Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2022/00334

 

"Х х б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2020/01212 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 1423 дугаар магадлалтай,

“Х х б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

“.........” ХХК, “.........” ХХК, “.........” ХХК, “.........” ХХК нарт холбогдох

10,532,079,455.20 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нарын өмгөөлөгч Б.Цэнгүүний хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Эрхэмбаяр, хариуцагч нарын өмгөөлөгч Б.Цэнгүүн, нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Х х б” ХХК нь хариуцагч “.........” ХХК, “.........” ХХК, “.........” ХХК, “.........” ХХК-д холбогдуулан “.........” ХХК-тай байгуулсан 2018.05.22-ны өдрийн №ЗГ/СС180518048-1 тоот “Үл хөдлөх хөрөнгийн зээлийн гэрээ”, №ЗГ/СС180518048-2 тоот “Зээлийн гэрээ”-ний үүрэгт үндсэн зээл, зээлийн үндсэн болон нэмэгдүүлсэн хүү, шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдон гарсан зардалд нийт 10,532,079,455.20 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүдээр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагад хариу тайлбар гаргаагүй байна.

2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2020/01212 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 234 дүгээр зүйлийн 234.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, хариуцагч “.........” ХХК болон баталгаа гаргагч “.........” ХХК, “.........” ХХК, “.........” ХХК нараас 9,334,275,902.17 төгрөгийг, хариуцагч “.........” ХХК-аас 1,197,803,553.12 төгрөгийг, нийт 10,532,079,455.20 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Х х б” ХХК-д олгож, Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх заалтыг баримтлан хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2203030437 дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, Сөүлийн гудамж, 20/1 дугаартай барилгын 10 дугаар давхар хаягт байрлалтай 806 м.кв талбай бүхий үйлчилгээ, оффисын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн ......... дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол Сөүлийн гудамж, 20/1 дугаартай барилгын 11 дүгээр давхар хаягт байрлалтай 735 м.кв талбай бүхий үйлчилгээ, оффисын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн ......... дугаарт бүртгэгдсэн, Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, 40, 50 мянгат Энхтайваны өргөн чөлөө гудамж 54 дүгээр байр, 18 дугаар давхар хаягт байрлах 1,154.78 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн ......... дугаарт бүртгэгдсэн, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, 40, 50 мянгат, Баруун сэлбийн гудамж 26 дугаар байрны 12 дугаар давхарт байрлах 723 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг албадан худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2020.02.06-ны өдөр урьдчилан төлсөн 52,818,699 төгрөгийн 52,818,347 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 352 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч “.........” ХХК, “.........” ХХК, “.........” ХХК, “.........” ХХК нараас 52,818,347 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Х х б” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 1423 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2020/01212 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч “.........” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,901,350 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагч нарын өмгөөлөгч Б.Цэнгүүн хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалын зарим хэсгийг эс зөвшөөрөн хяналтын журмаар гомдол гаргаж байна. Шүүхээс хэрэгт авагдсан баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн болно. Тодруулбал:

4.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсэгт “...тодорхой тайлбар өгөөгүй гэсэн тайлбар гаргаж, нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой өөрийн байр сууриа илэрхийлэхгүй байх атлаа шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох хүсэлт, өмгөөлөгч нь шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт гаргасныг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзэн шүүх хуралдааныг үргэлжлүүлэхээр шийдвэрлэхэд хариуцагч нарын төлөөлөгч өөрт олгогдсон төлөөлөх эрхээс татгалзаж байгаагаа илэрхийлсэн тул шүүх хариуцагч нарын төлөөлөгч болон өмгөөлөгч нарыг оролцуулалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн болно.” гэжээ. Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт “Монгол улсын иргэн...өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох, шүүхийн шийдвэрийг давж заалдах, ...эрхтэй” гэж хуульчилсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1-д “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлнэ”, 6.З-д “Зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэнэ”. Мөн хуулийн 32.4-д “Эрх зүйн бүрэн чадамжтай иргэн өөрийгөө сайн дурын үндсэн дээр бусдаар, эсхүл гэрээний үндсэн дээр өмгөөлөгчөөр төлөөлүүлж болно”, 35.1-д “Хуулийн этгээд төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоно” гэж тус тус заажээ. Хариуцагч нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эхэлснээс хойш хууль зүйн туслалцаа авах өмгөөлүүлэх эрхээ хэрэгжүүлэхийн тулд тохирох өмгөөлөгчийг хайсаар 2020 оны 4-р сард өмгөөлөгч авч, хууль зүйн туслалцаа авах болсон. Уг хэргийн үнийн дүн бага биш бөгөөд өмгөөлөгчгүйгээр байгууллага дангаараа шийдвэрлэх бололцоогүй байсан тул хариуцагчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчтэй оролцох хүсэлтэй байгаагаа удаа дараа илэрхийлж байсан. Хууль зүйн туслалцаа авч эхэлснээс хойш өмгөөлөгч нь тайлбар болон холбогдох нотлох баримтуудыг бэлтгэж байсан. Гэтэл шүүх тухайн маргааныг шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай баримт дутуу, хэргийн оролцогч хүсэлт гаргасаар байхад шийдвэрлэсэн байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагад нийцэхгүй юм. 2020.05.08-ны өдөр хариуцагчийн өмгөөлөгчийн шүүх хурал давхацсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан бичмэл нотлох баримтыг шүүхэд хүргүүлж хурал хойшлуулах хүсэлт тавьсан. Гэтэл шүүх уг хүсэлтийг тодорхой үндэслэлгүйгээр хүлээн аваагүй ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаанд оролцох бололцоогүйгээ илэрхийлж төлөөлөх эрхээсээ татгалзсан байна. Ийнхүү шүүх хуралдааныг хариуцагчийн төлөөллийг огт байлцуулалгүйгээр явуулж, хэргийг хянан шийдвэрлэсэн нь талуудын тэгш эрх, мэтгэлцэх зарчимд харшилсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн явдал юм. Гэтэл давж заалдах шатны шүүхээс энэ байдлыг хуульд нийцсэн, хариуцагч талын хүсэлтийг удаа дараа хангаж байсан гэж дүгнэж хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

4.2. Шүүхийн шийдвэрт “2020.01.20-ны өдрийн байдлаар “.........” ХХК-ийн зүгээс Үл хөдлөх хөрөнгийн зээлийн гэрээ нэртэй гэрээний дагуу төлөх зээлийн төлбөрийн үлдэгдлийн хэмжээ 8,715,327,431.93 төгрөг, үндсэн хүүгийн үлдэгдлийн хэмжээ 614,254,969.51 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийн хэмжээ 4,646,500.73 төгрөг, нийт төлөх төлбөрийн хэмжээ нь 9,334,228,902.17 төгрөг байгаа болох нь нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд гаргаж өгсөн зээл, зээлийн хүүгийн тооцооллоор тогтоогдож байх ба хариуцагч нар уг тооцоололд маргаагүй байна...” гэжээ. Мөн 2020.01.20-ны өдрийн байдлаар “.........” ХХК-ийн зүгээс Зээлийн гэрээ нэртэй гэрээний дагуу төлөх зээлийн төлбөрийн үлдэгдлийн хэмжээ 1,124,878,206.19 төгрөг, үндсэн хүүгийн үлдэгдлийн хэмжээ 72,041,667.24 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийн хэмжээ 883,679.69 төгрөг, нийт төлөх төлбөрийн хэмжээ нь 1,197,803,553.12 төгрөг байгаа болох нь нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд гаргаж өгсөн зээл, зээлийн хүүгийн тооцооллоор тогтоогдож байх ба хариуцагч нар уг тооцоололд маргаагүй байна” гэжээ. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1-д “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”. Мөн зүйлийн 40.3-д “Шүүхэд урьдаас хөдөлбөргүй. үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй” гэж тус тус хуульчилсан. Гэтэл шүүх хариуцагч талын төлөөллийг огт байлцуулаагүй атлаа “...хариуцагч нар уг тооцоололд маргаагүй байна...” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ. Зохигчдын шүүхэд гаргаж байгаа баримт нь нэг талын хүсэл зориг, байр суурийг илэрхийлж байдаг тул харьцуулан үнэлэхгүйгээр шийдвэрлэх нь хэт нэг талыг барьсан явдал болно. Шүүх “...нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд гаргаж өгсөн зээл, зээлийн хүүгийн тооцооллоор тогтоогдож байна...” гэсэн нь урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тооцогдсон ямар ч баримт байж болохгүй гэсэн хуулийн шаардлагыг зөрчсөн байна.

4.3. Иргэний хуулийн 202.1-д “Стандарт нөхцөлийг гэрээнд тусгасан ч тэр нь харилцан итгэлцэл, шударга ёсны зарчимд харш, уг нөхцөлийг хүлээн зөвшөөрөгч нөгөө талдаа хохиролтой бол уг нөхцөл хүчин төгөлдөр бус байна. Энэ тохиолдолд стандарт нөхцөлийг гэрээнд тусгах болсон нөхцөл байдал, талуудын ашиг сонирхол болон бусад нөхцөл байдлыг харгалзан үзнэ” гэж хуульчилсан. Нийтэд илэрхий үйл баримтаар Монгол Улсын засгийн газрын 2020 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 30 дугаар тогтоол, Улсын онцгой комисс, Нийслэлийн онцгой комиссын шийдвэрээр 2020.02.26-аас Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа баар, цэнгээний газар, амралтын газар, дэн буудлуудын үйл ажиллагааг зогсоогоод байна. Цаг үеийн давагдашгүй, тооцоолох бололцоогүй байсан хүчин зүйлүүдээс шалтгаалан хариуцагчийн үйл ажиллагаа бүрэн зогсож, орлого тасалдахад хүрсэн.

Иймд зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах, хүүг тодорхой хэмжээгээр бууруулах, зээлийн ангилал бууруулахгүйгээр харилцан тохиролцох хүсэлт банкинд удаа дараа тавьж байсан. Хариуцагчийн зүгээс банкны гэрээнд өөрчлөлт оруулах бололцоогүй, бүхэлдээ стандарт нөхцөл хүлээн авч гэрээг байгуулсан байдаг. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн гэрээний хүү болон нэмэгдэл хүүнд холбогдох хэсгийн тал хувийг бууруулан шийдвэрлэх боломжтой байсан тул зээлийн хүүг бүхэлд нь гаргуулан шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Дээрх үндэслэлүүдээр шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй, хэргийн оролцогчийн мэтгэлцэх эрхийг бүрэн хэрэгжүүлээгүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул шийдвэрт өөрчлөлт оруулж, зээлийн хүүг тал хувиар буюу 348,678,498 төгрөгөөр бууруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хариуцагч нарын өмгөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдоогүй байна.

6. “Х х б” ХХК нь “.........” ХХК, “.........” ХХК, “.........” ХХК, “.........” ХХК-д холбогдуулан 2 удаагийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 9,840,205,638.02 төгрөг, хүүгийн үлдэгдэл 685,296,626.75 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,530,180.42 төгрөг, нотариатын зардал 47,500 төгрөг, нийт 10,532,079,455.20 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, нэхэмжлэл гаргасан, хариуцагч нар нэхэмжлэлийг гардан авсан боловч хариу тайлбар гаргаагүй, шүүх хуралдаанд оролцоогүй байна.

7. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээжээ.

8. “Х х б” ХХК, “.........” ХХК-ийн хооронд 2018.05.22-ны өдөр 2 удаагийн зээлийн гэрээ байгуулагдсан, эдгээр гэрээгээр 8,800,000,000 болон 1,200,000,000 төгрөгийг хөрөнгө худалдан авах зориулалтаар жилийн 16.80 хувийн хүүтэй, 120 болон 60 сарын хугацаатай зээлсэн, үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцөлийг талууд тохиролцсон нь тогтоогдсон байна.

9. Түүнчлэн 8,800,000,000 төгрөгийн зээлийг “.........” ХХК төлж чадна гэсэн баталгааг хариуцагч “.........” ХХК, “.........” ХХК, “.........” ХХК гаргаж баталгааны гэрээ байгуулснаас гадна хариуцагч нар зээл төлөгдөөгүй тохиолдолд үл хөдлөх /“.........” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Нямжавын өмчлөлийн/ болон хөдлөх эд хөрөнгөөр /тухайн компаниудын борлуулалтын орлого/ үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тус тус банктай тохиролцож барьцааны гэрээ байгуулжээ.

Зээлийн, баталгааны, барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдлын талаарх шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, 234 дүгээр зүйлийн 234.1, 234.2, 234.4, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т заасан шаардлагад нийцсэн байна.

10. Нэхэмжлэгч нь хариуцагчид зээлийн мөнгөн хөрөнгийг шилжүүлэн өгсөн, хариуцагч нь эхний зээлийн гэрээний дагуу 357,605,858.85 төгрөг, хоёр дахь зээлийн гэрээний үүрэгт 8,428,352.99 төгрөг төлснөөс өөр төлөлт хийгээгүй, зээлийг буцаан төлөх хугацааг хэтрүүлсэн, тогтоосон нэмэлт хугацаанд зөрчлийг арилгах арга хэмжээ аваагүйгээс нэхэмжлэгч гэрээг цуцалж, цуцлах хугацаа хүртэл зээл, хүүний үлдэгдэл болон нэмэгдүүлсэн хүү шаардсан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д “гэрээний үүргээ зөрчсөн, нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй”, 451 дүгээр зүйлийн 451.1-д “...зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ”, 453 дугаар зүйлийн 453.1-д “...авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол ...гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэснийг тус тус зөрчөөгүй.

11. “.........” ХХК, “.........” ХХК, “.........” ХХК-ууд 8,800,000,000 төгрөгийн зээлийн гэрээгээр зээлдэгчийн төлөөгүй үүргийг бүхэлд нь хариуцахаар баталгааны гэрээнд заасан бөгөөд Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.4-т “үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг баталгаа гаргагчаас үл маргах журмаар шаардах эрхтэй” байна. Иймээс эдгээр компани болон “.........” ХХК-аас зээлийн дээрх гэрээний үүрэгт 9,334,228,902.17 төгрөгийг гаргуулж шийдвэрлэхдээ шүүх Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д заасныг зөв тайлбарлан хэрэглэжээ.

12. Харин 1,200,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт нийт 1,197,803,553.12 төгрөгийг “.........” ХХК дангаар хариуцах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсон байна.

13. “.........” ХХК нь зээлийн гэрээний үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй хугацаа хэтрүүлсэн тул нэхэмжлэгч “Х х б” ХХК нь Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1-д зааснаар барьцааны зүйл болох Б.Нямжавын өмчлөлийн 3, Б.Нямжав, Ж.Амарзаяа нарын өмчлөлийн 1 үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй. Шүүх нэхэмжлэгчийн шаардлагын дагуу хариуцагч нар төлбөрөө сайн дураар биелүүлээгүй бол эдгээр 4 үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулах үүргийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн нь зөв болжээ.

14. Хөдлөх эд хөрөнгө буюу хариуцагч компаниудын ирээдүйд бий болох борлуулалтын орлогыг барьцаалсан гэрээ талуудын хооронд байгуулагдсан боловч уг барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг нэхэмжлэгч гаргаагүй, ийм орлого байгаа тохиолдолд заавал шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хуулиар тогтоогоогүйг дурдав.

15. “Шүүх хуралдааныг хариуцагчийн төлөөллийг байлцуулахгүйгээр явуулж, талуудын тэгш эрх, мэтгэлцэх зарчмыг зөрчсөн, зээлийн тооцооллыг хариуцагч маргаагүй гэсэн буруу дүгнэлт хийсэн, нийтэд илэрхий цар тахлын улмаас аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа муудсан тул зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг бууруулах байсан” гэх хариуцагчийн өмгөөлөгчийн гомдол үндэслэлгүй байна.

15.1 Хариуцагч нар тогтоосон хугацаанд нэхэмжлэлд хариу тайлбар гаргаагүй, төлөөлөгч, өмгөөлөгчийг хэргийн баримттай танилцуулах тэдний хүсэлтээр шүүх хуралдаан 3 удаа хойшлогдсон, хэргийг хэлэлцсэн 2020.05.08-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Тэмүүлэн ирсэн боловч өмгөөлөгчийн шүүх хуралдаан давхацсан, өмгөөлөгчгүйгээр оролцох боломжгүй гэж шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасныг шүүх хангахгүй орхижээ. Уг хүсэлтийг шийдвэрлэх явцад итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрийн төлөөлөх эрхээс татгалзаж, шүүх хуралдааныг орхин гарсан нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байна. Дээрх байдлаас үзэхэд шүүх хариуцагч нарын төлөөлөгч, өмгөөлөгчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, шүүх хуралдаанд оролцох боломжийг хангасан гэж үзнэ.

15.2 Хариуцагч нар нэхэмжлэлийн талаар хариу тайлбар гаргаагүй, шүүх хуралдаанд оролцоогүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг эсэргүүцээгүй, хүлээн зөвшөөрсөн гэж тооцдог зарчимтайгаас гадна нэхэмжлэгчийн тайлбар, гаргасан нотлох баримтыг шүүх шинжлэн судалсан, нэхэмжлэлд хавсаргасан зээлийн тооцооллыг үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй байх тул шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг зөрчөөгүй байна.

15.3 Зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг багасгах хуульд заасан үндэслэл тогтоогдоогүй.

16. Дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2020/01212 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 1423 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч нарын өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч нарын өмгөөлөгч Б.Цэнгүүн 2020.08.07-ны өдөр 1,910,000 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     П.ЗОЛЗАЯА

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                       Г.БАНЗРАГЧ

                                                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                        Х.ЭРДЭНЭСУВД