Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 202/МА2018/00014

 

 

   2018            05              09                                             202/МА2018/00014

 

 

М.А-гийн нэхэмжлэлтэй

   иргэний хэргийн тухай  

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Г.Тэгшсуурь, шүүгч Х.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

  Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 136/ШШ2018/00136 дугаар шийдвэртэй, 

Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Сайншанд сумын .. дугаар баг, Мааньзавын гудамж ..... тоотод оршин суух, 1968 онд төрсөн, 50 настай, эмэгтэй, Алтанханд овогт М-н А /РД:ЕЮ68022001/-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар төмөр замын Замын 4 дүгээр ангид холбогдох, 

2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 525 дугаар тушаалыг хүчингүй болглуулах, агуулах, мөнгөний няравын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан үеийн нөхөн олговор болох 4193952 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 

Байгууллагад учруулсан эд хөрөнгийн хохирлын үлдэгдэл төлбөр 371872 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг, 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхжаргал, Б.Болор-Эрдэнэ нарын давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхжаргал, Б.Болор-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярмаа  нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Төмөр замын 4-р ангид Агуулах-мөнгөний няравын ажилд 2012 оны 05 дугаар сарын 08-ны өдөр орж ажилласан. Гэтэл 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 524 дүгээр тушаалаар ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээ цуцалж, ажлаас халагдлаа. Энэ хугацаанд ямар нэгэн зөрчил, дуагдал гаргаж байгаагүй болно. Уг тушаалд дурьдсан материалын үнийг дур мэдэн нэмсэн, ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр ажлаас халсан нь хууль бус гэж үзэж байна. Учир нь 2017 оны 09 дүгээр сарын 28-нд байгууллагын захиалгын хуудсаар 00 өрөөнд хогийн савыг 28000 төгрөгөөр худалдаж авсан. Ингэж худалдаж авахад манай байгууллагын үйлчлэгч ажилтай Баттуяа хамт явж өөрөө хэмжээ байдал, өнгө загварыг нь сонгож авсан. Удирдлагын заалт, зөвшөөрөлгүй бараа материал авсан зүйл байхгүй болно. Мөн худалдан авсан бараа материалын үнийн талаар би санал хэлэх нэмэх боломж байхгүй, худалдаж байгаа худалдагчийн бичсэн үнээр материалаа бүрдүүлж нягтлан бодогчид өгдөг. Дур мэдэн үнэ нэмэх ямар ч боломж байхгүй. Мөн бичээчийн өрөөнд 1,3 метр дрож, 1,3 метр хулдаас зэргийг нийт 115000 төгрөгөөр худалдаж авсан. Үүнийг авахад бичээч Одонтуяа хамт явсан. Эдгээр зүйлүүдийг би албан байгууллагадаа авсан ба хувьдаа авсан зүйл байхгүй тул зөрчил гаргасан гэж үзэхгүй байна. Ийм учраас 2017 оны 525 дугаар тушаалыг хууль бус гэж үзэж, хүчингүйд тооцуулах, няравын ажилд эгүүлэн тогтоолгох, ажиллаж байсан үеийн цалин нөхөх олговор / 1 сарын үндсэн цалин 650000 төгрөг/ гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэж өгнө үү гэжээ. 

Хариуцагчийн төлөөлөгч Д.Мөнхжаргал, Б.Болор-Эрдэнэ нар шүүхэд гаргасан тайлбартаа:  Иргэн М.А нь УБТЗ нийгэмлэгийн Замын 4-р ангид 2012.05.08-ны өдрийн 211 тоот тушаалаар Агуулах-мөнгөний няравын ажилд томилогдон, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан. Тэрээр ажиллаж байх хугацаандаа Замын 4-р ангийн даргын 2017.01.17-ны өдрийн 28 тоот тушаалаар ажлын хариуцлага болон ажлын байрны тодорхойлолтод заагдсан үүрэг биелүүлээгүй гэх үндэслэлээр үндсэн цалинг 1 сарын хугацаатайгаар 20 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан ба хариуцлагатай ажиллах тухай тодорхойлолтоо өөрийн гараар бичиж өгсөн байдаг. 2017.06.07-ны өдөр Замын 4-р ангийн даргаар удирдуулсан “Засварын газрын механикийг тайлангийн үлдэгдэл дээрх компрессорын талаар “хэлэлцсэн хуралд нярав М.А өөрөө оролцсон ба Замын 4-р ангийн даргын 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 235 тоот тушаалаар үндсэн цалинг 1 сар 20 хувиар бууруулан олгох сахилгын шийтгэл ногдуулсан. Улмаар 2017.11.29-ний өдрийн Замын 4-р ангийн хурлаар аж ахуйн нярав Ш.Баярмаа, агуулах-мөнгөний нярав М.А нартай холбоотой асуудлыг авч хэлэлцээд санхүүгийн сахилга бат алдсан /худалдан авалт хийхдээ үнэ нэмж бичүүлсэн, санхүүгийн анхан шатны баримтуудыг хуурамчаар бүрдүүлсэн/ агуулах-мөнгөний нярав М.Атай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах шийдвэр гарсаны дагуу 2017.11.30-ны өдрийн Замын 4-р ангийн даргын 525 дугаар тушаалаар худалдан авсан материалын үнийг нэмсэн, ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ биелүүлээгүй, сахилгын зөрчил давтан гаргасан буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар: Ажилтны сахилгын зөрчил давтан гаргасан, ...40.1.5-д зааснаар: Мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон гэх үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. Тэрээр Хөдөлмөрийн гэрээний 4.8  болон эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээгээр хүлээсэн үүрэг, ажлын байрны тодорхойлолтын 3,4,5,6,11,35-д заасан үүрэг, хөдөлмөрийн дотоод журмын 9.3.12, болон 10.2.8, нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 болон 13.7-д заасан зөрчлүүдийг гаргасан тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Нэхэмжлэгч М.А нь хариуцагчаа зөв тодорхойлоогүй байна. М.Аг ажилд авах, ажлаас халах шийдвэрийг Замын 4-р ангийн дарга А.Оргодол гаргасан боловч Замын 4-р анги нь Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ-ын салбар нэгж бөгөөд УБТЗ ХНН-ийн дүрмийн дагуу үйл ажиллагаагаа явуулдаг. Мөн Замын 4-р анги нь бие даасан хуулийн этгээд биш гэдгийг нотолсон Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагааг нотлох баримтаар гаргаж өгсөн. Иргэний хуулийн 26.1-т “Хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар улсын бүртгэлд бүртүүлснээр үүсч, хуульд заасан журмын дагуу татан буугдаж, улсын бүртгэлээс хасагдсанаар дуусгавар болно” гэж заасан байна. Иргэний хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Хуулийн этгээдийн ерөнхий захиргаа байршин байгаа газрыг түүний оршин байгаа газар гэнэ” гэж заасан байдаг ба ИХШХШТХуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т “Хариуцагч нь хуулийн этгээд байвал нэхэмжлэлийг түүний ажил хэргээ байнга явуулдаг, эсхүл удирдах байгууллага нь байгаа газрын шүүхэд гаргана” гэж заасан байдаг. УБТЗ нийгэмлэгийн захиргаа нь Улаанбаатар хотын Баянгол дүүрэгт байрладаг. Иймээс хэргийн харъяалал зөрчсөн гэж үзэж байна. Иймд М.Агийн Замын 4-р ангид холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

Хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн “УБТЗ” нийгэмлэг шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: М.А нь УБТЗ-нийгэмлэгийн Замын 4-р ангид 2012 оны 05 сарын 08-ны өдрийн 211 тоот тушаалаар агуулах мөнгөний няравын ажилд томилогдсон. Ажил олгогч нь М.Атай хөдөлмөрийн гэрээ болон эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулсан. Тэрээр ажиллаж байх хугацаандаа ажлын алдаа дутагдал байнга гаргаж байсан. Үүнд: 2017.01.17-ны өдрийн Замын 4-р ангийн даргын 28 тоот тушаалаар үндсэн цалинг 1 сарын хугацаатайгаар 20 хувиар бууруулах мөн 2017.06.13-ны өдрийн Замын 4-р ангийн даргын 235 тоот тушаалаар цалинг 1 сарын хугацаатайгаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэлийг тус тус хүлээсэн. Улмаар 2017.11.30-ны өдрийн Замын 4-р ангийн даргын 525 тоот тушаалаар М.Атай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан. М.Агийн ажлын хэрэгцээнд 1210000 төгрөгийн бараа, сэлбэг, материалын дутагдал гарсан ба дээрх дутагдлыг түүний цалингаас /12, 01, 02 сард/ суутган тооцсоноор үлдэгдэл 371872 төгрөг бослон. Иймд Хөдөлмөрийн гэрээний 4.7, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний 3.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1-т заасан үндэслэлээр байгууллагад учирсан хохирол болох 371872 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч М.А сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Ажил хүлээлцэх үед 1210000 төгрөгийн материал дутагдаж 12 сарын цалингаар төлөөд үлдсэн 371872 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ. 

Анхан шатны шүүх:  Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.Аг Улаанбаатар төмөр замын Замын 4 дүгээр ангийн агуулах, мөнгөний няравын ажилд эгүүлэн тогтоож, 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 525 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар буруу халсан үеийн олговорт 4,193,952 төгрөгийг хариуцагч Улаанбаатар төмөр замын Замын 4 дүгээр ангиас гаргуулан нэхэмжлэгч М.Ад олгож, 

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч М.Агийн нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг Улаанбаатар төмөр замын Замын 4 дүгээр ангид даалгаж, 

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3-т зааснаар М.Агаас 371,872 төгрөгийг гаргуулж Улаанбаатар төмөр замын Замын 4 дүгээр ангид олгож, 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухайн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар хариуцагч Улаанбаатар төмөр замын Замын 4 дүгээр ангиас 152,253 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн хүрээнд улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 11800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч М.Агаас улсын тэмдэгтийн хураамжид 11,800 төгрөгийг гаргуулан Улаанбаатар төмөр замын Замын 4 дүгээр ангид олгож, 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдаж, 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, түүний өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхжаргал, Б.Болор-Эрдэнэ нар давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн шаардлагатай нийцэхгүй бөгөөд хэргийн үйл баримт, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэлтэй дүгнэлт хийсэнгүй. Үүнд: Ажилтанд 2017.01.17-ны өдрийн 28 дугаар, 2017.06.13-ны өдрийн 235 дугаар тушаалуудаар сахилгын арга хэмжээ авагдсан ба энэ талаар ажилтан шүүхэд гомдол гаргаагүй буюу сахилгын шийтгэл ногдуулсныг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч, энэ зөрчлүүдийн үндэслэлийн талаар хэн аль нь маргаагүй болно. Анхан шатны шүүх гэрч Л.Жаалмаам, Төмөр замын Цагдаагийн газрын Нийтийн хэв журмын тасгийн 2017.12.11-ний ЗМ 1711 дугаар тогтоол зэргийг үндэслэн А нь худалдаа эрхлэгч иргэдээс худалдан авсан материалын нэгжийн үнийг нэмсэн гэх үйлдэлд буруугүй нь тогтоогдож байна гэж дүгнэсэн байх бөгөөд энэ нь М.Агийн хөрөнгө завшсан үйлдэл нь зөрчлийн шинжгүй байна гэж хүлээн авахаас татгалзсан болохоос гэм буруугүй гэсэн дүгнэлт биш юм. 

Байгууллагын хэрэгцээнд шаардлагатай бараа, материал, сэлбэг худалдан авалтын журмын 2.1-т байгууллагын хэсэг, цехийн мастер, эд хариуцагч нар агуулахад байхгүй, зам засварын ажилд шаардлагатай материал сэлбэгийг маягтын дагуу захиалгын хуудас бичиж, холбогдох албан тушаалтнуудаар гарын үсэг зуруулан баталгаажуулж, аж ахуйн няравт хүлээлгэн өгнө гэж заасан байх ба М.А нь захиалгын хуудсанд бичигдээгүй өнгөгүй хулдаасыг худалдан авч, үнийг дрожны үнэнд шингээж бичүүлсэн үйлдэл нь гэрч Б.Одонтуяагийн мэдүүлэг, шаардлагатай материал, захиалгын хуудас, нэхэмжлэх, зарлагын баримт, зохигчийн тайлбар зэргээр тогтоогдож байна гэж зөрчил гарсан тухай дүгнэлтийг гаргасан байдаг. Харин ажилтны захиалгын хуудсанд бичигдээгүй бараа материал худалдан авсан үйлдлийг сахилгын шийтгэлд тооцох талаар хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журамд тухайлан зааж өгөөгүй байх тул М.Агийн дээрх үйлдлийг сахилгын зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй юм гэж дүгнэсэн. УБТЗ-ын Замын 4-р ангийн даргын 2017.11.30-ны өдрийн 525 дугаар тушаалын үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 буюу сахилгын ноцтой зөрчил гаргасан тухай биш харин сахилгын давтан зөрчил гаргасан гэх үндэслэл юм. Улсын дээд шүүхийн Хөдөлмөрийн хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 2006.07.03-ны өдрийн 66 дугаар тогтоолд “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэдэгт хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байх, давтан гаргасан зөрчлүүдийн хоорондох хугацаа өмнөх зөрчилдөө сахилгын шийтгэл хүлээсэн бол 1 жилээс, хүлээгээгүй бол 6 сараас хэтрээгүй байна гэсэн байх ба М.Ад 2017.01.17-ны өдрийн 28 угаар тушаал, 2017.06.13-ны өдрийн 235 дугаар тушаалуудаар сахилгын арга хэмжээ авч байсан тухай баримт хавтаст хэргийн 65, 68 дугаар хуудсанд байгаа сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа дуусаагүй байхад байгууллагын удирдлагын тушаал шийдвэргүйгээр дур мэдэн материал авч ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ биелүүлээгүй гэх зөрчлийг гаргасан байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан сахилгын зөрчил давтан гаргасан гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг 2017.11.30-ны өдөр цуцалсан.  Түүнчлэн Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан “ноцтой зөрчил” гэдгийг тодорхойлсон байх бөгөөд улмаар уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байхыг шаарддаг. Гэтэл М.Агийн зөрчил нь тогтоогдсон талаар шүүх дүгнэсэн атлаа ноцтой зөрчил хэмээн үзэх нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журамд тухайлан заасан байх шаардлага тавьж шийдвэр гаргасан нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэнгүй. 

Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинг Хөдөлмөр нийгэм хангамжийн сайдын 55 дугаар тушаалаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын дагуу нэхэмжлэгч тал тодорхойлсон атлаа ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсийг тооцохдоо гарт олгогдсон нийт цалингаас тооцсон байх ба хоол, унаа, түлээ нүүрсний хөнгөлөлтийг хасч тооцоогүй байна. Хавтаст хэргийн 94-р хуудсанд байгаа М.Агийн цалингийн картнаас тооцоолбол 2017 оны 09 сард нийт 1007979 төгрөгнөөс хоол унааны хөнгөлөлт 83500 төгрөгийг хасч тооцвол нийт 924479 төгрөг, 10 сард нийт 1234962 төгрөгнөөс хоол, унааны хөнгөлөлт 87000 төгрөгийг хасч тооцвол 1147962 төгрөг, 11 сард нийт 1349962 төгрөгнөөс хоол, унаа, түлээ нүүрснийн хөнгөлөлтийн зардал 202000 төгрөгийг хасч тооцвол 1147962 төгрөг байна. Ажилтны нэг өдрийн дундаж цалин нь 49545 төгрөг болж байна. Ажилгүй байсан хугацааг тооцохдоо нэхэмжлэгчийн ажил хүлээлгэн өгсөн хугацаа буюу 2017.12.08-ны өдөр хүртэл цалин хөлс олгосон байсныг ... Хөдөлмөрийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-т Ажил хүлээлцэх хугацааны олговрыг ажилтны ажиллаж байсан аж ахуйн нэгж байгууллага олгоно гэж заасан ба 2018.11.30-ны өдрөөс 2018.12.08-ны өдрийн хугацаанд олгогдсон мөнгийг ажил хүлээлцэх үеийн олговор гэж үзэж ажилгүй байсан хугацааны олговрыг 2018.11.30-ны өдрөөс тооцсон болно гэжээ.  Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т Ажилтан ажил хүлээлгэн өгсөн сүүлчийн өдрийг ажлаас халагдсан өдөр гэж үзнэ гэж заасан байдаг тул ажилгүй байсан хугацааны олговрыг тооцоолохдоо уг хугацааг оруулж тооцсон нь хууль хэрэглээний илэрхий алдаа бөгөөд ирээдүйн цаг хугацаагаар буюу 2018 оны 11, 12 дугаар сараар тооцсон нь буруу байна. Нөгөөтэйгүүр ажилгүй байсан хугацааг буруу тооцоолж, 2017.12 сард 21 хоног, 2018.01 сард 22 хоног, 2 сард 20 хоног, 3 сард 21 хоног, 4 сард 1 хоног буюу нийт 85 хоногоор тооцсон байна. Гэтэл календарын тооцооллоор тооцон үзвэл 2017 оны 12 сарын 8-ны өдөр ажил хүлээлцсэнээр 6 өдрийг хасч тооцон нийт ажлын 14 хоног, 2018 оны 01 сард ажлын 22 хоног, 2 сард ажлын 19  хоног, 3 сард ажлын 21 хоног, 4 сард 1 хоног буюу нийт ажлын 77 хоног байна. Улмаар ажилгүй байсан хугацааны 77 хоногийг 1 өдрийн дундаж цалин 49545 төгрөгт үржүүлэн тооцвол 3814965 төгрөг болж байна. Гэтэл шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговрыг 4193952 төгрөг гэж нэхэмжлэгчийн буруу тооцсон тооцоолуур дээр үндэслэн гаргасан нь үндэслэлгүй байна. Мөн ....4193952 төгрөгийг Улаанбаатар төмөр замын Замын 4-р ангиас гаргуулж М.Ад олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг тус сургуульд даалгах нь зүйтэй гэж үзлээ... хэмээн хэнд, ямар сургуульд даалгасан нь ойлгомжгүй байна. 

УБТЗ-ын Замын 4-р анги нь бие даасан хуулийн этгээд биш бөгөөд Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын салбар нэгж юм. Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д “хуулийн этгээд удирдах дээд байгууллагаараа дамжуулан иргэний эрх зүйн харилцаанд оролцоно”, 26.5-д “Хуулийн этгээдийн удирдах байгууллагын эрх зүйн байдлыг хууль буюу үүсгэн байгуулах баримт бичгээр тодорхойлно” гэж тус тус заасан байдаг. Монгол-Зөвлөлтийн хувь нийлүүлсэн УБТЗ нийгэмлэгийн дүрмийн 22-т “шүүхэд хэрэг нэхэмжлэл ба хариуцагчаар оролцох эрхийн зөвхөн Замын дарга эдэлнэ” гэж заасан. Иргэний хуулийн дээрх заалтууд болон нийгэмлэгийн дүрэм, үүсгэн байгуулах баримт бичигт заасны дагуу Замын 4-р анги нь хуулийн этгээдийн эрхгүй бөгөөд шүүхэд нэхэмжлэгч, хариуцагч болох эрх зүйн чадамжгүй юм. Иргэний хуулийн 29 дүгээр зүйлийн 29.6-д “хуулийн этгээдийн салбар төлөөлөгчийн газар хуулийн этгээдийн эрхгүй байна” гэжээ. Иймд ИХШХШТХуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т “Хариуцагч нь хуулийн этгээд байвал нэхэмжлэлийг түүний ажил хэргээ байнга явуулдаг, эсхүл удирдах байгууллага нь байгаа газрын шүүхэд гаргана” гэж заасан байдаг тул Замын 4-р анги нь хариуцагч болох хууль зүйн үндэслэлгүй бөгөөд шүүхийн харъяаллыг зөрчиж хэргийг хянан шийдвэрлэсэн тул анхан шатны шүүхийн 136/ШШ2018/00136 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч М.А нь Улаанбаатар Төмөр замын Замын 4 дүгээр ангид холбогдуулан ажлаас буруу халсан тухай гомдол гаргаж, 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 525 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, агуулах, мөнгөний няравын ажилд эргүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны олговорт 4193952 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч нэхэмжлэгч М.Аг сахилгын зөрчил давтан гаргасан, мөн мөнгө эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл гаргасан гэж маргажээ. 

Хариуцагч Улаанбаатар Төмөр замын Замын 4 дүгээр анги нь нэхэмжлэгч М.Ад холбогдуулан дутагдуулсан эд хөрөнгийн төлбөрийн үлдэгдэл 371872 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасныг нэхэмжлэгч төлөхийг хүлээн зөвшөөрч маргаагүй байна.

Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасныг хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч М.Аг урьд эрхэлж байсан ажилд нь эргүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3 дахь хэсэгт зааснаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрч “ ... М.Агийн гаргасан зөрчил нотлогдон тогтоогдсон, ... ажилгүй байсан хугацааны цалинг буруу тооцсон,  ... шүүхийн харъяалал зөрчсөн” гэсэн агуулга бүхий давж заалдсан гомдол гаргажээ. 

Гомдлыг үндэслэн хэргийг бүхэлд нь хянан үзвэл анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар  хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг зөрчөөгүй боловч нэхэмжлэгчийн ажлаас буруу халсан үеийн олговрыг тооцохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т заасныг буруу тайлбарлан хэрэглэж тооцооны алдаа гаргасан байх тул энэхүү алдааг давж заалдах шатны шүүхээс залруулж өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв. 

Нэхэмжлэгч М.А нь ажлаас буруу халсан тухай гомдол гаргаж, уг нэхэмжлэлдээ ажил олгогчийг буюу Улаанбаатар төмөр замын Замын 4 дүгээр ангийг хариуцагч гэж дурдсан, тэрээр Улаанбаатар төмөр замын Замын 4 дүгээр ангийн даргын шийдвэрээр ажлаас халагдсан байх тул энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасан “Хариуцагч гэж ... нэхэмжлэлд дурдагдсан этгээдийн хэлнэ”, 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан “... нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана” гэснийг тус тус зөрчөөгүйн гадна энэ талаарх анхан шатны шүүхийн “шүүхийн харъяалал зөрчөөгүй” тухай дүгнэлт үндэслэлтэй.

Нэхэмжлэгч М.Аг Улаанбаатар Төмөр замын Замын 4 дүгээр ангийн даргын 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 525 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5, 43 дугаар зүйлийн 43.1, 131 дүгээр зүйлийн 131.1.3, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 9.3.12, 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн хурлын шийдвэрийг тус тус үндэслэн “худалдаа эрхлэгч иргэдээс худалдан авсан материалын нэгжийн үнийг нэмсэн, байгууллагын удирдлагын тушаал шийдвэргүйгээр дур мэдэн материал авч ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ биелүүлээгүй, мөн сахилгын давтан зөрчил гаргасан” гэж Агуулах, мөнгөний няравын ажлаас халж, хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалжээ. 

Тодруулбал нэхэмжлэгч М.Аг хариуцагч буюу ажил олгогч ажлаас халж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан үндэслэлээ Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан сахилгын зөрчил давтан гаргасан, 40.1.5-д заасан мөнгө эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл гаргасан гэжээ. 

Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч М.Ад Улаанбаатар төмөр замын Замын 4 дүгээр ангийн даргын 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 28 дугаар тушаалаар үндсэн цалинг 1 сарын хугацаатай 20 хувь бууруулах, 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 235 дугаар тушаалаар мөн үндсэн цалинг 1 сар 20 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байх ба уг тушаалуудад нэхэмжлэгч гомдол гаргаагүй, түүний үндэслэлийн талаар талууд маргаагүй байна. 

Харин нэхэмжлэгч нь ажил олгогчийн ажлаас халсан шийдвэрт заасан “худалдаа эрхлэгч иргэдээс худалдан авсан материалын нэгжийн үнийг нэмсэн, байгууллагын удирдлагын тушаал шийдвэргүйгээр дур мэдэн материал авч ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ биелүүлээгүй” гэснийг эс зөвшөөрч удирдлагын заалт, зөвшөөрөлгүй бараа материал авсан зүйлгүй, үнийг нэмээгүй буюу энэхүү зөрчлийг гаргаагүй гэжээ.

Нэхэмжлэгч М.А нь агуулах, мөнгөний няравын ажил эрхэлдэг боловч ажлын байрны тодорхойлолтод /хх-86/ заасан чиг үүргийн дагуу аж ахуйн нярав Ш.Баярмаагийн түр эзгүйд түүний ажил үүргийг орлон гүйцэтгэж байгууллагын хэрэгцээнд 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 28000 төгрөгийн үнэ бүхий хогийн сав, 2017 оны 10 дугаар сарын 28-ны өдөр нийт 115700 төгрөгийн үнэ бүхий дрож болон хулдаас худалдан авсан байх ба ийнхүү худалдан авах ажиллагааг хийхдээ хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ биелүүлээгүй, байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, байгууллагын хэрэгцээнд шаардлагатай бараа, материал, сэлбэг худалдан авалтын журам зэргийг зөрчсөн сахилгын зөрчил гаргасан болох нь тогтоогдсонгүй. 

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт зааснаар ажилтан хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн нь түүнд сахилгын шийтгэл хүлээлгэх үндэслэл болох бөгөөд гэрч П.Баттуяа /хх-113/, Л.Жаалмаам /хх-151/ нарын мэдүүлгээр нэхэмжлэгч М.А нь санхүүгийн анхан шатны баримтанд хогийн савны үнийг нэмж бичсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн дрож болон хулдаасыг худалдан авахдаа нэг барааны нэрээр баримт үйлдсэн нь тогтоогдсон боловч энэ нь ажил олгогчийн ажлаас халсан шийдвэрт заасан Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 болон байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 9.3.12-т заасан “... эд хөрөнгө дутаасан, ашиглан шамшигдуулсан, ажил олгогчийн итгэлийг алдсан” зөрчлийн шинжийг агуулаагүй байна. 

Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан “... ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан ...” гэдэг нь мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан нь байгууллагын эд хөрөнгийг дутагдуулсан, үрэгдүүлсэн, хувьдаа завшсан, энэхүү зорилгоор санхүүгийн баримт бичгийг хуурамчаар үйлдэж эд хөрөнгө завшиж ашиглах гэх мэт эд хөрөнгийн зөрчил гаргасан, энэ нь эрх бүхий байгууллагын шалгалт, ажил олгогчийн дотоод хяналт шалгалтаар тогтоогдсон байхыг ойлгох бөгөөд байгууллагад худалдан авсан 2  барааг санхүү, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтанд нэг нэрээр бичсэн үйлдэл нь дээрх хуульд заасан хөдөлмөрийн гэрээ цуцлах үндэслэл болохгүй юм. 

Учир нь худалдан авсан дрож болон хулдаасыг одоо байгууллагын хэрэгцээнд ашиглаж байгаа нь гэрч Б.Одонтуяагийн мэдүүлгээр /хх-116/ тогтоогдсоны гадна  нэхэмжлэгчийн санхүүгийн баримтыг нягтлан бодох бүртгэлийн дагуу үйлдээгүйг эд хөрөнгийг дутагдуулсан, ашиглан шамшигдуулсан, ажил олгогчийн итгэлийг алдсан гэж үзэх үндэслэлгүй. 

Түүнчлэн хэрэгт авагдсан шаардлагатай материалын захиалгын хуудас №395, №440 /хх-147, 150/ төлбөрийн даалгавар /хх-148/, нэхэмжлэх №29 /хх-149/ зарлагын баримт №29 /хх-149/, зарлагын баримт №30 /хх-146/, нэхэмжлэх №30 /хх-145/, төлбөрийн даалгавар /хх-144/, бараа материалын орлогын тайлан /хх-82, 84/, гэрч Б.Одонтуяа, П.Баттуяа нарын мэдүүлэг зэрэг баримтаас үзэхэд нэхэмжлэгчийг дээрх бараа материалыг /хогийн сав, дрож, хулдаас/ байгууллагын даргын тушаал шийдвэргүйгээр худалдан авсан буюу Улаанбаатар төмөр замын Замын 4 дүгээр ангийн даргын 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 556 дугаар тушаалаар батлагдсан “Байгууллагын хэрэгцээнд шаардлагатай бараа, материал, сэлбэг худалдан авалтын журам”-ыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Иймд нэхэмжлэгч М.А нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 болон УБТЗ-ын Замын 4 дүгээр ангийн Хөдөлмөрийн дотоод журмын 9.3.12-т заасан “мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан” болох нь тогтоогдоогүй  тул түүнийг Улаанбаатар төмөр замын Замын 4 дүгээр ангийн даргын  2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 28 дугаар тушаалаар болон 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 235 дугаар тушаалаар тус тус сахилгын шийтгэл хүлээснээс хойш дахин сахилгын зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй болно. 

Улмаар  ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчил давтан гаргасан гэдэгт хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгох бөгөөд нэгэнт ажил олгогч нь нэхэмжлэгчийг 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 2 дахь удаа сахилгын шийтгэл хүлээлгэхдээ ажлаас халах шийтгэлийг сонгоогүй атлаа дээр дурдсанаар нэхэмжлэгчийг сахилгын зөрчил давтан гаргасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.4-т нийцээгүй  гэж үзнэ. 

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгч М.Аг ажлаас буруу халсан гэж үзэж түүнийг Улаанбаатар төмөр замын Замын 4 дүгээр ангийн агуулах, мөнгөний нярвын ажилд эгүүлэн тогтоосон нь үндэслэлтэй зөв болжээ. 

Харин анхан шатны шүүх нэхэмжлэгчийн ажлаас буруу халсан үеийн олговрыг тооцохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт заасан “ажилтан ажил хүлээлгэн өгсөн сүүлчийн өдрийг ажлаас халагдсан өдөр гэж үзнэ” гэснийг буруу тайлбарлан хэрэглэсэн буюу нэхэмжлэгчийн ажлаас халагдсан өдрийг хөдөлмөрийн гэрээ цуцалсан өдрөөр тогтоож, 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөр тооцсон буруу байна. 

Энэ нь ажил олгогчийн шийдвэрт ажил хүлээлцэх хугацааг 2017 оны 12 дугаар сарын 08 гэж зааж, улмаар нэхэмжлэгч нь 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөр тасалбар болгон цалин хөлсөө авсан болох нь тогтоогдсон байх тул нэхэмжлэгчийн ажлаас буруу халсан үеийн олговрыг 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаанд тооцож олгох нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д нийцнэ. 

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал, урамшууллаас бүрдэх бөгөөд ажилтанд олгосон хоол, унаа, түлээ нүүрсний зэрэг зардал нь ажил олгогчоос үзүүлж байгаа хөнгөлөлт болох ба энэ нь цалин хөлсний бүрэлдэхүүнд орохгүй юм. 

Гэтэл анхан шатны шүүх дээрх хөнгөлөлтийг цалин хөлсний бүрэлдэхүүнд оруулж тооцон ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлсон нь буруу тул шийдвэрт дараах өөрчлөлтийг оруулах нь зүйтэй. 

Үүнд: нэхэмжлэгч М.Агийн ажилгүй байсан хугацааг 2017 оны 12 дугаар сард 14 хоног, 2018 оны 01 дүгээр сард 22 хоног, 2 сард 19 хоног, 3 сард 21 хоног, 4 сард 1 хоног, нийт 77 хоног, дундаж цалин хөлсийг хоол, унаа, түлээ нүүрсний хөнгөлөлтийг хасч 2017 оны 09 дүгээр сард 924479 төгрөг /1007979-83500/, 10 дугаар сард 1147962 төгрөг /1234962-87000/, 11 дүгээр сард 1180462 төгрөг /1349962-169500/ буюу нийт 3252903 төгрөг, нэг сарын дундаж цалин хөлс 1084301 төгрөг /3252903:3/, 1 хоногийн дундаж цалин хөлс 50432 төгрөг /1084301:21,5/, нийт 77 хоногийн дундаж цалин хөлс 3883264 төгрөг /50432х77/ болж байна. 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдсан гомдлын зарим хэсгийг буюу  “ажлаас буруу халсан үеийн олговрыг буруу тооцсон” тухай гомдлыг хангаж, үлдэх “нэхэмжлэгч С.Агийн гаргасан зөрчил нотлогдон тогтоогдсон, ... шүүхийн харъяалал зөрчсөн” тухай гомдлууд үндэслэлгүй тул хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх шийдвэрлэв. 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1.  Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 136/ШШ2018/00136 дугаар шийдвэрийн  2 дугаар заалтын “... 4,193,952 ...” гэснийг “3883264” гэж, “...олгосугай” гэснийг “олгож” гэж өөрчилж, “ажлаас буруу халсан үеийн олговор гаргуулах тухай нэхэмжлэлээс 310688 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж нэмж, 

5 дугаар заалтын “...152,253 ...” гэснийг “147282” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 152253 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 

 

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны  шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.       

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.  

 

 

 

 

      ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Н.БАТЧИМЭГ

                                ШҮҮГЧИД                                     Г.ТЭГШСУУРЬ 

                                                                                     Х.БАЙГАЛМАА