Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 313

 

  

 

                                                         

 

 

 

 

2020 оны 02 сарын 03 өдөр                 Дугаар 183/ШШ2020/00313                            Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Т.Оын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Бд холбогдох,

хууль бус эзэмшлээс орон сууц албадан чөлөөлүүлэхийг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ганчимэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ганцэцэг, хариуцагч Д.Б, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Энхболд, нарийн бичгийн дарга Б.Сарангуа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Хан-Уул дүүрэг, 15 хороо, Үйлдвэр туул гол гудамж, 55 байр, 10 тоот, 107,8 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн 000618180 гэрчилгээний дугаартай, Ү-2206053889 дугаартай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч болно. 2018.03.19-ны өдөр “Эн ти эм” ХХК-тай “Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ”-г байгуулсан бөгөөд тус гэрээгээр Худалдагч нь чанар стандартын шаардлага хангасан ханын болон таазны обой нийлүүлэх, Худалдан авагч нь гэрээнд заасан хэлбэрээр төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцсон. Орон сууцны 1мкв-ын үнийг 2,300,000 төгрөгөөр тооцон орон сууцны нийт үнэ тагтны хамт 250,401,000 төгрөгийн дүнд тохирсон обойг өгөхөөр тохиролцсон. “Эн ти эм” ХХК нь “Өрлөг шаврын ажил гүйцэтгэх гэрээ”-г “Очирнаранхүү” ХХК-тай гэрээ байгуулан төлбөрт нь тус орон сууцыг өгөхөөр тохирсон байсан бөгөөд тус компани ажлын гүйцэтгэл нь гэрээний үнийн дүндээ хүрээгүй байхад “Очирнаранхүү” ХХК-ийн захирал М.Бямбацогтын удаа дараагийн хүсэлтээр орон сууцны түлхүүрийг хүлээн авч дур мэдэн өмчлөгч миний зөвшөөрөлгүйгээр орон сууцанд гэрээ байгуулан Д.Бг оруулсан байсан. Би өөрийн өмчлөлийн байраа суллуулахаар удаа дараа “Эн ти эм” ХХК-д хандан миний өмчлөлийн орон сууцнаас Д.Бг гаргах талаар мэдэгдэл өгсөн ч амьдарсаар байна. Д.Б тус орон сууцанд засвар хийсэн, тавилга хийлгэсэн гэж мөнгө нэхдэг ч хэнээс юу нэхээд байгаа нь ойлгомжгүй. Иймд миний өмчлөлийн орон сууцыг албадан чөлөөлж өгнө үү гэв.

Хариуцагчаас шүүхэд болон өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Хан-Уул дүүргийн 15 хороо, Үйлдвэр, Туул гол гудамж, 55

байр 10 тоот орон сууцыг 2018.11.07-ны өдөр “Очирнаран хүү” ХХК-ийн захирал М.Бямбацогттой “Орон сууц захиалгын гэрээ” байгуулан 1 м.кв-ыг 1.620.000 төгрөг нийт 175,0 сая төгрөгөөр худалдан авахаар урьдчилгаанд бэлнээр 40,0 сая төгрөг, автомашин 22,0 сая төгрөгт тооцон нийт 62,0 сая төгрөгийг төлж үлдэх төлбөрийг сар бүр 3,0 сая төгрөг төлөхөөр худалдан авсан. Тухайн үед М.Бямбацогт нь “Эн ти эм” ХХК-тай байгуулсан “Өрлөг шаврын гүйцэтгээ гэрээ” болон уг байрыг “Очир наранхүү” ХХК-ийн захирал М.Бямбацогтод шилжүүлсэн тухай “Эн ти эм” ХХК-ийн албан бичиг зэргийг үзүүлэн байрыг хүлээлгэн өгсөн. Бид байранд нүүн орж, 10 сая төгрөгийн засвар хийсэн. Гэтэл “Эн ти эм” ХХК нь дээрх нөхцөл байдлыг мэдсээр байж уг байрны эрхийг Т.От шилжүүлсэн нь хууль бус бөгөөд миний хувьд ямар 1 хууль зөрчиж байранд амьдраагүй, гэрээний дагуу амьдарч байгаа миний эзэмшил хууль бус гэж үзэхгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Т.О нь Д.Бд холбогдуулан хууль бус эзэмшлээс орон сууц албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ хууль ёсны өмчлөгч, хариуцагчтай хэлцэл хийгээгүй гэж, хариуцагч нь “Очирнаран хүү” ХХК-ийн захиралтай гэрээ байгуулан худалдан авсан гэж маргалаа.

 

Нэхэмжлэгч нь М.Төмөрцоожтой 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Орон сууц хөрөнгө оруулалтын гэрээг байгуулан, Хан-Уул дүүрэг, 15 хороо, Үйлдвэр туул гол гудамж, 55 байр, 10 тоот 3 өрөө орон сууцыг 100,000,000 төгрөгөөр захиалан бариулж, Ү-2206053889 дугаарт бүртгэгдэн өмчлөгч болж, үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн 000618180 дугаар гэрчилгээ олгогджээ.

 

Хариуцагч нь дээрх орон сууцыг 175,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцон, 62,000,000 төгрөгийг төлж үлдэх төлбөрийг сар бүр 3,000,000 төгрөг төлөхөөр тохиролцон “Очирнаран хүү” ХХК-тай 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Орон сууц захиалгын гэрээ байгуулан, тухайн байранд амьдарч байгаа болох нь хэргийн үйл баримт болон гэрч нарын мэдүүлгээр нотлогдож байна.

 

Т.О нь “Эн ти эм” ХХК-ийн борлуулалтын албанд тухайн байрыг зарж борлуулах хүсэлт гаргаж, “Эн ти эм” ХХК нь “Очирнаран хүү” ХХК-тай 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр байгуулсан Өрлөг шаврын гүйцэтгэх гэрээний дагуу уг орон сууцны өмчлөлийг шилжүүлэхээр тохиролцон түлхүүрийг өгсөн байна.

 

Энэхүү гэрээний дагуу “Очирнаран хүү” ХХК нь 115,000,000 төгрөгийн ажил гүйцэтгэж, “Эн ти эм” ХХК нь 88,000,000 төгрөгийг “Очирнаран хүү” ХХК-д төлөөгүй болох нь гэрч З.Төгөлдөрийн мэдүүлгээр, уг ажлын хөлсөнд маргаан бүхий орон сууцыг худалдан борлуулж төлбөрийг авахаар тохирсон нь гэрч М.Бямбацогтын мэдүүлгээр тус тус нотлогдож байна.

 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д “өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэж заасан ба нэхэмжлэгчийн тухайн эд хөрөнгийн өмчлөгчийн хувьд хууль ёсны байх, хариуцагчийн эзэмшил нь хууль бус тохиолдолд шаардах эрх үүсэх юм.

 

Уг хэрэгт хариуцагч нь нэхэмжлэгчийн өмчлөл хууль ёсны эсэхэд маргаагүй, хариуцагчийн орон сууцны эзэмшлийг хууль ёсных гэж үзэх боломжгүй байна.    Учир нь хариуцагч нэхэмжлэгч нарын хооронд хэлцэл хийгдээгүй байх тул нэхэмжлэгчийг шаардах эрхтэй гэж үзлээ.

 

Орон сууцны урьдчилгаанд хариуцагч 62,000,000 төгрөг төлж үлдэх 113,000,000 төгрөгийг сар бүр 3,000,000 төгрөгөөр “Очирнаран хүү” ХХК-д төлөх үүргээ биелүүлээгүйгээс “Эн ти эм” ХХК нь нэхэмжлэгчид орон сууцны төлбөр төлөгдөөгүйгээр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхээр байх тул Хан-Уул дүүрэг, 15 хороо, Үйлдвэр Туул гудамж 55 байр, 10 тоот орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлөх үндэслэлтэй

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хураамжид 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар нэхэмжлэгчээс хураамжид илүү төлсөн 1,339,755 төгрөгийг орлогоос гаргуулж, нэхэмжлэгчид буцаан олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан Т.Оын өмчлөлийн улсын эрхийн Ү-2206053889 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 15 хороо, Үйлдвэр Туул гудамж /17041/, 55 байр, 10 тоот орон сууцыг Бгийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хураамжид 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар орлогоос 1,339,755 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Ж.ЭРДЭНЭЧИМЭГ