Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 0001

 

        Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Хүрэлбаатар даргалж, шүүгч Сү.Уранчимэг, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн нарын бүрэлдэхүүнтэй,                                                                                     

Шүүх хуралдаанд:

Прокурор                                                         Ц.Гэрэлбаатар

Хохирогч                                                         Д.Б

Хохирогчийн өмгөөлөгч                               П.Ган-Очир

Иргэний хариуцагч                                       Б.Э

Шүүгдэгч                                                          С.Г

Шүүгдэгчийн өмгөөлөгч                               Д.Дарьбазар

Нарийн бичгийн дарга                                 С.Гончигбал нарыг оролцуулан

   Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 155 дугаартай шийтгэх тогтоолтой С.Г-д холбогдох 201606000179 дугаартай эрүүгийн хэргийг иргэний хариуцагчийн өмгөөлөгч Б.Энхтуяа, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дарьбазар нарын гомдлыг үндэслэн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ... Б овогт С-ийн Г.

Шүүгдэгч С.Г нь 2016 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт багийн нутагт “Соната-6” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж, улмаар “УАЗ Пургон” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, хохирогч Д.Б, М.Б, Б.О нарын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулж, хохирогч Т.А-ын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

   Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 155 дугаартай шийтгэх тогтоолоор:

Б овогт С-ийн Г-г авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, хүний амь нас хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч С.Г-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 / дөрвөн/ жилийн хугацаагаар хасаж, 2 / хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн   хуулийн   ерөнхий   ангийн   5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г-д оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2-т зааснаар шүүгдэгч С. Г-ийн  цагдан хоригдсон 69 хоногийг эдлэх ялд оруулан тооцож,

2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолын хүчингүй болгож, Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн №76070 дугаартай шүүгдэгч С.Гэрэлтуяагийн жолооны түр үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, ... Соната-6 маркийн тээврийн хэрэгслийг ... дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хамт өмчлөгч Б Х-д олгож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 499 дүгээр зүйлийн 499.4, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 1, 508 дугаар зүйлийн 508.2, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан   иргэний хариуцагч “Б” хоршооноос 12465456 төгрөг гаргуулж, хохирогч Т.Н-д 9529310 /есэн сая таван зуун хорин есэн мянга гурван зуун арван төгрөг/, хохирогч Д.Б-д 377650 /гурван зуун далан долоон мянга зургаан зуун тавин төгрөг/, М.Б-д 1664200 / нэг сая зургаан зуун жаран дөрвөн мянга хоёр зуун төгрөг/, Б.О-т 363796 /гурван зуун жаран гурван мянга долоон зуун ерин зургаан төгрөг/, иргэний нэхэмжлэгч Д.Х-д 530500 /таван зуун гучин мянга таван зуу/ төгрөгийг олгож, нэхэмжлэлийн шаардлагаас Т.Н-ийн  600686 /зургаан зуун мянга зургаан зуун наян зургаан төгрөг/, М.Б-ийн 7183000 /долоон сая нэг зуун наян гурван мянга/, Д.Б-ны 2985650  / хоёр сая есөн зуун наян таван мянга зургаан зуун тавин / төгрөг, иргэний нэхэмжлэгч Дорноговь  аймаг “э э-ийн с” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын “УАЗ-пургон” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан 15588900 /арван таван сая таван зуун наян найман мянга есөн зуун/ төгрөгийн хохирол гаргуулах тухай иргэний нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, хохирогч Т.Н нь тэжээгчээ алдсаны тэтгэмж гаргуулах тухай, хохирогч Б.О ажлаас чөлөөлөгдсөн цалин, таксигаар үйлчлүүлсэний зардал, хохирогч Б таяг,таксигаар үйлчлүүлсэний зардалаа тус тус нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг, ... УАЗ-пургон авто машиныг журмын хашаанд тавигдсаны төлбөр 1.260.000 төгрөг,  УАЗ-пургон автомашинд  үнэлгээ хийлгэсний төлбөр  350.000 төгрөгийн иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж,

“Б б” хоршоо нь өөрт учирсан хохиролоо гэм буруутай этгээдээс  нэхэмжлэх эрхтэй  бөгөөд  иргэний хариуцагч Дорноговь  аймаг “э э-ийн с” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар иргэний хариуцлага хүлээх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй болохыг тус тус дурьдаж,

Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан 2017 оны 3 дугаар сарын 9-ний өдөр төрсөн охин Г-ийн Н-д харгалзан дэмжигч  томилохыг Хөвсгөл аймгийн Мөрөн сумын  5-р багийн засаг даргад    даалгаж,

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С.Г-д урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж түүний ял эдлэх хугацааг 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн тоолж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч тэдгээрийн өмгөөлөгч нар Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч С. Г-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Иргэний хариуцагчийн өмгөөлөгч Б.Энхтуяа давж заалдах гомдолдоо:

“... шинжээчийн дүгнэлт зэргүүд нь өөр хоорондоо эрс зөрүүтэй, хэргийн бодит байдалтай нийцээгүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ гэж үзлээ ... Давж заалдах шатны шүүхийн 2017.03.22-ны өдрийн 07 дугаар магадлалын тодорхойлох хэсэгт бичигдсэн дүгнэлттэй нийцээгүй байна ... Анхан шатны шүүх ямар нотлох баримтыг үндэслэж гэм хорын хохирлыг хариуцуулахаас чөлөөлж байгаа нь тодорхойгүй ба энэ талаар ч шийтгэх тогтоолын үндэслэх хэсэгт дурьдаагүй байна. ... Дээрх нөхцөл байдлуудаас үзэхэд иргэдийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлыг иргэний хариуцагч “Б б” хоршоо ганцаараа хариуцах ёсгүй, иргэний хариуцагчаар татагдсан Дорноговь аймаг “Э э-ийн с” ... нь иргэдийн эрүүл мэндийн хохирлыг хамтран хариуцах хууль зүйн үндэслэлтэй юм. Иймд дээрх нөхцөл байдлуудыг анхааран үзэж Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 155 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү...” гэжээ

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дарьбазар давж заалдах гомдолдоо:

“... С.Г нь анх удаа болгоомжгүйгээр хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, түүний ар гэрийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т заасныг баримтлан тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэн, эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 155 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэжээ.

   Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Гэрэлбаатар дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй тул хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагчийн өмгөөлөгч Б.Энхтуяа, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дарьбазар нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн тухайн хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзэхэд

Б овогт С-ийн Г нь 2016 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Орхон аймгаас Хөвсгөл аймгийн чиглэлд “Соната-6” маркийн ... улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт багийн нутагт зорчих хэсгийн орохыг хориглосон хэсгийг хязгаарласан шугамыг давж урсгал сөрсний улмаас замын хөдөлгөөнд оролцож байсан “УАЗ Пургон” маркийн ... улсын дугаартай автомашинтай мөргөлдөж, иргэн Д.Б, М.Б, Б.О нарын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан, иргэн Т.А-ын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 Иргэний хариуцагчийн өмгөөлөгч Б.Энхтуяа нь “...шинжээчийн дүгнэлт зөрүүтэй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн..., ... улсын дугаартай Пургон машин нь хөдөлгөөнд оролцоогүй зогсож байсан ... машиныг мөргөж 2 дахь ослыг гаргасан..., иргэдийн эрүүл мэндэд учирсан хохирлыг иргэний хариуцагч “Б” хоршоо ганцаараа хариуцах ёсгүй...” гэх гомдлыг давж заалдах шатны шүүхэд гаргажээ.

С.Г нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй /2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн хооронд 6 сарын хугацаагаар эрхээ хасуулсан/ атлаа замын хөдөлгөөнд оролцож Монгол улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 2.1.а-д заасныг зөрчсөнөөс гадна

мөн дүрмийн 8.11-т заасан “Жолооч урдаа яваа тээврийн хэрэгсэл зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна”,

8.2-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй 2 эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”,

10.1.а-д заасан “Жолооч гүйцэж түрүүлэх үйлдлийг хийхэд хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг мэдсэн байвал зохино”,

10.2-т заасан “Гүйцэж түрүүлэх үйлдлийг хийхдээ гүйцэгдэж байгаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулахгүй байвал зохино” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас дээрх үйл баримт болсон нь тогтоогдож байна.

Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг дээрхи гэмт хэрэг нь С.Г-ийн буруутай үйлдлээс үүдэн гарсан нь бүрэлдэхүүнтэй шинжээч нарын гаргасан 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн дүгнэлтээр хөдөлбөргүй тогтоогдсон байх бөгөөд дээрх дүгнэлт нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч Б.Б-ны “биднийг замд явж байхад урд явж байсан Соната-5 маркийн машин тоормос гишгэсэн. Би энэ үед суудлын ард талаар доошоо суусан. Энэ үед шүүгдэгч буюу жолооч яанаа гээд байсан...” гэх мэдүүлэг /хх 38/,

гэрч Д.Х-ийн “...Соната-5 маркийн машинтайгаа яваад Уньт өнгөрөөд 1 км орчим л явсан байх миний урд нэг мотоцикльтой хүн явж байгаад ус зайлуулагч далантай тойрог өнгөрч яваад замын урд тал руу салсан шороон зам руу гарах гээд дохио өгөхөөр нь би хурдаа сааруулаад бараг 20 км цагийн хурдтай болсон байх. Харахад урдаас эсрэг урсгалд Пургон машин ойрхон ирж явсан. Мотоцикльтой хүн Пургон машиныг өнгөрөөгөөд эргэх гэж байгаа харагдсан. Пургон машин хажуугаар өнгөрөөд гарах шиг болсон чинь хойд талд хурд сааруулагчин дээр харайж байгаа юм шиг дугараад хойд талын дугуй хагарчих шиг санагдсан ... эргээд харсан чинь миний хажуугаар өнгөрч явсан Пургон машин миний ард явсан Соната-6 маркийн машинтай мөргөлдөөд Пургон нь замын хажуу руу унаад Соната -6 нь зам дээрээ үлдсэн байсан...буугаад харсан чинь миний машины хойд талын гупер, гэрэл хагарчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх 38/,

гэрч Б.Баярбатын “..Уньт өнгөрөөд явж байхад хар өнгийн Соната -6 маркийн машин миний машиныг гүйцэж түрүүлээд урд орсон. Урд ороод удаагүй тойрог  хэсэг дээр хар Соната-6 эхлээд миний урд явж байсан саарал өнгийн Соната-5 маркийн машиныг гүйцэж түрүүлэх гэж байгаад машинтай мөргөлдсөн. Тэгээд хоёр машин мөргөлдөөд урдаас ирж яваа машин нь агаар дээр эргээд гараад ирсэн... Би яг мөргөлдөхийг харсан ... Соната-6 машин урдах машинаа гүйцэж түрүүлэх гэж эсрэг урсгал руу ороод Пургон машиныг мөргөсөн...” гэх мэдүүлэг /хх 43/,

гэрч М.М-ийн “...Пургон машины ард дагаад явж байсан. Пургон машиныг гүйцэж түрүүлэх боломж олдохгүй урд эсрэг урсгалаас машинууд ирээд гүйцэж чадаагүй явж байхад уг Уньт орохоос наад талд тойрог зам дээр эсрэг урсгалд саарал өнгийн Соната-5 машин явж байсан чинь араас нь хар өнгийн Соната-6 машин гүйцэж түрүүлж гарч ирээд миний урд талд явж байсан саарал өнгийн Пургоныг жолооч талын хэсэг рүү нь мөргөөд Пургоны бөгс хэсэг нь босч ирээд бүтэн эргэн зам дээр унаад замын хажуу тал руу дахиж бүтэн эргээд унасан ... би ойрхон 15-20 орчим метрийн зайтай явж байсан...” гэх мэдүүлэг /хх 44/,

гэрч Б.А-ын “...өөдөөс эсрэг урсгалаас нэг мотоцикльтой хүн ард нь саарал өнгийн Соната-5 машин их зөөлхөн зогсох шахуу явж байхад нь манай Пургон машин мотоцикльтой дөнгөж зөрсөн байх урдаас хар өнгийн жижиг суудлын машин саарал өнгийн Соната-5 машины хажуугаар манай явж байсан урсгал руу урд явж байсан машинаа гүйцэж түрүүлэх гээд гарч ирээд манай машины урдаас мөргөсөн...машиныг зогсоох ямар ч боломж байгаагүй, эргэлтэн дээр гэнэт гарч ирээд мөргөчихсөн...” гэх мэдүүлэг /хх 45/,

гэрч Б.С-гийн “...би жолоочийн хажуу талын урд суудалд сууж явсан. Миний харснаас миний сууж явсан Соната маркийн машин 100-110 км цагийн хурдтай явж байсан...бид нарын урд талд явж байсан машинуудын урдуур зам хөндлөн мотоцикльтой хүн гарсан бөгөөд тухайн үед миний сууж явсан машины урд талын машинууд бүгд тоормос гишгээд зогссон. Харин миний сууж явсан машин хурдтай явсан болохоор тоормос гишгээд зогсохгүй урд талынхаа машиныг мөргөсөн чинь жолооч нь рүлээ зүүн гар тийш дараад замын цагаан зурвас даваад эсрэг урсгал руу Соната маркийн тээврийн хэрэгслийн хамар нь орж өөрийнхөө урсгалд явж байсан Пургон маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн...” гэх мэдүүлэг /хх 53/,

гэрч Б.Г-ын “ ... би дохио өгч зүүн гар тийшээ эргэж асфальтан замаас салах гэж байхад миний өөдөөс Пургон автомашин ирж байсан. Тэгэхээр нь Пургон машиныг хүлээж дохио өгөөд зогссон. Пургон миний хажуугаар өнгөрч яваад ард хүчтэй дуу чимээ гарахаар нь би эргээд харсан чинь Пургон автомашин Соната-6 маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн байсан ... ” гэх мэдүүлэг /3 дугаар хх 118-119/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

 Мөн шүүгдэгч С.Г нь “Б” хоршоонд уг хоршооны эзэмшлийн “Соната-6” маркийн ... улсын дугаартай автомашины жолоочоор ажиллаж байх үедээ уг зам тээврийн ослыг гаргажээ.

Тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорыг арилгах талаар Монгол улсын Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-т “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан ... бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж заасан.

Анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан дээрхи баримтуудыг үндэслэн гэм хорын хохирлын асуудлыг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох зүйл, заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж, С.Г-ийн бусдад учруулсан гэм хорыг “Б” хоршооноос гаргуулахаар тогтоосон нь үндэслэл бүхий болжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй байна.

Иймд иргэний хариуцагч Б.Э-ийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэл тогтоогдохгүй байна.

Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дарьбазарын гаргасан “... С.Г нь анх удаа болгоомжгүйгээр хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, түүний ар гэрийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т заасныг баримтлан тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэж өгнө үү...” давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх” талаар хуульчилсан бөгөөд шүүгдэгч С.Г нь өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэх нөхцөл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх боломжгүй байна.

Иймд иргэний хариуцагч Б.Э, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дарьбазар нарын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1,  39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

   ТОГТООХ нь:

1.Иргэний хариуцагчийн өмгөөлөгч Б.Энхтуяа, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дарьбазар нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 155 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             М.ХҮРЭЛБААТАР

            ШҮҮГЧ                                           СҮ.УРАНЧИМЭГ

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Ё.БЯМБАЦЭРЭН