Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 128/ШШ2022/0259

 

 

 

 

    2022           04            05                                        128/ШШ2022/0259

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Батсүрэн даргалж, тус шүүхийн 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С.Н******,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Н******,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч:К.Б*****,

Хариуцагч: БГДЗД

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.С*****

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л.И***** нарыг оролцуулан төрийн албаны маргаантай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Н******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч К.Б*****, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С*****, Л.И***** нарыг /танхимаар биечлэн/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Амин-од нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч С.Н****** нь Баянгол дүүргийн Засаг даргад холбогдуулан “Баянгол дүүргийн Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн “С.Н******-г албан тушаалаас чөлөөлөх тухай” Б/240 дугаартай захирамжийг хүчингүй болгож, урьд ажиллаж байсан ажилд эгүүлэн томилуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гарган маргаж байна.

2. Нэхэмжлэгч нь анх 2005 онд Нийслэлийн Засаг даргын 2005 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 390 дүгээр захирамжаар Баянгол дүүргийн “О*******” сургуулийн захирлын албан тушаалд томилогдсон байна. Төрийн өмчийн боловсролын байгууллагын үйл ажиллагаа, сахилга хариуцлага, төсвийн хэмнэлтэд хяналт шалгалт хийх ажлын удирдамжийн дагуу батлагдсан ажлын хэсэг 2021 оны 09 дүгээр сарын 21, 21-ны өдрүүдэд Нийслэлийн ерөнхий боловсролын “О*******” сургуулийн үйл ажиллагаа, сахилга хариуцлага, төсвийн хэмнэлтэд хяналт шалгалт явуулж, ажлын хэсгийн дүгнэлтээр нэхэмжлэгч С.Н****** төсвийг үр ашиггүй зарцуулсан, захирлын тушаалгүйгээр хөрөнгө захиран зарцуулсан мөн төсвийн хөрөнгө болох 27,026.5 мянган төгрөгийн компьютер алдагдсан зэрэг зөрчил гаргасан гэж үзэж маргаан бүхий актыг гаргажээ.

3. Нэхэмжлэгч нь маргаан бүхий захиргааны актыг гарсан талаар тухайн өдрөө мэдэж, 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр шүүхэд анх нэхэмжлэл гаргажээ.

4. Нэхэмжлэгч С.Н****** нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “Миний бие 2005 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн Нийслэлийн Засаг даргын захирамжаар Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Оюуны Ундраа Цогцолбор” сургуулийн захирлаар томилогдсоноос хойш өнөөдрийг хүртэл тасралтгүй 16 жил ажилласан. Ажиллах хугацаандаа Боловсролын яамны бодлого чиглэл, Нийслэл, дүүргийн боловсролын газар хэлтсээс ирүүлсэн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлж, Нийслэлийн болон дүүргийн Засаг даргатай хийсэн үр дүнгийн гэрээний заалтын биелэлтийг зохих ёсоор биелүүлж ирсэн. Миний бие хамгийн сүүлд Нийслэлийн Боловсролын газартай 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр СУ2018/59 дугаартай Хөдөлмөрийн гэрээг хугацаагүйгээр байгуулсан ба Хөдөлмөрийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлж байсан.

4.1. 2020 оны орон нутгийн сонгуулийн үр дүнд дүүргийн Засаг даргаар томилогдсон өдрөөс хойш Ө.С******* нь өнөөдрийг хүртэл хугацаанд төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулах үр дүнгийн гэрээг байгуулаагүй атлаа үр дүнгийн гэрээний хэрэгжилтийг шалгах нэрээр ажлын хэсэг байгуулж, “О*******” сургуулийн үйл ажиллагаа, сахилга хариуцлага, төсвийн хэмнэлтэд хийх хяналт шалгалт гэгчийг 2021 оны 09 дүгээр сарын 21,22-ны өдөр явуулж, улмаар уг ажлын хэсгийн 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн дүгнэлтэд үндэслэн мөн өдрөө Б/240 дугаартай захирамжаар “О*******” сургуулийн захирлын албан тушаалаас чөлөөлөх шийдвэр гарсан.

4.2. Баянгол дүүргийн Засаг даргын 2021 оны А/127 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлттэй танилцаж, дүгнэлттэй холбогдуулан тайлбар, залруулга хийх, үндэслэлтэй эсэхийг хянуулах боломж олгохгүйгээр дүүргийн Засаг дарга захирамж гаргасан. Баянгол дүүргийн Засаг дарга Б/240 дугаар захирамжийн үндэслэл нь Хөдөлмөрийн гэрээний үүргээ биелүүлээгүй, Төсвийн тухай хуульд заасан үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөх, зарцуулах, батлагдсан төсөв, хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан гэрээний хүрээнд төсвийн хөрөнгийг удирдах, зарцуулалтанд хяналт тавих болон холбогдох дүрэм, журмыг хэрэгжүүлээгүйгээс төсвийг үр ашиггүй зарцуулсан, захирлын тушаалгүйгээр хөрөнгө захиран зарцуулсан, төсвийн хөрөнгө болох нийт 27,026.5 мянган төгрөгийн (24) ширхэг компьютер алдагдсан зэрэг зөрчлүүдийг гаргасан гэж үзэн, захирлын албан тушаалаас 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөр тасалбар болгон чөлөөлсөн.

4.3. Баянгол дүүргийн Засаг даргын захирамжид дурдсан дээрх зөрчлүүдийг би гаргаагүй бөгөөд Төсвийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчөөгүй, төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулаагүй, харин ч батлагдсан төсвийн хүрээнд холбогдох шийдвэр тушаалыг гаргах замаар захиран зарцуулж, төсвийн хэмнэлтийг зохих ёсоор хийж, тайлагнан ирснээс гадна 24 ширхэг компьютерийг алдсан, алга болгосон, дутагдуулсан үйлдэл огт гаргаагүй болох нь холбогдох баримтаар тодорхой нотлогдоно.

4.4. Хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт заасан “ноцтой зөрчил” гаргасан тохиолдолд ажил олгогчийн хувьд Нийслэлийн Боловсролын газрын даргын саналыг үндэслэн дүүргийн Засаг дарга шийдвэрлэхээр гэрээ болон Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12 дахь хэсэгт тодорхой зааж өгсөн. Мөн үр дүнгийн гэрээний хэрэгжилтийг харгалзан ажлаас чөлөөлөх эсэх асуудлыг дүүргийн Засаг дарга шийдвэрлэхээр заасан ба Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд төсвийн шууд захирагч болон төсвийн төвлөрүүлэн захирагч нь харьяалагдах дээд шатныхаа төсвийн захирагчтай төсвийн жил эхлэхээс өмнө үр дүнгийн гэрээ байгуулна, үр дүнгийн гэрээний биелэлтийг харьяалагдах дээд шатны төсвийн захирагч нь хагас бүтэн жилээр дүгнэнэ, гэрээний хэрэгжилт, явц байдалд үндэслэн үр дүнгийн гэрээг дүгнэх эрх бүхий этгээд хуульд заасан арга хэмжээг авахаар хуульчилсан.

4.5. Засаг дарга, төсвийн захирагчийн хувьд үр дүнгийн гэрээ байгуулаагүй атлаа үр дүнгийн гэрээний хэрэгжилтийг шаардаж, гэрээний хэрэгжилттэй холбогдуулан ажлаас чөлөөлж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж Баянгол дүүргийн Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн Б/240 дугаартай захирамжийг хүчингүй болгож, ажилд эгүүлэн томилж өгнө үү” гэжээ. 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12-т “аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, тэдгээрийг үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх” гэж тодорхой зааж өгсөн байдаг боловч Нийслэлийн боловсролын газраас ямар ч санал аваагүй. Төсвийн шууд захирагчийн хувьд гүйцэтгэлийн гэрээ байгуулах шаардлагагүй гэж үзсэн. Гэтэл гэрээний хэрэгжилттэй холбоотойгоор ажлаас халсан нь үндэслэлгүй юм” гэжээ.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Маргаан бүхий 2021 оны Б/240 дугаар захирамж нь С.Н******-г Хөдөлмөрийн гэрээний үүргээ биелүүлээгүй, Төсвийн тухай хуульд заасан төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөх, зарцуулах, батлагдсан төсөв, хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан гэрээний хүрээнд төсвийн хөрөнгийг удирдах, зарцуулалтад нь хяналт тавих болон холбогдох дүрэм журмыг хэрэгжүүлээгүйгээс төсвийг үр ашиггүй зарцуулсан, захирлын тушаалгүйгээр хөрөнгө захиран зарцуулсан мөн төсвийн хөрөнгө алдагдсан зэрэг зөрчлүүдийг үндэслэн нэхэмжлэгчийг гаргасан.

6.1. Баянгол дүүргийн Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн А/127 дугаар “Төрийн өмчийн боловсролын байгууллагын үйл ажиллагаа, удирдах ажилтны сахилга хариуцлага, төсвийн хэмнэлтэд хяналт тавих ажлыг зохион байгуулах тухай” захирамжийн дагуу 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн удирдамжаар батлагдсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн ажлын 2 хоногт Нийслэлийн ерөнхий боловсролын “О*******” сургуульд хяналт шалгалт хийсэн ба дараах зөрчлүүд илэрсэн болох нь хяналт шалгалтын ажлын хэсгийн дүгнэлтээр тогтоогдсон.

6.2. Хяналт шалгалтаар нийт 36,855,000 төгрөгийн зөрчил илэрсэнээс Төсвийн шууд захирагч болон сургуулийн ерөнхий нягтлан бодогч нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар  зүйлийн 6.4.1, 16 дугаар зүйлийн 16.5.2, Монгол Улсын Засгийн газрын 2021 оны Төсвийн хэмнэлтийн талаар авах зарим арга хэмжээний тухай 43 дугаар тогтоолуудыг хэрэгжүүлээгүйгээс нийт 2,388,800 төгрөгийн төсвийн үр ашиггүй зарцуулсан. Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1, 16 дугаар зүйлийн 16.5.2, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн холбогдох заалтыг хэрэгжүүлээгүйгээс нийт 7,439,700 төгрөгийн ур чадварын нэмэгдэл, анги даасан болон мэргэшсэн зэргийн нэмэгдлийг холбогдох шийдвэргүйгээр олгож, төсвийг үр ашиггүй зарцуулсан зэрэг зөрчлүүдийг үндэслэн Баянгол дүүргийн дотоод аудитын албаны улсын байцаагчийн 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 39-01/23 дугаар зөрчил арилгуулах тухай акт үйлдэж хүргүүлсэн болно.

            6.3. С.Н******-г албан тушаалаас чөлөөлөх тухай 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн Б/240 дугаартай захирамжийн хуулийн үндэслэлд Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйл 70.1-д “Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ”, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1”д “Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ”, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д “Үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн тухай хууль, энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь дээрх хуулиудыг зөрчсөн, мөн хөдөлмөрийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар  дуусгавар болох үндэслэл буюу ноцтой зөрчилийн холбогдсон заалтуудыг зөрчсөн ба Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан  ноцтой зөрчил гаргасан тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, Хөдөлмөрийн тухай хууль болон бусад холбогдох хуулийг баримтлан ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.И***** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Баянгол дүүргийн Засаг даргын гаргасан 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн захирамжаар С.Н******-г ажлаас чөлөөлсөн. Дотоод аудитын актад нэхэмжлэгч гарын үсэг зурсан байдаг. Гарын үсэг зурна гэдэг нь тухайн актыг хүлээн зөвшөөрсөн гэсэн үг юм. Хүлээн зөвшөөрөөгүй, гарын үсэг зураагүй байсан бол гомдол гаргах эрх нь нээлттэй байсан. Тиймээс Баянгол дүүргийн Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн Б/340 тоот захирамж нь хүчин төгөлдөр юм” гэжээ.

8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С***** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа ажилгүй байх үеийн цалинг нэхэмжлээгүй учир нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шүүхийн шийдвэр гарна гэж итгэж байна. Маргаан бүхий акттай холбоотойгоор Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.17-д “аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга тухайн шатны орон нутгийн энэ хуулийн 14.1.15, 14.1.16-д зааснаас бусад төсвийн” гэж, 70 дугаар зүйлийн 70.1-д “Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасан байдаг. 2019, 2020 он цар тахалтай холбоотой онцгой жил байсан. Төсөвт хэмнэлттэй байх үүрэг чиглэлийг өгсөн. Төсвийг үр ашиггүйгээр захиран зарцуулсан нь тогтоогдсон учир ажлаас халсан” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна.

2. Нэхэмжлэгч С.Н****** нь Баянгол дүүргийн Засаг даргад  холбогдуулан  “Баянгол дүүргийн Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн “ Албан тушаалаас чөлөөлөх тухай”  Б/240  дугаар захирамжийг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн томилуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ.

2.1. Нийслэлийн боловсролын газартай 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр СУ2018 дугаартай Хөдөлмөрийн гэрээг хугацаагүйгээр байгуулсан ба хөдөлмөрийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлж байсан.

2.2. Хариуцагч нь 2020 оны орон нутгийн сонгуулийн үр дүнд дүүргийн Засаг даргаар томилогдсоноос хойш өнөөдрийг хүртэл хугацаанд төсвийн ерөнхийлөн захирагчтай үр дүнгийн гэрээг байгуулаагүй атлаа үр дүнгийн гэрээний хэрэгжилтийг шаардаж, гэрээний хэрэгжилттэй холбогдуулан ажлын хэсгийн 2021 оны 09 дүгээр дүгнэлтийг үндэслэн, мөн өдрөө Б/240 дугаар захирамж гаргаж, захирлын албан тушаалаас чөлөөлсөн шийдвэр гаргасан нь үндэслэлгүй.

2.3. Миний хувьд Баянгол дүүргийн Засаг даргын захирамжид дурдсан зөрчлүүдийг гаргаагүй бөгөөд Төсвийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчөөгүй, харин ч батлагдсан төсвийн хүрээнд холбогдох шийдвэрийг гаргах замаар захиран зарцуулж, төсвийн хэмнэлтийг зохих ёсоор хийн, тайлагнаж ирснээс гадна 24 ширхэг компьютерийг дутагдуулсан үйлдэл гаргаагүй болох нь холбогдох нотлох баримтаар тодорхой нотлогдоно.

2.4. Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12-т “ ... ерөнхий боловсролын сургуулийн захирлыг үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх”-өөр заасан байхад тэдгээрийн саналыг аваагүй.

2.5. Ажлын хэсгийн дүгнэлттэй танилцаж, тайлбар, залруулга хийх боломж олголгүйгээр дүүргийн Засаг дарга захирамж гаргасан нь хууль бус ...“ гэж тодорхойлон маргажээ.

3. Маргаан бүхий акт болох Нийслэлийн Баянгол дүүргийн Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 27-ний өдрийн Б/240 дугаар захирамжаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 2.2, Төсвийн тухай хуулийн 14.1.17, 70.1, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 43 дугаар зүйлийн 43.1, 43.2, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Боловсролын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 27.1, Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн “Төсвийн хэмнэлтийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 43 дугаар тогтоол, Хөдөлмөрийн гэрээний 5.2, 5.9, 6.3.6, 6.3.7, 6.3.8 дахь заалтыг тус тус үндэслэн “О*******” сургуулийн захирал С.Н****** нь Хөдөлмөрийн гэрээний үүргээ биелүүлээгүй, Төсвийн тухай хуульд заасан төсвийг үр ашигтай хэмнэлттэй байхаар төлөвлөх, зарцуулах, батлагдсан төсөв, хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан гэрээний хүрээнд төсвийн хөрөнгийг удирдах, зарцуулалтад нь хяналт тавих болон холбогдох дүрэм, журмыг хэрэгжүүлээгүйгээс төсвийг үр ашиггүй зарцуулсан, төсвийн хөрөнгө болох нийт 27,026,5 мянган төгрөгийн (24) компьютер алдагдсан зэрэг зөрчлүүдийг гаргасан гэж үзэж, түүнийг “О*******” сургуулийн захирлын албан тушаалаас 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөр тасалбар болгон чөлөөлжээ.

4. Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн эрхэлж байсан сургуулийн захирлын  албан тушаал нь төрийн үйлчилгээний албан тушаалын ангилалд хамаарах бөгөөд мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т зааснаар түүний эрх зүйн байдал нь Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль, хууль тогтоомжийн бусад актаар зохицуулагдана.

5. Хариуцагч захиргааны байгууллага, албан тушаалтан нь маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалтыг гол үндэслэлээ болгосон буюу түүнийг хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан, батлагдсан төсвийг зориулалтын бусаар ашигласан ноцтой зөрчил гаргасан гэж үзжээ.

6. Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Хөдөлмөрийн гэрээг дараахь үндэслэлээр цуцална”, 38.1.2-д “ажил олгогч санаачилсан”, 40 дүгээр зүйлийн 40.1-д “Хөдөлмөрийн гэрээг дараахь үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно”,  40.1.4-д “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан”, 131 дүгээр зүйлийн 131.1-д “Ажил олгогч,буюу түүний хууль ёсны төлөөлөгч, эрх олгогдсон албан тушаалтан нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд дор дурдсан хэлбэрийн сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж оногдуулна”, 131.1.3-т “ажлаас халах”  гэж тус тус заажээ.

7. Анх Нийслэлийн Засаг даргын 2005 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 390 дүгээр захирамжаар С.Н******-г 2005 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс Нийслэлийн Баянгол дүүргийн “О*******” сургуулийн захирлын албан тушаалд түр томилон ажиллуулахаар,  Боловсролын тухай хуульд өөрчлөлт орсонтой холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2014 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/172 дугаар захирамжаар түүнийг Баянгол дүүргийн “О*******” сургуулийн захирлын албан тушаалд 2014 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн дахин томилжээ.

8. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Нийслэлийн Баянгол дүүргийн Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн А/127 дугаар захирамжаар боловсролын байгууллагын үйл ажиллагаа, зохион байгуулалтын бүтэц, орон тоо болон төсвийн хэмнэлтийн талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний хэрэгжилт, албан тушаалын тодорхойлолт, ажлын чиг үүргийн хэрэгжилтэд хяналт тавих хяналт шалгалтыг явуулахаар шийдвэрлэж, хяналт шалгалт явуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүн, хяналт шалгалтын удирдамжийг баталсан, Баянгол дүүргийн Засаг дарга нь энэхүү  удирдамжийн дагуу 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Нийслэлийн ерөнхий боловсролын “О*******” сургуульд хяналт шалгалт явуулах удирдамж”-ийг баталсан, дээрх удирдамжийн дагуу томилогдсон ажлын хэсэг хяналт шалгалтыг хийж, нийт 36,855,0 мянган төгрөгийн зөрчлийг илрүүлж, улсын ахлах байцаагч Н.Н******* нь 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр “Зөрчил арилгуулах тухай” 39-01/23 дугаартай улсын байцаагчийн албан шаардлага гаргаж, мөн өдрөө “Зөрчил арилгуулах тухай” 39-01/01 дугаартай улсын байцаагчийн  акт үйлдсэн, ажлын хэсгээс мөн өдөр хяналт шалгалт хийсэн тухай дүгнэлт гаргасан, дүгнэлтээр тус сургуулийн захирлыг холбогдох хууль болон хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-д зааснаар сахилгын шийтгэл оногдуулах саналыг хүргүүлсэн үйл баримт тогтоогдож байна.

9. Түүнчлэн Монгол Улсын Сангийн сайдын 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 171 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралтаар Баянгол дүүргийн Дотоод аудитын албаны дарга Н.Н*******т улсын ахлах байцаагчийн эрх олгож, 39-01 дугаар үнэмлэх, тэмдэг олгосон, мөн тушаалын хоёрдугаар хавсралтаар Нийслэлийн дотоод аудитын газрын санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Н.Н*******ийн улсын байцаагчийн 38-08 дугаартай үнэмлэх, тэмдгийг хүчингүй болгосон, улмаар иргэн С.Н******-аас улсын байцаагчийн актыг хууль бус гэж үзэн гомдол гаргасны дагуу Монгол Улсын Сангийн сайд нь гомдлыг хянаад 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 13-2/6787 дугаар албан бичгээр Захиргааны ерөнхий хуулийн 98 дугаар зүйлийн 98.1.2 дахь заалтыг үндэслэн Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Н.Н*******ийн тогтоосон “Зөрчил арилгуулах тухай” 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 39-01/01 дугаар  актыг хүчингүй болгосон үйл баримт тогтоогдож байх ба хэргийн оролцогч нар дээрх үйл  баримтын талаар маргаагүй байна.

10. Хариуцагч захиргааны байгууллага, албан тушаалтан нь 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр улсын байцаагчийн 39-01/23 дугаартай хугацаатай албан шаардлага гаргаж, албан шаардлагынхаа биелэлтийг хангуулалгүй, мөн өдрөө улсын байцаагчийн 39-01/01 дугаартай төлбөрийн акт үйлдэж, ажлын хэсгээс мөн өдрөө дүгнэлт гаргасан, дээрх улсын байцаагчийн акт, ажлын хэсгийн дүгнэлтээр илэрсэн зөрчлийг үндэслэн нэхэмжлэгчийг мөн өдөр ажлаас чөлөөлсөн нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”, 24..4-д “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчдын хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно” гэж заасантай нийцээгүй байна.

11. Маргаан бүхий актаар нэхэмжлэгчийг төсвийн хөрөнгийг үр ашиггүй, зориулалтын бусаар зарцуулсан гэж үзэж, Хөдөлмөрийн тухай хуулийн болон хөдөлмөрийн гэрээний холбогдох заалтыг үндэслэн ажлаас нь чөлөөлсөн, ийнхүү ноцтой зөрчил гаргасныг нотлох Баянгол дүүргийн Дотоод аудитын албаны дарга Н.Н*******ийн тогтоосон “Зөрчил арилгуулах тухай” 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 39-01/01 дугаар актыг Сангийн сайд бөгөөд санхүүгийн хяналт шалгалтын улсын ерөнхий байцаагч нь “эрх бүхий байгууллагаас эрх олгогдоогүй байхад өмнөх дарга Д.Туяагийн хэрэглэж байсан 39-01 дугаар тэмдгийг ашиглан улсын байцаагчийн эрхийг хэрэгжүүлэн төлбөрийн акт тогтоосон нь хууль бус” гэж үзэж, хүчингүй болгосон, Монгол Улсын Сангийн сайдын 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 13-2/6787 дугаар албан бичгээр тухайн шалгалтаар илэрсэн зөрчлийг эрх бүхий улсын байцаагчаар дахин шалгуулж, холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэж, хариуг эргэн мэдэгдэхийг Баянгол дүүргийн Дотоод аудитын албаны дарга, улсын ахлах байцаагчид үүрэг болгосон, улмаар эрх бүхий албан тушаалтан нь тус сургуулийн үйл ажиллагаанд дахин шалгалт явуулаагүй болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн гэрээний үүргээ биелүүлээгүй, төсвийг үр ашиггүй зарцуулсан,  зориулалтын бусаар зарцуулсан гэж буруутгах үндэслэлгүй байна. Тодруулбал зөрчлийг тогтоосон улсын байцаагчийн актыг эрх бүхий албан тушаалтан хууль бус гэж  үзэж, хүчингүй болгосон байх тул тухайн хүчингүй болсон  актыг үндэслэн гаргасан хариуцагчийн шийдвэрийг хууль ёсны гэж үзэх хууль зүйн боломжгүй юм.

12. Түүнчлэн хариуцагч нь маргаан бүхий актаар нэхэмжлэгчийг “төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан гэрээний хүрээнд төсвийн хөрөнгийг удирдах, зарцуулалтад нь хяналт тавих үүргээ хэрэгжүүлээгүй” гэж үзжээ.

13. Төсвийн тухай хулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Төсвийн байгууллага нь түүний үйл ажиллагааг үр ашигтай удирдлагаар хангаж, ажлын үр дүнг хариуцах үүрэг бүхий төсвийн шууд захирагчтай байна”, 16.4-д “Дараах албан тушаалтан төсвийн шууд захирагч байна”, 16.4.18-д “төсвийн байгууллагын дарга (захирал, эрхлэгч) тухайн байгууллагын төсвийн”, 16.5-д “Төсвийн шууд захирагч нь төсийн талаар дараах бүрэн  эрхийг  хэрэгжүүлнэ”, 40 дүгээр зүйлийн 40.1-д “Төсвийн шууд захирагч болон төсвийн төвлөрүүлэн захирагч нь харьяалагдах дээд шатныхаа төсвийн захирагчтай төсвийн жил эхлэхээс өмнө үр дүнгийн гэрээ байгуулна”, 40.2-т “Энэ хуулийн 40.1-д заасан үр дүнгийн гэрээнд байгууллагын төсвийн жилд хэрэгжүүлэх хөтөлбөр, арга хэмжээ, тэдгээрийн төсөв, хүрэх үр дүн, түүнийг дүгнэх талаар тусгана”, 40.3-т “Үр дүнгийн гэрээний биелэлтийг харьяалагдах дээд шатны төсвийн захирагч нь хагас, бүтэн жилээр дүгнэнэ”, 40.4-т “Үр дүнгийн гэрээний биелэлт, хэрэгжилтийн явц байдалд үндэслэн үр дүнгийн гэрээг дүгнэх эрх бүхий этгээд нь дараах арга хэмжээ авна”, 40.4.1-д “төсвийн үр дүнг сайжруулах, хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар үүрэг өгч, хяналт тавьж ажиллах”, 40.4.2-т “хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд урамшуулах, хариуцлага тооцох” гэж тус тус заажээ.

14. Дээрх хуулийн заалтын агуулгаас үзэхэд төсвийн шууд захирагч нь (захирал, эрхлэгч) харьяалагдах дээд шатныхаа төсвийн захирагчтай төсвийн жил эхлэхээс өмнө үр дүнгийн гэрээ байгуулахаар, үр дүнгийн гэрээнд байгууллагын төсвийн жилд хэрэгжүүлэх хөтөлбөр, арга хэмжээ, тэдгээрийн төсөв, хүрэх үр дүн, түүнийг дүгнэх асуудлыг тусгахаар, үр дүнгийн гэрээний биелэлтийг харьяалагдах дээд шатны төсвийн захирагч нь хагас, бүтэн жилээр дүгнэхээр, үр дүнгийн гэрээний биелэлт, хэрэгжилтийн явц байдалд үндэслэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд урамшуулах, хариуцлага тооцохоор байна.

15. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд 2007-2011, 2013-2018 онуудад төсвийн шууд захирагч буюу тухайн үед тус сургуулийн захирлаар ажиллаж байсан нэхэмжлэгчийн үр дүнгийн гэрээний биелэлтийг жил бүр дүгнэж байсан, харин хариуцагч нь тухайн төсвийн жилд нэхэмжлэгчтэй үр дүнгийн гэрээ байгуулаагүй болох нь тогтоогдож байх бөгөөд ийнхүү байгуулаагүй үндэслэлээ “Төрийн албаны тухай хууль шинэчлэн батлагдсанаар гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулж баталдаг болсон” гэж тайлбарлан маргаж байх боловч хариуцагч нь 2021 оны 6 дугаар сард тус сургуулийн 2021 оны  гүйцэтгэлийн төлөвлөгөөг хийлгэсэн боловч     хянаж, баталгаажуулаагүй болох нь “О*******” сургуулийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 184 дүгээр албан бичгээр тогтоогдож байх ба хариуцагч нь энэхүү үйл баримтыг үгүйсгэж маргаагүй байна.

16. Иймд хариуцагч нь нэхэмжлэгчтэй үр дүнгийн гэрээ буюу гүйцэтгэлийн төлөвлөгөө байгуулаагүй атлаа төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан гэрээний хүрээнд төсвийн хөрөнгийг удирдах, зарцуулалтад нь хяналт тавих үүргээ хэрэгжүүлээгүй гэж буруутгасан нь ойлгомжгүй бөгөөд тодорхойгүй байна.

17. Мөн Нийслэлийн засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн  “Хөрөнгө гаргах тухай”  А/750 дугаар захирамжаар Нийслэлийн тэргүүний сургууль, цэцэрлэгийн жагсаалтыг нэгдүгээр хавсралтаар баталсан байх ба жагсаалтын 10-т Баянзүрх дүүргийн “О*******” сургуулийг 40,14 оноогоор шалгаруулж, 10,000,000 төгрөгөөр урамшуулж байжээ.

18. Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12-т “аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, тэдгээрийг үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх”-өөр, мөн Хөдөлмөрийн гэрээний (хугацаагүй байгуулсан) 7.2-т “Энэ гэрээний 6.3-т заасан ... зөрчил гаргасан бол ажлаас чөлөөлөх саналыг  ... хүргүүлэх”-ээр тусгайлан заасан, энэ маргааны тохиолдолд нийслэлийн боловсролын газрын саналыг аваагүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогджээ.

19. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, 27 дугаар зүйлийн 27-д “Сонсох ажиллагааны явц, үр дүнгийн талаар тэмдэглэл хөтөлж, гарсан саналыг захиргааны шийдвэрт хэрхэн тусгагдсан талаар мэдээлэл бэлтгэж баримтжуулна” гэж зааснаар захиргааны байгууллага нь шийдвэр гаргахдаа эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болох этгээдэд урьдчилан мэдэгдэх, сонсох ажиллагааны явц, үр дүнгийн талаар тэмдэглэл хөтөлж, баримтжуулах үүрэгтэй байна. Энэ тохиолдолд хариуцагчаас захиргааны акт гаргах талаар нэхэмжлэгчид мэдэгдээгүй, түүнийг тайлбар, санал гаргах боломжоор хангаагүй байх тул захиргааны байгууллагыг сонсох ажиллагааг зохих ёсоор хэрэгжүүлээгүй байна гэж үзнэ. Иймд нэхэмжлэгчийн “ ... тайлбар, санал гаргах боломж олголгүйгээр  шийдвэр гаргасан ...”  гэсэн тайлбар үндэслэлтэй байна.

20. Дээрхээс нөхцөл байдлуудаас дүгнэн үзвэл нэхэмжлэгч нь хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх ба түүнийг ажил, албан тушаалаас нь чөлөөлөх хуульд заасан үндэслэл бий болоогүй  байхад чөлөөлсөн нь хууль бус байх тул түүнийг урьд эрхэлж байсан Нийслэлийн Баянгол дүүргийн “О*******” сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоох нь үндэслэлтэй байна.

21. Дээрх үндэслэлээр маргаан бүхий захиргааны акт нь Хөдөлмөрийн  болон Төсвийн ухай хуулийн холбогдох заалтыг болон Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д “хуульд үндэслэх”, 4.2.5-д “бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 4.2.6-д  “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” гэж заасныг тус тус зөрчсөн, дээрх актын улмаас нэхэмжлэгчийн ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн байх тул  нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

22. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д  Ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажил хүлээлгэн өгөх хугацааг тогтоож, уг хугацааг ажлаас халах тухай шийдвэрт заана” гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн шийдвэрт ажлаа хүлээлгэн өгөх хугацааг заагаагүй байгааг дурдвал зохино.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төрийн албаны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 4 дүгээр зүйлийн 4.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Н******-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Баянгол дүүргийн Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн “Албан тушаалаас чөлөөлөх тухай” Б/240  дугаар захирамжийг хүчингүй болгож, түүнийг урьд эрхэлж байсан Нийслэлийн Баянгол дүүргийн “О*******” сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан  нэхэмжлэгчээс  улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн Баянгол дүүргийн Засаг даргаас 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ц.БАТСҮРЭН