Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2020/00800

 

 

 

Д.Бнэхэмжлэлтэй

 

иргэний хэргийн тухай

 

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Э.Золзаяа, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2020/00433 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.Бхариуцагч С И ХХК-д холбогдуулан гаргасан 83 тоот зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсныг тогтоолгох, барьцаагаар шилжүүлсэн автомашиныг буцаан шилжүүлэхийг даалгах үндсэн, зээлийн гэрээний үүрэгт 1 014 891 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 

 

  Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Миний эгч н.Бд 2 000 000 төгрөг хэрэгтэй болсон учир би өөрийн бичиг баримт, машинаа төрсөн дүү н.Ад өгч явуулсан. Дүү н.А С И ХХК-д очиход уг компани бичиг баримтыг нь шалгаагүй. Мөнгө яаралтай хэрэгтэй байсан учир машинаа барьцаанд тавьж 2 000 000 төгрөг авсан. 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр төлөх байсан боловч төлж чадалгүй 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр төлсөн. С И ХХК нь ямар нэгэн дансны дугаар өгөөгүй, утасны дугаар л байсан. Утсаар ярьж хэдэн төгрөг төлөх талаараа асуусны дараа хэлсэн мөнгийг нь төлдөг байсан. Ингэхдээ компанийн данс биш хувь хүний данс өгдөг. Хүү, алдангийн талаар огт тайлбарлаагүй бөгөөд бид мөнгөтэй болох бүртээ төлөлт хийдэг байсан. Хугацаа хэтэрснийг хүлээн зөвшөөрч байна. Эхлээд н.Б гэх хүн дансаа өгч мөнгө хийлгэдэг байсан. Хэдэн төгрөгийн хүү төлөх талаар асуухад 8 100 төгрөг төлнө гэж хэлсэн. Хэдэн төгрөгийн үлдэгдэл үлдэж байгаа талаар хэлж байгаагүй. Ингээд 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар 2 982 000 төгрөг төлсөн байсан. Би С И ХХК дээр дүү тооцоо нийлэх гээд очиход одоо хэдэн төгрөг төлөх ёстой талаар бидэнд ямар нэгэн баримт үзүүлээгүй. Манай эгч очиж уулзаад хэдэн төгрөг төлөх ёстой талаар асуухад 1 000 000 төгрөг гэж хэлсэн байсан. Гэтэл 2019 оны 05 дугаар сарын 29-ны өдөр 1 200 000 төгрөг нэхэж байсан. Гэвч бид шаардлагатай үед мөнгө авсан учир төлье гэж бодоод очсон. Санхүүгийн баримтаа харуулаач гэж хэлсэн. Би 450 000 төгрөг төлсөн байхад төлөөгүй гэж бичсэн байна. Хүү, алданги шаардах ёсгүй. Цагдаагийн газраас залилсан зүйл байхгүй гэж хэлсэн. Би хэдэн төгрөг төлөх талаараа зурвас бичиж асуусан бөгөөд уг баримтууд хэрэгт байгаа. 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдөр миний машиныг гэрийн гаднаас авч явсан. Дотор нь миний худалдаж байсан гутал, хүүхдийн тоглоом байсан. Миний машин хаана байгаа нь мэдэгдэхгүй байна. Би 600 000 төгрөг төлөх хүсэлгүй байна. Иймд 83 тоот зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсныг тогтоолгож, барьцаагаар шилжүүлсэн автомашиныг буцаан шилжүүлэхийг С И ХХК-д даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарт: Манай компани нь 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Д.Бтай гэрээ байгуулж, автомашиныг нь барьцаалж 2 000 000 төгрөгийн зээл олгосон. Нэхэмжлэгч нь зээл төлөх хугацаа хэтрүүлдэг, зээлээ төлдөггүй. Утас руу нь залгахад Д.Б аваад миний эгч төлнө, би хэлье гэдэг. Эгчтэй нь уулзахад авсан зээлээ хэрэглэсэн, цаашид хугацаа хэтрүүлэхгүй төлөхийг хичээе, уучлаарай гэх тайлбар бичгээр өгсөн. Гэвч төлбөр төлөлт их хугацаа хоцролттой байсан. Гэрээний дагуу зээл төлөгдөж дууссаны дараа автомашиныг буцаан шилжүүлдэг. Зээл авахдаа зээлдэгч нь сайн дураар өөрийн эд хөрөнгийг компанийн нэр дээр шилжүүлдэг. Зээл төлөгдөх явцад машин манай компанийн нэр дээр байдаг учир компанийн өмч юм. Зээлийн гэрээний үүргээ биелүүлсэн тохиолдолд машинаа шилжүүлэн авах боломжтой. Иймд эрх, үүргийнхээ дагуу нэхэмжлэл гаргасан гэжээ.

 

Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: Нэхэмжлэгч Д.Б нь манай байгууллагатай 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний хугацааг сунгаж 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр дууссан боловч үндсэн зээл, хүү, алдангийг төлөлгүй үүргээ зөрчиж байна. Иймд 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн байдлаар үндсэн зээл 728 796 төгрөг, алданги 338 297 төгрөг, нийт 1 014 891 төгрөгийг нэхэмжлэгч Д.Бгаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 236 дугаар зүйлийн 236.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Б, хариуцагч С ИХХК-ийн хооронд 2018 оны 07 дугаар сарын 3-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсныг тогтоож, гэрээний дагуу шилжүүлсэн 70-71 УБЗ улсын дугаартай Рав-4 /Rav-4/ загварын тээврийн хэрэгслийг Д.Бөмчлөлд буцаан шилжүүлэхийг хариуцагч С И ХХК-д даалгаж, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Бгаас үндсэн зээлийн үлдэгдэл 728 796 төгрөг, алданги 338 297 төгрөг, нийт 1 014 891 төгрөг гаргуулах тухай хариуцагч С ИХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 140 400 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28 907 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагчаас 140 400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

  Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бын давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийг эс зөвшөөрч байна. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх хуулийн шаардлагыг ноцтой зөрчиж, хариуцагчийн хууль ёсны эрх ашгийг ноцтой хохироосон, хууль бус шийдвэр гаргасанд гомдолтой байна. Шийдвэрийн үндэслэх хэсэгт "... Хариуцагч зээлийн гэрээний хугацааг 2019 оны 1-р сарын 3-ны өдрийг хүртэл сунгасан" гэх боловч энэ талаарх баримтыг гаргаж өгөөгүй, зээлийн гэрээг бичгээр сунгаагүй байна. Зээлийн гэрээний хугацаа 2018 оны 8-р сарын 3-ны өдөр дуусгавар болсон ба үндсэн зээл 2 000 000 төгрөг, хүү 120 000 төгрөг болж байх ба энэ үүргийг нэхэмжлэгч Д.Б гүйцэтгэсэн гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Д.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ миний бие 2018 оны 7-р сарын 3-ны өдөр С И ХХК-тай 2 000 000 төгрөгийн зээлийн болон барьцааны гэрээг байгуулж, барьцаанд нь тоёота рав 4 маркийн 70-71 улсын дугаартай автомашинаа шилжүүлсэн. Тус компанитай байгуулсан зээлийн гэрээг сар бүр амаар сунгаж, эргэн төлөлтийг хийж, үндсэн зээл, хүү, алдангид нийт 2 982 000 төгрөгийг төлсөн гэж бичсэн байдаг. Зээлийн гэрээ 2019 оны 1-р сарын 03-ны өдөр дууссан, 2019 оны 5-р сарын 29-ний өдөр 2 тал тооцоо нийлж, зээлээ төлж явсан, зээлийн үлдэгдэл 676 594 төгрөг үлдсэнээ нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн ба энэ талаар нэхэмжлэгч 2020 оны 2-р сарын 5-ны өдрийн шүүх хурад дээр маргаагүй, үгүйсгээгүй байдаг. Зээлийн гэрээний хавсралтад Гэрээг сунгах нөхцөл" гэж хүснэгтэд үндсэн зээл, зээлийн гаргаж өгч, хугацаа тохирч, зээл, хүүгээ төлж байсан нь хавтаст хэрэгт цугларсан 2 талын нотлох баримтуудаар тогтоогддог. Анх зээлийг эгч Д.Б, дүү Д.А нар нь авсан, зээл хүүг төлж, эхний төлөлт 324 000 төгрөгийг 2018 оны 8-р сарын 3-ны өдөр төлөх байсан ч, энэ өдөр эгч Д.Б нь утсаар ярьж, хэд хоногоос хийх хүсэлт гаргасан. 2018 оны 8-р сарын 7-ны өдөр 324 000 төгрөг төлсөн гэх Хаан банкны баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Гэтэл уг баримт нь маш бүдэг харагдахгүй, тодорхойгүй байгааг миний бие шүүх хурал дээр хэлж нотлох баримтаас хасуулах санал гаргахад, шүүх хурлын тэмдэглэлд: ... даргалагчаас Хаан банкны гаргагдахгүй байгаа баримт нь 324 000 төгрөг төлсөн баримт уу гэхэд нэхэмжлэгч тийм гэв. гэж тэмдэглэсэн байдаг ба нэхэмжлэгчийн зээл төлсөн тооцоонд нэмж оруулж, нэхэмжлэгчийн "төлсөн дүнг 2 982 000 төгрөг гэж гаргаж, уг баримтыг, нотлох баримтаар үнэлж байгаа нь хуульд нийцэхгүй, нотлох баримтыг үнэлэх хуулийн шаардлагыг зөрчсөн, хууль бус үйлдэл болсон гэж үзэж байна. Нэхэмжлэгч зээл авсанаас хойш сар бүр 2 тал байнга утсаар ярьж, зээл төлөх хугацаа хэтэрсэн үед нэхэмжлэгчтэй харилцан тохирч, зээл хүүг төлөх хугацааг гаргаж, зээлийн гэрээний хугацааг уян хатан өөрчилж, төлж байснаа нэхэмжлэгч баталсан байдаг. Нэхэмжлэгчийн төрсөн эгч Д.Б, төрсөн дүү Д.А нараас удаа дараа зээлийн төлөлт хийхдээ утсаар надтай ярьж, харилцан тохирч хийдэг байсан. Д.Б зээл төлөх талаар өөрийн биеэр ирж, гаргасан хүсэлтдээ ... төлбөрийг удахгүй дуусгах ба цаашид хугацаа хэтрүүлэхгүй, байгууллагад ямар нэгэн хохирол үүсгэхгүй гэж бичгээр бичиж өгсөн. 7 удаагийн гүйлгээг Хаан банкны 5111065693 тоот Д.Агийн данснаас хийсэн баримтаа нэхэмжлэгч гаргаж өгсөн. Нэхэмжлэгч Д.Б нь анх 2019 оны 7-р сарын 7-ны өдөр ... би зээлдэгч байна, тооцоо нийлье гэж анх удаа ирсэн тухайгаа шүүхэд гаргаж өгсөн тайлбартаа бичсэн байдаг. Эдгээр нотлох баримтуудаас харахад 2 тал сайн дурын үндсэн дээр зээл зээлийн хүүг төлж ирсэн байгаа нь харилцан зөвшилцөж, зээлийн гэрээний үүргээ биелүүлж байсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг хэт өрөөсгөл дүгнэж, гэрээний талуудын чөлөөт байдлыг илт үгүйсгэсэн, Иргэний хуулийн 189-р зүйлийн 189.1 дэх заалттай зөрчилдсөн, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, эргэлзээгүй, үнэн зөв үнэлэх хуулийн заалтыг илт зөрчиж, зээлийн гэрээг бичгээр сунгаагүй нотлох баримт гаргаж өгөөгүй. гэж анхан шатны шүүхээс дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Зээлийн үлдэгдэл төлбөр 676 594 төгрөг үлдсэнээ 2 тал хүлээн зөвшөөрсөн, тооцоо нийлсэн, тайлбар хэсэгт утсаар ярьж, зээл төлөх талаар харилцан зөвшилцөж байсан баримтуудыг шүүхэд бичгээр гаргаж өгсөн. Хамгийн сүүлд тооцоо нийлж 676 594 төгрөг үлдсэн баримтыг гаргаж өгч, хавтаст хэргийг шинжлэн судлахад танилцуулсан. Үүнийг хэргийн оролцогч 2 тал маргаагүй, үгүйсгээгүй байхад шүүх үнэлээгүй. Ямар үндэслэлээр үнэлээгүй, няцаалт өгөөгүй талаараа тайлбарлаагүй. 2020 оны 02-р сарын 05-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлийн нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан эхний тайлбарт нэхэмжлэгч 2018 оны 06-р сарын 29-ний өдрөөс хойш зээлийн хүүг төлөөгүй С И ХХК биднийг залилан хийсэн гэж Цагдаагийн байгууллагад өгсөн байсан. Тиймээс энэ хугацааны хүүг төлөх шаардлагагүй гэж үзэж байна гэжээ .... Уг хурлын тэмдэглэлээс нэхэмжлэгч зээлийн үлдэгдэл 600 000 төгрөг үлдсэн байгааг хүлээн зөвшөөрч, зээлээ төлөх санал гаргасан нь харагдаж байна. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

 Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

 Нэхэмжлэгч Д.Бзээлийн гэрээний үүрэг дуусгавар болсныг тогтоолгох, барьцаагаар шилжүүлсэн автомашиныг буцаан шилжүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч С И ХХК эс зөвшөөрч үндсэн зээл 728 796 төгрөг, алданги 338 297 төгрөг, нийт 1 014 891 төгрөг гаргуулахыг сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.

 

 Зохигчид 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж хариуцагч С И ХХК нэхэмжлэгч Д.Бд хэрэглээний зориулалтаар 2 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй зээлдүүлж, үүргийн гүйцэтгэлд 70-71 УБЗ улсын дугаартай Тоёота рав 4 маркийн автомашиныг барьцаалсан байх ба талууд зээлийн мөнгөн хөрөнгийг өгсөн авсан талаар маргаагүй, харин зээлийн гэрээний үүргийн биелэлтэд маргаж байна.

 

Хариуцагч нэхэмжлэгч үндсэн зээлд 728 796 төгрөг, алдангид 338 297 төгрөг төлнө гэж, нэхэмжлэгч 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл зээлийн гэрээний үүрэгт нийт 2 974 000 төгрөг төлж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн тул гэрээ дуусгавар болсон гэж тус тус тайлбарласан болно.

 

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ талуудаас хуулийн шаардлага хангасан баримт гаргасан эсэхийг анхаарч үзээгүй, хэргийн 5 дугаар талд авагдсан Хаан банкны төлбөрийн баримтыг үндэслэн нэхэмжлэгчийн үүргийн гүйцэтгэлийг тооцоолсон нь буруу.

 

 

 

Нэхэмжлэгчийн 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 324 000 төгрөг төлсөн гэх дээрх баримтын үг үсэг уншигдахгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул давж заалдах шатны шүүхээс үүргийн гүйцэтгэлийн талаар дүгнэлт хийх боломжгүй байна.

 

Энэ талаар гаргасан хариуцагчийн гомдол үндэслэлтэй. /хх74/ Мөн хариуцагч тал зээлийн эргэн төлөлт, төлбөрийн үлдэгдэлд тооцоо нийлсэн баримт бий гэж шүүх хуралдааны явцад тайлбарласан байна.

 

Талуудын гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг тогтооход нэхэмжлэгчийн 324 000 төгрөг төлсөн төлбөрийн баримт болон талуудын тооцоо нийлсэн баримт шаардлагатай.

 

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2020/00433 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 169 307 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

А.МӨНХЗУЛ