| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүхбаатарын Ганчимэг |
| Хэргийн индекс | 138/2018/00305/И |
| Дугаар | 138/ШШ2020/00217 |
| Огноо | 2020-02-19 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 02 сарын 19 өдөр
Дугаар 138/ШШ2020/00217
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг даргалж, шүүгч Т.Байгалмаа, Г.Уртнасан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн Б танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар багт оршин суух, ЖН64050668 регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******ийн хүсэлттэй
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч, прокурор, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтны хууль зөрчсөн ажиллагааны улмаас учруулсан хохиролд 515 483 500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Иргэдийн төлөөлөгч Б.Отгонжаргал, нэхэмжлэгч С.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа, прокурор *******, гуравдагч этгээдийн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ариунсанаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч С.******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1987 онд *******ийн тай гэр бүл болж, 2 хүүхэд төрүүлж өсгөсөн. Нөхөр Ч. нь Дорнод аймгийн Чулуунхороот сумын дулааны станцад монтёроор, миний бие борлуулалтын байцаагчаар ажиллаж байсан. 1995 оны 02 дугаар сарын 06-ны өдөр тус сумын уурын зууханд иргэн нь шатсан байдалтай олдсон хэрэг гарсан. Уг хэрэгт хэдэн хүнийг сэжиглэн шалгахдаа манай нөхөр ыг шалгасан. Сумын конторт 4 хоног тогтоол шийдвэргүй хорихдоо гарыг нь халаалтын шугамын турбоноос гавлан хэрэг хүлээлгэх гэж дарамталж байсан. Орсон гарсан цагдаа нараар ыг элэгдүүлж, хөл гуя уруу нь өшиглүүлж алуурчин гэж дарамталж эхэлсэн. Нөхөр маань хилс хэрэгт гүтгэгдэж байгаадаа маш их айж сэтгэл санааны цочролд орсон байсан. Нөхөр маань аймгийн цагдан хорих газарт 80 хоног хоригдож, Улаанбаатар хот руу ачигдан Ганц худаг гэх газарт 15 хоног хоригдсон. 1995 оны 02 дугаар сарын 27-ны өдөр яллагдагчаар татагдан хоригдож байхдаа маш их зодуулж дарамтлуулж байсан талаараа нөхөр маань ярьдаг байсан. 1995 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод хоригдож байгаад батлан даалтанд гарахдаа бүх бие нь шарх, сорви болж хавдсан, арьс нь язарч идээ, буглаа болж газар гишгэж чадахгүй болсон байсан. Улаанбаатар хотод 2 сарын хугацаанд дуудсан цагт нь үг дуугүй очдог, биеэ өвдөж байгаагаа ч хэлэх эрхгүй байсан. Хохирогчийн эхнэр Уранчимэгийн гомдлоор би хүртэл 3 хоног хоригдож, 2 сар гаруй хугацаанд байцаагдсан. Би энэ хугацаанд ажлаасаа чөлөө авч нөхрөө асарч байсан бөгөөд сүүлдээ ажлаасаа халагдсан. Хэдийгээр орон тоо, бүтцийн өөрчлөлт хийсэн боловч ажлаа хэвийн хийж байсан бол нөхөр маань ажлын байрандаа хэвээр үлдэх байсан. Энэ хэргээс болж би ажилгүй болж, орлогогүй болсон. Мөн энэ хэргийн талаар сонссон ын 80 настай аав нь цочролд орж, ухаан алдаж, 2 хоногийн дараа нас барсан. Нөхрийг маань аавынх нь ажил явдалд ч очуулаагүй. Нутгийн хүмүүс аас зайгаа барьж, ын аав ээж, ах дүү нар нь ыг элдвээр хэлж, тааралдсан газраа зодох явдал ч гарч байсан. Тухайн үед 5 настай байсан хүүхэд маань аав Эрдэнээгийн аавыг алсан юм уу гээд цэцэрлэгтээ явахаа больсон. Бид аргагүйн эрхэнд олон жил амьдарсан нутгаа сольж ******* сум уруу шилжсэн. Шүүхийн гадаа хүртэл талийгаачийн дүүд нь зодуулж байсан. Миний нөхөр нь мөрдөн байцаах газарт хоригдож байхдаа элэг, хэвлийдээ өшиглүүлж гэмтэн түүнийгээ эмчлүүлж чадалгүй олон жил явж байгаад элэгний хорт хавдраар нас барсан. Шоронд элэг рүүгээ цохиулдаг байснаас элэгний өвчин нь даамжирч хорт хавдраар нас барах шалтгаан болсон байх гэж би боддог. Тухайн хэргийг үйлдсэн хэрэгтэн нь олдсон боловч нөхөр маань хэрэгт холбогдолгүй гэдгээ сонсож амжаагүй нас барсан. Миний нөхөр нь 15 жил гадуурхагдан доромжлуулж сэтгэл санааны хувьд хүнд нөхцөлд байж байгаад 2011 оны 12 дугаар сарын 21-ний өдөр нас барсан. Манай гэр бүл ч гэсэн сэтгэл санааны шаналалыг хамт амсаж өдийг хүрсэн. Энэ хэргийг сонсоод хадам аав минь хүүгээ хүн алчихлаа гэж бодон ухаан алдаж, удалгүй нас барсанд нөхөр маань маш их шаналж явдаг байсан. 2010 онд энэ хэргийн холбогдогч нь тогтоогдож хэрэг нь шийдэгдсэн байхад бидэнд мэдэгдээгүй. 2016 онд прокурорын газарт хүсэлт гарган сэжигтнээр тооцсон, яллагдагчаар татагдсан бусдыг бүлэглэн хоолойг нь боож алаад уурын зууханд хийж шатаасан гэх аймшигт жигшүүрт хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1, 24 дүгээр зүйлийн 24.1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгосон. Хүн алсан алуурчин ялаас чөлөөлөгдчихөөд байхад 6 жилийн дараа хэрэгсэхгүй болгосон тогтоол гарсан. Мөн батлан даалтанд байх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосон. Нөхөр маань 21 жилийн дараа цагаатгагдсан. 21 жил хилс хэрэгт сэжиглэгдэн ял сонсож явсан. аас гадна эхнэр хүүхэд нь, төрөл төрөгсөд нь дээрх дарамт, сэтгэлийн шаналалыг амссан. Цагдаа, прокурорын байгууллагын хэт нэг талыг барьсан, баримт нотолгоогүй хардлага сэжиглэлтээс болж манай гэр бүл бүх амьдрал, эрүүл мэндээрээ хохирсон учир хуулийн дагуу төрөөс хохирлоо нэхэмжилсэн. Сэтгэл санааны хохирлыг мөнгөн дүнгээр тооцох хэцүү боловч талийгаачийн болон гэр бүлийнхээ сэтгэл санааны хохирлыг 500 000 000 төгрөгөөр үнэлсэн. Мөн өмгөөлөгчийн хөлсөнд 15000 төгрөг төлсөн. Би имфляцийн өөрчлөлттэй уялдуулан цалин 15 468 500 төгрөг нэхэмжилсэн боловч 10 057 618 төгрөгийн цалин орлоготой байх боломжтой гэсэн тооцооллыг гаргасан. 1995 оны цалингийн тодорхойлолт гарч ирээгүй тул 1994 оны сүүлийн 3 сарын дундаж цалингаар тооцож 1 сарын цалинг 36 165 төгрөгөөр тооцсон. Бид нас барах хүртлээ ядаж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалин авах ёстой байсан гэж үзэж 10 057 618 төгрөг гэж тооцсон. Иймд нийт 510 072 618 төгрөгийг Засгийн газрын тусгай хөрөнгөөс гаргуулж өгнө үү гэв.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч , ******* нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 1995 оны 2 дугаар сарын 06-ны өдөр Дорнод аймгийн Чулуунхороот сумын төвд байрлах уурын зууханд тус сумын иргэн Ч. шатаж нас барсан байдалтай олдсон хэрэгт аймгийн цагдаагийн газраас эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, тухайн үед хэргийн газарт байсан Ч.ыг хуульд заасан үндэслэл журмын дагуу холбогдуулан шалгасан байна. Хэд хэдэн хүнийг хэрэгт холбогдуулж шалгасан боловч уг хэргийг үйлдсэн нь тогтоогдоогүй байдаг. Хэрэг үйлдсэн этгээд нь олон жилийн дараа баригдаж шүүхээр шийдүүлсэн байна. Нэхэмжлэгч сэтгэл санааны хохирол болох эдийн бус хохиролд 500 000 000 төгрөг нэхэмжилсэн. Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-д Гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлнө гэж заасан байдаг. Эдийн бус гэм хорыг ямар аргачлалаар хэрхэн тооцож мөнгөн хэлбэрээр барагдуулахыг нарийвчлан тооцсон хуулийн зохицуулалт байхгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.2 дугаар зүйлд 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр нэмэлт, өөрчлөлт орсон. Энэ нэмэлт, өөрчлөлтөөр хохирол нэхэмжлэх эрх нь зөвхөн цагдан хоригдсоны улмаас эрх ашиг нь зөрчигдсөн тохиолдолд үүсэхээр байгаа. Энэ өөрчлөлтөөс өмнө гадагш явахгүй баталгаа авах болон хувийн батлан даалт авах зэрэг таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бол хохирол нэхэмжлэх эрх үүсэхээр хуулийн зохицуулалттай байсан. Хуулийн өөрчлөлтөөр хохирол нөхөн төлүүлэх эрх үүсэхгүй байна.
Мөн нэхэмжлэгч нь нөхөр Ч.ыг цагдан хоригдсоноос хойш талийгаачийг нас барах хүртэлх хугацааны цалин, хөлсийг нэхэмжилсэн байна. Уг хэрэгт сэжигтнээр татагдаагүй байсан бол ажил төрлөө хэвийн явуулж байх байсан гэж тайлбарлаж байна. Тухайн хэрэг 1995 оны 02 дугаар сард гарсан бөгөөд 1995 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Дорнод аймгийн өмч хувьчлалын комиссын шийдвэрээр Дулааны цахилгаан станцын даргын тушаал гарч талийгаач Ч.ыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн харилцааг дуусгасан байдаг. 1995 оны 11 дүгээр сард зарим ажилчдыг ажилд эгүүлэн авсан тушаал гарсан боловч Ч.ыг ажилд нь буцааж аваагүй байна. Иймээс 1995 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн тушаалаар хөдөлмөрийн харилцааг ажил олгогч дуусгавар болгосон байх тул нас барах хүртэл хугацааны ажилгүй байсан цалинг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Төрийг төлөөлж Дорнод аймгийн Прокурорын газрын туслах прокурор ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэлийн шаардлага тодорхой байх ёстой бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаа нэхэмжлэгч өөрөө нотлох үүрэгтэй байдаг. 1995 оны 04 дүгээр сард Ч.ыг ямар үндэслэлээр ажлаас халсан бэ гэдгийг анхаарч үзэх ёстой. Тухайн эрүүгийн хэрэгт сэжигтнээр татагдсанаас болж ажлаас халагдсан зүйл байхгүй. Өмч хувьчлалтай холбоотойгоор ажилчид ажлаас халагдсан байдаг. Ч.ын хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон бөгөөд дахин ажилд аваагүй байдаг. 1995 оны 11 дүгээр сард ажилчдыг буцаан ажилд нь авсан гэж хэлж байгаа ч Ч. нь тухайн үед цагдан хоригдоогүй байсан гэдгийг дурдах хэрэгтэй. Тухайн үед ажилд нь буцаж томилоогүй талаар гомдол гаргаагүй байдаг. Иймд цалин нэхэмжлэх үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байна. Сэтгэл санааны хохиролд 500 000 000 төгрөг нэхэмжилж байна. Сэтгэл санааны хохирлоо нотолж чадаж байна уу гэдгийг тогтоох хэрэгтэй. Цагдан хоригдсон хоногийн тухайд маргах зүйл байхгүй. Цагдан хоригдсон хоногийн мөнгийг нэхэмжилж байгаа юм уу, эсхүл тухайн хугацаанд ажилгүй байсан хугацааны цалинг нэхэмжилж байгаа юм уу гэдэг нь тодорхойгүй байна. Тухайн хэрэг 1995 онд гарсан бөгөөд Ч. нь 2011 онд нас барсан. Цагдан хоригдох хугацаанд авсан ямар гэмтлийн улмаас Ч. нь 15 жилийн дараа элэгний хорт хавдраар нас барсан бэ гэдгийг нотлох зүйл хэргийн материалд байхгүй байна. Нэхэмжлэгч тал тайлбартаа дурдаж байгаа болохоос биш тайлбараа нотлох үүргээ хэрэгжүүлж чадаагүй байна. Сэтгэл санааны хувьд ямар байдлаар хохирсныг нотлох баримтууд өнөөдрийн байдлаар хангалтгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл байхгүй бөгөөд өмгөөллийн хөлстэй холбоотой тодорхой хэсгийг л хангах боломжтой гэж үзэж байна гэв.
Иргэдийн төлөөлөгч Б.Отгонжаргал шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ: Сэтгэл санааны хохирлоо тодорхой, бодитойгоор нэхэмжилвэл хангах боломжтой гэж үзэж байна гэв.
Шүүх нэхэмжлэгч, хариуцагч талуудын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч С.******* нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч, прокурор, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтны хууль зөрчсөн ажиллагааны улмаас учруулсан хохиролд 515 483 500 төгрөгийг Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас гаргуулах тухай хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн сэтгэл санааны хохиролд 500 000 000 төгрөг, хууль зүйн туслалцаа авахаар өмгөөлөгчид төлсөн хөлс 15 000 төгрөг, 1995 оны 1 дүгээр сараас 2011 оны 12 дугаар сар хүртэлх хугацаанд авах байсан цалин хөлс 10 057 618 төгрөг, нийт 510 072 618 төгрөг гаргуулахыг хүссэн. Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нийт шаардлагыг 510 072 618 /таван зуун арван сая далан хоёр мянга зургаан зуун арван найман/ төгрөг гэж үзнэ.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан дээрх хүсэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3, 13 дугаар бүлэгт тус тус заасан онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэгдэх хэрэг маргаанд харъяалагдах бөгөөд Монгол Улсын төрөөс дээрх хохирлыг гаргуулахаар нэхэмжлэгч хүсэлт гаргасан байх тул шүүх Монгол Улсын Засгийн газрын эрх ашиг хөндөгдөж болзошгүй гэх үндэслэлээр Монгол Улсын Засгийн газрыг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан болно. Түүнчлэн гуравдагч этгээдийн хүсэлтийн дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-т зааснаар прокурор төрийн нэрийн өмнөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон болно.
Нэхэмжлэгч *******ын ******* нь *******ийн тай 1988 оны 2 дугаар сарын 02-ны өдөр хууль ёсны гэр бүл болсон байх бөгөөд нөхөр Ч. нь 2011 оны 12 дугаар сарын 21-ний өдөр нас барсан байна. /хх-7-8/
С.******* нь Монгол улсын Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасан хууль ёсны өвлөгч болохын хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.1 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлэх, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эрүүл мэнд, сэтгэл санааны үр дагаврыг арилгуулах болон тэтгэвэр, тэтгэмж авах, орон сууц эзэмших болон бусад эрхээ нөхөн сэргээлгэх эрхтэй болно.
Нэхэмжлэгч С.*******ийн нөхөр Ч.ыг Дорнод аймгийн Цагдаагийн газраас 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 86 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн сэжигтэн, яллагдагчаар тооцож, мөрдөн байцаалтаас оргон зайлж, хэргийн бодит үнэнийг тогтооход саад учруулж болзошгүй гэх үндэслэлээр 1995 оны 2 дугаар сарын 27-ны өдрөөс 1995 оны 5 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл цагдан хорьж, улмаар 1995 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
Дээрх эрүүгийн хэргийг Ө.Ганзориг гэгч үйлдсэн нь илэрснээр 507107 дугаартай хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа дахин явуулж, уг хэрэгт сэжигтэн, яллагдагчаар татагдсан Ч.т холбогдох тогтоолууд болон түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгохгүйгээр хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 137 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ө.Ганзоригийг хүнийг санаатай алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн байна.
Дорнод аймгийн Прокурорын газрын 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 5/33 дугаартай Зарим сэжигтэн, яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолоор Ө.Ганзоригт холбогдох хэргээс Ч.т холбогдох бусадтай бүлэглэн 1995 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 13 цагийн орчимд Дорнод аймгийн Чулуунхороот сумын төвд байрлах уурын зуухны байшинд тус сумын иргэн Ч.той хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар түүний хоолойг нь боож алаад уурын зууханд хийж шатаасан гэх хэргийг Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1.1-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Ч.т авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсан мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосон үйл баримтууд тогтоогдож байна.
Иймд Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т тус тус зааснаар яллагдагч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүйгээс хэргийг хэрэгсэхгүй болгосон, ...хууль бусаар баривчилсан, таслан сэргийлэх арга хэмжээ авсан нь тогтоогдсон... байх тул нэхэмжлэгчид эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч, прокурор, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтны хууль зөрчсөн ажиллагааны улмаас учруулсан хохирлоо нөхөн төлүүлэх эрх үүснэ.
Нэхэмжлэгч С.******* нь нөхөр Ч.т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоол болон Прокурорын газрын хариу мэдэгдэх хуудсыг хүлээн авснаас хойш Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.8 дугаар зүйлийн 3, 4-д заасан хугацааны дотор эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлэх, мөн бусад эрхийг сэргээлгэх тухай нэхэмжлэлийг гаргасан нь хууль зөрчөөгүй байна.
Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар ...тухайн хүнд учирсан хохирлыг ...төр хариуцан арилгах, мөн Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4-т зааснаар хууль бусаар яллагдагчаар татагдсан, ял шийтгүүлсэн, баривчлагдсан, саатуулагдсан буюу гадагш явахгүй гэсэн баталгаа өгсөн, захиргааны журмаар баривчлагдсан этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн тохиолдолд түүнд учирсан хохирлыг мөрдөгч, прокурор, шүүгчийн буруутай эсэхээс үл хамааран төр хариуцан арилгах тухай тус тус зохицуулжээ.
Иймд дээрх хуулиудад зааснаар нэхэмжлэгч С.*******т учирсан хохирлыг шүүгч, прокурор, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтны гэм бурууг үл харгалзан төр хариуцан арилгах үүрэгтэй болно.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгч С.*******ийн гаргасан хүсэлтийн зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
1. Нэхэмжлэгч С.******* нь хууль зүйн туслалцаа авахаар өмгөөлөгчид төлсөн хөлс 15 000 төгрөгийг нэхэмжилсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д зааснаар нэхэмжлэгч нь хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлсийг шаардах эрхтэй байна.
Ч. нь 1995 оны 3 дугаар сарын 11-ний өдөр өмгөөлөгч М.Энхтуяад хууль зүйн туслалцаа үзүүлсний хөлсөнд 15 000 төгрөг төлсөн нь баримтаар нотлогдож байх тул 15 000 төгрөгийг төлүүлэх үндэслэлтэй байна.
2. Нэхэмжлэгч нь нөхөр Ч.ын 1995 оны 1 дүгээр сараас 2011 оны 12 дугаар сар хүртэлх хугацаанд авах байсан цалин хөлс 10 057 618 төгрөгийг нэхэмжилжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хууль бус ажиллагааны улмаас аваагүй цалин хөлсийг шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгч нь хууль бус ажиллагааны улмаас аваагүй цалин хөлс нэхэмжилсэн үндэслэлээ ...1995 оны 04 дүгээр сард хөдөөний эрчим хүч татан буугдаж төвийн эрчим хүчний ажил эхэлсэн учир ажилчид өмч хувьчлалын комиссын шийдвэрээр ажлаас чөлөөлөгдөн 10 дугаар сард бүгд ажилдаа эргэж орсон, миний хувьд ч гэсэн ажлаасаа халагдаад 10 дугаар сард ажилдаа буцаж орсон, нөхөр Ч. нь цагдаагийн газарт шалгагдан хоригдож байсан учир ажилд нь буцааж аваагүй, ... нь нас барах хүртлээ сэжигтэн хэвээр байсан тул ажилд орох боломжгүй байсан... гэж тайлбарладаг.
Ч. нь Дорнод аймгийн Чулуунхороот сумын эрчим хүчний тасагт монтёроор ажиллаж байгаад Дорнод аймгийн Дулааны цахилгаан станцын даргын 1995 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 59 дүгээр тушаалаар аймгийн өмч хувьчлалын комиссын шийдвэрээр ажлаасаа чөлөөлөгдсөн байна.
Дээрх тушаалаас үзэхэд талийгч Ч.ыг эрүүгийн хэрэгт холбогдсон, цагдан хоригдож байгаа гэх үндэслэлүүдээр ажлаас чөлөөлсөн нь тогтоогдохгүй байх тул ажлаас чөлөөлөгдсөнөөс хойш нас барах хүртэлх хугацааны цалин хөлсийг нөхөн төлүүлэх боломжгүй юм. Харин цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч эхэлсэн хугацаа буюу 1995 оны 2 дугаар сарын 27-ны өдрөөс ажлаас чөлөөлөх тушаал гарсан хугацаа буюу 1995 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл хугацааны цалинг нөхөн олгох нь зүйтэй гэж үзлээ.
Хэрэгт авагдсан баримт болох Ч.ын 1994 оны 10-12 сарын цалин /50214.07+20251.63+38030.11/-гийн дундаж 36165 төгрөгийг нэг сард ногдох ажлын 21.5 хоногт хуваахад 1682 төгрөг гарч байна. Үүнийг 1995 оны 2 дугаар сарын 27-ны өдрөөс 1995 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэлх 44 хоногоор үржүүлж 74008 төгрөгийн цалин хөлсийг төрөөс гаргуулах үндэслэлтэй байна.
3. Нэхэмжлэгч С.******* нь нөхөр Ч. нь эрүүгийн гэмт хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж 21 жилийн турш сэжигтэн, яллагдагчаар татагдан таслан сэргийлэх арга хэмжээтэй байсан, дээрх хугацаанд сэтгэл санааны хямралд орж сэтгэл санаагаар хохирсон гэж үзэн сэтгэл санаанд учирсан гэм хорын хохиролд 500 000 000 /таван зуун сая/ төгрөг нэхэмжилжээ.
Прокурор *******, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч ******* нар нь Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т Гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлнө гэж заасан, тус хуульд тусгайлсан зохицуулалт байхгүй учир сэтгэл санааны хохирлыг гаргуулах боломжгүй гэж тайлбарладаг.
Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлүүлэхээр зохицуулсан боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.1 дүгээр зүйл, 45.4 дүгээр зүйлд ...эд хөрөнгийн бус хохирол, сэтгэл санаанд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргах эрхтэй талаар заасан байна.
Түүнчлэн Иргэний хуульд тусгайлсан зохицуулалт байхгүй гэсэн үндэслэлээр хүсэлтийг хэрэгсэхгүй болгох нь Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2-д заасан ...иргэний эрх үүргийг ямар нэг хязгаарлалтгүйгээр хэрэгжүүлэх, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх, шүүхээр хамгаалуулах зарчим-д нийцэхгүй байна.
Нэхэмжлэгч нь ...энэ хэргээс болж нөхөр Ч. ажилгүй болсон, нутаг орныхон дунд гэмт хэрэгтэн нэр зүүсэн, хохирогчийн гэр бүлийнхэн түүнтэй алуурчин гэж харьцаж ах дүү нь зоддог байсан, аргагүйн эрхэнд олон жил амьдарсан нутгаа сольсон, олон хоногоор цагдан хоригдож байх хугацаандаа зодуулж дарамтлуулж эрүүл мэндээр хохирч улмаар элэгний хорт хавраар нас барсан, хадам эцэг маань хүүгээ хүг алсан хэрэгт холбогдсоныг сонсоод ухаан алдаж 2 хоногийн дараа нас барсан, эцгийнхээ оршуулгын ажилд оролцож чадаагүй, тухайн хэргийг үйлдсэн хэрэгтэн нь олдсон боловч нөхөр маань хэрэгт холбогдолгүй гэдгээ мэдэж амжаагүй нас барсан... тухай тайлбарыг шүүхэд ирүүлжээ.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд С.*******ийн дээрх тайлбарыг няцаах баримт байхгүй байна.
Нэхэмжлэгчийн нөхөр Ч. нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 86 дугаар зүйлийн 86.1-д заасан онц хүнд гэмт хэрэгт холбогдон сэжигтэн, яллагдагчаар татагдан шалгагдаж, улмаар 21 жилийн хугацаанд сэжигтэн яллагдагчаар тооцогдсон, 77 хоног цагдан хоригдсон, 1995 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл 21 жил бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээтэй байсан зэргийг харгалзан сэтгэл санааны хохиролд 10 000 000 /арван сая/ төгрөгийг гаргуулан талийгч Ч.ын гэр бүл С.*******т олгох нь зүйтэй гэж үзлээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч *******, төрийн нэрийн өмнөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож буй прокурор ******* нар нь шүүх хуралдаанд ...мөрдөн байцаагч, прокурор нь гэмт хэрэгт сэжиглэгдэж буй этгээдийг эрүүгийн гэмт хэрэгт сэжиглэх хангалттай нотлох баримтын үндсэн дээр хуульд заасны дагуу шалгаж, сэжигтэн яллагдагчаар татсан. Мөрдөн байцаагч, прокурорын хийсэн ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан. Хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль бус явагдсан тохиолдолд л иргэний зөрчигдсөн эрхийг сэргээж, түүнд учирсан хохирлыг нөхөн төлөх асуудал яригдана, ...Засгийн газрын нөөц сангаас гаргах хөрөнгөөс гэм хорын хохирлыг төлөх талаар хуульчлан заагаагүй, хэрэв шүүх Засгийн газрын нөөц сангаас мөнгө гаргуулахаар шийдвэрлэсэн тохиолдолд хууль тогтоомжид нийцээгүй гэж үзнэ гэж тус тус тайлбар гаргажээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлийн 14-т гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэм буруутайд тооцож үл болно гэж заасан бөгөөд нотлогдоогүй бол гэм буруугүйд тооцогдох зарчмын агуулгаар эрүүгийн гэмт хэрэгт шалгах эрх бүхий албан тушаалтан, байгууллагын ажиллагаа хууль ёсоор явагдсан хэдий ч эцэст нь тухайн этгээд гэм буруутай болох нь тогтоогдоогүй нөхцөлд дээрх ажиллагааны эрх зүйн үр дагаврыг төр хариуцах үүрэгтэй болдог.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.1 дүгээр зүйлийн 1-д хууль зөрчсөн ажиллагаа-ны эрх зүйн үр дагаврын талаар заасан боловч энэхүү ажиллагаанд холбогдох албан тушаалтны хууль бус үйлдэл бүхий ажиллагаа хамаарахаас гадна яллагдагч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүйгээс хэргийг хэрэгсэхгүй болгосон, эсхүл шүүгдэгч, ял шийтгүүлсэн этгээдийг цагаатгасан бол хуулийн дагуу явагдсан ажиллагаа ч мөн адил хамаарах тул энэ талаарх прокурорын тайлбар үндэслэлгүй байна.
2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр батлагдан одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Монгол Улсын Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т зааснаар тухайн жилийн төсөвт урьдчилан тооцож, төлөвлөн тусгах боломжгүй, хойшлуулшгүй цаг үеийн шинжтэй арга хэмжээг шийдвэрлэхэд шаардагдах зардлыг Засгийн газрын нөөц сангаас санхүүжүүлэхээр зохицуулсан байх тул энэ талаарх гуравдагч этгээдийн төлөөлөгч нарын тайлбар үндэслэлгүй байна.
Иймд дээрх үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч, прокурор, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтны хууль зөрчсөн ажиллагааны улмаас нэхэмжлэгчид учирсан хохиролд 10 089 008 /арван сая наян есөн мянга найман/ төгрөгийг Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас гаргуулан нэхэмжлэгч С.*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 499 983 610 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 134 дүгээр зүйлийн 134.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1, 230.2, 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.4, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Монгол Улсын Засгийн газрын нөөцийн сангаас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч, прокурор, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтны хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохиролд 10 089 008 /арван сая наян есөн мянга найман/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 499 983 610 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.8 дугаар зүйлийн 9, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр 41.1.9-д тус тус зааснаар нэхэмжлэгч С.******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т тус тус зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авахыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах хугацаанд шийдвэрийг аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ГАНЧИМЭГ
ШҮҮГЧ Т.БАЙГАЛМАА
Г.УРТНАСАН