Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 142/шш2020/00344

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Г- банк ХХК-ийн Орхон салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: О.Т-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 3679005.51 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Одончимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г- банк ХХК-ийн захирал О.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: О.Т- нь 2018 оны 10 сарын 22 өдөр ЗГ/402845506 тоот зээлийн гэрээ байгуулан 3000000.00 /гурван сая/ төгрөгийг 24 /хорин дөрвөн/ сарын хугацаатай зээлийн эрхтэй кредит карт авсан. О.Т- нь банкнаас удаа дараа зээлээ төлөхийг шаардан уулзалт хийж байсан боловч зээлээ төлөхгүй банкийг хохироож байна. 2020 оны 01 сарын 10-ны өдрийн байдлаар тус кредит карт нь үндсэн зээл 3145744.21 /гурван сая нэг зуун дөчин таван мянга долоон зуун дөчин дөрвөн төгрөг хорин нэгэн мөнгө/, хүүгийн төлбөр 21371.25 /хорин нэгэн мянга гурван зуун далан нэгэн төгрөг хорин таван мөнгө/, эрх хэтрүүлсэн хүү 495684.05 /дөрвөн зуун ерэн таван мянга зургаан зуун наян дөрвөн төгрөг таван мөнгө/, хугацаа хэтрүүлсний хүүгийн төлбөр 16206.00 /арван зургаан мянга хоёр зуун зургаа/ төгрөг нийт 3679005.51 /гурван сая зургаан зуун далан есөн мянга таван төгрөг тавин нэгэн мөнгө/ төгрөгийн үлдэгдэлтэй байгаа болно. Иймд О.Т-аас  нь дээр дурьдсан үндсэн зээл, зээлийн хүү, торгуулийн хүүний төлбөр болох нийт 3679005.51 /гурван сая зургаан зуун далан есөн мянга таван төгрөг тавин нэгэн мөнгө/ төгрөгийг албадан төлүүлж банкийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч О.Т- шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: О.Т- би 2018 оны 10 сарын 22-ны өдөр 24 сарын хугацаатай 3 сая төгрөгийн зээлийн эрхтэй кредит карт тус банкнаас авсан. Шүүхэд хариу тайлбар өгөх өдрийн байдлаар тооцоход үндсэн зээл 3145744.21 төгрөг, хэтрүүлсэн хүү 141077.35 төгрөг нийт 3286821.56 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна. Би иргэний үүргийг тодорхой хэмжээнд биелүүлсэн. Гэрээний хугацаа дуусаагүй, хүүгийн төлбөр болон хугацаа хэтрүүлсэн хүүгийн төлбөр байхгүй учир банкны нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд би 2020 оны 10 сарын 02-нд зээлийн гэрээний дагуу төлбөр тооцоог дуусгана гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.Т- нь Г- банкнаас 2018 оны 10 сарын 22-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 3 000 000 төгрөгийг 24 сарын хугацаатай зээлийн эрхтэй кредит карт авсан. Тэгээд кредит картаа 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 100 хувь хэрэглэсэн. Эхний хэдэн сар төлөлтөө бага хэмжээгээр төлж явдаг байсан. Сүүлдээ огт төлөхгүй болсон. Өнөөдрийн байдлаар нийт 495 хоногийн хугацаа хэтэрсэн байгаа. 2020 оны 01 сарын 10-ны өдрийн байдлаар тус кредит карт нь үндсэн зээл 3 145 744 төгрөг, зээлийг бэлэн болон бус ашигласны хүү 495 684 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүү нь 37 577 төгрөг байна. О.Т-д удаа дараа очиж уулзаж, бичиг өгч байсан. Харилцагч хэлсэн амлалтандаа хүрдэггүй, төлөлт хийнэ гэсэн өдрөө төлөлтөө хийдэггүй. ... 2019 оны 1 сард 540 000 төгрөг, 2019 оны 9 сард 52 000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 12-ны байдлаар 378 000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сард 278 000 төгрөг, 2019 оны 12 дугаар сард 100 000 төгрөг, 2020 оны 1 сард 40 000 төгрөгүүдийг төлсөн байна. ... Бэлэн болон бэлэн бусын хүү гэж байгаа. Бэлэн хүү гэдэг нь АТМ болон банкнаас бэлэн мөнгө авсан тохиолдолд сарын хүү нь 3.5 хувь буюу жилийн хүү нь 42 хувийн хүүтэй. Бэлэн бус нь пос машин болон дэлгүүрүүдээр худалдан авалт хийсэн тохиолдод сарын хүү нь 2 хувийн хүүтэй, жилийн 24 хувийн хүүтэй байдаг. Нэмэгдүүлсэн хүү нь 2 хувийн хүүтэй байгаа гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.Т- 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 24 сарын хугацаатай 3 000 000 төгрөгний зээлийн эрхтэй кредит картыг тус банкнаас авсан. Шүүхэд хариу тайлбар өгсөн өдрийн байдлаар үндсэн зээл 3 145 744 төгрөг, эрх хэтрүүлсэний хүү 141 077 төгрөг, хүүгийн төлбөр 0 төгрөг, хугацаа хэтрүүлсэний хүү 0 төгрөг байгаа гэж үзэж байна. Хугацаа хэтэрсний хүүгээ төлчихсөн. Үндсэн зээл 24 сарын хугацаатай байгаа. Ер нь бол хугацаа хэтэрсэн гэж үзэхгүй байгаа. Гэрээнийхээ үүргийг биелүүлж төлөлтүүд хийж байсан. ... 2019 оны 9 сард 62 000 төгрөг, 2019 оны 10 дугаар сард 378 000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сард 278 000 төгрөг, 2019 оны 12 сард 100 000 төгрөг, 2020 оны 1 дүгээр сард 40 000 төгрөгүүдийг төлөөд нийт 920 510 төгрөгийг хүүнд төлсөн байна. Энэ зээлийн гэрээний хугацаа дуусаагүй, хугацаа хэтэрсэн зүйл байхгүй тул уг мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үндсэн төлбөр, тухайн саруудад гарах үеийн хүүг төлөхийг зөвшөөрч байгаа гэв.

Шүүх зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г- банк ХХК-ийн Орхон салбар нь хариуцагч О.Т-д холбогдуулан үндсэн зээл, зээлийн хүүний төлбөр болох 3679005.51 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч, түүний итгмжлэгдсэн төлөөлөгч зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй тайлбар гаргаж мэтгэлцсэн.

Нэхэмжлэгч Г- банк ХХК-ийн Орхон салбар нь хариуцагч О.Т-тай 2018 оны 10 сарын 22-ны өдөр ЗГ/402845506 дугаартай кредит картын гэрээг байгуулан, уг гэрээгээр зээлийн эрхийн хэмжээ 3.000.000 төгрөг, картын эрхийн хугацаа 2 жил, бэлэн бус гүйлгээний хүү 24 хувь /сарын 2 хувь/, бэлэн гүйлгээний хүү 42 хувь /сарын 3.5 хувь/ байхаар тохиролцож гэрээ байгуулсан байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. гэж заасны дагуу үүргийн гүйцэтгэлийг Г- банк хариуцагч О.Т-аас шаардах эрхтэй байна.

 

 

 

Хариуцагч О.Т- нь зээлийн гэрээнд заасны дагуу сар бүр зээлийн төлбөрийг төлөх үүргийг зөрчиж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч байгууллага гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Хэрэгт цугларсан нотлох баримт, зохигчдын тайлбаруудаар хариуцагч О.Т- нь зээлийн эрхтэй картнаас 2.500.500 төгрөгийг бэлнээр, 645.000 төгрөгийг бэлэн бусаар зарлагадаж, 2019 оны 09 сарын 05-ны өдрөөс 2020 оны 01 сарын 14-ны хооронд нийт 920590 төгрөгийг картанд орлого хийжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахдаа ...үндсэн зээл 3145744.21 төгрөг, зээлийн бэлэн болон бэлэн бус ашигласан хүү 495688 төгрөг, торгуулийн хүү 37577.25 төгрөг, нийт 3679005 төгрөг нэхэмжилж байгаа... гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ... үндсэн зээл 3145744 төгрөг, эрх хэтрүүлсний хүү 141077 төгрөг, хүүгийн төлбөр 0 төгрөг, хугацаа хэтрүүлсний хүү 0 төгрөг байгаа гэж үзэж байна. Хугацаа хэтэрсний хүүгээ төлчихсөн. Үндсэн зээл 24 сарын хугацаатай байгаа. Ер нь бол хугацаа хэтэрсэн гэж үзэхгүй байгаа. Гэрээнийхээ үүргийг биелүүлж төлөлтүүд хийж байсан... гэж тайлбарласан.

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. гэж заасны дагуу хариуцагч нь үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үндэслэлтэй юм.

Хариуцагч нь нийт 3145744,21 төгрөгийн үндсэн зээлийг 2018 оны 11-2020 оны 1 сарын хооронд нийт 15 сарын хугацаанд сар бүр хуваарийн дагуу төлөх үүргээ биелүүлээгүй байх тул бэлнээр авч хэрэглэсэн 2500500 төгрөгийн хүүг сар бүрийн 3.5 хувиар тооцоход 87517*15=1312762,5 төгрөг, бэлэн бусаар авч хэрэглэсэн 645000 төгрөгийн хүүг сар бүрийн 2 хувиар тооцоход 12900 12900*15=193500 төгрөг, эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүүг гэрээнд заасны дагуу 2 хувиар тооцоход 2914,88 төгрөг, хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүүг 1 хувиар тооцоход 31457 төгрөг нийт 1540633 төгрөгийг хүү, эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү, хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүүнд төлөх ёстой байснаас хариуцагч нь 920590 төгрөгийг төлсөн гэж тайлбарлаж, холбогдох баримтуудыг гаргаж өгсөн.

Хариуцагч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу зээлийн төлбөрт түүний төлсөн 920590 төгрөгийг хасч тооцоход 620043 төгрөгийг хүүнд, үндсэн зээлд 3145744:21 төгрөг, нийт 3765788 төгрөгийг төлөх үүрэгтэй байх боловч нэхэмжлэгч 3679005.51 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байх тул нэхэмжлэлийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 73814 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч О.Т-аас улсын тэмдэгтийн хураамж 73814 төгрөгийг гаргуулж Г- банк ХХК-ийн Орхон салбарт олгож шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч С овогт О-ын Т-аас 3679005,51 /гурван сая зургаан зуун далан есөн мянга таван төгрөг, тавин нэгэн мөнгө/ төгрөгийг гаргуулж Г- банк ХХК-ийн Орхон салбарт олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57-р зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 73814 /далан гурван мянга найман зуун арван дөрөв/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч О.Т-аас улсын тэмдэгтийн хураамж 73814 /далан гурван мянга найман зуун арван дөрөв/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г- банк ХХК-ийн Орхон салбарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ