Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2022/00332

 

“Х х б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2020/00599 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 980 дугаар магадлалтай,

“Х х б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

“......” ХХК, Б.Ц, Ж.О, П.М нарт холбогдох

59,216,914 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Б.Цын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Эрхэмбаяр, хариуцагч Б.Ц, нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Х х б” ХХК нь хариуцагч “......” ХХК, Б.Ц, Ж.О, П.М нарт холбогдуулан “......” ХХК-тай байгуулсан ЗГ/RCC171110023-1 тоот “Зээлийн эрх нээх гэрээ” болон ЗГ/RCC171110023-1-1 тоот “Зээлийн эрх нээх нэмэлт гэрээ”-г цуцалж, үндсэн зээл, зээлийн үндсэн болон нэмэгдүүлсэн хүү, шүүхэд нэхэмжилсэнтэй холбогдон гарсан зардалд нийт 59,216,914.54 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч ...... ХХК, П.М, Ж.О нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн хариу тайлбартаа ““......” ХХК-иас үндсэн зээл 49,990,362 төгрөг болон хүү 6,000,000 төгрөг, нийт 55,990,362 төгрөг төлөхийг зөвшөөрч. Харин нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч нь гэрээг цуцлах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Гэрээг цуцалснаар хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхгүй. Нэхэмжлэл гаргаж, шүүхийн ажиллагааны улмаас хэрэг удааширсан учир нэмэгдүүлсэн хүү, алдангийг хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэж маргажээ.

2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2020/00599 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 234 дүгээр зүйлийн 234.4, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх заалтыг баримтлан хариуцагч ...... ХХК, Ж.О, П.М нараас зээлийн гэрээний үүрэгт 63,000,180.80 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Х х б ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 539,118.87 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх заалтыг баримтлан хариуцагч нар үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Б.Цын өмчлөлийн, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол /13334/, Нарны зам гудамж, 81 дүгээр байр, 73 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн ......... дугаартай, 1 өрөө орон сууцыг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэл хангахыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 608,342 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ...... ХХК, Ж.О, П.М нараас улсын тэмдэгтийн хураамжид 472,951 төгрөгийг, хариуцагч Б.Цаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 980 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2020/00599 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “63,000,180 төгрөг 80 мөнгө” гэснийг “58,677,829 төгрөгийг” гэж, “539,118 төгрөг 87 мөнгө” гэснийг “4,861,471 төгрөг” гэж, 3 дахь заалтын “472,951” гэснийг “451,339” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 84,108 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, хариуцагч Б.Цын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагч Б.Ц хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

4.1. Учир нь анхан шатны шүүх надад хуульд заасны дагуу шүүх хуралдааны товыг мэдэгдээгүйгээс /тухайн хурал зарлагдсан өдөр хурал эхлэхээс хэдэн минутын өмнө утсаар ярьж мэдэгдсэн/ хариуцагч миний эрх зөрчигдөж, өөрийн орон байраа хураалгах дээрээ тулж байна. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч өөрөө хурлын товыг лавлах үүрэгтэй гэж үзсэн. Гэтэл мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхтэй холбогдуулан шүүгч дараах бэлтгэл ажиллагаа явуулна. 76.1.1-д хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт хангалттай бүрдсэн гэж шүүгч үзсэн, эсхүл энэ хуулийн 71.1-д заасан хугацаа дууссан, түүнчлэн шаардлагатай гэж үзсэн бусад тохиолдолд шүүгч уг хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай захирамж гаргаж, шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг товлоно, 76.1.2-д хэргийн болон шүүх хуралдааны оролцогчдод шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдэнэ гэж заасан. Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнийг давж заалдах шатны шүүх зөвтгөж шийдвэрлээгүй, харин ч хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хариуцагч Б.Цын гомдлыг хангах үндэслэл тогтоогдоогүй байна.

6. “Х х б” ХХК нь “......” ХХК, Б.Ц, Ж.О, П.М нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэг, хохиролд 63,539,299.67 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч Б.Ц хариу тайлбар гаргаагүй, бусад хариуцагч “зээл болон хүүд 55,990,362 төгрөг төлнө, нэхэмжлэгч гэрээг цуцалж нэхэмжлэл гаргасан, шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удааширсан тул хүү, нэмэгдүүлсэн хүү нэмж шаардах эрхгүй” гэж маргасан байна.

7. Анхан шатны шүүх хариуцагч “......” ХХК, Ж.О, П.М нараас 63,000,180.80 төгрөг гаргуулж, 539,118.87 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч нар үүргээ сайн дураар биелүүлээгүй бол Б.Цын өмчлөлийн 1 өрөө орон сууцыг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх зээлийн төлбөрийн хэмжээг багасгаж, 58,677,829 төгрөг гаргуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээжээ.

8. Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн үндэслэл болгосон “Х х б” ХХК-ийн “......” ХХК-тай байгуулсан 2017.11.10-ны өдрийн зээлийн болон 2018.12.21-ний өдрийн нэмэлт гэрээ, мөн өдрийн Ж.О, П.М нартай байгуулсан баталгааны гэрээ, Б.Цтай байгуулсан барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, 234 дүгээр зүйлийн 234.1, 234.2, 234.4, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т заасан шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр болох тухайд үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

9. Зээлийн гэрээгээр хариуцагч “......” ХХК нь 50,000,000 төгрөгийг, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар жилийн 30 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлсэн, тухайн зээлийг төлж чадна гэсэн баталгааг хариуцагч Ж.О, П.М нар гаргаж, зээлийг төлөөгүй бол өөрийн хөрөнгөөр төлөх үүргийг хүлээснээс гадна хариуцагч Б.Ц зээл төлөгдөөгүй тохиолдолд өөрийн өмчлөлийн 1 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тус тус банктай тохиролцсон байна.

10. Зээлийн гэрээний хугацаа 2019.11.10-ны өдөр дуусах байсан ч хариуцагч нар нь 2019.02.04-ний өдрөөс эхлэн үүргээ зөрчсөн, үүргээ гүйцэтгэхийг удаа дараа сануулсан боловч уг зөрчил арилаагүй гэж нэхэмжлэгч 2019.09.23-ны өдөр шүүхэд хандаж, гэрээг цуцалж, гэрээний үүрэг болон хохиролд /нотариатын зардал 21,500 төгрөг/ нийт 59,216,914.54 төгрөг гаргуулахаар шаарджээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 4,322,352.13 төгрөгөөр нэмэгдүүлж (2019.12.27-ны өдрийг хүртэл хүү, нэмэгдүүлсэн хүү тооцсон) нийт 63,539,266.67 төгрөг гаргуулахыг хүссэн, анхан шатны шүүх нэхэмжлэгч тооцооллын алдаа гаргасан гэж 539,118.87 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, бусад шаардлагыг хангажээ.

11. Харин давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа, “нэхэмжлэгч гэрээг цуцалж шүүхэд хандсан атлаа цуцлагдсан гэрээний дагуу үргэлжлүүлэн хүү, нэмэгдүүлсэн хүү шаардсан нь буруу гэж дүгнэж, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хангахгүй орхисон нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д заасантай нийцсэн байна. Учир нь гэрээг цуцалснаар үүрэг дуусгавар болох бөгөөд нэхэмжлэгч нь гэрээг цуцлах хүртэл хариуцагч нарын гүйцэтгээгүй үүргийг шаардах эрхтэй болно. Иймд хариуцагч “......” ХХК, Ж.О, П.М нараас зээлийн гэрээний үүрэг болон хохиролд 58,677,829 төгрөг гаргуулсан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зүйн үндэслэлтэй байна.

12. “Х х б” ХХК, Б.Ц нарын хооронд байгуулагдсан барьцааны гэрээ хүчин төгөлдөр тул нэхэмжлэгч нь хариуцагч нар зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны зүйлийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1-д зааснаар шаардлага гаргах эрхтэй бөгөөд шүүх дуудлага худалдаа явуулах үүргийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн нь зөв байна.

13. Барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой нэхэмжлэгч нь барьцаалуулагч Б.Цыг хариуцагчаар татаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан байх бөгөөд тэрээр нэхэмжлэлийг гардан авсан боловч тогтоосон хугацаанд хариу тайлбар гаргаагүй, шүүх хуралдаанд оролцоогүй байна.

Хариуцагч Б.Ц нь хяналтын журмаар гаргасан гомдолдоо, анхан шатны шүүх 2020.02.19-ний өдөр хуралдаан болохоос хэдхэн минутын өмнө хурлын товыг мэдэгдэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн, үүнийг давж заалдах шатны шүүх зөвтгөөгүй гэжээ.

Хэргийн баримтаас үзэхэд хариуцагч нар шүүхийн дуудсанаар ирээгүйгээс шүүх тэднийг албадан ирүүлж нэхэмжлэлийг гардуулж, эрх үүрэг тайлбарласан, 2020.02.03-ны өдөр шүүх хуралдаан зарлагдаж, товыг хэргийн оролцогчдод мэдэгдсэн боловч тус шүүх хуралдаан хойшлогдсон, энэ хуралдаанд хариуцагч Б.Ц ирээгүй, дараагийн хуралдааны товыг лавлах үүргээ биелүүлээгүй, 2020.02.19-ний өдөр хуралдаан болохыг мэдэгдэхэд хуралдаанд оролцох эсхүл хойшлуулах талаар өөрийн байр суурийг шүүхэд илэрхийлсэн нь тогтоогдоогүй. Ийм тохиолдолд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан гэж үзэхгүй, энэ талаар давж заалдах шатны шүүхийн магадлалд тодорхой тусгагджээ.

14. Дурдсан үндэслэлээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч Б.Цын гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 980 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч Б.Цын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Б.Ц 2020.05.27-ны өдөр 70,200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     П.ЗОЛЗАЯА

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                       Г.БАНЗРАГЧ

С.СОЁМБО-ЭРДЭНЭ

Х.ЭРДЭНЭСУВД