Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 182/ШШ2020/00242

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нарангэрэл даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: дүүрэг, дугаар хороо, хэсэг гудамж тоот хаягт оршин суух, /регистрийн дугаар /, С.О-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: дүүрэг, дугаар хороо, тоот хаягт байрлах, /улсын бүртгэлийн дугаар, регистрийн дугаар /, С ХХК-д холбогдох

 

Урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогчид даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Б, хариуцагчийн төлөөлөгч Л.Г, гэрч А.Ц, С.Ж, П.М, Ө.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Маргад-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч С.О шүүхэд болон төлөөлөгч А.Б шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: С.О нь 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс С ХХК-ийн хяналт шалгалтын хэлтэст шалгагчаар ажиллаж, ажиллах хугацаандаа ямар нэгэн сахилгын зөрчил дутагдал хүлээж байгаагүй. 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр нийт 100 гаруй ажилчдынхаа эрх ашгийг хамгаалахаар гишүүд итгэл хүлээлгэн С.Оийг С ХХК-ийн ажилтны ҮЭ-ийн хорооны даргаар сонгосон. Ийнхүү даргаар сонгогдсоноос хойш захиргааны зүгээс дарамт шахалт ирэх болж хамтын гэрээ байгуулахаар төсөл өгсөн боловч хуулийн хугацаанд хариу өгөхгүй, хамтын гэрээг байгуулаагүй байна. Хамтын гэрээгээ байгуулъя гэхээр Үйлдвэрчний эвлэл байгуулсан тогтоол, тэмдэглэлээ өг гэж шаардаж, Үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцож, эвлэлдэн нэгдэх эрхээ хэрэгжүүлэх хамтын гэрээ хэлэлцээ хийх, ажилчдын эрх ашгийг хохироосон үйлдэл, шийдвэр гаргах асуудал дээр шаардлага тавихаар ажил олгогчийн зүгээс хамт олны эв нэгдлийг үймээн бутаргасан гэсэн үндэслэлээр ажлаас халсан. Иймд өмнө эрхэлж байсан шалгагчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажлаас халагдсан өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 1,280,000 төгрөг гаргуулж нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийхийг даалгаж өгнө үү гэв.

 

Хариуцагч С ХХК шүүхэд болон төлөөлөгч Л.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үйлдвэрчний эвлэлийн хороонд дарамт шахалт үзүүлээгүй. 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Монголын тээвэр, холбоо, газрын тосны ажилтны ҮЭ-үүдийн холбооноос С ХХК-ийн ажилчид манай байгууллагын гишүүн болсон тул ҮЭ-үүдийн хороотойгоо хамтарч ажиллах тухай албан бичиг ирсэн. С ХХК-ийн үйлдвэрчний эвлэлийн хороо нь хуулийн этгээдийн эрх эдэлж байгаа боловч хамтран ажиллах тухай албан бичиг ирүүлээгүй тул энэ тухай сануулан ҮЭ-ийн хороотой хамтын гэрээ байгуулахаа илэрхийлсэн. 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр компанийн ҮЭ-ийн хорооноос ирүүлсэн 03 тоот албан бичигтээ “Хамтын гэрээний төсөлтэй танилцаж санал болон оролцох төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг баталж ҮЭ-ийн хороонд ирүүлж хуулийн хүрээнд хамтран ажиллахыг хүсье” гэсэн боловч ҮЭ-ийн хорооноос хамтын гэрээнд оролцох гишүүд тодорхойгүй. Хамтын гэрээний төслийг гишүүдээр эцэслэн хэлэлцэж хүргүүлж байна” гэж дурдсан ч хамтын гэрээний төсөлд нэг ч гишүүн гарын үсэг зураагүй. 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр компанийн зүгээс ҮЭХ-ны дарга, тэргүүлэгч гишүүдийг сонгосон болон гишүүдийн сарын татварыг хэдэн хувиар тогтоосон талаарх хурлын тэмдэглэлийг ирүүлнэ үү гэсэн албан бичиг явуулсан боловч ҮЭХ-ноос 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр компанид ирүүлсэн хариу албан бичигтээ энэ талаар хариу өгөөгүй. Хүний нөөцийн албаны дарга энэ талаар С.Оиас тодруулахад өгөх шаардлагагүй гэсэн байна. Уг албан бичигт 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр  хийсэн компанийн ажилтны бүх гишүүдийн хурлын тогтоол хавсралтаар ирсэн. Энэ тогтоолд гарын үсэг зурсан гишүүдийн гарын үсэг нь нэг хүний бичиг мэт байсан. Мөн ҮЭХ-ны тэргүүлэгч сонгуульт гишүүн Д.Мөнхтуяа гарын үсэг зураагүй гэсэн боловч гарын үсэг зурагдсан байдаг. С.Энхтайван Ц.Мөнхцэцэг нарын гарын үсэг байхгүй байна. А.Цгийн нэр огт байхгүй. С.О нь манай байгууллагад ажиллаж байх хугацаандаа удирдах албан тушаалтны тавьсан ажил үүрэгтэй холбоотой шаардлагыг хүлээж авдаггүй, үл тоомсорлодог, зохисгүй авир гаргадаг төдийгүй хамт олныг байгууллагын явуулж байгаа үйл ажиллагааны эсрэг удаа дараа өдөөн турхирдаг байсан ч өрх толгойлсон эмэгтэй учир компанийн зүгээс сахилгын арга хэмжээ авч байгаагүй. МҮЭХ-ны дүрмийн 14.1-д “Үйлдвэрчний эвлэлийн хороод нь гишүүдийнхээ татварыг сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын нэг ба түүнээс дээш хувьтай тэнцэх хэмжээгээр тогтоож, сар бүр бэлэн бусаар хураана” гэж заасныг ноцтойгоор зөрчин компанийн ажилчдаас бэлнээр 2 сарын татвар авсан. Иймд тушаал үндэслэлтэй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэг болон зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад

                ҮНДЭСЛЭХ НЬ:

         

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч С.О хариуцагч С ХХК-д холбогдуулан урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч С ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, С.О нь хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж маргажээ.

 

Ажил олгогч С ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 6/421 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалт, Хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.2.3 дах заалтын 6, 9 дүгээр хэсгүүдэд заасныг тус тус үндэслэн тус байгууллагын шалгагч ажилтай С.О нь удирдлагын зүй ёсны шаардлага, анхааруулгыг үл тоомсорлох, эсэргүүцэх, хамт олны эв нэгдлийг үймээн бутаргах, өдөөн турхирах, компанийн эрх ашгийн төлөө шаардлага тавьсан албан тушаалтантай хэрэлдэх зэргээр компанийн соёл, ажилтны ёс зүйг ноцтойгоор зөрчсөн, удирдлагад ямар нэгэн шалтгаанаар дарамт, шахалт үзүүлсэн зөрчил гаргасан тул 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлж ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан /хх-ийн 58 тал/ байна.

 

Ажил олгогч С ХХК-ийн ажилтны бүх гишүүдийн хурлын  2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 01 тоот тогтоолоор С ХХК-ийн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн хороог байгуулж, мөн өдрийн 02 тоот тогтоолоор С ХХК-ийн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн хорооны сонгуульт орон тооны бус даргаар С.Оийг 100 хувийн саналаар сонгож, Үйлдвэрчний эвлэлийн хорооны тэргүүлэгч сонгуульт гишүүнээр М.Мөнхцэцэг, М.Сайнзаяа, С.Энхтайван, Д.Мөнхтуяа нарыг сонгож баталжээ.

 

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газар 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр С ХХК-ийн ажилтны ҮЭ-ийн хороо нь гишүүдийнхээ хөдөлмөрлөх болон хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үйл ажиллагааны чиглэлтэй Үйлдвэрчний эвлэлийн байгууллага, Самдан овогтой Оюундарийг даргаар томилсныг бүртгэж, /улсын бүртгэлийн дугаар 9074005061, регистрийн дугаар 8320438/ Улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдсон /хх-ийн 9 тал/ байх тул тус ҮЭ-ийн хороо нь үйл ажиллагаа явуулах эрхтэй гэж үзнэ.  

 

Хариуцагч С ХХК-ийн захиргааны зөвлөлийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хурлаар “Шалгагч С.Оийн зөрчлийн тухай хэлэлцэж С.Оийг ажлаас халах асуудлыг 100 хувийн саналаар шийдвэрлэсэн болох нь гэрч С.Жийн “Үйлдвэрчний эвлэлийн хорооны сонгуулийн талаар яригдсан” гэх мэдүүлэг, Захиргааны зөвлөлийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хурлын тэмдэглэл зэргээр тогтоогдож байна.

 

Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2.Үндсэн ажлаасаа чөлөөлөгдөөгүй үйлдвэрчний эвлэлийн сонгуульт ажилтныг өөрийн болон сонгосон хамт олных нь зөвшөөрөлгүйгээр өөр ажилд шилжүүлэх, захиргааны санаачлагаар ажлаас халах, түүнд сонгуульт үүрэгтэй нь холбогдуулан сахилгын шийтгэл оногдуулахыг хориглоно” гэж заасан зохицуулалтыг ажил олгогч зөрчсөн гэж үзнэ.

 

Ажил олгогч ажилтны хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 8 дугаар дугаар зүйлийн 8.2.3 Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4. дэх хэсэгт “ноцтой зөрчил” гэж дараах зүйлийг ойлгоно. Үүнд: 6. Хамт олны эв нэгдлийг үймээн бутаргах, зохион байгуулалттай арга хэмжээ зохион байгуулсан, бусдын нэр хүндийг гутаах зорилгоор гүтгэн гүжирдсэн, бусдыг энэ хэрэгтээ өдөөн турхирсан, удирдлагад ямар нэгэн шалтгаанаар дарамт, шахалт үзүүлсэн, компанийн ажилтны  эрх ашиг, нэр хүндэд хохирол учруулсан бол, 9. Удирдлагын зүй ёсны шаардлага, анхааруулгыг үл тоомсорлох, эсэргүүцэх, хамт олныг өдөөн турхирах, компанийн эрх ашгийн төлөө шаардлага тавьсан албан тушаалтантай хэрэлдэх, доромжлох зэргээр компанийн соёл ажилтны ёс зүйг ноцтойгоор зөрчсөн бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар тохиролцжээ.

 

Хариуцагч С ХХК нь ажилтны Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга С.О Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны дүрмийн 14 дүгээр зүйлийн 14.1.Үйлдвэрчний эвлэлийн хороод нь гишүүдийнхээ татварыг сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын нэг ба түүнээс дээш хувьтай тэнцэх хэмжээгээр тогтоож, cap бүр бэлэн бусаар хураана” гэсэн заалтыг зөрчиж 2 сарын татвар бэлнээр хураан авсан гэж маргаж байна.

 

Нэхэмжлэгч С.О Үйлдвэрчний эвлэлийн хорооны гишүүдийнхээ 2 сарын татварыг бэлнээр хураан авсан болох нь татвар хураасан /хх-ийн 80-85 тал/ авагдсан “Татвар хураасан тэмдэглэл”-ээр тогтоогдож байх ба нэхэмжлэгчийн төлөөлөгч нь харилцах данс нээлгэж амжаагүй байсан гэж тайлбарлав.

 

Монголын тээвэр, Холбоо, Газрын тосны ажилтны ҮЭ-үүдийн холбоо 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 150 тоот “Манай салбарын ҮЭ-үүдийн холбооны гишүүн байгууллага С ХХК-ийн ажилтны ҮЭ-ийн хороо мөн болохыг тодорхойлов” гэх албан бичиг, А.Ц, П.М, Ө.А нарын мэдүүлэг зэргээр С ХХК-ийн ажилтны ҮЭ-ийн хороо байгуулагдаж, үйл ажиллагаа нь эхэлсэн гэж үзэхээр байна.

 

Хариуцагч С ХХК нь тус ажилтны ҮЭ-ийн хороо байгуулагдсан тогтоол хүчин төгөлдөр бус гэж мэтгэлцэж байгаа боловч энэ талаар гомдол нэхэмжлэл гаргаагүй байна.

 

Иймд С.Оийг урьд эрхэлж байсан С ХХК-ийн шалгагчийн ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт /сард 559,000 төгрөг :21,5 =өдөрт 26,00 төгрөг х 48 хоногийн олговор/ 1,248,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт ажилгүй байсан хугацааны шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагчид даалгах үндэстэй.

 

Нэхэмжлэгчийн Нийгмийн даатгалын дэвтрийн сүүлийн 3 сарын бичилтээр сарын дундаж цалин хөлсийг /хх-ийн 9-11 тал/ тооцож шийдвэрлэв.

  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1, 160 дугаар зүйлийн 160.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:  

          

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.Оийг С ХХК-ийн шалгагчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 1,248,000 /нэг сая хоёр зуун дөчин найман мянга/ төгрөгийг С ХХК-иас гаргуулж нэхэмжлэгч С.Од олгосугай.

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан дээрх олговроос Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр суутган зохих байгууллагад шилжүүлэн, Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт ажилгүй байсан хугацааны шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч С ХХК-д даалгасугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2 дах хэсэгт зааснаар хариуцагч С ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 34,502 төгрөгийг гаргуулж Улсын төсвийн орлого болгосугай.

 

4.Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

    

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Н.НАРАНГЭРЭЛ