Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2022/00448

 

“..........ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2020/01804 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 1759 дүгээр магадлалтай,

“..........ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Б.Цд холбогдох

Үндсэн нэхэмжлэл: Зээлийн гэрээний үүрэгт 27,091,165 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах,

Сөрөг нэхэмжлэл: Автомашины үнийн зөрүүд 20,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эрхэмбаяр, өмгөөлөгч Т.Урангэрэл, хариуцагчийн өмгөөлөгч Л.Батжаргал, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “..........ББСБ” ХХК нь хариуцагч Б.Цд холбогдуулан зээлийн гэрээний биелэлтэд 28,275,165 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээ 1,184,000 төгрөгөөр багасгаж, нийт 27,091,165 төгрөг гаргуулахаар болсон, хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан байна.

Хариуцагч нэхэмжлэгчид холбогдуулан автомашины бодит үнэ 30,000,000 төгрөгийг зээлийн гэрээний үүрэгт тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад сөрөг нэхэмжлэлээ хохирол 20,000,000 төгрөгийг гаргуулах гэж өөрчилсөн, нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.

2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2020/01804 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Цоос 26,991,247 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “..........ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 99,918 төгрөгийн шаардлага болон фидуцийн зүйл болох 88-10 УНС улсын дугаартай тоёота ланд круйзер 100 маркийн автомашинаар үүргийн гүйцэтгэл хангуулах тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “..........ББСБ” ХХК-д холбогдох автомашины зөрүү үнэ 20,000,000 төгрөг гаргуулах хариуцагч Б.Цийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 364,540 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257,950 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагч Б.Цоос улсын тэмдэгтийн хураамжид 292,906 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “..........ББСБ” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 1759 дүгээр магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2020/01804 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 235 дугаар зүйлийн 235.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Б.Цоос 22,077,959.12 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “..........ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,013,206 төгрөгт холбогдох хэсэг болон фидуцийн гэрээний зүйл болох Тоёота Ланд Круйзер 100 маркийн автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж, тогтоох хэсгийн 3 дахь заалтын “...292,906...” гэснийг “268,340” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа 2020.07.16-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 393,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

4. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Туул хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

4.1. Зээлдэгч Б.Ц нь 2018.05.25-ны өдрөөс 2019.05.20-ны өдрийн байдлаар Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасны дагуу зээлийн мөнгөн хөрөнгө, түүний хүүд нийт 39,108,475.39 төгрөг төлөх үүрэг хүлээсэн ба гэрээний хугацаанд төлсөн нийт 6,622,000 төгрөгийг хасвал, гэрээний хугацаа дуусах үед 32,486,475 төгрөгийн буюу үндсэн зээл 30,000,000 төгрөг, хүүгийн төлбөрт 2,486,475 төгрөг төлөх үүргээ хугацаандаа биелүүлээгүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэн байна. Гэтэл 2018.05.25-ны өдрийн 14-18051360 тоот зээлийн гэрээний хавсралт 1 буюу эргэн төлөлтийн хувиараар эхний 4 сард зээлийн хүүг үлдсэн 8 сард нь үндсэн зээл хүүг төлөхөөр тохиролцсон. Өөрөөр хэлбэл 2018.10.20-ны өдрөөс эхлэн сард хүү, үндсэн зээлд нийт 4,365,000 төгрөг төлөхөөр тохиролцсон бөгөөд хэрэв зээлдэгч нь хугацаандаа зээлээ төлсөн бол үүргийн гүйцэтгэлд нийт 39,108,475.39 төгрөг төлөх байсан харин зээлдэгч Б.Ц нь үндсэн зээлийг төлөлгүй

2018.06.20-с 2018.11.30-ны өдөр хүртэл үндсэн зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүнд нийт 6,622,000 төгрөг төлсөн. Давж заалдах шатны шүүхийн дээрх тооцоолол нь буруу бөгөөд үүнээс үүдэн дараа дараагийн магадлалд дурдсан тооцоолол авцалдаагүй ойлгомжгүй үндэслэлгүй болсон юм.

4.2. Нэхэмжлэгч ББСБ нь талуудын хооронд байгуулсан фидуцийн гэрээний зүйл болох Тоёота Альфард маркийн автомашиныг гэрээний хугацаа дуусахаас өмнө буюу 2019.03.15-ны өдөр бусдад худалдан борлуулж, уг үнийн дүнг зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт тооцож хариуцагчийн гүйцэтгэвэл зохих үүргийн хэмжээг тодорхойлсон нь буруу. Зүй нь, Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт гэрээний хугацаа дуусах үед тухайн хөдлөх эд хөрөнгөөр үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах талаар зохицуулсан. Иймд зээлийн үндсэн төлбөр 30,000,000 төгрөгөөс фидуцийн гэрээний хөдлөх эд хөрөнгийн бодит үнэ 16,184,000 төгрөгийг /нэхэмжлэгч буюу үүрэг гүйцэтгүүлэгч шинжээчийн дүгнэлтээр тогтоосон уг үнэлгээг зөвшөөрсөн/ хасах нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасан үүрэг гүйцэтгэх дараалал болон талуудын хооронд байгуулсан гэрээний 2.14.3-т заасантай тус тус нийцнэ гэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлд тооцогдохоор байна. 2019.03.15-ны өдөр тээврийн хэрэгслийг хөндлөнгийн шинжээчийн үнэлгээчнээр үнэлүүлж бусдад худалдсан бөгөөд тухайн үед зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байсан тул зээлийн гэрээний 2.13-т заасан дарааллаар төлбөрийг хассан бөгөөд зээлийн гэрээний 2.14.3 дахь заалт нь машинаа хадгалаад зээл авах тохиолдолд хамааралтай заалт бөгөөд хариуцагч Б.Ц нь машинаа унаад зээл авахаар гэрээ байгуулсан болно. Мөн Фидуцийн гэрээний 4.2.4 дэх заалт хэрэв үүрэг гүйцэтгүүлэх хөрөнгийг борлуулснаас орлого нь үндсэн зээлийн үлдэгдэл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүү, хөрөнгийн үнэлгээний төлбөрийг бүрэн төлөхөд хүрэлцээгүй бол бусад эд хөрөнгөөрөө төлж барагдуулна гэсэн заалт байгаа болно.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

5. Хариуцагч Б.Ц хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хууль зөрчсөн үндэслэлээр хяналтын гомдол гаргаж байна.

5.1. Хариуцагч Б.Ц нь нэхэмжлэгч “..........ББСБ” ХХК-аас зээл хүсэхдээ Тоёото Альфард маркийн 17-37 УНХ улсын дугаартай авто машиныг 35,000,000 төгрөгт, Тоёото Ланд круйзер 100 маркийн 88-10 УНС улсын дугаартай авто машиныг 35,000,000 төгрөгөөр үнэлсэн үнийн саналыг нэхэмжлэгч “..........ББСБ” ХХК-ийн зээлийн хорооны эрх бүхий этгээд нар боломжтой гэж хүлээн зөвшөөрч хоёр авто машины үнийн саналын 50 хувиар буюу 30,000,000 төгрөгийн зээл олгосон болох нь хэрэгт авагдсан хариуцагчийн зээлийн анкетаар \хх-ийн 10-11 тал\ нотлогддог. Хариуцагч Б.Ц нь зээлийн гэрээний дагуу 30,000,000 төгрөгийн, сарын 3.5 хувийн хүүнд сар бүр 1,050,000 төгрөг буюу 2018.11.30-ны өдөр хүртэл 7 сарын зээлийн хүүнд 7,350,000 төгрөгийг төлөх үүрэгтэй байснаас 8,022,000 төгрөгийг төлсөн нь хэрэгт авагдсан зээлийн дансны хуулгаар \хх-ийн 14 тал\ нотлогддог болно.

5.2. Нэхэмжлэгч “..........ББСБ” ХХК нь 2018.12.03-ны өдөр Тоёото Альфард маркийн 17-37 УНХ улсын дугаартай авто машиныг биетээр өөрийн эзэмшилд шилжүүлэн авч хариуцагчид 2019 оны 01 дүгээр сард зээлийн гэрээ фидуцийн гэрээг цуцалж, дуусгавар болгож байгаа талаар мэдэгдэж, 2019.03.15-ны өдөр Тоёото Альфард маркийн 17-37 УНХ улсын дугаартай авто машиныг өөрийн үзэмжээр зах зээлд байгаагүй үнээр буюу 15,000,000 төгрөгөөр худалдан борлуулсан байдаг. Хариуцагч Б.Ц нь Тоёото Альфард маркийн 17-37 УНХ улсын дугаартай авто машиныг зах зээлийн үнээр буюу 28,000,000-30,000,000 төгрөгөөр зарж борлуулан, зээлийн үндсэн төлбөрийг төлж барагдуулах саналыг нэхэмжлэгчид тавьж байсан боловч нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөөгүйгээр барахгүй худалдан борлуулсан талаар ч хариуцагчид огт мэдэгдэж байгаагүй болно.

5.3. Хариуцагчийн хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шинжээчээр томилогдсон “Хөрөнгө үнэлгээний төв” ХХК нь хэрэгт авагдсан нэхэмжлэгч “..........ББСБ” ХХК-ийн захиалгаар Тоёото альфард маркийн авто машиныг 2019 оны 03 дугаар сард “Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээг гаргахдаа тулгуурласан баримтыг үндэслэн Тоёото Альфард маркийн авто машины зах зээлийн үнэлгээг гаргахдаа өртгийн хандлага, зах зээлийн хандлага, орлогын хандлага, жишиг аргын хандлагыг ашиглаж 2018 оны 05 дугаар сарын байдлаар 27,310,000 төгрөгийн үнэ цэнэтэй, 2020.01.20-ны өдрийн байдлаар зах зээлийн үнэ цэнэ 23,220,000 төгрөг байсан талаар үндэслэл бүхий дүгнэлт гаргасан. Нэхэмжлэгчийн зүгээс дахин шинжээч томилуулах хүсэлтийг шүүх ханган шийдвэрлэж 2020.02.12-ны өдрийн шүүгчийн 02598 дугаартай захирамжаар шинжээчээр “Итгэлт инвест” ХХК-ийг томилсон. Шинжээч “Итгэлт инвест” ХХК нь авто машины зах зээлийн үнэлгээг 2018 оны 05 дугаар сарын байдлаар 17,323,800 төгрөг 2019 оны 03 дугаар сарын байдлаар 16,180,000 төгрөгийн үнэ цэнэтэй гэж зах зээлд огт байгаагүй, илт үндэслэлгүй үнэлгээг гаргасан байдаг бөгөөд үнэлгээ илт үндэслэлгүй болох нь авто машин худалдан борлуулдаг цахим сүлжээнд тавигдсан зарын мэдээллээр хангалттай нотлогддог.

5.4. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт тус тус зааснаар шинжээчийн дүгнэлт тодорхойгүй буюу бүрэн бус, эсхүл шинжилгээ хийлгэж байгаа асуудалтай холбоотой нөхцөл байдал бий болсон тохиолдолд шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн тогтоол, захирамж, хүсэлтээр нэмэлт шинжилгээ, шинжээчийн дүгнэлт, эсхүл түүний зарим хэсэг үндэслэлгүй буюу үнэн зөв болох нь эргэлзээтэй байвал дахин шинжилгээ хийлгэх боломжтой гэж заасан байдаг. Шинжээчийн нэг автомашин дээр хийгдсэн дүгнэлт илт зөрүүтэй байхад хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс дахин шинжээч томилуулах тухай хүсэлтийг анхан шатны шүүх хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт нийцээгүй, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 40.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэх үндэслэл болж байгаа болно.

5.5. Б.Цийн фидуцийн гэрээний дагуу нэхэмжлэгчид шилжүүлсэн Тоёота Альфард маркийн 17-37 УНХ улсын дугаартай автомашины үнэ цэнэ зах зээлийн хандлагаар 2018 онд зах зээлд худалдагдан борлуулагдсан дундаж үнэ 30,000,000 орчим төгрөг, 2019 онд 25,000,000 орчим төгрөгийн үнэ цэнэтэй байсан болно. Б.Цийн зүгээс шинжээч “Хөрөнгө үнэлгээний төв” ХХК-ийн үнэлгээг зах зээлийн бодит үнэ ханштай ойролцоо, автомашин худалдан борлуулдаг цахим мэдээлэлтэй харьцуулан үндэслэл бүхий дүгнэлт гаргасан гэж үзэж байгаа болно. Нэхэмжлэгч нь хариуцагчийн фидуцийн гэрээний зүйл болох Тоёота Алфард маркийн 17-37 УНХ улсын дугаартай авто машиныг зах зээлийн үнэ ханшаар худалдан борлуулах хүсэлтийг хүлээн аваагүй, хариуцагчид 15,000,000 төгрөгт худалдан борлуулах талаар мэдэгдэлгүйгээр худалдан борлуулж хариуцагчид хохирол учруулсан болно.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Зохигчийн хэн алины гомдлыг хангах үндэслэл тогтоогдоогүй байна.

6. Нэхэмжлэгч “..........ББСБ” ХХК нь хариуцагч Б.Цд холбогдуулан зээлийн үлдэгдэл 20,085,000 төгрөг, зээлийн хүү 7,426,265 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 763,899 төгрөг, нийт 28,275,165 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээ 1,184,000 төгрөгөөр багасгаж, нийт 27,091,165 төгрөг гаргуулахаар болсон, хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч “...нэг сарын хүү төлөөгүй гэсэн шалтгаанаар 2018 оны 12 дугаар сард фидуцийн гэрээний зүйл болох 32,000,000 төгрөгийн үнэтэй Тоёото Альфард маркийн 17-37 УНХ улсын дугаартай автомашиныг төлбөрт авч бусдад худалдан борлуулсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.” гэжээ.

Хариуцагч нэхэмжлэгчид холбогдуулан автомашиныг авч зах зээлийн үнээс хэт доогуур худалдсан гэж үнэ 30,000,000 төгрөгийг зээлийн гэрээний үүрэгт тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад сөрөг нэхэмжлэлээ автомашины үнийн зөрүүд 20,000,000 төгрөгийг гаргуулах гэж өөрчилсөн, нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч фидуцийн гэрээний 2.1 дэх хэсэгт талууд автомашины бодит үнэ 15,000,000 төгрөг гэж тохиролцсон, уг үнээр худалдаж зээлийн төлбөрөөс хассан гэж маргасан.

7. Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж хариуцагчаас гаргуулсан төлбөрийн үүргийг багасгаж шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн гэж үзэв.

8. Хэргийн баримтаас үзвэл, зохигчийн хооронд 2018.05.25-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээгээр “..........ББСБ” ХХК нь Б.Цд 30,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэй зээлсэн, төлбөрийг хувиарийн дагуу төлөөгүй тохиолдолд сард үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцсон, үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор фидуцийн гэрээ байгуулж хариуцагчийн эзэмшлийн Тоёото Альфард болон Тоёото Ландкруйзер-100 маркийн автомашинуудыг нэхэмжлэгч өмчлөлдөө шилжүүлж бүртгэл хийлгэсэн нь тогтоогджээ.

9. Зээл болон фидуцийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, 235 дугаар зүйлийн 235.1-д заасантай нийцсэн хүчин төгөлдөр болох тухай хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

10. Нэхэмжлэгч гэрээнд заасны дагуу хариуцагчийн өмчлөлд мөнгөн хөрөнгийг шилжүүлж өгсөн, хариуцагч нь зээлийг эргэн төлөх хуваарийн дагуу эхний 4 сард зээлийн хүү, 5 дахь сараас хүүгээс гадна үндсэн зээлийн зохих хэсгийг төлөх үүрэг хүлээсэн боловч, 2018 оны 6-11 сарын хүүд нийт 6,265,000 төгрөг төлснөөс өөр үүргийг гүйцэтгээгүй зөрчил гаргасныг зохигч маргаагүй байна.

11. Фидуцийн гэрээний зүйл болох автомашинууд хариуцагчийн эзэмшилд байсан боловч талууд 2019.03.15-ны өдөр Тоёото Альфард маркийн автомашиныг үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэгчийн эзэмшилд шилжүүлжээ. Нэхэмжлэгч уг автомашиныг 15,000,000 төгрөгөөр бусдад худалдаж хуримтлагдсан зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, үндсэн зээлийн зарим хэсгийн төлбөрт тооцсоныг анхан шатны шүүх хууль зөрчөөгүй гэж үзжээ.

12. Анхан шатны шүүх хариуцагчаас нийт 26,991,247 төгрөг гаргуулахдаа тооцооллын алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх залруулж нийт гүйцэтгэвэл зохих үүргийг гэрээнд заасан нөхцөлөөр тодорхойлсноос гадна фидуцийн гэрээний дагуу худалдан борлуулсан автомашины үнийг шинжээч “Итгэлт-Эстимэйт” ХХК 16,184,000 төгрөгөөр тогтоосныг үндэслэн уг мөнгийг үндсэн зээлээс хассан нь гэрээний 2.14.3, Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т заасныг зөрчөөгүй, иймээс үлдэх төлбөрт хариуцагчаас 22,077,959.12 төгрөг гаргуулж шийдвэрлэснийг үгүйсгэх үндэслэлгүй байна.

13. Иймд нэхэмжлэгчийн давж заалдах шатны шүүх фидуцийн зүйлийг худалдсан үнээс үндсэн зээлийг хассаныг буруу гэсэн гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

14. Сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг эс зөвшөөрсөн хариуцагчийн гомдлын тухайд, фидуцийн зүйлийн үнийн зөрүүд 20,000,000 төгрөг гаргуулах шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.

Фидуцийн гэрээ нь үүргийн гүйцэтгэлийг хангах арга бөгөөд үүрэг зөрчигдсөн гэрээний хугацаа дуусгавар болоход үүрэг гүйцэтгүүлэгч фидуцийн зүйлийг бодитойгоор шилжүүлэн авснаар үүрэг дуусгавар болох талаар Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д заасан байна.

Зохигч үүргийн гүйцэтгэлийг хангуулах арга болгож фидуцийн гэрээ байгуулахдаа хоёр автомашиныг гэрээний зүйл болгосон байх бөгөөд нэг буюу Тоёото Альфард автомашиныг нэхэмжлэгч бодитоор авснаар зээлийн үүргийг бүхэлд нь хангагдсан гэж үзэх үндэслэлгүй, үүний улмаас тухайн автомашиныг бусдад худалдсан үнэ ач холбогдолтой болно.

Хэрэгт авагдсан фидуцийн гэрээнд автомашин нэг бүрийн үнийг талууд 15,000,000 болон 16,000,000 төгрөг гэж тодорхойлсон, нэхэмжлэгч бусдад 15,000,000 төгрөгөөр худалдсан тухай баримт, нэхэмжлэгчийн хүсэлтээр “Ашид Билгүүн” ХХК автомашиныг 14,800,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ авагдсан, мөн шүүх талуудын хүсэлтээр 2 удаа шинжээч томилж үнэ тогтоолгосон ба “Хөрөнгө үнэлгээний төв” ХХК автомашиныг 23,220,000 төгрөг, “Итгэлт-Эстимэйт” ХХК 16,184,000 төгрөг гэж тус тус үнэлсэн, эдгээр баримтыг давж заалдах шатны шүүх харьцуулан үзэж, үнийг тодорхойлж зээлийн төлбөрөөс хассан нь нотлох баримтыг харьцуулан үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмыг зөрчөөгүй байна.

16. Дурдсан үндэслэлээр магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 1759 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, зохигчийн гомдлыг тус тус хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч “..........ББСБ” ХХК /төлөөлөгч Т.Туул/-ийн 2020.09.16-ны өдөр 93,563 төгрөг, хариуцагч Б.Цийн 2020.09.15-ны өдөр 310,000 төгрөг тус тус төлснийг  улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.СОЁМБО-ЭРДЭНЭ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                       Г.БАНЗРАГЧ

                                                                        П.ЗОЛЗАЯА

                                                                        Х.ЭРДЭНЭСУВД