Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 183/ШШ2020/00261

 


 

 

2020 оны 01 сарын 27 өдөр Дугаар 183/ШШ2020/00261 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, ....... тоотод оршин суух, С  /РД: ........../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, .......... тоотод оршин суух, Б  /РД:............/-д холбогдох,

 

Хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г, нарийн бичгийн даргаар Т.Ган-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч С  нь 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Хан-Уул дүүрэг 15 дугаар хороо, ......... тоот байрны хууль бусаар оршин сууж байгаа Б ийг хууль бус эзэмшлээс гаргуулж байрыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан. Ямар учраас Б  энэ байранд ороод ирсэн гэвэл 2016 оны 02 дугаар сард иргэн Д тэй С  харилцан тохиролцож маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулахаар тохиролцож тухайн үед түлхүүрийг гардуулсан. Д  нь урьдчилгаа болгон байрны төлбөрийг бүрэн төлж чадахгүй тийм учраас төлбөрийг бүрэн барагдуулах хүртэл танай байрыг сар бүр 1 сая төгрөгөөр түрээслэнэ гэж харилцан тохиролцсон. Үүний дараа Д  нь 2016 оны 02 дугаар сараас эхлээд байрны түрээсийн төлбөр 1 сая төгрөгийг өгч байсан боловч 2018 оны 4 дүгээр сар хүртэл энэхүү төлбөрийг төлөлгүй тохиролцоогоо зөрчиж эхэлсэн. Энэхүү гэрээний зөрчил эхэлснээр С  нь өөрийнхөө өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө дээр очиход Д ээс өөр хүн буюу Б  оршин сууж байсан. Ямар учиртайг асуухад Д ээс худалдаж авсан гэж тайлбарладаг. Д  нь Б өд худалдах, худалдан авах гэрээ хэлцэл байгуулах эрх бүхий этгээд биш учраас энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Иймд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, ......... тоот хаягт байх орон сууцнаас Б ийг албадан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Д.С  гаргажээ. Уг орон сууцыг Г.Б  2016.03.14-нд

1. Ланд-200 маркийн авто машиныг 120.000.000 төгрөгөөр бодож /тооцож/,

2. Зайсангийн аманд байрлалтай57.5 м.кв байрыг 115.000.000 төгрөгөөр тооцож,

3. Дээрх байрны грашийг 20.000.000 төгрөгөөр тооцож,

4. Бэлнээр 60.000.000 төгрөг шилжүүлж,

5. Мөн 3.000.000 төгрөг бэлнээр өгч

Нийт 318.000.000 Д ээс худалдаж авсан байна. Харин Г.Б  нэхэмжлэлд дурдснаар уг орон сууцыг 2016 оны 02 дугаар сард Д.С гаас худалдан авч 2016 оны 02 дугаар сараас 2018 оны 04 дүгээр сар хүртэл нийт 26.000.000 төгрөг төлсөн байна. Ш.Д  худалдан авсан үл хөдлөх хөрөнгөө дамжуулан Г.Б өд худалдсан байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байгаа болно гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Манай зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, үүнтэй холбоотой тайлбар гаргасан байгаа. Энэ орон сууцыг анх худалдах, худалдан авах харилцаа үүссэн эсэх нь эргэлзээтэй, анхнаасаа М  ХХК-ийн захирал Н , Д  хоёр хүний хооронд хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн байсан. Төв аймагт байдаг ордод хамтран хөрөнгө оруулж үйл ажиллагаа явуулна гээд хамтран ажиллахаар тохиролцсон. Хамтдаа компани байгуулж энэ дээр Д  гэдэг хүн 2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Н  нь бэлэн мөнгөөр хөрөнгө оруулалт хийж чадаагүй, М  ХХК-ийн нэр дээр авах эрхтэй тухайн үед өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаагүй байсан нэг байр биш гурван байрны асуудал юм. Гурван байраар хөрөнгө оруулалт хийж үйл ажиллагаа явуулна гэсэн. Д  гэдэг хүн маань бэлэн мөнгөөр хөрөнгө оруулалт хийгээд үйл ажиллагаа явуулаад дараа нь худалдан борлуулах эсэх асуудал яригдаж байхад Н  би энэ асуудлаас гарлаа гэсэн. Д  нь энэ ажилд байсан бүх бэлэн мөнгөө оруулсан тул энэ байрнуудаа хэрхэх талаар ярьж байрнуудыг чинь худалдаж авъя гэж харилцан тохиролцож худалдах, худалдан авах гэрээний харилцаа руу шилжсэн гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх Д.С гийн гаргасан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, .......... тоот орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийг Г.Б өд холбогдуулан гаргажээ.

 

Хариуцагч хариу тайлбартаа ...уг байрыг нийтдээ 318.000.000 төгрөгөөр Ж.Д ээс худалдан авсан гэжээ.

Хэргийн баримтаас үзэхэд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, ....... тоот орон сууц нь иргэн Д.С гийн өмчлөлд бүртгэлтэй, тус үл хөдлөх эд хөрөнгө нь Хаан банк болон иргэн Д.С  нарын хооронд байгуулсан 2018.09.26-ны өдрийн .......... тоот барьцааны гэрээний дагуу зээлийн барьцаанд байгаа болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2019.12.09-ний өдрийн 7/9647 албан тоот, Хаан банкны 2020.01.27-ны өдрийн 29/757 албан тоот, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэргээр тогтоогдсон байна.

Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1-д улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгүүлнэ гэж заасны дагуу 2017.01.18-ны өдрийн ........... дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тухайн 117.83 м/кв талбайтай, 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь Д.С  болсон байна.

 

Хариуцагч Г.Б  хариу тайлбартаа ...2016.03.11-нд нийтдээ 318.000.000 төгрөгөөр Ж.Д ээс худалдаж авсан, харин Ж.Д  нь 2016 оны 2 сард уг орон сууцыг Д.С гаас худалдаж аваад Г.Б өд худалдсан гэх боловч энэ талаар нотолсон баримт хэрэгт байхгүй, нэхэмжлэгч Д.С  болон Г.Б  нарын хооронд эрх зүйн харилцаа үүсээгүй, тэрээр тухайн орон сууцны өмчлөгч Д.С гийн шаардах эрхийн хүрээнд хариуцагч Г.Б ийн эзэмшил хууль бус болох нь тогтоогдсон байна.

 

Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д зааснаар улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцдог, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй байх бөгөөд энэ нь зөвхөн хууль бус эзэмшилд хамаардаг.

 

Хариуцагчийн хүсэлтээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр Ж.Д ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан бөгөөд шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа ...маргаан бүхий орон сууцыг М  ХХК-ийн захирал Т.Н  гэх хүнээс зээлээр худалдан авч, цааш нь гуравдагч этгээдэд борлуулахаар тохиролцсон. Орон сууцны төлбөрийг М  ХХК-ийн нягтлан бодогч гэх Д.С гийн дансанд төлж байсан гэжээ.

 

Гэвч өөрийн тайлбарыг нотолсон баримтгүй, М  ХХК-ийн захирал гэх Т.Н , Ж.Д  нарын хоорондын төлбөр тооцооны асуудал энэ хэрэгт хамааралгүй, тухайн орон сууцны өмчлөгчөөр Д.С г бүртгэсэн бүртгэлийн талаар маргаан үүсээгүй байх тул бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбарыг шүүх хүлээн авах боломжгүй болно.

 

Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэсээс ирүүлсэн 2020.01.10-ны өдрийн албан тоот, хавсаргасан баримтаас үзэхэд Д.С  нь тухайн орон сууцны гэрчилгээг өөрийн нэр дээр олгохыг хүссэн 2017.01.17-ны өдрийн хүсэлт, Х  ХХК-тай орон сууцны тооцоогүй тул бүргэж авахыг хүссэн Х  ХХК-ийн хүсэлт, Д.С  болон М  ХХК-ийн хооронд байгуулсан 2014.10.20-ний өдрийн орон сууцны барилгыг захиалан бариулах гэрээ зэрэг бичгийн баримтууд орон сууцны хувийн хэрэгт авагдсан болох нь тогтоогджээ.

 

Түүнчлэн Ж.Д  нь 2016 оны 2 сараас эхлэн түрээсийн төлбөр, байрны үнэ гэсэн шилжүүлгийн утга бүхий тодорхой хэмжээний мөнгийг Д.С гийн Хаан банкны дансанд шилжүүлж байсан талаарх депозит дансны дэлгэрэнгүй хуулга хэрэгт авагдсан байна.

 

Иймд Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д өмчлөгч нь өөрийн өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар өмчлөгч нь хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэсэн заалтын дагуу тухайн орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай Д.С гийн нэхэмжлэлийг хангах үндэстэй гэж үзлээ.

Хариуцагчийн төлөөлөгч Б шүүх хурлын товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар Д.С гийн нэхэмжлэлийг хангаж, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, ........ тоот орон сууцнаас хариуцагч Г.Б  болон түүний гэр бүлийг нүүлгэн гаргаж, орон сууцыг албадан чөлөөлүүлсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Г.Б өөс 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.С д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ