Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2022/00283

 

Б.Бийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 133/ШШ2020/00651 дүгээр шийдвэр,

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 205/МА2021/00002 дугаар магадлалтай,

Б.Бийн нэхэмжлэлтэй

Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамны харъяа Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд холбогдох

Дутуу олгосон тэтгэмжид 11,397,626 төгрөг, 2017 оны ээлжийн амралтын олговор 600,000 төгрөг, үндэслэлгүйгээр суутгаж авсан 1,723,000 төгрөгийг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч Б.Бийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Даваажаргал, нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамны харъяа Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд холбогдуулан дутуу олгосон тэтгэмжид 11,397,626 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2017 оны ээлжийн амралтын олговор 600,000 төгрөг, үндэслэлгүйгээр суутгаж авсан 1,723,000 төгрөгийг тус тус гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна.

Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй маргажээ.

2. Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 133/ШШ2020/00651 дүгээр шийдвэрээр Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.4, 43.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3, 63 дугаар зүйлийн 63.1.1, 63.4-т заасныг тус тус баримтлан хариуцагч Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамны харъяа Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөөс ажилтанд олгох нэг удаагийн буцалтгүй мөнгөн тэтгэмжээс үндэслэлгүй суутгагдсан 1,563,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Бт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1, 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг тус тус баримтлан хариуцагч Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамны харъяа Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөөс 39,958 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

3. Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 205/МА2021/00002 дугаар магадлалаар Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 133/ШШ2020/00651 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөөс ажилтанд олгох нэг удаагийн буцалтгүй мөнгөн тэтгэмжээс үндэслэлгүй суутгагдсан 1,563,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Бт олгож...” гэсний дараа “нэхэмжлэлийн шаардлагаас ээлжийн амралтын 600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Бийн 36 сарын мөнгөн тэтгэмжээс дутуу олгосон 11,397,626 төгрөг гаргуулах тухай хэргийг хэрэгсэхгүй болгож...” гэж өөрчилж, нэхэмжлэгч Б.Б, хариуцагч байгууллагын төлөөлөгч С.Бурмаа нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Монгол улсын Иргэний Хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 заасныг баримтлан хариуцагч байгууллагын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39,958 төгрөгийг улсын орлого болгож шийдвэрлэсэн байна.

4. Нэхэмжлэгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

4.1. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 зааснаар хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Үүнд: тэтгэмжинд дутуу олгогдсон 11,397,626 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.4, 43.1.4 дэх хэсгийн заалтыг дурдсан атлаа Боловсролын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15-д номын санг гэсэн ажлын байрны нэр алга гэсэн үндэслэлээр, мөн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн нэр тусгагдаагүй гэсэн үндэслэлээр 2016 оны үндсэн байгууллагын төсвийн саналаар 2017 оны төсөвт бичиг хэрэг, жижүүр, багш, номын санч гэх 5 хүний тэтгэмж нийт 28,069,000 төгрөгийн санхүүжилт батлагдсаныг нотлох баримтаар өгсөөр байхад хэт нэг талыг барьж, заалтуудыг нарийвчлан уншиж дүгнээгүйгээс миний эрх ашиг удаан хугацаагаар зөрчигдөж байна. Тодруулбал: Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.4-т МСҮТөв гэсэн томъёолол тусгагдчихсан байхад анхан шатны шүүх нь тусгагдаагүй гэж байгаа нь үндэслэлгүй байна. Мөн Боловсролын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15-д бусад бүх ажилтныг гэсэн хуулийн заалтыг өөрсдийн гараар МСҮТ-ийн номын санч гэж тусгагдаагүй гэж хуулийн халдашгүй бүрэн бүтэн байдалд халдаж, үйлчилгээний бусад ажилтан гэх томъёонд номын сангийн ажлын байр хамаарч байгааг тал бүрээс нь тогтоолгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг хасаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Иймд дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан нэхэмжлэлийн шаардлагаас хассан Улсын Их хурлын 76 гишүүн хуулийг нь баталж, Улсын Их хурлын 76 гишүүн 2017 оны төсөвт баталж Сангийн яам төсөв санхүүгийн хуулиар санхүүжилт хийгдэж дутуу олгогдсон /Сангийн яаманд өргөдөл гаргаж улмаар санхүүгийн хяналтын албанд шалгаж баталгаажуулсан/ 11,397,626 төгрөгийг МСҮТ-с гаргуулж анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хянаж өндөр настан Б.Б миний зөрчигдсөн эрхийг хамгаалж, 2017 оны санхүүжилтэд орж надад олгогдох тэтгэмжийн дутуу олгогдсон 11,397,626 төгрөгийг Говь-Алтай аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөөс гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэсэн.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдоогүй байна.

6. Б.Б нь Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамны харъяа Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд холбогдуулан дутуу олгосон тэтгэмжид 11,397,626 төгрөг, ээлжийн амралтын олговор 600,000 төгрөг, үндэслэлгүйгээр суутгаж авсан 1,723,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч “Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу байгууллагад олгосон төсвийн хэмжээгээр 12 сарын тэтгэмж олгож, үүнээс төлбөр суутгасан, ээлжийн амралтын олговорт 85,611 төгрөг олгосон” гэж маргасан байна.

7. Анхан шатны шүүх, дутуу олгосон тэтгэмж 11,393,626 төгрөг гаргуулах шаардлагыг “нэхэмжлэгчийн үндэслэл болгож буй хууль, Засгийн газрын тогтоолд зааснаар 36 сарын тэтгэмж олгох хууль зүйн үндэслэлгүй, өмнө нь энэ маргааныг шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа” гэсэн, 2017 оны ээлжийн амралтын олговор 600,000 төгрөгийн шаардлагыг “2016 онд ээлжийн амралтаа биеэр эдэлсэн, үүнээс хойш ээлжийн амралт эдлэх эсхүл олговор авах эрх хэдийнээс үүсэх талаар зохигч тохиролцсон гэх байдал нотлогдоогүйгээс гадна түүнд ээлжийн амралтын тооцоогоор 2017.04.24-ний өдөр 85,611 төгрөг шилжүүлсэн, энэ хугацаанаас хойш 3 сарын дотор шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн” гэсэн үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгосон, харин тэтгэмжээс үндэслэлгүйгээр суутгасан 1,723,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд 1,563,000 төгрөгийг гаргуулж үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон дүгнэлт хийжээ.

8. Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хянаж, “өмнө шүүхээр шийдвэрлэгдсэн маргааны талаар нэхэмжлэгч дахин хандсан байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болголгүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хуульд нийцээгүй, мөн ээлжийн амралтын олговор 600,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгохоор дүгнэсэн боловч шийдвэрийн тогтоох хэсэгт шийдвэрлэлгүй орхигдуулсан” үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулж, бусад хэсгийг хэвээр үлдээсэн байна.

9. Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцжээ.

10. Нэхэмжлэгч Б.Б нь Говь-Алтай аймаг дахь Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвд номын санчаар ажиллаж байгаад 2017.02.06-ны өдрөөс өндөр насны тэтгэвэрт гарсан, тэрээр төрийн албанд нийт 33 жил ажиллаж, нэг удаагийн буцалтгүй тусламж авах болзол хангасан байна. Хариуцагч нэхэмжлэгчид 12 сарын тэтгэмж олгосон боловч нэхэмжлэгч дутуу гэж маргаж, зөрүүг шаардсан.

11. Харин энэхүү маргааныг өмнө Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2017.04.04-ний өдрийн 151 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, уг шийдвэрийг давж заалдах шатны шүүх хянаж хэвээр үлдээсэн, нэхэмжлэгч хяналтын шатны шүүхэд гомдол гаргаагүй, гомдол гаргах хугацаа өнгөрснөөр шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон үйл баримт тогтоогдсон байна.

12. Нэхэмжлэгч энэ асуудлаар шүүхэд дахин хандсаныг анхан шатны шүүх шийдвэртээ заасан хэдий ч холбогдох хэргийг хэрэгсэхгүй болголгүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 117 дугаар зүйлийн 117.1-д заасантай нийцээгүйг давж заалдах шатны шүүх залруулж шийдвэрт өөрчлөлт оруулсан нь үндэслэл бүхий болжээ.

Учир нь нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах бөгөөд энэ үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгоно.

13. Дээр дурдсанаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шийдвэртэй боловч нэхэмжлэгч Б.Б шүүхэд дахин хандаж нэхэмжлэл гаргасан, анхан шатны шүүх хянагдаж буй энэ шийдвэрт өмнөх шийдвэрийн үндэслэлийг тусгасныг нэхэмжлэгч зөвшөөрөхгүй хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэл болгосон байх тул дараах дүгнэлтийг хийх нь зүйтэй гэж үзлээ.

14.1 Нэхэмжлэгч Б.Б төрийн үйлчилгээний албан хаагч болох талаар зохигч маргаагүй байна.

Төрийн үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтоохыг Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д заасан ба энэ маргаанд Төрийн албаны тухай хуулийг хэрэглэхгүй, тодруулбал, төрийн үйлчилгээний албан хаагч өндөр насны тэтгэвэрт гарахад олгох тэтгэмжтэй холбоотой харилцааг уг хуулиар зохицуулаагүй байна. Хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т “...үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламж олгох, тухайн тусламжийн дээд хэмжээ нь 36 сарын үндсэн цалингийн дунджаас хэтрэхгүй байх,...” гэсэн хэм хэмжээ нь төрийн жинхэнэ албан хаагч буюу төрийн тусгай болон захиргааны албан хаагчид хамааралтай байна.

14.2 Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, Төрийн албаны тухай хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулдаг, (Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6) энэ хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн ажилтанд ажил олгогч нь нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгохоор тодорхойлжээ.

14.3 Зохигчийн тайлбар хэргийн баримтаас нэхэмжлэгч Б.Бийг тэтгэвэр тогтоолгох хүсэлт өгсний дараа ажил олгогч нь түүнд 24 сарын тэтгэмжид 11,258,400 төгрөг олгохоор шийдвэрлэж шаардагдах төсвийн хүсэлтээ Сангийн яаманд хүргүүлсэн, хүсэлтийн хэмжээнд төсөв батлагдаагүйгээс зөвшөөрөгдсөн 12 сарын цалинтай тэнцэх (нэг сарын үндсэн цалин 469,105 төгрөг) тэтгэмж 5,629,200 төгрөг олгохоор (64-66-р тал) шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.

15. Нэхэмжлэгч нь Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.4, 43.1.4, 43.4, 43.5, 3 дугаар зүйлийн 3.1.15, Засгийн газрын 2014 оны 405 дугаар тогтоолын 2, 3-д заасныг нэхэмжлэлийн хууль зүйн үндэслэл гэж тодорхойлсон.

15.1 Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.4-т “төрийн болон орон нутгийн өмчийн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт энэ хуулийн 43.1.2-т заасан албан тушаалд 25 ба түүнээс дээш жил ажилласан иргэн өндөр насны тэтгэвэр тогтоолгоход түүний үндсэн цалингаар тооцож нэг удаагийн буцалтгүй мөнгөн тэтгэмжийг ажиллаж байгаа байгууллагаас нь олгох бөгөөд шаардагдах зардлыг нь тухайн жилийн төсөвт тусгах” гэж, 43.1.2 дахь заалт нь багш, ажиллагчдын (захирал, эрхлэгч, орлогч захирал, хичээлийн эрхлэгч-сургалтын менежер, хичээлийн зохицуулагч, нийгмийн ажилтан, арга зүйч, дадлагын болон байрны багш, цэцэрлэгийн туслах багш) ээлжийн амралтын хугацааг хэрхэн зохицуулахыг тодорхойлсон байх ба үүнд номын санчийн албан тушаал багтаагүй учир эдгээр зохицуулалт нь нэхэмжлэгчид тэтгэмж олгоход баримтлах хэм хэмжээ биш байна.

15.2 Мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.5-д “төрийн болон орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт энэ хуулийн 3.1.15-д заасан албан тушаалд 25 ба түүнээс дээш жил ажилласан иргэн өндөр насны тэтгэвэр тогтоолгоход түүний үндсэн цалингаас нь тооцож нэг удаагийн буцалтгүй мөнгөн тэтгэмжийг ажиллаж байгаа байгууллагаас нь олгох бөгөөд шаардагдах зардлыг нь тухайн жилийн төсөвт тусгана” гэж заасан, хуулийн 3.1.15-д “боловсролын туслах ажилтан” гэдгийг бүх шатны боловсролын сургалтын байгууллагын нягтлан бодогч, нярав, тогооч, манаач, үйлчлэгч, мужаан, цахилгаанчин, слесарь, галч болон үйлчилгээний бусад ажилтан гэжээ. Үүнээс үзэхэд “үйлчилгээний бусад ажилтанд” номын санч хамаарах ч энэхүү зохицуулалт нь зөвхөн “төрийн болон орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг”-т ажилладаг “боловсролын туслах ажилтан”-аар хязгаарлагдсан гэж үзэхээр байна.

Учир нь Бага дунд боловсролын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “ерөнхий боловсролын сургууль” гэдгийг боловсролын стандартаар тогтоосон бага, суурь, бүрэн дунд боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллага гэж тодорхойлсон, Боловсролын тухай хуулийн 141 дүгээр зүйлийн 141.1, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 1.1-д зааснаар “мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага” нь политехник коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв зэрэг хэв шинжтэй байж иргэнд мэргэжлийн боловсрол эзэмшүүлэх, мэргэжлийн ур чадвар олгох, дээшлүүлэх сургалтыг хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, хэрэгцээ, ажил олгогчийн захиалгад нийцүүлэн зохион байгуулдаг сургалтын байгууллага.

Иймээс “ерөнхий боловсролын сургууль”, “мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв” эдгээр нь өөр чиг үүргийг хэрэгжүүлдэг сургалтын байгууллага гэж дүгнэх нь хуульд нийцнэ.

15.3 Засгийн газрын 2014 оны 405 дугаар тогтоолоор баталсан (уг тогтоолд Засгийн газрын 2015.08.17-ны өдрийн 338 дугаар тогтоолоор нэмэлт оруулсан) “Төрийн жинхэнэ албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгох” журам нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болохгүй. Тухайлбал, энэхүү журам нь дээр дурдсан Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.4, 43.1.4, 43.4, 43.5, 3 дугаар зүйлийн 3.1.15-т заасан этгээд өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгоход цалингийн хэмжээ болон хугацааг хэрхэн тооцохыг тодорхойлсон байна.

16. Дээрх байдлаас дүгнэхэд “холбогдох хууль болон Засгийн газрын тогтоолд зааснаар мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвөөс өндөр насны тэтгэвэрт гарахдаа 36 сарын тэтгэмж авах эрхтэй атал хариуцагч тэтгэмжийг дутуу олгож хохироосон” гэх нэхэмжлэгчийн гомдол үндэслэл муутай, энэ талаар өмнөх болон одоо хянагдаж буй шийдвэрт тодорхой заажээ.

17. Ээлжийн амралтын олговрын дутуу 600,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүх хэрэгсэхгүй болгосон, тэтгэмжээс үндэслэлгүйгээр 1,563,000 төгрөгийг суутгасныг буцаан гаргуулж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан хоёр шатны шүүхийн шийдэлд нэхэмжлэгч гомдол гаргаагүй тул хяналтын шатны шүүхээс дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.

Дурдсан үндэслэлээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 205/МА2021/00002 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Бийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Бийн нэхэмжлэлийн шаардлага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Х.ЭРДЭНЭСУВД

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                       П.ЗОЛЗАЯА

Б.МӨНХТУЯА

Д.ЦОЛМОН