Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 183/ШШ2020/00409

 

 

 

2020 оны 02 сарын 11 өдөр                   Дугаар 183/ШШ2020/00409                             Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

нэхэмжлэгч- Хан-Уул дүүрэг, 2-р хороо, ................... байрлах, Ю/ /-ний нэхэмжлэлтэй,

хариуцагч- Баянзүрх дүүрэг, ....................... тоотод хаягийн бүртгэлтэй, ................ П  -д холбогдох,

гэрээний үүргийн гүйцэтгэлд 27.329.084 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн М.П нь манай компанитай 2013 оны 08 дугаар сарын 23-ны өдөр “Хөдөлмөрийн гэрээ” байгуулан, ,,,,,,,,,,,,,,,,,,,,ийн албан тушаалд ажиллаж эхэлсэн бөгөөд компани инженерүүдийнхээ хүсэлтээр 2014 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдрийг дуустал Холбооны бүгд найрамдах Герман улсад мэргэжил дээшлүүлэх сургалтанд 5 инженерийг хамруулж холбогдох зардлыг гаргасан ба М.Пд буюу нэг ажилтанд ногдох зардал нь 2400 евро буюу 5.646.144 төгрөг болсон. Ийнхүү сургалтын зардлыг хариуцахдаа ,,,,,,,,,,,,,,,,,,,, М.Птай 2014 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 7 тоот сургалт дадлагын нэмэлт гэрээг байгуулсан бөгөөд уг гэрээгээр М.П нь “..........” ХХК-д 5-аас доошгүй жилийн хугацаанд тогтвор суурьшилтай ажиллах үүргийг хүлээсэн. 2014 онд М.П нь идэвхи санаачилгатай ажиллаж байсан тул бид түүний хүсэлтийг үндэслэн орон сууцтай болж, амьдрах орчин нөхцөлөө сайжруулахад нь дэмжпэг үзүүлэхээр шийдвэрлэсэн. Ингээд түүний худалдан авахаар гэрээ хэлцэл байгуулсан Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж байсан “Шинэ өргөө хороолол”-ын 610 дугаар байрны 6 тоот 1 өрөө 37.9 м.кв талбайтай нийт 66.325.000 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг худалдан авахад нь зориулж, тус барилгын гүйцэтгэгч компани болох “Ар Ий Си” ХХК-д төлбөл зохих орон сууцны үнийн 30 хувь болох 19.897.500 төгрөгийг 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр М.Пд хүлээлгэж өгсөн. Компаниас дээрх төлбөрийг төлсөнтэй холбогдуулан 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр М.Птай “Орон сууцны хөнгөлөлт олгох гэрээ”-г байгуулсан ба уг гэрээний дагуу М.П нь “..........” ХХК-д гэрээ байгуулснаас хойш 10 жилийн хугацаанд ажиллахаар тохиролцсон тул 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдөр “Хөдөлмөрийн гэрээ”-г 10 жилийн хугацаатайгаар шинэчлэн байгуулсан.

Гэтэл М.П нь 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр өөрийн хүсэлтээр “Хөдөлмөрийн гэрээ”-г цуцлах тухай хүсэлт гаргасан тул Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д заасныг үндэслэн ерөнхий захирлын 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Б/109 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн. М.П нь “Хөдөлмөрийн гэрээ”-г цуцлах хүсэлт гаргахдаа сургалтын төлбөр болон орон сууцны урьдчилгаанд компаниас гаргасан зардлыг 2-3 жилийн хугацаанд төлж барагдуулахаа илэрхийлж, бичгээр өргөдөл гаргасан боловч одоог хүртэл төлбөр төлөөгүйгээс гадна утсаа авахгүй, бидэнтэй холбогдохгүй зугтаасаар байна. Түүнчлэн компаниас М.Пыг ажилд томилогдох үед түүнд ажлын хэрэгцээнд нь зориулан Мобикомын ................ дугаарыг хүлээлгэн өгсөн ба “Хөдөлмөрийн дотоод журам”-д заасны дагуу уг дугаарын ярианы төлбөрөөс 9000 төгрөгийг компаниас, үлдсэн төлбөрийг ажилтан өөрөө төлдөг байсан. Гэтэл М.П нь 2016 оны 10 дугаар сараас хойш ................ дугаарын ярианы төлбөрөө төлөлгүй 2017 оны 11 дүгээр сарыг дуустал ашигласан тул 14 сарын ярианы төлбөр болох нийт 1.884.440 төгрөгийг бид төлсөн. Уг төлбөрөөс М.Пыг ажлаас чөлөөлөгдөх хүртэлх 2018 оны 07 дугаар сарыг дуусталх хугацаанд тооцогдох хөнгөлөлтийг хасч, үлдэгдэл 1.785.440 төгрөгийг М.П нь төлөх үүрэгтэй.

Иймд иргэн М.П 2014 оны 12 сарын 15-ын өдөр байгуулсан орон сууцны хөнгөлөлт олгох гэрээ, 2014 оны 01 сарын 29-ны өдөр байгуулсан сургалт дадлагийн нэмэлт гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул орон сууцны үнийн хөнгөлөлт 19.897.500 төгрөг, сургалтын төлбөрт 5.646.144 төгрөг, Пы өмнөөс Мобиком компанид төлсөн 1.785.440 төгрөг, нийт 27.329.084 гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний төлөөлж буй М.П нь 2013 онд ..........ХХК-д хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан бөгөөд хөдөлмөрийн гэрээний дагуу ажил үүргээ гүйцэтгэж байхдаа хэнээс ч илүү цалин хөлс, гэрээний тусгай нөхцөл эдэлж байгаагүй бусад инженерийн адил цалин хангамж эдэлж байсан. Сургалтад суулгах болсон гэсний дагуу 2014 оны 2 дугаар сарын 6-наас 24-ны өдөр Герман улсад сургалтад хамрагдсан, үүнийг Хөдөлмөрийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д “Ажил олгогч нь ажилтанд мэргэжил эзэмшүүлэх, түүний мэргэжлийг дээшлүүлэх сургалт зохион байгуулж, суралцах нөхцөлөөр хангана” гэж заасны дагуу сургалтад хамрагдсан гэж ойлгож байгаа бөгөөд энэ үед 5 жил манай компанид ажил гэж байсан ба ийм зүйл, заалт хөдөлмөрийн гэрээнд ороогүй.

Хөдөлмөрийн гэрээг 10 жилээр байгуул гэсэн хууль бус саналыг ажил олгогч тал тавьж эхэлсэн бөгөөд Хөдөлмөрийн хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д “байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй” байгуулах тухай заалтыг зөрчсөн. Хан-уул дүүрэгт 4 дүгээр хорооны нутагт орон сууцыг авахдаа 8 хувийн зээлд хамрагдаж авсан бөгөөд Шинэ өргөө хороолол 610 дугаар байрны 1 дүгээр орцны 2 дугаар давхарт 06 тоот орон сууцанд орсон. Уг орон сууцыг зээлээр авсан бөгөөд 8 хувийн зээлийг ..........ХХК-аас өгөөгүй Монгол улсын Засгийн газар өгсөн гэж ойлгож байгаа. Нэхэмжлэлд бичсэнчлэн бид орон сууцны зээлд орох гэж хөдөлмөрийн гэрээг 10 жилээр байгуулаагүй бөгөөд жил тутам хөдөлмөрийн гэрээг шинээр байгуулах шаардлагатай гэсний дагуу 2014 оны 12 дугаар сарын 01-нд байгуулсан бөгөөд сүүлд нь орон сууцны зээлийн гэрээг 2014 оны 12 дугаар сарын 15-нд байгуулсан. Ажил олгогч нь нэхэмжлэл гаргахдаа намайг ажлаас гарсан тул нэхэмжлэл гаргасан гэсэн байна. Ажил олгогч нь ажлаар хангахгүй ажилласан цалин хөлсийг зохих хугацаандаа олгохгүй миний цалин хөлсийг багаар нийгмийн даатгалд бичиж хуулийг сахин биелүүлэх үүргээ биелүүлэхгүй байсан тул би ажлаас гарч өөр ажил хийж дээрх 8 хувийн зээлээ төлж амьдарч байгаа.

Мөн нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан. Компаний дүрмэнд төлөөлөх этгээдийг гүйцэтгэх захирал гэж заасан. Энэ дүрмийг үндэслэн тухайн хуулийн этгээд нь Монгол улсын иргэний эрх зүйн харилцаанд оролцож байгаа. Гүйцэтгэх захирал нь шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг эдэлнэ. Сургалтын төлбөр гаргуулах нь тухайн ажил олгогч ажилтаныг ажлын байраар хангах, мэргэжилтнийг  дээшлүүлэх сургалтыг зохион байгуулах үүргийг хүлээсэн тул энэ үүргийнхээ дагуу сургалтанд хамруулсан. Ингэж сургалтанд хамрагдсан хугацаа 2014 он байгаа. Сургалтанд хамрагдсантай холбоотой гэрээний эрх зүйн маргааныг шийдвэрлэх хугацаа Иргэний хуулийн 75-д зааснаар 3 жилийн хугацаа байгаа.

Хөдөлмөрийн хуулийн тухайлан нарийвчилсан зохицуулалтаар хөдөлмөрийн эрх зүйн маргааны талаарх хугацаа з сар байхад нэхэмжлэл гаргасан байдаг. Орон сууцны дэмжлэг үзүүлэх зорилгоор тухайн ажилтаны нийгмийн асуудалыг дэмжих үүргийг хөдөлмөрийн хууль болон дотоод журам, компаний дүрэм, хөдөлмөрийн гэрээгээр ажил олгогчийн хүлээсэн үүрэг байдаг. Ажилтанд нийгмийн асуудлыг шийдэх зорилгоор өгч байгаа. Энэ орон сууцыг компаниас аваагүй, Голомт банктай байгуулсан зээлийн гэрээгээр авсан. Хэргийн 33-р талд зааснаар гүйцэтгэх захирлын эрх хэмжээний асуудал, гүйцэтгэгч захирал дотооддоо төлөөлөх эрхтэй байхад ерөнхий захирал нэхэмжлэл гаргасан нь эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж үзэж байна. Дэмжлэг үзүүлж 19 сая төгрөг олгосон нь Иргэний хуулийн 75-д заасан хугацаа хэтэрсэн. Хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан үүнтэй холбоотой холбогдох тооцоо хийхийг санхүүгийн ажилтандаа үүрэг болгосон тушаал нь хавтаст хэрэгт авагдсан байгаа. Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарыг өгсөн. Монгол улсад өнөөдөр инженер доод тал нь 3 сая төгрөгний цалин авч байгаа. 2017, 2018 оны нийгмийн даатгалын дэвтрийн бичилтээс харахад 420.000 төгрөгнөөс нийгмийн даатгал шимтгэл төлж нийгмийн даатгал орлогын албан татвараас зайлсхийсэн байдаг. Ийм нөхцөл байдлуудаас тухайн иргэн цаашид амьдрах боломжгүй болсноор ажлаасаа гарсан. Хөдөлмөрийн гэрээ хугацаатай ч бай хугацаагүй ч бай цалин хөлс гэдэг бол тухайн хүний нийгмийн асуудлыг шийдвэрлэж амьдарлаа аваад явах орлогын эх үүсгэвэр байх ёстой. Голомт банкинд сард 388.008 төгрөгний зээл төлдөг хүн зээлийн хэмжээнд хүрэхгүй цалин хөлс авахаар яаж амьдрах юм, цаашид энэ байгууллад хөдөлмөрөө мөлчүүлэх боломжгүй.

Нэхэмжлэгч ажилтанд 240.000 төгрөг өгч байсан нь Улаанбаатар хотод амьдрах боломжгүй тул хөдөлмөрийн гэрээг цуцлах санал гаргасан. Орон сууцны зээлээ төлөх боломжгүй цалинтай хүн яаж амьдрах юм? Утасны тухайд энэ дугаар нэхэмжлэгч байгууллагад бүртгэлтэй талаарх лавлагаа байхгүй, тухайн байгууллага ажилтантай холбоотой бүх тооцоогоо дуусгаад хэрвээ өр, төлбөр гаргавал Хөдөлмөрийн тухай хуулийн 129.1-ээр 3 сарын дотор хохирол төлбөрөө гаргуулах арга хэмжээ авах эрхтэй байсан. Ийм үйл ажиллагааг явуулаагүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь

 

Зохигчдын хооронд тодорхой эрх, үүргийг үүсгэсэн, энэхүү шаардах эрх, хүлээх үүргийн агуулгыг тодорхойлсон, шүүхэд нэхэмжлэл гаргах үндэслэл болж буй харилцаа нь маргаантай эрх зүйн харилцаа гэж үзэх бөгөөд аливаа нэхэмжлэлийн шаардлага тодорхой үндэслэлтэй байдаг ба энэхүү үндэслэл нь маргаантай харилцааг тодорхойлох учиртай. Тиймээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагчийг орон сууцны хөнгөлөлт олгох гэрээ, сургалт дадлагийн нэмэлт гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, өөрийн хүсэлтээр ажлаас гарсан тул орон сууцны хөнгөлөлт 19.897.500 төгрөг, сургалт дадлагт зарцуулсан 5.646.144 төгрөг, Мобиком компанид утасны ярианы төлбөрт төлсөн 1.785.440 төгрөг, нийт 27.329.084 төгрөгийг хариуцагч М.Паас гаргуулах гэж шаардлагын үндэслэлээ тодорхойлон тайлбарласан.

 

Нэхэмжлэгч компанийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөн оролцох эрхийг 2018-10-22-ны өдрийн 01/68 тоот итгэмжлэлээр ерөнхий захирал Д.Энхбаатар нь Ад хоёр жилийн хугацаатай олгосон /хх-8/ байх бөгөөд гүйцэтгэх захиралаар .......... томилогдсон гэж гүйцэтгэх захиралаас олгосон итгэмжлэлийг энэ өдрийн шүүх хуралдаанд нотлох баримтаар гаргасан, хариуцагч М.Паас өөрийгөө бүрэн төлөөлөн оролцох эрхийг 2020-02-06-ны өдрийн итгэмжлэлээр Кд 3 сарын хугацаатай олгосон байна.

 

Хариуцагч М.П нь нэхэмжлэгч компанид ажиллаж байсан, ажиллах хугацаандаа Холбооны бүгд найрамдах Герман улсад сургалтад хамрагдсан, орон сууцны дэмжлэгт хамрагдсан үйл баримтын талаар зохигчид маргаагүй.

 

Хариуцагч тал нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд буюу ерөнхий захирал нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй, ажилтаныг сургалтанд хамруулах, орон сууцны талаар дэмжлэг туслалцаа үзүүлж байгаа нь ажил олгогчийн үүрэг байгаа. Иргэний хуулийн гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа 3 жил, нарийвчилсан хуулийн зохицуулалтаар хөдөлмөрийн эрх зүйн маргааны талаар шаардлага гаргах хугацаа 3 сарын хугацаа өнгөрсөн. Хөдөлмөрийн гэрээ цуцлагдсантай холбоотой холбогдох тооцоо хийхийг санхүүгийн ажилтанд ажил олгогч үүрэг болгосон байдаг. Ингэж холбогдох тооцоог хийснээр ажилтаны бичиг баримтыг өгсөн байгаа, нийгмийн даатгалын дэвтэрт цалинг 420.000 төгрөгөөр бичсэн байдаг. Сард орон сууцны зээлэнд 388.008 төгрөг төлдөг энэ цалингаар яаж амьдрах юм, цаашид энэ байгууллад хөдөлмөрөө мөлчүүлэх боломжгүй тул ажлаас гарсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 129.1-д заасан 3 сарын хугацаа өнгөрсөн тул зөвшөөрөхгүй гэж татгалзсан тайлбар гаргаж маргасан.

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

 

“Юнь гишүүдийн тоо нэг гэж 5189071 регистрийн дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээнд бичигдсэн байх бөгөөд тус компаний дүрэмд үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчийг Д.Энхбаатар гэж дурдсан байна /хх-5-6/.

 

Гэтэл гүйцэтгэх захиралаар ..........г томилсон бүртгэл 2020-01-10-ны өдөр хийгдсэн гэрчилгээг нотлох баримтаар гаргасан ба компанийг үүсгэн байгуулагч нь хэн ч байж болох бөгөөд үүсгэн байгуулагч тухайн компанид хувьцаа эзэмшихгүй байж болдог. Харин нэг хувьцаа эзэмшигчтэй хуулийн этгээд буюу компаний эрх барих дээд байгууллага нь хувьцаа эзэмшигч бөгөөд компаний гүйцэтгэх захирал нь тухайн компаний өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй талаар Компаний тухай хуулийн 83.8-д заасан.

 

Нэхэмжлэлд гарын үсэг зурсан Д.Энхбаатар нь “..........” ХХК-ийг үүсгэн байгуулагч байх боловч түүнийг захиралаар томилсон бүртгэл улсын бүртгэлийн гэрчилгээнд хийгдээгүй, компаний дүрмийн 7.3-т компанийн хувьцаа эзэмшигч нь гүйцэтгэх захирал байж болно. Энэ тохиолдолд үүсгэн байгуулагч буюу хувьцаа эзэмшигчийн шийдвэрт тусгах бөгөөд гэрээ байгуулахгүй гэж заасан байх боловч дүрмийн 3.6-д захиралыг компаний эрх бүхий албан тушаалтанд тооцно гэж заажээ.

 

Түүнчлэн нэхэмжлэгч компаний хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд гүйцэтгэх захиралаар ..........г томилсон бүртгэл 2020-01-10-ны өдөр хийгдсэн байх боловч ажилтаныг ажлаас чөлөөлсөн 2017 оны Б/109 тоот тушаалд гүйцэтгэх захирал .......... гэж /хх-9/, сургалтанд хамруулах тухай 2014 оны 14/02 тоот тушаалд дэд захирал .......... гэж /хх-22/, бэлэн мөнгөний зарлагын баримтад дэд захирал .......... гэж /хх-25/, 2014 оны 14/37 тоот тушаалд орон сууцны хөнгөлөлт олгох гэрээнд компанийг төлөөлөн гарын үсэг зурах эрхийг гүйцэтгэх захирал ..........д гэж /хх-32/, орон сууцны хөнгөлөлт олгох тухай 2014 оны гэрээнд .......... гүйцэтгэх захирал гэж /хх-33/, хөнгөлттэй нөхцөлөөр орон сууц олгох 2014-12-15-ны өдрийн гэрээнд зээлдүүлэгчийг төлөөлж гүйцэтгэх захирал .......... гэж /хх-114-115/ тус тус дурдсан байх тул “..........” ХХК-ний гүйцэтгэх захиралаар .......... нь 2020-01-10-ны өдрийн бүртгэлээс өмнө томилогдсон байх боломжтой байна. 

 

Мөн ерөнхий захиралын 2013-12-30-ны өдрийн 13/75 тоот тушаалаар батлагдсан хөдөлмөрийн дотоод журмын 3.1-д компанийн ерөнхий захирал нь гадаад харилцаа, хамтын ажиллагааны чиглэлээр төр засгийн байгууллага, яам, агентлаг, Олон улсын болон гадаадын байгууллагатай харилцахдаа компанийг бүрэн төлөөлнө гэжээ /хх-89/.

 

“..........” ХХК-ний ерөнхий захиралын 2013-08-23-ны өдрийн 13/82 тоот тушаалаар М.Пыг ,,,,,,,,,,,,,,,,,,,,ийн ажилд томилсон /хх-10/ байх бөгөөд 2017-08-01-ний өдрийн Б/109 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээг 2017-07-21-ний өдрөөс дуусгавар болгож ажлаас чөлөөлсөн байна /хх-9/.

 

Ажилтан, ажил олгогч нарын хооронд 2013-08-23-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээнд гэрээний хугацааг 1 жил гэж тохирсон /хх-12-15/ байхад 2014-12-01-ний өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээг 10 жилийн хугацаатай гэж /хх-16-19/ байгуулжээ. Ийнхүү хөдөлмөрийн гэрээг 10 жилийн хугацаагаар байгуулсан нь хариуцагч М.Пыг гадаадад сургалтанд хамруулсан, орон сууцны дэмжлэгийг компаний зүгээс үзүүлсэн учир цаашид тогтвор суурьшилтай ажиллана гэж тохиролцож хөдөлмөрийн гэрээний хугацааг 10 жилээр байгуулсан гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарласан.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15-д заасан “байнгын ажлын байр”-нд ажиллаж буй ажилтантай байгуулах хөдөлмөрийн гэрээ нь ажилтантай тохиролцсоноос бусад тохиолдолд мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д зааснаар хугацаагүй байх бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т “...улирлын болон түр ажилд тухайн ажлын үргэлжлэх хугацаагаар хөдөлмөрийн гэрээг хугацаатай, мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулж болохоор тус тус заасан.

 

Хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулах тухай Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2 дахь хэсгийн заалт нь ажилтан, ажил олгогчийн тохиролцооны үндсэн дээр тодорхой үндэслэл, шаардлага үүссэн тохиолдолд хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулах нөхцөлийг зохицуулсан бөгөөд хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулахад ажил олгогчийн шахалт, шаардлага хөндлөнгийн оролцоогүйгээр ажилтан өөрийн хүсэл зоригийн дагуу сайн дурын үндсэн дээр хөдөлмөрийн гэрээгээ хугацаатай байгуулах эрхтэй байх боловч ажил олгогч гадаадад сургалтанд хамруулсан, орон сууцны дэмжлэг үзүүлсэн тул ажилтан 10 жилийн хугацаанд ажиллахаар тохирч хөдөлмөрийн гэрээг хугацаа зааж байгуулсан талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлаж, хариуцагч тал 2014-12-01-ний өдөр хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан талаар маргаагүй.

 

Гэтэл 2013-08-23-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний 2.8-д ажилтнуудын мэдлэг, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхэд дэмжлэг, туслалцаа  үзүүлж, мэргэжлийн болон давтан сургалтанд хамруулах нь, 2.2-т ажилтнуудын хөдөлмөрийг оновчтой зохион байгуулж, тэдэнтэй хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлэх нь ажил олгогчийн үүрэг гэж заасан.

 

Ийнхүү хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж ажилтаныг сургалтанд хамруулснаар ажилтан цаашид тодорхой хугацаанд тухайн байгууллагад ажиллах ёстой байсан гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй байна. Учир нь 2014-01-29-ний өдөр байгуулсан сургалт дадлагын нэмэлт гэрээний 1.1-д компани ажилтныг ажиллах хугацаанд нь мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, зам барилгын ажлын дэвшилтэд техник технологийн ажиллагаатай танилцуулах, тэдгээрийг эзэмшүүлэх дадлага олгох сургалтанд хамруулна гэж гэрээний зорилгоо тодорхойлсон атлаа гэрээт улс, хотод зам барилгын техник технологитой танилцах сургалт дадлагыг хийнэ гэжээ.

 

Мөн уг гэрээний 2.3-т сургалтанд хамрагдсан ИТА-ныг өөрийн компанид тасралтгүй 5 хүртэл жил ажиллуулах нь компаний үүрэг гэж, 3.2-т компанийн зардлаар суралцсан ажилтан нь компанид тасралтгүй 5-аас дээш жил ажиллах нь ажилтны үүрэг гэж заасан нь хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажил олгогч, ажилтаны хоорондох тохиролцоо байна.

 

Хөдөлмөрийн дотоод журмын 11.1-д ажилтнуудыг сургалтанд хамруулах талаар 11.2.1-д ажилтныг сургалтанд хамруулах тохиолдолд төлбөр зардлыг компани бүрэн буюу хэсэгчлэн хариуцаж болох энэ тохиолдолд ажилтантай сургалт дадлагын гэрээ байгуулахаар заасан /хх-92/.

 

Орон сууцны хөнгөлөлт олгох тухай 2014-12-15-ны өдөр байгуулсан гэрээний 2.1-д компаний ажилтны нийгмийн асуудлыг шийдвэрлэх, тогтвор суурьшилтай үр бүтээлтэй ажиллах, амьдрах орчин нөхцөлийг нь сайжруулж, баталгаатай болгох зорилгоор орон сууц худалдан авахад дэмжлэг үзүүлж, зээлд хамруулахыг гэрээний зорилго гэж тодорхойлсон. Уг гэрээний 3.3.5-д компани дотоод журамд зааснаар өөрийн болон захиргааны санаачлагаар ажлаас чөлөөлөгдсөн ажилтны орон сууцны урьдчилгаа 30 хувийг бүрэн буюу ажиллаагүй үед ноогдох хөнгөлөлтийг эргүүлэн төлүүлэх эрхтэй гэж заасан зэргээс үзэхэд зохигчийн хооронд байгуулагдсан сургалт дадлагын нэмэлт гэрээ, орон сууцны хөнгөлөлт олгох гэрээнүүд нь ажилтан, ажил олгогчийн хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр хийгдсэн тохиролцоо байна.

 

Өөрөөр хэлбэл ажилтан хөдөлмөрийн гэрээнд зааснаар 10 жилийн хугацаанд ажил олгогчийн ажлын байранд ажиллах, ингэж ажиллах баталгаа болгож сургалтанд хамруулж, орон сууцны хөнгөлөлтийг ажил олгогчоос олгосон байна.

 

Ажилтан хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай өргөдлөө ажил олгогчид өгсөн өдрөөс хойш 30 хоног өнгөрмөгц ажлын байраа орхих эрхтэй, энэ тохиолдолд хөдөлмөрийн гэрээ цуцлагдсанд тооцохоор Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д заасан бөгөөд ажилтан санаачилсан бол мөн хуулийн 38.1.1-д зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар байна.

 

Хариуцагч М.П 2017-06-20-ны өдөр ажил олгогчид ажлаас гарах тухай хүсэлт гаргаснаар /хх-11/ түүнийг 2017-07-21-ний өдөр ажлаас чөлөөлсөн ерөнхий захиралын Б/109 дугаартай тушаал 2017-08-01-ний өдөр гарч, ажил хүлээлцэх, холбогдох тооцоог зохих журмын дагуу тооцож дуусгавар болгохыг хүний нөөцийн менежер, ерөнхий нягтлан бодогч нарт даалгаж, хяналт тавьж ажиллахыг гүйцэтгэх захирал ..........д даалгасан байна.

Ийнхүү хариуцагч М.П өөрийн хүсэлтээр ажлаас гарах хүсэлт гаргаснаар ажил олгогч хөдөлмөрийн гэрээг ажилтаны санаачилгаар цуцалж, ажилтаныг ажлаас чөлөөлсөн тушаалыг 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр гарснаар ажил олгогч нь сургалт дадлагын нэмэлт гэрээ, орон сууцны хөнгөлөлт олгох гэрээний үүргээ зөрчсөн гэх шаардлага нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1-д заасан шүүхээр хянан шийдвэрлэгдэх маргаанд хамаарах бөгөөд хуулийн 128.1.3-т ажилтнаас хөдөлмөрлөх үүргээ биелүүлж байхдаа аж ахуйн нэгж, байгууллагад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх тухай ажил олгогчийн шаардах эрх нь хөөн хэлэлцэх хугацаатай.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргахаар заасан. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь хөдөлмөрийн гэрээ дуусгавар болж ажилтан ажлаас гарснаар орон сууцны дэмжлэг үзүүлэх, сургалт дадлагын нэмэлт гэрээний төлбөрийн талаар гурван сарын дотор шаардлагаа гаргах эрхтэй байжээ.

 

Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна” гэж зохицуулсан бөгөөд хөөн хэлэлцэх ерөнхий болон тусгай хугацааны талаар Иргэний хуулийн 75 дугаар зүйлд зохицуулсан ба хөдөлмөрийн маргааны талаар шийдвэрлэх хугацааг тусгайлсан хуулиар буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д зааснаар зохицуулсан гэж үзнэ.

 

Түүнчлэн Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д “хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс тоолно” гэж, 76.2-т “хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан ...үеэс үүснэ” гэж заасан ба нэхэмжлэгч эрхээ зөрчигдсөн талаар мэдсэн өдрөөс хойш гурван сарын дотор нэхэмжлэл гаргаагүй буюу ажил олгогч ажилтаны хоорондох хөдөлмөрийн харилцаа 2017-08-01-ний өдөр дуусгавар болсон байхад энэ тухай нэхэмжлэлийн шаардлагыг 2018-10-24-ний өдөр шүүхэд гаргасан нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөнөөр нэхэмжлэгч сургалт дадлагын нэмэлт гэрээ, орон сууцны дэмжлэг үзүүлэх гэрээний төлбөрийн талаар хуульд заасан хугацааны дотор шаардлага гаргах эрхээ алдсан байна.

 

Мобиком компаний ................ дугаарын хэрэглээний төлбөрт 1.785.440 төгрөг гаргуулах шаардлагын тухайд

 

Ажил олгогч, ажилтаны хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний харилцаа ажилтаны санаачилгаар цуцлагдаж дуусгавар болоход ажилтан болох хариуцагч М.Птай холбогдох тооцоог хийж дуусгавар болгохыг ерөнхий нягтлан бодогчид үүрэг болгосон тушаал 2017-08-01-ний өдөр гарсан, ийнхүү төлбөр тооцоо хийсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй буюу утасны төлбөрийн тооцоо гэх баримтад хариуцагч зөвшөөрсөн хэсэгт гарын үсэг зураагүй байна /хх-66/.

 

Хариуцагч М.П ................ дугаарыг ашиглаж байгаагүй талаар түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарласан боловч Голомт банктай 2014-12-26-ны өдөр байгуулсан орон сууцны зээлийн гэрээнд зээлдэгчийн хаяг хэсэгт хариуцагч нь ................ гэсэн дугаарыг бичсэн /хх-104/, орон сууцны хөнгөлөлт олгох тухай 2014-12-15-ны өдрийн гэрээнд мөн бичсэн байна /хх-133-134/.

Нэхэмжлэгч компаниас “Мобиком” ХХК-д телефон ярианы төлбөр төлсөн баримтын огноо 2016 оны 10-р сарын 18, 11-р сарын 07, 12-р сарын 07, 2017 оны 01-р сарын 06, 02-р сарын 07, 02-р сарын 18, 03-р сарын 23, 04-р сарын 07, 05-р сарын 18, 06-р сарын 07, 07-р сарын 05, 09-р сарын 18, 08-р сарын 23, 10-р сарын 20, 11-р сарын 23, 12-р сарын 20-ны өдрүүдэд байх бөгөөд дээрх баримтуудад ................ гэх дугаарын төлбөрийн талаар бичигдээгүй, 6-7 цифр бүхий дүнтэй төлбөр төлөгдсөн /хх-38-43, 46, 49, 51, 52-55, 57, 59-64/ байхад ажилтаны хөдөлмөрийн харилцаа 2017-08-01-ний өдөр дуусгавар болсон байна. Дээрх төлбөрт төлсөн баримтаас харахад хариуцагч М.Пыг ажиллаж байх цаг хугацаанд хамаарч байх тул хариуцагчийн барьж, ашиглаж байсан ................ дугаарын ярианы төлбөр 1.785.440 төгрөг нь ямар цаг хугацааны төлбөр болох нь, хариуцагч М.П ашиглаж ярьсан төлбөр болох нь, тухайн дугаар нь нэхэмжлэгч эсхүл ажилтаны нэр дээр бүртгэлтэй эсэх нь тодорхойгүй нотлогдохгүй байх тул уг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

 

Хэрэгт авагдсан баримтаар гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, тасалдсан гэх хуульд заасан үндэслэлүүд тогтоогдоогүй тул дээр дурдсан үндэслэлээр 2014-01-29-ний өдөр байгуулсан сургалт дадлагын нэмэлт гэрээний сургалтын төлбөрт З5.646.144 төгрөг, орон сууцны хөнгөлөлт олгох гэрээний урьдчилгаа төлбөрт 19.897.500 төгрөг, ................ дугаарын ярианы төлбөрт 1.785.440 төгрөгийг тус тус гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

 

Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар “...хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй...” тул нэхэмжлэгч хэнээс, ямар үндэслэлээр, юуг шаардахаа өөрөө тодорхойлох эрхтэй тул нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхой байх учиртай.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.4-т нэхэмжлэлийн бүрдүүлбэрт нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг нэхэмжлэгч нэхэмжлэлдээ тодорхой тусгасан байхыг шаарддаг нь шүүх хөндлөнгийн байх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчимтай холбоотой бөгөөд нэхэмжлэгчийн хүсээгүй зүйлийг шүүх шийдвэрлэх эрх хэмжээ хуулиар байхгүй юм.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дээрх нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлийг Иргэний хуулийн 8 дугаар зүйлд заасан Иргэний эрх зүйн харилцаа үүсэх үндэслэлээр үүрэг үүсэж, хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөний улмаас үүссэн хохирол тул Иргэний хуулийн 219.1, 227.3-т заасныг үндэслэн тайлбарласан.

 

Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д иргэний эрх зүйн харилцаа үүсэх үндэслэлийн талаар 1-8 зүйлийг тодорхойлон заасан бөгөөд үүний аль үндэслэлээр зохигчийн хооронд иргэний эрх зүйн харилцаа үүссэн болох нь нотлогдохгүй,

хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй талаар заасан бөгөөд ямар үүргийг хариуцагч гүйцэтгэх байсан, гүйцэтгээгүйгээс нэхэмжлэгчид хохирол учирсан болох нь нотлогдохгүй,

мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж заасан бөгөөд хариуцагч ямар үүрэг гүйцэтгэх байсан, хэрвээ тухайн үүргээ гүйцэтгэсэн бол нэхэмжлэгчид ямар орлого олох байсан зэрэг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн үндэслэлийн талаарх үйл баримтууд нотлогдон тогтоогдохгүй байна.

 

Хариуцагч орон сууцны дэмжлэг үзүүлэх, сургалт дадлагын нэмэлт гэрээ байгуулсан талаар маргаагүй бөгөөд эдгээр гэрээ байгуулах үндэслэл нь ажил олгогч, ажилтан нарын хооронд хөдөлмөрийн гэрээний харилцааны үндсэн дээр байгуулагдсан ажилтаны хөдөлмөрлөх үүрэгтэй хамаатуулан байгуулагдсан гэрээ тул хөдөлмөрийн эрх зүйн маргаанд хамаарах тул нэхэмжлэгч нь дээрх нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.2-т зааснаар өөрөө нотлох, нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.6-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгжиж, нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргадаг, мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т зааснаар зохигчдын тайлбар нь нотолгооны хэрэгсэлд хамаарах бөгөөд хариуцагч талын татгалзсан тайлбарыг нэхэмжлэгч тал үгүйсгэсэн, татгалзсан үндэслэл тайлбараа нотлоогүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5, 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар “зохигч гагцхүү бодит үнэнд нийцсэн тайлбар гаргах, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гаргах үүрэгтэй” оролцоно.

 

Зохигчдын тайлбар өөрөө нотлох баримт болох хэдий ч нэг талын гаргасан тайлбарыг нөгөө тал үгүйсгэж байгаа тохиолдолд үндэслэлээ нотлох үүрэгтэй тул хуулиар тогтоосон хугацаанд өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар шүүхэд хандах боломжгүй байсан хүндэтгэн үзэх шалтгаантай байдлын талаарх баримтыг нэхэмжлэгч тал шүүхэд нотлох баримтаар гаргаагүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд дэмжсэн шаардлагын хүрээнд хэрэг маргааныг хянан шийдвэрлэсэн болно. 

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэрчээр Х.Баярхүүг оролцуулах хүсэлтээсээ татгалзаж, шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцоно гэж хүсэлт гаргасан болохыг,

“Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дэвтэр 2018 он” гэсэн дэвтрийг гарын үсгийн шинжээч томилогдоход харьцуулсан загварт шинжлүүлэхээр гаргасан баримт бөгөөд хэрэгт нотлох баримтаар гаргаагүй тул буцааж авах дэвтэр гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлаж шүүх хуралдаанд нотлох баримтаар үнэлээгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 294.596 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасныг баримтлан хариуцагч М.Паас сургалт дадлагын нэмэлт гэрээний сургалтын төлбөрт З5.646.144 төгрөг, орон сууцны хөнгөлөлт олгох гэрээний урьдчилгаа төлбөрт 19.897.500 төгрөг, ................ дугаарын ярианы төлбөрт 1.785.440 төгрөгийг тус тус гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч “..........” ХХК-ний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 294.596 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                         Д.ЯНЖИНДУЛАМ