Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 102/ШШ2019/02554

 

                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

            нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Бага тойруу 7/1 тоотод байрлах, РД-5341469, Төрийн банк ХХК-ийн нэхэмжлэлтэй,        

хариуцагч: Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Сөүлийн гудамж 42, өөрийн байранд байрлах, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр замд холбогдох,

            3 658 772,05 ам.доллар буюу 7 436 600 543 төгрөгийг гаргуулах болон Төрийн банк ХХК-ийн хууль бус үйлдлийг тогтоолгох, 721,227.95 ам.долларыг буцаан гаргуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

гуравдагч этгээд-Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Холбоочдын гудамж-4, Төрийн банкны 2-р байрны 3 давхарт байрлах, Хадгаламж банкны эрх хүлээн авагч М.Энхтөр,

гуравдагч этгээд- Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, Монголын залуучуудын холбооны байр, 4 давхарт байрлах, РД-5085659, Жаст групп ХХК нарыг татан оролцуулж хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Амарсанаа, Н.Батгэрэл, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Батхүлэг, хариуцагчийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Болороо, Д.Түвшинбаяр, хариуцагчийн өмгөөлөгч З.Уянга, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Жаст групп ХХК-ийг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Аззаяа, өмгөөлөгч Э.Эрдэнэчулуун, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Хадгаламж банкны эрх хүлээн авагчийг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантөмөр, Б.Энхсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баатархүү нар оролцов.

                                     ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч нь хариуцагчаас векселийн төлбөр 3 658 772,05 ам.доллар буюу 7 436 600 543 төгрөгийг гаргуулахаар, хариуцагч нь нэхэмжлэгчээс харилцах данснаас хууль бусаар хасалт хийж авсан 721,227.95 ам.долларыг буцаан гаргуулахаар тус тус шаардсаныг хэлэлцлээ.

 

            Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч нар тайлбартаа: Жаст групп ХХК-иас Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр замд2013 оны 01 сард нийлүүлсэн нефтийн бүтээгдэхүүн талаарх тооцоог эдгээр байгууллагууд хоорондоо нийлж, 2013 оны 2 дугаар сарын 15 өдрийн актаар худалдан авагч УБТЗ төлөхөөр тогтоосон 10 500 000 ам.доллоарын төлбөрийн үүргийг гүйцэтгэхээр УБТЗ-ын дарга Г.Сэрээнэндорж 2013-02-18 өдөр, 4 000 000 ам.долларын хүүтэй, хүүгүй 2 векселийг, 2013 оны 3 сарын 01 өдөр 2.500.000 ам.долларын хүүгүй векселийг тус тус Жаст ХХК-д бичиж олгосон байдаг . Үүнээс жилийн 12 хувийн хүүтэй , 4 000 000 ам.долларын векселийг УБТЗ төлөөгүй тул 4 000 000 ам.доллар, түүний хүү 380.000 ам.доллараас манайх хариуцагчийн данснаас суутгаж авсан 721.227 ам.доллар 95 центийг хасч, үлдэгдэл болох 3.658.772 ам.доллар 05 цент буюу 7.436.600.543 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.

Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам нь дээрх 3 векселийг бичсэнээр Жаст групп ХХК-ийн өмнө хүлээсэн нефтийн бүтээгдэхүүний төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлж дуусгавар болгосон. Учир нь Жаст групп ХХК нь 2013 оны 2 сарын 18-ны өдөр УБТЗ-аас авсан 2 векселийг Хадгаламж банк ХХК-д тэр өдрөө худалдаж, вексельд дурдсан мөнгийг авсан. Хадгаламж банк векселийг хүлээн авч, Жаст групп ХХК -д Хадгаламж банкнаас авснаар, 2013 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн тооцоо нийлсэн актаар УБТЗ нь төлөх болсон нефтийн бүтээгдэхүүн, шатах тослох материалын төлбөрийг векселиэр төлж, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам болон Жаст групп ХХК-иудын хоорондын энэ төлбөр тооцоо дуусгавар болгосон.

Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам нь төлбөрийг бусдын хөрөнгөөр буюу Хадгаламж банк ХХК-иар гүйцэтгүүлж, векселийн төлбөрийг тодорхой хугацаанд Хадгаламж банк ХХК-д эргүүлэн төлөх чиг үүрэг үүсгэх замаар төлбөрийн хугацааг хойшлуулж, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам үр ашиг хүртсэн. Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр зам төлбөр тооцооны хэрэгсэл болох векселийг төлбөр авагч Жаст групп ХХК-д нефтийн бүтээгдэхүүний төлбөрийн мөнгөө бүрэн төлж, үүргийг дуусгавар болгох харилцаа нь Хадгаламж банк ХХК уг вексельд заасан үнийн дүнгээр санхүүжилт Жаст групп ХХК-д хийснээр Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам бусдад төлөх төлбөрийн үүргийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлсэн. Хадгаламж банк ХХК ба Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын хооронд төлбөр төлөгч төлбөрийн үүргээ гуравдагч этгээд Хадгаламж банк ХХК-иар гүйцэтгүүлсэн Иргэний хуулийн 210 дугаар зүйлд заасан харилцаа үүссэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. Уг харилцааны үр дүнд үүссэн төлбөрийг төлж барагдуулахыг Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаас шаардах эрх нь Хадгаламж банк ХХК-ийг татан буулгасантай холбоотой тус банкны зарим актив, пассив хөрөнгийг Төрийн банк ХХК-д шилжүүлэх үйл ажиллагааны хүрээнд 2013 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн Хадгаламж банкны эрх хүлээн авч болон Төрийн банк ХХК-ийн гүйцэтгэх захирлын хооронд байгуулагдсан актив, пассив хөрөнгө шилжүүлэх гэрээ, тухайн гэрээний хавсралт болох богино хугацаанд хөрөнгө оруулалт шилжүүлэх гэрээ, мөн хавсралт болох бусад актив, хөрөнгө шилжүүлэх гэрээгээр шилжиж ирсэн. Богино хугацаанд хөрөнгө оруулалт шилжүүлэх гэрээгээр векселийн үндсэн төлбөр 4.000.000 ам.доллар шилжиж ирсэн, бусад актив хөрөнгө шилжүүлэх гэрээгээр тухайн вексель бичсэн өдрөөс хойш 2013 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хүртэл буюу 205.000 ам.долларын хүү шилжиж ирсэн.

Иймээс Төрийн банк ХХК нь Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам, Жаст групп ХХК-ийн өмнөөс төлсөн Хадгаламж банк ХХК-ийн төлбөрийг буцаан шаардах эрх хэрэгжүүлэх эрх бүхий этгээд юм. Монгол банкны Ерөнхийлөгчийн 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 155 дугаар тушаалыг үндэслэн Хадгаламж банк ХХК-ийн Банкны эрх хүлээн авагчийг шилжүүлэн авсан векселийн төлбөр болон түүний хүү шаардах эрх нь дээрх гэрээнд зааснаар Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.9-д зааснаар Төрийн банк ХХК-д хадгалагдаж ирсэн.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлбөр шилжиж ирсэн вексель болон түүний арилжааны хэлцлийг хүчингүй болгосон хэдий ч Иргэний хуулийн 194 дүгээр зүйлийн 194.1-д заасан гэрээний бус үүрэгт хамаарах журмын хүрээнд бусдын зардлаар өөрийн хөрөнгө хэмнэх аргаар хөрөнгөжсөн Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаас Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д зааснаар төлбөр гаргуулах эрхтэй.

Хариуцагч тал тухайн векселийн төлбөрийг 2013 оны 5 сарын 28 өдрийн тооцоо нийлсэн актаар төлсөн гэдгээ хариу тайлбартаа дурдсан байсан. Хариуцагчийн гаргасан нотлох баримтаар 2013 оны 01 сарын 01 өдрөөс 5 сарын 28 өдөр хүртэлх хугацааны төлбөр төлсөн. Энэ төлбөр хийсэн тооцоо нийлсэн акт 2013 оны 5 сарын 28 өдрийн тооцоо нийлсэн акт юм. Уг акт нь Жаст групп ХХК болон Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын хооронд хийсэн тооцоо нийлсэн акт юм. Тооцоо нийлсэн актаар векселийн төлбөр бүрэн төлөгдсөн учраас төлбөрөө Жаст групп ХХК-иас нэхэмжил гэсэн тайлбар гаргадаг. Уг тайлбар нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна. 2013 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн тооцоо нийлсэн актаар өр төлбөр барагдсан бол 2013 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн хүүгүй векселийн төлбөрийг Голомт банкаар дамжуулан Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр зам нь Хадгаламж банк ХХК-д 2013 оны 05 сарын 22 өдөр 2.000.000 ам.доллар, 05 сарын 28 өдөр мөн 2.000.000 ам.доллараар төлж барагдуулсан. Тухайн үед бичиж өгсөн хүүгүй 4.000.000 ам.долларын векселийн хугацаатай давхцаж, энэ векселиэр хаасан. 2013 оны 06 сарын 12 өдөр хүүгүй 2.500.000 ам.долларын вексель төлөх хуулийн хугацаатай байсан. Энэ хугацаанд Голомт банк ХХК-иар дамжуулж, Хадгаламж банк ХХК-д векселийн төлбөр төлсөн. Хэрвээ талууд 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хоорондоо шатах тослох материал нийлүүлж, ийм хэмжээний авлага Жаст групп ХХК-д гарсан бол,тэр тооцоонд векселийн төлбөр төлөгдсөн бол, векселийн төлбөр оруулж тооцсон бол, энэ вексель төлөгдөх боломжгүй байсан. Өөрөөр хэлбэл нэгэнт векселийн төлбөрийг тооцсон бол төлөх боломжгүй байсан. Уг төлбөрийг төлснөөс харахад тухайн тооцоо нийлсэн актыг талууд байгуулсан байж болно. Гэхдээ энэ төлбөрт векселийн төлбөр ороогүй юм. 2013 оны 07 сарын 09-ний өдрийн тооцоо нийлсэн актаар манай нэхэмжилсэн төлбөрийг төлсөн гэдэг. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан Улаанбаатар аудитаас Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр замд 2013 оны 07 сарын 10 өдөр гаргаж өгсөн санхүүгийн тодорхойлолтод 2016 оны 06 сарын 31-ний өдрийн байдлаар энгийн векселийн төлбөр 4.380.000 ам.доллар, энэхүү векселийн төлбөр огноо хүү, төлбөр төлөх хугацаа зэрэг нь манайхаас ирүүлсэн тодорхойлолттой таарч байна гэсэн тодорхойлолтыг Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр замын Санхүү эрхэлсэн орлогч захирал гаргаж өгсөн байдаг. Төрийн банк ХХК-д хандаж 2013 оны 08 сарын 07 өдрийн 127952 дугаартай албан бичгээр Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр замын дарга н.Сэрээнэндорж Жаст групп ХХК-д бичиж өгсөн вексель Хадгаламж банк ХХК-д шилжсэн. Хадгаламж банк ХХК-д шилжсэн векселийг өнөөдрийн байдлаар бид төлөөгүй. Энэ төлбөрийг Жаст групп ХХК руу шилжсэн гэх албан бичгийн манайд ирүүлсэн. 2013 оны 08 сарын 07 өдөр хүртэл векселийн төлбөр төлөх үүрэгтэй гэдгээ Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр зам мэдэж байсан. Вексель бичсэн асуудлаар Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр зам хохирогчоор тогтоогдож Авилгатай тэмцэх газар тухайн векселийг бичиж өгсөн Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр замын дарга н.Сэрээнэндоржид эрүүгийн хэрэг үүсгэсэн. Эрүүгийн хэрэгт хохирогчоор Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр замын удирдлагын асуудал хариуцсан орлогч захирал Лхамсүрэнгийн Даваа гэх хүн оролцсон. Хавтаст хэрэгт авагдсан Л.Даваагийн 2015 оны 10 сарын 28-ны өдрийн мэдүүлэгт 2013 оны 02 сарын 18-ны өдрийн, хүү 380.000 ам.доллар, 4.000.000 ам.долларыг хууль зөрчиж гаргаснаас өнөөдрийг хүртэл төлбөр төлөгдөөгүй, Төрийн банк ХХК-д өртэй болчихоод байна. Ийм учраас Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр замд учруулсан хохирлыг н.Сэрээнэндоржоос гаргуулж өгөөч гэх мэдүүлэг 2 дугаар хавтасны 233 дугаар хуудсанд авагдсан. Дээрх нөхцөл байдлаас харахад векселийн төлбөр төлөх үүрэг 2015 оны 10 сарын 28-ны өдөр хүртэл Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр замд байсан. Үүнээс хойш талууд тооцоо нийлсэн акт гаргаж өгөөгүй, талууд энэ талаар тодорхой зүйл яриагүй. Талууд шатах тослох материалын төлбөрийг тооцоо нийлсэн актаар дүгнэсэн бол өнөөдрийг хүртэл хугацаанд вексель дамжуулж өгсөн этгээд болох Жаст групп ХХК-иас төлбөр хариуцах ёстой гэсэн мэдэгдэл, мэдээлэл, албан бичгийг Төрийн банк ХХК-д хүргүүлээгүй байна. Бидний нэхэмжилсэн төлбөр огт төлөгдөөгүй, төлөгдөөгүй төлбөрийг Төрийн банк нэхэмжлэх эрхтэй. Дээрх нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

            Хариуцагчийн тайлбар, итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэл анхнаасаа хууль зүйн үндэслэлгүй, бодит байдалд нийцээгүй. Талуудын хооронд вексель үйлдсэн талаар маргаан байхгүй. Нэхэмжлэгч шаардах эрхтэй гэдгээ 2013 оны 07 сарын 23-ны өдрийн актив, пассивын гэрээг үндэслэж тайлбарладаг. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1.9, 194, 496 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэлийн шаардлагынхаа хууль зүйн үндэслэлийг тодорхойлсон байна. Талуудын хооронд 2013 оны 02 сарын 18-ны өдөр үйлдсэн векселийг арилжсан хэлцлийг хүчин төгөлдөр буст тооцсон шүүхийн шийдвэр хавтаст хэрэгт авагдсан. Векселийн тухай хууль болон Иргэний хуульд заасан бүрдүүлбэрийн шаардлага хангахгүй вексель нь 2013 оны 02 сарын 18-ны өдрөөс хүчин төгөлдөр буст тооцсон Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байгаа.

Нэгэнт шүүхээр нотлогдсон үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт зааснаар дахин нотлох шаардлагагүй үйл баримт тул нэхэмжлэгчид векселийн төлбөр, төлбөрийн үлдэгдэл, хүү шаардах хууль зүйн үндэслэл байхгүй.

Вексель шүүхийн 2016 оны 10 сарын 28-ны өдрийн шийдвэрээр хүчин төгөлдөр бус болсон учраас Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.2-т зааснаар байгуулагдсан үеэсээ төлбөр тооцооны хэрэгслийн хувьд буцаан шаардах эрхээ алдсан тул нэхэмжлэгчийн шаардлага үндэслэлгүй.

Вексель, вексель арилжаалсан хэлцэл хүчин төгөлдөр бус болсон болохоор Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасан эрх зүйн үр дагавар үүсэх ёстой.Үүний дагуу бол вексель эзэмшигч нь Жаст групп ХХК болсон.Иймд Жаст групп ХХК-иас хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг шаардах болохоос УБТЗ-аас шаардахгүй. Хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагавар хэлцэл хийсэн талуудын хооронд үүснэ.

Хадгаламж банк, Төрийн банк нь УБТЗ-ын үүргийг гүйцэтгэж, төлбөрийг төлөөгүй. Харин 2013001, 2013002 дугаартай вексель худалдах, худалдан авах хариу төлбөртэй арилжааны хэлцэл хийсэн. Худалдах,худалдан авах гэрээний дагуу үүрэг биелүүлж, төлбөр төлсөн үйл баримтыг гуравдагч этгээдийн өмнөөс үүрэг гүйцэтгэсэн гэж үзэх ямар ч үндэслэлгүй.

Нэхэмжлэгч нь УБТЗ ХХН-ийн өмнөөс бид гуравдагч этгээд болж, үүрэг гүйцэтгэж, улмаар Иргэний хуулийн 210 дугаар зүйлд заасан харилцаа үүссэн гэдэг.

Гэвч Хадгаламж банк бол хариу төлбөртэй гэрээний үүргээ л биелүүлж, төлбөр тооцоогоо Жаст ХХК-д өгсөн болохоос УБТЗ-ын өмнөөс ямар нэг үүрэг гүйцэтгээгүй.

Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, Векселийн тухай хуулийн 16 дүгээр зүйлийн 16.1-д Хадгаламж банк болон Жаст групп ХХК-иас УБТЗ-д векселийн төлбөрийг шаардах эрх өөр этгээдэд шилжиж байгаа талаар мэдэгдээгүй учраас 2013-05-17, 05 сарын 28, 07 сарын 09, 07 сарын 31 өдрүүдэд удаа дараагийн тооцоо нийлсэн актуудаар, вексель бичих үндэслэл болсон дизель түлшний төлбөр тооцоог УБТЗ нь Жаст групп ХХК-д төлчихсөн. Харин УБТЗ нь Жаст групп ХХК-иас авлагатай болсон байгаа. Иймд Төрийн банкны нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм.

Жаст групп ХХК-ийн өмнө хүлээсэн төлбөр тооцооны үүргээ Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр зам бүрэн төлж, 3 удаагийн тооцоо нийлсэн акт үйлдсэн. Шилжсэн хэлцэл хүчин төгөлдөр бус учраас өөр этгээд андуурч буюу сайн дураараа төлсөн гэдэг үр дагавар шаардах эрх үүсээгүй. Хавтаст хэрэгт авагдсан маргаан бүхий вексель нь Иргэний хуулийн 467 дугаар зүйлийн 467.4-д заасан бүрдүүлбэр дутуу, дамжуулах шилжүүлэгт вексель төлөгчийн нэр, хаяг байхгүй. Энэ баримтаар вексель хэнд шилжсэн гэдэг нь нотлогдохгүй. Вексель шилжүүлсэн огноо, харилцах дансны дугаар, банкны нэр харилцах дансны дугаар зэрэг бичигдээгүй. Векселийн тухай хуульд заасан бүрдүүлбэр хангахгүй байсан тул Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Векселийн тухай хуулийн 5, 17 дугаар зүйлд зааснаар хүчингүй болгосон. Векселийн тухай хуульд заасны дагуу төлбөр тооцооны үүрэг гүйцэтгэх хугацаанаас өмнө Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр зам векселийн татгалзлыг 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр өгсөн. Нэхэмжлэгч тал н.Сэрээнэндорж гэх хүн Авлагитай тэмцэх газар шалгагдаж байгаа гэх үндэслэлээр Сүхбаатар дүүргийн шүүхэд хянагдаж байсан хэргүүдийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг дээр шалгагдаж байна гэсээр өдий хүрсэн. Векселийн тухай хуульд зааснаар Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр замын төлбөрийн татгалзлыг хүчин төгөлдөр буст тооцуулах нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргаагүй. Үндэслэлгүйгээр татгалзсан байна гэвэл татгалзал нь үндэслэлгүй гэдгийг шүүхээр тогтоож, шүүх татгалзал үндэслэлгүйг тогтоосны дараа тухайн шүүхийн шийдвэрт үндэслэж нэхэмжлэл гаргах эрх үүснэ. Нэхэмжлэгч шаардах эрхгүй этгээд. Жаст групп ХХК-иас Хадгаламж банк ХХК-д шилжүүлсэн хэлцлийг бүгдийг нь хүчин төгөлдөр буст тооцсон. Векселийг ч хүчин төгөлдөр буст тооцсон, вексель шилжүүлсэн хэлцэл ч хүчин төгөлдөр бус юм. Вексель төлбөр тооцооны хэрэгсэл биш болж, хоосон цаас болсон. Үнэт цаас устгасан, гэмтээсэн, үнэт цаасыг устгасан этгээд өөрийн гэм буруугийн төлөө шүүхийн өмнө хариуцлага хүлээх болохоос биш Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр зам үүрэг хүлээх хууль зүйн үндэслэл байхгүй. н.Сэрээнэндоржийн хэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэсэн шүүхээр энэ нотолгоо үнэн гэж нотлогдоогүй, хэрэг Авлигатай тэмцэх газар шалгагдаж байсныг прокурор хэрэгсэхгүй болгосон. Өөрөөр хэлбэл эдгээр хүмүүсийн мэдүүлэг хүнийг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болоогүй. Анхны үйл баримт хүчин төгөлдөр байж, цаашид үр дагавар шаардах эрхтэй болохоос нэхэмжлэгч тал тайлбарласан шиг үүрэг үүсэхгүй. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Төрийн банк ХХК нэхэмжлэлээсээ татгалзаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д заасан нөхцөл байдал үүсч дахин нэхэмжлэл гаргах эрхгүй гэдгийг тогтоосон магадлал хуулийн хүчин төгөлдөр байна. Нэхэмжлэлээсээ татгалзсан шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байхад нэхэмжлэгч талд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрх байхгүй гэв.

            Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Хадгаламж банкны эрх хүлээн авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг дэмжсэн байр суурьтай оролцож байна. Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаас Жаст групп ХХК-д 10.500.000 ам.долларын үнийн дүн бүхий 3 вексель бичсэн талаар талууд маргадаггүй. Жаст групп ХХК дээрх 3 векселийг Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаас бичсэн өдөр нь дамжуулах бичилт үйлдэж, Хадгаламж банк ХХК-д худалдсан. Хадгаламж банк ХХК, Жаст групп ХХК-ийн дансанд 2013 оны 2 дугаар сарын 18-ны өдөр 4.000.000 ам.доллар 2 удаа, нийт 8.000.000 ам.доллар, 2013 оны 3 дугаар сарын 01-ний өдөр 2.500.000 ам.доллар, нийт 10.500.000 ам.доллар шилжүүлсэн. 2013 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн хүүгүй векселийн хугацаа 2013 оны 5 дугаар сарын 23-ны өдөр дууссан. Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр замаас 2013 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 2.000.000 ам.доллар, 2013 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 2.000.000 ам.доллар, нийт 4.000.000 ам.доллар шилжүүлсэн. 2013 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 2.500.000 ам.долларын векселийн хугацаа 2013 оны 6 дугаар сарын 30-ны өдөр дуусах байсан тул 2013 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 2.500.000 ам.доллар, нийт 6.500.000 ам.долларыг төлсөн болох нь тогтоогддог. Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр зам 6.500.000 ам.доллар төлсөн нь Хадгаламж банк дахь Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын 1099101515010002 ам.долларын дансны хуулгаар нотлогдож байна. Монгол банкны ерөнхийлөгчийн 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн А-153 дугаартай тушаалаар Хадгаламж банк ХХК-д банкны эрх хүлээн авагч томилсон. Мөн өдрөө Монгол банкны Ерөнхийлөгчийн 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн А-157 дугаартай тушаалаар албадан татан буулгах тушаалаар Хадгаламж банк ХХК-ийг татан буулгахаар шийдвэрлэсэн. Энэ тушаалаар Хадгаламж банк ХХК-ийг хуулийн этгээдийн хувьд албадан татан буулгахаар шийдвэрлэсэн. Албадан татан буулгах ажиллагааг хууль тогтоомжид заасны дагуу гүйцэтгэж, банкны эрх хүлээн авагчид шилжүүлж, албадан татан буулгах ажиллагаа дуусгавар болоогүй. Хэрвээ Хадгаламж банк ХХК-ийг албадан татан буулгасан гэж яривал шүүх хуралдаанд тус компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцох боломжгүй. Банкны тухай хуулийн 59 дүгээр зүйл, өөрчлөлт орсон хуулийн 68 дугаар зүйлийн 68.3, Хадгаламж банк ХХК-ийн эрх бүхий албан тушаалтны бүрэн эрх, банкны хөрөнгө захиран зарцуулах эрх нь банкны эрх хүлээн авагчид шилжсэн. Банкны эрх хүлээн авагчид шилжихэд Хадгаламж банк ХХК-ийн хуучин гүйцэтгэх удирдлагаас 2013 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар санхүүгийн тайлан гаргасан. Хэлцлийн үнэн зөв болохыг шалгаж, 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдөр банкны эрх хүлээн авагчид хүлээлгэж өгсөн. Банкны тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.2-д зааснаар Хадгаламж банк ХХК-ийн нийт активыг өөрийн хяналтад авсан. Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаас 2013 оны 2 дугаар сарын 18-ны өдөр бичсэн 285 хоногийн хугацаатай, 4.000.000 ам.долларын жилийн 12 хувийн хүүтэй буюу 380.000 ам.долларын хүүтэй, нийт 4.382.000 ам.долларын үнэ бүхий энгийн вексель бүртгэгдсэн. 2013 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр төлбөрийн хугацаа дуусаж, тодорхой хугацааны дараа төлөгдөх нөхцөлтэй. Хадгаламж банк ХХК-ийн 2013 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн тэнцлээр төлбөр хийгдээгүй. Хадгаламж банк ХХК үйл ажиллагаагаа хэвийн явуулж байсан 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүртэл хугацаанд Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаас төлбөрөөс татгалзах тухай ямар нэгэн албан бичиг ирүүлээгүй. Иймд банкны эрх хүлээн авагч гэрээнд авагдсан баримтын дагуу хуульд зааснаар энэхүү векселийг Төрийн банк ХХК-д актив хөрөнгөөс шилжүүлсэн. Хариуцагч нь Хадгаламж банк ХХК-иас шилжүүлсэн векселийн төлбөрийг төлсөн, нэг бол сонгож гүйцэтгэсэн гэж янз бүрээр тайлбарладаг. Хүүгүй вексель төлөгдсөн, хүүтэй векселийн төлбөр төлөгдөөгүй гэдгийг гуравдагч этгээдийн зүгээс тайлбарлаж, нэхэмжлэгчийн тайлбарыг дэмжиж байна гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Жаст групп ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Жаст групп ХХК векселийн төлбөрийг Хадгаламж банк ХХК-иар мөнгөжүүлсэн, талууд мөнгө өгсөн, авсан талаар маргаагүй. Векселийн хэлцлийг шүүхээс Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсон. Векселийг нэгэнт хүчин төгөлдөр бус гэж тооцсон юм бол векселийн хэлцэл байгуулагдсан үеэсээ хүчин төгөлдөр бус байна. Хадгаламж банк ХХК-ийн эрх хүлээн авч, векселийн төлбөр шаардах эрх Төрийн банк ХХК-д шилжсэн гэдгийг Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр замд мэдэгдээгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. Шаардах эрх шилжүүлсэн этгээд үүрэг гүйцэтгэгчид мэдэгдэх үүрэгтэй, түүнээс зөвшөөрөл авах үүрэгтэй биш. Монгол банкны ерөнхийлөгчийн 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн тушаалыг Төрийн банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар иш татаж ярьсан. Уг тушаал захиргааны хэргийн шүүхэд маргаантай байгаа. Төрийн банк ХХК-д шилжүүлсэн Монгол банкны ерөнхийлөгчийн, Хадгаламж банк ХХК-д албадлагын арга хэмжээ авсан, эрх хүлээн авагч томилсон нь захиргааны хэргийн шүүхэд өнөөдрийг хүртэл маргаантай байгаа. Жаст групп ХХК болон иргэн Ш.Батхүүгийн зүгээс Монгол банкны ерөнхийлөгчийн 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн тушаалыг илт хууль бус болох талаар захиргааны хэргийн шүүхэд 5 жил маргаж байна. Нарийн яривал захиргааны хэргийн маргааныг шийдэгдсэний дараа энэ маргаан шийдэгдэх ёстой байх. Ш.Батхүүгийн 84 тэрбум төгрөгийг Хадгаламж банк ХХК-ийн эрх хүлээн авагч зүгээр л авчихсан. Ийм учраас Монгол банкны ерөнхийлөгчийн 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн тушаалд үндэслэж хэргийг шийдэх нь учир дутагдалтай гэж үзэж байна. 2013 оны 4 дүгээр сараас өмнө Жаст групп ХХК нь Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр зам, Эрдэнэс таван толгой ХХК зэрэг компаниудтай аалзны шүлс шиг торолсон харилцаа холбоо үүсгэсэн байсан. Жаст групп ХХК, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр замд өглөгтэй, авлагатай гэж тооцоо нийлдэг болохоос тэр болгон нарийн зүйл ярьдаггүй. 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Хадгаламж банк ХХК-ийн эрх хүлээн авагч 14:30-д тамга тэмдэгээ авсан байдаг. Хадгаламж банк ХХК-ийг Төрийн банк ХХК нэг өдрийн дотор авсныг хуулийн хяналтын байгууллага шалгаж байгаа. Нэгэнт Төрийн банк ХХК, Хадгаламж банк ХХК-ийн векселийн төлбөр шаардах эрх авсан гэдгээ Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр замд мэдэгдээгүй байх тул Төрийн банк ХХК-д шаардах эрх үүсэхгүй гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Бидний зүгээс гаргасан сөрөг нэхэмжлэл хууль бус үйлдэл тогтоолгох, 721.227 ам.доллар 95 центийг Төрийн банк ХХК-иас гаргуулах гэсэн 2 шаардлагатай. Энэ асуудлаар Сүхбаатар дүүргийн шүүхээс шүүхийн шийдвэрийг биелэлтийг баталгаажуулах тухай шүүгчийн 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 11533 дугаартай захирамж гарсан. Уг захирамжид маргааныг хянан шийдвэрлэх хүртэл ямар нэгэн үйл ажиллагаа явуулахгүй байхыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн. Гэтэл хариуцагч шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг мэдсээр байж санаатай зөрчиж, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр замын харилцах данснаас 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 721.227 ам.доллар 95 цент суутган авсан. Төрийн банк ХХК энэ үйлдлээрээ Шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлд заасныг зөрчиж бусдын данснаас дураараа мөнгө авсан тул түүний хууль бус үйлдлийг тогтоож өгнө үү?

Монгол улсын Засгийн газар дэмжиж, ОХУ, БНХАУ-ын нефтийн хамаарлаас гарахын тулд 70.000.000 ам долларын баталгаатай, батлан даагч нь БНСАУ, өөрийн нефть үйлдвэрлэдэг компаниудад Монгол Улсад шатах тослох материал нийлүүлж, эрсдэл хариуцна гэсэн гэрээний шалгуурт Монгол улсаас Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр зам сонгогдсон. Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр зам гэрээний дагуу БНСАУ руу мөнгөө шилжүүлсэн мөнгийг Төрийн банк ХХК замаас нь шилжүүлэлгүй барьснаар Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр зам, БНСАУ-тай нефтийн гэрээ байгуулах боломжгүй болсон.

Иймд 721.227.95 ам долларыг гаргуулж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй, эрхгүйг тодруулах хэрэгтэй. Төрийн банк ХХК, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр замын дансыг царцааж байхад вексель хүчин төгөлдөр байсан. Тухайн үед вексель хүчин төгөлдөр байсан учраас Төрийн банк ХХК, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр замаас векселийн төлбөрийг үл маргах журмаар авсан. Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр замын данс царцаахтай холбоотой маргаан тухайн үед Сүхбаатар дүүргийн шүүхэд хянан шийдвэрлэгдэж байсан. Хэрвээ шүүхийн шийдвэрийг хууль бус гэж үзэж байсан бол шүүх гаргасан шийдвэрийнхээ биелэлтийг хариуцах үүднээс энэ ажиллагааг хийх ёстой байсан. Төрийн банк ХХК өөртөө тусалж, 2015 оны 06 сарын 26 өдөр Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр замын данснаас мөнгө авсан. Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр замаас Төрийн банк ХХК-авлагатай тул 700.000 ам долларыг нэхэмжлэх эрх байхгүй. Манайх өөртөө тусласан. Ийм учраас Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр замын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

           

            Нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэл, зохигч, гуравдагч этгээдийн тайлбар, мэтгэлцээн, хэрэгт авагдсан нотлох баримт болох 1 дүгээр хавтаст байгаа Нийслэлийн прокурорын газрын 2016-07-04 өдрийн яллагпагчид холбогдох зарим үйлдлийг хэрэгсэхгүй болгох тухай 47, 125 тоот тогтоол, аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Монгол банкны Ерөнхийлөгчийн 2013-07-22 өдрийн А153, А157 тушаалууд, актив пассив хөрөнгө шилжүүлэх гэрээ, Богино хугацааи хөрөнгө оруулалт шилжүүлэх тухай гэрээ, дансны үлдэгдлүүд, бусад актив хөрөнгө шилжүүлэх гэрээ, Хадгаламж банк дахь банкны эрх хүлээн авагчийн тодорхойлолт, энгийн векселүүд, депозит дансны харилцагчийн монгол хуулга, дотоод дансны хуулга, төлбөрийн даалгаврууд, векселийн арилжааны хэлцлүүд, Улаанбаатар Аудит корпорацид УБТЗ-аас гаргаж өгсөн төлбөрийн баримт тулгасан тодорхойлолт, илтгэх хуудас, УБТЗ-ын мэдэгдэл, хүсэлт, албан бичгүүд, татгалзал, албан бичгийн хариу, Төрийн банкны албан бичгүүд, Голомт банкны албан бичгүүд, Монгол банкны албан бичгүүд, Зам тээрийн яаманд болсон уулзалтын тэмдэглэл, Зам тээврийн сайдын албан бичиг, Төөрийн өмчийн хорооны албан бичиг, УБТЗ-ын деспозит дансны харилцагчийн монгол хуулга, Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгчийн 2013-11-21 өдрийн 2109, 2014-04-24 өдрийн 10716/с захирамж, 2016-10-28 өдрийн 181/ШШ2016/01111 шийдвэр, Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015-02-13 өдрийн 1240 шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2015-04-27 өдрийн 502 магадлал, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016-01-04 өдрийн 101/ШЗ2016/01555, 2016-03-24 өдрийн 12154 захирамжууд, 2016-04-29 өдрийн 101/ШТ2016/00590 тогтоол, Монгол банкнаас баталсан журам, Монгол банкны Ерөнхийлөгч, Сангийн сайдын хамтарсан тушаалаар баталсан журам, Дүүргийн иргэний хэргийн 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014-07-10 өдрийн 11533/Б захирамж, гадаад төлбөрийн даалгаврууд, Жаст групп ХХК-ийн деспозит дансны харилцагчийн монгол хуулгууд, прокурорын хариу мэдэгдэх хуудас, харилцах дансаар төлбөр тооцооны үйлчилгээ үзүүлэх гэрээ, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 2016-12-07 өдрийн 771 захирамж, давж заалдах гомдол,Монгол улсын Сангийн сайдын 2016-03-23 өдрийн 109 тушаал,

            2 дугаар хавтас дахь хадгаламж банкны депозит дансны хуулга, дотоодын дансны хуулга, тооцоо нийлсэн 2013-07-09, 2013-07-31, 2013-02-15 өдрийн актууд, тооцооны үлдэгдлийн 2013-05-28 өдрийн баталгаа, УБТЗ-ын дансны 2013-05-22 өдрөөс 2013-05-28 өдрийн хуулга, Хадгаламж банкны тайлан, хадгаламж банкны албан бичиг, Л.Даваапил,Ш.Батхүү нарын мэдүүлгүүд,

            3 дугаар хавтас дахь төлбөрийн даалгаврууд, авлагын дансны үлдэгдлийг баталгаажуулах тухай хүсэлт, түүнд өгсөн хариу,

            4 дүгээр хавтас дахь тооцоо нийлсэн актууд, бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ, төлбөр тооцооны тухай гэрээ, ХХБанк дахь УБТЗ-ын харилцах дансны 2013 оны 03 сарын 21 өдрөөс 2013-04-23 өдрийг хүртэл хугацааны хуулгууд, дансны дэлгэрэнгүй,

5 дугаар хавтас дахь Монгол хөлөг аудит ХХК-ийн хийсэн аудитын шинжилгээний тайлан, хохирлын тухай УБТЗ-ын албан бичиг, түүний хавсралт, УБТЗ ХХН-ийн дүрэм зэрэг баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Шүүх нэхэмжлэгч Төрийн банк ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас заримыг хангаж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болон хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр замын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

            А.Нэхэмжлэлийн талаар:

Нэхэмжлэгч Төрийн банк ХХК 2009-11-24 өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн, мөнгөн хадгаламж, зээл, төлбөр тооцоо, гадаад валют, үнэт металл, эрдэнийн чулуу, худалдан авах, худалдах, хадгалах, хадгалуулах, үнэт зүйл хадгалах, гадаад төлбөр тооцоо хийх, үнэт цаас гаргах, худалдах, худалдан авах үйл ажиллагаа явуулах эрхтэй хуулийн этгээд байна.

            Монгол банкны ерөнхийлөгчийн 2013-07-22 өдрийн А153 тушаалаар Хадгаламж банк ХХК-д банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээ авч, банкны эрх хүлээн авагчийг томилж, А 157 тушаалаар уг банкийг албадан татан буулгажээ.

Хадгаламж банк дахь банкны эрх хүлээн авагч нь Төрийн банктай 2013-07-23 өдөр байгуулсан актив, пассив хөрөнгө шилжүүлэх 002/2013БЭХА /154 гэрээний дагуу Хадгаламж банкнаас мөнгөн хөрөнгө, богино хугацаат хөрөнгө оруулалт, зээлийн өрийн үлдэгдэл, бусад хөрөнгө зэрэг 8 төрлийн хөрөнгө, Хадгаламж банкны харилцах данс, хадгаламж зэрэг 6 төрлийн өр төлбөрийг шилжүүлэн авсан байна.

Шилжүүлэн авсан богино хугацаат хөрөнгө оруулалтын дансны үлдэгдлийн жагсаалтын 4-т Улаанбаатар төмөр замын шилжих вексель 4 000 000 ам.доллар, 2013-07-22 өдрийн ханш 1470 төгрөгөөр тооцогдон, 5 881 960 000 төгрөг, бусад актив хөрөнгийн дансны дэлгэрэнгүй үлдэгдлийн жагсаалтын 1.4-т УБТЗ шилжих векселийн хүүгийн авлага 205 333,34 ам.доллар буюу дээрх өдрийн ханшаар 301 940 523,14 төгрөгийн авлага шилжиж ирсэн болох нь тогтоогдож байна.

            Иймээс Хадгаламж банкны эрх, үүргийг шилжүүлэн авсан Төрийн банк Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасны дагуу векселийн төлбөрийг үүргийг УБТЗ-аас шаардах эрхийг шилжүүлэн авсан гэж үзнэ. Уг шаардах эрхийг шилжүүлж авахад үүрэг гүйцэтгэгч болох УБТЗ-ын зөвшөөрлийг шаардахгүй.Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.8 дахь заалт нь Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр замд бичгээр мэдэгдэх үүргийг хэлцлийн талуудад хүлээлгэсэн гэж үзэхгүй.

Банкны тухай хууль, Төв банкны хуульд заасан журмаар Хадгаламж банкны эрх, үүрэг Төрийн банкинд шилжсэн тул Төрийн банкинд вексель дамжуулан бичилт хийсэн огноо энэ маргаанд ач холбогдолгүй.

            Нэхэмжлэгч нь хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр замд холбогдуулан, тус нийгэмлэгээс 2013 оны 02 сарын 18 өдөр Жаст групп ХХК-д бичсэн жилийн 12 хувийн буюу 380,000 ам.долларын хүүтэй, 285 хоногийн хугацаатай, 4 000 000 ам.долларын энгийн векселээс төлөгдөөгүй үлдэгдэл 3,658,772.05 ам.доллар буюу 7.436.600.543 төгрөгийг Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1, 496 дугаар зүйлийн 496.1, 56 дугаар зүйлийн 56.4, 56.6 дахь хэсэгт заасны дагуу гаргуулахаар шаардсан.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, 2013-02-18, 2013-03-01 өдрүүдэд бичсэн 3 векселээс, зохигч маргаж байгаа маргаан бүхий, жилийн 12 хувийн хүүтэй, 4.000.000 ам.долларын дүнтэй, 285 хоногийн хугацаатай векселийг хүчин төгөлдөр бус гэж үзсэн шүүхийн шүүхийн шийдвэр гарсан учир нэхэмжлэгчийг хүчин төгөлдөр бус векселийн төлбөрийг хариуцагчаас шаардах эрхгүй, хүчин төгөлдөр бус хэлцлийг үр дагаврыг Жаст групп ХХК хариуцаж арилгана гэж тайлбарлалаа .

Хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр зам нь Жаст групп ХХК-тай 2006-03-14 өдөр байгуулсан бүтээгдэхүүн нийлүүлэх МТZ/06/021 гэрээний дагуу Жаст ХХК-иас 2013 оны 04 сарыг дуустал хугацаанд шатахуун худалдан авч ирсэн байх бөгөөд шатахуун худалдан авах бүртээ нэмэлт гэрээ байгуулдаг ба 2006-03-14 өдрөөс 2013 оны 04 сарыг дуустал хугацаанд 119 удаагийн нэмэлт гэрээ хийж, нэмэлт гэрээний дагуу тухай бүр шатахуун нийлүүлж, төлбөр тооцоог тухайн сар бүрт хэрхэн хийхээ тогтож, тооцоог нийлж, акт бичиж, тогтоосон актын дагуу өглөг авлагаа барагдуулж ирсэн болох нь тогтоогдож байна.

Худалдан авсан бүтээгдэхүүний тооцоог хийхэд Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр зам, Эрдэнэт үйлдвэр, Жаст групп ХХКомпанийн хооронд 2006-05-12 өдөр байгуулсан төлбөр тооцооны тухай №6/168-6 гэрээгээр хоорондын тооцоог харилцан тооцож, төлбөр тооцоогоо тогтоож байжээ.

2013 оны 01 сарын 01-ний өдрөөс 2013 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд Жаст групп ХХК-иас худалдан авсан шатахууны үнэ болох 10 480 150 ам.доллар 51 центийг Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр зам төлөх төлбөрийн үлдэгдэлтэй болохыг Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр зам болон Жаст групп ХХК харилцан тооцоо нийлж, 2013 оны 02 сарын 15-ны өдөр үйлдсэн тооцоо нийлсэн акт /2-р хх 59/-аар тогтоосон байна.

Энэ актаар тогтоосон 10.500.000 ам.долларын төлбөрийг төлөх баталгаа болгон Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр зам нь 2013 оны 02 сарын 18 өдөр үйлдсэн 4.000.000 ам.долларын үнэ бүхий, 2013 оны 05 сарын 28 өдөр дуусах, 99 хоногийн хугацаатай, хүүгүй вексель, 2013 оны 02 сарын 18 өдөр үйлдсэн 4.000.000 ам.долларын үнэ бүхий, 2013 оны 11 сарын 30 өдөр хүртэл 285 хоногийн хугацаатай, жилийн 12 хувийн хүүтэй вексель, 2013 оны 03 сарын 01 өдөр үйлдсэн 2.500.000 ам.долларын үнэ бүхий, 2013 оны 06 сарын 30 өдөр хүртэл 121 хоногийн хугацаатай, хүүгүй векселийг шатахуун нийлүүлэгч Жаст ХХК-д олгосон байна.

            Вексель эзэмшигч Жаст групп ХХК-д вексель бичигч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр замаас олгосон эдгээр 3 вексель нь Векселийн тухай хуулийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт заасан энгийн вексель бөгөөд Векселийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан векселийн бүрдүүлбэрийг хангасан байна.

Иймд Векселийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар энгийн вексель бичигч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр замыг Жаст групп ХХК-ийн нийлүүлсэн барааны төлбөрийг тогтоосон хугацаанд нь төлөхөөр баталсан төлбөр хариуцагч гэж үзэх учир хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр зам нь Векселийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар төлбөрийн хугацаа болмогц вексельд заагдсан төлбөрийг ямар нэгэн нөхцөл болзолгүйгээр уг вексель эзэмшигчид үл маргах журмаар төлөх үүрэгтэй болсон байна.

Вексель эзэмшигч Жаст Групп ХХК нь дээрх гурван векселийг Векселийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 2, 3 дахь хэсэгт заасан, вексель эзэмшигчийн эрхийн хүрээнд Хадгаламж банк ХХК-тай 2013-02-18 өдөр Вексель арилжааны SV2013/01 тоот, 2013-04-29 өдөр SV2013/02 тоот хэлцлүүдийг хийж, 8.000.000 ам.долларыг, 2013 оны 03 сарын 01 өдөр 2.500.000 ам.доллар, нийт 10.500.000 ам.долларыг Хадгаламж банкнаас авсан нь дансны хуулга, зохигч, гуравдагч этгээдийн тайлбараар тогтоогдож байна. /1-р хх 25-29/

Жаст групп ХХК, Хадгаламж банкны хооронд дээрх векселийг худалдах, худалдан авахаар явагдсан үйл баримтын талаар хариуцагч нь өөртэйгээ Векселийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу тохиролцоогүй гэж тайлбарлаж байгаа боловч тэрээр тохиролцсон, мэдэж байсан болохыг, дээрх 3 векселийг Жаст групп ХХК нь векселийг хүлээн авсан тэр өдрөө Хадгаламж банкинд худалдаж мөнгөжүүлж, Жаст групп ХХК-ийн өмнө 2013 оны 01 сард нийлүүлсэн шатахууны төлбөр төлөх Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр замын хүлээсэн үүрэг биелсэнд тооцогдсоныг Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр зам нь 2013 оны 02 сарын 18 өдөр бичсэн 4.000.000 ам.долларын үнэ бүхий, 2013 оны 05 сарын 28 өдөр хугацаа дуусах хүүгүй векселийг 2013-05-22 өдөр 2 000 000 ам.доллараар, 2013-05-28 өдөр 2 000 000 ам.доллараар Хадгаламж банкинд төлсөн, 2013 оны 03 сарын 01 өдөр бичсэн 2.500.000 ам.долларын үнэ бүхий, 2013 оны 06 сарын 30 өдөр хүртэл хугацаатай, хүүгүй векселийг 2013-06-11 өдөр 2 500 000 ам.доллараар тус тус Хадгаламж банкинд төлж барагдуулсан үйл баримтаар, Улаанбаатар аудит Корпораци ХХК-д 2013 оны 07 сарын 10 өдөр хариуцагчаас хандан гаргасан, энгийн векселийн өглөг нь 2013 оны 06 сарын 30 өдрийн байдлаар манай данс бүртгэлд тусгагдсанаар 4 380 000 ам.доллар байна, энэ нь энгийн вексельд бичигдсэн огноо, үндсэн төлбөр, хүүний хувь, төлбөр хийх хугацаа, төлбөр хүлээн авагчийн нэр зэрэг үндсэн мэдээллүүдтэй таарч байна гэж мэдэгдсэн /1-р хх 36/ , Төрийн банк ХХК-д явуулсан 2013 оны 08 сарын 07 өдрийн 12/962 дугаар албан бичигт векселийн дээрх төлбөр төлөгдөөгүйг дурдан зөвшөөрч, уг төлбөрийг Жаст групп ХХК хариуцахыг мэдэгдсэн /1-р хх 39/ үйл баримтаар баримтуудаар нотлогдож байна гэж үзэв.

     Хариуцагч дээрх албан бичгийг үгүйсгэдэг ч албан бичиг баримтыг тухайн үед уг асуудлыг хариуцаж байсан албан тушаалтан утга агуулгыг нь тамга, гарын үсгээр баталгаажуулан гаргахдаа байгууллагын санхүү, нягтлан бодох бүртгэлийн баримтад үндэслэн үйлдсэн нь тодорхой. Энэ албан бичиг нотлох чадвараа алдаагүй байгаа байх тул хариуцагчийн үгүйсгэл үндэслэлгүй.

Хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр зам нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлд иргэний хэрэг үүссэн 2016-08-04 өдрөөс хойш нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс бүхэлд нь татгалзаж буй үндэслэлээ нэхэмжилсэн төлбөрийг 2013-05-22 өдөр 2 000 000 ам.доллараар, 2013-05-28 өдөр 2 000 00 0 ам.доллараар төлсөн, илүү хүнд нөхцөлтэй векселээ төлсөн, векселийг хэсэгчлэн шилжүүлсэн нь хууль бус, Жаст групп ХХК, Хадгаламж банкинд худалдахдаа хийсэн хэлцэл хүчин төгөлдөр буст тооцогдсон тул нэхэмжлэгч төлбөр нэхэмжлэх эрхгүй, төлбөрийг хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн этгээдээсээ нэхэмжлэх эрхтэй, 2013-05-17, 05 сарын 28, 07 сарын 09, 07 сарын 31 өдрүүдэд удаа дараагийн тооцоо нийлсэн актуудаар, вексель бичих үндэслэл болсон дизель түлшний төлбөр тооцоог УБТЗ нь Жаст групп ХХК-д төлчихсөн, 2013 оны 07 сарын 30 өдрийн байдлаар Жаст групп ХХК-аас авлагатай болсон мэтээр янз бүрээр тайлбарлаж байжээ.

Шатахуун худалдах худалдан авагч талууд 2006-03-14 өдөр байгуулсан Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ/МТZ06/021/-нд DAF, ДСТЗ-ын Наушки өртөө, ОХУ-Монгол Улсын хилийн гарц/ ИНКОТЕРМС -2000/ нөхцлөөр нийлүүлэх, гэрээнд гарын үсэг зурснаас хойш 5 банкны өдрийн дотор худалдан авах барааны урьдчилгааг төлөх, барааны бусад хэсгийн төлбөрийг худалдан авагч барааны хэсэг бүр нийлүүлсэн өдрөөс 14 хуанлийн хоног дотор шилжүүлэх, нийлүүлсэн барааны эцсийн тооцоог сүүлийн нийлүүлэлт хийсэн өдрөөс 15 хоногоос хэтрүүлэлгүйгээр бүрдүүлж, гарын үсэг зурсан, нийлүүлсэн болон төлбөр хийсэн барааны тоо хэмжээг шалгасан актыг үндэслэн хийхээр тохирсон байна.

Хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр УДШ-ээс ирүүлсэн 2018-03-15 өдрөөс хойш Хяналтын шатны шүүхээс шаардсан баримтуудыг хариуцагчаас гаргуулахаар тус шүүхээс шаардсан боловч ирүүлээгүй тул шүүгчийн 20119-04-19 өдрийн 102/ШЗ2019/04923 захирамжаар тогтоолд заасан баримтуудыг шаардсаны эцэст зарим нотлох баримтыг ирүүлсэн болно.

Ирүүлсэн нотлох баримтаас үзэхэд тухайн сард нийлүүлэх шатахууны тоо хэмжээний талаар талууд нэмэлт гэрээгээр тохирдог, нийлүүлэгдсэн барааг өдөр бүрээр жагсаалтаар хүлээн авдаг, төлбөрийн нөхцлөө гэрээний дагуу акккедитив нээсэн өдрөөс хойш хуанлийн 80 хоногийн дотор, эсхүл урьдчилж төлбөрийг төлөхөөр тохирдог болох нь 117, 118 дугаартай нэмэлт гэрээнүүдээс харагдаж байна. Төлбөр тооцоог, үндсэн баримтуудыг үндэслэн хийж, тооцоо нийлж, актаар төлбөрөө тогтоодог бөгөөд нэгэнт тооцоо нийлсэн актаар тогтоосон төлбөрийн үүрэг дараагийн сарын нийлүүлэлтийн төлбөр тооцоотой давхцах, холилдох боломжгүй нь нотлох баримтаар тогтоогдож байна.

Иймээс эдгээр тайлбар, татгалзал нь хариуцагч 2013 оны 01 сард худалдан авсан түлшний үнийг векселээс өөр төлбөрийн хэрэгслээр Жаст групп ХХК-д төлсөн болохыг, төлбөрийн тооцоо давхардаж тооцогдсон болохыг нотлохгүй байна.

Жаст групп ХХК, Хадгаламж банк нар хийсэн вексель арилжааны хэлцэл нь векселийн дамжуулан бичилтийг дутуу хийсэн нь Векселийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1, 17 дугаар зүйлийн заалтуудад нийцээгүйг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016-10-28 өдрийн шийдвэрээр тогтоож шийдвэрлэсэн шийдвэр хүчин төгөлдөр байгаа байх тул хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн этгээдүүд хэлцлийн дагуу олж авсан зүйлээ харилцан буцааж өгөх авах үүрэгтэй боловч хэлцлийн талуудын хооронд хийгдсэн төлбөр тооцооны үр дүнд Жаст групп ХХК-ийн өмнө хүлээсэн 4 000 000 ам.долларыг төлөх үүргээс Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр зам 2013-02-18 өдөр чөлөөлөгдсөн байна.

Дээрх үүргийн гүйцэтгэл нь Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1 дэх хэсэгт хууль буюу гэрээнд үүрэг гүйцэтгэгч үүргээ заавал биечлэн гүйцэтгэхээр заагаагүй, үүргийн шинж чанарт харшлахгүй бол гуравдагч этгээдээр үүргээ гүйцэтгүүлж болохоор зохицуулсан зохицуулалтыг дагуу хийгдсэн төлбөр тооцоо гэж үзэх үндэстэй.

Векселийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоосон шүүхийн дээрх шийдвэрт хэргийн талууд Төрийн банкийг гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлт гаргаагүйгээс түүнийг оролцуулаагүйгээр хэлцэл хүчин төгөлдөр бус болохыг шүүх тогтоосон гэж дурдаад, ийнхүү шийдвэрлэсэн нь Төрийн банк ХХК-ийн эрх ашигт сөргөөр нөлөөлөхгүй ба эдгээр хэлцлийн улмаас хохирол учирсан гэж үзвэл буруутай этгээдээс хохирлоо шаардах эрх нь нээлттэй болохыг тухайлан заасан нь ч хуулийн дээрх үндэслэлтэй холбоотой.

Нэхэмжлэгчид шаардах эрхээ шилжүүлсэн Хадгаламж банк нь хүчин төгөлдөр бус вексель арилжааны хэлцлээр Жаст групп ХХК-д Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр замын төлөх 4 000 000 ам.долларыг шилжүүлэн өгч, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр замын өр төлбөрийг хаасан, энэ хэмжээгээр нь төлбөр төлөх үүргээсээ хариуцагч чөлөөлөгдсөн байх тул Хадгаламж банкнаас гарсан хөрөнгө зардлаар хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзнэ.

Иймээс Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт заасны дагуу Хадгаламж банкнаас гарсан 4 000 000 ам.долларын хэмжээтэй хөрөнгө зардлыг хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр замаас гаргуулахаар Төрийн банк ХХК шаардах нь шударга ёсонд нийцнэ.

Вексель арилжааны хэлцэл хүчин төгөлдөр бус болсон учир хэлцлийн талууд хэцлээр өгсөн авснаа харилцан буцааж үр дагаврыг арилгах зарчим үйлчлэх тул хүү тооцох учиргүй.

Иймээс нэхэмжлэгч нь вексель шилжүүлэгчээс шилжүүлэн авсан хүүг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас шаардах эрхгүй байна.

Сөрөг нэхэмжлэлийн талаар:

Хариуцагч нь 2013-11-30 өдөр хугацаа нь дуусах, хүүтэй, 4 000 000 ам.долларын векселийн талаар векселийн төлбөр төлөх хугацаанаас өмнө маргаан үүсгэж, вексель бичигч эрх бүхий этгээдийг Авилгатай тэмцэх газраар шалгуулах, Төрийн банк болон Жаст ХХК-д холбогдуулан иргэний болон захиргааны хэргийн шүүхээр Жаст групп ХХК, Хадгаламж банк нарын хооронд хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох зэргээр тасралтгүй маргаж явсаар 2016-12-07 өдөр эцэслэгдэж шийдвэрлэгдсэн байх тул эдгээр маргааны дараа нэхэмжлэгч Төрийн банк нь хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр замд холбогдуулан нэхэмжлэл гаргах, шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжтой болжээ.

Үүнд: Хариуцагчаас Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр замын даргаар ажиллаж байсан этгээдийг 2013-02-18 өдөр бичсэн хүүтэй 4 000 000 ам.долларын векселийн асуудлаар Авилгатай тэмцэх газарт гаргасан гомдлыг шалгаж, Нийслэлийн прокурорын 2016-07-04 өдрийн 47 тогтоолоор хэрэгсэхгүй болгосон,

Жаст групп ХХК-д холбогдуулан векселийг хүчин төгөлдөр буст тооцуулахаар Сүхбаатар дүүргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг тус шүүхийн шүүгч 2013-11-21 өдрийн 2109 захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталсан, уг захирамжийг Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014-04-24 өдрийн 10716/с захирамжаар хүчингүй болгосон, шүүх дахин хэлэлцэж, 2015-02-13 өдрийн 1240 шийдвэрээр Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр замын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, энэ шийдвэрийг нэхэмжлэгчийн гомдлоор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хянаж, 2015-04-27 өдрийн 502 магадлалаар хүчингүй болгосон, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн хэргийн анхан шатны шүүх маргааныг дахин хэлэлцэж, 2016-01-04 өдийн 101/ШЗ2016/01555 захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон,

Төрийн банкинд холбогдуулан мөнгөн гүйлгээ зогсоосон хууль бус үйлдлийг тогтоолгох, зөрчсөн эрхийг сэргээлгэх нэхэмжлэлийг Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхэд 2014-05-28 өдөр гаргасныг тус шүүх 2016-03-24 өдөр 12154 захирамжаар зохигчийн хоорондын харилцаанаас үүссэн маргаантай асуудал нь эрүүгийн журмаар шалгагдаж байна гэж хэргийг хэрэгсэхгүй болгосон, энэ захирамжид гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 00590 тогтоолоор хэрэгсэхгүй болгосон,

хариуцагч Жаст групп ХХК-д холбогдуулан арилжааны хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцлээр тогтоолгохоор Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, уг нэхэмжлэлийг тус шүүх 2016-10-28 өдрийн 181/ШШ2016/01111 шийдвэрээр хангасан зэргээр шүүх, хуулийн холбогдох байгууллагаар түүний гаргасан нэхэмжлэл, гомдол шийдвэрлэгджээ.

Нэхэмжлэлийн үндэслэл болох бичиг баримтын хүчин төгөлдөр байдлын талаар хариуцагчаас шүүх, бусад эрх бүхий газруудад үүсгэсэн маргаанууд нь нэхэмжлэгчийг хариуцагчид холбогдуулан Хадгаламж банкнаас шилжүүлэн авсан вексельтэй холбоотой шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжгүйд хүргэсэн байх үндэслэлтэй тул 2013 оноос шүүхэд нэхэмжлэл гаргах 2016-07-28 өдөр хүртэл хугацаанд нэхэмжлэгч шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжгүй хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж үзнэ.

Төрийн банкинд холбогдуулан мөнгөн гүйлгээ зогсоосон хууль бус үйлдлийг тогтоолгох, зөрчсөн эрхийг сэргээлгэх нэхэмжлэлийг Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхэд 2014-05-28 өдөр гаргасныг шүүх хэлэлцэх явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр, шүүхээс гарах шийдвэрийг баталгаажуулахаар шүүгчийн 2014-07-10 өдрийн 11533/б захирамжаар Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр зам болон Жаст групп ХХК-ийн хооронд 2013 оны 02 сарын 18 өдөр үйлдсэн векселийг мөнгөжүүлэхтэй холбоотой үйл ажиллагаа явуулахгүй байхыг Төрийн банкинд даалгасан арга хэмжээг авчээ.

Гэвч тус шүүх 2016-03-24 өдөр 12154 захирамжаар зохигчийн хоорондын харилцаанаас үүссэн маргаантай асуудал нь эрүүгийн журмаар шалгагдаж байна гэж иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосон, энэ захирамжид гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 00590 тогтоолоор хэрэгсэхгүй болгосон байна. Энэхүү шийдэл гарснаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай шүүхээс авсан арга хэмжээ дуусгавар болно.

Аливаа үүрэг хүлээсэн этгээд Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт зааснаар үүргийг тогтоосон газар, хугацаанд нь , зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх үүрэгтэй.

Хариуцагч нь 4 000 000 ам.долларыг 2013-11-30 өдөр, үл маргалдах журмаар төлөхөөр баталсан шаардах эрхийн үндэслэл болсон векселийн талаар холбогдох газруудад маргаан хэлэлцүүлж, 2013 оноос 2016-07-28 өдөр буюу шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд мөнгөн төлбөрийг төлөх үүргийг биелүүлэхгүй хугацаа хэтрүүлж, татгалзсан үйлдлүүдийг гаргаж байсан байх тул мөнгөн хадгаламж, зээл, төлбөр тооцоо, гадаад валют, үнэт металл, эрдэнийн чулуу, худалдан авах, худалдах, хадгалах зэрэг тусгай зөвшөөрөл бүхий үйл ажиллагаа эрхэлдэг нэхэмжлэгч нь хариуцагчийн харилцах данснаас 2015-06-25 өдөр 721 227,95 ам.долларыг Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.9, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасны дагуу өөртөө тусалж авсан байгааг буруутгах үндэслэлгүй байна. Иймд мөнгөн гүйлгээг зогсоосон хууль бус үйлдлийг тогтоолгох, 721 227,95 ам.долларыг буцаан гаргуулах сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

Нэхэмжлэгч өөртөө тусалсан хэмжээгээр хариуцагчийн үндэслэлгүй хөрөнгөжсөн хэмжээ буурах тул нэхэмжлэгчид төлөх хариуцагчаас гаргуулах зардлыг 3 278 772, 05 ам.доллараар тогтоов.

Хариуцагч нь Төрийн банкны санхүү бүртгэлд вексель шилжих үеийн ханшаар 4 000 000 ам.доллар нь 5,8 тэрбум төгрөгөөр тусгагдсан үүргийг 7,4 тэрбум гэж өсгөн нэхэмжилж байгаад татгалзлаа үндэслэж байгаа боловч нэхэмжлэгч ам.доллараар тохирсон үүргийг ам.доллараар худалдаж авсан тул ам.доллар, төгрөгийн харьцах хүчийг нэхэмжлэл гаргах өдөр Монгол банкнаас зарласан 1 ам.долларын албан ёсны ханш болох 2032,5 төгрөгөөр тооцон, 6.664.235.343 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Төрийн банк ХХК-д олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэгтэй нийцнэ.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 37.340.953 төгрөг, сөрөг нэхэмжлэлд хариуцагчаас урьдчилан төлсөн 8.300.615 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 33.479.126 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэстэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

 

ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаас 6 664 235 343 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Төрийн банк ХХК-д олгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэлээс векселийн хүүнд 380.000 ам.долларыг гаргуулахаар шаардсан хэсгийг, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх заалтыг баримтлан Төрийн банк ХХК-иас 721.227 ам.доллар 95 центийг буцаан гаргуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.