Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2020/00677

 

 

 

Д.Гнэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Отгонцэцэг, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 102/ШШ2020/00069 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.Гхариуцагч Ж.О, М.Ннарт холбогдуулан гаргасан орон сууцыг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчдын гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

  Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Наранзул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Миний бие 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Ө.Т..., 7 тоот хаягт байрлах орон сууцыг 55 000 000 төгрөгөөр худалдан авсан. Бид татварын мөнгөө бага төлөх зорилгоор худалдах-худалдан авах гэрээг 30 000 000 төгрөгөөр байгуулсан.  Тухайн үед Ө.Т нь надаас н.Эийг орон сууцанд түр суулгахыг гуйсан тул би зөвшөөрсөн. Гэтэл 05 дугаар сард Ө.Т нь дахин түүний нөхөр Б.Бнайз нар гэх Ж.О, М.Ннарыг түр суулгахыг хүссэний дагуу тэднийг үргэлжлүүлэн суулгасан. 2018 оны эхээр Ө.Тд дээрх хүмүүсийг орон сууц суллаж өгөхийг хэлсэн боловч сураггүй болсон. Ингээд орон сууцанд очитол хариуцагч нар уг орон сууцыг Ө.Тхудалдаж авсан гэх тайлбарыг хэлсэн тул 2018 оны 08 дугаар сард байрнаас гарахыг мэдэгдсэн. Иймд орон сууцыг хариуцагч Ж.О, М.Ннарын хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ж.Оын тайлбарт: Миний бие уг орон сууцанд 2010 оноос хойш амьдарч байгаа. Байрыг Ө.Тнөхөр Б.Бэд зүйлээр худалдан авсан. Нэхэмжлэгч нь Б.Бөд мөнгө зээлүүлсэн бөгөөд уг зээлийн төлбөрт тухайн орон сууцыг сүүлд шилжүүлж авсан. Нэхэмжлэгч нь хэрэв 2016 онд тухайн байрыг худалдан авсан бол орж үзэх ёстой байсан. Гэнэт өөрийн орон сууц гэж маргаж байгаа нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч нь Ө.Ттай учраа олох ёстой. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэгүй болгож өгнө үү гэжээ.

  Хариуцагч М.Наранчимэгийн тайлбарт: Бид гадаад улсад ажилж амьдарч байхдаа Ө.Тнөхөр Б.Бөд 2013 онд 147 000 000 төгрөгийн үнэ бүхий бугуйн цагийг өгсөн, Б.Б нь уг бугуйн цагийг худалдан борлуулсан мөнгөөр 2 өрөө орон сууцыг гаражийн хамт захиалж өгөхөөр болсон. Бид 2015 онд Монгол улсад ирж орон сууц барьж байгаа компанитай уулзсан. Гэтэл тухайн захиалсан орон сууц нь ашиглалтад орох болоогүй байсан тул Ө.Т болон Б.Б нар өөрийн өмчлөлийн ..., 7 тоот хаягт байрлах орон сууцыг бидэнд худалдсан бөгөөд өнөөдрийг хүртэл уг орон сууцанд амьдарч байгаа. Орон сууцны өмчлөх эрхийг бид өөрсдийн нэр дээр шилжүүлэх гэсэн боловч Ө.Т болон Б.Б нар тухайн орон сууцыг банкны барьцаанд байгаа, банканд зээлийг төлөөд суллаж өгнө гэсэн боловч өнөөдрийг хүртэл шилжүүлж өгөөгүй. Гэтэл 2018 оны 08 дугаар сард гэнэт Д.Г уг орон сууцыг Ө.Тд мөнгө зээлүүлсэн төлбөрт авсан гэж хэлсэн. Орон сууцыг бид Д.Гээс өмнө худалдаж авсан байсан. Ө.Т болон Б.Б нарын банкны зээлийг Д.Г төлж, орон сууцыг барьцаанаас чөлөөлж, өөрөө зээлийн барьцаанд авсан. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

  Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан улсын бүртгэлийн ...дугаарт бүртгэлтэй, ..., 7 тоот хаягт байршилтай, 29 м.кв талбайтай, 2 өрөө сууцыг хариуцагч Ж.О, М.Ннарын хууль бус эзэмшлээс чөлөөлж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч нараас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч М.Наранчимэг, Ж.О нарын давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийг эс зөвшөөрч байна. Бидэнд нотлох баримтууд болох Си Ди, утсаар ярьсан ярилцлага байсан. Эдгээр нотлох баримт болон гэрчийн мэдүүлгийг дахин нарийвчлан шалгаж өгнө үү. ...07 тоотын орон сууц нь хариуцагч нарын байр бөгөөд бидэнд уг байрыг өгсөн нь үнэн гэдгээ баталгаажуулж байгаа Ө.Т, Б.Б нарыг шүүх хуралдаанд заавал оролцуулж хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан тул хэвээр үлдээв.

Нэхэмжлэгч Д.Г нь хариуцагч Ж.О, М.Ннарт холбогдуулан орон сууц хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... Ө.Тмаргаан бүхий орон сууцыг худалдаж авсан. Түүний гуйлтаар найз гэх Ж.О, М.Ннарыг орон сууцандаа түр суулгаж байсан гэж тайлбарлажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж хариуцагч нарын хууль бус эзэмшлээс орон сууцыг албадан чөлөөлж шийдвэрлэсэн нь нотлох баримтад үндэслэгдсэн байх ба өмчлөгчийн өмчлөлийн зүйлээ эзэмших, ашиглах тухай Иргэний хуулийн холбогдох зүйл хэсгийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

...29 м.кв 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Д.Г нь 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр иргэн Ө.Тхудалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр /30 000 000 төгрөгөөр/ худалдан авч, улсын бүртгэлд 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр өмчлөгчөөр бүртгэгдсэн байна. Орон сууц худалдах, худалдан авах дээрх гэрээ хүчин төгөлдөр байх бөгөөд уг хэлцлийн болоод өмчлөлийн талаар гэрээний талууд маргаан үүсгээгүй байна. /1хх5, 7/

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт зааснаар ... өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах эрхтэй байхын зэрэгцээ мөн хуулийн 96 дугаар зүйлийн 96.3 дах хэсэгт зааснаар өмчлөгч буюу хууль ёсны эзэмшигч нь үндэслэл бүхий шаардлагыг эд хөрөнгө эзэмшигчид гаргаснаар эзэмшил дуусгавар болдог байна. Хариуцагч нь орон сууцыг хууль буюу гэрээний үндсэн дээр эзэмшиж байгаа нь нотлогдоогүй тул түүнийг Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт заасан эзэмшигч гэж үзэхгүй.

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэдэг журамтай. Хэргийн 2 дугаар хавтасны 14, 19 дүгээр талд авагдсан бэлэглэлийн гэрээ, улсын бүртгэлийн гэрчилгээнээс үзэхэд Ө.Т нь маргаан бүхий орон сууцыг 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Ө.Бахатаас бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн авч, 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэгч Д.Гт орон сууц худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр шилжүүлэн өгснөөр нэхэмжлэгч улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгэгдсэн нь нотлогдсон тул хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн тайлбарыг үндэслэлгүй гэж үзэв.

Хариуцагчдын давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй. Хэргийн 1 дүгээр хавтасны 139-149 дэх талд авагдсан үзлэгийн тэмдэглэлээс үзэхэд хариуцагч Ж.О, гуравдагч этгээд Б.Б нарын хооронд /хамгийн багадаа 80.0 сая төгрөгөөр үнэлэгдэх/ 6 цагны үнээр орон сууц авах тохиролцоо байсан боловч нэхэмжлэгчийн чөлөөлүүлэхийг шаардаад байгаа орон сууц хариуцагч Ж.О, гуравдагч этгээд Б.Б нарын хооронд хийгдсэн хэлцлийн зүйл болсон гэх үндэслэл хэргийн баримтаар хангалттай тогтоогдохгүй байна.

Мөн хариуцагчийн уг орон сууцыг 2010 оноос хойш эзэмшиж байгаа гэх тайлбар баримтаар нотлогдсонгүй. Хэргийн 2 дугаар хавтасны 203-204 дүгээр тал дахь гэрч ... мэдүүлснээр 2015 оны 11 дүгээр сараас 2016 оны 03 дугаар сар хүртэл энэ орон сууцанд Д.Батнавч нь гэр бүлийн хамт амьдарч байсан нь тогтоогдож байх ба энэ үед буюу 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэгч Д.Г нь Ө.Торон сууцыг худалдан авч өмчлөгчөөр бүртгүүлсэн байна. Иймд хариуцагчийг орон сууц Ө.Төмчлөлд байх үед худалдаж авахаар тохиролцсон гэж үзэх үндэслэлгүй, Ө.Тд бусдын өмчлөлд шилжсэн эд хөрөнгийг өөр этгээдэд үнэ төлбөргүй хөлслүүлэх, ашиглуулах, худалдах эрх үүсэхгүй. Хэрэв Ө.Т, Б.Б, хариуцагч нарын хооронд орон сууц худалдах, худалдан авах хэлцэл бодитойгоор хийгдсэн бол хариуцагч нар уг орон сууц хэний өмчлөлд байгаа, өмчлөлийн зүйлийг хэн эзэмшиж, ашиглаж байгаа, өмчлөлтэй холбоотой ямар нэгэн маргаан байгаа эсэх талаар нягтлах боломжтой байжээ. Шүүхийн энэ талаар хийсэн дүгнэлт үндэслэлтэй.

Шүүх хариуцагчийн хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Б.Бийг гуравдагч этгээдээр оролцуулах захирамж гаргах, шүүхэд дуудан ирүүлэх мэдэгдэх хуудсыг хүргүүлэх, Цагдаагийн байгууллагаар албадан ирүүлэх зэрэг ажиллагааг хийж гүйцэтгэжээ. Б.Б нь оршин суух хаягтаа байхгүй гэх үндэслэлээр шүүхэд ирээгүй байна. Нэхэмжлэгч нь хүчин төгөлдөр хэлцэл, өмчлөх эрхийн гэрчилгээний үндсэн дээр өмчлөгчийн хувьд хуулиар олгосон шаардах эрхээ хэрэгжүүлж байгаа, хариуцагч нь хууль болон гэрээний үндсэн дээр орон сууц эзэмшиж байгаа болохоо баримтаар нотлоогүй зэрэг нөхцөл байдлуудаас үзэхэд гуравдагч этгээдийн оролцоогүйгээр хэргийг шийдэх боломжтой, шүүх түүний эзгүйд хэргийг шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна. /1хх160-161, 2хх172-174, 180, 182-186, 190, 192-194, 208-209, 232, 235-236 /

Дээрх үндэслэлээр хариуцагчдын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.   Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 102/ШШ2020/00069 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчдын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчдын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ

А.МӨНХЗУЛ