| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дэмчигийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2020/00124/и |
| Дугаар | 183/ШШ2020/00454 |
| Огноо | 2020-02-17 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 02 сарын 17 өдөр
Дугаар 183/ШШ2020/00454
2020 оны 02 сарын 17 өдөр Дугаар 183/ШШ2020/00454 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, ........ тоотод оршин суух, Г /РД:ТВ79030971/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, .......тоот хаягт байрлах, Х банк ХХК /РД: ........./-д холбогдох,
Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Г , түүний өмгөөлөгч Ч.Л, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С, түүний өмгөөлөгч Б шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Ган-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Г шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Х банк ХХК-д 12 жил ажиллаж байхдаа ямар нэгэн дутагдал гаргаж байгаагүй. Гэтэл тус банкны хүний нөөцийн удирдлагын газрын захирал А 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр тушаал гаргаж Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, 31.1.3, Х банкны хөдөлмөрийн дотоод журмын 9.2, Хөдөлмөрийн гэрээний 5.7 дахь заалтуудыг үндэслэн ажлаас чөлөөлсөн. Энэ тушаалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байгаа. Миний хувьд тус байгууллагын дотоод дүрэм, журам зөрчсөн зүйл огт байхгүй бөгөөд ажлаас халах гол үндэслэл болж байгаа албан томилолтын зардал илүү тооцуулж хувьдаа ашигласан гэх ямар нэгэн зүйл байхгүй талаар тус банкны гүйцэтгэх захирал М-д гомдол гаргасан боловч буцаад ажилд авах боломжгүй гэсэн Хүний нөөцийн газраас А бичгээр өгсөн. Иймд миний бие зөрчигдсөн эрхээ сэргээлгэж хууль бус үйлдлийг таслан зогсоох үүднээс шүүхэд хандсан. Тухайн гаргасан зөрчил гэж байгаа нь 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдрөөс 09 дүгээр сарын 14-ний өдрийн хооронд Булган аймаг, Орхон аймаг, Жаргалан тосгон, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сум, тус сумын нэгдүгээр баг Шар усны эх, Сэлэнгэ аймгийн Сайхан сумаар орж Дархан-Уул, Сэлэнгэ аймагт ажилласан. Тухайн бүс нутагт улсын авто замын засвартай ажлын нөхцөл байдал хүнд байсан. Дархан-Уул аймгаас гарахдаа ажлын томилолтоо бүртгүүлж гараад сумуудаар ажиллагаа хийж 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн орой 19 цагт Баянчандмань суманд ирээд буцаж явах нөхцөлгүй болсон. Хэрвээ явсан бол бид буцаад 160 км явж Дархан ороод, дараа нь наашаа дахиад 160 км явж хотод ирэхээр байсан. Замын нөхцөл байдалтай холбогдуулж тухайн үед бид банкны эрх ашгийг бодсон. Гэвч бид нарын явсан ажил дууссан. Дархан-Уул аймагт хонох буудлаа захиалсан байсан гэхдээ наашаа 160 км явсан байсан учраас бид нарын шууд удирдлага н.Хо тай утсаар ярьж мэдэгдээд зөвшөөрөл авсны дагуу бид нар наашаа Улаанбаатар хот руу 72 км явж 23 цагийн үед Улаанбаатар хотод ирж наадам центерийн авто зогсоол дээр автомашинаа байрлуулсан. Бид нарын томилолтын хугацаа 9 дүгээр сарын 14-нийг хүртэл орон нутагт ажиллах ёстой байсан бөгөөд энэ талаар тухайн үед удирдлагад мэдэгдэхээс гадна холбогдож тайлбар өгсөн. Гэтэл тухайн үеийн нөхцөл байдлыг харгалзан үзэхгүй бид нарын тайлбарыг болон дотоод шалгалтаар гэм буруугүй нь нотлогдсоор байхад ямар нэгэн өөр арга хэмжээ аваагүй ноцтой зөрчил гаргасан гэж ажлаас халсаныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд хууль бус тушаалыг хүчингүй болгож урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, зөрчигдсөн эрхээ сэргийлгэх хүсэлттэй байна гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ажлаас чөлөөлсөн үндэслэл нь Г дотоодын томилолтын зардлыг илүү тооцуулж хувьдаа ашигласан, Х банкны албан томилолтын журмын 7.3, Х банкны ёс зүйн дүрмийн 2.1.9, 5.1.1, 5.2.1, Х банкны хөдөлмөрийн дотоод журмын 4.2.4, 4.3.1, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3.2.6, 3.2.9-ийг зөрчсөн. Мөн гэрээний 5.7.3, 5.7.4, 5.7.13, 5.7.27-д заасан ноцтой зөрчил гаргасан учраас түүнд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. Уг тушаалын гол үндэслэл нь ажилтан Г тухайн үед жолооч Т, М нартай хамт явсан. Гурвуулаа 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс 09 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл албан томилолтоор ажиллахаар болж томилолтын хуудсыг эрх бүхий этгээдээр гарын үсэг зуруулж гарсан. Маргааны гол асуудал нь 2019 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл томилолттой ажилласан гэж буудлын бичиг, томилолтын зардал тооцуулсан баримтуудаар санхүүгийн албанд томилолтоо тооцуулж томилолтын урьдчилгаа 300,000 төгрөг, дараа нь томилолтоос ирээд нэмэлт 117,000 төгрөг нийтдээ 417,000 төгрөгийг томилолтын зардалд авсан. Албан томилолтын журам дээр нэг хоногийн буудлын зардлыг аймгаас шалтгаалаад 50,000-60,000 төгрөгөөр тогтоодог. Ажилласан аймагт хамаараад тухайн өдрийн хоолны зардал, нэмэлт зардал, буудлын томилолтын мөнгө нийтдээ 417,000 төгрөг авсан. Гол нь 9 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл томилолтоор ажиллаж ирэх ёстой байхад 09 дүгээр сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод ирсэн тул 1 хоногийн томилолтын зардал 87,000 төгрөгийн зөрүү гарсан. Хэрвээ 13-ны өдөр ирсэн бол ирсэн даруйдаа томилолтын зардлаа хаалгах ёстой. Х банкны албаны томилолтын журмын 7.3-т тухайн үедээ томилолтоо хаалгахдаа 1 хоногийн томилолтын мөнгийг банкинд буцааж шилжүүлдэг. Өөрөөр хэлбэл 1 хоногийн томилолтын зардлыг буцаагаад шилжүүлээгүй. Иймд тухайн байгууллага хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журамд заасан ноцтой зөрчил гэж үзсэн. Хөдөлмөрийн гэрээний 5.7.3-т заасан ажил олгогчоос хүлээлгэсэн итгэл, хангамж, эрхэлсэн ажлын давуу тал, ажлын байр, албан тушаалын эрх мэдэл, ажлын байрны тодорхойлолтоор олгосон эрхийг хувийн ашиг сонирхолд ашиглах, бусдад ашиглуулсан, аливаа үйлдэхүй, эс үйлдэхүй гаргасан. Хөдөлмөрийн гэрээний 5.7.4-д өөрийн боловсрол, ажил эрхлэлт, гэр бүл, төрөл садан, ашиг сонирхлын зөрчилтэй нэгдмэл сонирхолтой этгээдийн талаар мэдээлэл өгөөгүй буруу ташаа мэдээлэл өгсөн, ажилд орохдоо худал дутуу мэдээлэл өгсөн, хуурамч баримт өгсөн, ажил олгогч удирдлага хамт олон, хяналт шалгалт хийж буй ажилтныг хуурах, худал буруу ташаа мэдээлэл өгөх, төөрөгдүүлэх, өөрийн болон бусдын гаргасан ноцтой зөрчил, алдаа дутагдлын талаар мэдээлэхгүй байх, нуун дарагдуулах гэж заасан. Энэ хүмүүс ажил олгогчийн итгэлийг алдсан, Г д хамаарах заалт нь хуурамч баримт өгсөн, хамт олон хянан шалгалт хийх ажилд худал ташаа мэдээлэл өгөх, төөрөгдүүлэх үйлдэл гаргасан. Дархан салбарын захирал Энхсувдын тайлбар байгаа. Энхсувд нь Г-ын шууд удирдах албан тушаалтан биш гэхдээ албан томилолтоор ажиллаж байгаа ажилтан тухайн аймаг салбар нэгжид очиход тухайн нэгжийн шууд удирдлага тухайн аймагт ажиллаж байсан гэдгийг баталгаажуулж томилолтын хуудас дээр гарын үсэг зуруулдаг. Энхсувдад ...бид нар 09 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл ажиллах болно гэж хэлсэн байдаг. Нэг ёсондоо 14-ний өдөр хүртэл ажилласан юм шиг томилолтоо хаалгасан, энэ хүн 13-ны өдөр ирсэн гэдгээ хэлсэн бол илүү 87,000 төгрөг авахгүй байсан. Банкинд ирүүлсэн албан томилолтын зардалтай холбоотой буудлын баримтууд мөн адил 14-ний өдөр хүртэл гэсэн байдлаар бүртгэгдсэн зардлын баримт өгсөн. Банкны ажилтан томилолтоор ажиллаагүй байж тухайн буудалд мөнгө тушаагаад банкны хөрөнгийг үнэгүйдүүлэх ёсгүй, томилолтын журамд томилолтоор ажилласан тухайн хүн өөрөө баримтуудаа гаргаж өгч бүрдүүлэх үүрэгтэй байдаг. Иймд Г-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх Г-ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Н.Г урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хүссэн байна.
Харин хариуцагч тал ...хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил үүргээ шударгаар гүйцэтгээгүй, банкны ажилтны хувьд хүлээн зөвшөөрөх боломжгүй зөрчил гаргасан гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Хэргийн баримтаас үзэхэд Н.Г нь 2007 оноос хойш тус байгууллагад ажиллаж байх бөгөөд Х банкны тусгай актив, өр барагдуулах газрын мэргэжилтэн албан тушаалд 2017.05.19-ний өдрөөс томилогдсон тухай нийгмийн даатгалын дэвтэрийн бичилт, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр тогтоогдсон байна.
Гэтэл Х банкны захирлын 2019.12.06-ны өдрийн 26/2808 тоот хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалаас үзэхэд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, хөдөлмөрийн дотоод журмын 9.2, хөдөлмөрийн гэрээний 5.7 дахь заалтыг тус тус үндэслэн Н.Г д ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна.
Х банкны захирлын тушаалд ...ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж гэж тусгасан байх бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд мөн хуулийн 131.1.1, 131.1.2, 131.1.3-т дурдсан сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулахаар заасан байх бөгөөд ажлаас халсанаар тухайн ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөрийн харилцаа шууд зогсдог.
Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд ажилтны гэм буруу, сахилгын зөрчлийн шинж чанар, үр дагаварт тохирсон шийтгэлийн хэлбэрийг сонгох нь зүйтэй бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн сахилгын хариуцлага хүлээлгэх үндэслэл нь ажилтан сахилгын зөрчил гаргасан байх явдал юм.
Нэхэмжлэгч Г-ын хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаалд ...албан томилолтын зардал илүү тооцуулж хувьдаа ашигласан ноцтой зөрчил гаргасан гэж тусгасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1, 40.1.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр буюу хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гэж үзжээ.
Х банкны Дотоод аудитын газрын 2019.12.04-ний өдрийн дүгнэлтэд ...ББТАӨБГ-ын мэргэжилтэн Д.Мөнхбат, Н.Г , ӨХГ-ын жолооч Т нар 2019.09.09-ний өдрөөс 2019.09.14-ний өдрүүдэд Булган-Орхон-Сэлэнгэ-Дархан гэсэн чиглэлийн дагуу томилолтоор ажиллахдаа банкны ёс зүйн дүрэмд үл нийцэх үйлдэл гаргасан, нэр бүхий 3 ажилтан 2019.09.14-ний /Бямба гариг/ өдөр буцсан гэж Дархан салбараар томилолтын хуудсан дээр баталгаажилт хийлгүүлсэн хэдий ч томилолтын хугацаанаас 1 өдрийн өмнө буюу 2019.09.13-ны өдрийн 21 цаг орчимд Улаанбаатар хотод буцаж ирсэн болох нь автомашины GPS-ээр баталгаажсан, албан томилолтын 1 өдрийн зардал болох 87,000 төгрөгийн залилан үйлдсэн, томилолтын хугацаанаас 1 хоногийн өмнө ирсэн талаараа удирдлагадаа тайлагнаагүй гэжээ.
Тэрээр Г-ын гаргасан гэх зөрчлийн үндэслэлийг Х банкны ёс зүйн дүрмийн 5.2.4, 5.4.1, 5.4.2, 5.9.2, 5.9.3, Хөдөлмөрийн гэрээний 5.7, 5.7.6-д заасан заалтыг зөрчсөн гэж Дотоод аудитын дүгнэлтэд тусгасан, харин Х банкны захирлын 2019.12.06-ны өдрийн 26/2808 хөдөлмөрийн гэрээг цуцлах тушаалд Г-ыг Х банкны албан томилолтын журмын 7.3, Х банкны ёс зүйн дүрмийн 2.1.9, 5.1.1, 5.2.1, Х банкны хөдөлмөрийн дотоод журмын 4.2.4, 4.3.1, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3.2.6, 3.2.9 дэх заалтуудыг зөрчиж, 5.7.3, 5.7.4, 5.7.13, 5.7.27-д заасан ноцтой зөрчил гаргасан гэжээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ноцтой зөрчил гэдгийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаварыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэл байхыг ойлгодог бөгөөд гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байхыг шаарддаг.
Талууд хөдөлмөрийн гэрээний 5.7-д ноцтой зөрчил-ийг харилцан тохиролцсон байх боловч томилолтын хугацаанаас 1 өдрийн өмнө ирсэн байдал нь Х банкны захирлын тушаалын үндэслэл болгосон Хөдөлмөрийн гэрээний гэрээний 5.7.3, 5.7.4, 5.7.13, 5.7.27-д нэрлэн заасан ноцтой зөрчилд хамаарахгүй, дээрх зөрчил бүр тус тусдаа тогтоогдоогүй, түүнчлэн ажилтны эрх, үүргийг тодорхойлсон гэрээний заалт /3.2.6, 3.2.9/-ыг үндэслэсэн нь ойлгомжгүй, захирлын тушаал нь эрх зүйн актын хувьд шаардлага хангаагүй байна гэж шүүх дүгнэв.
Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д энэ хуулийн 36.1. 2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж зааснаар Г-ыг Х банкны тусгай актив, өр барагдуулах газрын мэргэжилтэн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 4,154,374 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдэв.
Нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэрийн бичилт, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журамыг үндэслэн 2019 оны 10, 11, 12 сарын цалингийн дундажыг 1,661,750 төгрөг, 1 өдрийн цалинг 75,534 төгрөг, ажилгүй байсан хугацааг 2019.12.06-ны өдрөөс хойш 2020.02.17-ныг хүртэл 2 сар 11 хоногоор тооцож, ажилгүй байсан үеийн олговорын хэмжээг 4,154,374 төгрөг болохыг тогтоосон болно.
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй, 46.2-т зааснаар ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй байна.
Иймд Г-ын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэйг хариуцагч Х банк ХХК-д даалгах нь зүйтэй гэж үзлээ.
Энэхүү маргаан нь гомдлоор авч хэлэлцэх хэрэг учир Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу хариуцагчаас 81,420 төгрөг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1, 160.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1, 128.1.2 дахь хэсэгт зааснаар Г-ыг Х банкны тусгай актив, өр барагдуулах газрын мэргэжилтэн албан тушаалд эгүүлэн тогтоосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар Х банк ХХК-иас ажилтны ажилгүй байсан хугацааны олговорт 4,154,374 төгрөг гаргуулж Н.Г д олгож, ажилтны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилтийг зөвтгөн нөхөн хийхийг хариуцагчид даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Х банк ХХК-иас 81,420 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ