Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 183/ШШ2020/00298

 


 

 

 

2020 оны 01 сарын 31 өдөр Дугаар 183/ШШ2020/00298 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, ......... тоотод байрлах, Г ХХК /РД:.........5/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, ........... тоотод оршин суух Ц  /РД:.........../,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, ..................тоотод оршин суух, Б  /РД:..../,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, ........ тоотод оршин суух, Н.Д /РД:............/,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 11-р хороо, ........ тоотод оршин суух, С.Ба  /РД:........../ нарт холбогдох,

 

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, ......... нэгж талбарын дугаартай, 2.0 га газрыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б, түүний өмгөөлөгч Ц, З, хариуцагч Н.Д, хариуцагч С.Ц ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г, хариуцагч С.Ба гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Д, нарийн бичгийн даргаар Т.Ган-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч З  шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Г ХХК 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан ам, ........  дугаартай 2 га газрыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр иргэн Ба , Ц , Б, Д нарт холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Энэ нэхэмжлэлийн утга нь 2014 оны 6 дугаар сарын 20-ны өдөр А/272 дугаар Байгал орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны сайдын тушаалаар энэ газрыг хууль ёсны дагуу эзэмшдэг. Уг газарт дээр дурдсан нэр бүхий 4 иргэн өнөөдөр хүртэл ямар ч гэрчилгээгүй зөвхөн урьд нь амьдарч байсан гэдэг шалтгаанаар өнөөдөр хүртэл уг газарт оршин суудаг. Газрын тухай хууль болон засаг даргаас удаа дараа хууль бус эзэмшлээс албадан гарах шаардлага удаа дараа төрийн байгууллага шаардах хуудас хүргүүлсэн. Тийм учраас нэхэмжлэгчийн газраас нэр бүхий 4 иргэнийг албадан нүүлгэж өгнө үү. Учир нь энэ газрыг аялал жуулчлал буюу зориулалтын дагуу ашиглах гэхээр эдгээр иргэд саад болж байна. Энэ газрын жилийн татвар нь 37.0 сая төгрөг. Ийм татварыг төлөөд эдгээр иргэд газар дээр үнэгүй амьдарч байгаа нь нэхэмжлэгчийг хохироож байна. Иймд нэхэмжлэлийг хангаж, газрыг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж өгнө үү гэв.

 

Хариуцагч Н.Д шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Иргэн Н.Д миний бие хүү С.Ба  бид нар 2005 оны 05 дугаар сараас өнөөдрийг хүртэл 15 жил энэ газартаа оршин сууж байна. Миний ээж 80 настай бөгөөд би өөрөө одоо 61 настай. Тэтгэвэрт гараад 6 жил болж байгаа бөгөөд хүү Ба  нь 3 хүүхэд эхнэрийн хамт бидэнтэй хамт амьдарч байсан. 2012 оноос 8 жилийн турш айлын гэр түрээслэн амьдарсаар байна. Иргэн бид нар Г ХХК-тай олон удаа шүүхийн өмнө асуудлаа шийдүүлэхээр маргаж байгаа билээ. Урд нь Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхээр Байгал орчин аялал жуучлалын яамтай бид заргалдахад шүүхийн шийдвэр иргэн бидний талд гарсан. Дараа нь Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд Г ХХК иргэн бид нартай заргалдаж шүүхийн шийдвэр мөн л иргэн бидний талд гарсан. Харин Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг Байгал орчин аялал жуучлалын яам хүлээн зөвшөөрсний улмаас 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/187 тоот газар ашиглах зөвшөөрөл олгох тухай тушаалын 31 дүгээрт Н.Дыг, 32 дугаарт С.Ба гийн нэрийг жагсааж газар олгохыг зөвшөөрсөн байсан. Энэ тушаалыг иргэн миний бие нь 2017 оны 10 дугаар сард мэдсэн учир Давж заалдах шүүх болон Дээд шүүхийн өмнө энэхүү бодит байдлыг хэлж гэрчилж чадаагүй билээ. Уг тушаалыг гарсан даруй мэдсэн бол иргэн бид Дээд шүүхийн өмнө хүчгүйдэх үндэслэл байгаагүй. Хорооны засаг дарга байсан Т болон Г ХХК нь үгсэн хуйвалдсан гэж үзэж байна. Яагаад гэвэл уг тушаалд нэр нь жагсаагдаж эрх нь зөвшөөрөгдсөн Б, А, Т, С.Ба , Н.Д гэсэн 6 иргэний газар олгогдоогүй болох нь тогтоогдсон. Ийм учир УИХ-ын гишүүн, Хууль зүйн яамны сайд Н энэ асуудлыг хянаж үзээд шийдвэрлэж өгөх талаар хүсэлт явуулсны дагуу Байгал орчин аялал жуучлалын яамны сайд Бат 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/187 тоот тушаал одоо хүртэл хүчин төгөлдөр болохыг тогтоож одоогийн Байгал орчин аялал жуучлалын яамны сайд Ц-д эдгээр иргэдийн газрыг шийдвэрлэж хариу мэдэгдэх хүсэлтийг 2019 оны 06 дугаар сарын 25-нд өгсөн. Үүний дагуу бидний газраа гэрчилгээжүүлэх эрх хүчин төгөлдөр байгаа бөгөөд Т, А, Бат нар нь газрынхаа эрхийг авсан. Н.Д, С.Ба  нарын гэрчилгээ нь олгогдоогүй байгаа бөгөөд учир нь Байгал орчин аялал жуучлалын яамны тусгай хамгаалалттай бүс нутгийн албан дээр саатсан байсныг мэдээд 2019 оны 12 дугаар сард дахин бичиг баримтаа яамны сайдад хүргүүлсэн байгаа. Уг газар нь иргэн Баярмаагийн газар байсан гэдэг Дээд шүүхийн шийдвэр нь зөв бөгөөд иргэн Баярмаа нь 2008 онд гэрээгээ цуцалсан билээ. Үүний дараа 2010 оны 09 дүгээр сард ЖХХК иргэн На  нар эзэмшиж байсан. 2015 оноос И ХХК уг газрыг эзэмшиж байгаа нь Г ХХК-тай ямар нэгэн давхцалгүй болох нь тодорхой бөгөөд миний оршин сууж буй газар нь Г ХХК-ний кадастртай давхцалгүй гэдгийг баталж байгаа юм. 2008 оноос эхлэн зайсангийн иргэдтэй нэгдсэн журмаар үе үеийн УИХ-ын гишүүд, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Богд хан уулын дархан цаазат газрын хамгаалалтын алба, Байгал орчин аялал жуучлалын яам тус тус хүсэлтээ явуулж байсны дагуу Засгийн газраас 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн хуралдааны тэмдэглэл УИХ-ын байнгын хорооноос ирүүлсэн чиглэлийн дагуу Зайсангийн аманд он удаан жил амьдарсан иргэдэд зөвшөөрөл олгох шийдвэр гарсан юм. Д нь 2007 онд газрын зөвшөөрөл авсан нь уг газар Д ба Г ХХК-ний газар биш гэдгийг цаг хугацааны хувьд гэрчилж байна. Мөн Г ХХК нь 2012 оны 07 дугаар сарын 20-нд Байгал орчин аялал жуучлалын яамны сайдын А/272 тоот тушаал гаргуулсан байдаг. Гэтэл энэ нь компани нь яаж энэ тушаалыг гаргуулсныг ойлгохгүй байна. 2012 оны 07 дугаар сарын 26-ны өдөр газрын кадастраа татаад явж байсан бөгөөд энэ үед миний бие Экологи зайсан ТББ-ын тэргүүн Ө нар нь кадастрын зураг авч явсан хүмүүстэй маргалдаж байсан. Маргааш нь болох 2012 оны 07 дугаар сарын 27-нд 11 дүгээр хорооны засаг дарга Т-д Ө бид 2 очиж энэ тухай мэдүүлж өргөдлөө өгсөн. Тэр үед Т  нь бичиг баримтаа бүрдүүлээд хорооны иргэдийн нийтийн хурлаар орохоор ирэх үед нь би та нарт мэдэгдье. Энэ асуудлыг авч хэлэлцье гэдэг хариултыг өгсөн боловч та чиг байсан бөгөөд 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Г ХХК-ийн газартай танай газар давхцалтай байна гэж мэдэгдсэн юм. 2007-2015 оныг хүртэл энэ компани нь ямар ч сураг чимээгүй байдаг байсан. Байршил нь олдохгүй байсан. Гэрээнийхээ дагуу бүтэн 8 жил ямар ч үйлдэл хийгээгүй. Үйл ажиллагаа явуулаагүй нь үнэн билээ. Ийм учраас миний бие Байгал орчим аялал жуучлалын яамтай Захиргааны хэргийн шүүхээр маргалдсан. Мөн уг компани нь 11 дүгээр хорооны иргэдийн нийтийн хурлаар орж байж зөвшөөрөл олгогдох байсан. Энэ хурал болоогүй. Иймээс яагаад холбогдох яамнаас газрын зөвшөөрлийг авч чадсаныг ойлгохгүй байна. Энэ мэтчилэн 2007 онд зөвшөөрөл авсан газрынхаа тодорхой хэсгийг С  хотхон барихад зориулсан. Үүнийг гэрчлэх Сү ХХК-тай газрын асуудлаар маргаж барилгын ажил нь зогсож байсан. Бас шүүхэд мэдүүлэхдээ манай эзэмшил бүхий газар дээр дур мэдэн хашаа хороо барьж суурьшсан гэж мэдүүлдэг нь худал юм. Иргэн миний бие 2005 оноос иргэн Ц  2007 оноос өдий хүртэл амьдарсаар байгаа. Байгал орчин аялал жуучлалын яамнаас 2012 оны 07 дугаар сарын 20-ны өдөр А/270 тоот тушаал гаргуулж авсан газрын кадастрын зургаа эрх авснаасаа 6 хоногийн сүүлд кадастрын зураг аваад явж байсан нь Байгал орчин аялал жуучлалын яамыг хуурамч бичиг баримт бүрдүүлж хуурч мэхэлсэн гэж хардахад хүргэж байна. Н.Д миний бие С.Ба  бид нар Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд өөрийнхөө он удаан жил амьдарч байснаа гэрчлэх дараах материалыг бүрдүүлж өгсөн билээ. Үүнд өрхийн дэвтрийн баталгаажуулсан хуулбар, сансраас авсан байршлын зураг он дарааллаар, 11 дүгээр хороонд он удаан жил амьдарч байсан тухай хорооны засаг даргын 1120616 дугаар тодорхойлолт, Зайсангийн уугуул иргэдийн гарын үсэг, утасны дугаарын хамт гаргаж өгч гэрчилсэн билээ. Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хурлаар Байгал орчин аялал жуучлалын яамны сайдын 2012 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн А/272 дугаар тушаалаар Г ХХК-нд аялал жуулчлалын зориулалтаар олгосон нь хууль зүйн үндэслэлгүй болжээ. Учир нь Сү ХХК -ийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар 2012 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 07/09 дугаар шийдвэрээр хувьцаа эзэмшигч Г ХХК -ний захирал Д-т буцаан олгохыг хүссэн хүсэлтийг үндэслэн Г ХХК-д шилжүүлж олгосон гэсэн агуулга бүхий хариуцагч, гуравдагч этгээд нарын тайлбар үндэслэлгүй. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Газрын тухай хуулийн 38-р зүйлтэй адил газар эзэмших эрхийг шилжүүлэх зохицуулалт байхгүй, мөн газар ашиглагчийн эрх гэсэн зүйлд газрыг шилжүүлэх эрхийг газар ашиглагчид олгоогүй бөгөөд энэ нь тусгай хамгаалалттай газарт газар ашиглах эрх бүхий этгээд зөвхөн өөрөө зориулалтын дагуу тухайн газрын ашиглуулахаар хууль тогтоогч нь хязгаарлалт хийж өгсөн гэж дүгнэх үндэслэлтэй байна. Иймд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт орших Богд хан уулын тусгай хамгаалалттай газар нутгийн Зайсангийн аманд байрлах 2га талбай бүхий газрыг удаа дараа иргэн, аж ахуй нэгжийн хооронд шилжүүлж байсан захиргааны байгууллагын шийдвэр нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1-д ашиглаж байгаа газраа бүхэлд нь буюу зарим хэсгийг бусдад дамжуулан ашиглуулахгүй гэснийг зөрчсөн бөгөөд хуулийн дээрх заалт нь бусдад шилжүүлж болохгүй гэсэнтэй нэг утгатай гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Өөрөөр хэлбэл хуулийн дээрх заалт нь ямар нэгэн салаа утгагүйгээр шууд хориглосон зохицуулалт бөгөөд газар эзэмшигч нь ашиглаж байгаа газраа бусдад шилжүүлэх тухай хүсэлт гаргах, төрийн захиргааны байгууллага шилжүүлсэн шийдвэр гаргах эрхгүй байна гэж үзсэн дүгнэлт үндэслэлтэй байна гэж шийдвэрлэсэн. Иймд Байгал орчим аялал жуучлалын яамны сайдын 2012 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн А/272 дугаар тушаалыг Г ХХК -нд шинээр газар ашиглуулахаар шийдвэрлэсэн нь захиргааны акт гэж үзнэ. Ийнхүү шинээр газар ашиглуулахаар шийдвэрлэхдээ тухайн 2 иргэний оршин сууж буй газартай давхцуулан эзэмшүүлснээс гадна Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуй нэгж байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум дүүргийн засаг даргын саналыг үндэслэн гаргана гэсэн заалтыг зөрчсөн байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 289 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болох гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай гэж Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх шийдвэрлэсэн билээ. Учир иргэн бидний хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө гэдэгт итгэлтэй байна гэв.

 

Хариуцагч С.Ц ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хариуцагч С.Ц ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан ч шүүгч хэргийн материалтай танилцах 30 минутын хугацаа олгосон. Хэргийн материалтай танилцаад хэд хэдэн хүсэлт гаргаж нэмж нотлох баримт гаргаж өгөх зүйл байна. Би 30 минут танилцаад энэ шүүх хуралдаанаар хэргийг шийдвэрлэх боломжгүй хариуцагчаас нэмж тодорхойлох зүйл, нэмж гаргаж өгөх нотлох баримт байхыг үгүйсгэхгүй тул шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлттэй байна. Мөн хариуцагч Н.Д сая тайлбартаа тухайн захиргааны хэргийн материалд сансраас авсан зураг, тухайн үеийн засаг даргын тодорхойлолт, өрхийн дэвтэр нотариатаар баталгаажуулсан хуулбар, мөн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд олон жил амьдарсан иргэдийн гарын үсэг, утасны жагсаалт гэх баримтууд байна гэсэн. Эдгээрийг шүүхийн журмаар гаргуулах хүсэлттэй байна. Мөн Г тодорхойлолт хийж өгсөн. Тухайн газарт ямар хүмүүс амьдардаг байсан талаар тодорхойлолт хийж өгөөд үүнийг нотариатаар батлуулсан. Энэ хүнийг шүүх хуралдаанд гэрчээр асуулгах хүсэлттэй байна. Хэргийн материалтай танилцаад гаргаж байгаа хүсэлтүүд. Мөн магадгүй энэ хэрэгтэй давхар шийдвэрлэгдэх сөрөг нэхэмжлэл байхыг үгүйсгэхгүй. Ийм учраас эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж өгнө үү. 4 хуудас хүсэлт нэг хуудас нотлох баримт гаргаж өгч байна, тайлбар өгөх боломжгүй гэв.

 

Хариуцагч Б  шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Г ХХК-иас нэхэмжилтэй танилцлаа. Энэ нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ компани нэхэмжлэгч мөн эсэхийг тодорхой мэдэхгүй байна. Үүнийг шүүх тогтооно биздээ. Би 2009 онд энэ газар дээр амьдраад өнөөдрийг хүртэл оршин сууж байна. Би 2015 оны 6 дугаар сарын 27-нд уг газрын кадастрын зургийг өөрийн паспортын хаягаар авсан билээ. Энэ газар 479.05 м.кв талбайтай билээ. Компанийн газрын байршилын кадастрын кординат дотор миний хашааны газрын зургийн кординат давхцал байхгүй байгаа учир энэ нэхэмжлэл надад ямар ч холбогдолгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн хэргийг миний эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх Г ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг доорх үндэслэлээр хангаж шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч нь өөрийн газар ашиглах эрхийг хангаж, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн ам, ........  нэгж талбарын дугаартай 2.0 га газрыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийг хариуцагч Н.Д, С.Ба , С.Ц , н.Б нарт холбогдуулан гаргажээ.

 

Нэр бүхий хариуцагч нар ...уг газар он удаан жил амьдарч байгаа, газрын зургийн давхцал байхгүй гэх үндэслэлээр тус тус нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөөгүй байна.

 

Хэргийн баримтаас үзэхэд маргаан бүхий газрыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019.05.20-ны өдрийн А/197 дугаар тушаалаар Хан-Уул дүүрэгт орших Богдхан уулын ДЦГ тусгай хамгаалалтай газар нутгийн Зайсангийн ам нэртэй 1.83 га талбайг аялал жуулчлалын зориулалтаар ашиглахыг Г ХХК-д 5 жилийн хугацаагаар олгосон байх бөгөөд гэрчилгээний хавсралтад Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2012.07.20-ны өдрийн А/272 дугаар тушаалаар анх олгосон, 2017.07.18-ны өдрийн А/196 тоот тушаалаар 2022.07.18-ныг хүртэл 5 жилийн хугацаатай сунгасан, Хамгаалалтын захиргааны 2018.10.05-ны өдрийн 1296 тоот санал, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019.05.20-ны өдрийн А/197 дугаар тушаалыг үндэслэн солбицолд өөрчлөлт оруулан нөхөж олгосон болохыг тусгажээ.

 

Хариуцагч Н.Д, С.Ба  нар урьд нь ...Сайдын 2012 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн А/272 дугаар тушаалын "Г" ХХК-д холбогдох хэсгийн өөрсдийн оршин сууж байгаа газартай давхцаж байгаа хэсгээр хүчингүй болгуулах, өөртөө газар ашиглах эрхийн зөвшөөрөл олгох шийдвэр гаргахыг даалгах"-ыг хүссэн нэхэмжлэлийг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын Сайдад холбогдуулан гаргасан байна.

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүхийн 2016.11.01-ний өдрийн 344 дугаар тогтоолоос үзэхэд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо ........ 2 га газрыг Байгаль орчин, аялал жуулчлалын Сайдын 2012.07.20-ны өдрийн А/272 дугаар тушаал, 2012/60 дугаар гэрчилгээгээр "Г" ХХК ашиглах эрхтэй болсоныг, уг газрыг ашиглах эрх анх 2004 оноос иргэн, аж ахуйн нэгжид үүсэж, улмаар эрх бүхий этгээдийн шийдвэрээр /зөвшөөрсөнөөр/ газар ашиглах эрх өөр өөр этгээдэд шилжсэн үйл баримт тогтоогдсон гэж дүгнэжээ.

Улмаар нэр бүхий хүмүүсийг тухайн байршилд суурьшин амьдрахаас өмнө газар ашиглах эрх бусдад үүссэн, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын Сайдын 2012.07.20-ны өдрийн А/272 дугаар тушаалаар "Г" ХХК-д аялал жуулчлалын зориулалтаар олгосон 2 га газрыг ашиглах эрх олгосны улмаас нэр бүхий хүмүүсийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй байна гэж дүгнэж, Н.Д, С.Ба  нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна.

Түүнчлэн Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын Сайдын 2015.06.12-ны өдрийн А/235 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд хамаарах Зайсангийн амны 11 дүгээр хороонд зохих зөвшөөрөлгүй удаан хугацаагаар оршин сууж буй иргэдийн ашиглаж буй газрыг бүртгэлжүүлэх, гэрчилгээжүүлэх ажлыг зохион байгуулах ажлын хэсэг байгуулагдаж, эдгээр айлуудад газар ашиглах гэрчилгээг зохих журмын дагуу олгох хүсэлтийг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны Засаг даргын 2015.06.21-ний өдрийн 191 дүгээр албан бичгээр холбогдох байгууллагад хүргүүлснээс өөрөөр Н.Д нар оршин сууж байгаа газраа ашиглахаар эрх бүхий этгээдэд хандаж байсан талаарх нотлох баримтгүй болохыг дүгнэжээ.

Богдхан уулын дархан цаазат газрын Зайсангийн аманд газар ашиглагч 5198135 дугаартай Г ХХК-ийн 2.0 га газрын эрхийг 5 жилийн хугацаагаар сунгасан, тэрээр Г ХХК нь тухайн газрын ашигт шинж чанарыг ашигласан эсэхээс үл хамааран 2012/60 тоот газар эзэмших, ашиглах гэрээний газрын төлбөрийг хугацаанд төлж байсан болох нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017.07.18-ны өдрийн А/196 тоот тушаал, газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт зэргээр тус тус тогтоогдсон байна.

 

Иймд тухайн газрыг 2012 оноос хойш эзэмшиж, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд нь нэр бүхий хариуцагч нарын үйлдэл саад болсон байх тул Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэх бөгөөд шударга эзэмшигч нь эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил мөн хуулийн 92 дүгээр зүйлийн 92.1-д зааснаар шаардах эрхтэй байна.

 

Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т газар эзэмших гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д газрыг Монгол Улсын 18 насанд хүрсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага энэ хуульд заасны дагуу эзэмшиж ашиглана, 27 дугаар зүйлийн 27.1-д газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ гэж тус тус заажээ.

Нэр бүхий хариуцагч нар оршин сууж байгаа газраа баталгаажуулахаар эрх бүхий этгээдэд хандаж байсан талаар нотолсон баримтгүй, тухайн газрыг хуулийн дагуу эзэмшиж байгаа нь тогтоогдоогүй, харин зохих зөвшөөрөлгүй удаан хугацаагаар тухайн газар оршин сууж байсан нь тогтоогдсон байна.

Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан заалт нь зөвхөн хууль бус эзэмшилд хамаардаг бөгөөд мөн хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д өмчлөгч нь өөрийн өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж зааснаар маргаан бүхий газрыг нэхэмжлэгч Г ХХК ашиглах эрхтэй болох нь Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүхийн 2016.11.01-ний өдрийн 344 дугаар тогтоолоор тогтоогдсон гэж үзлээ.

 

Хариуцагч С.Ц ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г  шүүх хуралдааны явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д зааснаар шинэ нотлох баримт бүрдүүлэх ба хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой бусад асуудлын талаар хүсэлт гаргаагүй атлаа мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 107.1-д заасны дагуу хэрэг хэлэлцэж, зохигчид мэтгэлцэх явцад тайлбар өгөхгүй боломжгүй байдлаа илэрхийлэн нотлох баримт гаргуулах, гэрч асуулгах хүсэлтийг тус тус гаргасаныг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзсэн болно.

Өмгөөлөгч Т, Г нар 2020.01.17-ны өдөр эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээг хариуцагч С.Ц тэй байгуулсан, мөн 2020.01.23-ны өдрийн итгэмжлэлийг Г-д олгосон байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.2, 34 дүгээр зүйл, 36 дугаар зүйлийн 36.1, 36.2-т зааснаар эрх, үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

Мөн хариуцагч Б  2020.01.08-ны өдөр шүүхэд ирүүлсэн тайлбартаа хэргийг эзгүйд шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б ы эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар Г ХХК-ийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн ам, ........  нэгж талбарын дугаартай 2.0 га газрыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийг хангаж, тухайн газрыг хариуцагч Н.Д, С.Ба , С.Ц , Б  нарын хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч нараас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ