Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Жамъяанчойжилын Сэмжид |
Хэргийн индекс | 102/2019/02748/И |
Дугаар | 183/ШШ2020/00114 |
Огноо | 2020-01-10 |
Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 183/ШШ2020/00114
2020 оны 01 сарын 10 өдөр Дугаар 183/ШШ2020/00114 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Г.Ч-т холбогдох,
Хариуцагч: Т.Б-д холбогдох,
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 136.603.681 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: .............. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч ........ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Ч, Т.Б нар “Т” ХХК-тай 2014 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 13/0261 тоот зээлийн гэрээ байгуулж, Тоёота Ланд круйзер маркийн автомашиныг 170.000.000 төгрөгөөр худалдан авах зорилгоор урьдчилгаа 20% буюу 34.000.000 төгрөгийг төлж, үлдэгдэл болох 136.000.000 төгрөгийг сарын 1.4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлж авсан. Г.Ч нь зээлийн гэрээний үүргийг удаа дараа зөрчиж, графикт төлөлтийн хуваарийг 1259 хоногоор хэтрүүлсэн. Иймд хариуцагч нараас зээлийн үндсэн төлбөр 39.089,47 ам.доллар, зээлийн хүү 9.922,56 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 2.386,02 ам.доллар, нийт 51.398,05 ам.доллар буюу 136.603.681 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч ....... шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Г.Ч нь 2014 оны 6 дугаар сарын 16-ны өдөр “Тт” ХХК-тай автомашин худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Тоёота ланд крузер 200 маркийн автомашиныг 170.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож улмаар урьдчилгаа төлбөрт 34.000.000 төгрөгийг шилжүүлэн өгсөн. Үлдэгдэл 136.000.000 төгрөгийг “Тт” ХХК-ийн охин компани болох “Т-аас зээлж төлбөрийг шилжүүлэхээр тохиролцсон атал “Т нь 2014 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 13/0261 дугаартай “барьцаат зээлийн гэрээгээр 74.555 ам.долларыг сарын 1.4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар зээлүүлсэн мэт гэрээг байгуулж хууль зөрчсөн. Өөрөөр хэлбэл Г.Ч нь ам.доллар бус төгрөгийн зээл хүссэн, мөн түүний худалдан авах гэж байгаа автомашин нь төгрөгөөр худалдаж байхад “Т” ХХК-иас төгрөгийн бус ам.долларыг зээл олгосон, мөн 74.655 ам.доллар нь зээлдэгчийн дансанд шилжиж орж ирээгүй, бэлэн бус төлбөр тооцооны баримтан дээр ам.долларын ханшийн зөвшөөрлийг аваагүй, дээрх валютыг Г.Ч захиран зарцуулаагүй, харин “Т” нь бэлэн бусаар миний худалдан авч буй автомашины төлбөрт 136.000.000 төгрөгийг “Тт” ХХК-рүү шилжүүлсэн зэрэг нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т “Бэлэн бус мөнгөний төлбөр тооцоог төлбөрийн даалгавар, төлбөрийн нэхэмжлэл, аккердатив, чек, вексель, төлбөрийн карт болон төлбөр тооцооны бусад баримтаар гүйцэтгэнэ.” 15.3-т “Төлбөр хариуцагч, төлбөр авагч нь бэлэн бус мөнгөний төлбөр тооцооны ямар хэлбэрээр харилцахаа өөрсдөө сонгож авна. Төлбөрийн нэхэмжлэлээр хийх төлбөрийг гагцхүү төлбөр хариуцагчийн мөнгөн хөрөнгийг зарцуулах эрх бүхий этгээдийн зөвшөөрсөн нөхцөлд гүйцэтгэнэ.” 21 дүгээр зүйлийн 21.2-т “Зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно.'’ 21 дүгээр зүйлийн 21.4-т “Зээлдэгчийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно.” Иргэний хуулийн 445 дугаар зүйлийн 445.4-д “Төлбөр тооцоо гүйцэтгэгч нь харилцагчийн өгсөн үүрэг буюу зөвшөөрлийн үндсэн дээр гэрээнд заасны дагуу төлбөр тооцоог гүйцэтгэнэ.” Мөн хуулийн 446 дугаар зүйлийн 446.1.3 “харилцагчийн данснаас түүний өгсөн үүрэг буюу зөвшөөрлийн үндсэн дээр гүйлгээ хийх” гэснийг тус тус зөрчсөн байна. Зээлдүүлэгч нь 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр барьцаа хөрөнгийг шалгах нэрийдлээр автомашиныг хураан авч 2019 оны 11 дүгээр сард буюу 24 сарын дараа шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн журмаар иргэн Г.Ч-т буцааж өгсөн. Автомашиныг хууль бусаар хураан авсан нь 3 шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдсон байхад зээлдүүлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа дээрх хугацааны зээлийн төлбөр, зээлийн хүү, алданги зэргийг нэхэмжилсэн нь ойлгомжгүй байна. Мөн энэ хугацаанд дээрх автомашины зах зээлийн үнэ үлэмж хэмжээгээр буурсан, бусдад түрээслүүлж олох байсан ашиг орлогоо алдсан зэрэг эд хөрөнгийн алдагдал бодитой бий болсон. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
“Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Г.Ч-, Т.Б- нарт холбогдох, гэрээний үүргийн гүйцэтгэлд 136.603.681 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Г.Ч-, Т.Б- болон “Т” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2014 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 13/0261 дүгээр “Барьцаат зээлийн гэрээ”-ээр зээлдүүлэгч “Т” ХХК нь 74.555,68 ам.долларыг нэг сарын 1.4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар зээлдэгч Г.Ч-, Т.Б- нарт зээлдүүлэхээр тохиролцсон нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох тухай гэрээг байгуулжээ.
Уг зээлийн зориулалт нь “Г.Ч- нь “Тт” ХХК-иас Ланд круйзер 200 маркийн автомашиныг 170.000.000 төгрөгөөр худалдан авах үнийн 136.000.000 төгрөгийг “Т” ХХК-иас зээлж “Тт” ХХК-д төлөх” талаар зохигчид маргаагүй ба зээлдэгч Г.Ч- нь 2014 оны 6 дугаар сарын 01-ний өдөр зээлдүүлэгч “Т” ХХК-д хандан 136.000.000 төгрөгийн зэтаюангэл олгох хүсэлтийг илэрхийлсэн, зээлдүүлэгч “Т” ХХК-иас 2014 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 74.555,68 ам.доллартай тэнцэх 135.999.998 төгрөгийн зээлийг шилжүүлж, “Тт” ХХК-иас Г.Ч-ийг худалдан авч буй автомашины үлдэгдэл төлбөр болох 136.000.000 төгрөгийг төлсөн талаар зохигчид маргаагүй бөгөөд хавтаст хэрэгт авагдсан Зээлийн дансны хуулга, Г.Ч-ийн 2014 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн “Т” ХХК-д гаргасан өргөдөл зэрэг баримтаар нотлогджээ.
Дээрх үйл баримтаар зээлдүүлэгч “Т” ХХК-иас 2014 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 13/0261 дүгээр “Барьцаат зээлийн гэрээ”-ээр зээлдэгч Г.Ч-, Т.Б- нарт 74.55,68 ам.долларын бус 135.999.998 төгрөгийн зээлийг олгосон байна гэж дүгнэх нь Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 195 дугаар зүйлийн 195.1, 195.2, 451 дүгээр зүйлийн 451.1-д заасантай нийцэхээр байна.
Талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 13/0261 дүгээр “Барьцаат зээлийн гэрээ”-ний 7.1.1, 7.1.5, 7.3, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар зээлдүүлэгч “Т” ХХК нь 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр гэрээнээс татгалзаж, уг гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан болох нь нэхэмжлэгчийн “...зээлдэгч нь зээлийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тул зээлдүүлэгч нь 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр барьцаа хөрөнгө болох автомашиныг хураан авч, 2019 оны 11 дүгээр сард шүүхийн шийдвэрийн дагуу буцаан олгосон” гэсэн тайлбар, хариуцагчийн “...зээлдүүлэгч нь 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр барьцаа хөрөнгийг шалгах нэрийдлээр автомашиныг хураан авч 2019 оны 11 дүгээр сард буцаан олгосон” гэсэн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 001/ХТ2018/01843 дугаар тогтоолд дурдагдсан зохигчийн тайлбараар тогтоогджээ.
Иймд нэхэмжлэгч “Т” ХХК нь 2014 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 13/0261 дүгээр “Барьцаат зээлийн гэрээ”-ний дагуу “...135.999.998 төгрөгийн зээл олгосон” үүргийн гүйцэтгэлийг /зээл олгосон 2014 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс гэрээ цуцлагдсан 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүртэл/ хариуцагч Г.Ч-, Т.Б- нараас шаардах эрхтэй юм.
Хавтаст хэрэгт авагдсан Зээлийн дансны хуулга, Зээлийн тооцоолол гэсэн баримтаар “зээлдэгч нь 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн байдлаар /сүүлийн зээлийн төлөлт/ үндсэн зээлд 35.466,12 ам.доллар, зээлийн хүүд 26.927,64 ам.доллар, нэмэгдүүлсэн хүүд 1.466,53 ам.доллар, нийт 63.860,38 ам.доллар буюу /төлбөр төлсөн өдөр бүрийн ам.долларын ханшаар тооцон нийт 131.571.106 төгрөгийг” зээлдүүлэгчид төлсөн, /нийт төлсөн 63.860,38 ам.долларыг зээл олгосон 2014 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн ам.долларын ханш 1824,14 төгрөгөөр тооцоход 116.490.273 төгрөг болно. 131.571.106 төгрөгөөс 116.490.273 төгрөгийг хасаж тооцоход 15.080.833 төгрөгийн илүү төлөлт/ байна.
Дээр дурдсан үндэслэлээр гэрээний дагуу зээлдэгч нь гэрээ цуцлагдсан 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүртэл хугацааны үндсэн зээлийн үлдэгдэлд 39.089,47 ам.доллар буюу /зээл олгосон 2014 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн ам.долларын ханш болох 1824,14 төгрөгөөр тооцоход/ 71.304.665 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүртэлх хугацааны хүүгийн үлдэгдэл 998.265 төгрөг, нийт 72.302.930 төгрөгийг зээлдүүлэгчид төлөхөөс илүү төлсөн 15.080.833 төгрөгийг хасаж тооцон, үлдэх 57.222.097 төгрөгийг хариуцагч Г.Ч-, Т.Б- нараас гаргуулан нэхэмжлэгч “Т” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 79.381.584 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2-т заасныг баримтлан хариуцагч Г.Ч-, Т.Б- нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 57.222.097 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Т” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 79.381.584 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Т” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдөр төлсөн 905.698 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Ч-, Т.Б- нараас улсын тэмдэгтийн хураамжид 444.060 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Т” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.СЭМЖИД