Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 16

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Т.Бямбажав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд

Прокурор Ц.Ариунжаргал

Хохирогч Д.М

Нарийн бичгийн дарга Б.Энхбаатар нар оролцов.

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 2020/ШЦТ/09 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч С.Год холбогдох 1928002910178 дугаартай эрүүгийн хэргийг прокурор Ц.Ариунжаргалын эсэргүүцлийг үндэслэн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 44 настай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт оршин суух, ял шийтгэлгүй,

Шүүгдэгч С.Г нь 2019 оны 02 дугаар сард, мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 11 дүгээр сарын 10, 11, 12-ны өдрүүдэд эхнэр Д.М байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, 2019 оны 11 дүгээр сарын 10, 11-ний өдрүүдэд зодохдоо эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.                                                                            

Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Ариунжаргал нь шүүгдэгч С.Г үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар Өмнөговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Боржигон овогт С.Г үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч С.Г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г оногдуулсан 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэж, хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.М шүүгдэгч С.Г хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг дурдаж, шүүгдэгч С.Г цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Ц.Ариунжаргал давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн эсэргүүцэлдээ: “...Өмнөговь аймгийн прокурорын газраас яллагдагч С.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д тус тус зааснаар 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 171 дугаартай яллах дүгнэлт үйлдэн эрүүгийн 1928002910178 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцүүлэхээр шүүхэд шилжүүлсэн.

Өмнөговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хянан хэлэлцээд “...шүүгдэгч С.Ган- Од нь хохирогч Д.М эрүүл мэндэд 2019 оны 11 дүгээр сарын 10, 11-ний өдрүүдэд 2 удаа халдаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шүүгдэгчийн мэдүүлгээр тогтоогдож байна. Иймд шүүгдэгч С.Г эхнэр Д.М 2019 оны 11 дүгээр сарын 10, 11-ний өдрүүдэд зодож биед нь халдсан нь Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэх гэмт хэргийн шинжгүй байна гэж үзэв...” гэж дүгнээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч С.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч С.Г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэсэн.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. Учир нь:

Прокуророос яллагдагч С.Г 2019 оны 02 дугаар сард, мөн 2019 оны 11 дүгээр сарын 10-12-ны өдрүүдэд эхнэр Д.М байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байхад шүүх шүүгдэгч С.Г 2019 оны 02 дугаар сард эхнэр Д.М зодсон үйлдэлд огт дүгнэлт хийлгүй орхигдуулсан байна. Харин 2019 оны 11 дүгээр сарын 10, 11-ний өдөр зодож, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна.

Шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна”, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “...шүүгдэгчийг яллаж байгаа зарим хэргийг хэрэгсэхгүй болгосон бол яллах нотлох баримтыг үгүйсгэсэн үндэслэл, тэдгээрийг нотлох баримтын агуулгыг шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт тусгах” гэсэн хуулийн шаардлагыг хангахгүй байна.

Иймд шүүгдэгч С.Г холбогдох Өмнөговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 2020/ШЦТ/09 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхбат давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 сарын 30-ны өдрийн 09 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар Өмнөговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Ариунжаргал эсэргүүцэл гаргасан байна.

Агуулгын хувьд С.Г 2016 оны 02 дугаар сард эхнэр Д.М зодсон үйлдэлд ямар нэгэн дүгнэлт хийгээгүй орхигдуулсан. Үүнээс үүдэн “байнга зодсон" гэх байдал тогтоогдохгүй байна. Улмаар Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй гэжээ.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд 2019 оны 02 сард хохирогч Д.М зодсон гэх боловч улсын яллагчийн зүгээс үүнийг зөвхөн мэдүүлгээр нотолж байгаа. Хохирогчийн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт, хэн нэгнийг гэм буруутайд тооцох үндэслэл болохгүй. Мөн шүүгдэгчийн мэдүүлэгт үндэслэн өөрийг нь шийтгэх нь эрүүгийн эрх зүйн зарчим үл нийцнэ.

“Байнга зодсон” гэх нь хохирогчийн бие мах бодид хүч хэрэглэн халдсан, зодсон үйлдэл нь багадаа 3 ба түүнээс дээш удаагийн давтамжтай байхыг ойлгоно. Гэтэл хэргийн тохиолдолд С.Г нь эхнэр Д.М удаа дараа байнга зодсон байх үйлдэл тогтоогдохгүй байна. 2019 оны 02 сард хохирогчийг зодсон гэх боловч энэ нь хангалттай, хөдөлбөргүй тогтоогдсон зүйлгүй, 2019 оны 10, 11, 12-ны өдрүүдэд зодсон гэх боловч тухайн өдрүүдэд хохирогчийг зодсон, гэмтэл учруулсан эсэх нь тодорхойгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

Хохирогч Д.М давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “... Прокурор Ц.Ариунжаргалын гаргасан эсэргүүцэлд дараах тайлбарыг гаргаж байна. Миний бие нөхөр болох С.Г гэр бүл болоод 10 жил болж байна.

Тухайн үед 2019 оны 11 дүгээр сарын 11-ний 03 цагт зодсон. 11 дүгээр сарын 12-ны өдөр ирж хэрүүл хийгээд байхаар нь би цагдаа дуудаж өгсөн.

10 жил хамт амьдрахад байнга зодож, дарамталж байсан удаа байхгүй. Нөхөр С.Г одоогоор хүнд хагалгаанд орж эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа” гэжээ.

Прокурор Ц.Ариунжаргал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Прокурорын зүгээс С.Год холбогдох хэргийг 2019 оны 02 дугаар сард, 2019 оны 11 дүгээр сарын 10, 11, 12-ны өдрүүдэд эхнэр Д.М зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн. Нийтдээ 4-н удаагийн үйлдлээр гэр бүлийн хамаарал бүхий эхнэрээ зодсон. Шийтгэх тогтоолдоо шүүгдэгч С.Г 2019 оны 02 дугаар сард эхнэр Д.М руу чихрийн таваг авч шидэн баруун гуянд нь хөхрөлт үүсгэж эрх чөлөөнд нь халдаж зодсон үйлдэлд дүгнэлт хийхгүй орхигдуулсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан шүүгдэгчийг яллаж байгаа зарим хэргийг хэрэгсэхгүй болгосон бол нотлох баримтыг үгүйсгэсэн үндэслэл тэдгээрийн нотлох баримтын агуулгыг шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт тусгана гэсэн хуульд заасан шаардлагыг хангаагүй байна. Энэ нь Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.6, 36.7, 36.8, 36.9-д заасан шаардлагыг хангаагүй бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил гэж үзэж шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаардаг. Ийм учраас шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү. Эсэргүүцлээ дэмжиж байна гэв.

Хохирогч Д.М давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Манай нөхөр хүнд хагалгаанд орсон. Ийм байдалд хүрнэ гэж мэдээгүй. Одоогоор дахин дахин шүүх хурал болж байгаа болохоор цагдаад өгсөндөө харамсаж байгаа. Яагаад гэвэл би үр хүүхэд, хань ижил, ах дүүгийнхээ дунд муу нэртэй болж хоцорсон. Манай нөхөр үхлийн ирмэг дээр байгаа. Урд нь 78 килограмм байсан боловч одоо 52 килограмм болсон. Ямар ч байсан шүүх гэж явахгүйгээр салгаж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Ариунжаргалын бичсэн 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 01 дугаартай эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ.

Прокуророос яллагдагч С.Г үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна /хх-72-73/.

Анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 09 дугаартай шийтгэх тогтоолыг /хх-97-99/ хянахад “шүүх хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудыг  шинжлэн судлаад С.Г эхнэр Д.М 2019 оны 11 дүгээр сарын 10, 11-ний өдрүүдэд зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч Д.М /хх-11-12/, гэрч Д.Энхмөнх /хх-22-23/, шүүгдэгч нарын мэдүүлгүүдээр нотлогдож байна” гэсэн дүгнэлтийг хийсэн боловч яллах дүгнэлтэд бичигдсэн “яллагдагч С.Г нь 2019 оны 2 дугаар сард эхнэр Д.М зодсон” гэх үйл баримтад дүгнэлт хийлгүй орхигдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн хуулийн заалтыг зөрчжээ.

С.Г үйлдлийг Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэх гэмт хэргийн шинжгүй гэж дүгнээд хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн холбогдох заалтыг хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэснийг анхан шатны шүүх шийтгэх тогтоолыг бичихдээ зөрчсөн байна.

Иймд давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 2020/ШЦТ/09 дугаар шийтгэх тогтоолыг бүхэд нь хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 2020/ШЦТ/09 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч С.Г холбогдох 1928002910178 дугаартай эрүүгийн хэргийг  Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

3. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч С.Г урьд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хэвээр үргэлжлүүлсүгэй.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Н.НАСАНЖАРГАЛ

ШҮҮГЧИД                                                            Х.ГЭРЭЛМАА

                                                                           Т.БЯМБАЖАВ