Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 001/ХТ2022/00347

 

“.........” ХХК-ийн Орхон салбарын

Нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 142/ШШ2020/00344 дүгээр шийдвэр,

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 63 дугаар магадлалтай,

“.........” ХХК-ийн Орхон салбарын нэхэмжлэлтэй

.........д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 3,679,005.51 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Одцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Батбаяр, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “.........” ХХК-ийн Орхон салбар нь хариуцагч .........д холбогдуулан кредит картын үндсэн зээл 3,145,744.21 төгрөг, зээлийг бэлэн болон бэлэн бусаар ашигласны хүү   495,688 төгрөг, хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 37,577.25 төгрөг, нийт 3,679,005.51 төгрөг гаргуулах   нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч зарим хэсгийг зөвшөөрчээ.

2. Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 142/ШШ2020/00344 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч .........аас 3,679,005.51 төгрөгийг гаргуулж “.........” ХХК-ийн Орхон салбарт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 73,814 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч .........аас улсын тэмдэгтийн хураамж 73,814 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “.........” ХХК-ийн Орхон салбарт олгож шийдвэрлэжээ.

3. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 63 дугаар магадлалаар Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 142/ШШ2020/00344 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтыг “...Очирын Таас 3,679,005.51 төгрөгийг гаргуулж, “.........” ХХК-ийн Орхон салбарт олгож, ...” гэснийг “...Очирын Таас 3,037,577 төгрөг гаргуулж, “.........” ХХК-ийн Орхон салбарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 641,428 төгрөгийн хэрэгсэхгүй болгосугай...” гэж, Шийдвэрийн 2 дахь заалтыг “...хариуцагч .........аас улсын тэмдэгтийн хураамж 73,814 төгрөгийг...” гэснийг “...хариуцагч .........аас улсын тэмдэгтийн хураамж 63,551 төгрөгийг...” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-тзааснаар хариуцагч .........ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 73,814 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

4. Нэхэмжлэгч “.........” ХХК-ийн Орхон салбарын төлөөлөгч О.Хаянхярваа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын шатны шүүхэд гомдол гаргаж байна.

4.1. Шүүхийн магадлалын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д “3,000,000 төгрөг нь 3,145,744.21 төгрөг болж нэмэгдсэн, зээлийн эрх хэтрүүлсэн хүүгийн төлбөр 495,684.05 төгрөг хэрхэн тооцож нэхэмжилсэн болохоо нотолж чадаагүй гээд 641,428.26 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон болно”. Анх ......... нь 3,000,000 төгрөгийн зээлийн эрхтэй карт 2018 онд авч ашигласан. Нийт гэрээнд заагдсаны дагуу 1,544,078.98 төгрөгийн бодогдсон. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 3 дахь заалт, 24 дүгээр зүйлийн 3 болон 4 дэх заалтын дагуу банк тухайн зээлдэгчийн үндсэн зээлийн үлдэгдлээс хүүгийн хэмжээ болон нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ тооцож нэхэмжилсэн.

4.2. Голомт банк нь 2020.01.10-ны өдрийн байдлаар харилцагчаас доорх мөнгөн дүнг зохих хууль ёсны дагуу нэхэмжилсэн. Үндсэн төлбөр-3,145,744.21 төгрөг, хүүгийн төлбөр 495,684.05 төгрөг, эрх хэтрүүлсэн хүү /нэмэгдүүлсэн хүү/ 21,371.25 төгрөг, хугацаа хэтрүүлсэн хүү 16,206 төгрөг, нийт 3,679,005.51 төгрөг, Голомт банкны Орхон Зээлийн төвийн зүгээс нэхэмжлэл гаргахдаа Монгол банкны ерөнхийлөгчийн 2018.07.23-ны өдрийн тушаалаар батлагдсан Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журмаар баталсан аргачлалаар үндсэн болон нэмэгдүүлсэн хүүг тооцоолж нэхэмжлэл гаргасан.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

5. Хариуцагч ......... хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

5.1. Би 2018.10.22-ны өдөр 24 сарын хугацаатай 3,000,000 төгрөгийн зээлийн эрхтэй кредит карт тус банкнаас авсан. Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу зээлийг төлж байгаад 2019 оны 02 сараас зээлийн төлөлт алдагдсан. 2019 оны 02 сард зарлагын гүйлгээ хийгээгүй байхад илүү зарцуулалт 299,031.27 төгрөг бичигдсэн. Иргэн тодорхой хэмжээгээр картаар буюу бэлэн мөнгө данснаас авч зарлагын гүйлгээ хийсэн тохиолдолд зарлага гардаг. Энэ 2 сард огт зарлага хийгээгүй болно. Иймд илүү зарцуулалт хийгээгүй учир 2019 оны 02 сараас хойш илүү зарцуулалт төлөхгүй гэж бодож байна. Мөн илүү зарцуулалт хийж эрх хэтрүүлээгүй учир зээлийн эрх хэтрүүлсний нэмэгдсэн хүү төлөх ёсгүй гэж үзэж байна. Иймд би зээлийн хүү болох хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү /2019 оны 03 сараас/ төлөх ёстой. Зээлийн гэрээнд зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө дуусгавар болох, гэрээнээс татгалзах талаар тусгайлан тохиролцоогүй учир 2020.10.02-нд зээлийн гэрээний дагуу төлбөр тооцоог дуусгана. Хугацаа хэтрүүлсний хүүгийн төлбөр 16,206 төгрөг, зээлийн хүү 873,283.15 төгрөг, нийт 889,489.15 төгрөг болж байна. Миний төлсөн 2019 оны 1 сард 540,000 төгрөг, 09 сард 62,000 төгрөг, 10 сард 378,000 төгрөг, 11 сард 278,000 төгрөг, 12 сард 100,000 төгрөг, 2020 оны 1 сард 65,000 төгрөг, 2 сард 37,590 төгрөг, нийт 1,460,000 төгрөг төлсөн. Миний тооцооллоор үндсэн зээл 3,000,000 төгрөг, хугацаа хэтрүүлсний хүүгийн төлбөр 16,206 төгрөг, зээлийн хүү 873,283.15 төгрөг, нийт 3,889,489.15 төгрөг болж байна. Үүнээс нийт төлсөн төлөлт 1,460,000 төгрөг хасахад 2,429,489.15 төгрөг болж байна. Энэ нь үндсэн зээлээс 570,510.85 төгрөг хасагдаж тооцогдоно гэсэн үг. Мөн миний төлөх хугацаа Монгол улсын засгийн газрын банкны талаар зээл болон зээлийн хүүг хойшлуулах шийдвэртэй давхцаж байгаа тул 2020.10.22-ны өдөр хүртэл төлөх хугацаа болон мөнгөн дүнг өөрчилж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

6. Нэхэмжлэгчийн гомдлыг хангаж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих үндэслэлтэй байна.

7. Нэхэмжлэгч “.........” ХХК-ийн Орхон салбар нь хариуцагч .........д холбогдуулан үндсэн зээл 3,145,744.21 төгрөг, зээлийг бэлэн болон бэлэн бусаар ашигласны хүү 495,688 төгрөг, хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 37,577.25 төгрөг, нийт 3,679,005.51 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч “...үндсэн зээл 3,145,744.21 төгрөг, хүү 141,077.35 төгрөг, нийт 3,286,821.56 төгрөг төлнө, хугацаа хэтрүүлсэн хүүгийн төлбөрийг зөвшөөрөхгүй, 2020.10.02-нд зээлийн гэрээний хугацаа дуусна.” гэж маргажээ.

8. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх төлбөрийн хэмжээг багасгаж шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.

Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байх тул хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

9. Зохигчийн хооронд 2018.10.22-ны өдөр зээлийн эрхийн дээд хэмжээ нь 3,000,000 төгрөг, ашиглах хугацаа 24 сар, бэлэн бус гүйлгээний сарын хүү 2 хувь, бэлэн гүйлгээний хүү 3.5 хувь байх, зээлийн эрх болон хугацаа хэтрүүлэх тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөх, сар бүрийн 15-ны өдөр хүүг, мөн зээлээс эргэн төлөх доод хувь 10 хувь гэсэн нөхцөлтэй гэрээ байгуулагдаж, кредит карт олгогдсон нь тогтоогдсон, энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний шинжийг агуулсан, энэ талаар хоёр шатны шүүх хуульд нийцсэн дүгнэлтийг хийжээ.

10. Зээлийн гэрээний хугацаа 2022.10.22-ны өдөр дуусгавар болох байсан хэдий ч хариуцагч гэрээгээр тохирсон сар бүр авсан зээлийн хүүг төлөх үүргээ биелүүлээгүй зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдсон тул нэхэмжлэгч гэрээг цуцалж 2020.01.13-ны өдөр шүүхэд хандсан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д заасныг зөрчөөгүй байна.

11. Хариуцагч нь кредит картыг ашиглах явцдаа тогтоосон зээлийн дээд хязгаараас илүү буюу 3,145,744.21 төгрөгийг бэлэн болон бэлэн бусаар авч ашигласан болохыг маргаагүй байхад давж заалдах шатны шүүх зээлийн үндсэн төлбөрт 3,000,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулснаас гадна зээлийн гэрээнд эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 495,684 төгрөгийг хэрхэн тооцох болон гэрээг хугацаанаас нь өмнө дуусгавар болгох, татгалзах талаар тусгайлан тохиролцоогүй гэж үзэн дээрх хүү гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл муутай болжээ.

12. Нэхэмжлэгч анх 496,684 төгрөгийг эрх хэтрүүлсний хүү гэсэн утгаар нэхэмжлэлд дурдсан боловч анхан шатны шүүх хуралдаанд тухайн мөнгө нь зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй зээлийн үндсэн хүүгийн үлдэх хэсэг гэж тайлбар гаргасан, энэ талаар анхан шатны шүүхийн шийдвэрт тодорхой заасан атал давж заалдах шатны шүүх анхаараагүй байна.

13. Түүнчлэн зээлийн гэрээний үүргээ зөрчин хугацааг хэтрүүлсэн тул хариуцагч гэрээнд заасны дагуу нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй бөгөөд уг төлбөрт нийт 37,575.25 төгрөг шаардсан нь гэрээ болон хууль зөрчөөгүй.

14. Иймээс үндсэн зээл 3,145,744 төгрөг, бэлэн болон бэлэн бусаар ашигласан мөнгөнд гэрээгээр тохирсон хүүг тогтоосон хувиар тооцож, төлсөн төлбөрийг хасч зээлийн хүүд нийт 496,684 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 37,575.25 төгрөг, нийт 3,679,005.51 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасантай нийцнэ.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “давж заалдах шатны шүүх тооцооллыг ойлголгүй буруу дүгнэсэн” тухай гомдлыг хангаж, хариуцагчийн “үндсэн зээлээс 570,510.85 төгрөг хасагдаж тооцогдоно, зээлийн гэрээний хугацаа дуусаагүй” гэх гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 63 дугаар магадлалыг хүчингүй болгож, Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 142/ШШ2020/00344 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангаж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг тус тус баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч “.........” ХХК-ийн Орхон салбар /төлөөлөгч О.Хаянхярваа/-ын 2020.05.29-ний өдөр 19,892.85 төгрөг төлснийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, хариуцагч .........ын 2020.05.29-ний өдөр 73,814 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.СОЁМБО-ЭРДЭНЭ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                       П.ЗОЛЗАЯА

                                                                        Б.МӨНХТУЯА

                                                                        Х.ЭРДЭНЭСУВД