Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 00015

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

нарийн бичгийн Э.Цэнгүүн,

улсын яллагч Ц.Сувдаа,

хохирогч Н.Нансалмаа,                                                                                                           

шүүгдэгч Д.Ууганбат, түүний өмгөөлөгч Ж.Нарантуяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Булган аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 132/2016/0013/Э индекстэй, 201606000296 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын харьяат, 1987 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн мөрөн суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3 эхнэр хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн мөрөн сум 10 дугаар баг 2-24 тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, 2011 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Хөвсгөл амйгийн сум дундын шүүхийн 19 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 3 жил 5 сарын хорих ялаар шийтгүүлж, 2011 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр суллагдсан, 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Хөвсгөл аймгийн сум дундын шүүхийн 145 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 450 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгэгдсэн, Хотгойд овогт Дэлгэрдалайгийн Ууганбат /РД:РЭ87112714/,

Холбогдсон хэргийн талаар:

Д.Ууганбат нь /яллах дүгнэлтэнд бичснээр/ 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Булган аймгийн Булган сумын 6 дугаар багийн нутаг "Их хотгор" гэх газарт 58-38 ХӨА улсын дугаартай, Приус маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад зам тээврийн осол гаргаж зорчигч Н.Нансалмаагийн бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан, Н.Солонгын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Ууганбатын өгсөн: Намайг 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр өглөө ажил дээр байхад 1600 цагийн үед ах Батдэлгэр ирсэн бөгөөд эгч нас барсан, Улаанбаатар хот руу явъя гэж хэлсэн. Ингээд ах Батдэлгэр, Ренчиндорж, эгч Нансалмаа, Солонго нарын хамт 1800 цагийн үед Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас гарсан. Бид Хөвсгөл аймгийн Тариалан сумын Зүлэгтийн гүүрний цайны газарт хоол идсэн. Бид шөнө 0100 цагийн үед Булган аймгийн Булган сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт явж байхад урд талд ачааны машин 20-30 км/цагийн хурдтай явж байсан. Би тэр ачааны тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэх явцад миний тээврийн хэрэгсэл шарвасан, үүний улмаас тээврийн хэрэгсэл замын эсрэг тал руу орсон бөгөөд зам тээврийн осол гарсан. Энэ үед миний ухаан балартсан байсан. Би зам тээврийн осол болсоны дараа тээврийн хэрэгсэлд байсан хүмүүсийг зүгээр байгаа эсэхийг асуухад эгч Солонго тээврийн хэрэгслийн хойд талын цонхоор гарсан байсан. Би эгч Солонгыг зүгээр байгаа эсэхийг асуухад хариу өгөхгүй байсан. Би түүнийг ухаан алдсан байна л гэж бодсон. Үүний дараа би замаар явж байсан тээврийн хэрэгслийг зогсоож хүмүүсээс эмнэлэг, цагдаагийн тусламж дуудахыг гуйсан. Тухайн үед эхлээд цагдаа ирсэн. Харин дараа нь эмнэлгийн тусламж ирсэн бөгөөд эгч Солонгыг нас барсан байна гэж хэлсэн. Үүний дараа бид бүгд эмнэлэг рүү явсан гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.Нансалмаагийн өгсөн: Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр эгчийг нас барсан гэдгийг мэдсэн бөгөөд Ууганбат, Ренчиндорж, Солонго, Батдэлгэр бид нар Улаанбаатар хот руу гарсан. Бид замдаа архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Түүгээр ч зогсохгүй тээврийн хэрэгслийн хурдыг хэтрүүлээгүй. Эгч нас барсан учраас бид замын турш сэтгэл санаагаар унасан, цочирдсон байдалтай явсан. Ууганбат нь манай дүүгийн хүүхэд байгаа юм. Бидэнд тус болдог хүүхэд байгаа юм. Ууганбат нь тээврийн хэрэгсэл засварладаг ур чадвартай. Оюутан дүүтэй бөгөөд түүнд мөн тус болдог. Ууганбат өндөр настай 85 настай ээж дээр маань өссөн. Ууганбатад их санаа зовсон бөгөөд үүнээсээ болж даралт нь ихэссэн байгаа. Ууганбатад хорих ял оногдуулахгүй байхыг шүүх бүрэлдэхүүнээс хүсч байна гэх мэдүүлэг,

  201606000296 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:

Гэрч Н.Батдэлгэрийн өгсөн: ...би Хутаг-Өндөр сумын Уньт баг өнгөрөөд унтчихсан. Машин унах шиг болоод сэрэхэд талийгаач дүүгийнхээ хамт машины арын цонхоор гарчихсан байсан. Машинд сууж явсан бусад хүмүүс бид биенээ дуудаад машинаас гарцгаасан би хэсэг босож чадахгүй хэвтэж байгаад боссон. Талийгаач дүү маань эмнэлэг, цагдаа ирэхээс өмнө газар дээрээ нас барчихсан. Осол болох үед машиныг Ууганбат жолоодож явсан. Архи дарс огт хэрэглээгүй. Бүгд эрүүл байсан. Бороо, цас холилдож ороод зам их халтиргаатай болчихсон байсан. Тэрнээс л болж осол болсон болов уу гэж бодож байна...гэх мэдүүлэг /хх-46 хуудас/,

Гэрч Д.Ренчиндоржийн өгсөн:...Булган сумын төвөөс 10-аад км зайтай явж байсан байх би уг нь зам хальтиргаатай байсан болохоор жолоо барьж байсан Ууганбатыг зөөлөн яв гээд хэлж явсан юм. Тэгээд Төлүүгийн даваа даваад Булган сумын төврүү дөхөөд онгоцны буудал харагдахаар нь одоо ч зам гайгүй байлгүй гэж тайвшраад хэсэгхэн зүүрмэглээд машин далийгаад байх шиг санагдаад сэрсэн  чинь  машин  4-н  дугуй  нь дээшээ хараад  уначихсан  байсан. Би тэгээд Нансалмаа гээд эхнэрээ дуудсан чинь би зүгээр, зүгээр гэж хэлсэн бусад хүмүүс машинаас буусан байсан. Би тэгээд хаалганы шил хагарчихсан байхаар нь мөлхөж гараад эхнэрийг машинаас гаргасан. Тэгээд бусад хүмүүсээ харсан чинь Солонгоо ухаангүй их цус гарсан байдалтай байсан. Тэгээд цагдаа, эмнэлэг дуудсан. Осол болох үед машиныг Ууганбат жолоодож явсан. Ер нь Мөрөнгөөс гарсан цагаасаа л машин барьж явсан...гэх мэдүүлэг /хх-17 хуудас/,

Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 85 тоот Талийгаачийн биед гавал тархины ил гэмтэл: гавал ясны цөмөрсөн, зөрсөн, салсан хугарал, их тархины баруун, зүүн тал бөмбөлөг, бага тархины зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, хацар яс, хоншоор яс, ухархай ясны дотогш цөмөрсөн ясны сэлтэрхий бүхий хугарал, дух, баруун хөмсөг, баруун, зүүн
хацар,  ооч,  мөр,  баруун хөх,  зүүн  гарын бугуйн үе,  сарвуунд зулгаралт,  баруун хөмсөг, уруулд шарх, толгойн хуйхны дотор гадаргуу, баруун чамархайн булчинд цус хурал гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх шинэ гэмтэл болно. Талийгаач  нь гавал тархины гэмтлийн улмаас нас баржээ.  Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч  өвчин тогтоогдсонгүй. Талийгаачийн цогцост 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 15 цаг 10 минутанд үзлэг хийхэд нас бараад 14-15 цаг болсон байх боломжтой байна гэх дүгнэлт /хх 24-26 хуудас/,

Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн №355 тоот: 1.Шинжилгээнд ирүүлсэн Д.Ренчиндоржийн биед тархи доргилт, дух, баруун зулайд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрхи гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-51 хуудас/,

Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 11 дүгээр сарын 16-ний өдрийн №351 тоот: 1.Шинжилгээнд ирүүлсэн Н.Нансалмаагийн биед баруун эгэм ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрхи гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох  журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх 55 хуудас/,

Булган аймгийн Цагдаагийн газрын Замын Цагдаагийн тасгийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн №64 тоот шинжээчийн: 1.Тус тээврийн хэрэгсэл жолоодсон Д.Ууганбат нь МУ-ын ЗХД зөрчсөн байна. Тээврийн хэрэгсэл жолоодох В ангилалын 431370 дугаартай хүчинтэй үнэмлэхтэй байна. 2.Тээврийн хэрэгсэл жолоодогч Д.Ууганбат нь МУ-ын ЗХД-ийн 2.3.Б заалт Хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх гэсэн заалт мөн ЗХД-ийн 9.2 дах заалт Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна. Уг 58-38 ХӨА Улсын дугаартай TOYOTA PRIUS маркийн автомашин нь техникийн хувьд бүрэн бүтэн байсан эсэхийг тогтоох боломжгүй. Уг хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг гарах болсон шалтгаан нь жолооч Д.Ууганбат нь урдаа явсан тээврийн хэрэгслийг гүйцэх үедээ зорчих хэсгийн халтиргаа гулгааг зөв үнэлж дүгнээгүйгээс тухайн тээврийн хэрэгсэл нь гулсаж тэнцвэржилт алдагдан зорчих хэсгээс гарч замын хажуу руу орж онхолдсон гэх дүгнэлт /хх 59-60 хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх 2/,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 3-6/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 7-9/,

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /хх 27-30/

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-71/

Шийтгэх тогтоолын хуулбар /хх-73-79/ зэрэг  бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Д.Ууганбат нь 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Булган аймгийн Булган сумын 6 дугаар багийн нутаг Их хотгор гэх газарт 58-38 ХӨА улсын дугаартай Приус маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад зам тээврийн осол гаргаж зорчигч Н.Нансалмаагийн бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан, Н.Солонгын амь насыг хохироосон гэмт хэрэгт факт, үйл баримт тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлэг, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 85 тоот дүгнэлтээр... Талийгаачийн биед гавал тархины ил гэмтэл: гавал ясны цөмөрсөн, зөрсөн, салсан хугарал, ихтархины баруун, зүүн тал бөмбөлөг, бага тархины зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, хацар яс, хоншоор яс, ухархай ясны дотогш цөмөрсөн ясны сэлтэрхий бүхий хугарал, дух, баруун хөмсөг, баруун, зүүн хацар,  ооч,  мөр,  баруун хөх,  зүүн  гарын бугуйн үе,  сарвуунд зулгаралт,  баруун хөмсөг, уруулд шарх, толгойн хуйхны дотор гадаргуу, баруун чамархайн булчинд цус хуралт   гэмтэл   тогтоогдлоо гэх  дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

   Шүүгдэгч Д.Ууганбат нь 2015 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн Хөвсгөл аймгийн сум дундын шүүхийн 145 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 450 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн ба Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд хамаарагдаж байх бөгөөд түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Д.Ууганбатыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан, бусдын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т заасан ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.        

Шүүгдэгч Д.Ууганбат нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, иргэний бичиг баримт ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагсан зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.   

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 295-299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хотгойд овогт Дэлгэрдалайгийн Ууганбатыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын ашиглалтын журам зөрчсөний улмаас бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан, бусдын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар шүүгдэгч Д.Ууганбатын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн   хуулийн   ерөнхий   ангийн   52   дугаар   зүйлийн   52.5-д   заасныг баримтлан шүүгдэгч Д.Ууганбатад оногдуулсан 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Д.Ууганбат нь бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хохирогч нар нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч Д.Ууганбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар оногдуулсан 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 2 /хоёр/ жилийн хугацаагаар тогтоож, түүнд хяналт тавихыг Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар шүүгдэгч Д.Ууганбат тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.  

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ууганбатад авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ж.ДЭЛГЭРМӨРӨН