Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 102/ШШ2020/00069

 

 

2020 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 102/ШШ2020/00069

Улаанбаатар хот

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д.Г-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ж.О,

Хариуцагч:  М.Н нарт холбогдох,

Орон сууцыг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Н, хариуцагч Ж.О, М.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баатархүү нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч Д.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Ө.Т-аас Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 64 дүгээр байр, 7 тоот хаягт байрлах орон сууцыг 55 000 000 төгрөгөөр худалдан авсан. Бид хоёр ярилцаад татварын мөнгөө бага төлөх зорилгоор худалдах-худалдан авах гэрээг 30 000 000 төгрөгөөр байгуулсан.  Тухайн үед уг орон сууцанд Ө.Тын танил н.Э нь гэр бүлийн хамт амьдарч байсан ба Ө.Т нь надаас н.Э-ийг түр суулгаж өгөхийг гуйсан тул би зөвшөөрсөн. Гэтэл 5 дугаар сард Ө.Т нь дахин түүний нөхөр Б.Б-ийн найз нар гэх Ж.О, М.Н нарыг түр суулгахыг хүссэний дагуу тэднийг суулгасан. 2018 оны эхээр миний бие Ө.Т-д дээрх хүмүүсийг орон сууц сууллаж өгөхийг хэлсэн боловч Ө.Т нь сураггүй болсон. Улмаар тухайн орон сууцанд очитол хаируцагч нар уг орон сууцыг Ө.Т-аас худалдаж авсан гэх тайлбарыг хэлсэн тул хариуцагч нарт 2018 оны 8 дугаар сард байрнаас гарахыг мэдэгдсэн. Иймд тухайн орон сууцыг хариуцагч Ж.О, М.Н нарын хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ж.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие уг орон сууцанд 2010 оноос хойш амьдарч байгаа. Уг байрыг Ө.Т-ын нөхөр Б.Б-өөс эд зүйлээр худалдан авсан. Нэхэмжлэгч нь Б.Б-д мөнгө зээлүүлсэн бөгөөд уг зээлийн төлбөрт тухайн орон сууцыг сүүлд шилжүүлж авсан. Нэхэмжлэгч нь хэрэв 2016 онд тухайн байрыг худалдан авсан бол орж үзэх ёстой байсан. Гэтэл огт тэгээгүй атлаа гэнэт өөрийн орон сууц гэж маргаж байгаа нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч нь Ө.Т-тай учраа олох ёстой. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч М.Н шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид гадаад улсад ажилж амьдарч байхдаа Ө.Т-ын нөхөр Б.Б-д 2013 онд 147 000 000 төгрөгийн үнэ бүхий бугуйн цагийн өгсөн, Б.Б нь уг бугуйн цагийн худалдан борлуулсан мөнгөөр 2 өрөө орон сууцыг гражийн хамт захиалж өгөхөөр болсон ба бид 2015 онд Монгол улсад ирж орон сууц барьж байгаа компанитай уулзсан. Гэтэл тухайн захиалсан оррн сууц нь мөд ашиглалтад орох болоогүй байсан тул Ө.Т болон Б.Б нар өөрийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 64 дүгээр байр, 7 тоот хаягт байрлах орон сууцыг бидэнд худалдсан бөгөөд бид өнөөдрийг хүртэл уг орон сууцанд амьдарч байгаа. Уг орон сууцны өмчлөх эрхийг бид өөрсдийн нэр дээр шилжүүлэх гэсэн боловч Ө.Т болон Б.Б нар тухайн орон сууцыг банкны барьцаанд байгаа, банканд зээлийг төлөөд суллаж өгнө гэсэн боловч өнөөдрийг хүртэл шилжүүлж өгөөгүй. Гэтэл 2018 оны 8 дугаар сард гэнэт Д.Г гарч ирсэн ба уг орон сууцыг Ө.Т-д мөнгө зээлүүлсэн төлбөрт авсан гэж хэлсэн. Ер нь уг орон сууцыг бид Д.Г-ээс өмнө худалдан авсан байсан. Ө.Т болон Б.Б нарын банкны зээлийг Д.Г төлж, орон сууцыг барьцаанаас чөлөөлж, өөрөө зээлийн барьцаанд авсан. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

Талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Г нь хариуцагч Ж.О, М.Н нарт холбогдуулан орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Ө.Т-аас худалдан авсан” гэж тодорхойлсон. Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг “...орон сууцыг нэхэмжлэгчийн худалдан авахаас өмнө Б.Б-өөс худалдан авсан, ...нэхэмжлэгч нь уг орон сууцыг Ө.Т-аас худалдан аваагүй, зээлийн барьцаанд авсан” гэж үгүйсгэн маргажээ. Улсын бүртгэлийн Ү-2205002843 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 64 дүгээр байр, 7 тоот хаягт байршилтай, 29 м.кв талбайтай, 2 өрөө сууц хариуцагч нарын эзэмшилд байгаа үйл баримтын талаар талууд маргаагүй байна. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар дээрх орон сууцны өмчлөгчөөр 2015 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Ө.Т бүртгэлтэй байсан, улмаар нэхэмжлэгч Д.Г болон Ө.Т нарын хооронд байгуулагдсан 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн “Орон сууц худалдах, худалдан авах” гэрээний дагуу дээрх орон сууцны өмчлөх эрх Ө.Таас нэхэмжлэгч Д.Г-т шилжсэн болох нь, мөн улсын бүртгэлээр хариуцагч нарын өмчлөлд шилжээгүй болох нь улсын бүртгэлийн байгууллагаас ирүүлсэн нотлох баримтаар тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчид дээрх үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрх Ө.Т-тай байгуулсан гэрээний үндсэн дээр улсын бүртгэлд бүртгүүлснээр үүссэн байхаас гадна уг хэлцлийн талаар талууд маргаагүй байна. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд шаардлага гаргаж буй этгээд өөрөө тухайн эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч байх, өмчлөх эрхийг зөрчиж буй этгээд нь тухайн эд хөрөнгийг хууль бусаар эзэмших, ашиглах буюу шаардлага гаргаж буй этгээдийн өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болсон нь тогтоогдсон байхыг шаардана. Нэхэмжлэгч нь тухайн орон сууцыг өмчлөгч Ө.Т-аас худалдан авч улсын бүртгэлд бүтгүүлснийг хууль бус гэж үзэх, мөн нэхэмжлэгч нь орон сууцыг бусадтай байгуулсан зээлийн гэрээний үүрэгт барьцаанд шилжүүлэн авсан гэж үзэх үндэслэл баримтаар нотлогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д зааснаар орон сууцыг өмчлөх эрх нэхэмжлэгчид гэрээний дагуу үүссэн, ийнхүү шилжих үндэслэл болсон хэлцэл хүчин төгөлдөр байгаа нөхцөлд нэхэмжлэгчийг тухайн орон сууцны өмчлөгч биш гэж үзэх нь үндэслэлгүй байна. Хариуцагч нарын тухайд тухайн орон сууцыг Б.Б-өөс худалдан авсан гэх боловч хэрэг авагдсан баримтаар уг үйл баримт тогтоогдохгүй байхаас гадна тухайн орон сууц Б.Бийн өмчлөлд бүртгэлтэй байсан талаар баримт хэрэгт авагдаагүй. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар эд хөрөнгө шилжүүлж байгаа этгээд нь өмчлөгч биш болохыг өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан бол түүнийг өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж тооцно. Харин эрхээ шилжүүлж байгаа этгээд өмчлөгч биш болохыг тухайн үед мэдэж байсан буюу мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан бол өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэхгүй. Гэтэл улсын бүртгэлд авагдсан баримтаар Б.Б тухайн орон сууцны өмчлөгч биш байх бөгөөд хэрэв хариуцагч нар тухайн орон сууцыг Б.Б-өөс худалдан авсан бол түүнийг өмчлөгч мөн эсэхийг тухайн үед мэдэх боломжтой байсан. Иймд хариуцагч нар өмчлөгчийн асуудлыг шалгах үүргээ хэрэгжүүлээгүй байх тул тэднийг маргааны зүйл болж буй орон сууцыг шударгаар олж авсан гэж тооцох боломжгүй юм. Түүнчлэн, хариуцагч нар нь тухайн орон сууцны хууль ёсны өмчлөгч гэдгээ, мөн нэхэмжлэгчийг хууль ёсны өмчлөгч биш гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан журмын дагуу нотолж чадахгүй байна. Мөн  2015 оноос хойш тухайн орон сууц хариуцагч нарын эзэмшилд байгаа нь нэхэмжлэгчийг орон сууцны хууль ёсны өмчлөгч гэдгийг үгүйсгэх, хариуцагч нарыг орон сууцны хууль ёсны өмчлөгч гэж үзэх үндэслэл болохгүй. Нөгөөтэйгүүр, орон сууцны өмчлөх эрх нэхэмжлэгчид шилжсэн 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс хойш тухайн орон сууц хариуцагч нарын эзэмшилд байгаа нь талуудын хооронд Иргэний хуулийн 339 дүгээр зүйлд заасан эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл болохгүй бөгөөд энэ талаар хэрэгт баримт авагдаагүй байна. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар маргааны зүйл болж буй орон сууцыг хариуцагч нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй, хариуцагч нар нь чөлөөлөх үүрэгтэй. Дээрх үндэслэлээр үндэслэлээр улсын бүртгэлийн Ү-2205002843 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 64 дүгээр байр, 7 тоот хаягт байршилтай, 29 м.кв талбайтай, 2 өрөө сууцыг хариуцагч нарын хууль бус эзэмшлээс чөлөөлөх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн захирамжаар хариуцагч талын хүсэлтээр Б.Б-ийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татсан, шүүх түүнд гуравдагч этгээдээр татсан талаар мэдэгдсэн боловч тэрээр шүүхэд хүрэлцэн ирээгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан улсын бүртгэлийн Ү-2205002843 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 64 дүгээр байр, 7 тоот хаягт байршилтай, 29 м.кв талбайтай, 2 өрөө сууцыг хариуцагч Ж.О, М.Н нарын хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгө өлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              М.БАЯСГАЛАН