| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ноостын Хонинхүү |
| Хэргийн индекс | 116/2022/0028/З |
| Дугаар | 221/МА2025/0609 |
| Огноо | 2025-09-23 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 221/МА2025/0609
“ХТ” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч О.Оюунгэрэл
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Т.Энхмаа
Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү,
Давж заалдах гомдол гаргасан: нэхэмжлэгчийн төлөөлөгч
Нэхэмжлэгч: “ХТ” ХХК
Хариуцагч: Дорнод аймгийн Засаг дарга, Дорнод аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын алба
Гуравдагч этгээд: “До” ХХК
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр:
Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 0008 дугаар
Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Э, хариуцагч Дорнод аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У, хариуцагч Дорнод аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ч.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Хатантуул
Хэргийн индекс: 116/2022/0028/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. “ХТ” ХХК-аас Дорнод аймгийн Засаг дарга, Дорнод аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт тус тус холбогдуулан “... Дорнод аймгийн Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/400 тоот захирамжийн “Газар эзэмших гэрчилгээг шинэчлэн олгох газрын жагсаалт”-ын 5 дахь заалтыг гарсан цагаасаа илт хууль бус болохыг тогтоож, “ХТ” ХХК-ийн Х***** сумын 6 дугаар баг, Ш**** захын хойд талд байрлалтай агуулах складын зориулалттай, улсын бүртгэлийн Ү-061100**** тоот гэрчилгээтэй 710 м.кв үл хөдлөх хөрөнгийн доорх газрыг, хуульд зааснаар орох, гарах гарцтай нь “До” ХХК-ийн контор, агуулахыг зориулалттай 4069 м.кв газраас хасаж өөрчлөн, хуульд нийцсэн захирамж гаргуулж өгөхийг Дорнод аймгийн Засаг даргад даалгах, мөн газрын хэмжээ байршил, заагийг тогтоох, орох гарах гарцтай нь /кадастрын зураглалтай/ газар эзэмшүүлэх гэрээ байгуулан, гэрчилгээ олгох, улсын бүртгэлд бүртгэх ажлыг зохион байгуулахыг Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргад даалгах”-аар маргасан байна.
2. Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 0008 дугаар шийдвэрээр:
Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2, 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 31 дүгээр зүйлийн 31.3, 34 дүгээр зүйлийн 34.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “ХТ” ХХК-ийн Дорнод аймгийн Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/400 тоот захирамжийн “Газар эзэмших, гэрчилгээг шинэчлэн олгох газрын жагсаалт”-ын 5 дахь заалтыг гарсан цагаасаа илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, үлдсэнийг буюу “ХТ” ХХК-ийн Х***** сумын 6 дугаар баг, Ш**** захын хойд талд байрлалтай, агуулах складын зориулалттай, улсын бүртгэлийн Ү-061100**** тоот гэрчилгээтэй 710 м2 үл хөдлөх хөрөнгийн доорх газрыг, хуульд зааснаар орох, гарах гарцтай нь “До” ХХК-ийн контор, агуулахын зориулалттай 4069 м2 газраас хасаж өөрчлөн, хуульд нийцсэн захирамж гаргуулж өгөхийг Дорнод аймгийн Засаг даргад даалгах, мөн газрын хэмжээ байршил, заагийг тогтоох, орох гарах гарцтай нь /кадастрын зураглалтай/ газар эзэмшүүлэх гэрээ байгуулан, гэрчилгээ олгох, улсын бүртгэлд бүртгэх ажлыг зохион байгуулахыг Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргад даалгах шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.
3. Давж заалдах гомдлын агуулга:
3.1. “... Анхан шатны шүүх Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2. 27 дугаар зүйлийн 27.1, 31 дүгээр зүйлийн 31.3, 34 дүгээр зүйлийн 34.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч "ХТ" ХХК-ийн Дорнод аймгийн Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/400 тоот захирамжийн "Газар эзэмших, гэрчилгээг шинэчлэн олгох газрын жагсаалт"-ын 5 дах заалтыг гарсан цагаасаа илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, үлдсэнийг буюу "ХТ" ХХК-ийн Х***** сумын 6 дугаар баг, Ш**** захын хойд талд байрлалтай, агуулах складын зориулалттай, улсын бүртгэлийн Ү-061100**** тоот гэрчилгээтэй 710 м2 үл хөдлөх хөрөнгийн доорх газрыг, хуульд заасан орох, гарах гарцтай нь "До" ХХК-ийн контор, агуулахын зориулалттай 4069 м2 газраас хасаж өөрчлөн, хуульд нийцсэн захирамж гаргуулж өгөхийг Дорнод аймгийн Засаг даргад даалгах, мөн газрын хэмжээ байршил, заагийг тогтоох, орох гарах гарцтай нь /кадастрын зураглалтай/ газар эзэмших гэрээ байгуулан, гэрчилгээ олгох, улсын бүртгэлд бүртгэх ажлыг зохион байгуулахыг Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргад даалгах шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.
Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй, хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэлтэй зөв дүгнэлт хийж чадаагүй тул шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.
3.1.1. Анхан шатны шүүх Газрын тухай хуулийн /2002/ оны 27 дугаар зүйлийн 27.1-д "Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ." 27.4-д "Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно." 34 дүгээр зүйлийн 34.1-д "газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуй нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ” гэж тус тус заасан байна. Дээрх тохиолдолд нэхэмжлэгч ХТ ХХК-ийн үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай, 710 м.кв талбай бүхий агуулахын доорх газарт хуульд заасны дагуу газар эзэмших эрх үүсээгүй байна ...” гэж дүгнэлт хийсэнд гомдолтой байна.
Учир нь маргаан бүхий газрын дээр байрлах үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч нь газрын тухай хууль хэрэгжихээс өмнө буюу 1991 оны өмч хувьчлалаар авсан байхад анхан шатны шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж шийдвэр гаргасан гэж үзэж байна.
Цаг хугацааны хувьд нэхэмжлэгч маргаан бүхий газрын дээр байрлах үл хөдлөх эд хөрөнгийг өмч хувьчлалаар авсан байхад шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан дүгнэлгүйгээр хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан гэж үзэж байна.
3.1.2. Маргаан бүхий 2012 оны захирамж гарах хугацаанд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /2002 оны/ үйлчилж байсан ба энэ хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7-д "захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй" тохиолдолд илт хууль бус захиргааны актад тооцохоор заасан, харин маргаан бүхий актын хувьд хариуцагч хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд "До" ХХК-д 4069 м.кв газрын газар эзэмших эрхийн гэрчилгээг шинэчлэн олгосон тул захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэж шүүх дүгнэснийг зөвшөөрөхгүй байна. Тухайн цаг хугацаанд буюу 2012 онд аймгийн Засаг дарга захирамж гарах үед тухайн маргаан бүхий газрын дээр бусад иргэн аж ахуй нэгжийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлтэй эсэхийг лавлаж шалгасан бол энэ захирамж өөрөөр гарах, мөн нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг сонирхол тухайн цаг хугацаанд сэргэх бүрэн боломжтой байсан юм.
Өөрөөр хэлбэл энэ асуудлыг тухайн цаг хугацаанд бүрэн шалгаж лавласан бол захиргааны акт гаргах үндэслэл бүрдээгүй байх байсан гэж үзэж байна.
"ХТ" ХХК-ийн нэр дээр маргаан бүхий газрын дээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг 2005 онд гаргаж байсан бөгөөд энэ талаарх нотлох баримтууд хэрэгт бүрэн авагдсан болно.
3.1.3. Маргаан бүхий актад хууль зөрчсөн, илт хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, энэ тохиолдолд дээрх нэхэмжлэлийн шаардлага хангагдахгүйгээс гадна уг нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар дүгнэж шийдвэрлэсэн Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 19-ны өдрийн 03 дугаартай хуулийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т "Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэж зааснаар үлдсэн нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзжээ.
Дээрх дүгнэлтийг нэхэмжлэгч миний бие хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 77 дугаартай магадлалаар "До" ХХК-д олгосон улсын бүртгэлийн Ү-0614006*** TOот гэрчилгээнд өөрчлөлт оруулан тоосгон агуулахын 1209.88 м.кв-аас 710 м.кв-ыг хасаж 499.88 м.кв талбайтай болгон өөрчлөн бүртгэхийг Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгасугай" гэж өөрчилж шийдвэрлэсэн юм. Өөрөөр хэлбэл дээрх шүүхийн магадлалаар манай компанийн үл хөдлөх эд хөрөнгө бүртгүүлсэн бүртгэлтэй давхцуулж үл хөдлөх эд хөрөнгө бүртгүүлсэн болохыг шинээр тогтоосон байдаг болно.
Дээрх магадлалыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар албадан гүйцэтгүүлж манай компанийн 710 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн давхцалыг арилгуулж манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэх боломж бүрдсэн болно.
Энэ ч үүднээс дээрх шүүхийн магадлалд зааснаар маргаан бүхий газрын дээр байгаа үл хөдлөл эд хөрөнгийн давхцалаа арилгуулсан тул доорх газрыг хууль ёсоор эзэмшихийн тулд шүүхэд нэхэмжлэлээ гаргасан билээ.
3.1.4. Маргаан бүхий газрын дээр байгаа үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч нь өмч хувьчлалаар олж авсан байхад сүүлд хүчин төгөлдөр болсон Газрын тухай хуулийн шаардлагыг хангаагүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Маргаан бүхий газрын дээр байгаа үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр нэхэмжлэгч "ХТ" ХХК, тухайн үл хөдлөх эд хөрөнгийн доор байгаа газрын эзэмшигчээр гуравдагч этгээд "До" ХХК байх талаар гарсан удаа дараа гарсан шүүхийн шийдвэр, магадлал бодит нөхцөл байдалд биелэгдэх эсэхэд эргэлзээ үүсэж байна.
Өөрөөр хэлбэл манай компанийн үл хөдлөх эд хөрөнгийн доор байгаа газар гуравдагч этгээдийн эзэмшилд байгаа нөхцөлд манай компани үл хөдлөх эд хөрөнгөө захиран зарцуулах, эдийн засгийн эргэлтэд оруулах, үл хөдлөх эд хөрөнгийн үр шимээ хүртэх боломжгүй нөхцөлд хүрэхээр байна.
Иймд анхан шатны шүүх нь хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэлтэй зөв дүгнэлт хийж чадаагүй, давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан асуудалд хууль зүйн дүгнэлт өгөөгүй буюу нэхэмжлэгч маргаан бүхий газрын дээрх үл хөдлөх эд хөрөнгийг өмч хувьчлалаар олж авсан асуудалд хууль зүйн дүгнэлт өгөөгүй шийдвэрлэсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянахад шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд хамаарах асуудлыг бүрэн тодруулаагүй, хэрэгт хамаарал бүхий нотлох баримтуудыг бүрэн цуглуулаагүй, маргааны үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийгээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч “ХТ” ХХК-аас “... Дорнод аймгийн Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/400 тоот захирамжийн “Газар эзэмших гэрчилгээг шинэчлэн олгох газрын жагсаалт”-ын 5 дахь заалтыг гарсан цагаасаа илт хууль бус болохыг тогтоож, “ХТ” ХХК-ийн Х***** сумын 6 дугаар баг, Ш**** захын хойд талд байрлалтай агуулах складын зориулалттай, улсын бүртгэлийн Ү-061100**** тоот гэрчилгээтэй 710 м.кв үл хөдлөх хөрөнгийн доорх газрыг, хуульд зааснаар орох, гарах гарцтай нь “До” ХХК-ийн контор, агуулахыг зориулалттай 4069 м.кв газраас хасаж өөрчлөн, хуульд нийцсэн захирамж гаргуулж өгөхийг Дорнод аймгийн Засаг даргад даалгах, мөн газрын хэмжээ байршил, заагийг тогтоох, орох гарах гарцтай нь /кадастрын зураглалтай/ газар эзэмшүүлэх гэрээ байгуулан, гэрчилгээ олгох, улсын бүртгэлд бүртгэх ажлыг зохион байгуулахыг Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргад даалгах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг Дорнод аймгийн Засаг дарга, Дорнод аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт тус тус холбогдуулан гаргажээ.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 34 дүгээр зүйлийн 34.1-т “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ”, 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна”, 107 дугаар зүйлийн 107.4-т “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана” гэж тус тус заасан.
4. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн оролцогчдын тэр дундаа нэхэмжлэгчээс Дорнод аймгийн Засаг даргын 2012 оны А/400 дугаар шийдвэрийг илт хууль бусад тооцуулахаар маргаж буй үндэслэлийг бүрэн тодруулаагүй, хэргийн оролцогчдын маргаж буй үндэслэлтэй холбогдуулан хэрэгт хамааралтай ач холбогдол бүхий баримтуудыг бүрдүүлж, тэдгээрт тулгуурлан захиргааны шийдвэр үйл ажиллагаа хууль зүйн үндэслэлтэй эсэхэд тайлбар хийж, шийдвэрийн үндэслэл болж буй хууль зүйн хэм хэмжээг уг хэргийн үйл баримттай дүйцүүлэн тайлбарлах замаар маргааны үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийгээгүй, давж заалдах шатны шүүхийн хэргийн дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэхдээ дүгнэлт хийсэн асуудлуудыг бүрэн тодруулж, дүгнээгүй байх тул давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна гэж үзлээ. Тодруулбал,
4.1. Нэхэмжлэгчээс “... “ХТ” ХХК үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай, 710 м.кв талбай бүхий агуулахын үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч. Бид уг агуулахыг 1991 онд хувьчилж авсан, газраа бол аваагүй байсан. Тухайн үед Газрын тухай хууль байгаагүй учраас газар эзэмших хүсэлтээ гаргаагүй. Гэтэл газрын алба 2012 онд “До” ХХК-д 4069 м.кв газрыг эзэмшүүлэхдээ тухайн газар дээр манай өмч байгаа эсэхийг шалгахгүйгээр манай агуулахын доорх хууль ёсны газрыг давхцуулж эзэмшүүлсэн. Иймээс аймгийн Засаг даргын 2012 оны А/400 тоот захирамжийн 5 дахь заалт анхнаасаа илт хууль бус. 2002 оны Газрын тухай хуулийн 4.1.7-д зааснаар үл хөдлөх эд хөрөнгө нь тухайн газрын бүрдэл хэсэг тул газрыг эзэмших эрхтэй. Мөн Газрын тухай хууль мөрдөгдөж эхлэхээс өмнө газраа эзэмшиж байсан болохоор давуу эрхээр эзэмших эрхтэй. Агуулахын доорх газарт газрын төлбөр төлж байгаагүй. Дорнод аймгийн Засаг даргын 2012 оны А/400 тоот захирамжийн хавсралтын 5 дахь заалт нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, 47.1.7-д зааснаар анхнаасаа илт хууль бус акт ...” гэсэн үндэслэлээр маргасан байна.
4.2. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно”, 47.1.6-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй”, 47.1.7-д “түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д “Энэ хуулийн 52.2.4-т заасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд дараахь зүйл хамаарна:”, 52.5.1-т “захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн;”, 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж тус тус заасан.
Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд “илт хууль бус захиргааны акт” нь хуульд заасан үндэслэлд тулгуурлаагүй, эсхүл гаргасан актыг бодит байдалд биелүүлэх боломжгүй нь илэрхий тодорхой байгаа тохиолдолд захиргааны актыг илт хууль бус гэж үзэх бөгөөд нэхэмжлэгчээс илт хууль бус болохыг тогтоолгохоор маргаж буй захиргааны актын улмаас өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн талаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ тодорхойлсны хүрээнд шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, хэргийн оролцогчдын маргасан хүрээнд хэргийг шийдвэрлэх үүрэгтэй, харин хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргах хууль зүйн боломжгүй.
4.3. Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч “... нэхэмжлэгч маргаан бүхий газрын дээр байрлах үл хөдлөх эд хөрөнгийг өмч хувьчлалаар авсан байхад шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан дүгнээгүй, ... Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 77 дугаартай магадлалаар “До” ХХК-д олгосон улсын бүртгэлийн Ү-0614006*** тоот гэрчилгээнд өөрчлөлт оруулан тоосгон агуулахын 1209.88 м.кв-аас 710 м.кв-ын хасаж, 499.88 м.кв талбайтай болгон өөрчлөн бүртгэхийг Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгасугай” гэж өөрчилж шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл дээрх шүүхийн магадлалаар манай компанийн үл хөдлөх эд хөрөнгө бүртгүүлсэн бүртгэлтэй давхцуулж үл хөдлөх эд хөрөнгө бүртгүүлсэн болохыг шинээр тогтоосон байдаг, ... шүүхийн магадлалд зааснаар маргаан бүхий газрын дээр байгаа үл хөдлөх эд хөрөнгийн давхцалаа арилгуулсан тул доорх газрыг хууль ёсоор эзэмшихийн тулд шүүхэд нэхэмжлэл гаргасан ...” гэсэн давж заалдах гомдол, тайлбарыг гаргаж маргасан байна.
4.4. Нэхэмжлэгчээс хариуцагчийн 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/400 тоот захирамжаар гуравдагч этгээд “До” ХХК-д газар эзэмшүүлсэн хариуцагчийн шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргасан байх боловч “... хариуцагч нь газар эзэмших эрхийн гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ бүхий манай компанийн үл хөдлөх эд хөрөнгө гэдгийг мэдэх боломжтой байсан, “До” ХХК-ийн газар эзэмших хүсэлтээр газар эзэмшүүлж шийдвэрлэхдээ бусдын үл хөдлөх хөрөнгө уг хүсэлт гаргасан газарт нь байрлаж байгаа эсэхийг нягтлан шалгалгүйгээр газар эзэмших эрх олгосон” гэсэн үндэслэлээр маргаж байгаа эсэх, эсхүл “... Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 77 дугаар магадлалаар нэхэмжлэгч компанид өмчлөх эрх бий болсон тул уг шүүхийн шийдвэрийг дагуу маргаан бүхий актыг шүүх илт хууль бус болохыг тогтоох үндэслэлтэй ...” гэж маргаж байгаа эсэх нь ойлгомжгүй байна.
4.5. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлсон захиргааны акт болох Дорнод аймгийн Засаг даргын 2012 оны А/400 дугаар захирамж байх бөгөөд тухайн үед уг захирамжийг гаргахдаа хариуцагч хууль зөрчсөн, илэрхий алдаатай шийдвэр гаргасан гэж маргаж байгаа эсэх, эсхүл сүүлд бий болсон үйл баримт болох Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 77 дугаар магадлалаар газар дээрх үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч болсон тул гуравдагч этгээдэд газар эзэмшүүлсэн 2012 оны А/400 дугаар захирамж илт хууль бус гэж маргаж байгаа эсэх нь агуулга, үндэслэлийн хувьд эрс тэс ялгаатай байхад шүүх нэхэмжлэгчийн маргаж байгаа үндэслэлийг бүрэн тодруулсны үндсэн дээр хэргийг шийдвэрлэх хууль зүйн үүрэгтэйг анхаараагүй нь учир дутагдалтай байна.
4.6. Мөн нэхэмжлэлд газар эзэмшүүлэх шийдвэр гаргахыг шүүхээр даалгуулах хууль зүйн үндэслэл, хариуцагчийн ямар хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн хөндөгдсөн талаарх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл бүрэн тодорхойлогдоогүй байхад эдгээрийг тодруулалгүйгээр шүүх хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д “Энэ хуулийн 52.2.4-т заасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд дараахь зүйл хамаарна:, 52.5.1-т “захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн”, 53 дугаар зүйлийн 53.3-т “Нэхэмжлэл нь энэ хуулийн 52.5-д заасан бүрдүүлбэр хангаагүй бол хүлээн авсан шүүгч 7-14 хоногийн хугацаа тогтооно” гэж заасантай нийцээгүй байна.
4.7. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д “... эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн”, 106 дугаар зүйлийн 106.3.4-т “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох” гэж заасан.
4.8. Тодорхой шийдвэр гаргуулахыг “даалгах” нэхэмжлэлийн хувьд захиргааны байгууллагын хууль бус “эс үйлдэхүй”, эсвэл “татгалзсан шийдвэр” байхын зэрэгцээ түүний улмаас нэхэмжлэгчийн (шаардах эрхийн урьдчилсан нөхцөл хангагдсан байх) эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нь бодит нөхцөл байдалд тогтоогдсон; мөн нэхэмжлэлээр шаардаж буй захиргааны актыг гаргах үндэслэл байгаа (захиргааны байгууллагын бүрэн эрхэд хамаарах) асуудлыг шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргасан байх учиртай.
4.9. Харин хариуцагч Дорнод аймгийн Засаг даргаас шүүхэд гаргасан тайлбартаа удаа дараа “... нэхэмжлэгч нь Засаг даргад ямар ч хүсэлт гаргаагүй ...” гэх тайлбарыг гаргаж маргасан байхад анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн зүгээс газрыг орох, гарах гарцтай нь “До” ХХК-ийн контор, агуулахыг зориулалттай 4069 м.кв газраас хасаж өөрчлөн өөртөө захирамж гаргуулахаар хүсэлт гарган хандаж байсан талаар баримт хэрэгт авагдаагүй, энэ талаарх баримт байгаа эсэхийг шүүх нэг мөр эцэслэн тодруулаагүй байна.
4.10. Мөн хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд “ХТ” ХХК-аас Дорнод аймгийн Засаг даргад холбогдуулан “... Дорнод аймгийн Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/400 дугаар захирамжийн хавсралтын 5 дахь заалтыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан, Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 03 дугаартай шүүхийн шийдвэрээр тус нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдож байна.
4.11. Гэтэл анхан шатны шүүхээс дээрх захиргааны актыг “хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлагыг өмнө нь хянан шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг үндэслэж одоо маргаж буй “даалгах” нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан “... маргаан бүхий актад хууль зөрчсөн, илт хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, энэ тохиолдолд дээрх нэхэмжлэлийн шаардлага хангагдахгүйгээс гадна уг нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар дүгнэж шийдвэрлэсэн Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 03 дугаартай хуулийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа ...” гэж дүгнэж, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан нь ойлгомжгүй, ийнхүү татгалзахдаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д заасан аль үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан болох нь тодорхойгүй, энэ талаарх давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан “... Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 127/ШШ2020/0003 дугаар шийдвэрээр “ХТ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Дорнод аймгийн Засаг даргад холбогдох Дорнод аймгийн Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/400 дугаар захирамжийн хавсралтын 5 дахь заалтыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх бөгөөд шүүх ямар үндэслэлээр энэ нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч захиргааны хэрэг үүсгэн шийдвэрлэсэн талаар мөн дүгнэлт хийх шаардлагатай …” гэх дүгнэлттэй холбогдуулан хууль зүйн дүгнэлт хийгээгүй нь хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчилд хамаарч байна.
4.12. Түүнчлэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 319 дүгээр магадлалд “... маргаан бүхий объектыг болон газрыг нэхэмжлэгч хэзээ хэрхэн ямар шийдвэрээр олж авсан буюу хууль ёсны өмчлөгч мөн эсэхийг тодруулаагүй, үүнтэй холбоотой нотлох баримтыг бүрэн цуглуулаагүй, ... нэхэмжлэгч нь өмч хувьчлалаар тус газрыг эзэмшсэн эсэх, хууль ёсоор газар эзэмших эрхтэй эсэх талаарх баримтуудыг цуглуулсны эцэст дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэхээр байтал энэ талаарх баримтыг цуглуулах ...” гэж дүгнэсэн байхад анхан шатны шүүхээс магадлалд заасан ажиллагааг хийж, холбогдох баримтыг цуглуулж, хууль зүйн дүгнэлт өгөх үүргээ гүйцэтгээгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй байна.
Иймд шүүх бүрэлдэхүүн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4, 121.3.7 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 0008 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ
ШҮҮГЧ Т.ЭНХМАА
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ