Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 01029

 

        Ж.Б-ын нэхэмжлэлтэй,

      иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч М.Наранцэцэг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 182/ШШ2018/00509 дүгээр шийдвэртэй, Ж.Б-ын нэхэмжлэлтэй, Ц-т холбогдох

Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 25 093 014 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлөхийг даалгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартааа: Ж.Б нь Ц-ын дэд даргаар ажиллаж байгаад Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн Б/27 тоот тушаалаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж, улмаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 221/МА2017/0273 дугаар магадлалаар хариуцагч Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн Б/27 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ж.Б-ыг Ц-ын дэд даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 8 608 021 төгрөг олгож, зохих нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагч Ц-ын даргад даалгаж шийдвэрлэсэн. Энэхүү шүүхийн шийдвэрийн дагуу Ц-аас нэхэмжлэгч Ж.Б-д ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг нөхөн олгосон. Харин Хууль зүйн, дотоод хэргийн сайд шүүхийн шийдвэрийг өнөөдрийг хүртэл биелүүлэхгүй байгаагаас ажилдаа орж чадахгүй байна.

Нэхэмжлэгч Ж.Б-ын шүүхийн шийдвэр гарсан 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 25 093 014 төгрөг гаргуулж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц-аас шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 221/МА2017/0273 дугаар магадлалаар Ж.Б-ыг Ц-ын үүрэгт ажлаас чөлөөлсөн Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн Б/27 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ж.Б-ыг Ц-ын дэд даргын ажилд эгүүлэн тогтоохыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 8 608 021 төгрөгийг олгохыг Ц-т даалгаж шийдвэрлэсний дагуу Ц-аас шүүхийн шийдвэрийг биелүүлсэн.

Ц-ын дэд даргыг Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн томилж, чөлөөлөхөөр заасан бөгөөд Ц-ын дэд даргын хувьд ажил олгогч нь Хууль зүй, дотоо хэргийн сайд байна. Ж.Б-ыг ажилд нь эгүүлэн тогтоох шүүхийн шийдвэр гарснаас хойш эрх бүхий албан тушаалтнаас түүнийг ажилд томилсон талаар ямар нэг шийдвэр ирээгүй. Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт “Төрийн албан хаагчид албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс олгоно” гэж, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3-т “Төсвийн шууд захирагч нь батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагчдын цалин хөлсийг тогтоох бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гэж тус тус заасан тул нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинг олгох боломжгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-ийг баримтлан Ц-аас 3 458 842 төгрөгийг гаргуулж Ж.Б-д олгож, нэхэмжлэгчийн 21 634 172 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Ж.Б-д олгох ёстой 3 458 842 төгрөгөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, татварыг тооцон төлж, дэвтэрт нь бичилт хийхийг хариуцагчид даалгаж,

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хариуцагчаас тэмдэгтийн хураамжинд 70 291 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжинд төлсөн 283 415 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 221/MA2017/0273 тоот магадлалаар нэхэмжлэгч Ж.Б-ыг урьд эрхэлж байсан албан тушаал буюу Ц-ын дэд даргын ажилд эгүүлэн тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагч Ц-т даалгаж шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шийдвэр байгаа. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дахь хэсэгт "Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон...үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй" гэж заасан. Гэтэл Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 182/ШШ2018/00509 дүгээр шийдвэр нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор олгохыг Ц-т даалгаж шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг дахин нотолж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт заасныг зөрчиж шүүхийн шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Мөн Хөдөлмөрийн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт "Хөдөлмөрийн гэрээний галууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй” гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгчийн хувьд төрийн тусгай албан хаагч юм. Гэтэл хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх чухам ямар байгууллагад гомдол гаргах байсан тухай дурдалгүй, нэхэмжлэгчийг ажилд томилохгүй байгаа нь нэхэмжлэгчээс шалтгаалсан мэтээр нэхэмжлэгчийг буруутгасанд гомдолтой байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

     Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн эрхийг хангах талаар хийвэл зохих ажиллагааг бүрэн гүйцэтгэсэн боловч Хөдөлмөрийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэснийг давж заалдах шатны шүүхээс шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах замаар зөвтгөх боломжтой.

Нэхэмжлэгч Ж.Б нь хариуцагч Ц-т холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 25 093 014 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 221/МА2018/0273 дугаар магадлалаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 106 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Б-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн Б/27 дугаар тушаалыг хүчингүй болгож, Ж.Б-ыг Ц-ын дэд даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 8 608 021 төгрөгийг олгож, зохих нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шитгэлийг нөхөн төлөхийг хариуцагч Ц-ын даргад даалгаж шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдсон байна. /хх 5-12/

Иймд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр Ж.Б-ыг ажлаас чөлөөлсөн нь хууль бус гэдэг нь тогтоогдсон, уг үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дахин нотлохгүй болно.

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд ажил олгогч нь нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн томилоогүй эрхийн зөрчил арилаагүй байгаа болох нь талуудын тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг ажил олгогчоос шаардах эрхтэй.

    Ажил олгогч нь шүүхийн шийдвэрийн дагуу ажилтанг ажилд эгүүлэн томилоогүй буюу эрхийн зөрчил арилаагүй үргэлжилсээр байхад  шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх талаар холбогдох газарт хандаагүй, цалин хөлс олгохгүй байгаа асуудлыг хуульд заасан хугацаанд гаргаагүй гэж ажилтанг буруутгах үндэслэлгүй.

Нэхэмжлэгч Ж.Б нь Ц-т ажиллаж байсан бөгөөд түүнийг ажилд эгүүлэн тогтоох эрх бүхий субьект нь Хууль зүй, дотоод хэргийн сайд хэдий ч Захиргааны хэргийн давж заалдах шатны хүчин төгөлдөр шийдвэрээр ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор олгохыг Ц-ын даргад даалгаж шийдвэрлэсэн зэрэг үндэслэлээр олговрыг хариуцагч байгууллагаас гаргуулах нь зөв юм.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилтныг ажил албан тушаалд эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгохоор зохицуулсан тул Захиргааны давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр олговор тогтоосон хугацаанаас хойш буюу 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс хойш  2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх, ажилгүй байсан хугацааг 13 сар 4 хоногоор тооцож, урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговорт 25 093 014 төгрөг /13 сар*1902 363 төгрөг /1 сарын цалин/=24 730 719 төгрөг, 4 өдөр*90 588 /1 өдрийн цалин/ төгрөг= 362 352 төгрөг/-ийг хариуцагч Ц-аас гаргуулж нэхэмжлэгч Ж.Б-д олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.

       Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг хангасан болон хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 182/ШШ2018/00509 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц-аас 25 093 014 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ж.Б-д олгосугай” гэж, 2 дахь заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Б-ын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Ц-т даалгасугай” гэж тус тус өөрчлөн найруулж, 3 дахь заалтад “70 291” гэснийг “283 415” гэж өөрчлөлт оруулж, шийдвэрийн буусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн  хураамжид төлсөн 266 120 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Э.ЗОЛЗАЯА

                                                          ШҮҮГЧИД                                       М.НАРАНЦЭЦЭГ

                                                                                                                  Д.БАЙГАЛМАА