Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхагвын Энхтайван |
Хэргийн индекс | 148/2020/00022/И |
Дугаар | 129 |
Огноо | 2020-02-12 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 129
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Энхтайван даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Голомт банк ХХК /Сэлэнгэ салбар/ РД:2075377/ -ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 7-р баг, Ган зам, 1-р хэсэг гудамж, 38 байр 1 тоотод оршин суух, Цорос овогт Эрдэнэбулганы Цэлмэг /РД: МЮ77021676/,
Хариуцагч: Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 7-р баг, Ган зам, 1-р хэсэг гудамж, 38 байр 1 тоотод оршин суух, Бум овогт Володягийн Сэлэнгэ /РД:МЮ78031000/ нарт холбогдох,
Зээлийн болон барьцааны гэрээг цуцалж, зээл, зээлийн хүү, торгуулийн хүү нийт 8.560.469,24 төгрөгийг гаргуулах тухай шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд; Нэхэмжлэгч Голомт банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариунтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Анх-Амар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Голомт банк ХХК-ийн Сэлэнгэ салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
... Зээлдэгч Э.Цэлмэг, В.Сэлэнгэ нар нь 2018.02.15-ны өдөр Голомт банктай ЭГ4325105706 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 10,000,000 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай зээлж авсан. Зээлдэгч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж зээлийг эргэн төлөх хуваарийн дагуу хугацаанд нь төлөхгүй байсаар өнөөдрийн байдлаар 268 хоног хугацаа хэтэрч, зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 7.616.979,67 төгрөг, зээлийн хүү 922.101,23 төгрөг, торгуулийн хүү 21.388,34, нийт 8.560.469,24 төгрөгийн өр хуримтлагдсан байна. Банкны зүгээс зээлдэгч нарт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч үүргээ ноцтойгоор зөрчсөн хэвээр байна. Иймд зээлдэгч Э.Цэлмэг, В.Сэлэнгэ нартай байгуулсан зээлийн болон барьцааны гэрээг цуцалж, зээлдэгч нараас зээл, зээлийн хүү, торгуулийн хүү нийт 8.560.469,24 төгрөгийг гаргуулж банкыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч; Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 7 дугаар баг, 1 дүгээр хэсэг, 29-28 тоотод оршин суух, Монголын хуульчдын холбоонд хуульч, өмгөөлөгч ажилтай, Бэсүд овогт Доржпаламын Ариунтуяа /РД:МЭ87102122/ нь шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: ... Хариуцагч нар нь 2018 оны 02 дугаар сард зээл авснаас хойш байнга хугацаа хэтрэлттэй, зээлийн үүргийг графикын дагуу төлөхгүй байсаар олон зөрчил үүссэн юм. Хамгийн сүүлд 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр банкны эдийн засагч, харилцааны менежер зээлдэгч В.Цэлмэгтэй биечлэн уулзаж, мэдэгдэл хүргүүлэн тэмдэглэл үйлдсэн байдаг. Үүний дагуу 2,109,831 төгрөгийн өртэй буюу зөрчил үүссэн байдаг. Үүнийг хүлээн авснаас хойш хариуцагч нар нь зөрчлөө арилгахгүйгээр зөвхөн зээлийн гэрээний графикын дагуу төлөлт хийсэн. Тиймээс огт зөрчлөө арилгаагүй тул 2019 оны 12 дугаар сард шүүхэд шилжүүлсэн байгаа. Зээлийн гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй, үүнд нэмэлт хугацаа тогтооход зөрчлөө арилгаагүй байгаа. Нотлох баримтаар гаргаж өгсөн дансаар тодорхой харагдана. Хариуцагч нь тайлбарлахдаа 2 зээлийг нэг дансанд хийснээрээ орон сууцны зээл рүү миний цалингийн зээл татагдаж, хугацаа хэтрэлттэй болсон юм. Энэ банкны буруу гэдэг юм. Гэтэл хариуцагчийн хувь судалж үзэхэд 2 зээл нь зөвхөн цалингаар төлөгддөг байгаа. Тухайн 2 зээлийг цалингаараа төлөх боломжтой учир банкнаас зээл олгосон байдаг. Өөрийн цалингаасаа орон сууцны зээлээ төлөөд цалингийн зээл нөхөгдөх боломжтой байсан юм. Гэтэл нэг зээлээ огт төлөхгүйгээр нөгөө зээлээ төлдөг байсан ба үүнийгээ банкны буруу гэж тайлбарладаг юм. Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн дэмжиж оролцож байна гэх.
Хариуцагч В.Сэлэнгэ нь шүүхэд бичгээр гаргасан / хх- 29 тал / тайлбартаа: ... Голомт банк нь манай гэр бүлийн хүн бид хоёрын 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдөр тус банктай хамтран байгуулсан зг4325105706 дугаартай зээлийн болон барыдааны гэрээг цуцалж, зээл, зээлийн хүү. торгуулийн хүү нийт 8.560,469.24 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ. Манайх тус банкнаас өмнө нь 8 хувийн ипотекийн зээл авсан бөгөөд байраа түрээслэх замаар тус зээлийг төлж байгаа. Дараа нь цалингийн зээл авахад тухайн үед тус банкинд ажиллаж байсан эдийн засагч нь тусдаа данс нээлгүйгээр шууд ипотекийн зээлийн данстай холбожээ. Манай байрыг түрээсэлж байсан хүн зээлээ дутуу төлснөөс болоод цалингийн зээлийн орлого нь шууд Монголын Ипотекийн корпораци хувьцааг нь эзэмшдэг ипотекийн зээл рүү давуу эрхээр татагдаад орсон байна. Гэтэл банкнаас шүүхэд шилжүүлсэн байна. Хэрвээ Голомт банк анх шинээр данс нээж, зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан бол байр түрээсэлж байсан этгээдэд мөнгөө завшуулахгүй хянаад явах бололцоо байсан. Иймд Голомт банкны 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 10/521 дугаартай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул тус банкны нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгож, зээлийн болон барьцааны гэрээг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
Хариуцагч Э.Цэлмэг нь шүүхэд бичгээр гаргасан / хх 27 -28 тал / тайлбартаа: ... Голомт банк нь миний 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдөр тус банктай байгуулсан зг4325105706 дугаартай зээлийн болон барьцааны гэрээг цуцалж, зээл, зээлийн хүү, торгуулийн хүү нийт 8,560.469.24 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ. Миний бие нь тус банкнаас өмнө нь 8 хувийн ипотекийн зээл авсан бөгөөд байраа түрээслэх замаар тус зээлийг төлж байгаа. Дараа нь цалингийн зээл авахад тухайн үед тус банкинд ажиллаж байсан эдийн засагч нь тусдаа данс нээлгүйгээр шууд ипотекийн зээлийн данстай холбожээ. Миний бие нь цалингийн зээлээ төлж байна гээд энэхүү дансанд мөнгөө хийж байсан. Гэтэл манай байрыг түрээсэлж байсан хүн зээлээ дутуу төлснөөс болоод цалингийн зээлийн орлого нь шууд Монголын Ипотекийн корпораци хувьцааг нь эзэмшдэг ипотекийн зээл рүү давуу эрхээр татагдаад орсон байна. Миний утсанд банкнаас ирж байсан мессежийг хараад 2019 оны 10 дугаар сард мэдээд би хот орж, түрээслэгчтэйгээ уулзсан боловч, мөнгө байхгүй гэхээр нь байрнаасаа гаргаж, дүү нараа оруулсан. Одоо бас ипотекийн зээл дээр хүртэл үлдэгдэл гарчихаад байгаа. Тэгээд би 2019 оны 11 дүгээр сард Голомт банкны эдийн засагчтай уулзаж, учир байдлаа хэлээд дансаа салгуулсан. Энэ үед тус бзнкны хуулийн зөвлөх Д.Ариунтуяа орж ирэхэд нь бас хэлсэн. Гэтэл банкнаас шүүхэд шилжүүлсэн байна. Хэрвээ Голомт банк анх шинээр данс нээж, зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан бол би байр түрээсэлж байсан этгээдэд мөнгөө завшуулахгүй хянаад явах бололцоо байсан. Иймд Голомт банкны 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 10/521 дугаартай нэхэмжлэлийн шаардлагыг хулээн зөвшөөрөхгүй байгаа тул тус банкны нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгож, зээлийн болон барьцааны гэрээг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өгсөн тайлбар, хариуцагч нарын шүүхэд бичгээр өгсөн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн чанартай нотлох баримтуудыг шинжлэн судлаж ҮНДЭСЛЭХ НЬ:
Голомт банк ХХК /Сэлэнгэ салбар/ -ын шүүхэд гаргасан ... хариуцагч Э.Цэлмэг, В.Сэлэнгэ нараас Зээлийн болон барьцааны гэрээг цуцалж, зээл, зээлийн хүү, торгуулийн хүү нийт 8.560.469,24 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.
Учир нь; Голомт банк ХХК /Сэлэнгэ салбар/ , зээлдэгч Э.Цэлмэг, В.Сэлэнгэ нарын хооронд 2018 оны 02 сарын 15-ны өдөр ЗГ4325105706 тоот зээлийн болон барьцааны гэрээгээр 10.000.000 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатайгаар харилцан тохиролцож байгуулсан бөгөөд талууд дээрх гэрээ байгуулагдсан хийгээд түүний хүчин төгөлдөр эсэх, нэхэмжилсэн зээл, хүү, торгуулийн хүүгийн дүн зэрэг дээр маргаангүй байна. Харин хариуцагч нар нь ... тус банкнаас өмнө нь 8 хувийн Ипотекийн зээл авсан бөгөөд байраа түрээслэх замаар тус зээлийг төлж байгаад дараа нь цалингийн зээл авахад тухайн үед тус банкинд ажиллаж байсан эдийн засагч нь тусдаа данс нээлгүйгээр шууд ипотекийн зээлийн данстай холбожээ. Миний бие нь цалингийн зээлээ төлж байна гээд энэхүү дансанд мөнгөө хийж байсан. Гэтэл манай байрыг түрээсэлж байсан хүн зээлээ дутуу төлснөөс болоод цалингийн зээлийн орлого нь шууд Монголын Ипотекийн корпораци хувьцааг нь эзэмшдэг ипотекийн зээл рүү давуу эрхээр татагдаад орсон... гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа нь талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахгүй байх, зээл, зээлийн хүү, торгуулийн хүүг төлөхгүй гэх буюу зээлдэгч тал гэрээний үүргээс чөлөөлөгдөх үндэслэл, нөхцөл болохгүйгээс гадна талууд энэ тухай гэрээгээр тохиролцсон зүйлгүй байна.
Харин талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, зээл, зээлийн хүү, торгуулийн хүү, нийт 8.560.469,24 төгрөгийг хариуцагч нараас хувь тэнцүүлэн хуваан гаргуулах үндэслэлтэй болох нь гэрээний 3 дугаар зүйлийн банкны эрх гэсэн 3.3 дахь хэсгийн 3.3.1, 3.3.2, 3.3.3, 3.3.4, 3.3.5 дахь хэсэгт заасан үндэслэлээр зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, зээл, зээлийн хүү, торгуулийн хүүгийн үлдэгдлийг төлүүлэхээр нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.
Мөн зээлдэгч нар нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн буруутай болох нь хавтаст хэргийн 1-10, 27-36, 43-45, 46-52 дугаар талд авагдсан зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, банкны мэдэгдэл, гэрч Б.Наранбаярын мэдүүлэг, хариуцагч нарын тайлбар, хариуцагчийн зээлийн дансны хуулга зэргээр нотлогдож байна.
Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн бөгөөд зохигч энэхүү гэрээ байгуулагдсан хийгээд хүчин төгөлдөр эсэх дээр маргаангүй ба мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар ... зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу нэмэгдүүлсэн хүү төлөхөөр заасан байна. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт зааснаар ... үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх, мөн хуулийн 219 дүгээр зүйлийн 219.2, 219.3, 221 дүгээр зүйлийн 221.3, 222 дугаар зүйлийн 222.1.1, 222.1.2 дахь хэсэгт тус тус зааснаар үүрэг гүйцэтгэгчийн буруугаас гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байх тул зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулах хугацаанд гэрээг цуцлахаар зохицуулжээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 151.917,50 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж, уг улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч нараас тэнцүү хуваан гаргуулж нэхэмжлэгчид олговол зохино.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус зааснаар зээлдүүлэгч Голомт банк ХХК-ийн Сэлэнгэ салбар, зээлдэгч Э.Цэлмэг, В.Сэлэнгэ нарын хооронд 2018 оны 02 сарын 15-ны өдөр байгуулагдсан ЗГ4325105706 тоот зээлийн болон барьцааны гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, хариуцагч Э.Цэлмэг, В.Сэлэнгэ нараас үндсэн зээлийн үлдэгдэл 7.616.979,67 төгрөг, зээлийн хүү 922.101,23 төгрөг, торгуулийн хүү 21.388,34 төгрөг, нийт 8.560.469,24 төгрөгийг тэнцүү хуваан гаргуулж нэхэмжлэгч Голомт банк ХХК /Сэлэнгэ салбар/ -нд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 151.917,50 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж, уг улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч нараас тэнцүү хуваан гаргуулж Голомт банк ХХК /Сэлэнгэ салбар/- нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Хариуцагч нар нь энэхүү шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан биелүүлсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4-т зааснаар шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭНХТАЙВАН