Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
Хэргийн индекс | 124/2016/0012/з |
Дугаар | 221/МА2016/0636 |
Огноо | 2016-09-29 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 09 сарын 29 өдөр
Дугаар 221/МА2016/0636
О.Энхсаруулын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Халиунбаяр даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, хариуцагчийн өмгөөлөгч Б.Лхагважав нарыг оролцуулан хийж, Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 24 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, О.Энхсаруулын нэхэмжлэлтэй, Хан хөхийн нурууны улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 24 дүгээр шийдвэрээр Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 27 дугаар зүйлийн 27.2.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч О.Энхсаруулын нэхэмжлэлийг ханган, Хан хөхийн нурууны улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны даргын 2015 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн “Түр орлон гүйцэтгэгчийг албан тушаалаас чөлөөлөх тухай” Б/21 дүгээр тушаал хууль бус болохыг тогтоон хүчингүйд тооцож, О.Энхсаруулыг Хан хөхийн нурууны улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны байгалийн нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 1816950 /нэг сая найман зуун арван зургаан мянга есөн зуун тавь/ төгрөгийг Хан хөхийн нурууны улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаанаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч Б.Лхагважав давж заалдах гомдолдоо: “...Хан хөхийн нурууны улсын тусгай хамгаалалтай газар нутгийн хамгаалтын эахиргаа нь Өндөрхангай суманд 2012 онд байгуулагдсан бөгөөд шинэ байгууллага учраас ажилтнуудыг түр авч ажиллуулах шаардлагатай байсан. Үүний дагуу О.Энхсаруул нь Хяргас нуурын байгалийн цогцолборт газрын Хар тэрмист байгаль хамгаалагчаар ажиллаж байгаад тухайн байгууллагад мэргэжилтнээр ажиллах өргөдөл өгөхөд нь холбогдох хууль тогтоомжийн дагуу энэ албан тушаал түүний ангилалд тохирохгүй байна гэж ойлгуулж түр тушаалаар 2013 оноос ахлах мэргэжилтнээр авч ажиллуулсан байна. Энэ хугацаанд Төрийн албаны зөвлөлд Энхсаруулын ажиллаж байгаа орон тоо сул байгааг удаа дараа мэдэгдэж байсан юм.
Гэтэл Төрийн албаны зөвлөлөөс тухайн байгууллагаас явуулсан албан тоотын дагуу тухайн албан тушаалд тохирсон төрийн албан хаагчийн шалгалтанд тэнцсэн нөөцөд бүртгэгдсэн М.Ууганбаатарыг санал болгосон. Иймд О.Энхсаруулын түр ажиллаж байсан ажлын байранд М.Ууганбаатарыг томилж, О.Энхсаруулыг зохих ангиллын ажил буюу байгаль хамгаалагчаар ажиллахыг санал болгосон юм. Тухай шийдвэрээ Төрийн албаны зөвлөлд мэдэгдэхэд Төрийн албаны зөвлөлөөс танай байгууллагын гаргасан шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байна гэсэн хариу өгсөн байна.
О.Энхсаруулыг ажиллаж байхад тухайн ажлын байран дээр төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт зарлагдаж байхад тэрээр сонгон шалгалтанд орох боломж зөндөө байсан боловч ороогүй. Хамгаалалтын захиргааны байгалийн нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтний ажлын байрны ерөнхий шаардлага нь дэс түшмэлийн ТЗ-5 ангилалтай байхаар заасан байхад О.Энхсаруул нь ТЗ-2-д заасан ангилалтай тул тухайн ажлын байранд тавигдсан шаардлагыг хангаагүй. Хан хөхийн нурууны улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны даргын 2016 оны 4 сарын 19-ний өдрийн "Түр орлон гүйцэтгэгчийг албан тушаалаас чөлөөлөх тухай" Б-21 дүгээр тушаалын хууль зүйн үндэслэлийн хувьд Төрийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 болон Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 62 тоот тогтоолын 4.6-д заасан төрийн жинхэнэ албан үүргийг түр орлон гүйцэтгэх журмын талаарх зохицуулалтыг баримталсан нь уг 62 тоот тогтоолоор баталсан "Төрийн албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам"-ын агуулга болон Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д заасантай нийцүүлэн гаргасан болно.
Иймд 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 24 дүгээртэй Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, хэрэглэх ёсгүй хуулийн заалтыг баримталсан байх тул хасч өөрчлөв.
Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр нь сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхнө” гэж, 17.4-д “Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог энэ хуулийн 17.1-д заасан албан хаагчдаас нөхөх боломжгүй бол төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтал бүртгэгдсэн иргэдээс уг албан тушаалд тавих онцлог шаардлагыг харгалзан шалгаруулж авах тухай хүсэлтээ төрийн албаны төв байгууллагад тавина” гэж тус тус зааснаас үзвэл төрийн жинхэнэ албаны сул орон тоог эхлээд тухайн албан тушаалын шаардлага хангасан төрийн байгууллагад ажиллаж байгаа жинхэнэ албан хаагчдаас үр дүн, мэргэшлийн түвшингээр нь нөхөх бөгөөд боломжгүй бол төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцөөс нөхөхөөр зохицуулжээ.
Нэхэмжлэгч О.Энхсаруул нь 2011 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтад орж тэнцэн, төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөж, 2011 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс Хяргас нуурын цогцолборт газрын байгаль хамгаалагчаар, 2012 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 13 дугаар тушаалаар Хан хөхийн нурууны улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны мэргэжилтний албан тушаалд түр томилогдон, 2013 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б-01 дүгээр тушаалаар байгалийн нөөцийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд түр томилогдон ажиллаж байсан байна. Төрийн байгууллагын бүтэц, орон тоо өөрчлөгдсөнтэй холбоотой түүнийг байгаль хамгаалагчийн албан тушаалаас нь чөлөөлж, дэс түшмэлийн ангиллын ТЗ-6 шатлалын мэргэжилтний албан тушаалд ажиллуулсан атлаа 3 жил 6 сарын дараа төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцөөс өөр этгээдийг томилж, түүнийг чөлөөлсөн нь дээрх хуулийн заалтуудыг зөрчсөн байна.
Төрийн албаны тухай хуулийн дээрх заалтуудаас үзвэл жинхэнэ албан хаагчдаас нөхөх боломжгүй болсон тохиолдолд Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 99 дүгээр тушаалаар батлагдсан Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журмыг хэрэглэхээр байх тул хариуцагчийн өмгөөлөгчийн “... сонгон шалгаруулалтад ороогүй ...” гэх гомдолд үндэслэлгүй байна. Мөн О.Энхсаруул нь тухайн албан тушаалын ангилал нь уг албан тушаалд тавигдах ерөнхий шаардлага биш тул “ажлын байранд тавигдсан шаардлагыг хангаагүй ...” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй.
Харин төрийн албанаас халах, чөлөөлөх асуудал нь ялгаатай бөгөөд О.Энхсаруулыг тухайн албан тушаалд түр томилогдсон байсантай нь холбогдуулж чөлөөлсөн байх тул Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1 дэх заалтыг хэрэглэх шаардлагагүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт зөвтгөсөн өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 24 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “27 дугаар зүйлийн 27.2.1 дэх хэсгүүдэд” гэснийг хасч өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.2-д зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ