол, санал байхгүй. Эмчилгээний зардал болох 3000000 төгрөгийг  авна гэх, хохирогч Б.Отгонцэцэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттуяагийн...хохирогч Отгонцэцэгийн эмчилгээ хийлгэсэн, эм, тарианы үнэ 520.000 төгрөгийг нэхэмжилж байна гэх, гэрч Б.Ариунбаатарын...амь хохирогч Амгаланбаатар замын турш жолоо барьж явсан. Тухайн үед урд талаас хар өнгийн Sonata 6 маркийн машин гарч ирсэн бөгөөд бид хоорондоо мөргөлдсөн. Sonata 6 маркийн машины урд Sonata 5 маркийн машин, түүний урд мотоциколь явж байсан. Мотоциколь зогсохоор дохио өгсөн бөгөөд үүнээс болж Sonata 5 маркийн машин хурдаа хасч удаанаар явж байсан гэх, мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Хэнчбишийн…”Пургон” машин хажуугаар өнгөрөөд гарах шиг болсон чинь хойд талд хурд сааруулагчин дээр харайж байгаа юм шиг дуугараад хойд талын дугуй хагарчих шиг санагдсан тэгээд жаахан цаашаа явж зогсоод эргээд харсан чинь миний хажуугаар дөнгөж өнгөрч явсан "Пургон" машин миний ард явсан "Соната-6" маркийн машинтай мөргөлдөөд "Пургон" машин нь замын хажуу руу унаад "Соната-6" машин нь зам дээрээ үлдсэн байсан…, буугаад харсан чинь миний машины хойд зүүн талын гупер, гэрэл хагарчихсан байсан. Хоёр машин мөргөлдөөд миний машиныг “Соната-6” мөргөчихөж гэж бодсон. Учир нь миний хагарсан гупер дээр хар будаг наалдчихсан байсан. "Соната-6" машин хар өнгөтэй, "Пургон" нь саарал өнгөтэй байсан…, би огцом тоормозлох үйлдэл хийгээгүй урд яваа мотоциколь замын урд тал руу гарах дохио өгсөн болохоор аажмаар хурдаа хассан юм гэх, гэрч Б.Баярбатын...хар өнгийн "Соната-6" маркийн машин миний машиныг гүйцэж түрүүлээд урд орсон. Урд ороод удаагүй тойрог хэсэг дээр хар “Соната-6” эхлээд миний урд явж байсан саарал өнгийн "Соната-5" маркийн машиныг гүйцэж түрүүлэх гэж байгаад машинтай мөргөлдсөн…, би бол 70-80 км цагийн хурдтай явж байхад намайг гүйцэж түрүүлсэн. Нилээн хурдтай явж байсан гэх, гэрч М.Мөнхзаяагийн...Уг "Пургон" машиныг гүйцэж түрүүлэх боломж олдохгүй урд эсрэг урсгалаас машинууд ирээд гүйцэж чадаагүй явж байхад яг "Уньт" орохоос наад талд тойрог зам дээр эсрэг урсгалд саарал өнгийн "Соната-5" машин явж байсан чинь араас нь хар өнгийн "Соната-6" машин гүйцэж түрүүлж гарч ирээд миний урд талд явж байсан саарал өнгийн Пургоныг жолооч талын хэсэг рүү нь мөргөөд Пургоны бөгс хэсэг нь босч ирээд бүтэн эргэн зам дээр унаад замын хажуу тал руу дахиж бүтэн эргээд унасан…, Пургон машин өөрийн урсгалдаа явж байсан. Хар "Соната-6" машин урсгал сөрж гарч ирээд мөргөчихсөн гэх, мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Ариунбаатарын...эсрэг урсгалаас нэг мотоцикольтой хүн ард нь саарал өнгийн “Соната-5” машин их зөөлхөн зогсох шахуу явж байхад нь манай "Пургон" машин мотоцикльтой дөнгөж зөрсөн байх урдаас хар өнгийн жижиг суудлын машин саарал өнгийн "Соната-5" машины хажуугаар манай явж байсан урсгал руу урд явж байсан машинаа гүйцэж түрүүлэх гээд гарч ирээд манай машины урдаас мөргөсөн гэх, гэрч Б.Сэргэлэнгийн…миний харснаар миний сууж явсан Соната маркийн тээврийн хэрэгслийн жолооч 100-110 км цагийн хурдтай явж байсан. Ингээд явж байхад бид нарын урд талд явж байсан машинуудын урдуур зам хөндлөн мотоцикольтой хүн гарсан бөгөөд тухайн үед миний сууж явсан машины урд талын машинууд бүгд тормос гишгээд зогссон. Харин миний сууж явсан машин хурдтай явсан болохоор тормос гишгээд зогсохгүй урд талынхаа машиныг мөргөсөн чинь жолооч нь рүлээ зүүн гар тийш нь дараад замын цагаан зураас даваад эсрэг урсгал руу "Соната" маркийн тээврийн хэрэгслийн хамар нь орж өөрийнхөө урсгалд явж байсан "Пургон" маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн. Ийм л зүйл болсон. Би нүдээрээ харсан. Заримдаа 100-120 бараг хүрч байсан гэх мэдүүлэг,”... Т.Амгаланбаатар нь хавсарсан олон гэмтэл гавал тархины битүү гэмтэл, суурь ясны хугарал, тархины эдийн няцрал, олон хавирганы хугарал зэрэг гэмтлүүдийн улмаас амьсгал зүрх судасны дутагдалд орж нас барсан болохыг тогтоосон Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 48 тоот дүгнэлт, “...хохирогч М.Баасантуяа нь нурууны Тh2, ТhЗ, Тh4, Тh5 нугалмын шахагдсан хугарал тогтоосон Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 240 тоот дүгнэлт, “...хохиоргч Б.Отгонцэцэг нь зүүн шилбэ ясны хугарал тогтоосон Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн шинжээчийн 241 тоот дүгнэлт, “...хохирогч Б.Баярсайхан нь зүүн дал, шаант, тахилзуур, өсгий, шуу ясны далд хугарал, баруун 5-р хавирганы далд хугарал, тархи доргилт тогтоосон Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 258 тоот дүгнэлтүүд, шүүгдэгч С.Гэрэлтуяа нь Замын хөдөлгөөний дүрмийн 2.1а, 10.1а, 10.2, 7.1-д заалтуудыг зөрчсөн болохыг тогтоосон Булган аймгийн Замын цагдаагийн тасгийн 2016 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 42 тоот дүгнэлт зэрэг нотлох баримтууддаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хохирогч нарын биед учирсан гэмтэл, талийгаачийн амь хохирсон шалтгааныг тогтоосон болон зам тээврийн ослын дүгнэлтийг эрх бүхий шинжээчид тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан, хэргийн бодит байдалтай нийцсэн, хэрэгт ач холбогдолтой байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дарьбазар нь тухайн хэргийн газрын үзлэгийг дутуу хийсэн, мөн Соната-5 маркийн тээврийн хэрэгслийн араас шүүгдэгчийн жолоодож явсан Соната-6 маркийн машин мөргөөд зогсоход хурдны хайрцаг гацаад 50-60 миль дээр заагаад зогссон гэж шүүгдэгч болон хохирогч Баярсайхан нар мэдүүлж байхад Соната-6 маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийхдээ дээрхи байдлыг шалгаж тогтоогоогүй, УАЗ-Пургон машины жолооч амь хохирогч Амгаланбаатарыг согтуурсан үедээ автомашин жолоодож явсан байхад урд явж байсан удирдлагуудаас нь энэ талаар асууж тодруулаагүй гэж мэтгэлзэж байгаа хэдий ч  энэ нь шүүгдэгч С.Гэрэлтуяагийн гэм бурууг нотлож байгаа дээрх баримтуудаар үгүйсгэгдэж байна. Түүнчлэн тухайн хэрэг учралын газар болон  Соната-6 маркийн тээврийн хэрэгсэлд дахин нөхөн  үзлэх хийх нь нотлогооны ач холбогдолгүй юм.

Хэрэгт байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан гэрч Б.Баярбатын...хар өнгийн “Соната-6” эхлээд миний урд явж байсан саарал өнгийн "Соната-5" маркийн машиныг гүйцэж түрүүлэх гэж байгаад машинтай мөргөлдсөн…,би 70-80 км/ц хурдтай явж байхад намайг гүйцэж түлүүлсэн бөгөөд нилээн хурдтай явж байсан гэх, гэрч М.Мөнзаяагийн..."Соната-6" машин гүйцэж түрүүлж гарч ирээд миний урд талд явж байсан саарал өнгийн Пургоныг жолооч талын хэсэг рүү нь мөргөөд Пургоны бөгс хэсэг нь босч ирээд бүтэн эргэн зам дээр унаад замын хажуу тал руу дахиж бүтэн эргээд унасан…, "Соната-6" машин урсгал сөрж гарч ирээд мөргөчихсөн гэх, шатанд гэрч Б.Ариунбаатарын...манай "Пургон" машин мотоцикльтой дөнгөж зөрсөн байх урдаас хар өнгийн жижиг суудлын машин саарал өнгийн "Соната-5" машины хажуугаар манай явж байсан урсгал руу урд явж байсан машинаа гүйцэж түрүүлэх гээд гарч ирээд манай машины урдаас мөргөсөн гэх, гэрч Б.Сэргэлэнгийн…миний харснаар миний сууж явсан Соната маркийн тээврийн хэрэгслийн жолооч 100-110 км цагийн хурдтай явж байсан…,“замын цагаан зураас даваад” эсрэг урсгал руу "Соната" маркийн тээврийн хэрэгслийн хамар нь орж өөрийнхөө урсгалд явж байсан "Пургон" маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн. Заримдаа 100-120 бараг хүрч байсан гэх мэдүүлэгээр Монгол улмын замын хөдөлгөөний дүрмийн..."гүйцэж түрүүлэх үйлдлийг хийхдээ гүйцэгдэж байгаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулахгүй байвал зохино" гэх, мөн "хоёр буюу гурван эгнээгээр зорчдог замд хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлах, мөн замын аюул бүхий хэсэгт эгнээний хилийг заах, түүнчлэн зорчих хэсгийн орохыг хориглосон хэсгийг хязгаарлах буюу тээврийн хэрэгслийн зогсоолыг хилийг тэмдэглэнэнүүдийг тус тус зөрчсөн болох нь нотлогдож байгаа бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Гэрэлтуяагийн...“Соната-5 машин огцом тооромслоод би араас нь мөргөж зогсоод миний машины хурдны хайрцаг гацаад зогссон. Тэгэхэд эсрэг урсгалд явж байсан Пургон машин хурдтай гарч ирээд мөргөсөн” гэх мэдүүлэг нь үүгээр няцаагдаж байна.

Иймд шүүгдэгч С.Гэрэлтуяаг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас хохирогч М.Баасантуяа, Б.Баярсайхан, Б.Отгонцэцэг нарын хүний бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан, Б.Амгаланбаатарын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т заасан ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Иргэний нэхэмжлэгчээр Д.Хэнчбиш, С.Амгаланбаатар нарыг тогтоосон байхад гэрчээр мэдүүлэг авсан нь ойлгомжгүй байна гэж  байгаа хэдий ч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 45 дугаар зүйлийн 45.3-т заасан гэрчээр байцааж болохгүй үндэслэлд хамаарахгүй байна.  

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Т.Нарантуяа оршуулгын зардалд 10.629.996 төгрөг, хохирогч Б.Отгонцэцэг 520.000 төгрөг, хохирогч М.Баасантуяа 1.442.100 төгрөг, иргэний нэхэммжлэгч Д.Хэнчбиш 530.500 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хохирогч Т.Нарантуяагийн нэхэмжилсэн нотлох баримтын шаардлага хангасан 4.971.780 төгрөг, хохирогч Б.Отгонцэцэгийн 363.796, хохирогч М.Баасантуяагийн 1.382.500 төгрөг, иргэний нэхэмжлэгч Д.Хэнчбишийн 530.500 төгрөгийг шүүгдэгчээс тус тус гаргуулж олгох нь зүйтэй байна.

Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч С.Гэрэлтуяа хохирогч Т.Нарантуяад 500.000 төгрөг төлсөн байх ба үлдэх нотлох баримтын шаардлага хангахгүй хохирогч Т.Нарантуяагийн 5.158.216 төгрөг, хохирогч Б.Отгонцэцэгийн 156.204 төгрөг, хохирогч М.Баасантуяагийн 59.600 төгрөг, иргэний нэхэмжлэгч С.Амгаланбаатарын шүүхэд ирүүлсэн 45-60 ДГО УАЗ-пургон автомашины үнэлгээний 350.000, журмын хашааны 1.260.000 төгрөгийг тус тус хэлэлцэхгүй орхиж, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Баярсайхан эмчилгээний зардалд 3.000.000 төгрөг нэхэмжилж байгаа хэдий ч эмчилгээтэй холбоотой нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй байх тул иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагчийн өмгөөлөгч Б.Энхтуяа нь шүүгдэгч С.Гэрэлтуяагийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг Замын Цагдаагийн газраас авсан хүчинтөгөлдөр түр үнэмлэх тул шүүгдэгч нь жолоодох эрхтэй байсан байна. Шүүгдэгчийн түр үнэмлэхийг хуурамч эсэхийг цагдаагийн байгууллага шалгаж тогтоогоогүй. Иймд иргэний хариуцагч Баянбургуул Хоршоо нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3-р хавсралтын Зб заалт "тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох жолоодох эрхийн үнэмлэхгүй буюу түүнчлэн согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан хүнээр тээврийн хэрэгсэл жолоодуулахгүй байх" гэсэн заалтыг зөрчөөгүй байна гэж мэтгэлцэж байгаа хэдий ч шүүгдэгч С.Гэрэлтуяа нь 2016 оны 5 дугаар сарын 24-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 24-ны өдрийг хүртэл тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 сарын хугацаагаар хасуулсан тухай замын цагдаагийн мэдээлэлийн санд бүртгэгдсэн талаархи баримт хэрэгт авагдсан байна.

Мөн хавтаст хэргийн 16, 19 дүгээр талд тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл нь 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдөр гэх боловч 17-18, 20-21 дүгээр талд авагдсан гэрэл зургийн үзүүлэлтэд 2016 оны 7 дугаар сарын 15-ны өдөр гэж Криминалистикийн шинжээч дэслэгч Т.Баттөмөр гэж гарын үсэг зуруулсан байгаа нь  цаг хугацааны хувьд зөрүүтэй байна, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү гэх боловч хавтас хэрэгт авагдсан дээрхи тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл дээр цаг хугацааны хувьд компютер техникийн алдаа гаргасан байна гэж шүүх үзэж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлд заасан хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Гэрэлтуяа нь 91-88 ХӨА улсын дугаартай Соната-6 маркийн тээврийн хэрэгсэл миний өмчлөлийн тээврийн хэрэгсэл гэж байгаа боловч хавтас хэргийн 176 дугаар талд авагдсан баримтаар уг тээврийн хэрэгсэл нь Баянбургуул Хоршооны өмч болох нь тогтоогдож байх тул Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д зааснаар”...тээврийн хэрэгслийг ашиглах явцад...”эд юмс нь устаж гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорын нөхөн төлөх үүрэгтэй байх ба иргэний хариуцагч Баянбургуул Хоршооноос 45-60 ДГО улсын дугаартай УАЗ-пургон автомашины хохирлын 15.588.900 төгрөгийг гаргуулж Дорноговь аймгийн Эм эргэлтийн санд олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.  

            Харин хэрэгт авагдсан баримтаар иргэний хариуцагч Баянбургуул хоршоо нь 91-88 ХӨА улсын дугаартай Соната-6 маркийн тээврийн хэрэгслийн хохирлын үнэлгээ 4.620.000 төгрөгийг талаархи нэхэмжлэлийг шүүхэд ирүүлээгүй байх тул гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч С.Гэрэлтуяа нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, хувийн байдал /хх-217 тал/ зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.           

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн №76070 дугаартай С.Гэрэлтуяагийн жолооны түр үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, №01119151 дугаартай 91-88 ХӨА Соната-6 маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээг эзэмшигч “Баянбургуул” Хоршоонд буцаан олгож, 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолын хүчингүй болгож, 91-88 ХӨА Соната-6 маркийн тээврийн хэрэгслийг эзэмшигч “Баянбургуул” Хоршоонд буцаан олгохоор тус тус шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 291 дүгээр зүйлийн 291.3, 295-299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь

1. Баяжих овогт Сэсрэнгийн Гэрэлтуяаг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчиж бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан бусдын амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар шүүгдэгч С.Гэрэлтуяагийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн   хуулийн   ерөнхий   ангийн   52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч С.Гэрэлтуяад оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч С.Гэрэлтуяа нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг дурьдсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн №76070 дугаартай шүүгдэгч С.Гэрэлтуяагийн жолооны түр үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, №01119151 дугаартай 91-88 ХӨА Соната-6 маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээг эзэмшигч Баянбургуул Хоршоонд буцаан олгож, 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолын хүчингүй болгож, 91-88 ХӨА Соната-6 маркийн тээврийн хэрэгслийг эзэмшигч Баянбургуул Хоршоонд буцаан олгосугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар шүүгдэгч С.Гэрэлтуяагаас 4.971.780 төгрөгийг гаргуулж хохирогч Т.Нарантуяад, хохирогч Б.Отгонцэцэгт 363.796 төгрөг, хохирогч М.Баасантуяад 1.382.500 төгрөг, иргэний нэхэмжлэгч Д.Хэнчбишид 530.500 төгрөгийг тус тус олгож, иргэний хариуцагч Баянбургуул Хоршооноос УАЗ-Пургон машины үнэ болох 15.588.900 төгрөгийг гаргуулж Дорноговь аймгийн Эм эргэлтийн санд олгож, хохирогч Б.Баярсайхан нь эмчилгээтэй холбоотой баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар шүүгдэгч С.Гэрэлтуяагийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг үндсэн ялыг эдлэж дууссан үеэс эхлэн тоолсугай.  

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Гэрэлтуяад авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж эдлэх ялыг 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн тоолсугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ж.ДЭЛГЭРМӨРӨН