Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 18

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Т.Бямбажав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд

Прокурор Д.Ганчимэг /Өмнөговь аймгийн Ханбогд сумаас онлайнаар/

Шүүгдэгч А.С

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа

Нарийн бичгийн дарга Б.Энхбаатар нар оролцов.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2019/ШЦТ/152 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч А.С-д холбогдох 1829001840131 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч А.С-гийн давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Насанжаргалын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 33 настай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 298 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдэж, Дархан-Уул аймгийн шүүхийн шүүгчийн 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 445 дугаартай захирамжаар хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

Шүүгдэгч А.С нь “Хероесвин” ХХК-ийн эзэмшлийн 25-95 ГЧ дугаарын чиргүүлтэй, 88-07 ӨМӨ улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгслээр нүүрс тээвэрлэлт хийхээр итгэмжлэн хариуцаж аваад 2018 оны 05 дугаар сарын 25-аас 28-ны өдрийн орчимд 13 ширхэг дугуй, 2 ширхэг аккумлятор, 200 литр түлшийг завшиж бусдад 4 680 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэг нь шүүгдэгч А.С үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх: А.С бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.С 4 680 000 төгрөг гаргуулж хохирогч “Хероесвин” ХХК-нд олгож, шүүгдэгч А.С авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорихоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч А.С давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн гомдолдоо: “...Миний хувьд шүүхээс оногдуулсан хорих ялыг өөр төрлийн ял шийтгэлээр шийтгүүлж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар гомдол гаргаж байна.

Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаас үзэхэд тухайн машины өмчлөгч уг нь хятад эзэн. Би машиныг хятад улсын иргэнээс хүлээж авсан. Хохирлыг машин өгсөн хүн авах ёстой байтал компанид олгохоор шийдвэр гаргасан нь буруу гэж үзэж байгаа. Тээврийн хэрэгслийн гэрчилгээ нь Хероесвин компанийн нэр дээр байгаа боловч хохирлыг авах хүн, хуулийн этгээд нь зөв тогтоогдсон эсэхийг шүүгч та бүхэн анхааран үзнэ үү.

Шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн өөрчилж нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэл оногдуулж өгнө үү. Давж заалдах шатны шүүхээс ямар шийдвэр гарахыг мэдэхгүй ч гэхдээ хэргийг дахин хэлэлцүүлэх, аль эсвэл хэргийг прокурорт буцаах шийдвэрийн аль нэгийг гаргавал надад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээгээр өөрчилж өгнө үү” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх нь шүүгдэгч А.С давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох 1829001840131 дугаартай, нэг хавтас эрүүгийн хэргийг хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзээд шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна гэж үзлээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх нь А.С бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэж хэргийг шийдвэрлэхдээ мөрдөн  байцаалтын ажиллагаанд нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон эсэхэд дүгнэлт хийхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байна.

Прокурор нь шүүгдэгч А.С гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхдээ түүнээс гэрч, болон яллагдагчаар авсан мэдүүлэг, “Хероесвин” ХХК-ий итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э гэрч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр авсан мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээ тогтоосон “Вендо” ХХК-ий хөрөнгийн үнэлгээний тайланд  үндэслэсэн байна. /хэргийн 154, 155 дугаар хуудас/ Хэрэгт тээврийн хэрэгслийн лавлагаанаас өөр гэмт хэрэг гарсан байдлыг нотолсон бичмэл нотлох баримт авагдаагүй байна.

Тухайн тээврийн хэрэгсэл нь “Е” ангиллын автомашин, чиргүүлийн бүрэлдэхүүнтэй байх автомашин буюу чирэгч толгой нь “Хероесвин” ХХК-ий, чиргүүл нь “Далангол” ХХК-ий эзэмшлийнх болох нь лавлагаагаар тогтоогдож байна.

“Х” ХХК-ий 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 18-365 дугаартай албан бичгээр “88-07 ӨМө” улсын дугаартай тээврийн хэрэгсэл тоногдсон хэрэгт төлөөлөгчөөр Э.Эг томилсон байхад Э.Э иргэний нь хувьд хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоосон шийдвэрийг мөрдөгч гаргасан байна. Харин “Далангол” ХХК-ийг хохирогчоор тогтоох эсэх тухай шийдвэр гаргаагүй байна. /хэргийн 29, 30 дугаар хуудас/

Иймд шүүхээс хохирогчоор “Хероесвин” ХХК-г, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр Э.Эг тогтоосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх,  9.5 дугаар зүйлийн 1.2-т заасан хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдвол зохих этгээд мөн эсэхэд, түүнчлэн мөрдөгчийн тогтоолоор хохирогчоор томилогдсон Э.Э биш  “Хероесвин” ХХК-д хохирлыг олгохоор шийдвэрлэсэн  үндэслэлдээ тус тус дүгнэлт хийгээгүй байна гэж үзэв. 

Мөн хэргийн нөхцөл байдлаас мөрдөн байцаалтын ажиллагаагаар нотлогдвол зохих дараах асуудлыг нотлон тогтоогоогүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ. Үүнд: Чирэгч толгой нь “Хероесвин” ХХК-ий, чиргүүл нь  “Далангол” ХХК-ийн эзэмшлийнх гэж лавлагаагаар тогтоогдож байгаа нөхцөлд чирэгч толгой болон чиргүүлээс тус тус хэдэн дугуй алдагдсаныг тогтоох шаардлагатай болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинж нь хууль, гэрээ, хэлцлийн үндсэн дээр үүрэг хүлээж эд хөрөнгийг өөрийн эзэмшил, ашиглалтад авсан этгээд нь эрх мэдлээ хэтрүүлж өмчлөгчийн эрхийг зөрчсөн байхаар тодорхойлогдож байна.

А.С 200 л түлш завшсан гэж буруутгаж байгаа боловч хэзээ, хаанаас, хэдэн литр түлшийг хэний шийдвэрээр авсан, үүнээс 200 литр болохыг яаж тогтоосон, ямар үйлдлийг нь завшсан гэж үзсэн нь тодорхойгүй байна.

Мөн А.С уг тээврийн хэрэгслийг хүлээлгэж өгсөн баримт байхгүй тул хэнээс, ямар зорилгоор, ямар үүрэг хүлээлгэж уг тээврийн хэрэгсэл А.С шилжсэн болохыг тогтоох шаардлагатай байжээ.

Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүх шийдвэрийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.3-т заасан шаардлагыг хангаж бичигдээгүй гэж үзэв.

Энэ зөрчил нь шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж шийтгэх тогтоолыг хүчингүй болгох Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан үндэслэлд хамаарч байна.

Иймээс энэ ажиллагааг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй, харин мөрдөгчийн хуулиар гүйцэтгэх үүрэгт хамаарч байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүхэд бус, прокурорт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Шүүх шийтгэх тогтоолынхоо 3 дугаар заалтанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 14 дэх хэсэг гэж уг зүйлд байхгүй хэсэг бичсэнг магадлалд тэмдэглэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:    

1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2019/ШЦТ/152 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, А.С холбогдох, 1829001840131 дугаартай, нэг хавтас хэргийг Өмнөговь  аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газарт буцаасугай.

2. Хэргийг прокурорт очтол А.С урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Н.НАСАНЖАРГАЛ

                                          ШҮҮГЧИД                                       Х.ГЭРЭЛМАА

                                                                                                  Т.БЯМБАЖАВ