Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 183/ШШ2020/00024

 


 

 

 
 

2019 оны 12 сарын 26 өдөр                  Дугаар 183/ШШ2020/00024                              Улаанбаатар хот

 

 

                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

нэхэмжлэгч- ................ тоотод оршин суух, Ө -ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч- ........................тоотод оршин суух, Х -т холбогдох,

хүүхдүүдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, ..........УНГ улсын дугаартай, приус 20 маркийн автомашины үнэнд 9.800.000 төгрөг, хүүхдүүд өсгөх хэрэгцээний зардалд зарцуулсан 980.000 төгрөг, нийт 10.780.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Ө, түүний өмгөөлөгч ............../, хариуцагч О.Х, түүний өмгөөлөгч .......... гэрч ........, нарийн бичгийн дарга Э.Алтанзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2005 онд анх нөхөртэйгөө танилцсан. Бид 9-р ангид суралцаж байхдаа танилцан, үерхэж байгаад улмаар гэр бүл болж 2008 онд том хүү .........., 2012 онд охин .........., 2019 онд бага охин ..........нарыг төрүүлсэн. Намайг бага охиноо хэвлийдээ тээж жирэмсэн байхад Х нь гэр бүлээс гадуур харилцаа үүсгэсэн байсныг би олж мэдсэн тул гэр бүлийн амьдралаа хэвээр авч үлдэхиийн тулд маш их тэсэж, тэвчээр гаргаж, уучилж ойлгож, түүнд ойлгуулж байсан. Гэтэл тэд намайг сэтгэл зүйн хүнд дарамтанд оруулдаг байсан. Яагаад шүүх хурал хүртэл яваад байгаа учир нь гэвэл Хыг алдаа гаргаад нэг удаа уучлалт хүсэхэд нь боломж олгож байхад 14 жилийн амьдралаа нурааж, би чамаас салахгүй, тэр эмэгтэйгээсээ ч салахгүй хоёр амьдралаар амьдарна гэдэг зүйл ярьдаг. Ингээд нөхөр маань 2019 оны 3 дугаар сарын 10-ны өдөр гэрээсээ явсан. Үүнээс хойш бид тусдаа амьдарч байна. Энэ үед би төрөөд нэг сар гаруй л болж байсан. Би гурван хүүхдээ тэжээхийн тулд компаний удирдлагадаа нөхцөл байдлаа хэлж, гуйснаар одоо компанидаа цагийн ажилтанаар ажиллаж, хүүхдүүдийнхээ хэрэгцээг хангаж байна. Миний цагаар ажиллаж авч байгаа цалин 3 хүүхдийг минь хангалттай тэжээж хүрэлцэхгүй байгаа. Х нь гэр бүлээс гадуур харилцаатай, тэр хүнтэйгээ хамт амьдарч, хүүхдүүдээ болон намайг орхиж  явснаасаа хойш эдийн засгаар туслаж дэмжсэн удаа байхгүй. Бид хамтдаа амьдарч байх хугацаанд бага охиноо төрөхөөс өмнө хүүхдийнхээ хэрэгцээ шаардлагын хүрээнд ..........УНГ улсын дугаартай приус 20 маркийн машиныг авсан. Х тэр машинаа ломбарданд тавьж зээл авч, тэр мөнгөө өөрөө хэрэглэсэн. Намайг шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш 2019 оны 4 сард ломбарданд тавьсан байдаг. Үүнээс өмнө бидний унаж ашиглаж байсан автомашин миний нэр дээр байсан. Маргаан бүхий машиныг бид шинэ хүүхэд зориулж авч байсан. Яагаад энэ талаар маргаад байгааг би ойлгохгүй байна. Энэ машиныг лизингээр авсан гээд байгаа тайлбар үндэслэлгүй тул машины үнэ болох 9.800.000 төгрөгийг шаардаж байна. Би ажилгүй байх хугацаандаа, төрөөд удаагүй байсан тул хүүхдүүдээ тэжээхийн тулд найз нөхдөөсөө мөнгө зээлж, өөрийн эд зүйлсийг ломбарданд тавьж зарцуулснаар 980.000 төгрөгийг хүүхдүүдийн хэрэгцээнд зарцуулсан тул уг мөнгийг Хаас гаргуулахаар нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2019 оны 3 дугаар сарын 10-ны өдөр гэрээсээ яваагүй, хөөгдсөн. Өийн ааш авир дийлдэшгүй, хамт байхад маш хэцүү байдаг. Бид бүгд түүнээс айдаг, удаа дараа миний хувцас хунарыг гаргаж шидэж байсан, энэ хүний дэргэд хүн байхааргүй нөхцөлд амьдруулдаг байсан. Манай ажил улирлын чанартай болохоор заримдаа би орлогогүй байдаг байсан. Өийг жирэмсний хугацаанд бүх зүйлийг би чадахаараа дэмжиж явсан, хүүхэддээ хоол хүнснийг авч өгсөн. Хүүхдийн тэтгэлэг бол хүүхдүүдийн хэрэгцээний зүйл учраас ойлгож байна. Бид хэдийгээр маргалдсан ч гэсэн би ширээн дээр нь мөнгө тавиад л гардаг, ажилгүй зогссон үедээ машинаараа халтуур хийгээд хүүхдийн хэрэгцээнд мөнгө өгдөг байсан. Энэ хооронд Б.Ө нь гэр бүлээс гадуур харилцаатай болохыг мэдсэн тул би буруугаа хүлээж хэлээд байхад за яахав гэж хүлээж авсан ч эргээд үгүйсгээд утасны цаанаас дарамтлаж байдаг. Тэр намайг утсаар яриулж яриулчихаад чиний энэ үгийг шүүхэд өгнө гэж эргүүлээд дарамталдаг байсан. Өийн ааш авир хэрээс хэтэрч намайг болон нөгөө хүнийг дарамталж, фейсбүүкээр хүртэл тараасан. Гадаадад байгаа хамаатнууд маань ч энэ талаар мэдсэн, ажлын газарт хүртэл мэдэгдсэнээр би ажлаасаа гарсан. Энэ хүн өш хонзон санаж байна гэж ойлгож байна.

Би хөдөө орон нутагт олон сараар ээлжийн ажил хийдэг. Энэ хооронд Ө ч гэсэн өөрөө гадуур харилцаатай байсан гэж би сэжиглээд байгаа. Би хоолоо хийгээд түүнийг аргадаад сууж байдаг байсан. Түүний ингэж надаас мөнгө нэхээд байгааг би үндэслэлгүй гэж үзэж байна. Би гэр бүлээсээ салаагүй байна. Тиймээс би хүүхдийн тэтгэлэгийг олсон мөнгөө өөрөө зарцуулаад байхад тэр үргэлж бэлэн мөнгөөр нэхээд байдаг. Би эцэг хүний үүргээ сайн гүйцэтгэж байсан. Би хүүхдийн тэтгэлэгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэр бүлийн тухай хуулийн хүрээнд хүүхдийн тэтгэлэг төлөхгүй гэж үзэж байна. Анх К5 машиныг авахдаа би бичиг баримтгүй явж байсан болохоор Өийн нэр дээр гэрээ хийж байсан.

............. компанид ажиллаж байхдаа Голомт банкнаас цалингийн зээл авч амьдралдаа хэрэглье, гэр байшингаа тохижуулах зорилгоор К5 машиныг 10.500.000 төгрөгөөр машиныг авч байсан. Тэр машинаа 2 сарын хугацаанд унаад мотор асуудалтай байхаар нь зараад улаан өнгийн ..........УНГ улсын дугаартай машиныг 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 9.450.000 төгрөгөөр худалдаж аваад, зээлээ би ганцаараа төлөөд явж байсан. Энэ машиныг авахад Өээс нэг ч төгрөг ороогүй байхад эхлээд машиныг нэхэж байгаад одоо болохоор мөнгөн дүнгээр нь нэхэж байгааг ойлгохгүй байна. Би энэ шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Автомашиныг ломбарданд тавих болсон шалтгаан нь 2019 оны 3 дугаар сарын сүүлээр намайг ирж хүүхэд хар гэж дуудахад би гэртээ ирж хүүхдээ харж байхад машин унаад гарсан, буцаж ирэхдээ согтуу ирсэн, торонд нэг шил архи, тараг зэрэг зүйлийг бариад машинаар юм мөргөж гэмтээсэн орж ирсэн. Би тэр үед машинаа засварт оруулах болон өөрийн, хүүхдүүдийн хэрэгцээнд зарцуулахаар ломбарданд тавьж зээл авсан. Өийн машинд учруулсан гэмтлийг засварлахад 2.000.000 төгрөгийн зардал гарсан, ингээд ажлаас гарснаас хойш ломбардны төлбөр төлөх боломжгүй бол машин хураагдсан. 980.000 төгрөгийг мөн зөвшөөрөхгүй, надтай байхад нь би Өийг бүтэн гоёж авсан өгсөн монет болон мөнгөн эд зүйлсийг ломбарданд тавиад дуусгасан. Найз нөхдөөсөө мөнгө зээлсэн, миний найзын эхнэрээс хүртэл мөнгө зээлсэн байсныг би төлсөн. Хамт амьдарч байхдаа бусдын дор оруулж, эд зүйлээр дутааж байсан удаа байхгүй. Хүүхдүүдийн хичээл сургууль дээр ч би хариуцаж ажиллаж байсан. Ө хэдэн төгрөгний цалинтайг мэдэхгүй, надаас мөнгө нэхдэг би шилжүүлдэг байсан. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад                                                        

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Б.Ө нь хариуцагч О.Хт холбогдуулан 2008 оны 05 дугаар сарын 21-ний өдөр төрсөн Хын .........., 2012 оны 08 дугаар сарын 27-ны өдөр төрсөн Хын .........., 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр төрсөн Хын ..........нарыг өөрийн асрамжид авч, тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн дундын хөрөнгө болох ..........УНГ улсын дугаартай, Тоёота приус маркийн автомашины үнэнд 9.800.000 төгрөг гаргуулах, хүүхдүүдийн хэрэгцээнд зарцуулсан зардалд 980.000 төгрөг тус тус гаргуулахаар шаарджээ /хх-1-3, 36, 104-106/.

 

Нэхэмжлэгч Б.Ө, хариуцагч О.Х нар 2006 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гэр бүл болсныг 2007 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Хан-Уул дүүрэгт бүртгүүлсэн болох нь гэрлэгчдийн тайлбар, 2019-06-03-ны өдрийн гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа зэргээр нотлогдож байна.

 

Гэрлэгчдийн дундаас 2008 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Хын .........., 2012 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Хын .........., 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Хын ..........нар төрсөн болох нь гэрлэгчдийн тайлбар, .............. дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-10, 11, 9/ зэргээр мөн тогтоогдож,

гэрлэгчид өөр хоорондын зан харьцааны таарамжгүй байдал, бие биенээ хүндэтгэдэггүй байдал, хариуцагч гэр бүлээс гадуур өөр бусадтай хамтын амьдрал зохиосон зэрэг шалтгаан нөхцлийн улмаас 2019 оны 3 дугаар сараас тусдаа амьдарсан, гэрлэгчидийн хэн аль нь гэр бүлийн амьдралаа үргэлжлүүлэх, үр хүүхүүдээ эцэг, эхтэйгээ хамт амьдрах эрхийг хүндлэхгүй байгаагаас гэрлэгчид нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эвлэрээгүй,

шүүхэд иргэний хэрэг үүсгэснээс хойш гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авахаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид шилжүүлсэн боловч 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 247 дугаар тэмдэглэлээр эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд гэрлэгчид оролцсон боловч үр дүнд хүрээгүй шалтгаанаар уг ажиллагаа амжилтгүй дуусгавар болсон байна /хх- 61-62, 98/.

 

Иймд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй дуусгавар болсон, гэрлэгчид тусдаа амьдарсан цаг хугацаанд гэр бүлийн насанд хүрээгүй гишүүд болох С..........., С..........., С...........нар эхийн асрамжид байсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож, хариуцагч маргаагүй, С..........., С........... нар Нийслэлийн ерөнхий боловсролын 34 дүгээр сургуулийн 1б, 5в ангид тус тус суралцдаг болох нь тус сургуулийн тодорхойлолт /хх-20, 21/, С..........., С..........., С...........нар эрүүл бойжиж байгаа болох нь Хашчагнуур өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт /хх-11, 12, 13/ зэргээр тогтоогдож байх тул эдгээр хүүхдүүдийг эх Б.Өийн асрамжид үлдээж, эцэг О.Хаас нь тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч хэнээс, ямар үндэслэлээр, юуг шаардахаа өөрөө тодорхойлох эрхтэй тул нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхой байх учиртай. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.4-т нэхэмжлэлийн бүрдүүлбэрт нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг нэхэмжлэгч нэхэмжлэлдээ тодорхой тусгасан байхыг шаарддаг нь шүүх хөндлөнгийн байх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчимтай холбоотой бөгөөд нэхэмжлэгчийн хүсээгүй зүйлийг шүүх шийдвэрлэх эрх хэмжээ хуулиар байхгүй юм.

 

Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “...хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй...” тул нэхэмжлэгчийн шүүх хуралдаан дээр дэмжсэн гэр бүлийн насанд хүрээгүй гишүүд болох С..........., С..........., С...........нарыг өөрийн асрамжид авч, эцэг О.Хаас тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн дундын хөрөнгө болох ..........УНГ улсын дугаартай тоёота приус-20 маркийн автомашины үнэнд 9.800.000 төгрөг, хүүхдүүдийн хэрэгцээнд зарцуулсан 980.000 төгрөгийг тус тус гаргуулах тухай шаардлагын хүрээнд хэрэг маргааныг хянан шийдвэрлэсэн болно.

 

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д зааснаар хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүсдэг бөгөөд мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхдээ тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхээр заасан ба эцэг, эх нь мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.1, 26.2.2-т зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй, 25 дугаар зүйлийн 25.3-т зааснаар хүүхдийн ашиг сонирхлыг хамгаалах үүргийг эцэг, эх хүлээхээр, гэрлэгчид тусдаа амьдарсан ч эцэг байх эрх, үүрэг хүүхдийг насанд хүртэл хэвээр хадгалагдах учир гэр бүлийн насанд хүрээгүй гишүүн болох С..........., С..........., С...........нарыг эхийн асрамжид үлдээж шийдвэрлэсэн тул Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар эцэг О.Хаас тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.

 

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар  2008 оны 05 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, хүү С..........., 2012 оны 08 дугаар сарын 27-ны өдөр төрсөн,охин С..........., 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, охин С...........нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас суралцаж байгаа бол 18 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг О.Хаар тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.

 

Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-д “хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй” гэж, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар хуульд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг О.Хт, энэ үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Б.Өд тус тус даалгах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч нь С..........., С..........., С...........нарыг тэжээн тэтгэх, өсгөж хүмүүжүүлэх, сурч боловсроход, цаг агаарын улиралтай холбогдуулан дулаан хувцаслах, 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр төрсөн Булган-Эрдэнийн нэмэлт сүүн тэжээл, өдөр тутам хэрэглэгдэх памперс болон гурван хүүхдийн ахуйн хэрэгцээнд өдөр тутам зарцуулагдсан зардалд 980.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн шаардсан.

 

Хариуцагч нь гэрлэлт цуцлагдаагүй, би өөрийн боломжоор хүүхдүүддээ өдөрт мөнгө төгрөг өгдөг байсан, одоо би ажилгүй байгаа зэрэг шалтгааны улмаас зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон /хүндээр өвчилсөн, тахир дутуу болсон, эмчлүүлсэн, сургуульд орсон гэх мэт/ үед нэмэлт тэтгэлэг гаргуулах, эсхүл гарсан зардлыг хариуцуулахаар энэ хуулийн 47.2-т заасан этгээд шүүхэд нэхэмжлэл гаргаж болно” гэж заасан.

 

Түүнчлэн Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдлэж, адил үүрэг хүлээх” бөгөөд мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.3-д “хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох” үүрэгтэй гэж,

Боловсролын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Үндсэн хуульд заасны дагуу төрөөс бүх нийтийн ерөнхий боловсролыг төлбөргүй олгоно” гэж,

Бага, дунд боловсролын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д “...Сургалтын нэмэгдэл зардлыг эцэг, эх, асран хамгаалагчаас гаргуулж болно” гэж, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д “хүүхэд хөгжих эрхээ амралт, чөлөөт цагаараа тоглож наадах, хүүхдийн зуслан, сувилалд амарч сувилуулах, өөрийн хүсэл сонирхлын дагуу уралдаан тэмцээн, хөгжлийн хөтөлбөр, дугуйлан секц, бүлэг, клубт хамрагдах, хөгжлийн төв, ордонд суралцах зэрэг хэлбэрээр эдэлнэ” гэж, мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4-т “хүүхдийг сурган хүмүүжүүлэх, боловсрол эзэмших, авьяас чадварыг нь хөгжүүлэхэд сургууль, хүүхдийн болон бусад холбогдох байгууллага, алан тушаалтан, иргэдтэй хамтран ажиллах нь эцэг эхийн үүрэг” гэж тус тус заасан.

 

Тиймээс хүүхдүүд эцэг, эхтэйгээ хамт амьдрах, эрүүл аюулгүй орчинд амьдрах, эрүүл мэндээ хамгаалуулах, боловсрол эзэмших, оюун ухаан авъяас билэг, бие бялдар, ур чадвараа хөгжүүлэх, хөгжих эрхээ ямар ч хэлбэрээр хэрэгжүүлэх эрхтэй. Эдгээр эрхээ хэрэгжүүлэх зардлыг урьдчилан тогтоох буюу нэг ой хүрээгүй хүүхдийн өдрийн эсхүл байнга хэрэглэгдэх зардал түүний хэмжээг тогтоох, бага насны хүүхдүүдийн өдөр тутмын хэрэгцээ тэр тусмаа эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлыг урьдчилан тогтоох боломжгүй, эцэг нь ажилгүй, орлоггүй, хүүхдүүдтэйгээ хамт амьдрахгүй байх нь хүүхдийн эрхийг хангахаас татгалзах үндэслэл болохгүй тул гэр бүлийн насанд хүрээгүй гишүүд болох С..........., С..........., С...........нарын нэмэлт зардлыг хүүхдүүдийн эцэг болох О.Х хамтран хариуцах үүрэгтэй.

 

Эцэг, эх, үр хүүхдийн харилцаа дуусгавар болдоггүй, гагцхүү хүүхдийг асрамжлах, тэжээн тэтгэх үүргийн хуваарилалт шүүхийн шийдвэрээр өөрчлөгдсөнөөр хүүхдийн хүмүүжил өсөн бойжилтод оруулах эцэг, эхийн хувь нэмэр оролцоо өөрчлөгддөг тул хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, хүүхэд хөгжих эрхээ хэрэгжүүлэхээр амралт, чөлөөт цагаараа тоглож наадах, хүүхдийн зуслан, сувилалд амарч сувилуулах, өөрийн хүсэл сонирхлын дагуу уралдаан тэмцээн, хөгжлийн хөтөлбөр, дугуйлан секц, бүлэг, клубт хамрагдах, суралцах зэрэг өөр бусад асуудал болон нэмэлт зардалд дан ганц тэтгэлгийн мөнгө тогтоосноор шийдвэрлэгдэхгүй тул тэтгэлэг тогтоосноор хариуцагчаас хүүхдүүдийн нэмэлт зардлыг гаргуулахгүй байх үндэслэл болохгүй юм.

 

Нэхэмжлэгч гэр бүлийн насанд хүрээгүй гишүүн болох С..........., С..........., С...........нарын хэрэгцээнд ашиглахаар гэр бүлийн дундын хөрөнгө болох ..........УНГ улсын дугаартай, тоёота приус-20 маркийн автомашиныг шилжүүлэн авахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байх боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч дээрх автомашиныг ломбарданд тавьснаар тухайн автомашин биетээр байхгүй болсон тул үнэнд нь 9.800.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн шаардсан.

 

Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д зааснаар гэр бүлийн гишүүн гэр бүлийн бүрэлдэхүүнээс гарахад ногдох хэсгийн талаар маргавал, гэрлэгчдээс төлбөр гаргуулахад тэдгээрийн хуваарьт эд хөрөнгө хүрэлцэхгүй бол, гэр бүлийн бусад гишүүнээс төлбөр гаргуулбал, гэр бүлийн гишүүн нас барснаар өв нээгдсэн тохиолдолд гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс гишүүнд ногдох хэсгийг тодорхойлохоор байна.

 

Гэтэл гэрлэгчид гэрлэлт цуцлуулах талаар шаардлага гаргаагүй, гэр бүлийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгөөс гишүүнд ногдох хэсгийг тодорхойлох дээрх хуульд заасан үндэслэл бий болоогүй байх тул автомашины үнэнд 9.800.000 төгрөг гаргуулах шаардлагыг шүүх шийдвэрлэх шаардлаггүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх бичгийн нотлох баримтууд болон зохигчдын тайлбар зэргийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг буюу гэр бүлийн насанд хүрээгүй гишүүд болох С..........., С..........., С...........нарыг эхийн асрамжид үлдээж, эцэг О.Хаас тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлж, эдгээр хүүхдүүдийн нэмэлт зардалд гарсан 980.000 төгрөгийг хариуцагч О.Хаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох автомашины үнэнд 9.800.000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.6-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгжиж, нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргадаг бөгөөд зохигчдын тайлбар өөрөө нотлох баримт болох хэдий ч нэг талын гаргасан тайлбарыг нөгөө тал үгүйсгэж байгаа тохиолдолд мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.2, 107.3-т зааснаар үндэслэлээ нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй болно.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 270.020 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хангагдсан шаардлага болох хүүхдийн тэтгэлэгийн шаардлагад ногдох 35.868 төгрөг, нэмэлт зардалд ногдох 28.070 төгрөг, нийт 63.938 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Түүнчлэн нэхэмжлэгчийн хүсэлтээр авагдсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай шүүгчийн 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШЗ2019/06169, 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШЗ2019/14421 дугаартай /хх-30, 164-165/ захирамжийн үйлчлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан давж заалдах гомдол гаргах хугацаа өнгөрмөгц дуусгавар болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118-р зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2008 оны 05 дугаар сарын 21-ний өдөр төрсөн Хын .........., 2012 оны 08 дугаар сарын 27-ны өдөр төрсөн Хын .........., 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр төрсөн Хын ..........нарыг эх Б.Өийн асрамжид үлдээсүгэй.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан С..........., С..........., С...........нарыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээний 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Отгонбаярын Х /АЮ87112274/-аас тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд захиран зарцуулахыг эх Б.Өд даалгасугай.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар эцэг, эх байх үүргээ хэрэгжүүлэхэд хэн аль нь бие биедээ саад болохгүй байхыг нэхэмжлэгч Б.Ө, хариуцагч О.Х нарт үүрэг болгосугай.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан хариуцагч ...............-аас 2008 оны 05 дугаар сарын 21-ний өдөр төрсөн С..........., 2012 оны 08 дугаар сарын 27-ны өдөр төрсөн С..........., 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр төрсөн С...........нарын өдөр тутмын хэрэгцээнд зарцуулагдсан нэмэлт зардалд 980.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Боржигон овогт Баттөмөрийн Ө /УЖ88042704/-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 9.800.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 270.020 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Хаас 63.938 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Өд олгосугай.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

9. Нэхэмжлэгчийн хүсэлтээр авагдсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай шүүгчийн 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШЗ2019/06169, 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШЗ2019/14421 дугаартай /хх-30, 164-165/ захирамжийн үйлчлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан давж заалдах гомдол гаргах хугацаа өнгөрмөгц дуусгавар болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.ЯНЖИНДУЛАМ