Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 001/ХТ2022/00419

 

“...............” ХХК дахь Банкны эрх

хүлээн авагчийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 142/ШШ2020/00978 дугаар шийдвэр,

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 116 дугаар магадлалтай,

“...............” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй

“...............” ХХК-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 269,766,637.07 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нараа, С.Норолхоожав нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нараа, Б.Цогтгэрэл, хариуцагчийн өмгөөлөгч О.Аззаяа, нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “...............” ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нь хариуцагч “...............” ХХК-д холбогдуулан үндсэн зээлд 248,469,945.50 төгрөг, зээлийн үндсэн хүү 17,917,745.51 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүү 3,378,946.06 төгрөг, нийт 269,766,637.07 төгрөг, нотариатын зардалд 20,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч “...............” ХХК нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа “...манай компани  үндсэн зээлд 400,254,750 төгрөг, зээлийн хүү 95,836,684 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 257,674 төгрөг, нийт 496,349,108 төгрөгийг төлсөн. Үүнээс гадна 2018.05.07-ны өдөр 7 төрлийн үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн өр төлбөрт тооцон өгснөөр зээлийн төлбөр төлөгдөж дуусч, компанийн барьцаа хөрөнгүүдийг барьцаанаас чөлөөлөхөөр тохиролцож шийдвэрлэсэн учир нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

2. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 142/ШШ2020/00978 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1-д заасныг баримтлан Капитал банк дахь эрх хүлээн авагчийн “...............” ХХК-наас 269,786,637 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1, 453 дугаар зүйлийн 453.2-д заасныг баримтлан 2014 оны 8 дугаар сарын 06-ны өдөр №84 тоот Зээлийн гэрээ, №84/1 тоот Барьцааны гэрээний дагуу барьцаа хөрөнгө болох Орхон аймаг, Баян-Өндөр сумын Хүрэн булаг баг, МАХН-ын байрны ард байршилтай гэрчилгээний дугаар 000099282, Ү-2101012525 улсын бүртгэлийн дугаартай, үйлчилгээний зориулалттай 2.532 мкв талбайтай подвал бүхий 4 давхар барилга; Орхон аймаг, Баян-Өндөр сумын Говил баг, Говил багийн нутаг дэвсгэрт байрлалтай, гэрчилгээний дугаар ..............., ..............., улсын бүртгэлийн дугаартай, үйлдвэрлэлийн /үндсэн үйлдвэрийн барилга/ 16,238.6 мкв талбайтай үйлдвэрийн 3258 мкв талбайтай конторын зориулалттай үл хөдлөх хөрөнгө; Орхон аймгийн нутаг дэвсгэрт Засаг даргын 2007 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 359 тоот шийдвэрийг үндэслэн нэгж талбарын 130101298 дугаартай, гэрчилгээний дугаар 0033257, 1600 мкв /га/ газрыг 15 жилийн хугацаатай оффис, үйлчилгээний зориулалттай эзэмших эрхтэй газар; Орхон аймаг, Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 536 тоот шийдвэрийг үндэслэн, нэгж талбарын 18436436223534 дугаартай, гэрчилгээний дугаар 0291804, 15319 мкв /га/ газрыг 15 жилийн хугацаатай Говил баг, Хуучин эсгий гутлын үйлдвэрт байршилтай, үйлдвэрлэлийн зориулалттай эзэмших эрхтэй газар; Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил баг Говил багийн нутаг дэвсгэрт байршилтай, 3456 мкв талбайтай, гэрчилгээний дугаар 000153540, улсын бүртгэлийн дугаар Ү-..............., үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө; Орхон аймаг, Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 536 тоот шийдвэрийг үндэслэн, нэгж талбарын ...............дугаартай, гэрчилгээний дугаар 0291803, 10745 мкв /га/ газрыг 15 жилийн хугацаатай Говил баг, Хуучин эсгий гутлын үйлдвэрт байршилтай, үйлдвэрлэлийн зориулалттай эзэмших эрхтэй газар; Орхон аймаг, Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 536 тоот шийдвэрийг үндэслэн, нэгж талбарын 18436436203684 дугаартай, гэрчилгээний дугаар 0360330, 6852 мкв /га/ газрыг 15 жилийн хугацаатай Говил баг, Хуучин эсгий гутлын үйлдвэрт байршилтай, үйлдвэрлэлийн зориулалттай эзэмших эрхтэй газрыг тус тус барьцаанаас чөлөөлж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

3. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 116 дугаар магадлалаар Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 142/ШШ2020/00978 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, “...............” ХХК дахь банкны эрх хүлээн авагч Т.Дэлгэрхүүгийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Нэхэмжлэгч “...............” ХХК-ийн эрх хүлээн авагч Т.Дэлгэрхүү давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нараа, С.Норолхоожав нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хэрэглэвэл зохих хуулийн зүйл заалтыг хэрэглээгүй гэх үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дараах гомдлыг гаргаж байна.

4.1. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалаар “...............” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон үндэслэлүүд нь: Зээлийн №84 дүгээр гэрээний 8 дугаар зүйлийн 8.3.1, 8.3.2, 8.3.3-д заасны дагуу зээлийн гэрээг 2015.08.07-ны өдрөөр тооцоход хариуцагч нь үндсэн зээлд 2,399,745,250 төгрөг, үндсэн хүүд 11,292,865 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 2,258,573 төгрөг, нийт 2,413,296,688 төгрөгийн төлбөртэй байсан гэж дүгнэсэн. Гэрээг цуцлах үндэслэлийг хуулиар шууд зохицуулсан байх тул Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан зарчим, 204, 221, 225, 227 дугаар зүйлд нарийвчлан тусгаж, гэрээг цуцлах талаар талууд гэрээгээр тохиролцож болох боловч энэ тохиролцоо нь хуулийн зохицуулалтад нийцсэн байх ёстой байдаг. Зээлийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.3-д заасан нөхцөл бүрдсэн тохиолдолд “Банк гэрээг өөрийн санаачлагаар дуусгавар болгож, үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү болон бусад төлбөр хураамж, хохирлыг шаардана” гэж заасан бөгөөд “...............” ХХК-ийн хувьд 2015.08.07-ны өдрөөр банк гэрээг өөрийн санаачлагаар дуусгавар болгох нөхцөл бүрдээгүй. Учир нь: “...............” ХХК нь 2015.08.07-ны өдрийн байдлаар зээлийн №84 дүгээр гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу нийт төлөгдвөл зохих үндсэн зээл 600,000,000 төгрөг, зээлийн хүү 100,751,100 төгрөг, бүгд 700,751,100 төгрөг байхаас үндсэн зээлд 400,254,749.31 төгрөг, зээлийн хүүд 72,235,719.59 төгрөг, 2015.09.25-ны өдөр 24,113,386.72 төгрөг /үндсэн зээлээс 254,749.31 төгрөг, зээлийн хүүнээс 23,549,068.49 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 208,568.92 төгрөг/ бүгд 496,349,106.28 төгрөг төлсөн. “...............” ХХК-ийн бизнесийн үйл ажиллагаа нь хэвийн явагдаж, зээл төлөх эх үүсгэврийн орлоготой, барьцаа хөрөнгийн чанар байдал сайн бөгөөд зээлийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.3.1, 8.3.2, 8.3.3-д заасан үндэслэлийн 70 хувийг гүйцэтгэсэн, бусад 8.3-д заасан заалтуудаас зөрчигдөөгүй байх бөгөөд энэхүү нөхцөл байдал, зөрчил нь ялимгүй зөрчил байсан тул зээлийн гэрээний хугацаа дуусах болоогүй байхад банк гэрээг өөрийн санаачлагаар 2015.08.07-ны өдрөөр дуусгавар болгож, мэдэгдэл хүргүүлэх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. 2 шатны шүүх зээлийн эргэн төлөлтийн хуваарийн төлөлтийг тооцоолол, гэрээний хугацаа дуусаагүй зэргийг харгалзан үзээгүй, гаргаж өгсөн нотлох баримтыг үнэлээгүй дүгнэж шийдвэрлэсэн. Зээлийн гэрээний ерөнхий хугацаа 2016.12.28-ны өдөр дуусгавар болгохоор байгуулагдсан. Зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 4.2.14, 6 дугаар зүйлийн 6.1-д заасан зээлдэгчийн хариуцлага, үүргийг тусгаж, гэрээгээр зохицуулсан байхад хариуцагч тал зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа хариуцлага, үүргийн талаар 2 шатны шүүх дүгнэж үзээгүй шийдвэрлэсэн. Капитал банк нь 2017 оны 03 дугаар сард зээлийн гэрээний үүргийн асуудлаар “...............” ХХК-д холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүхэд гаргаж, тус шүүхийн 2017.03.30-ны өдрийн 142/ШЗ2017/01713 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагчийн оршин байгаа хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

4.2. “...............” ХХК нь 2018.05.07-ны өдөд Капитал банктай №К-01/90 тоот “Зээлийн өр төлбөрт үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй салгаж үл болох газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-г байгуулж, нэр бүхий 7 ширхэг үл хөдлөх хөрөнгийг нийт 2,449,445,000 төгрөгөөр тооцон зээлийн өр төлбөрт шилжүүлэн өгөх гэрээ байгуулсан бөгөөд 2018.06.05-ны өдрийн байдлаар зээл, зээлийн хүү, нийт 2,697,914,945.50 төгрөгийн үлдэгдэлтэй байснаас гэрээний дагуу 2,449,445,000 төгрөгийн гүйлгээ хийж 248,469,945.50 төгрөгийн зээлийн үлдэгдэл үлдсэн. Хариуцагч тал Капитал банкны удирдлагатай дээрх гэрээний дагуу харилцан тохиролцсоны үндсэн дээр үлдсэн зээл, зээлийн хүүний төлбөрт хөрөнгүүдийг тооцон өгч, зээлийн гэрээ дуусгавар болсон гэсэн тайлбарыг хийдэг боловч нотлох баримт байхгүй, гаргасан тайлбараа нотолж чаддаггүй.

4.3. “...............” ХХК нь зээлийн үлдэгдэлтэй болох нь “Зээлийн өр төлбөрт үл хөдлөх эд хөрөнгө эрх, түүнтэй салгаж үл болох газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-ний 1.4 дүгээр зүйлд “...үлдсэн төлбөрийг талууд харилцан тохиролцож, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг шинэчлэн байгуулж үүрэг гүйцэтгэгчээр төлүүлнэ.” Мөн гэрээний 4.1 дүгээр зүйлд зааснаар “...гэрээний 1.4-д заасан төлбөрийг зээлийн төлбөрийн үлдэгдлээс хасах” гэж тохиролцсон мөн хариуцагч тал өөрийн зээлийн дансны хуулгыг банкны аль ч салбараас авах бүрэн эрхтэй учраас зээлийн үлдэгдэл, хүүний хуримтлалыг мэдэх бүрэн боломжтой. “...............” ХХК нь Капитал банк болон “...............” ХХК дахь Банкны эрх хүлээн авагч томилогдсоноос хойш /удирдлагуудтай удаа дараа уулзах, утсаар холбогдож байхад/ зээлийн гэрээний үлдэгдлийн асуудал, барьцаа хөрөнгө чөлөөлүүлэх хүсэлт гаргаж байгаагүй, зээлийн 2000026888 дугаар дансны хуулгаар “...............” ХХК нь 248,469,945.50 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

4.4. “...............” ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нь “...............” ХХК-д холбогдуулан гэрээний болон барьцааны гэрээний үүргийн талаар нэхэмжлэлийн тооцооллыг Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалт, Банк, эрх бүхий хуулийн этгээд мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дугаар зүйлд “Зээлийг авсан хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө” гэж заасныг үндэслэн Монголбанкнаас батлагдсан “Банкны хүү бодох аргачлал, хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцоолон бодож, зээлийн эргэн төлөлтийн тооцооллыг хүснэгтийг нотлох баримтаар гарган өгч, тайлбарлан мэтгэлцсэн. Зээлийн 2000026888 дугаар дансны хуулгаар “...............” ХХК нь 248,469,945.50 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэйгээр “...............” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн дансанд шилжин ирсэн нь нотлогдож байна. Учир нь зээлийн данс нь зээлдэгчтэй зээлийн гэрээ байгуулагдсанаар үүсэх бөгөөд тэрхүү данс нь зээлийн төлбөр, үлдэгдлийг илэрхийлж байдаг, дахин давтагдашгүй данс юм.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хуулийн дагуу хангаж, шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                     ХЯНАВАЛ:

5. Нэхэмжлэгчийн гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзлээ.

6. Нэхэмжлэгч “...............” ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нь хариуцагч “...............” ХХК-д холбогдуулан 2014.08.06-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 248,469,945.50 төгрөг, зээлийн үндсэн болон хэтэрсэн хугацааны хүү 17,917,745.51 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,378,946.06 төгрөг, нотариатын зардалд 20,000 төгрөг, нийт 269,766,637.07 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч “...............” ХХК нэхэмжлэлийг эс зөвшөөрч, “2018.05.07-ны өдөр талууд №К-01/90 тоот үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй салгаж үл болох газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулж, 7 үл хөдлөх эд хөрөнгийг төлбөртөө шилжүүлж өгсөн, зээлийн өргүй” гэжээ.

7. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хянаж хэвээр үлдээсэн, шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

8. Хоёр шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо, зээлийн гэрээний 8.3.1, 8.3.2, 8.3.3-д заасны дагуу зээл төлөгдөөгүй үүрэг зөрчигдсөнөөс хойш 60 хоног өнгөрсөн бол нэхэмжлэгч гэрээг цуцлах эрхтэй, иймээс уг зохицуулалтын дагуу 2015.08.07-ны өдрөөр зээлийн гэрээ цуцлагдсан гэж үзэх тул энэ хугацаа хүртэл хариуцагч үндсэн зээлд 2,399,745,250 төгрөг, үндсэн хүү 11,292,865 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,258,573 төгрөг, нийт 2,413,296,688 төгрөгийн төлбөр төлөх үүрэгтэй, банкинд эд хөрөнгө шилжүүлснээр төлбөр төлөгдсөн” гэж дүгнэжээ.

9. Хэргийн баримтаас үзэхэд хариуцагч нэхэмжлэгчээс 2014.08.06-ны өдөр 2,800,000,000 төгрөгийг, жилийн 3.8 хувийн хүүтэй, 29 сарын хугацаатай зээлж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэн баг болон Говил багт байрлалтай 3 үл хөдлөх эд хөрөнгө болон 4 газар эзэмших эрхийг барьцаалсан, 2015.06.08-ны өдөр хүртэл үндсэн зээлд 400,254,749.31 төгрөг, зээлийн хүүд 96,094,356.97 төгрөг, нийт 496,349,106.28 төгрөг төлсөн, гэрээний хугацаа 2017.01.06-ны өдөр дуусгавар болсон үйл баримтын талаар талууд маргаагүй байна.

10. Хоёр шатны шүүх зохигчийн хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээний төрөл, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т заасантай нийцсэн дүгнэлт хийжээ.

11. Гэрээний хугацаа дууссанаас хойш буюу 2017 оны 03 сард нэхэмжлэгч зээлийн үүрэг шаардаж шүүхэд хандсан боловч хариуцагч “...............” ХХК-ийн хаяг тодорхойгүй байснаас шүүх холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон, хожим нь 2018.06.05-ны өдөр талууд харилцан тохиролцож, Дархан-Уул аймагт байрлалтай 7 үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх болон эзэмших эрхийг 2,449,445,000 төгрөгт тооцож шилжүүлсэн байна.

12. Дээрх төлбөр төлөгдсөнөөс гадна зээлийн төлбөрт нийт 248,469,945 төгрөгийн үлдэгдэлтэй байсан тооцооллыг нэхэмжлэгч үндэслэж, уг мөнгө нь үндсэн зээлийн төлбөр тул шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл буюу 2020.03.03-ны өдрийн байдлаар хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү бодож нийт 269,766,637.07 төгрөг гаргуулна гэжээ.

13. Гэрээ байгуулах, үргэлжлүүлэх, цуцлах эрхийг гэрээний талууд өөрсдөө тодорхойлох атал анхан шатны шүүх гэрээний 8.3.1, 8.3.2, 8.3.3 дахь заалтыг баримталж, сар бүр хүү, үндсэн зээлээс хэсэгчлэн төлөх үүргээ хариуцагч зөрчсөнөөс хойш 60 хоног өнгөрсөн байхад нэхэмжлэгч гэрээг цуцлаагүй нь буруу гэх агуулгатай дүгнэлт өгч, хариуцагчийн гүйцэтгэвэл зохих үүргийг 2015.08.07-ны өдрөөр хязгаарлан үндсэн зээл, үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүд нийт 2,413,296,688 төгрөг төлөхөөр байна, төлбөртөө 2,449,445,000 төгрөгийн үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлснээр зээлийн үүргээ биелүүлсэн гэж үзсэн нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д “гэрээний үүргээ зөрчсөн, нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй”, 451 дүгээр зүйлийн 451.1-д “...зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ”, 453 дугаар зүйлийн 453.1-д “...авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэснийг тус тус зөрчжээ.

14. Зээлийн төлбөрт хөрөнгө шилжүүлэх гэрээ байгуулагдсан 2018.06.05-ны өдрийн байдлаар хариуцагч нь үндсэн зээлд 2,399,745,250.50 төгрөг, зээлийн хүүд 257,800,461.49 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 40,369,233.32 төгрөг, нийт 2,697,914,944 төгрөг төлөх үүрэгтэй байсан нь тогтоогдсон бөгөөд зээлийн төлбөрт хөрөнгө шилжүүлсэн гэрээний 1.2, 1.4-т үлдсэн төлбөрийг талууд харилцан тохиролцож зээлийн эргэн төлөлтийн хуваарийг шинэчлэн байгуулж үүрэг гүйцэтгэгчээр төлүүлнэ гэж заасныг хоёр шатны шүүх анхаараагүй байна.

15. Харин банк 2,449,445,000 төгрөгийн эд хөрөнгийг төлбөртөө тооцон авахдаа Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т заасан дарааллын дагуу буюу хугацаа болсон хүнд нөхцөлтэй үүргийг тухайлбал, үндсэн зээлийн үлдэх хэсгийг бүхэлд нь суутгалгүй, (сар бүр хүүгээс гадна үндсэн төлбөрийн зохих хэсгийг төлөхөөр тохиролцсон байсан) хүү, нэмэгдүүлсэн хүүгийн нийт төлбөр 298,169,694 төгрөгийг хасч, үлдэх 2,151,275,305.19 төгрөгийг үндсэн зээлээс суутгаж, үндсэн зээлийн үлдэгдлийг 248,469,945 төгрөг гэж үүнээс дахин хүү, нэмэгдүүлсэн хүү тооцсон нь учир дутагдалтай болсон.

16. Төлбөрт шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн үнээс эхлээд үндсэн зээл 399,745,250.50 төгрөг тооцоход 49,699,750 төгрөг үлдэж, үүнийг хүү, нэмэгдүүлсэн хүүгийн нийт 298,169,948 төгрөгийн төлбөрөөс хасахад үлдэх хэсэг нь 248,469,944 төгрөг болж байна. Иймд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийн үлдэгдэл болох дээрх мөнгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасантай нийцнэ. Тодруулбал, үндсэн зээл төлөгдсөн тул зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү дахин тооцох учиргүй.

17. Барьцааны зүйлээс Ч.Батжаргалын өмчлөлд бүртгэлтэй Орхон аймаг, Баян-Өндөр сум, Говил багийн нутагт байрлах үйлдвэрлэлийн зориулалттай 3456 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө болон мөн хаягт байрлалтай эзэмшлийн газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсан, хариуцагч үүргээ сайн дураар гүйцэтгээгүй бол эдгээр хөрөнгийг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэх нь Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-д заасантай нийцнэ.

18. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэр, магадлалд зохих өөрчлөлт оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 116 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 142/ШШ2020/00978 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч “...............” ХХК-аас зээлийн гэрээний үүрэгт 248,469,944 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “...............” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 21,296,691.57 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтыг “Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч “...............” ХХК үүргээ сайн дураар биелүүлээгүй бол барьцааны зүйл болох Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн нутаг дэвсгэрт байршилтай, гэрчилгээний дугаар 000153540, улсын бүртгэлийн Ү-............... дугаарт бүртгэгдсэн 3456 м.кв талбайтай, үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Орхон аймаг, Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт байрлалтай, гэрчилгээний дугаар 0360330, нэгж талбарын 18436436203684 дугаарт бүртгэгдсэн 6852 м.кв эзэмшлийн газрыг албадан дуудлага худалдаагаар худалдан үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.” гэж тус тус өөрчлөн, тогтоох хэсгийн 3 дахь заалтад “улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурдаж” гэсний дараа “хариуцагчаас 1,400,300 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай” гэж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар “...............” ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.СОЁМБО-ЭРДЭНЭ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                       П.ЗОЛЗАЯА

                                                                        Б.МӨНХТУЯА

                                                                        Х.ЭРДЭНЭСУВД