Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 001/ХТ2022/00370

 

“.......” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2020/01766 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 1621 дүгээр магадлалтай,

“.......” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Ч.Гд холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 24,441,302 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Оюунсувдын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Оюунсувд, хариуцагчийн өмгөөлөгч Б.Ананд, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Т, нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “.......” ХХК нь хариуцагч Ч.Гд холбогдуулан зээлийн гэрээний үүрэг болон хохиролд нийт 24,441,302 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.

Энэ хэрэгт Ч.Г, М.Т нар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцож тайлбар гаргажээ.

2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2020/01766 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 242 дугаар зүйлийн 242.3-т заасныг тус тус баримтлан хариуцагч Ч.Гоос зээлийн гэрээний үүрэг, бусад зардалд нийт 15,811,005.6 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “.......” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 8,630,296.4 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Ч.Г нь төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцаа үл хөдлөх эд хөрөнгө болох Ч.Г, М.Т нарын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 38А дугаар байрны 65 тоот, улсын бүртгэлийн ............. дугаарт бүртгэгдсэн, 38 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 420,557 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Гоос улсын тэмдэгтийн хураамжид 307,205 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “.......” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 1621 дүгээр магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2020/01766 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 153,035 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Оюунсувд хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээж нэхэмжлэлийн шаардлагаас 8,630,296.4 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэргийн бодит байдалтай нийцээгүй, иргэний хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4.1. Анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэх, хянавал хэсэгт “...үндсэн зээлийн үлдэгдэл болон гэрээний хугацаа дууссан 2017.09.06-ны өдрийг хүртэлх хугацааны хүү, гэрээний хугацаа дууссанаас хойших хүүд тохирсон нэмэгдүүлсэн хүүг тооцох нь зүйтэй гэж үзэв. Мөн нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үндсэн хугацаанд 334,966 төгрөгийг зээлдэгчээс нэмэгдүүлсэн хүүд тооцон авсан нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т заасан зохицуулалттай нийцэхгүй буюу нэмэгдүүлсэн хүү нь гэрээний хариуцлага гэдэг агуулгаараа үндсэн гэрээний хугацаа дуусах үеийн хүүд нэмэгдүүлсэн хүүг тооцох тул 334,966 төгрөгийг үндсэн зээлээс хасч тооцох нь зүйтэй байна. Үндсэн зээлийн үлдэгдэл 13,591,262 төгрөгөөс 334,966 төгрөгийг хасч 13,256,296 төгрөгийн үлдэгдэлтэй ба уг үлдэгдлээс сарын 2 хувь /жилийн 24 хувь/-ийн хүүг тооцоход нэг сард 265,126 төгрөг гарч байх бөгөөд 2017.01.07-ны өдрөөс 2017.09.06-ны өдрийг хүртэл 8 сарын хүүд 2,121,008 төгрөг, үүнээс нэмэгдүүлсэн хүүг 20 хувиар тооцоход 424,201.6 төгрөг, нийт 15,801,505.6 төгрөгийг зээлийн гэрээний үүрэгт хамтран үүрэг гүйцэтгэгч Ч.Гоос гаргуулах нь зүйтэй байна.” гэсэн нь үндэслэлгүй юм.

4.2. Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т “Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө.” Монгол улсын Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т “...Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ шударгаар хэрэгжүүлнэ.” Мөн хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-т “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ.” гэж тус хуулийн 222 дугаар зүйлийн 222.4-т “Хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгэгч нь түүнд ямар нэг тохиолдолд нөлөөлсөн эсэхийг харгалзахгүйгээр хохирлыг хариуцна...” мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т “Зээлдэгч авсан зээлээ хугацаандаа төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.” гэж заасан бөгөөд Монгол Улсын Дээд шүүхийн 2006.12.21-ний өдрийн 53 дугаар тогтоолоор ч хуулийн дээрх зохицуулалтыг тодорхой тайлбарласан. Хуульд зааснаар зээлдэгч гэрээний дагуу авсан зээлээ гэрээнд заасан хугацаанд буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд зээлийн төлөгдөөгүй үлдсэн хэмжээнд ногдох хүү, нэмэгдүүлсэн хүүг түүний төлөх хүртэл хугацаанд нөхөн төлөх үүрэгтэй байхаар зохицуулсан тул хариуцагч Ч.Г нь нэхэмжлэгчид шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаагаар тооцож нэхэмжилсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх нь хууль зүйн үндэслэлтэй. Учир нь нэмэгдүүлсэн хүүгийн дүн болох 1,610,588 төгрөг нь одоо мөрдөгдөж байгаа Монгол банкны Ерөнхийлөгчийн 2018.07.23-ны өдрийн А-203 тоот тушаалын хавсралт: “Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам”-д заасан томьёоны дагуу “Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь”-т заасан тухайн сард төлөх төлбөрийн хожимдуулсан дүнгээс бодогдож гарсан дүн юм.

4.3. Талуудын хооронд байгуулсан “Зээлийн гэрээ”-ний гуравдугаар зүйлийн 3.1.5-д зааснаар “Нэмэгдүүлсэн хүү: ...Зээл, хүүг зээл буцаан төлөх хуваарьт хугацаандаа төлөөгүй тохиолдолд дараагийн өдрөөс эхлэн зээлийн гэрээний хугацааг хэтрүүлсэнд тооцож төлөгдөөгүй байгаа зээл буюу зээлийн үлдэгдлээс нэмэгдүүлсэн хүүг тооцно.” гэж тодорхой зааж өгсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэсэн.

Хариуцагчийн өмгөөлөгч гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг үндэслэлтэй гэж үзэж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.

6. Нэхэмжлэгч “.......” ХХК нь хариуцагч Ч.Гд холбогдуулан үндсэн зээл 13,591,262 төгрөг, зээлийн хүү 9,229,976 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,610,588 төгрөг, нотариатын зардал 9,500 төгрөг, нийт 24,441,302 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч “...зээлдэгч Ч.Гөнхцас 2017.01.23-ны өдөр нас барсан. Үүнээс хойш “.......” ХХК хуульд зааснаар өвлөгчид хандан 1 жилийн дотор гомдлын шаардлага гаргаагүй, шүүхэд хандаагүй тул нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэж үүрэг гүйцэтгэхээс татгалзаж байна. Нөгөө талаар банк зээлийн мөнгийг Ч.Гөнхцасын дансанд шилжүүлсэн, тэрээр мөнгийг зарцуулж буцаан төлж байсан, нэхэмжилж буй үүрэг нь хуваагдах шинж чанартай үүрэг, иймээс тал хувь буюу 6,795,631 төгрөгийг төлөх боломжтой.” гэж,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд М.Т тайлбартаа, “...барьцааны орон сууцны хамтран өмчлөгч ба гэрээ байгуулах үед би 16 насанд хүрсэн, иргэний үнэмлэхээ авсан байсан боловч гэрээнд оролцож гарын үсэг зураагүй учир хэрэгт байгаа итгэмжлэл, барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус, барьцааны зүйлээр үүргийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ч.Г тайлбартаа, “...Ч.Гөнхцас олгосон итгэмжлэлийг ашиглан, өөрөө зээл авч тус зээлийн барьцаанд миний хөрөнгийг барьцаалсан нь Иргэний хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт заасныг зөрчиж, хэлцэл хийсэн гэж үзэж байна. Иймд, барьцааны зүйлээр үүргийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж тус тус маргажээ.

7. Анхан шатны шүүх хариуцагч Ч.Гоос зээлийн гэрээний үүрэг, бусад зардалд нийт 15,811,005.6 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “.......” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 8,630,296.4 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч төлбөрийг сайн дураар төлөөгүй бол барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулж үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаж хэвээр үлдээсэн.

8. Нэхэмжлэгч “.......” ХХК нь тус банк болон Ч.Гөнхцас, Ч.Г нарын хооронд 2012.09.06-ны өдөр байгуулагдсан ЗГ/12/61 тоот зээлийн гэрээ болон БГҮ/12/61 тоот барьцааны гэрээг нэхэмжлэлийн үндэслэл болгосон, хоёр шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ хууль зөрчөөгүй байна.

8.1. Зохигчийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээгээр нэхэмжлэгч нь 65,000,000 төгрөгийг 60 сарын хугацаатай зээлдүүлэх үүрэг, хариуцагч нар зээлийг жилийн 24 хувийн хүүтэйгээр буцаан төлөх, хугацаанд нь биелүүлээгүй бол үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг харилцан хүлээсэн, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Ч.Г, М.Т нарын өмчлөлийн орон сууцыг барьцаалсан, зээлийн мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн, хариуцагч нар эргэн төлөлт хийж байсан талаар зохигч маргаагүй байна.

8.2. Зээлийн болон барьцааны гэрээ Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1, 165 дугаар зүйлийн 165.1 дэх зохицуулалтад заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ болон үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны (ипотек) гэрээний шинжийг агуулсан, эдгээр гэрээ бичгээр байгуулагдсан, барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн нь мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 166 дугаар зүйлийн 166.1-д заасан шаардлагыг хангасан байна.

8.3. Зээлдэгч Ч.Гөнхцас 2017.01.23-ны өдөр нас барсан бөгөөд Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д “үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ”, 242.3-д “...үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна” гэж тус тус заасан тул хамтран зээлдэгч Ч.Гоос нэхэмжлэгч үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь шаардах эрхтэй, энэ талаар шүүхийн хийсэн дүгнэлт хууль зөрчөөгүй байна.

9. Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т “Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө.”, мөн Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д “Зээлдэгч авсан зээлээ хугацаандаа төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.” гэж заасан.

10. Ч.Гөнхцас, Ч.Г нар нь зээлийн гэрээний нэг тал буюу зээлийн мөнгийг бүхэлд нь банкинд буцаан төлөх үүрэг бүхий хамтран үүрэг гүйцэтгэгчид мөн боловч тэдний хоорондын эрх, үүргийн харилцааг үзвэл, Ч.Гөнхцас зээлийн мөнгийг хүлээн авч, зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу сар тутамд зээлийн хүү болон үндсэн зээлээс хэсэгчлэн төлөх үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байсан, түүнийг нас барсан хугацаанаас хойш зээлийн төлбөр төлөх үүрэг зөрчигдсөн, нэхэмжлэгч нар нь хамтран үүрэг гүйцэтгэгчид бус талийгаач Ч.Гөнхцасын эхнэрт хандаж зээл төлөхийг шаардсан, /шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан/ 2017.09.06-ны өдрөөр гэрээний хугацаа дуусгавар болсон үйл баримт тогтоогджээ.

Энэ тохиолдолд “.......” ХХК нь хамтран зээлдэгч Ч.Гд гэрээний үүргээ биелүүлэхийг мэдэгдэх нь түүний эрх, үүрэгт харшлахгүй атал анх 2018.12.27-ны өдөр түүнд хандаж үүргийг шаардаж, улмаар 2019.12.11-ний өдөр нэхэмжлэлээ гаргасан байх тул эдгээр нөхцөлийг дүгнэж шүүх өөрийн бүрэн эрхийн хүрээнд хариуцагчийн гүйцэтгэвэл зохих үүргийг гэрээний хугацаа дууссан 2017.09.06-ны өдөр хүртэл тодорхойлж нэхэмжлэлийг хангасныг хяналтын шатны шүүхээс үгүйсгэх, өөрөөр хэлбэл, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэлгүй болно.

11. Барьцааны гэрээ хүчин төгөлдөр тул бөгөөд хариуцагч нь төлбөрөө сайн дураар биелүүлээгүй бол Ч.Г, М.Т нарын өмчлөлийн орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-д заасантай нийцэх тул энэ шаардлагыг хангасан нь зөв болжээ.

12. Дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2020/01766 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 1621 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч “.......” ХХК /итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Оюунсувд/ 2020.08.24-ний өдөр 153,034.75 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.БАНЗРАГЧ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                       П.ЗОЛЗАЯА

                                                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                        Д.ЦОЛМОН