Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 204

 

185/2019/0993/Э

 

 

 

 

  2020               02            13                                       2020/ДШМ/204    

 

Ц.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Э.Оюунтунгалаг,

шүүгдэгч Ц.Б-ий өмгөөлөгч Ц.Цэрэнням,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 2020/Ш3/46 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Э.Оюунтунгалагийн бичсэн 2020 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 3 дугаартай эсэргүүцлээр Ц.Б-д холбогдох эрүүгийн 1909017530970 дугаартай хэргийг 2020 оны 2 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

.... Б-, .........;

 

Ц.Б- нь 2019 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Этүгэн” сургуулийн орчим иргэн З.Б-ыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас:  Ц.Б-ий үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Цогийн Б-д холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал буюу шүүгдэгчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх, нөхцөл байдлуудын нэг болох шүүгдэгч Ц.Б-ий урьд эрүүгийн хариуцлага, ял шийтгэл хүлээж байсан эсэх талаар хавтас хэрэгт зөрүүтэй хоёр баримт авагдсан байна. Хавтаст хэргийн 31 дүгээр талд Ц.Б- нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэж авагдсан бөгөөд харин хавтас хэргийн 34 дүгээр талд байх Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар шүүгдэгч Ц.Б-ийг урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан гэх агуулгатай тэмдэглэл байна. Энэ байдал нь шүүгдэгч Ц.Б-ийг хэрэв гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх тохиолдолд ял, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг үнэлэхэд эргэлзээтэй байдал үүсгэж байна гэх үндэслэлээр Ц.Б-д холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр Сүхбаатар дүүргийн прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

 

Прокурор Э.Оюунтунгалаг бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүгдэгч Ц.Б-ий урьд ял эдэлж байсан эсэхийг мөрдөн шалгах ажиллагааны явцад Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл лавлагааны сангаас хоёр удаа шалгасан тухай баримт хавтаст хэргийн 31, 34 дүгээр талд авагдсан байдаг ба хэргийг шалгасан мөрдөгч нь Ц.Б-ий урьд нь ял шийтгүүлж байсан эсэхийг шалгуулж лавлагаа авах маягт бөглөхдөө нэг ял шалгах хуудсан дээр нь “урьд эдэлж байсан”, нөгөө ял шалгах хуудсан дээр “урьд ял эдэлж байгаагүй” гэж хоёр өөр байдлаар бичиж тэмдэглэгээ хийсэн байдаг. Гэвч Цагдаагийн ерөнхий газраас тухайн этгээдийг урьд ял эдэлж байсан эсэхийг бүртгэл мэдээллийн санд бүртгэгдээгүй гэж бичсэн байна. Өөрөөр хэлбэл, мөрдөгч техникийн алдаа гаргаж маягт бөглөхдөө хоёр өөрөөр бичсэн ч эрх бүхий газраас шалгаж лавлагаа авахад Ц.Б-ийг ял эдэлж байгаагүй, урьд нь ямар нэг эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүйг нотолж хариу өгсөн нь яллагдагчийн хувийн байдлыг харуулах нотлох баримт мөн бөгөөд эргэлзээтэй байна гэж үзэх үндэслэлгүй байна. Иймээс мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, гэрч нарын өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудад үнэлэлт дүгнэлт хийж, гэм буруугийн асуудлыг хэлэлцэх боломжтой гэж үзэж байгаа тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр бичсэн эсэргүүцлээ дэмжиж байна. ...” гэв.

 

Шүүгдэгч Ц.Б-ий өмгөөлөгч Ц.Цэрэнням шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...мөрдөгч техникийн алдаа гаргасан эсэхийг прокурор хянах үүрэгтэй. Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн нотолбол зохих байдалд “Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал” хамаарч байгаа. Мөрдөн байцаалтын явцад ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлын талаар илт эргэлзээтэй нотлох баримт бүрдүүлж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Хавтас хэрэгт 2019 оны 7 дугаар сарын 15 болон 10 дугаар сарын 2-ны өдрүүдэд Ц.Б-ийг урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хоёр хуудас авагдсан. 7 дугаар сарын 15-ны өдрийн ял шалгах хуудаст “урьд ял шийтгэл эдэлж байгаагүй” гэсэн бол 10 дугаар сарын 2-ны өдрийн ял шалгах хуудаст “урьд ял шийтгэл эдэлж байсан” гэж бичсэн. Цаг хугацааны хувьд сүүлд авагдсан лавлагаагаар “урьд ял шийтгэл эдэлж байсан” гэснийг үндэслэлтэй гэж үзвэл эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан шүүхийн шийдвэрийг хэрэгт хавсаргах шаардлагатай гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Ц.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ прокурорын бичсэн эсэргүүцлийн үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан асуудлаар мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр хэргийг прокурорт буцаах шаардлагагүй гэж үзэв.

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудын талаар шалгасан байх бөгөөд уг байдлуудыг шүүх хуралдааны явцад нотлох талаар мөн зүйлд заажээ.

 

Мөрдөгч нь шүүгдэгч Ц.Б-ий урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хоёр маягтыг бөглөхдөө 7 дугаар сарын 15-ны өдрийн ял шалгах хуудаст “урьд ял шийтгэл эдэлж байгаагүй” гэж, 10 дугаар сарын 2-ны өдрийн ял шалгах хуудаст “урьд ял шийтгэл эдэлж байсан” гэж бичсэн байгаа хэдий ч хоёуланд нь “бүртгэл мэдээллийн санд бүртгэгдээгүй” гэх тэмдэг дарагджээ. /хх 31, 34/

 

Нөгөөтэйгүүр прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцохдоо яллагдагчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх лавлагааг дахин авч, яллагдагчийн хувийн байдалтай холбоотой асуудлыг мэтгэлцээний зарчмаар хэлэлцүүлж шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Иймд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд Ц.Б-д холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэх боломжтой байх тул прокурорын эсэргүүцлийг хүлээн авч шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 2020/ШЗ/46 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Ц.Б-д холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд нь буцаасугай.

 

2. Хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцэх хүртэл Ц.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                        ДАРГАЛАГЧ,

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                 Т.ӨСӨХБАЯР

 

                        ШҮҮГЧ                                                                      О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

                        ШҮҮГЧ                                                                      Л.ДАРЬСҮРЭН