Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 202/МА2018/00011

 

 

    2018            04              30                                             202/МА2018/00011

 

Б.З-ын нэхэмжлэлтэй

   иргэний хэргийн тухай  

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Г.Тэгшсуурь, шүүгч Х.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд цахим хэлбэрээр хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 136/ШШ2017/00424 шийдвэртэй, 

Нэхэмжлэгч: Б-ийн З -ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  Ж-ийн Г-т холбогдох,

Хүүхдийн эцэг байх эрх хасуулах, асрамж солиулах тухай иргэний хэргийг, 

Нэхэмжлэгч Б.З-ын давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.З, хариуцагч Ж.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярмаа  нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.З шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Б.З нь Эрүүгийн хуулийн 10.2 дугаар зүйлийн 1-т зааснаар 18 жил 4 сар 8 хоногийн хорих ялаар шийтгэгдэн уг ялыг ШШГЕГ-ын харъяа хорих 407 дугаар ангид биеэр эдэлж байгаа. Би Ж.Гтай 2006 онд албан ёсны гэр бүл болж, бид хоёр 2 хүүхдийн ээж, аав болсон. Гэтэл Ж.Гын удаа дараагийн амрагийн асуудал гэр бүлийн дарамтаас болж гэмт хэрэг үйлдэн 2009 онд хорих ялаар шийтгэгдсэн. Тухайн үед Ж.Г нь гэр бүл цуцлуулах тухай нэхэмжлэл гаргаж, 2010 оны 3 сард Дорноговь аймгийн Иргэний хэргийн шүүхийн тогтоолоор гэр бүл цуцалж, хүү Г овогтой Т /2 нас/, охин Г овогтой Б-Э /4 нас/ нарыг эцэг Ж.Гын асрамжинд үлдээсэн юм. Гэтэл Ж.Г нь давхар гэр бүлийн асуудлаас болж хүү Г.Тг миний төрсөн дүү Б.Энхбаярынд 2011 онд, охин Ж.Б-Эийг миний төрсөн эгч Б.Сайханбаярынд 2014 онд тус тус өөрийн асрамжинд цаашид байлгаж чадахгүйгээ мэдэгдэж орхиод өнөөдрийг хүртэл эцэг хүнийхээ тэжээн тэтгэх, асран халамжлах үүргээ биелүүлэхгүй, улмаар тус шүүхийн шийдвэрийг үл ухамсарласаар байгаа тул түүний хүү Г.Т, охин Б-Э нарын эцэг байх эрхийг хасуулж, миний хүү, охин хоёрыг эрүүл энх өсгөн бойжуулж байгаа миний төрсөн эгч Б.Сайханбаяр, төрсөн дүү Б.Энхбаяр нарын асрамжинд шилжүүлэн, хүүхдийн асран халамжлагчийг сольж өгнө үү гэжээ. 

Хариуцагч Ж.Г 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр шүүхэд гаргасан тайлбартаа:  Миний хувьд өөрийн охин Г.Б-Э болон хүү Г.Т нарыг асран хамгаалж байсан ба Б.З-ын ээж Ц гэдэг хүн ээжтэй нь уулзуулна гэсэн нэрийдлээр шалтаглан авч яваад одоо хүртэл надтай уулзуулдаггүй, холбоо бариулдаггүй харин миний охин Г.Б-Э надтай бусдын утсаар холбоо барьж “аав дээрээ очмоор байна, намайг явуулахгүй байна” гэж ярьдаг. Миний охин Г.Б-Э нь төрсөн цагаасаа эхлэн 3-р анги хүртлээ миний асрамжинд байсан. Иймд би эцэг байх эрх хасуулах, харгалзан дэмжигч солиулах тухай хүсэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймээс 2 хүүхдийнхээ саналыг сонсон өөрөө асран хамгаалагч байх эрхээ шүүхээр хангуулах хүсэлтэй байна гэжээ. 

Хариуцагч Ж.Г шүүхэд 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр гаргасан тайлбартаа: Миний бие Зын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч охин Г.Б-Э, хүү Г.Тэмжүүжин нарыг Б.Сайханбаярын асрамжинд үлдээх, овгийг солиход татгалзах зүйлгүй гэжээ. 

Анхан шатны шүүх: Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9-д зааснаар хариуцагч Боржигон овогт Жаалхүүгийн Гыг хүү Боржигон овогт Гын Тгийн эцэг байх эрхийг хасаж, Гэр бүлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д зааснаар охин Боржигон овогт Гын Б-Эийн эцэг байх эрхийг хасуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Зын нэхэмжлэлтэй, хариуцагч Ж.Гт холбогдох хүүхдийн асрамж солиулах тухай хэргийг хэрэгсэхгүй болгож, 

Нэхэмжлэгч Б.З нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс 136/ШЗ2017/01289 дугаартай шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурдаж, 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ж.Гаас 70200 төгрөгийг гаргуулж улсын орлого /Төрийн банкны 281500318038 тоот данс/-д оруулж, 

Гэр бүлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын гурван өдрийн дотор иргэний гэр бүлийн бүртгэлийн төв байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ц.Чинбаярт даалгаж, 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, гардаж аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хулуийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ. 

Нэхэмжлэгч Б.З давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Би  нөхөр Ж.Гын гэр бүлээс гадуурх харилцаанаас болж хэрэгт холбогдсон. 2010 оны 1 сараас эхлэн Эрүүгийн хуулийн 10.1.2-т зааснаар 18 жил 4 сарын ял авсан. 2010 оны 03 сард гэр бүл цуцалж 2 хүүхдийг минь эцэг Ж.Гын асрамжинд шүүх өгсөн боловч 2011 онд хүүг, 2013 онд охиныг төрсөн эцэг эх дээр минь авчирч өгөөд дахин аваагүй. Эцэг эх маань бурхан болоод хүүхдүүд минь одоо миний төрсөн эгч, дүү нарын гэрт тус тусдаа амьдарч байгаа. Тиймээс би өөрийн төрсөн эгч Б.Сайханбаяр, төрсөн дүү Б.Энхбаяр нарыг хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тогтоолгох, асран халамжлах, тэжээн тэтгэх үүргээ үл ухамсарлан шүүхийн тогтоол биелүүлэхгүй байгаа эцэг Ж.Гын эцэг байх эрхийг хасуулахаар 2017 оны 8 сард нэхэмжлэл гаргасны дагуу 2017.11.23-нд онлайнаар шүүх хурал болсон. Шүүхээс охин Б-Эийг 6 нас хүртэл эцэгтэйгээ амьдарсан, хэд хэдэн удаа утсаар ярьсан гэх шалтгаанаар эцэгт нь хэвээр үлдээж, хүү Тгийн хувьд эцэг байх эрхийг нь хасаж, намайг өргөдөлдөө тусгаагүй гэх шалтгаанаар тэтгэвэр тэтгэмж тогтоож өгөөгүй. Насанд хүрээгүй хүүг минь асран хамгаалагчгүй, тэтгэвэр тэтгэмжийг нь тогтоож өгөлгүй, ирээдүйн амьдралыг нь баталгаагүй үлдээн шийдвэр гаргасанд гомдолтой санагдаж байна. ...2 хүүхдэд өөр өөр шийдвэр гаргасан, тэтгэвэр, тэтгэмжийн асуудал яригдаагүй орхигдсон, хууль ёсны асран хамгаалагчийг тогтоож өгөөгүйд гомдолтой байна. Гэр бүлийн тухай хуулийн 30 дугаар зүйлд эцэг эх байх эрхийг хасах, 31 дүгээр зүйлд эцэг, эх байх эрх үүргийг, хууль ёсны асран хамгаалагчийг шүүх тогтооно гэж заасан байхад тэр заалтыг орхигдуулсан байгаа. Миний хүүхдүүд өнчин өрөөсөн болох болсон гол шалтгаан эх үүсвэр нь Г өөрөө юм. 9 жил гэдэг бол бага хугацаа биш. Энэ хугацаанд бид нарыг ор тас хаясан. Анх шүүх хуралдаанд Г хэлэхдээ хүүхдүүдтэйгээ уулзуулж байна, сайн, сайхан амьдруулна гэсэн мөртлөө тэр бүхнийг биелүүлээгүй. Би 2009 оны 08 сараас эхлэн хүүтэйгээ уулзахгүй байж байгаад ээж дээр ирсэнээс хойш жилдээ 2-3 удаа уулзаж байгаа, охинтойгоо 2014 оны 05 сард ээж дээр ирсэнээс хойш уулзаж байгаа. Миний том охин эгч дээр байдаг. 9 дүгээр анги төгсөөд МСҮТ-д 2.5 жилээр суралцаад энэ жил ТИС-д барилгын инженерийн ангид орсон. Өчнөөн жил болж байхад Г ганц удаа ч гэсэн ирээд  юм уу, утсаар яриад хүүхдүүдийнхээ талаар ярьж болно, гэтэл тэгээгүй, би ямар олдохгүй газар байгаа биш дээ. Би энэ шийдвэрийг удаан бодож  байж гаргасан, хүүхдүүдээ гэрийнхэн дээрээ байлгая, эгчийгээ хууль ёсны асран хамгаалагчаар тогтоолгоно, 2 хүүхдийнхээ ирээдүйг бодож тэтгэмж тогтоолгоно гэв. 

Хариуцагч Ж.Г давж заалдсан гомдолд гаргасан хариу тайлбар болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн үед миний бие Зын гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн учир нь 2 хүүхдийг минь төрүүлж өсгөсөн эх хүн учраас ял эдлэх хугацаа нь тодорхой хугацаагаар багасах юм болов уу гэсэн үүднээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн юм. Үүнээс хойш би өөрийн үүргийн хүрээнд охиныхоо хэлсэн дансанд /Сайханбаярын/ мөнгө шилжүүлдэг боловч охинд өөрт нь өгдөггүй, мөнгө ирээгүй гэдэг юм билээ, аргаа ядаад би багшийнх нь дансыг аваад дахиж мөнгө шилжүүлж байсан. 2017.12 сарын дундуур миний охин надтай утсаар холбогдон Сайханбаяр эгч загнаж зодоод байна, “чи шүүхэд сайхан орчинд амьдардаг гэж хэлсэнгүй” гэсэн, мөн миний хүүхдүүддээ өгч явуулсан утсыг шатаана гэж, мөн согтуугаар ирж номхон зогсоодог талаар надад хэлсэн. Тухайн үед би дахин ийм байдал гаргавал утсандаа боломжоороо бичлэг хийчих гэж хэлж байсан. Үүнээс хойш 2017.12.28-ны шөнө залгасан байсан болохоор нь би 29-ний өглөө охинтойгоо холбогдож ярихад охин уйлаад, “өчигдөр би таны хэлснээр утсандаа биччихсэн, та намайг ирж авахгүй юм уу” гэсэн, тэр өдрөө би очиход охиныг хөдөө аваад явчихсан байсан ба Айраг сумын цагдаагийн хэсгийн дарга Мөнхбаттай уулзаж, учир байдлыг хэлж, мөн шүүхийн шийдвэрийг үзүүлсний дагуу Айраг сумын цагдаагийн хэсгээс 12 сарын 30-ны өдөр надруу ярьж, би шүүхийн шийдвэрийг барьж очоод охиноо авсан. Охиноос тухайн үед юу болсон талаар асуухад “чи муу аавтайгаа нийлээд ээжийгээ суллуулахгүй байна, ээжийг чинь суллуулах гэж их мөнгө зарж байна, энэ мөнгийг чи төлөх юм уу, аав чинь төлөх юм уу” гэх зэргээр дарамталдаг талаар ярьсан. Би тэр өдрөө хүүхдээ дагуулж өөр дээрээ авч ирсэн, одоо хүртэл хамт амьдарч байна. Зын эгч Сайханбаярт би хүүхдээ өгөөгүйдээ маш их баярлаж байгаа. Анх хүүхэд над дээр ирэхдээ ямар нэгэн зүйлээс айж цочсон байсан, юм хэлэхээр уйлах зэрэг байдал ажиглагдаж байсан ба одооноос харьцангуй гайгүй болж байна. Охин Б-Эийг одоо өөрийнх нь анх суралцаж байсан ангид нь /1-3/ суралцуулж байна. Энэ бүгдэд дүгнэлт хийж үзэхэд З нь өөрийн хийсэн хэрэгтээ гэмшихийн оронд харин ч хүүхдийн нэр барин арга саам хийж, ялаас хялбар мултрах арга хайж байгаа мэт бодол төрж  байна. Би цаашид охиноо өөр хүнд шилжүүлж өгөх ямар ч бодолгүй байгаа ба өөрийн асрамжинд өсгөн хүмүүжүүлэх болно. Зын гаргасан гомдол, нэхэмжлэлд гэр бүлийн хүчирхийлэл дарамтаас болж хэрэг хийсэн мэтээр бичсэн байгаа нь худал зүйл бөгөөд өөрийн  хий  хоосон хардалт дарамтаас үүдэлтэй ба тухайн  үед бид тусдаа амьдраад 1 жил гаран болж байсан. Охин Б-Э одоо Сайншанд сумын ЕБС-ийн 5 дугаар сургуулийн 6в ангид суралцаж байгаа ба аймгийн хүүхдийн байгууллагаас хүүхдийг сэтгэл зүйчид явуулах нь зүйтэй гэсэн чиглэл өгч байгаа. Зуны амралт болох гэж байгаа болохоор би хүүхдүүдээ аваад очиж уулзуулъя, чи надтай уулзая гэсэн хүсэлтэй байгаа юм байна. Анхан шатны шүүхийн шийдвэр маш зөв гарсан гэж үзэж байна. Би эргээд Тгийн асуудлыг дахин сөхөх хэрэгтэй юм байна гэж бодож байна. Б-Ээд ийм асуудал болж байгаа юм чинь Тд бас ийм асуудал болж байгааг үгүйсгэхгүй. Одоо охин сэтгэл зүйчид явж байгаа. Охин миний асрамжинд байгаа. Ярьвал их зүйл байгаа шүү. Охиноосоо бүгдийг сонсох байх гэв.                                          

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Б.З нь хариуцагч Ж.Гт холбогдуулан түүний эцэг байх эрхийг хасах, хүү Г.Т, охин Г.Б-Э нарын асрамж өөрчилж шийдвэрлүүлэх тухай нэхэмжлэл гаргаж, хариуцагч Ж.Г нь 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр шүүхэд тайлбар гаргахдаа нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч хүүхдийн асрамжийн талаар маргасан байсан боловч шүүх хуралдаанд охин Г.Б-Э, хүү Г.Т нарыг Сайханбаярын асрамжинд өгөхийг хүлээн зөвшөөрч хүү Г.Тг Энхбаярын асрамжинд өгөхийг зөвшөөрөөгүй байна. 

Анхан шатны шүүх Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9-д заасныг хэрэглэж Г.Гыг Г.Тгийн эцэг байх эрхийг хасаж, Гэр бүлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д зааснаар охин Г.Б-Эийн эцэг байх эрхийг хасах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгч Б.З эс зөвшөөрч “хүү Г.Тгийн асрамжийг шийдвэрлээгүй, тэтгэвэр тэтгэмж тогтоогоогүй” гэсэн агуулга бүхий давж заалдсан гомдол гаргасан байна. 

Гомдлыг үндэслэн хэргийг бүхэлд нь хянан үзвэл анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг бүрэн дүүрэн тодорхойлж чадаагүй, маргаанд холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүйгээс шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” шаардлагад нийцээгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв. 

Нэхэмжлэгч Б.З нь хорих 407 дугаар ангид ял эдэлж байгаа бөгөөд тэрээр Дорноговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2009 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 597 дугаар шийдвэрээр охин Г.Б-Э, хүү Г.Т нарыг эцэг Ж.Гын асрамжинд үлдээхээр шийдвэрлэснийг өөрчлүүлэх, мөн Ж.Гын эцэг байх эрхийг хасуулахаар  нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ хариуцагч Ж.Гыг хүүхдээ тэжээн тэтгэх, асран хамгаалах үүргээ биелүүлээгүй, хүүхдүүд өөр хүний буюу Б.Энхбаяр, Б.Сайханбаяр нарын асрамжинд хүмүүжиж байгаа гэжээ. 

Тэрээр ийнхүү нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлохдоо хариуцагч Ж.Гыг хүүхдүүдээ тэжээн тэтгэх, асран хамгаалах үүргээ биелүүлэхгүй байгаагаас эцэг байх эрхийг нь хасуулж, улмаар хүүхдүүдэд асран хамгаалалт тогтоолгох гэсэн байхад анхан шатны шүүх эцэг байх эрхийг хасуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг бүрэн дүүрэн тодруулаагүйгээр Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9-д заасан “... эцэг, эхийн хувьд эдлэх эрхээ алдана”, 30 дугаар зүйлийн 30.1-д заасан “... эцэг, ... байх эрхийг хасаж болно” гэсэн хуулийн өөр өөр ойлголтыг маргаанд буруу тайлбарлан “хүүхдээ бага наснаас нь  асран хүмүүжүүлээгүй “ гэсэн үндэслэлээр  хариуцагч Ж.Гын эцэг байх эрхийг  1 хүүхдийн хувьд хасахаар шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болж чадаагүй. 

 

Нэхэмжлэгчийн тайлбараас үзэхэд хариуцагч Ж.Гыг хүүхдүүдээ асран хамгаалах үүргээ биелүүлдэггүй, тэжээн тэтгэдэггүйгээс хүүхдүүд одоо өөр хүмүүсийн асрамжинд байгаа, өөрөө хорих ял биечлэн эдэлж байгаа зэрэг шалтгааны улмаас хүүхдүүдийн асрамжийн асуудлыг дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргасан гэж үзэхээр байх ба хариуцагч Ж.Гын эцэг байх эрхийг хасах тухай нэхэмжлэлийн үндэслэл тодорхойгүйн гадна энэ талаарх Гэр бүлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д заасан эцэг байх эрхээ урвуулан ашигласан, хүүхэдтэйгээ удаа дараа хэрцгий харьцсан, бэлгийн харьцаанд оруулахаар завдсан, оруулсан, сэтгэл санааны хүнд дарамтад байлгасан, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх үүргээс санаатайгаар зайлсхийсэн, согтууруулах ундаа мансууруулах бодис байнга хэрэглэдэг гэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй байна. 

 

Өөрөөр хэлбэл хариуцагчийн эцэг байх эрхийг хассанаар хүүхдийн асрамж өөрчлөгдөх үндэслэл болох, эсхүл хүүхдийн асрамжийг өөрчилж тогтоолгох хуульд заасан үндэслэл нөхцөл шалтгаан бий болсон буюу тэрхүү үндэслэл нь хариуцагч  эцгийн хувьд хүүхдүүдээ тэжээн тэтгэх, асран хамгаалах үүргээ  зохих ёсоор биелүүлээгүй гэснийг шүүх нягталж тогтоогоогүй атлаа хариуцагчийн эцэг байх эрхийг зөвхөн нэг хүүхдийн хувьд хассан нь ойлгомжгүй болжээ.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд охин Г.Б-Э 12 настай, хүү Г.Т 9 настай бөгөөд эдгээр хүүхдүүдийн хувьд ээж Б.З нь хорих газарт ял эдэлж байгаагаас хүүхдээ биечлэн тэжээн тэтгэх, асран халамжлах бололцоогүй байгаа хэдий ч эцэг Ж.Г нь хүүхдээ тэжээн тэтгэх, асран халамжлах, асрамжиндаа байлгахаас татгалзсан, энэ үүргээ санаатайгаар биелүүлээгүй гэх нөхцөл  тогтоогдоогүй ба энэхүү нөхцөл байдлыг анхан шатны шүүх хэрхэн тогтоосон нь тодорхойгүй байна. 

 

Гэр бүлийн тухай хуулийн 63, 67 дугаар зүйлд асран хамгаалах зайлшгүй шаардлагатай хүүхдийг гэр бүлдээ авч асран хүмүүжүүлэх нөхцөл шаардлагыг тодорхойлсон байх бөгөөд хэрвээ Б.Сайханбаяр, Б.Энхбаяр нар нь хүүхдүүдийг асрамжиндаа авах хүсэлтэй бол тэд ийнхүү өргөдөл нэхэмжлэл гаргаж, хуульд заасны дагуу шийдвэрлүүлэх учиртай. 

 

Гэтэл энэ талаарх нотлох баримт авагдаагүйн гадна нэгэнт шүүхийн шийдвэрээр хүүхдүүдийг эцэг Ж.Гын асрамжинд үлдээхээр шийдвэрлэсэн байгааг анхан шатны шүүх анхаараагүй,  хүүхдийн асрамж өөрчилж тогтоолгох нэхэмжлэлийн хувьд урьдчилан шийдвэрлэх журам зөрчсөн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д нийцээгүй гэж үзнэ. 

 

Түүнчлэн Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.8-д зааснаар эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан, эсхүл хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар хүүхдээсээ тусдаа амьдарч байгаа нөхцөлд хуулийн 26.2-т заасан хүүхдээ өсгөн бойжуулах, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүмүүжүүлэх, эрхийг нь хамгаалах зэрэг үүргээ хэрэгжүүлж байгаад сум, баг, хорооны Засаг дарга, хүүхдийн эрх ашиг сонирхлыг хамгаалах байгууллага хяналт тавих бөгөөд эдгээр байгууллага охин Г.Б-Э, хүү Г.Т нарын талаарх дээрх хуульд заасан үүргээ хэрхэн биелүүлсэн талаар болон ямар санал дүгнэлт гаргасан нь тодорхойгүй байх ба энэ нь зайлшгүй шаардлагатай хийгдвэл зохих ажиллагаа болно. 

Энэ талаар буюу нэхэмжлэгч Б.З нь “... 2 хүүхдийн өсөн торниж, сурч боловсорч байгаа эсэх, цаашид тус газраа үргэлжлүүлэн амьдрах боломжтой эсэхийг баталгаажуулах” зорилгоор нөхцөл байдлын үнэлгээ гаргуулахаар хүсэлт /хх-3/ гаргасныг анхан шатны шүүх хүсэлтийн агуулга зорилгыг тодруулалгүйгээр хүсэлтэд дурдсан  “нөхцөл байдлын үнэлгээ” гэсэн үг, нэр томъёогоор хязгаарлаж,  Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 32 дугаар зүйлд заасан “нөхцөл байдлын үнэлгээ” тогтоолгох тухай гэж дүгнэн хүсэлтийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон ба энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д нийцээгүй.

Мөн анхан шатны шүүх охин Г.Б-Э-ээс хүүхдийн асрамжийн талаар саналыг авахад тэрээр өөрөө бичгээр  гаргаж өгөхөөр хүсэлт гаргаж, бичгээр гаргаж /хх-27/ өгсөн байх боловч уг баримтыг шүүхэд хэзээ, хэн гаргаж өгсөн нь тодорхойгүй, хуульд заасан журмын дагуу бэхжүүлж аваагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44, 48 дугаар зүйлд нийцээгүй, мөн нэхэмжлэгч Б.З-т хэргийн материал хэрхэн танилцуулсан нь ойлгомжгүй ба даалгавар биелүүлэх тухай шүүгчийн захирамжинд энэ талаар заагаагүй, тэрээр шүүхэд өөрийн биеэр ирээгүй онлайнаар шүүх хуралдаанд оролцсон атал баримтанд /хх-49/ хэзээ ямар журмаар гарын үсэг зурсан нь тодорхойгүй, нэхэмжлэгч нь давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа охин Г.Б-Э-ийн бичсэн гэх захидалтай танилцаагүй гэснээс тус тус үзэхэд түүний энэ талаарх эрхийг хангасан гэж үзэх үндэслэлгүй. 

Дээрх нөхцөл байдлаас дүгнэж үзэхэд хүүхдүүдийн асрамжийн асуудлыг Дорноговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2009 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 597 дугаар шийдвэрээр шийдвэрлэсэн байх ба энэхүү шийдвэрт заасан эцэг Ж.Гын асрамжинд үлдээхгүй байх нөхцөл шалтгаан буюу хүүхдийн асрамж өөрчилж шийдвэрлүүлэх үндэслэлийг хуульд заасан нөхцөл журмын дагуу тодруулахгүйгээр тухайлбал хүүхдүүдийн одоогийн амьдарч байгаа орчин нөхцөл, энэ талаарх эрх бүхий байгууллагын санал дүгнэлт буюу Гэр бүлийн тухай хуульд зааснаар хүүхдийн эрх ашиг сонирхлыг хохироосон, хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д заасан үйлдлийг хийсэн эсэх зэргийг тогтоохгүйгээр Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9-д заасан “... эцэг, эхийн хувьд эдлэх эрхээ алдана”, 30 дугаар зүйлийн 30.1-д заасан “... эцэг, ... байх эрхийг хасаж болно” гэснийг дүгнэх, улмаар хүүхдийн асрамж өөрчлөх нөхцөл бий болсон эсэхийг дүгнэх үндэслэлгүй тул давж заалдах шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна. 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3, 168.1.7-д заасан үндэслэл тогтоогдсон тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн ба энэ үндэслэлээр нэхэмжлэгч Б.З-ын давж заалдсан гомдлыг хангах боломжгүй болно.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1.  Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 136/ШШ2017/00424 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, нэхэмжлэгч Б.З-ын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.З нь Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 136/Ш32017/01289 дугаартай шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны  шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.       

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.  

 

 

 

 

      ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Н.БАТЧИМЭГ

                                ШҮҮГЧИД                                 Г.ТЭГШСУУРЬ 

                                                                                  Х.БАЙГАЛМАА