Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 200

 

З.Ч-т холбогдох эрүүгийн

                                                                           хэргийн тухай                       

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Дуламсүрэн

нарийн бичгийн дарга Д.Гантуяа нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2019/ШЦТ/1863 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч З.Ч-ийн өмгөөлөгч И.Чимэдбадамын гаргасан давж заалдах гомдлоор З.Ч-т холбогдох эрүүгийн 1806063151439 дугаартай хэргийг 2020 оны 2 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

             З.Ч-, 1972 оны 2 дугаар сарын 1-ний өдөр Төв аймагт төрсөн, 48 настай, эрэгтэй, бага боловсролтой, тракторын жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт оршин суух, ял шийтгэлгүй,

             З.Ч- нь 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжины 24-478 тоотод оршин суух иргэн У.Оюунцэцэгийн өвлийн байшингийн цонхоор нэвтрэн орж, “Элко” загварын 39 инчийн телевизорыг хулгайлж, 120.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас: З.Ч-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.                     

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч З.Ч-ийг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, түүний цагдан хоригдсон 43 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч З.Ч-ийн өмгөөлөгч И.Чимэдбадам гаргасан давж заалдах гомдолдоо: “...шүүгдэгч З.Ч-ийн үйлдэл гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан гэж үзэж байна. Учруулсан хохирол нь Эрүүгийн хуульд заасан хохирлын хэмжээнд хүрээгүй атал орон байранд нэвтэрсэн гэх шинжээр хүндрүүлж үзэж байгаа нь зөрчилтэй байдаг. Хулгайлах гэмт хэрэгтээ тэмцэх эрүүгийн эрх зүйн бодлого хэт шоронжсоны гадна хуулийг хэрэглэхэд төвөгтэй байдал үүсгэж байгаа. Иймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дэх заалтад “...ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах;” гэсэн заалтыг хэрэглэж 1 жилийн хорих ялын хоёрны нэгээс багагүй ял оногдуулж өгнө үү. ...” гэжээ.

Прокурор Н.Дуламсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй тус шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан байх бөгөөд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1052 дугаартай магадлалд заасан “...мөрдөн байцаалтын үед З.Ч-ийг яллагдагчаар татаж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан үндэслэлээр өмгөөлөгч оролцуулах тухай...” заалтад ач холбогдол өгч, хэрэгжүүлжээ.

Иймээс мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчилгүй гэж үзэв.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

З.Ч- нь 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжины 24-478 тоотод оршин суух иргэн У.Оюунцэцэгийн өвлийн байшингийн цонхоор нэвтрэн орж, “Элко” загварын 39 инчийн телевизорыг хулгайлж, 120.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

Хохирогч У.Оюунцэцэг нь “...2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 10 цаг 30 минутын үед гэртээ орж ирэхэд авдар дээр байсан “Элко” загварын 39 инчийн телевизор алдагдсан байсан. Манай том өрөөний цонхны салхивч нь шилгүй дан тортой, гадна талаараа паниартай байсан. Тэр паниарыг хуулж аваад торыг нь ураад гэрт орсон байсан. ...” /хх 8-10/ гэж эд хөрөнгөө алдсан цаг хугацаа, алдагдсан эд хөрөнгийнхөө шинж байдлын талаар тодорхой мэдүүлсэн байх бөгөөд түүний мэдүүлэг нь:

- гэрч Г.Сүхчулууны “...би Ч-ийг батлан даалтад аваад “Юу болсон юм бэ” гэж асуухад “Согтуу явж байгаад айл руу орж телевизор хулгайлсан. Түүнийгээ Нарантуул зах дээр худалдан борлуулах гэж байгаад цагдаад баригдсан” гэж хэлсэн. ...” /хх 15/,

- яллагдагч З.Ч-ийн “...тэр өдөр миний хамтран амьдрагч Сүхчулууны төрсөн өдөр байсан. Тэгэхэд надад мөнгө байхгүй, би архи уусан байсан болохоор хулгай хийсэн байх. Телевизор хулгайлсан айлын хүүхэнтэй гудамжинд байнга тааралддаг. Тэр өдөр нөгөө эмэгтэй надтай гудамжинд зөрж өнгөрсөн. Тэгээд би хашаанд нь байх байшин руу ороод нэг том хар өнгөтэй телевизорыг аваад Нарантуул зах дээр явж байгаад цагдаад баригдаж эрүүлжүүлэгдсэн. ...” /хх 116/ гэсэн мэдүүлгүүд,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 3-5/, алдагдсан эд хөрөнгийн үнэлгээ /хх 16/, алдагдсан эд хөрөнгийг З.Ч-оос хураан авч, хохирогч У.Оюунцэцэгт хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 6/ зэргээр давхар нотлогджээ.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба эдгээрийг үндэслэн шүүгдэгч З.Ч-ийг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч З.Ч-ийн өмгөөлөгч И.Чимэдбадам гаргасан давж заалдах гомдолдоо: “...З.Ч-ийн үйлдэл гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан. Учруулсан хохирол нь Эрүүгийн хуульд заасан хохирлын хэмжээнд хүрээгүй атал орон байранд нэвтэрсэн гэх шинжээр хүндрүүлж байгаа нь хуулийг хэрэглэхэд төвөгтэй байдал үүсгэж байна. Иймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дэх заалтыг хэрэглэж 1 жилийн хорих ялын хоёрны нэгээс багагүй ял оногдуулж өгнө үү. ...” гэжээ.

Хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн тохиолдолд учруулсан хохирлын хэмжээнээс үл хамаарч, тухайн шинжээр нь хүндрүүлэн үзэхээр Эрүүгийн хуульд салаа утгагүй, агуулгын хувьд эргэлзээгүй байдлаар заасан тул өмгөөлөгчийн хууль тогтоочийн санааг сөргүүлэн хийсэн тайлбар үндэслэлгүй байна.

Хулгай хийх зорилгоор орон байранд нэвтрэхийг хуулиар хамгаалагдсан эрх ашигт ноцтой аюул занал учруулсанд тооцох нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад тусгасан тул энэ хэргийн бодит хохирол, хор уршиг нь хулгайлсан эд зүйлийн үнийн дүнгээр тодорхойлогдохгүй. Энэ тохиолдолд нийгмийн хор аюулаар ялимгүй үйлдэл, эс үйлдэхүйн тухай ойлголтыг шүүх авч үзэхгүй ба хулгайлсан эд хөрөнгийн үнийн дүнгээс үл хамааран хүндрүүлэх нөхцөл байдалтай хулгайлах гэмт хэргээр зүйлчилнэ.             

Шүүгдэгч З.Ч-ийн хулгайлах гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын хэмжээ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад заасан бага хэмжээний хохиролд хүрэхгүй боловч түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу насанд хүрсэн хүний хувьд өөрийн үйлдлийн улмаас учрах хохирол, хор уршгийг ухамсарлах боломжтой байсан нөхцөл байдал, мөнгө олох зорилгоор эзэнгүй айлыг урьдаас сонгон гэрт нь нэвтэрч эд хөрөнгө хулгайлсан үйлдлийг ялимгүй гэж үзэх үндэслэлгүй байна.

Шүүгдэгч З.Ч- гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаанаа “...тэр өдөр хамтран амьдрагч Г.Сүхчулууны төрсөн өдөр байсан. Би мөнгөгүй, бас согтуу байсан тул хулгай хийсэн байх...” гэж тайлбарлах боловч энэ нь түүний гэмт үйлдлийг зөвтгөх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх шинжтэйгээр буюу “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч” үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилсан.

Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх эрх хэмжээг шүүхэд хуулиар олгосон.

Анхан шатны шүүх шүүгдэгч З.Ч-ийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон учруулсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглэж, тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй буюу нэг жилийн хорих ял оногдуулсныг буруутгах аргагүй бөгөөд үүнээс доогуур хорих ял оногдуулж, хөнгөрүүлэх боломжийг хуулиар шүүхэд олгоогүй болно.

Иймд хууль хэрэглээ, ялын талаар гаргасан шүүгдэгч З.Ч-ийн өмгөөлөгч И.Чимэдбадамын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2019/ШЦТ/1863 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч З.Ч-ийн өмгөөлөгч И.Чимэдбадамын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Б.ЗОРИГ

                                  ШҮҮГЧ                                                                        Ш.БАТ-ЭРДЭНЭ

                                  ШҮҮГЧ                                                                        Н.БАТСАЙХАН