Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 2023/ШЦТ/64

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,

нарийн бичгийн дарга Т.Дэлгэрмөрөн,

улсын яллагч Т.Түмэнжаргал,

хохирогч А.З,

шүүгдэгч Ц.Т, түүний өмгөөлөгч Г.Энхжаргал нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ц.Тхолбогдох эрүүгийн 2209000002269 дугаартай хэргийг 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1971 оны 06 дугаар сарын 19-нд Улаанбаатар хотод төрсөн, 51 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, багш мэргэжилтэй, Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын ........... ажилтай, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт амьдардаг, Г аймгийн Ш сумын ..... дүгээр баг, ........ дугаар байрны ......... тоотод оршин суух, хөдөлмөрийн хүндэт медалиар шагналнуулж байсан, урьд ял шийтгэлгүй гэх Б овогт Ц.Т /РД:ЧЖ/                           

                                                                     Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Ц.Т нь Монгол Улсын Боловсролын Их сургуулийн Сургуулийн өмнөх боловсролын сургуулийг боловсролын багш, арга зүйч мэргэжлээр төгсөөгүй байж Монгол Улсын Боловсролын Их сургуулийн Сургуулийн өмнөх боловсролын сургуулийн D200811470 дугаартай 2008 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн “Боловсролын бакалавр” зэргийн дипломыг хуурамч болохыг мэдсээр байж Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Б/53 дугаартай тушаалаар цэцэрлэгийн арга зүйчээр ажилд орж 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүртэл ашиглаж, 85 907 251 төгрөгийн орлого олсон гэх гэмт хэрэгт холбогджээ.

    ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Тд холбогдох Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2209000002269 дугаартай хэргээс яллах болон өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүгдэгч Ц.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 3-р цэцэрлэгт арга зүйчээр хуурамч диплом ашиглаж ажилд орсон нь үнэн. Гэм буруугаа хүлээж байгаа. Гарт олгосон цалингаар 68 000 000 төгрөг орчим орлого олсон гэж үзэж байна. Энийг би Хөдөлмөрийн хуулинд заагдсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчтой байгуулсаны үр дүнд ажлын байрны үндсэн чиг үүргүүдийг биелүүлсний төлөө авсан цалин хөлс гэж үзэж байна. Тийм учраас ажил үүргээ биелүүлсэн учраас улсад учруулсан хохирол, хууль бус орлого гэж үзэхгүй байна. Яагаад гэхээр энэ хугацаанд хамт олонтойгоо хамтран ажилласны үр дүн, ололт амжилт зөндөө байгаа. Ажил цалгардуулсан байдал нэг ч удаа гаргаагүй. Өөрийн хариуцсан ажлыг гүйцэтгэсэн учраас ажил үүргээ гүйцэтгэсний төлөө авсан цалин хөлс гэж үзэж байгаа гэв.

2. Хохирогч А.З шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Намайг А.З гэдэг. 2010 оноос Боловсрол соёлын газрын даргаар ажиллаж байгаа. 2013 онд чөлөөлөгдөөд буцаад 2018 онд ажилдаа эргэж ороод бүтцийн өөрчлөлтөөр одоо Боловсрол Шинжлэх ухааны газар нэртэй болсон. Энэ байгууллагаар орж гараад 2010 оноос хойш ажиллах хугацаандаа Ц.Т арга зүйчтэй багш, арга зүйч, цэцэрлэгийн эрхлэгч гэсэн албан тушаалд хамт ажилласан. Энэ хугацаанд Ц.Т арга зүйч албан ажилдаа харицлагатай, хүүхдийн хөгжил төлөвшлийн тал дээр тууштай ажилладаг. Өнгөрсөн онд 3-р цэцэрлэг Улсын 985 цэцэрлэгээс 78-д үнэлэгдэж хамгийн шилдэг цэцэрлэгүүдийн нэг болсон. Аймгийн тэргүүний цэцэрлэг болсон. Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудтай хамтраад арга зүйг цэцэрлэг дээрээ нилээн олон жил хэрэгжүүлээд Үндэсний хэмжээний шилдэг арга зүйтэй цэцэрлэг болсон байгаа. Энэ хугацаанд хамтарч ажиллахдаа арга зүйчийн цалин бусад багш нарын цалингаас бага байдаг учраас хийх хүн олдодгүй. Багш нарын багш учраас нилээн чадвартай багш томилох ёстой учраас цэцэрлэгийн багш хийж байсан Ц.Т багшийг арга зүйч болооч гэж санал тавьж байж ажиллуулсан. Үр дүнд нь цэцэрлэгийн багш нарын чадвар сайжирсан. Цэцэрлэгийн хүүхдүүдийн сурлагын амжилт ахисан. 3-р сургуулийн элсэлтийн хүүхдүүдийн нэгдсэн шалгалтын амжилт улсад нилээн дээгүүр Говьсүмбэр аймагт 1-т бичигдсэн. Цэцэрлэгийн бага насанд нь олгосон амжилтаас болсон. Дараагийн анхаарал татаж байгаа асуудал Ц.Т багшийн маань бичиг баримт хуурамч байгаад харамсалтай байна. Ер нь бол манай салбар 1990 оноос хойш 32 жилийн хугацаанд салбарын уналт, салбарын хариуцлагагүй байдал, салбарын үр дүн тооцдог байдал хаягдсан нь харагдаж байгаа. Өнгөрсөн жил манай сайд шинэчлэгдээд боловсролын шинэ хууль батлагдаад, энэ хуулиар мэдээллийн систем өөрчилсөн. Ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсрол, энэ жил Политехник коллеж, 2024 оноос Их дээд сургуулиудын мэдээллийн систем түрүүн яриад байгаа СС системийг шинэчилж байгаа. Энэ хүртэл хугацаанд энэ систем хийгдээгүй бол бид нар 700 гаруй багш нарын бичиг баримт хуурамч гэдгийг мэдэхгүй өнгөрөх байсан. Яагаад гэхээр Ц.Т багш энэ хугацаанд төрийн албаны шалгалтад орж байсан. Мэргэжлийн хяналтын байгууллагаас жил болгон бичиг баримтыг ширээ ширээгээр нь хурааж аваад шалгадаг байсан. Удаа дараагийн шалгалтад хуурамч бичиг баримтын асуудал Говьсүмбэр аймагт гарч байгаагүй. Энэ системийг шалгасаны үр дүнд 12 багшийн бичиг баримт хуурамч байна гэсэн мэдээлэл өнгөрсөн жил ирсэн. Энэнээс 2 багш маань шалгагдаж байна. 2023 оноос эхлээд цахим системд шилжээд ирэхээр манай салбарын алдаа арилах байх гэж бодож байна. Их дээд боловсролын алдаа гэж бодож байна. Их дээд сургуулийн хуурамч бичиг баримтыг хянаж чадаагүй манай яамны алдаа гэж бодож байна. Миний хувьд болон манай салбарын хувьд эдийн болон эдийн бус хохирол амссан зүйл одоохондоо алга байна гэж хэлэх байна. Ажилласан хугацаандаа нилээн хариуцлагатай ажиллаж байсан учраас бид нар Ц.Т багшийн хамтран ажилласан хичээл зүтгэл, сэтгэл зүй, хариуцлага үр дүнг цаашид туршлагыг нь дахин ашиглах хүсэлтэй байгаа. Яагаад гэхээр Монгол улсын хэмжээнд манай боловсролын салбарт хамгийн их дутагдалтай манай аймагт ч гэсэн 7 багш дутагдалтай байна. Цэцэрлэгийн багш, бага ангийн багш 20 гаран багш дутагдалтай байна. Дутагдалтай байгаа мэргэжлийн багш нарын бичиг баримт нь асуудалтай ийм байдалтай байгаа учраас Ц.Т багш маань өөрөө бас сураад 12 дугаар сард сураад дуусах байгаа юм. Хуурамч бичиг баримтыг нь хүчингүй болгоод цаашид ажиллах нөхцөлтэй үлдээх боломж байдаг уу? та бас тунгаагаад бодож үзээч гэж гуйх байна. Дараагийн нэг асуудал бол манай яамны О ч хэлсэн байгаа. Манай яамныхан өөрсдөө ч байдалд орчихсон байгаа. 700 гаруй багш маань фронтоос гарах гээд байдаг. Нөхөх ямар ч орны хүн байхгүй. Дээр нь манай аймагт хичээлийн жил эхлэх гэж байхад  68 багш дутагдалтай байна. Тэгтэл дахиад бид нар энэ олон багш нараа салбараасаа гаргачих юм бол системийн алдаа болно. Маш олон хүүхдүүд харах хүнгүй, хөгжүүлэх хүнгүй болно. Тийм учраас таны түрүүний уншсан хуулийн заалтуудаар Ц.Т багшийн энэ сургуулийн өмнөх боловсролыг дипломын боловсролоор эзэмшсэн, хамтраад ажилласан ч болохоор манай салбар, манай 3-р цэцэрлэг, А Боловсрол соёлын газрын дарга миний бие болбол Ц.Т багшаас хамаарсан, Ц.Т багшийн сүүлд авсан дипломоос хамаарсан эдийн болон эдийн бус хохирол нэг төгрөгний ч хохирол байхгүй гэж хэлж байна. Таныг тунгааж үзээрэй гэж хүсч байна гэв.

3. Хохирогч Б.Д шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Намайг Б.Д гэдэг. Ц.Тыг 1989 оноос мэддэг болсон. Улаанбаатар хотын цэцэрлэгийн багшийн сургуулийг 1990 онд төгссөн. Ц.Т 1991 онд төгссөн. Улаанбаатар хотын цэцэрлэгийн багшийн сургуулийг тухайн үед нэг төгсөлтөөс 2 юм уу 3 хүүхэд улаан дипломтой төгсдөг байсан. Тэр үеийн 1991 оны төгсөлтөөс улаан дипломтой төгссөн төгсөгчдийн тоонд манай Ц.Т байгаа. 1998 оноос Шивээговь сумын цэцэрлэгт би эрхлэгчээр Ц.Тыг багшаар авч ажиллуулж байсан. 1998 оноос хойшоо ажил амьдралынхаа гарааг цэцэрлэгийн хүүхдүүдийн, Шивээговь сумын хүүхдүүдийн хөгжлийн төлөө, гар сэтгэл нийлж, нэгэн зүгт зүтгэж ажиллаж байсан. Хамтарч ажиллаж байсан багшаа, арга зүйчээ би тодорхойлмоор байна. 2017 оноос эхлээд Ц.Т арга зүйч цэцэрлэгийн арга зүйчээр ажилласан. 2017 оноос хойш өнөөдрийг хүртэл 6 жилийн хугацаанд Шивээговь сумын цэцэрлэгийн хамрах сургалт нь ихэссэн. Шивээговь сумын цэцэрлэгийн сургалтын чанар сайжирсан. Шивээговь сумын цэцэрлэгийн сургалтын орчин сайжирсан. Бид хамтаараа, багаараа гар нийлж ажилласан байгаа юм. Ц.Тын 2006 онд 2 залуу хөдөөний багш цэцэрлэгийн багшийн Улсын ур чадварын уралдаанд гар гараасаа хөтлөлцөөд Улаанбаатар хотод очиж Ц.Т маань 2 дугаар байр эзэлж байсан ийм амжилттай манай багш байгаа юм.  Цэцэрлэгийн багшийн сургуулийг улаан дипломтой төгссөн диплом маань одоо ч гэсэн хүчинтэй байгаа. Бид нарын тусгай дунд боловсролооор эзэмшиж байсан диплом мань одоо ч гэсэн улсын хэмжээнд хүчинтэй мөрдөгдөж байгаа. Тэр багш нар дотоод хороо бакалаврын зэрэг ахиулах сургалтад сурч байгаа. Ц.Тын хувьд 2022-2023 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролын бакалаврын сургалтад явж байгаа. Ирэх 1 сард байна уу төгсөнө. Энэ олон ажлуудыг хамтаараа хийж, хуулийг хэрэгжүүлж, хүүхдэд сургалтыг явуулж, хамтарч ажиллаж байсан учраас миний хувьд болон цэцэрлэгийн эрхлэгчийн хувьд ямар нэгэн эдийн болон эдийн бус хохирол байхгүй гэж үзэж байна гэв.

4. Шинжээч Б.Ц шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Ахлах дэслэгч Э.М-н үгнэлтэн дээр 85 907 251 төгрөгний орлого олсон гэсэн байсан нь нийгмийн даатгалыг хасаж тооцсон, тооцоогүй нь тодорхойгүй байсан. Миний хийсэн шинжээчийн дүгнэлтээр 85 911 535 төгрөг нь ямар нэгэн суутгал хасагдаагүй дүн байгаа. Нийгмийн даатгал, хувь хүний албан татвар, бусад суутгал, үйлдвэрчний эвлэлийн суутгалыг хассаны дараа яг одоо Ц.Тын гар дээр бэлэн авсан мөнгө нь 68 886 677 төгрөгний цалин хөлсийг гарт бэлэн мөнгөөр авсан байгаа. Манай дээр ирүүлсэн бичгэн дээр 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэлх хэрэг үүсэх хугацааны дүгнэлтийг гаргаж өгөөч гэсэн байсан. Мөн 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх байдлаар дүгнэлтийг гаргаж өгөөч гэсэн байсан. Тэгэхээр энэ хоёроор гаргасан байгаа. 06 дугаар сарын 07-ны өдрийх хүртэлх бол бохир дүн нь 85 911 535, суутгал хассан дүн нь 68 886 677 төгрөг байсан. Хэрэг үүсэх хүртэл буюу 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл бохир цалин нь 72 410 559 төгрөг байсан бол гарт бэлэн авсан цалин нь суутгал хасаад 58 146 432 төгрөгний цалин хөлс авсан байсан гэв.

5. Хохирогч Г.О мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

...2022 оны 04 дүгээр сараас хойш одоог хүртэл Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Боловсролын ерөнхий газрын Хууль эрх зүйн хэлтсийн даргаар ажиллаж байна. БШУЯ-наас багш нарын диплом бичиг баримтад шалгалт хийсэн талаарх асуудлыг сайдын мэдээллээс танилцаж байсан. Гэхдээ миний бие ажлын хэсэгт нь орж ажилласан асуудал байхгүй. Манай байгууллага нь БШУЯ-ны хэрэгжүүлэгч агентлаг буюу яамны бодлого шийдвэрийг хэрэгжүүлэгч чиг үүрэг бүхий байгууллага гэж ойлгож болно. Тус хэрэг дээр намайг хохирогчоор тогтоох тухай албан бичгийг цагдаагийн байгууллагад хүргүүлсний дагуу ирж мэдүүлэг өгч байна. Миний бие БШУЯ-ыг төлөөлж яг гомдолтой нэхэмжлэх зүйлийн талаар хэлэх боломжгүй байна. Энэ талаар холбогдох дарга удирдлага болон Боловсролын яамны удирдах албан тушаалтнуудад танилцуулж байж санал, хүсэлт, гомдлоо хэлэх нь зүйтэй гэж бодож байна. Мөн Боловсролын яамнаас хяналт шалгалт явуулсан ажлын хэсгийн хяналт шалгалтын зорилго үр дагаврын талаарх мэдээлэл байхгүй байгаа нь хариулт хэлэх боломжгүй нөхцөл байдалд хүргээд байна. Манай яамнаас одоогоор хуурамч диплом гаргуулан авч ажилд орсон багш нартай холбоотойгоор тооцож тогтоосон хохирол байхгүй. Тиймээс дээрх хуурамч диплом бүхий багш нараас нэхэмжлэх зүйл байхгүй. Харин манай байгууллагын зүгээс дээрх багш нарыг хууль хяналтын байгууллагаар шалгаад зохих хуулийн дагуу арга хэмжээ авагдаж хэрэг нь шийдэгдээсэй гэсэн хүсэлтэй байгаа... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 43-44, 47-48 дугаар хуудас/,

6. Хохирогч Б.Д мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

Би Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 3 дугаар цэцэрлэгт эрхлэгчээр ажиллаж байна. Би энэ ажилдаа 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн өдийг хүртэл ажиллаж байна. Би Ц.Т гэх хүнийг танина. Бид нэг газар хамт ажилладаг бөгөөд манай цэцэрлэгт арга зүйчээр ажилладаг болохоор би түүнийг танина. Садан төрлийн ямар нэгэн холбоо байхгүй. Ажлын шугамаар харилцдаг хүмүүс байгаа юм. Ц.Т гэдэг хүн манай цэцэрлэгт одоо арга зүйчээр ажиллаж байна. Тэр энэ албан тушаалд 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа. Түүнээс өмнө 1998 билүү 1999 онд шиг санагдаж байна. Анх манай цэцэрлэгт ээлжийн бүлгийн багшаар ажиллаж байсан. Түүнээс хойш манай цэцэрлэгт ажиллаж байсан. Мөн тухайн цэцэрлэгийн эрхлэгчээр 2008-2013 оны хооронд ажиллаж байгаад 2013-2017 оныг хүртэл цэцэрлэгт ажиллахгүй түр завсарласан. Тэгээд 2017 оноос хойш тус цэцэрлэгийн арга зүйчээр одоог болтол ажиллаж байна. Цэцэрлэгийн багшийн сургуулийг тусгай дунд боловсролтой төгссөн бол МУБИС-ийн СӨБ-ын сургуульд эчнээгээр тухайн хичээлийг судалсан кредитээс хамаарч 2 жил суралцаж байж цэцэрлэгийн багшийн бакалаврын диплом авдаг. Тухайн хичээл судлахад дутуу байсан хичээл буюу арга зүйн чиглэлд сурган хүмүүжүүлэх, сэтгэл судлал зэрэг хичээл судалдаг бөгөөд жилд 45 хоногоор 2 удаа танхимаар суралцаж үлдсэн хичээлүүдийг нь бие даан суралцдаг юм. Ц.Тын хувьд 1989-1991 оны хооронд цэцэрлэгийн багшийн сургуулийг цэцэрлэгийн багш мэргэжлээр төгсөж тусгай дунд боловсрол эзэмшиж байсан. Харин бакалаврын зэргээр хэзээ суралцаж төгссөн эсэхийг нь мэдэхгүй байна. Эхний үедээ цэцэрлэгийн багшийг тусгай дунд боловсролтойгоор хийж болдог байсан бөгөөд сүүлийн жилүүдэд буюу 2002 оноос хойш санагдаж байна. Цэцэрлэгийн багшаар заавал бакалаврын диплом эзэмшсэн хүнийг ажиллуулах шаардлага тавигдаж эхэлсэн юм. Тэгээд тусгай дунд боловсролтой багш нар бакалаврын боловсролтой болох гээд их дээд сургуулиудад суралцаж байсан. Одоо бол цэцэрлэгийн багшийг дээд боловсролтой байхыг шаардаж байгаа. Би одоогоор яг ямар хууль дүрэм журам байгаа эсэхийг мэдэхгүй байна. Туулын одоогийн ажиллаж байгаа цэцэрлэгийн арга зүйчийн албан тушаал бакалаврын дипломтой, дээд боловсролтой хүнийг томилох албан тушаал мөн. Арга зүйч гэдэг нь цэцэрлэгийн багш нарт мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх гол үндсэн чиг үүрэгтэй албан тушаал юм. Ц.Т гэх хүний мэргэжлийн диплом хуурамч байсан талаар мэдэхгүй байна. Түүнийг нь энгийн нүдээр харахад мэдэгдэхгүй, бид нарын дипломтой яг л адилхан байсан. Ц.Т арга зүйн чиглэл, судалгаа, багш нарт арга зүйн зөвлөгөө өгөх талдаа маш сайн. Миний тухайд түүнийг ажилдаа сайн гэж дүгнэдэг. Хувь хүнийхээ хувьд ажлын хандлага зөв, бичиг баримтын боловсруулалт сайтай. Харилцаа хандлагын хувьд бусадтай эелдэг зөөлөн харилцаатай, хамт олны дунд нэр хүнд сайтай хүн байгаа юм. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 58-59 дүгээр хуудас/,

7. Хохирогч А.З мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

...2018 оноос өнөөг хүртэл Говьсүмбэр аймгийн Боловсрол шинжлэх ухааны газрын даргаар ажиллаж байна. Би Ц.Т гэх хүнийг танина. Тэр Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын багш ажилтай, 2010 онд намайг Говьсүмбэр аймгийн Боловсрол соёл урлагийн газрын даргаар ирэхэд 3 дугаар цэцэрлэгийн багшаар ажиллаж байсан. Тэгээд 2012 онд шиг санагдаж байна 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан. Одоогоор 3 дугаар цэцэрлэгийн арга зүйчээр ажиллаж байгаа. Би түүнийг нэг салбарт ажилладаг гэдэг утгаар нь танина. Ц.Т нь арга зүй, ажлын туршлага, чадвар сайтай удирдлага гэж дүгнэдэг. Би түүнтэй садан төрлийн ямар нэгэн холбоо байхгүй. Цэцэрлэгийн багшийн бакалаврын дипломыг боловсролын чиглэлийн кредит хөтөлбөртэй сургуулийн 120 орчим кредит цуглуулж, боловсролын менежмент, багшлах арга зүй, сургалтын хөтөлбөр, сэтгэл судлал гэх мэт хичээлийг судалсан байх шаардлагатай байдаг. Өдрийн анги болон эчнээ хэлбэрээр 4 жилээр суралцаж байж бакалаврын дипломыг авах эрх нь нээгддэг. Ц.Тын одоогийн ажиллаж байгаа цэцэрлэгийн арга зүйчийн албан тушаалын тодорхойлолтод цэцэрлэгийн багшаар 8-аас доошгүй жил ажилласан бакалаврын зэрэгтэй байх гэсэн тусгай шаардлагыг хангасан байх ёстой байдаг. Тийм болохоор Ц.Тын албан тушаал дээд боловсролтой, бакалаврын зэрэгтэй байх тусгай шаардлагатай албан тушаал юм. Энэ нь Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт СӨБ-ын байгууллагад СӨБ-ын чиглэлээр бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй багш ажиллана гэж заасан байдаг. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 31 дүгээр хуудас/,

8. Гэрч Ч.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

...2019 оны 04 сараас БШУЯ-ны хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн газрын даргаар ажиллаж байгаад 2021 оны 10 сараас Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргаар тус тус ажиллаж байна... БШУЯ-ны сайд Л.Энх-Амгалангийн 2021 оны 12 дугаар сард гаргасан тушаалын дагуу ажлын хэсэг байгуулагдаж дээд боловсрол, ерөнхий боловсрол, СӨБ, мэргэжлийн хяналтын байгууллага, боловсролын ерөнхий газраас тус тус хүмүүс ажлын хэсэгт орж ажилласан...

 ...2022 оны 03 сараас эхэлж 08 дугаар сарыг дуустал хийж гүйцэтгэсэн. Харин бусад ажлын хэсэгт орсон хүмүүс нь дээрх хүмүүсийг ажиллах нөхцөлөөр хангаж, мэдээллийг цэгцлэх цуглуулах хэлбэрээр ажилласан юм. Дээрх шалгалтын үр дүнгийн тайланд бусад шалгалтаар тогтоогдсон дэлгэрэнгүй мэдээллийг тусгасан байгаа. Боловсролын салбарын мэдээллийн системийг хэзээнээс эхлэн ашигласныг сайн мэдэхгүй байна...

...Ерөнхийдөө шалгалтаар системд бүртгэлгүй, дугаар давхардсан гэх зөрчлүүд гарч байсан. Гэхдээ шалгалтын явцад цагдаагийн байгууллагад шилжүүлсэн хүмүүсийн мэдээлэл нь 4-5 өөр баримт бичиг дээр үндэслэн зөрчилтэй диплом баталгаажсан мэдээллийг үндэслэж хүргүүлсэн юм. Тэрнээс биш 1-2 эх үүсвэр дээр зөрчилтэй мэдээллийг цагдаагийн байгууллагад хүргүүлээгүй. Нэг. Хувь хүнээс санаатайгаар, хуурамчаар үйлдсэн байж болзошгүй дипломын тамга, тэмдэг, гарын үсэг, дипломын дугаар, мэргэжлийн индекс, буруу /мэргэжлийн нэршил/, өөр хүний овог, нэр, регистрийн дугаар ашигласан зэрэг маш олон зөрчлүүдийг ойлгож байгаа юм. Эдгээр 4-5 баримт бичгийг тулгаж тогтоогдсон дипломуудыг хуурамч байж болзошгүй гэж үзээд бидний зүгээс зөрчилтэй дипломын тоонд оруулж цагдаагийн байгууллагад шалгуулахаар хүргүүлсэн юм. Хоёр. Их дээд сургуулиудын хүчингүй болгосон дипломын дугаар ашигласан, бүртгэлгүй дипломын дугаар ашигласан, их, дээд сургуулийн нэр зөрүүтэй төгсөгчдийн диплом алдаатай бичиглэл хийсэн, дипломын дугаарыг зөрүүлэн олгосон. /Өөр сургуулийн дипломын дугаар/, архивын бүрдэлд өгөөгүй, дугаар давхардуулан олгосон зэрэг зөрчлүүд байсан юм. Цагдаагийн байгууллагад хүргүүлсэн зөрчилтэй дипломууд нь дээрх бүх зөрчил давхардсан гэж ойлгож болохгүй. Дээрх зөрчлүүдийн аль нэг нь гарсан бөгөөд түүнийг нь бид нарын шалгалтдаа ашигласан 4-5 баримт бичиг тулгаж зөрчилтэй гарч байгаа илтэд хуурамч байж болзошгүй зөрчилтэй дипломуудын нэрс гарган явуулсан юм... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 64-66 дугаар хуудас/,

9. Гэрч Я.Н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

Би Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын боловсрол соёлын хэлтэст боловсролын хяналтын улсын байцаагчаар 2010 оноос хойш одоог хүртэл ажиллаж байна. Энэ оны 03 дугаар сарын 02-ны өдөр удирдлагаас өгсөн үүрэг даалгаврын дагуу БШУЯ-ны СӨБ-ын байгууллага, ЕБС-ийн багш удирдах ажилтны хяналт хийх ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж ажилласан. Тухайн шалгалтыг улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэг, сургуулийн багш, удирдах ажилтны боловсролын баримт бичгийг цахим хэлбэрээр хүлээн авч бүртгэлжүүлж, дээд боловсролын удирдлага мэдээллийн системд тулгалт хийж, үндэсний архивын газраас ирүүлсэн мэдээлэл, төгсөгчдийн дээд боловсролын мэдээний маягт зэргүүдээс шүүлт хийж боловсролын баримт бичгийг бүртгэлд тулгалт хийж ажилласан...

 ...Нийт 725 зөрчил тус тус илрээд байна. Үүнээс эхний 2 ангилалд хамрагдаж байгаа дипломын дугаар давхардсан 458, бүртгэлгүй дипломын дугаар ашигласан 145 боловсролын баримт бичгийг хуурамчаар үйлдэж ашигласан гэж үзэж байна. Шалгалтын хүрээнд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэг, сургуулийн багш, удирдах ажилтны ирүүлсэн дипломыг харахад бүртгэлийн дугаарыг засварласан нь илтэд мэдэгдэхүйц засварласан тамга, тэмдэг, гарын үсэг дутуу, гарын үсгийг хуурамчаар үйлдсэн, бүртгэлийн дугаар давхардсан, хавсралтын бүрдэл дутуу, дипломын загвар буруу зэрэг зөрчлүүд 458 байсан. БШУЯ-наас дээд боловсролын байгууллагуудад олгогдсон дипломын дугаараас ондоо өөр дугаар тавигдсан. Мөн тухайн төгсөгчдийн. ДБ мэдээ бүртгэлгүй дипломын дугаар ашигласан 145 байсан. Төгсөгчдийн бүртгэлийг давхардуулж олгосон, алдаатай бичсэн зөрчил 13 байсан. Дээд боловсролын удирдлага мэдээллийн системд алдаатай шивэлт хийсэн 1 зөрчил байна. Хуурамчаар авч ашигласан дипломын дийлэнх нь МУИС, МУБИС-ийн диплом байсан. Уг дипломыг хаана ямар байдлаар үйлдвэрлэж олгосон гэдгийг тогтоох боломжгүй байна. Ажлын хэсэг нь хуурамч дипломтой багш, удирдах ажилтантай холбогдож уулзаагүй тайлбар өгөөгүй байгаа. Мөн боловсролын мэдээллийн сангийн бүртгэлд /Esis программ/, боловсролын баримт бичгийг оруулсан боловч цахимаар буюу pdf файлаар материалаа ирүүлээгүй зөрчлүүд байгаа... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 69-71 дүгээр хуудас/,

10. Гэрч А.Т мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

...2005 оноос Дорнод аймгийн МХГ-т боловсролын хяналтын улсын байцаагчаар 2017 оныг хүртэл ажиллаж байгаад Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар луу шилжээд одоог хүртэл ажиллаж байна. Тухайн үед БШУЯ-ны сайд Л.Энх-Амгалангийн тушаалын дагуу 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 09 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд боловсролын баримт бичгийн үзлэг шалгалтын ажлын хэсэгт Н, Д, Б, С нарын хамт ажилласан юм. Тухайн шалгалтыг 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 09 дүгээр сарын 06-ны өдрийн хооронд явуулсан бөгөөд нарийн тоон мэдээлэл бол бид нарын гаргасан дүгнэлтээс дэлгэрэнгүй харагдах байх...

...Бодлого боловсруулж гаргадаг эрх бүхий байгууллага буюу БШУЯ-наас тодруулах нь зүйтэй байх. Шалгалттай холбогдон тухайн багшийн бичиг баримтыг эх хувиар нь шалгаагүй. Тухайн их сургуулийн мэдээлэлтэй тулгалт огт хийгээгүй. Эс эс бүртгэл хийгдсэн эсэх. Үндэсний архивын газрын лавлагаанаас хайлт хийх. Дээд боловсролын удирдлага мэдээллийн системээс дипломын дугаараар хайлт хийх. Төгсөгчдийн статистик мэдээний баримт бичиг буюу Д.Б маягтаас хайлт хийх зэргээр шүүж илрүүлсэн юм. Ерөнхийдөө зөрчлөө тав ангилсан бөгөөд нэгийн нэг, нэгийн 2, нэгийн 3, нэгийн 4, нэгийн тав гэх маягаар бичилт хийсэн байгаа. Ангилсан кодыг уншихдаа нэгийн нэг дипломын дугаар давхацсан бусдын дипломын дугаарыг ашигласан. Нэгийн 2 дипломын дугаар огт байхгүй буюу тийм дугаар тухайн жилд олгогдоогүй илтэд хуурамчаар үйлдсэн нэгийн 3.Тухайн сургуулийн буруутай үйл ажиллагаанаас сургуулиуд өөрсдөө төгсөгчдийн дипломын дугаарыг давхцуулж олгосон. Нэгийн 4 дээд шатны байгууллагын буруутай үйл ажиллагаанаас яамнаас тухайн жилд олгогдсон дипломын дугаарыг сургуулиудад давхцуулан олгосон. Нэгийн тав дараагийн шатанд зөрчилтэй диплом ашиглан суралцсан зэрэг зөрчлүүд илэрсэн тус тус ангилсан юм. Дээрх зөрчлүүдээс нэгийн нэг нэгийн 2 кодтой зөрчил илэрсэн мэдээллийг танай байгууллагад хүргүүлж байгаа юм... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 73-75 дугаар хуудас/,

11. Гэрч Б.Д мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

...БШУЯ-нд хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газарт мэргэжилтнээр ажилд ороод одоог хүртэл ажиллаж байна. Тухайн үед БШУЯ-ны сайд Л.Энх-Амгалангийн тушаалаар баталсан удирдамжийн хүрээнд хяналт шалгалтыг явуулсан юм. Тухайн хяналт шалгалтыг хийхдээ Боловсролын тухай хуулийн 9 дүгээр зүйл, 28.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, БШУЯ-ны бүтэц чиг үүргийг заасан ЗГ-ын тогтоолын дагуу тус тус хяналт шалгалтыг явуулсан юм. Миний хувьд тухайн ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан...

...Ерөнхийдөө маш олон тооны хүнийг шалгасан учраас эргэлзээтэй заавал үзэх шаардлагатай гэсэн цөөн тооны хүмүүсийн дипломыг эх хувиар нь үзсэн ба диплом олгосон их сургуулиас лавлагаа авсан байгаа. Ерөнхийдөө манай яамны дотооддоо ашиглаж байгаа цахим мэдээллийн бааз дээр тулгуурлан мөн өөрсдөө архивын нэгжтэй тулгалт хийх, Архивын ерөнхий газраас төгсөгчидтэй холбоотой лавлагааг мөн давхардуулан тулгах замаар дээрх зөрчлүүдийг илрүүлсэн юм. Ерөнхийдөө илтэд хуурамч дипломтой бусдын дипломыг хуурамчаар авч ашигласан гэх зөрчилтэй 600 гаруй иргэдийн мэдээллийг цагдаагийн байгууллагаар шалгуулахаар хүргүүлсэн байгаа... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 77-79 дүгээр хуудас/,

12. Гэрч Н.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

...2020 оны 10 дугаар сараас хойш одоог хүртэл Боловсролын мэдээллийн технологийн төвийн систем хөгжүүлэлтийн хэлтэст ахлах хөгжүүлэгчээр ажиллаж байна. Манай салбарын сайд Л.Энх-Амгалангийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн А/446 дугаартай тушаалын дагуу ажлын хэсэгт орж ажилласан.

...Дээд боловсролын удирдлага мэдээллийн систем нь төгсөгчдийн дипломын үнэн зөвийг систем нотлох боломжгүй, зөрчилтэй эсэхийг тухайн сургууль нотолно. Дээд боловсролын удирдлага мэдээллийн системийн мэдээллийн сан бүрдүүлэх ажил үе шаттайгаар тасралтгүй хийгдэж байна. Тиймээс системд бүртгэлгүй, шүүлт хийхэд байхгүй байна гэдэг нь системийн алдаа биш юм. Ажлын хэсгийн нэгтгэсэн хурал дээр зөрчлийг 5 ангилж байгаа гэсэн мэдээлэл өгч байсан болохоор дэлгэрэнгүй мэдээллийг ажлын хэсгийн нарийн бичиг Б.Доржхуягаас авч болно... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 82-84 дүгээр хуудас/,

13. Гэрч Д.А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

...2020 оноос одоог хүртэл БШУЯ-ны цахим бодлого статистикийн хэлтэст СӨБ, ЕБС-ийн статистикийн мэдээ хариуцсан шинжээчээр ажиллаж байна. Миний ажлын чиг үүрэг нь салбарын статистик мэдээг нэгтгэх, хянах, тайлагнах үүрэгтэй байдаг. Манай салбарын сайд Л.Энх-Аамгалангийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн А/446 дугаартай тушаалын дагуу ажлын хэсэгт орж ажилласан...

...Боловсрол шинжлэх ухааны сайдын 2006 оны 480 дугаар тушаалаар батлагдсан дээд боловсролын диплом олгох журмын 4.1, 4.3 дугаар заалтын дагуу диплом олгох үйл ажиллагааг тухайн сургуулийн захирал үнэн зөвийг хариуцна гэсэн заалттай байдаг. БСШУС-ын сайдын 2020 оны А/265 дугаар тушаалаар батлагдсан боловсролын салбарын мэдээллийн сан бүрдүүлэх ашиглах журмын 2.2.9, 3.2, 3.3, 3.4, 3.10.1-3.10.3 хүртэлх заалтуудын дагуу тухайн сургууль мэдээллийн санг баяжуулж, мэдээлэлд хяналт тавьж, үнэн зөв, бодит байдлыг бүрэн хариуцах зохицуулалттай байдаг. Тийм болохоор программ дээр байгаа иргэний үнэн зөв байгаа эсэхийг систем нотлохгүй. Тухайн сургуулийн захирлын тушаал сургуулиас ирүүлсэн төгсөгчдийн статистик мэдээ болон бусад баримтад үндэслэн HEMIS программ дээр оруулдаг. Программ дээр буруу шивсэн байвал хариуцлагыг тухайн их дээд сургууль хариуцахаар сайдын тушаал Статистикийн тухай хуулиар зохицуулж өгсөн байдаг. ESIS систем бол боловсролын салбарын сургууль цэцэрлэгт ажиллаж байгаа багш ажилчдын мэдээллийн бүртгэл, дээд боловсролын удирдлага, мэдээллийн систем HEMIS буюу их дээд сургуулиудын хөдөлгөөн, статистикийн мэдээг цахимжуулсан систем, их дээд сургууль төгсөгчдийн мэдээний pdf, ДБ гэсэн үг нь их дээд сургууль төгсөгчдийн статистикийн мэдээний тайлан юм. Зөрчилтэй диплом бүхий багш нарын төгссөн эсэхийг тухайн сургуулиудаас нь тодруулж лавлагаа аваагүй. Дээд боловсролын удирдлага мэдээллийн систем нь төгсөгчдийн дипломын үнэн зөвийг систем нотлох боломжгүй зөрчилтэй эсэхийг тухайн сургууль нотолно. Дээд боловсролын удирдлага мэдээллийн системийн мэдээллийн сан бүрдүүлэх ажил үе шаттайгаар тасралтгүй хийгдэж байна. Тиймээс системд бүртгэлгүй шүүлт хийхэд байхгүй байна гэдэг нь системийн алдаа биш юм. Ажлын хэсгийн нэгтгэсэн хурал дээр зөрчлийг 5 ангилж байгаа гэсэн мэдээлэл өгч байсан болохоор дэлгэрэнгүй мэдээллийг ажлын хэсгийн нарийн бичиг Б.Доржхуягаас авч болно. HEMIS буюу дээд боловсролын удирдлагын мэдээллийн системийг бүрдүүлэхэд ашигладаг БШУЯ-ны сайдын тушаалыг хүлээлгэн өгье. Нийт 13 хуудас цаасан материал байгаа... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 87-90 дугаар хуудас/,

14. Гэрч Д.Ц мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

Миний бие 1974 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Баянхонгор аймагт Дийн 7 дахь хүүхэд болж төрөөд 1982 онд Баян-Овоо сумын 8 жилийн дунд сургуульд элсэн орж суралцаад, 1992 онд Баянхонгор аймгийн 1 дүгээр 10 жилийн сургуулийг суралцаж төгсөөд бүрэн дунд боловсрол эзэмшээд тэр жилдээ Улаанбаатар дээд сургуулийн мэдээлэл зүй, математикийн багшийн ангид орж суралцаад 1996 онд төгсөөд өөрийнхөө суралцсан сургуульдаа багшаар үлдээд давхар үргэлжлүүлэн суралцаад 1998 онд компьютерын ухааны магистр мэргэжил эзэмшээд одоог хүртэл үргэлжлүүлэн ажиллаж байгаа бөгөөд одоогоор удирдах албан тушаалд ажиллаж байна. Манай байгууллагын 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 8и-2/8668 дугаартай албан бичгээр ирүүлсэн иргэд нь манай сургуулийг суралцаж төгссөн гэх нийт 400 орчим хүний мэдээлэл ирсэн бөгөөд түүний дагуу манай сургууль дээр ажлын хэсэг байгуулагдаж миний бие ахлагчаар нь ажиллаж байна. Одоогийн байдлаар нийт 196 хүний мэдээллийг нарийвчлан тулгалт хийж үзсэн ба үүнээс 12 иргэн суралцаж төгссөн нь үнэн байна. Харин үлдэгдэл иргэдийн хувьд бол манай сургуульд огт элсэн орж төгсөлт хийгээгүй, энэ талаар ямар нэгэн мэдээлэл байхгүй байна. Үүнийг бол бидний зүгээс хуурамч диплом хийлгэсэн гэж үзэж байна. Ерөнхийдөө манай зүгээс мэдээллийг шүүхдээ элсэлт болон төгсөлт хийсэн захирлын тушаалыг үндэслэж хийж байгаа бөгөөд элсэлт төгсөлтийн тушаал давхацсан хүмүүсийг манай сургуулийг төгссөн гэж үзэж байгаа бөгөөд бусад иргэд нь төгсөлт болон элсэлтийн тушаал бусад мэдээлэл огт байхгүй байна...

...Би МУБИС-ийн сургалтын хөтөлбөр, багшийн хөгжлийн албаны даргын албан тушаал хашиж байна. Энэ албан тушаалыг 2022 оны 02 дугаар сараас эхлэн авсан. Ер нь МУБИС-д 1996 оноос эхэлж ажиллаж байгаа бөгөөд багш, тэнхимийн эрхлэгч, албаны дарга гэсэн албан тушаалуудыг хашиж байна. Ц.Т гэх хүн манай сургуульд суралцаж байсан талаар мэдэхгүй байна. Сургалтын албаны дарга бол сургалтын ерөнхий бодлогыг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд суралцаж байгаа оюутнуудыг нэг бүрчлэн таних боломжгүй. Ер нь багш бэлтгэх бүх хөтөлбөр 4 жил байдаг. Агуулгын багтаамж хамгийн багадаа 120 кредит хангасан байх ёстой. Мөн өдрийн 4 жилийн ангиуд дээр нэмж хөрвөх, эчнээ ангиуд нэмж авдаг юм. Хөрвөх анги бол өдрөөр 1 жил /өмнө нь багш мэргэжил эзэмшсэн хүн/ байдаг. Харин эчнээ анги бол 5 жил суралцдаг. Мөн хөрвөх ангийн эчнээ анги гэж байдаг бөгөөд энэ нь 1.5 жил суралцдаг. Сургуулийн өмнөх цэцэрлэгийн багш болох шаардлагын дагуу хичээлүүд заагддаг. Сургалт эрхлэх тусгай зөвшөөрлөөр зохицуулагдсан журмын дагуу суралцдаг. Ц.Тын бакалаврын диплом дээр гарын үсэг зурсан бүх хүмүүсийг танина. Дээрх хүмүүс нь 2008 онд манай сургуульд ажиллаж байсан. Ц.Нг багш нь тухайн үед сургуулийн захирал байсан. Д.П нь багш сургалтын албаны дарга байсан. Одоо тэтгэвэртээ суусан. Г.Б нь сургалтын албаны ажилтай байсан байх, би танихгүй байна. Ө.Э бол МУБИС-ийн удирдах зөвлөлийн дарга байсан. Одоо УИХ-ын гишүүн Б.Ж багш бол МУБИС-ийн захирал байсан. Одоо өндөр насныхаа тэтгэвэртээ суусан. Мөн боловсролын судалгааны төвийн эрхлэгчээр ажиллаж байгаа Ц.Б багш тэтгэвэртээ суусан байгаа. Тэр үед сургалт эрхэлсэн дэд захирал байсан. Эдгээр хүмүүс тухайн үед бакалаврын диплом дээр гарын үсэг зурах эрх бүхий албан тушаалтнууд мөн. Бакалаврын диплом дээр бүх бичиглэл хийгдсэний дараа дотоод чанарын баталгаажуулалтын алба шалгасны дараа гарын үсэг зурах хүмүүс гарын үсэг зурдаг. Бичиглэл хийгдээгүй үед гарын үсэг зурах ямар ч боломжгүй юм... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 95-96, 105-106 дугаар хуудас/,

15. Гэрч Г.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

Би Ц.Т гэдэг хүнийг танина. Миний төрсөн ээж байгаа юм. Би ээжийг ямар их дээд сургууль төгссөн, хэзээ хаана ямар сургууль төгссөн талаар мэдэхгүй байна. Би аав ээжээсээ нэг их зүйл асуугаад байдаггүй юм. Гэхдээ ээжийг ямар ч гэсэн багш мэргэжилтэй гэдгийг нь мэднэ. Гэхдээ ээж багш мэргэжлээ хаана эзэмшсэн талаар би мэдэхгүй байна. Манай ээж Туул нь Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 1 дүгээр баг 10-3-35 тоотод манай аав Ганболд болон манай дүү Дөлгөөн нарын хамт амьдардаг юм. Манай ээж хамт олныхоо дунд нэр хүндтэй, хүмүүс түүнийг маш их хүндэлдэг. Шулуун шударга зантай, хувийн зохион байгуулалт сайтай, зарчимч, хүний арга эвийг маш сайн олдог. Аливаа хүнд заах арга сайтай, хүний мэдэхгүй, чадахгүй байгаа зүйлийг зааж сургахдаа сайн. Нийтийн аливаа ажилд маш их идэвхтэй оролцдог, хөрвөх чадвар өндөртэй, насаараа боловсролын байгууллагад багшилж байгаа хүн юм. Мөн сайн нөхрийн сайн халамжит хань хүүхдүүддээ супер ээж гэж хэлмээр байна... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 103 дугаар хуудас/,

16. Гэрч Д.Н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

Би МУБИС-ийн хөтөлбөрийн албаны дарга ажилтай. Би энэ ажилд 2022 оны 07 дугаар сарын 01-нд томилогдсон. Үүнээс өмнө МУБИС-ийн эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирлаар ажиллаж байсан. Мөн 2014-2017 оны хооронд СӨБ-ын сургуулийн дэд захирлаар ажиллаж байсан. Би Ц.Н гэдэг хүнийг танина. Намайг СӨБ-ын сургуулийн дэд захирал байх үед тус сургуульд монгол хэл заах арга зүйн багшаар ажиллаж байсан. Ц.Н багш доктор, дэд профессор хүн бөгөөд СӨБ-ын сургуулийн захирлаар түр 1 жил орчим томилогдон ажиллаж байсан, манай тэргүүний эрдэмтэн судлаач багш байгаа. Тэр одоогийн байдлаар ОХУ-ын Москва хотод гэр бүлийн хамт ажиллаж амьдарч байгаа. Түүний нөхөр нь тухайн улсад ЭСЯ-нд ажилладаг Ц.Нг багш ОХУ-руу яваад 2 жил орчим болж байна. Би Ц.Нбагштай садан төрлийн ямар нэгэн холбоо байхгүй. Тухай сургуулийн бакалаврын дипломыг авахад 4 жил суралцах ба энэ хугацаанд 125-135 кредит хичээл судалж байж дипломыг авна. Мөн манай сургуульд хөрвөх эчнээ анги гэж байдаг 2.5 жил, эчнээ анги нь 4.5 жил суралцаж төгсдөг. 30-40 хичээл судалж багшлах дадлага /4 шатны/ хийж диплом бичиж байж төгсдөг. Дипломыг голч үнэлгээ өндөр оюутнууд бичдэг бөгөөд энэ нь цөөхөн байдаг. Бусад оюутнууд улсын шалгалт өгөх ба дүн нь диплом дээр бичигдсэн байх ёстой байдаг. Ц.Тын бакалаврын дипломыг харахад Ц.Нбагшийн гарын үсэг мөн эсэхийг мэдэхгүй байна. Энэ диплом дээр Ц.Нбагшийг профессор гэсэн байна. Яг үнэндээ Ц.Нбагш дэд профессор хүн байгаа юм... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 108-109 дугаар хуудас/,

17. Гэрч Л.Ц мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

Би Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 3 дугаар цэцэрлэгт нягтлан бодогчоор ажилладаг. Би энэ ажилдаа 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн өдийг хүртэл ажиллаж байна. Би Ц.Т гэх хүнийг танина. Бид нэг газар хамт ажилладаг бөгөөд манай цэцэрлэгт арга зүйчээр ажилладаг болохоор би түүнийг танина мөн тэр манай суманд ажиллаж, амьдарч байсан болохоор түүнийг бага наснаас нь л танина. Садан төрлийн ямар нэгэн холбоо байхгүй. Ажлын шугамаар таньдаг харилцаатай хүмүүс байгаа юм. Ц.Т гэдэг хүн манай цэцэрлэгт одоо арга зүйчээр ажиллаж байна. Би түүнийг хэзээнээс эхэлж ажиллаж байгаа талаар мэдэхгүй байна. Намайг тус цэцэрлэгт ажилд ороход цэцэрлэгийн арга зүйчээр ажиллаж байсан. Одоо хүртэл тухайн ажлаа л хийж байгаа. Би тус цэцэрлэгт ажилд орсноос хойших зүйлийг л мэднэ. Түүнээс өмнөх цалин урамшуулал зэргийг нь мэдэхгүй байна. Ц.Тын цалин нь тогтмол 1 530 310 төгрөг байдаг бөгөөд үүнээсээ 11.5 хувь нь нийгмийн даатгал, ЭМД гээд 175 985 төгрөгийг төлдөг. Мөн ХХОАТ 10% буюу 135 432 төгрөг төлөөд гар дээр 1 218 893 төгрөг авдаг. Дээрх цалинд нь ур чадварын нэмэгдэл орж бодогдсон, харин үр дүнгийн нэмэгдлийг улирал бүр олгодог бөгөөд энэ нь тухайн байгууллагын даргын шийдвэрээр 45 хүртэл хувь олгодог юм. Харин түүний 1 сарын үндсэн цалин нь 1 055 386 төгрөг бөгөөд үүн дээр нь орон нутагт ажилласны 10 хувь буюу 105 538 төгрөг, мөн удаан жилийн нэмэгдэл 20 хувь буюу 211 107 төгрөг, зэргийн нэмэгдэл 15 хувь буюу 158 307 төгрөг нэмэгдэж бодогддог... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 111-112 дугаар хуудас/,

18. Говьсүмбэр аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 009/007 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

 Шинжилгээнд ирүүлсэн диплом нь хуурамч байна. Диплом болон хавсралт дээр байх бичиглэл болон тамга нь цаасан дээр будаг нь тархсан, замбараагүй олон цэгүүд цацагдаж тархсан, хэвлэлийн мэдээлэл, дүрс сарнисан, цаасанд гүн шингэж орсон зэрэг шинж тэмдгүүд илэрч байх тул Inkjet хэвлэлийн арга ашиглан хэвлэж хуулбарласан байна гэжээ.

Дүгнэлт гаргасан: Шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Билгүүн гэжээ. /1 дүгээр хх-ийн 115-116 дугаар хуудас/,

19. Говьсүмбэр аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны 2023 оны 08 дугаар сарын 09-ны өдрийн ГСА-2023-22/03-20 дугаартай шинжээчийн дүгнэлт,

20. Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Б/53 дугаартай “...Ц.Тыг цэцэрлэгийн арга зүйчээр 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн томилсугай” гэх тушаал /1 дүгээр хх-ийн 181 дүгээр хуудас/,

21. Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 71 дугаартай “Ц.Т нь 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс тус цэцэрлэгт арга зүйчээр ажиллаж байгаа болно” гэх тодорхойлолт /1 дүгээр хх-ийн 147 дугаар хуудас/,

22. Цагдаагийн Ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 8/8668 дугаартай албан бичиг /1 дүгээр хх-ийн 91 дүгээр хуудас/,

23. Монгол Улсын Боловсролын Их сургуулийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 3/1208 дугаартай албан бичиг, түүнд хавсаргасан төгссөн гэх мэдээлэл олдоогүй иргэдийн судалгаа /1 дүгээр хх-ийн 92, 97-98 хуудас/,

24. Монгол Улсын Боловсрол Шинжлэх Ухааны яамны 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 10/4489 дугаартай албан бичиг түүний хавсралт /1 дүгээр хх-ийн 4-22 дугаар хуудас/,

25. Цэцэрлэг, Ерөнхий боловсролын сургуулийн багш нарын боловсролын баримт бичгийн зөрчлийн жагсаалт /1 дүгээр хх-ийн 23-35 дугаар хуудас/,

26. 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн “Эд мөрийн баримтаар тооцох тухай” мөрдөгчийн тогтоол /1 дүгээр хх-ийн 37 дугаар хуудас/,

27. Шүүгдэгч Ц.Тын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хх-ийн 145 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг нэгтгэн дүгнээд шүүхээс шүүгдэгч Ц.Тд холбогдох гэм буруугийн асуудлыг шийдвэрлэлээ.

НЭГ. Гэм буруугийн талаар:

Улсын яллагчаас гэм буруугийн шүүх хуралдаанд: “шүүгдэгч Ц.Т нь Монгол Улсын Боловсролын Их сургуулийн Сургуулийн өмнөх боловсролын сургуулийг боловсролын багш, арга зүйч мэргэжлээр төгсөөгүй байж Монгол Улсын Боловсролын Их сургуулийн Сургуулийн өмнөх боловсролын сургуулийн D200811470 дугаартай 2008 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн “Боловсролын бакалавр” зэргийн дипломыг хуурамч болохыг мэдсээр байж Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Б/53 дугаартай тушаалаар цэцэрлэгийн арга зүйчээр ажилд орж 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүртэл ашиглаж, 85 907 251 төгрөгийн орлого олсон гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагаанд цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ц.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч Ц.Тын өмгөөлөгч Г.Энхжаргал нь “шүүгдэгч Ц.Т нь мөрдөн шалгах ажиллагаанаас эхлээд гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн. Гэм буруугийн хувьд өмгөөлөгчийн зүгээс маргах зүйл байхгүй. Харин улсын яллагчаас 85 907 251 төгрөгийн орлого олсон гэдгийг зөвшөөрөхгүй байна. Учир нь би энэ хуурамч дипломын хэргийг хэрхэн шийдэж байгаа шүүхийн практикийг судалж үзсэн. Дорноговь аймгийн шүүх болон Баянгол, Сүхбаатар дүүргийн шүүхүүд уг хохиролыг жич иргэний журмаар нэхэмжлэхээр шийдвэрлэсэн. Энэрэнгүй ёсны зарчмыг баримтлаад уг 85 907 251 төгрөгийг жич нэхэмжлэхээр шийдвэрлэж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргасан байна.

Шүүгдэгч Ц.Т нь Монгол Улсын Боловсролын Их сургуулийн Сургуулийн өмнөх боловсролын сургуулийг боловсролын багш, арга зүйч мэргэжлээр төгсөөгүй байж Монгол Улсын Боловсролын Их сургуулийн Сургуулийн өмнөх боловсролын сургуулийн D200811470 дугаартай 2008 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн “Боловсролын бакалавр” зэргийн дипломыг хуурамч болохыг мэдсээр байж Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Б/53 дугаартай тушаалаар цэцэрлэгийн арга зүйчээр ажилд орж 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл ашиглаж, 58 148 433 төгрөгийн орлого олсон гэх үйл баримт болсон нь тогтоогдож байна.

Шүүгдэгч Ц.Тын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурамч баримт бичиг үйлдэж, ашигласан” гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ төрлийн гэмт хэрэг нь тусгай зөвшөөрөл, эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягт, иргэний, албаны, жолоодох эрхийн үнэмлэх, боловсролын үнэмлэх, диплом, гадаад паспорт, төрийн шагнал, хүний хувийн байдлыг тодруулсан, гэрчилсэн, эдийн, эдийн бус баялгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан, худалдсан үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.

Хуурамч баримт бичиг гэж албан ёсны баримт бичгийг бүхий л арга, хэрэгсэл ашиглан, бүрэн дуурайлгаж буюу хэсэгчлэн (тамга тэмдэг, гарын үсгийг хуурамчаар үйлдэх, бичвэрийн агуулгыг өөрчлөх буюу засварлах) өөрчлөхийг хэлнэ.

Шүүгдэгч Ц.Т нь Монгол Улсын Боловсролын Их сургуулийн Сургуулийн өмнөх боловсролын сургуулийг боловсролын багш, арга зүйч мэргэжлээр төгсөөгүй байж Монгол Улсын Боловсролын Их сургуулийн Сургуулийн өмнөх боловсролын сургуулийн D200811470 дугаартай 2008 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн “Боловсролын бакалавр” зэргийн дипломыг хуурамч болохыг мэдсээр байж буюу хуурамч баримт бичиг ашигласан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Г.О, Б.Д, А.З нарын мэдүүлэг, гэрч Ч.Э, Я.Н, А.Т, Б.Дг, Н.Бг, Д.А, Д.Ц, Г.М, Д.Нг, Л.Ц нарын мэдүүлэг, Говьсүмбэр аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 009/007 дугаартай шинжээчийн дүгнэлт, Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Б/53 дугаартай тушаал, хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтууд болон шүүх хуралдааны хэлэлцүүлгээр нотлогдон тогтоогдож байна гэж шүүхээс үзлээ. 

Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч Ц.Тын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ц.Т нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна.

Шүүгдэгч Ц.Т болон түүний өмгөөлөгч Г.Энхжаргал нар нь гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болно.

            Иймд шүүгдэгч Ц.Тыг хуурамч баримт бичиг ашиглах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.

Хохирол, хор уршгийн талаарх дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, мөн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт ““Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого" гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно.” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Ц.Тын өмгөөлөгч Г.Энхжаргал нь “...улсын яллагчаас 85 907 251 төгрөгийн орлого олсон гэдгийг зөвшөөрөхгүй байна. Учир нь би энэ хуурамч дипломын хэргийг хэрхэн шийдэж байгаа шүүхийн практикийг судалж үзсэн. Дорноговь аймгийн шүүх болон Баянгол, Сүхбаатар дүүргийн шүүхүүд уг хохиролыг жич иргэний журмаар нэхэмжлэхээр шийдвэрлэсэн. Энэрэнгүй ёсны зарчмыг баримтлаад уг 85 907 251 төгрөгийг жич нэхэмжлэхээр шийдвэрлэж өгнө үү” гэх дүгнэлт гаргасныг хүлээн авах боломжгүй байна гэж шүүхээс үзлээ. Учир нь:

Эрх зүйн онолын үүднээс Монгол Улс нь Ром-Германы буюу Эх газрын эрх зүйн бүлд хамаардаг. Уг эрх зүйн бүлтэй улсын шүүх нь тухайн цаг үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжид нийцүүлж хэрэг маргааныг хянан шийдвэрлэдэг. Харин Англо-Саксон буюу Далайн орнуудын эрх зүйн бүлд хамаарагддаг улсын хувьд шүүх нь урьд шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг хэвшүүлэн хэрэглэдэг онцлогтой. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт “Шүүгч шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхдээ аливаа этгээдээс хараат бус байж, гагцхүү Монгол Улсын Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан, албан ёсоор нийтлэгдсэн бусад хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд захирагдана.” гэж заасан байх тул өмгөөлөгч Г.Энхжаргалаас гаргасан дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна.

Түүнчлэн шүүгдэгч Ц.Тын гэмт үйлдэл нь 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс хойш удааширсан үйлдэл бөгөөд 2022 оны 09 дүгээр сард цагдаагийн байгууллагад мэдээлэл ирж, энэхүү мэдээллийн дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, шаардлагатай ажиллагаа хийгдэж, шүүгдэгч Ц.Т нь хуурамч диплом ашиглаж Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Б/53 дугаартай тушаалаар цэцэрлэгийн арга зүйчээр ажилласан талаарх нотлох баримтуудыг цуглуулж, 2022 оны 11 дүгээр сарын 14ий өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол гарснаар ажил олгогч хуурамч диплом гэдгийг мэдэх боломж бүрдсэн, таслан зогсоох боломжтой болсон цаг хугацааг гэмт хэрэг төгссөн цаг хугацаа гэж үзэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ц.Т нь дипломыг хуурамч болохыг мэдсээр байж, ашиглан хууль бус үйлдлээ үргэлжлүүлж буй нь тухайн албан тушаалд шударгаар өрсөлдөж томилогдох боломжтой байсан иргэний эрхийг зөрчин, хохирол учруулахаас гадна Төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллагын үнэлэмжийг сулруулах зэрэг бусад хор уршиг учруулсанд тооцогдох үндэслэлтэй болно.

Хэргийн үйл баримтаас үзэхэд шүүгдэгч Ц.Т нь 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 3 дугаар цэцэглэгийн арга зүйчээр ажиллахдаа хуурамч диплом гэдгийг мэдсээр байж ашиглан гэмт санаагаа хэрэгжүүлсээр байсан тул түүний энэхүү хууль бус үйлдлийн улмаас олсон ашгийг энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзэх нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгч Ц.Тын гэмт үйлдлийн улмаас учирсан хохирлыг 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 3 дугаар цэцэглэгийн арга зүйчээр ажилласан хугацаанд авсан гарт олгосон цалинг тооцоход шүүгдэгч Ц.Т нь нийт 58 146 433 /тавин найман сая нэг зуун дөчин зургаан мянга дөрвөн зуун гучин гурав/ төгрөгийн хохирлыг улсын төсөвт учруулсан болох нь Говьсүмбэр аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны 2023 оны 08 дугаар сарын 09-ны өдрийн ГСА-2023-22/03-20 дугаартай шинжээчийн дүгнэлт, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүх хуралдааны хэлэлцүүлгээр нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Тд төрөөс олгосон цалин хөлсийг гэмт хэрэг үйлдэж олсон орлогод тооцон 58 146 433 /тавин найман сая нэг зуун дөчин зургаан мянга дөрвөн зуун гучин гурав/ төгрөгийг хурааж, улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.

ХОЁР. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “Шүүхээс шүүгдэгч Ц.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнийг уг зүйлд зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 800 000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч Ц.Тын өмгөөлөгч Г.Энхжаргал эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “Шүүгдэгч Ц.Тын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ялын хамгийн доод хэмжээ буюу 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450 000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.

Шүүхээс шүүгдэгч Ц.Тд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Шүүгдэгч Ц.Тын үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлүүдэд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч Ц.Тыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирно гэж шүүхээс үзлээ.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Тд оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

Шүүгдэгч Ц.Т нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.

 

            Шүүгдэгч Ц.Т нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн D200811470 дугаартай бакалаврын диплом 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалахаар шийдвэрлэв. 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                       ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Б овогт Ц.Тыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурамч баримт бичиг ашиглах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Шүүгдэгч Ц.Тыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Тд оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

          4. Шүүгдэгч Ц.Т нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            5. Шүүгдэгч Ц.Т нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.       

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд тус тус зааснаар шүүгдэгч Ц.Таас гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 58146433 /тавин найман сая нэг зуун дөчин зургаан мянга дөрвөн зуун гучин гурав/ төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй.

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн D200811470 дугаартай бакалаврын диплом 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.

            8. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

      9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Тд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Т.ЭНХМАНДАХ