Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 102/ШШ2020/00433

 

2020 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 102/ШШ2020/00433

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 0 дугаар хороо, стадион оргил, Чингисийн өргөн чөлөө гудамж, 0 байр, 0 тоот хаягт оршин суух Х овогт Д-ийн Б /РД: 00000000/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 0 дугаар хороо, 0-ийн 0 тоот хаягт байрлах С.И ХХК /РД: 0000000/-д холбогдох,

 

83 тоот зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсныг тогтоолгох, барьцаагаар шилжүүлсэн автомашиныг буцаан шилжүүлэхийг С.И ХХК-д даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзул нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 7 дугаар сарын 3-ны өдөр би төрөөд 20 орчим хонож байсан. Миний эгч н.Б-д 2,000,000 төгрөг хэрэгтэй болсон учир өөрийн бичиг баримт, машинаа төрсөн дүү н.А-д өгч явуулсан. Мөнгө яаралтай хэрэг болсон учир энэ баримтыг ломбарданд очиж үзүүлээд, болохгүй бол над руу утсаар яриулаарай гэсэн боловч дүү н.А нь С.И ХХК-д очсон байсан. Гэтэл С.И ХХК нь бичиг баримтыг шалгаж авах шаардлагатай байхад шалгалгүй шууд авсан. Мөнгө яаралтай хэрэгтэй байсан учир машиныг барьцаанд тавьж 2,000,000 төгрөг авсан. 2018 оны 8 дугаар сарын 3-ны өдөр төлөх ёстой байсан ч чадаагүй. Дараа нь 2018 оны 8 дугаар сарын 7-ны өдөр төлсөн. С.И ХХКнь бидэнд ямар нэгэн дансны дугаар өгдөггүй, утасны дугаар л байсан. Утасдаж хэдэн төгрөг төлөх талаараа асууж байж хэлсэн мөнгийг нь төлдөг байсан. Ямар нэгэн компанийн данс байхгүй, хувь хүний данс өгдөг. Хүү, алдангийн талаар огт тайлбарладаггүй. Мөнгөтэй болох бүртээ төлбөрөө төлдөг байсан. Хугацаа хэтэрдгийг хүлээн зөвшөөрч байна. Эхлээд н.Б гэх хүн дансаа өгөөд мөнгө хийлгэдэг байсан. Хэдэн төгрөгийн хүү төлөх талаар асуухад 8,100 төгрөг төлнө гэж хэлж байсан. Бидэнд огт мэдээлэл өгдөггүй. Хэдэн төгрөгийн үлдэгдэл үлдэж байгаа талаар ч хэлж байгаагүй. Ингэж явсаар байгаад 2019 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн байдлаар 2,982,000 төгрөг төлсөн байсан. Би С.И ХХК дээр дүү н.А-ийн хамт тооцоо нийлэх гээд очиход н.Батжаргал нь н.Саранчимэг гэх эхнэртэйгээ цуг байсан. Бид санхүүгийн тулгалт хийе, одоо хэдэн төгрөг төлөх ёстой талаар асуухад бидэнд ямар нэгэн баримт үзүүлээгүй. Өмнө нь утсаар ярьж асуухад ч хэлж байгаагүй. Манай эгч очиж уулзаад хэдэн төгрөг төлөх ёстой талаар асуухад 1,000,000 төгрөг гэж хэлсэн байсан. Угаасаа хугацаа хэтрүүлсэн учир тэр мөнгийг нь төлөх гээд очсон. Гэтэл 2019 оны 5 дугаар сарын 29-ны өдөр очиход 1,200,000 төгрөг нэхэж байсан. Гэвч бид шаардлагатай үед мөнгө авсан учир төлье гэж бодоод очсон. Миний дүү болон нөхөр үүний талаар гэрчилнэ. Тухайн үед миний дүү төрөөд 10 орчим хонож байсан. Нялх хүүхэдтэй гэдгээ учирлаж, санхүүгийн баримтаа харуулаач гэж хэлсэн. Хоорондоо хэрүүл болоод цагдаа руу бөөнөөрөө явсан. Цагдаад дээр очиход гэрээтэй учир шүүхэд хандсан дээр гэж байсан. Шүүхэд хандах гэж байсан хэдий ч хариуцагч тал залилан хийсэн гээд биднийг цагдаад өгсөн.

 Иймд бид 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрөөс хойш 2019 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийг хүртэл шүүх, прокуророор явж байна. Миний эгч, дүү, би бөөнөөрөө цагдаад дуудагдсан. Би 450,000 төгрөг төлсөн байхад төлөөгүй гэж бичсэн байна. Хоёрдугаарт, хүү, алданги гэж авах ёсгүй. Цагдаагийн газраас залилсан зүйл байхгүй байна гэж хэлсэн. Би хэдэн төгрөг төлөх талаараа мессеж бичиж асуусан. Тэр мессэжүүд бүгд баримттайгаа байгаа. Энэ хүнтэй огт ойлголцож чадаагүй. 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдөр миний машиныг гэрийн гадаанаас авч явсан. Дотор нь зарж байсан миний гутал, хүүхдийн тоглоом байсан. Бүх амьдралын эх үүсвэрийг минь авч явсан. Тухайн үед цагдаад хандахад хүний мөнгийг төлөөгүй учраас авч явсан байна, шүүхээр шийдэгдэж байгаа учир бид оролцох ёсгүй гэж хэлсэн. Дараа нь хариуцагчтай уулзаад шинэ жил болж байгаа учраас хүүхдийн тоглоомуудаа авч зарж мөнгө олъё гэсэн боловч зөвшөөрөөгүй. Миний машин хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа. Машин миний нэр дээр, миний өмчлөлийнх байсан. С.И ХХК нь 600,000 төгрөг төлөх ёстой гэдэг ч би төлөх хүсэлгүй байна. Биднээс алдангид 1,000,000 төгрөг, хүүнд 560,000 төгрөг, үндсэн зээлэнд 900,000 төгрөг төлсөн гэж бичсэн байсан. Иймд 83 тоот зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсныг тогтоолгох, барьцаагаар шилжүүлэн авсан автомашиныг буцаан шилжүүлэхийг С.И ХХК-д даалгаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бат шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагад: С.И ХХК-ийг төлөөлж шүүх хуралдаанд оролцож байна. Нэхэмжлэгч гэрээг дуусгавар болгохыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нь 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр миний машиныг авч явсан гэх тайлбар хэлж байна. Манай компани нь 2018 оны 7 дугаар сарын 3-ны өдөр Д.Б-тай гэрээ байгуулсан. Энэ гэрээний дагуу нэхэмжлэгч нь машинаа барьцаалж 2,000,000 төгрөгийн зээл авсан. Нэхэмжлэгч нь зээл төлөх хугацаа хэтрүүлдэг, төлдөггүй. Утас руу нь залгахад Д.Б аваад миний эгч төлнө, би хэлье гэж ярьдаг. Эгчтэй нь уулзахад авсан зээлээ хэрэглэсэн, цаашид хугацаа хэтрүүлэхгүй төлөхийг хичээе, уучлаарай гэх тайлбар бичгээр өгсөн. Энэ баримт хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан байгаа. Бид аливаа зүйлийг эв зүйгээр шийдэхийг хичээдэг. Гэвч төлбөр төлөлт их хугацаа хоцролттой байсан. Д.Б-тай уулзаагүй байсан учир тухайн үед ихэд уцаартай орж ирэх шиг болсон. Намайг зүй бусаар хэлсэн. Үүнээс үүдэж үл ойлголцол үүссэн. Тухайн үед цагдаагийн байгууллага дуудаж, маргааныг шийдвэрлүүлсэн. Гэрээний дагуу зээл төлөгдөж дууссаны дараа машиныг буцаан шилжүүлдэг. Зээл авахдаа зээлдэгч нь сайн дураар өөрийн эд хөрөнгийг манай компанийн нэр дээр шилжүүлдэг. Зээл төлөгдөх явцад машин манай компанийн нэр дээр байдаг учир манай компанийн өмч юм. Зээлийн гэрээний үүргээ биелүүлсэн тохиолдолд машинаа шилжүүлэн авах боломжтой. Иймд эрх, үүргийнхээ дагуу нэхэмжлэл гаргасан байна.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Нэхэмжлэгч Д.Б нь манай байгууллагатай 2018 оны 7 дугаар сарын 3-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний хугацаа нь сунгаж явсаар 2019 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр дууссан боловч үндсэн зээл, хүү, алдангийг төлөлгүй үүргээ зөрчиж байна. Иймд 2020 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн байдлаар үндсэн зээл 728,796 төгрөг, алданги 338,297 төгрөг, нийт 1,014,891 төгрөгийг нэхэмжлэгч Д.Б-аас гаргуулж өгнө үү гэв.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч С.И ХХК-д холбогдуулан 83 тоот зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсныг тогтоолгох, барьцаагаар шилжүүлэн авсан автомашиныг буцаан шилжүүлэхийг С.И ХХК-д даалгах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч ... зээлийн гэрээний үүрэг дуусгавар болоогүй, тээврийн хэрэгсэл манай өмчлөлд шилжсэн, зээлийн гэрээний үлдэгдэл 1,014,891 төгрөг дутуу, үүнийг төлвөл буцааж өгөх боломжтой гэж, хариуцагч С.И ХХКнь Д.Бгаас 1,014,891 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг нэхэмжлэгч ... гэрээгээр хүлээсэн үүргээ 100 хувь биелүүлсэн гэж тус тус маргажээ.

 

Шүүх дараахь үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

А/ Үндсэн нэхэмжлэлийн талаар:

 

Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч С.И ХХК-тай 2018 оны 7 дугаар сарын 3-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 2,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 6 хувийн хүүтэйгээр зээлж авсан, зээлийн барьцаанд өөрийн өмчлөлийн 70-71 УБЗ улсын дугаартай, рав-4 загварын тээврийн хэрэгслийг барьцаалсан ба зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ., 282 дугаар зүйлийн 282.4-д Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно. гэж заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээ хуульд заасан хэлбэр, шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр байх бөгөөд нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

 

Нэхэмжлэгч Д.Б нь дээрх зээлийн гэрээний үүрэгт 2018 оны 8 дугаар сарын 7-нд 324,000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 600,000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 200,000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 500,000 төгрөг, 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 450,000 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр 400,000 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 500,000 төгрөгийг тус тус төлсөн ба нийт 2,974,000 төгрөгийг төлжээ. Хариуцагч зээлийн гэрээний хугацааг 2019 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийг хүртэл сунгасан гэх боловч энэ талаарх баримтыг гаргаж өгөөгүй, өөрөөр хэлбэл зээлийн гэрээг бичгээр сунгаагүй байна. Зээлийн гэрээний хугацаа 2018 оны 8 дугаар сарын 3-ны өдөр дуусгавар болсон ба үндсэн зээл 2,000,000 төгрөг, түүний хүү /6 хувь/ 120,000 төгрөг болж байх ба энэ үүргийг нэхэмжлэгч Д.Б гүйцэтгэсэн. Харин 2018 оны 8 дугаар сарын 3-ны өдрөөс хойш алданги төлөх үүрэгтэй, нэхэмжлэгч зээлийн гэрээний үүрэгт нийт 2,974,000 төгрөгийг төлсөн ба үндсэн зээл, хүүний төлбөрийг хасахад 854,000 төгрөгийг алдангид төлөхөөр байна. Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж алдангид 338,297 төгрөг нэхэмжилсэн болно. Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1-д Үүрэг дараахь үндэслэлээр дуусгавар болно., мөн хуулийн 236.1.1-д үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн; гэжээ.

 

Иймд нэхэмжлэгч Д.Б нь 83 тоот зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн буюу зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, зохигчдын хооронд 2018 оны 7 дугаар сарын 3-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсныг тогтоож, гэрээний дагуу шилжүүлсэн 70-71 УБЗ улсын дугаартай Рав-4 загварын тээврийн хэрэгслийг Д.Б-ийн өмчлөлд буцаан шилжүүлэхийг хариуцагч С.И ХХК-д даалгах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Б/ Сөрөг нэхэмжлэлийн талаар:

 

Хэдийгээр зохигчдын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээний үүргээ нэхэмжлэгч Д.Б бүрэн гүйцэтгээгүй гэж хариуцагч маргаж, үндсэн зээлийн үлдэгдэл 728,796 төгрөг, алданги 338,297 төгрөг, нийт 1,014,891 төгрөгийг нэхэмжлэгч Д.Б-аас гаргуулж өгнө үү гэх сөрөг нэхэмжлэлийг гаргасан боловч дээрд дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч Д.Б нь зээлийн гэрээний үүргийг зохих ёсоор гүйцэтгэж дуусгавар болгосон байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 236 дугаар зүйлийн 236.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Б, хариуцагч С.И ХХК-иудын хооронд 2018 оны 7 дугаар сарын 3-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсныг тогтоож, гэрээний дагуу шилжүүлсэн 70-71 УБЗ улсын дугаартай Рав-4 /Rav-4/ загварын тээврийн хэрэгслийг Д.Бгийн өмчлөлд буцаан шилжүүлэхийг хариуцагч С.И ХХК-д даалгасугай.

 

2.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Б-аас үндсэн зээлийн үлдэгдэл 728,796 төгрөг, алданги 338,297 төгрөг, нийт 1,014,891 төгрөг гаргуулах тухай хариуцагч С.И ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 140,400 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28,907 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 140,400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              М.МӨНХТӨР