Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 138

 

Х.Б-д холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, хохирогч Л.Г, түүний өмгөөлөгч Д.Тунгалаг, иргэний хариуцагч, иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэтөгс, шүүгдэгчийн өмгөөлөгч О.Баясгалан, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 277 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 928 дугаар магадлалтай, 201626030448 дугаартай эрүүгийн хэргийг Хан-Уул дүүргийн дээд шатны прокурорын 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр бичсэн 07 тоот эсэргүүцэл болон хохирогчийн өмгөөлөгч Д.Тунгалагийн гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1968 онд төрсөн, 50 настай, эрэгтэй, дээд боловсролтой, мэс заслын эмч мэргэжилтэй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, С овогт Х-н Б нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан “Өвчтөнд эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас өвчтөний бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Х.Б-ийг эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750,000 төгрөгөөр торгох ял шийтгэж,  Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар Х.Б-ийн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлж шийдвэрлэжээ.  

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Х.Б-д холбогдох хэргийг урьдчилсан хэлэлцүүлэгт буцааж шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд Хан-Уул дүүргийн дээд шатны прокурорын 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр бичсэн 07 тоот эсэргүүцэлд “Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна. Х.Б-д холбогдох хэргийг анхан шатны шүүхээр хянан хэлэлцэж шийдвэрлэх үед буюу 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр түүнд холбогдох 2015 оны Эрүүгийн хуулийн 15.1 дүгээр зүйлийн 1-д заасан хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад Эрүүгийн хуулийг буруу хэрэглэн ял оногдуулж, 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар уг ялыг өршөөн хэлтрүүлсэн байна. Давж заалдах шатны шүүх 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 928 дугаар магадлалаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2-д зааснаар Х.Б-д холбогдох хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгох байтал анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 277 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаажээ. Иймд анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 277 дугаар шийтгэх тогтоолын зарим хэсгийг хүчингүй болгож, Х.Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 3.1-д заасны дагуу дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

Мөн шүүхэд хохирогчийн өмгөөлөгч Д.Тунгалаг гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Давж заалдах шатны шүүх  анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, X.Б-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар мөн шүүхэд буцааж шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.3, 2.4-д заасныг зөрчсөн байхаас гадна мөн хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.3-д заасан хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол хор уршиг учирсныг гэм хэрэгт тооцно” гэжээ. Шүүгдэгч X.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 1-д заасан “эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан”' гэм буруутай үйлдэл нь шүүхээс хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн хохирогч Л.Г, гэрч Д.Алим, Г.Ц, Л.А, Л.М, Ж.С, гэрч С.С, шинжээч Ц.Г, Ө.С, Т.А, М.Г нарын мэдүүлгүүд болон бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна. Хохирогч Л.Г-гийн биед цөсний хүүдийг дурангийн мэс ажилбараар авах үед техникийн алдаа гаргаж элэгний сувгийг гэмтээсэн болохыг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч нарын бүрэлдэхүүнтэй хийсэн 2016 оны 5 дугаар сарын 25 өдрийн 613 дугаар актаар тогтоосноос гадна шүүх хуралдаанд оролцсон шинжээч эмч Ц.Г, М.Г, С.Э нарын мэдүүлгүүдээр хангалттай тогтоогдсон гэж үзэж байна. Мөн хавтаст хэрэгт авагдсан цөсний хүүдийн цочмог үрэвслийн оношлогоо, эмчилгээ ММS 5665-1:2006 дугаартай стандарт нь хохирогч Л.Г-гийн цөсний хагалгаатай ямар ч холбоогүй бөгөөд энэхүү стандарт нь цөсний хүүдийн цочмог үрэвслийн оношлогоо, эмчилгээнд хэвшмэл байдлаар хэрэглэгдэж байгаа яаралтай тусламжийн үйлчилгээ болохыг шинжээч эмч нар мэдүүлсэн. Харин хохирогч Л.Г-д хийсэн хагалгаа нь төлөвлөгөөт, дурангийн хагалгаа байсан байдаг. Хэрэгт хохирогч Л.Г-д хийгдсэн хагалгаа алдаатай болсон талаар “Гранд мед” эмнэлгийн чанарын алба хяналт хийсэн бөгөөд 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн "өвчний түүх бичилтэнд хяналт хийсэн тухай”, Чанарын албаны хурлын протокол, “Гранд мед” эмнэлгийн даргын 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 15\13 дугаар тушаал зэрэг баримтуудаар эмч Х.Б-ийн эмчилгээний алдааг зөв тодорхойлж, түүнтэй холбоотой зардлыг эмнэлэг хариуцан барагдуулахаар шийдвэрлэсэн баримтууд авагдсан. Х.Б нь анхан шатны шүүх дээр анх “биопси” шинжилгээний талаар мэдүүлэг өгсөн бөгөөд энэ талаар шүүх хуралдаанд оролцсон шинжээч эмч Ц.Г, М.Г, С.Э нар мэдүүлэхдээ “...биопси шинжилгээ энэ хагалгаанд ямар нэгэн байдлаар холбоогүй бөгөөд хагалгааны дараагаар мэс заслын аргаар авсан эдээ шинжилгээнд явуулж шинжлүүлсэн үйл ажиллагаа болохоос биш энэ хагалгаа зөв буруу хийгдсэн талаар дүгнэхэд биопси шинжилгээ нөлөөлөхгүй, хэрвээ цөсний гаж хөгжил өвчтөний биед илэрсэн бол шууд нээлттэй хагалгаа хийх шаардлагатай байсан...” талаар ойлгомжтой тайлбарлан мэдүүлсэн. Тэгээд ч биопси шинжилгээний талаар болон өвчтөн Л.Г-г цөсний гаж хөгжилтэй тухай ямар нэгэн баримтаар тогтоогдоогүй байгааг давж заалдах шатны шүүх анхаарч үзээгүй байхаас гадна эмчийн буруутай үйл ажиллагаа нь заавал ямар нэгэн стандарт зөрчсөн байхыг ойлгоно гэж тайлбарласан нь үндэслэлгүй байна.

Хохирогч, түүний өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхээс хэрэгсэхгүй болгосон 16,017,717 төгрөгийг хохирогчид олгох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Хэдийгээр өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах эсэх нь хохирогчийн эрхийн асуудал боловч хохирогч нь эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийн улмаас тэрээр хохироогүй байсан бол түүнээс өмгөөлөгчийн хөлс гарах ямар ч шаардлага үүсэхгүй байсан гэдэгт анхан шатны шүүх үнэлэлт, дүгнэлт өгөхгүйгээр гэмт хэргийн улмаас учирсан хохирол биш гэж дүгнэсэн нь хохирогчийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.9-д заасан эрхийг зөрчиж байна. Хохирогчид бусдын асаргаа зайлшгүй шаардлагатай болсны улмаас эгч Б.Э нь 2015 оны 05 дугаар сарын 25-наас 05 дугаар сарын 29-ний өдөр хүртэл, 07 дугаар сарын 27-ноос 07 дугаар сарын 29-ний өдөр хүртэл, 08 дугаар сарын 17-ноос 08 дугаар сарын 19-нийг хүртэл нийт 9 хоногийн, түүний нөхөр С.С нь 2015 оны 11, 12 саруудад ажлаасаа чөлөө авч, түүнийг асарсан 2 сарын цалин болон хохирогч өөрөө 2015 оны 05 дугаар сараас 2017 оны 01 дүгээр сар хүртэлх хугацааны цалин, мөн хугацаанд ногдох нийгмийн даатгалын шимтгэлийн хамт нэхэмжилснийг анхан шатны шүүхээс хангалттай баримт хэрэгт авагдаагүй гэж дүгнэн хангахгүй орхисныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж заасан. Анхан шатны шүүх хохирогчийн 2015 оны 05 дугаар сараас 2016 оны 11 сар хүртэлх нийгмийн даатгалын шимтгэл төлсөн 1,331,000 төгрөгийг хангахгүй орхисон нь үндэслэлгүй бөгөөд хэргийн 2 дугаар хавтаст авагдсан хохирогчийн Нийгмийн даатгалын мэдээллийн сангийн лавлагаа нь нийгмийн даатгалын шимтгэл төлж ажилласан хугацааг тогтоох боломжтой нотлох баримт ба мөн “Эй Би Эс Жи” ХХК-ийн 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/04, А/05, А/06 дугаартай албан тоот, хохирогчийн нөхөр Сүхбаатарын Нийгмийн даатгалын мэдээллийн сангийн лавлагаа, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирлын тушаал, чөлөө олгох хуудас гэх мэт баримтуудаар хангалттай нотлогдож байгаа болно.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.5-д заасны дагуу иргэний хариуцагч “Гранд мед” ХХК-иас 39,199,609 төгрөгийг гаргуулан хохирогчид олгуулахаар үнийн дүнд нь өөрчлөлт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Мөн хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч О.Баясгалан хэлсэн саналдаа “Тухайн хэрэгт гурван өөр шинжээчийн гурван өөр дүгнэлт гарсан. Хуульд зааснаар шинжээч нь шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэлт гаргадаг субъект бөгөөд хэргийг мөрдөн байцаалтад буцааж тухайн 3 шинжээчийн дүгнэлтийн аль нь зөв бэ гэдгийг тодруулсны дараа гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна. Мөн шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс прокурорын эсэргүүцлийг дэмжиж байгаа бөгөөд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна” гэв. 

Мөн хуралдаанд прокурор А.Оюунгэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Х.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа боловч хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар гэм буруутай болох нь нотлогдсон. Өвчтөнд хагалгаа хийх явцад хүндрэл гарсан тохиолдолд хагалгааг нээлттэй хийх эсхүл зогсоох ёстой байсан талаар мэдлэг бүхий шинжээч эмч нарын дүгнэлтүүдээр тогтоогдсон. Эмч үүргээ зохих ёсоор биелүүлээгүй нь хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсантай шалтгаант холбоотой гэж үзэж байна. Шүүгдэгч өөрийн гэм буруугийн улмаас учруулсан хор уршгаа одоог хүртэл арилгаагүй байгаа. Хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын талаар шүүгдэгч маргахгүй байгаа боловч шүүгдэгч нь өөрийн буруутай үйл ажиллагаанаас учирсан хор уршгийг одоог хүртэл арилгаагүй байгааг анхаарах нь зүйтэй. Анхан шатны шүүхээр хэргийг хянан хэлэлцэж шийдвэрлэх үед буюу 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж шүүгдэгчид ял шийтгэл оногдуулж, Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар өршөөн хэлтрүүлээгүй нь буруу байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хан-Уул дүүргийн дээд шатны прокурорын 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр бичсэн 07 дугаар эсэргүүцэл болон хохирогчийн өмгөөлөгч Д.Тунгалагийн гаргасан гомдлыг үндэслэн Х.Б-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтүүд зөрүүтэйгээс гадна прокуророос шүүгдэгч Х.Б-д 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг өөрчлөөгүй атлаа 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулж, хууль хэрэглээний алдаа гаргасан гэсэн үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь үндэслэлгүй болжээ.

Шүүгдэгч Х.Б нь хохирогч Л.Г-гийн биед цөсний хүүдий авах дурангийн мэс ажилбар хийх үедээ хохирогчийн цөсний ерөнхий сувагт клипс буюу хавчаар буруу тавьснаас суваг нарийсч цөсний урсгалд саад учруулж гэмтээсэн талаарх хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтүүд нэг агуулгатай байхад хоорондоо зөрүүтэй гэж үзсэн нь үндэслэл муутай гэж үзнэ.

Баруун болон зүүн элэгний суваг нийлсэн цөсний хүүдийгээс дээш хэсгийг элэгний ерөнхий суваг гэж, харин доошхи хэсгийг цөсний ерөнхий суваг гэж нэрлэгддэг ба эдгээр нь нэг сувгийн үргэлжлэл учир аль ч хэсэгт нарийсалт үүссэн цөс бөглөрөх шалтгаан болдог байна. Иймээс шинжээч нар ерөнхий нэг сувгийг элэгний болон цөсний гэж хоёр янзаар тодорхойлсноор дүгнэлтийн агуулга өөрчлөгдөхгүй болно.

Тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтийг шүүх хуралдаанаар шинжлэн судлах замаар шүүгдэгч Х.Б нь хохирогч Л.Г-гийн цөсний хүүдий авах дурангийн мэс ажилбар хийж цөсний ерөнхий сувагт хавчаар тавихдаа гаргасан алдаа нь эрүүгийн хариуцлага хүлээх үндэслэл мөн эсэх талаар үндэслэл бүхий  дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх эрх хэмжээ давж заалдах шатны шүүхэд хуулиар олгогдсон байна.

Мөн анхан шатны шүүх Х.Б-д холбогдох 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан гэмт хэргийн зүйлчлэлийг өөрчлөөгүй атлаа 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг оногдуулж хуулийг хэрэглэхдээ гаргасан алдааг зөвтгөн шийдвэрлэх эрхтэй атал хэргийг анхан шатны шүүхэд буцаасан нь үндэслэлгүй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иймд прокурорын бичсэн эсэргүүцлийн магадлалыг хүчингүй болгох тухай хэсгийг хүлээн авч, хэргийг давж заалдах журмаар дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй  гэж хяналтын шатны шүүхээс шийдвэрлэлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг хянан шийдвэрлээгүй тул хохирогчийн өмгөөлөгч Д.Тунгалагийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэлэлцээгүй орхисныг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 928 дугаар магадлалыг хүчингүй болгож, Х.Б-д холбогдох хэргийг давж заалдах журмаар дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2.Хэргийг шүүхэд очтол шүүгдэгч Х.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                   

 

                      ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

                      ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                            Д.ГАНЗОРИГ

                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                           Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН